С.Энхтөр
/УТБА-ийн багш/
Шинэ толь №45, 2003
Түлхүүр үг: Демократизаци, ардчилсан дэглэм, Консерватив, ардчилсан давалгаа
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Демократизаци гэдэг нь өргөн утгаараа ардчилсан нийгэм байгуулах, бэхжүүлэхэд чиглэсэн улс төр, нийгмийн өөрчлөлтийн үйл явц юм. Демократизацийн үйл явцыг түүхэн үүднээс судалж үзэхэд автократаас ардчилсан дэглэмд шилжих хэд хэдэн арга замуудыг илрүүлж болох юм. Үүнтэй холбогдуулан америкийн улс төр судлаач С.Лакоф ардчилсан дэглэмийг тогтооход чиглэсэн дараахь түүхэн загваруудыг онцолсон байна. Үүнд:
- Хувьсгал хийх замаар. Энэ загварын сонгодог жишээ бол XVIII зууны английн хөрөнгөтний хувьсгал, Францын их хувьсгал болон тусгаар тогтнолын төлөөх АНУ-ын дайн юм. Харин ХХ зууны хувьд 1917 оны 2 дугаар сард болсон Оросын хувьсгал, 1974 оны 4 дүгээр сард болсон Португалийн хувьсгалыг оруулж болно. Мөн 1989 онд Дорнод болон Төв Европт гарсан хувьсгалын үйл явцууд орно.
- Аажим хувьсах замаар. Энэ загварт ХVІІ-оос ХХ зууны эхний хагас хүртэлх урт хугацаанд хаант ба цөөнхийн засаглалаас ардчилсан дэглэмтэй болох хүртэл улс төрийн аажим хувьсал хийсэн европын ихэнх орон орно. Уг загвар нь латин америк, азийн зарим орнуудад ч хамааралтай.
- Гадны нөлөөний үр дүнд. Дэлхийн II дайны дараа Герман, Итали, Японд тогтсон улс төрийн ардчилсан систем орно. Эдгээр орнуудад дахь фашист, милитарист дэглэмийг бут цохисон, мөн тус улсуудын нутаг дээр байрлаж байсан холбоотны цэргүүд нь энд улс төрийн ардчилсан дэглэм тогтож, цаашид бэхжихэд нөлөөлсөн гол хүчин зүйлс юм.
- Дээрээс хэрэгжүүлсэн ардчилсан хувьсгалын үр дүнд.Энэ загвар нь аажим хувьсах загвартай нягт уялдаатай юм. Эрх барьж буй улс төрийн элитүүд, нийгмийн хямралаас сэргийлэх үүднээс ардчилсан сөрөг хүчинтэй хэлэлцээ хийж улс төрийн системийн шинэчлэлт хийснээр ардчилсан дэглэмтэй болсон орнуудыг оруулна. Уг загварт жишээ нь, франкистуудын дараахь Испани, мөн 1970 оны сүүлч 1980 оны эхэн үеийн Бразил орно.
- Холимог загвар. Энэ загвар дээр дурьдсан бүх загваруудыг багтааж байгаа юм. Учир нь ихэнх оронд (ялангуяа сүүлийн үеийн гуравдахь давалгааны орнуудад) дээрх загварууд цэврээрээ илэрч гарч ирээгүй байна. Жишээ нь, Португал дах демократизацийн эхний түлхэц нь 1974 оны хувьсгал байсан бол дараа нь ардчиллыг дэмжсэн ард түмний хөдөлгөөнүүд . үргэлжилсээр эцэст нь эрх барьж буй элитүүдийн удирдлагаар аажимдаа ардчилсан улс төрийн системтэй болсон юм. Иймэрхүү холимог загвар нь хуучин ЗСБНХУ болон Зүүн Европын социалист байсан улсуудад ч хамааралтай[1].
90-ээд оны эхээр улс төрийн шинжлэх ухаанд демократизацийн давалгаа хэмээх нэгэн шинэ ойлголт бий болсон. Демократизацийн давалгааны онолыг боловсруулж, түүнд анализ хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол америкийн нэрт улс төр судлаач, Харвардын их сургуулийн Стратеги судлалын институтын захирал С.Хантингтон юм. Тэрээр 1991 онд гаргасан “3 дахь давалгаа. ХХ зууны сүүлч дэх демократизаци” гэсэн нэг сэдэвт зохиолдоо орчин үед Дэлхий дахинд болж буй өөрчлөлтийг үндэс сууриар нь цэгцтэйгээр гарган ирж, тоталитаризм авторитаризмаас ардчилалд шилжиж буй процессын угтвар нөхцөл, одоогийн байдал, ирээдүйн төлөвт дүн шинжилгээ хийсэн бөгөөд “демократизацийн давалгаа” гэдгийг “Тодорхой хугацаанд ардчилсан бус дэглэмээс ардчилсан дэглэмд шилжсэн, мөн энэ хугацаанд эсрэг чиглэлд шилжсэн орнуудын тооноос хол давсан тооны бүлэг орнуудыг хэлнэ”[2] хэмээн тодорхойлсон байна. Уг давалгаа нь өөртөө либералчилал ба улс төрийн системийн хэсэгчилсэн ардчиллыг багтаадаг юм. Өнөөгийн ардчилалын давалгаа нь 1974 онд Португалд салазаровын диктатур унаснаас эхэлсэн гэж үздэг. Дараа нь энэ давалгаанд Өмнөд Европт үлдсэн бусад диктатурууд (Испани, Грек), цаашаа Латинамерик (ардчиллын замаар замнасан улс орнуудын тоо нь улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн агуу их масштабыг харуулж байна. Аргентин, Бразил, Боливи, Панам, Чили, Уругвай, Эквадор, Перу, Гватемал, Гондурас Г.М) хамрагдсан юм. 80-аад оны дундуур Азийн зарим оронд ч (Филиппин, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд г.м) хүрсэн. Эцэст нь 1989-1990 онуудад ЗСБНХУ-ыг улам бүр суларч байхад энэ давалгаа Дорнод болон Төв Европын улсуудыг хамарсан.
Одоогийн буюу 3 дахь давалгаа нь өмнөх давалгаануудаас ялгагдах өвөрмөц онцлогтой юм. Юуны түрүүнд илүү өргөн далайцтай глобал шинжтэй. Цөөхөн тооны лалын шашинт орнууд болон Хятад гэх мэт Коммунист хэдхэн орон л энэ давалгаанд өртөөгүй үлдсэн байна.
Ардчилсан транзитын хүчин зүйлс
Улс төр судлалын шинжлэх ухаанд адил ба ялгаатай шинжүүдийг харьцуулах аргыг өргөн хэрэглэдэг. Авторитар дэглэмтэй байсан орнуудыг харьцуулснаар ямар байнгын болонт түр зуурын хүчин зүйлс ардчилах процесст нөлөөлснийг харж болно. Өөр өөр боловч харьцуулж буй бүх процесст дараахь байнгын хүчин зүйлс нөлөөлсөн байна:
- дэлхий дахинд ардчилалыг идеал (практик дээр бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн нь ховор ч гэсэн), нийгмийн өөрчлөлтийн зорилго хэмээн үзэх болсон .
- барууны соёл иргэншлийн хүчтэй нөлөөний үр дүнд дэлхий дахинд (зарим нэг лалын болон коммунизмын үлдэгдэл орнуудыг тооцохгүйгээр) ардчилсан загварт ихээр татагдах болсон, үүнтэй холбоотойгоор авторитаризмын легитим шинж нь улам алдагдсан
- олон оронд ардчилсан эрх, эрх чөлөө улам өргөжих болсон
- 80, 90-ээд онд авторитари эдийн засгийн үр өгөөжгүй байдал нь тод илэрч авторитар эдийн засгийн шинэчлэл үр дүнтэй гэсэн төсөөллийг үгүйсгэсэн[3]
- авторитар дэглэмээс илүү ардчилсан дэглэмд шилжихэд дэмжлэг болохоор олон улсын (үндэстэн хоорондын, улс хоорондын, ТББ-аар дэмжигдсэн) тайлбарууд бий болсон
Дээр дурьдсан хүчин зүйлс нь судалж буй нийгэм улс төрийн өөрчлөлтөд зөвхөн гадаад талаасаа нөлөөлсөн гэдгийг тэмдэглье. Эдгээр нь ардчиллын нэг давалгаанд хамаарагддаг олон янзын процессын ижил төстэй Шинжүүдийг илрүүлж байгаа юм. Энэхүү ижил элементүүд нь орчин үеийн ардчилсан шилжилтийн зөвхөн гадаад талаар ч тогтохгүй мөн дотоод динамикт ч илэрч байгаа юм. Өмнөд Европ, Латин Америк, Ази, Африк, Төв болон Дорнод Европд явагдсан авторитар системээс ардчилсан дэглэм рүү шилжсэн шилжилтүүдийн дотоод динамикийг авч үзвэл тэдгээр нь маш олон янзын бөгөөд иймээс ямар нэгэн универсал загварт оруулах боломжгүй. Гэхдээ ардчилах процесс ямар нэг хэмжээгээр амжилттай явагдсан тохиолдлуудад (энэ нь тийм ч олон биш, Өмнөд Европ, Латинaмерик, Төв Европын цөөн орнууд) тодорхой логик, зүй тогтолт ажиглагдсан. Өмнөд Европ, Латин америкийн амжилттай шилжилт хийсэн орнуудад гадаад улс төрийн бодлогоос хамааралгүй санаачлага нь “дээрээсээ” гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, шинэчлэгчид ба консерваторууд гэж хоёр хуваагдсан эрх баригч элитүүдийн нэг хэсгээс санаачлага гарсан гэсэн үг. Харин тэдний реформ нь ардчиллаас эхлээгүй, тухайн дэглэмээ урьдчилан либералчилахаас, түүнийг аажмаар суллах, декомпресс хийхээс эхэлсэн. Жинхэнэ демократизацаас ялгаатай нь, энэ либералчилал нь дээрээс бүрэн хяналттай, хэзээ ч эрх баригчид зогсоож болзошгүй байлаа. Энэ талаас нь авч үзвэл демократизацийн энэхүү хоёр үе шат нь зарчмын ялгаатай гэдгийг хэлэх хэрэгтэй. Алдарт улс төр судлаач А.Степан: “либералчилал нь демократизацаас ялгаатай. Авторитар нөхцөлд либералчилалд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (ОНМХ)-ийн цензурыг суллах, чөлөөт ажилчдын байгуулагуудын үйл ажиллагааны хүрээг нь өргөтгөх, хувь хүний хуулийн баталгааг сэргээх, улс төрийн хоригдлуудыг суллах, улс төрийн дүрвэгсдийг буцаан авчирах, орлогыг дахин хувиарилах асуудлыг сайжруулах арга хэмжээ авах, хамгийн гол нь улс төрийн сөрөг хүчиндээ тэвчээртэй хандах зэргийг багтаана. Харин ардчилах процесс нь либералчилалыг өөртөө багтаасан, илүү өргөн улс төрийн ойлголт юм. Ардчиллах процесс нь засгийн газрыг хянах эрхтэй болохын төлөөх нээлттэй өрсөлдөөнийг хэлж байгаа, өөрөөр хэлбэл үр дүнд нь засгийн газрын бүрэлдэхүүнийг тодорхойлдог чөлөөт сонгуулийг хэлж байгаа юм. Либералчилал нь үндсэндээ иргэний нийгэм төр хоёрын харилцааг илэрхийлдэг бол демократизаци нь төр, улс төрийн нийгэмлэгүүдийн хоорондын харилцааг илэрхийлдэг. Либералчилал нь заавал демократизаци гэсэн үг биш”[4] гэж бичсэн байдаг.
Консерватив хүчинд илүү хүчтэй эсэргүүцэл үзүүлэхийн тулд шинэчлэгчид (реформаторууд) иргэний нийгмийн хүчнүүд болон сөрөг хүчин, хөдөлгөөнүүдээс дэмжлэг эрдэг байна. Дэглэмийг хамгаалагчид (консерваторууд), радикал сөрөг хүчнүүдийн хооронд хүч тэнцүүлэх маягаар төвийг сахигчид нь тодорхой хугацааны туршид аажим реформ хийх бодлого барьдаг. Гэвч улс төрийн процессын шинэ оролцогчоор радикал сөрөг хүчнүүдийг тодруулсан явдал, мөн үүнтэй холбоотойгоор Консерваторуудын дотор үүссэн хагарал нь улс төрийн хурцадмал байдал, нийгмийн зөрчлийг нэмэгдүүлдэг байна. Демократизацийг амжилттай явуулсан ихэнх оронд аль нэг тал нь нэгийгээ ялах бус харин демократизацийн дараахь шатуудад явуулах “тоглоомын дүрмийг” тохиролцож, ялагдсан талд тодорхой баталгаа гаргаж (тэр болгон биелэгддэггүй) нэг ёсны гэрээ байгуулдаг. Үүний дараа анхны сонгууль явагдаж, реформыг эхлүүлсэн төвийг сахисан бүлэг бус харин радикал сөрөг хүчнүүдийн лидерүүд олонхи болж засгийн эрхэнд гарч ирдэг. Гэвч тэд засгийн эрхэнд уддаггүй жамтай. Олонхи тохиолдолд шинээр сонгогдсон нам, хүчин эдийн засгийн хөндүүр реформыг хийхээс өөр аргагүй болдог ба үүний дүнд уурлаж бухимдсан ард түмэн дараагийн ардчилсан сонгуулиар (урам хугарсан сонгууль) сөрөг хүчнийг бус харин шийдэмгий реформ хийхийг төдий л тэмүүлдэггүй хуучин эрх баригчдаас сонгодог байна. Тэд бага хэмжээний ухралт хийж шинэ улс төрийн системийг тэнцвэржүүлдэг. Ардчиллын процедурыг институтжуулах юуны өмнө улс төрийн засаглалыг бүхлээр нь солих нь ардчиллыг төлөвшүүлэх (энэ нь демократизацийн зайлшгүй үр дүн болох албагүй) үндсэн шаардлага болдог. Өөрөөр хэлбэл, Шинэ тогтсон ардчилсан, улс төрийн бодит байдал нь өмнөх ардчилсан бус уламжлалтай холбоотой байдаг.
Өнөөгийн глобаль ардчилсан давалгаа нь орчин үеийн олон улсын харилцааны нэг чухал хэмжүүр болж байна гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Үүнээс үүдэн, нэг талаас глобал ардчилсан давалгаа нь бүрэлдэн тогтсон шинэ олон улсын системд, нөгөө талаас шинэ олон улсын систем нь тодорхой улс, бүс нутгийн ардчилах процесст үзүүлэх харилцан нөлөөллийн тухай ярьж болно. Дээр дурьдсан олон улсын нөлөө, гадаад хүчин зүйлсийн хамт энэ давалгаанд глобаль Шинж өгч байгаа юм. Демократизацийн олон улсын шинэ орчин бий болсон, ардчиллыг Zeitgeist буюу “цаг үеийн өнгө аяс” гэж үзэх болсон, бусад альтернатив (авторитар) Дэглэмүүдийн легитим шинж алдагдсан, биполяр олон улсын систем сүйрсэн, дэлхийн эдийн засгийн хурдацтай хөгжил гээд олон гадаад хүчин зүйлс нөлөөлсөн нь дамжиггүй. Ардчилсан шилжилтэд гадаад хүчин зүйлс төрөл бүрээр нөлөөлдөг учир олон өнцгөөс харж болно. Онолын хувьд ч тэр, харьцуулсан улс төрийн түүхийн үүднээс ч авч үзсэн, олон улсын орчин нь а) ардчилал руу чиглэсэн Шилжилтэд түлхэц эсхүл саад болно. б) эсхүл түүний нөлөө дараахь байдлаар илэрнэ.
- шууд тулгах. Энэ нь ялагдсан буюу доройтсон оронд гадаадаас хүчээр ардчиллын институтуудыг байгуулах (ялагдал хүлээсэн Герман, Итали, Японд), эсхүл эсрэгээр демократизацид саад учруулах буюу зогсоодог (1953, 1956, 1968 онд ЗСБНХУ-ын “дагуул” улсууддая хийсэн хүчирхийлэл).
- Ятгах. Хүчний бус гадаад нөлөөллийн үр дүнд дотоод улс төрийн процесст төдийгүй улс төрийн “тоглогчдод” шахалт үзүүлэх
- янз бүрийн хүчин зүйлсийг ашиглан улс төрийн “тоглогчдын” өөрийнх нь ашиг сонирхолынх нь хүрзэнд гаднаас төлөвлөсөн ардчилсан, ардчилсан бус зорилгыг хэрэгжүүлэх
Орчин үеийн ардчиллын давалгаанд нөлөөлдөг гадаад хүчин зүйлсийг судлахад хуучин зөвлөлтийн, посткоммуниа орон зайд ардчиллын давалгаа нэвтэрсэнтэй холбоотой улс төр нийгмийн өөрчлөлтүүд багагүй ач холбогдолтой[5]. Олон улсын системд хуучны тогтвортой байдал арилсан, шинэ глобал үзэл санаа төрөн гарсан, ардчиллын замаар замнасан орнуудад шинэ хурц асуудлууд (угсаатны зөрчил, газар нутгийн маргаан, шашны мөргөлдөөн, терроризм г.м) үүссэн зэрэг нь уг систем өөрөө гүнзгий өөрчлөгдөхөд хүргэж одоо олон улсын систем шилжилтийн үедээ байгаа юм.
Хэрвээ өнөөгийн ардчилсан давалгааны эхний 10 жилд явагдсан демократизаци хоорондоо хамааралгүй, дотоод улс төрийн логикоор явагдсан бол хуучин зөвлөлтийн ором зайд сүүлийн 10 жилд явагдсан ардчилсан шилжилт гадаад хүчин зүйлсийн хүчтэй нөлөөн дор явагдсан[6]. Өмнөд Европ, Латинамерикийн улсуудын эдийн засаг нь тодорхой хэмжээгээр интегралчлагдсан байсан учир демократизацийи процесс явагдахад олон улсын байгууллагуудын (Европым Холбоо, Олон Улсын Валютын Сан г.м) шахалт дарамт багагүй нөлөөлсөн.
Дотоод хүчин зүйлс
Орчин үеийн харьцуулсан улс төр судлалд демократизацийн дотоод хүчин зүйлсийн талаар хоёр үндсэн чиглэл байна. Ардчилах процессыг судлахдаа нэг хэсэг судлаачид тогтолцооны хүчин зүйлсэд (юуны өмнө төр, нийгэм эдийн засаг, соёл – үнэт зүйлсийн нөхцөл, ардчиллын урьдчилсан нөхцөл) анхаарлаа хандуулдаг бол нөгөө хэсэг нь процедурын хүчин зүйлсэд, ялангуяа сонгууль ба ардчиллын процесст гол нөлөө үзүүлдэг улс төрийн лидерүүдийн үйл ажиллагаа, тодорхой шийдвэрүүдийн дараалалд анхаарлаа хандуулдаг байна. Эхнийх болох тогтолцооны чиглэлийнхэн[7] нийгэм – Эдийн засгийн болон соёл – үнэт зүйлсийн өөрчлөлтүүд нь аль нэг оронд ардчилсан дэглэмийг тогтоох буюу хадгалахад ямар хамааралтай болохыг судалдаг. Энэ хамаарал бол тогтолцооных, өөрөөр хэлбэл улс төрийн процесст оролцогчдын ямар нэгэн субъектив зорилго үйл ажиллагаа, ардчиллын урьдчилсан нөхцөл байдлаас бус нийгмийн объектив тогтолцооны нөлөөнийх юм. Эдгээр судлаачид ардчиллын тогтолцооны гурван урьдчилсан нөхцөлийг илрүүлсэн байна. Үүнд 10 үндэсний нэгдэл, ИЖИЛ шинжийг олж авах, 2/ харьцангуй өндөр эдийн засгийн хөгжлийн түвшинтэй болох, 3/ улс төрийн институтуудад итгэх, хувь хүмүүсийн хоорондын итгэлцэл, иргэний үзэл зэрэг ардчиллын зарчимд нийцсэн үнэт зүйлс тархаж, шингэсэн байх.
Олон судлаачид, эдийн засгийн хөгжил болон ардчиллын хооронд нягт холбоо байдгийг онцолсон байдаг. Эдийн засгийн хөгжлийн дундаж түвшинтэй оронд демократизаци илүүтэй явагддаг болохыг улс төр судлаач С.Хантингтон тэмдэглэсэн байна[8]. Гэвч түүхийн туршлагаас үзэхэд эдийн засгийн хөгжил демократизацийн хооронд шууд учир шалтгааны холбоо байхгүй байдаг. Эдийн засгийн хөгжил нь баялгын шинэ эх үүсвэр, төрөөс гадуур эрх мэдэл нээж өгдөг нь иргэний нийгмийн хөгжилд шууд бус утгаараа түлхэц болж өгдөг. Түүнээс гадна ардчиллын нэг урьдчилсан нөхцөл болох нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд шууд нөлөөлдөг. Эдийн засгийн хөгжил демократизацид дараахь байдлаар бас нөлөөлдөг. 1/ Эдийн засгийн хөгжил нь ардчиллын институтуудад хамаарах үнэт зүйлсийг иргэдэд төлөвшүүлдэг. 2/ Боловсролын түвшинг нэмэгдүүлдэг. Энэ нь нийгэмдээ шүүмжпэлтэй хандах, эрх чөлөөг хүсэмжлэх зэрэг демократизацийн хэрэглээг үүсгэдэг. 3/ Нийгмийн янз бүрийн давхаргуудын хоорондох хуваарилалт нэмэгдсэнээр тэдний хоорондох зөрчил багасаж, компромиссд хүрэхэд хялбар болгодог. 4/ Эдийн засаг хөгжил интернацио- налчлагдсанаар бүх улс орон дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалт, жуулчлал, технологийн зах зээлд интеграл- чилагддаг. Ингэснээр засгийн газрын бус харилцаа нэмэгдэж, энэ нь аж үйлдвэржсэн ертөнц дэх ардчиллын үзэл санаа нийгэмд нөлөөлөхөд чухал ач холбогдолтой. 5/ Ардчиллын гол тулгуур, хөдөлгөгч хэсэг болох дундаж давхаргыг төрүүлдэг.
“Бүтэлгүйтсэн ардчиллын систем” (одоогийн байдлаар) дэх эдийн засгийн бие даасан бус чанар нь улс төрд хурц асуудлыг үүсгэдэг. Улс төрийн институтуудад авилгал, тал тохой татах үзэгдэл цэцэглэдэг. Энд л цөөхөн хэдэн орлоготой аж ахуй, үйлдвэрийн орлогыг хуваадаг. Төрийн хүнд сурталаас төрөн гарч, зохион байгуулалтад орсон мафийн бүлэглэл төрөөс хараат эдийн засгийг хадгалж үлдэхийн тулд реформыг саатуулж, зогсоохыг эрмэлздэг. Үүгээрээ тэд дундаж давхарга, иргэний нийгэм үүсэхэд саад болдог.
Харин процедурын чиглэлийн судлаачид (заримдаа “волюнтаристууд” ч гэдэг) ямар ч нийгэм, эдийн засаг, соёлын зэрэг “объектив” хүчин зүйлс ямар улс төрийн оролцогч хүчин ямар тохиолдолд ямар үйл ажиллагаагаар ардчиллын эрх ашгийг хамгаалах буюу хориглохыг урьдчилан хэлж, тайлбарлаж чадахгүй гэж үздэг[9]. Тэд, улс төрийн оролцогчдын ардчилах үйл явцыг санаачлах, гардан явуулах үйл ажиллагаа нь тэдний нийгмийн тогтолцоон дахь объектив байр сууриар тодорхойлогддоггүй харин тэдний “субьектив” сонголт нь шинэ улс төрийн бололцоог нээж өгдөг.
Энэхүү хоёр дахь чиглэл нь өнөөгийн олон янзын эхлэлтэй, улс төрийм фаектор, стратеги бүхий ардчиллын давалгааг (Парагвай Гондурасаас Польш Румын хүртэлх ардчилах үйл ивцыг) тйлбарлаж судлахад онцгой хэрэгтэй юм. Гэхдээ миний бодлоор энэ хоёр урсгал нь нэг нэгийгээ үгүйсгээгүй, зөрчилдөөгүй харин ч харилцан нөхөж байна. Нэг үгээр хэлбэл, ардчилсан шилжилт хэмээх дээрх үзэгдлийг л өөр өөр талаас нь авч үзэж байгаа юм.
[1] Lakoff,S. Democracy : History, Theory , Practice.-Boulder, 1996.
[2] Hantington, Samuel P.The Third Wave: Democratization in the Late Twentieth Century- Norman and London,1991,
[3] Geddes B. 1994. Challenging the Conventional Wisdom.- Journal of Democracy (October). Maravall J.1997. Regimes, Politics, and Markets. Democratization and Economic Change in Southern and Eastern Europe. New York: Oxford University Press.
[4] Stepan A.(Ed) 1989. Democratizing Brazil. Problems of Transition and Consolidation. New York- Oxford: University Press.
[5] Bunce V.1995. Should Transitologists Be Grounded?-Slavic Review (vol.54, no.1)
[6] Waldrauch H.1996. Incommensurability? On the Comparison of Eastern and Southern Regime Changes (unpublished manuscript)
[7] Lipset S. 1959; Some Social Requisites of Democracy : Economic Development and Political Legitimacy.- American Political Science Review (no.53).,
Almond G and Verba S. 1980; The Civic Culture Revisited: An Analytical Study. Boston: Little,Brown
[8] Hantington,S.1991. The Third Wave: Democratization in the Late Twentieth Century. Norman: University of Oklohoma Press.
[9] O’Donnel G., Schmitter Ph. And Whitehead L. (Eds.).1986. Transitions from Authoritarian Rule: Comparative Perspetives. Baltimore: The Johns Hopkins University Press.