Д.Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга/
Шинэ толь №30, 2000
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Эрхэм ноёд, хатагтай нараа,
Танихгүй орчинд цааш алхахын тулд аливаа хүн гартаа луужин барьж өөрийн зүг чиглэлээ тодорхойлох нь зүйн хэрэг. Үүнтэй үлгэрлэвэл аливаа нийгэмд өөрийн цаашдын хөгжил замналдаа баримтлах луужин бас л хэрэгтэй байдаг. Бидний хувьд ардчилал, зах зээлийн харилцаанд тулгуурласан хөгжлийн замдаа мөн л өөрийн гэсэн луужин хэрэглэх нь зайлшгүй. Мэдээжийн хэрэг бүхэл бүтэн нийгмийн хөгжлийн асуудлыг хөндөж буй учраас маш олон хүчин зүйлийг тооцож, судлаж харьцуулах шаардлагатай болно.
Энэхүү Бага хурлын сэдвийн хүрээнд Монголын нийгмийн Хөгжлийн хандлага, хүрсэн түвшнийг тодорхойлж болох ардчилсан нийгэм дэх шинэ үнэт зүйлсийн системийн төлөвшил, түүнд гарч буй өөрчлөлт болон нийгмийн социал бүлгийн ялгарал, түүний улс төрийн үр дагаврын асуудалд та бүгдийн анхаарлыг хандуульяа.
УТБА-иас 1994 онд эл сэдвээр өргөн хүрээтэй судалгаа явуулж, судалгааны дүн, арга зүйн асуудлаар үндэсний бага хурал зохион байгуулж байсныг энд оролцож буй хүмүүс санаж байгаа. Бид мөн тэр л асуудлын хүрээнд энэ оны 10-11 дүгээр сард судалгаа явууллаа. Бидний энэ удаагийн судалгааны зорилго нь таван жилийн өмнөх байдлыг өнөөгийн байдалтай харьцуулж үзэх, судлаж буй асуудлын хүрээнд ямар өөрчлөлт гарч байна, өөрчлөлт гарсан бол түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийн түвшин, хоорондын хамаарал, өөрчлөлтийн динамикийг тандахад оршиж байсан юм. Өөрөөр хэлбэл, миний илтгэл тус Академиас 1994, 1999 онд явуулсан хоёр удаагийн давтамжтай судалгааны дүнгийн харьцуулалт дээр тулгуурлах юм. Судалгааг Улаанбаатар хот, бүсчилсэн байдлаар зургаан аймагт явуулсан болно.
Үнэт зүйлсийн зэрэглэл, түүнд ажиглагдсан өөрчлөлт, харьцуулалт
Анхаарал татсан зүйлс:
- Таван жилийн өмнөх үнэт зүйлсийн зэрэглэлтэй энэ оны судалгааны дүнг харьцуулахад зарчмын өөрчлөлт ороогүй байна. Ганцхан бие даасан шүүхийн асуудал чухлын зэрэглэлээр 9-р байрнаас 6-д шилжсэн нь ажиглагдлаа.
- Хүний эрх, хувийн өмч, бие даасан шүүхийг маш чухал зүйл гэж үзэж буй хүмүүсийн хувь судалгаанд хамрагдсан байдлаар мэдэгдэхүйц өссөн байна. /Зураг дээр одоор тэмдэглэсэн буй/.
- Тодорхой утгаар үнэлгээний хувь ялимгүй буурсан нь чөлөөт хэвлэл, парламентат ёс, олон ургальч үзэл гэсэн зүйл дээр ажиглагдаж байна (Зураг дээр дугуйгаар тэмдэглэсэн буй).
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ.
- Монголчуудын дунд шинэ үнэт зүйлсийн системийн төлөвшил, хөгжил тогтвортой байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх олонхи ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэм чухал гэж үзэж байгаа нь сүүлийн таван жилийн дотор тогтвортой байна.
- Харин эдгээрийг нөхцөлдүүлж, баталгааг нь хангагч зүйлүүдийн үнэлгээнд жигд өөрчлөлт ороогүй боловч хувийн өмч, бие даасан шүүхийн ач холбогдлыг таван жилийн өмнөхтэй харьцуулахад үнэлгээ нь эерэг талдаа мэдэгдэхүйц байгаа нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
- Харьцангуй утгаар, үнэт зүйлсийн зэрэглэлд буурсан байдлаар ажиглагдаж байгаа чөлөөт хэвлэл, парламентат ёсны асуудлыг магадгүй энэ хүрээний өнөөгийн байдалд хүмүүс шүүмжлэлтэй хандаж буйн тусгал гэж үзэж болох юм. Парламент ажлаа хийж чадахгүй байна, түүнийг тараах хэрэгтэй ч гэдэг юм уу, аль эсвэл чөлөөт хэвлэл нь хүмүүсийг нэг нэгнийхээ амьдралыг “цоожны нүхээр” хардаг сэтгэлгээнд төлөвшүүлж байна зэрэг уур амьсгалын тусгал гэж үзэх үндэс байгааг бид энд үгүйсгэхгүй.
- Үнэт зүйлсийн зэрэглэлийн эхний хэсэгт багтаж буй зүйлсийн дотроос нэгт нь байгаа шудрага ёсны асуудал таван жилийн өмнө ч тэр, өнөөдөр ч хамгийн чухал зүйлд тооцогдсон хэвээр байна. Энэ асуудал дээр илүү тогтож ярих шаардлага байна. Шудрага ёс нь чөлөөт ардчилсан нийгмийг тодорхойлогч үнэт зүйлсийн хэмжээнд эрх чөлөө гэдэг ойлголттой эн тэнцүү очдог гэж судлаачид үздэг. Гагцхүү, уг асуудлын цаана юуг ойлгож байгаа нь түүний нийгэмд үзүүлэх нөлөөллийн утгаар илэрхийлэгддэг. Ийм учраас уг ойлголт өөрөө бус түүний цаана байгаа утга нь судлаач бидний анхаарлыг илүү татах учиртай байх. Хамгийн энгийнээр илэрхийлбэл, шудрага ёс гэдэг нь хувь хүний ажил хөдөлмөрийн үр дүн, бүтээлийг үнэлэх зүйл үү, эсвэл нийгмийн хүрээн дэх тэгшитгэл, хэрэгцээг үнэлэх зүйл үү гэдгийг бид ялгах хэрэгтэй.
Зах зээлийн эдийн засаг дангаараа зөвхөн үр дүнгээр тооцогдох шудрага ёсыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүтээгдэхүүнийг бий болгоход оруулсан хувь нэмрийнх нь хэрээр орлогоос хүртээнэ гэсэн санаа үүний цаана байдаг.
Тэгвэл хэрэгцээг баримталсан шудрага ёс нь иргэн бүр зохих ёсоор амьдрахад хэрэгцээтэй зүйлээр хангагдсан байхыг хэлнэ. Нийгмийн тэгшитгэлийг хэт анхаарч, шудрага ёсыг тэгшитгэлтэй адилтгаж ташаарвал хувь хүн өөртөө хариуцлага хүлээн авах, үр бүтээл рүү эрмэлзэхээс хөндийрч, “халамжлуулах сэтгэлгээг” бий болгодог байна. Энэ нь эргээд дахин хуваарилалтанд шаардагдах хөрөнгийг бий болгодог хүмүүсийн хөдөлмөрлөх болон хөрөнгө оруулалт хийх сонирхлыг давхар бууруулдаг.
Тэгвэл бид нар шудрага ёс гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Макс Веберийн хэлсэнчлэн нийгмийн үнэт зүйлсийн систем эдийн засгийн хөгжлийн динамикт ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэгэхлээр, манай улсын үнэт зүйлсийн системийн бүтцийн өөрчлөлт, үүнтэй уялдаатай асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эдийн засгийн хөгжлийн динамикийг хангаж байна уу гэсэн асуудал аяндаа гарч ирнэ.
Олон улсын хэмжээнд хийгдсэн харьцуулалтыг үзэхэл нийгмийн үнэт зүйлсийн системд дараахь гурван бүрдэл буюу
- үр дүнг баримтлах зарчмыг хүлээн зөвшөөрсөн байх,
- ногдсон үүргээ биелүүлэхэд бэлэн байх,
- хувь хүн өөртөө хариуцлага хүлээхэд бэлэн байх сэтгэлгээг хүчтэй шингээж чадсан байхын хэрээр эдийн засгийн хөгжил эрчимждэг шууд уялдаа холбоо ажиглагддаг байна.
Бидний толилуулж буй судалгааны дүнгээс үзэхэд хувь хүн төрөөс бүрэн хамаарах ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлж байсан хүмүүсийн хувь 1994 онд 44.55 хувь байснаа өнөөдөр 14.3 хувь хүртлээ буурсан боловч эдийн засгийн бүхий л асуудлыг төр зангидаж төвлөрүүлсэн бодлого явуулах хэрэгтэй гэсэн хариултыг 1994 онд 23.53 хувь сонгосон бол өнөөдөр энэ хувь 36.2 байна. Магадгүй үүний цаана өнөө “халамжлуулах сэтгэлгээ” ажиглагдаж байгаа бус уу. Гэхдээ энэ байр суурийг баримтлаж буй хүмүүсийн дотор ямар бүлэг илүү зонхилж байгаа нь бас учиртай юм. Мэдрэгдэх түвшинд ялгарч байгаа үзүүлэлт бол орлогын түвшнээрээ доод хоёр ангилалд багтаж буй хүмүүсийн 41 орчим хувь, тусгай дунд боловсролтой хүмүүсийн 34.7 хувь, төсвийн байгууллагад ажил эрхэлдэг хүмүүсийн 46.4 хувь энэ байр суурийг баримтлаж байна.
Бүхэлд нь авч үзвэл, улс төрийн утгаараа хувьчлал манай улсын үнэт зүйлсийн системд эерэг нөлөө үзүүлж, бодит үр дүнгээ өгсөн гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Гэхдээ, Макс Веберийн хэлсэнчлэн энэхүү үнэт зүйлсийн системийн өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийн динамикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд хараахан хүрээгүй байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Хүн амын хичнээн хувь нь үр дүнг гол болгосон шудрага ёсыг чухалчилсан, бүтээлч эрмэлзэлтэй байх ёстой вэ гэдэг нь өөрөө бие даасан томоохон судалгааны асуудал билээ. Үүнд ч судалгааны байгууллагууд анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна. Ямар чиг л байсан энэхүү эрмэлзэл бүхий бүлэг хүн амын дотор цөөнх байдаг нь бусад орны жишээнээс харагддаг.
Социал бүлгийн ялгарал, түүний улс төрийн үр дагавар
1994 онд тус Академиас явуулсан судалгааны нэг гол зорилго нь Монголын нийгмийн социал бүтэц дэх өөрчлөлтийг тандахдаа улс төрийн шинжилгээний аргыг туршиж үзэхэд оршиж байсан билээ. Энэхүү аргыг бид энэ онд явуулсан судалгаанд давхар хэрэглэсэн болно. Арга зүйн асуудлын талаар энд би ярихгүй. Сонирхох хүн байвал Академийн “Шинэ толь” сэтгүүлийн 1994 оны тусгай дугаарыг харж болно.
Судалгааны гол зорилго нь нийгмийн социал бүтцэд гарч буй өөрчлөлт нь бүлгүүдийн улс төрийн байр суурийн харьцаанд хэрхэн нөлөөлж байна, энэхүү байр суурийн ялгаанд бүлгийг оорхойлогч социо-эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөлөл, тэдгээрийн хоорондын хамаарал, корреляцийн түвшинг тогтооход оршиж байсан юм.
Тайлбар: Хувиудын нийлбэр нь 100 хувь биш бөгөөд хариулаагүй хувийг оруулаагүй болно.
Ажиглагдсан зүйл:
- Судалгаанд хамрагдсан хүмүүсийн улс төрийн байр суурийн ялгаралын харьцаанд зарчмын өөрчлөлт ороогүй байна. 1994 онд хийсэн дүгнэлт ерөнхий дүрсээрээ 1999 онд батлагдаж байна.
- Монгол улсын өнөөгийн улс төр, нийгэм-эдийн засгийн хөгжлийн байдал зэргийг тооцвол либерал байр суурь буюу нийгмийн олон асуудлыг цаашид сайжруулах, боловсронгуй болгох шаардлагыг илэрхийлж буй хандлага болон одоогийн бодлого, үйл ажиллагаа болж байна гэсэн хандлага тогтвортой байна. Харин нийгэм дэх өөрчлөлтийг улам эрчимжүүлэхийг хүссэн радикал байр суурь болон өмнөх үеийн үнэт зүйлс, зохицуулалт, хэм хэмжээг илүүтэйд үзэж буй хуучинсаг хандлага ойролцоогоор 4-7 хувиар нэмэгдсэн нь ажиглагдаж байна.
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
- Өмнөх нийгмийн социал бүтцийн задрал энэхүү арван жилд тогтвортой явагдаж, нийгэмд болж буй үйл явцын талаар өөр өөр сонирхол бүхий нийгмийн бүлгүүд бүрэлдэж эхэлсэн нь тодорхой байна.
- Харин энэхүү улс төрийн байр суурийн спектрийн хоёр жигүүр болох радикал, хуучинсаг байр суурийн харьцаа дор хаяж сүүлийн таван жилд нэмэгдсэн байдлаар өөрчлөгдөж байгаа нь ялангуяа улс төрчдийн анхаарлыг зайлшгүй татах ёстой билээ. Спектрийн энэхүү харьцаа манай улсын хөгжил зорьж буй тэрхүү тогтвортой урсгал, гольдролдоо хараахан ороогүй байгаагийн нэг илэрхийлэл, тусгал болж байна.
- Улс төрийн байр суурийн ялгаралд нөлөөлж буй хүчин зүйлсээс социо-эдийн засгийн гэхээсээ илүү аль намыг дэмждэг тэрхүү хүчин зүйлсийн нөлөө харьцангуй өндөр хэвээр байна. 1994 онд ажиглагдсан зүй тогтол таван жилийн дараа хэвээр байна. Энэ утгаараа, судалгаанд оролцсон хүмүүсийн улс төрийн байр суурийн ялгаралд объектив бус субъектив хүчин зүйлс харьцангуй илүү нөлөөтэй байгаа нь он удаан жилээр тогтвортой хөгжиж ирсэн улсуудтай жишиж үзэхэд манайд илэрч буй энэхүү байр суурийн ялгаралыг илүү тогтворгүй гэж үзэх үндэстэй юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн энэхүү улс төрийн байр суурийн ялгарал нь орлого, боловсрол, эрхэлж буй ажил зэрэг объектив хүчин зүйлсээс хамаарах хамаарлын коэффициент өөрчлөгдсөн боловч сул гэсэн түвшинд л ажиглагдаж байна. Тухайлбал, орлого болон улс төрийн байр суурийн корреляцийн (шугаман шууд хамаарал) түвшин 1994 онд 11 орчим хувьтай байсан бол өнөөдөр 10 хувьтай байна. Боловсролоос хамаарч буй байдал 1994 онд 18 орчим байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 15 орчим байх жишээтэй.
- Улс төрийн шинжлэх ухаанд бүлгийн байр сууринд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамааралд дээрхээс дутуугүй анхаарал хандуулдаг. Энэ тухайд нэг онцлууштай зүйл бол чухал хүчин зүйлс болох боловсрол-орлогын хоорондын хамаарлын түвшин өнөөдрийн байдлаар 33.4 орчим хувьтай байна. Өөрөөр хэлбэл, боловсрол ахих тусам орлогын түвшинд нөлөөлөх нөлөөлөл нэмэгдэж эхлэх хандлага ажиглагдаж байгаа ба энэхүү зүй тогтол улам батжих болтугай гэж ерөөмөөр байна.
- Улс төрийн тогтвортой байдлыг нөхцөлдүүлэгч дунд анги хараахан бүрэлдээгүй боловч энэ хандлага аажим аажмаар нэмэгдэж байна. Үүний нэг үзүүлэлт болгож судалгаанд хамрагдсан хүмүүс өөрсдийнхөө аж байдлын түвшинг хэрхэн үнэлж буй байдлыг 1992 онд THCA-иас явуулж байсан болон манай Академийн дүнг харьцуулсан байдлаар авч үзвэл үнэхээр өөдрөг зураг ажиглагдаж байна. Энэхүү судалгааны дүн нь судалгаанд хамрагдсан хүмүүс өөрсдөө өөрсдийнхөө аж байдлыг дүгнэсэн утгаараа судлаачид бидэнд чухал болж байгаа билээ.
Итгэлийнхээ төгсгөлд тэмдэглэх нь
Монголын нийгэмд гарч буй өөрчлөлтийг хүмүүс хэрхэн үнэлж буй байдал, нийгмийн дотор шинэ үнэт зүйлсийн систем тогтож буй байдал болон энэ бүгдийн талаар хүмүүсийн улс төрийн үнэлэмж хэрхэн өөрчлөгдөж байгаа талаас нь тус Академиас авуулсан судалгааны дүнгээр харуулахыг оролдлоо. Судлаачид бид аливаа зүйлсийг бодитойгоор харахыг чухалд тооцдог боловч хүн л болсон хойно өөрийн гэсэн эмоцтой улс. Тийм учраас, илтгэлийнхээ эцэст судлаач хүн гэхээсээ илүү Монгол улсынхаа нэгэн иргэний хувьд хэлэхэд, ардчилал манай оронд хөгжиж ирсэн энэхүү арван жилд хүмүүсийн сэтгэхүйд үнэхээр том өөрчлөлт орсон гэдэг нь судалгааны дүнгээр нотлогдож байгаад би туйлын баяртай байна. Ардчиллын төлөөх энэхүү арван жилд бид хойч үеийнхэндээ эдийн засаг, энэ утгаараа материаллаг гэхээсээ илүү оюуны шинэ үнэт зүйлсийг бүрэлдүүлж чадах нь хамгийн гол билээ. Бүрэлдүүлэх ёстой, бүрэлдүүлж чадна гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хавсралт
УТБА нь 1994 онд нийгмийн социал бүлгийн ялгарал, түүний улс төрийн үр дагавар, 1999 онд нийгмийн улс төрийн хүрээнд гарч буй өөрчлөлтийг тандан мэдэх зорилгоор судалгаа явуулсан билээ. Энэхүү хоёр судалгаа нь цуврал судалгаа бөгөөд тэдгээрийг холбогч гол зүйл нь шинэ үнэт зүйлсийн системийн төлөвшил, хөдөлгөөний харьцуулалт юм.
Энэ удаагийн судалгааны зорилго нь таван жилийн дотор уг асуудлын хүрээнд гарсан өөрчлөлт, Нөлөөлөгч хүчин зүйлс, динамикийг танин мэдэхэд чиглэсэн болно.
Тус судалгаанд Нийслэл хот, Ховд, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нийт 1000 орчим хүн хамрагдсан юм.
1994 болон 1999 оны судалгааны харьцуулсан дүнгийн заримаас ямар нэгэн дүгнэлтгүйгээр дор толилуулъяа.