С.Галбадрах
/ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, Удирдлагын Академийн докторант/
Шинэ толь №53, 2005
Түлхүүр үг: Аж үйлдвэр, Бүс нутгийн эдийн засаг, Эдийн засгийн хөгжил, Дэлхий дахины хөгжлийн хандлага
Эдийн засгийг давуу талд нь түшиглэн ухаалгаар удирдсанаар богино хугацаанд түргэн хөгжих боломжтойг дэлхийн олон улс орнуудын жишээ харуулж байна. Энэхүү өгүүлэлд бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөхүйц амжилтын эх сурвалжийн талаарх онолын судалгаа, энэ чиглэлээрх манай улсын өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн стратегийн ач холбогдолтой бүс нутгийн хөгжлийн гарц болох “Алтан зам” хонгилын талаар өгүүлсэн болно.
Түргэн хурдацтай хөгжиж буй бүс нутгийн хөгжлийн эх сурвалжийн талаарх зарим судалгаануудыг авч үзье.
Ж.Симми (1998) бүс нутгийн өрсөлдөхүйц амжилт, инновацийг тайлбарласан онолуудыг 4 хэсэгт хуваан бүлэглэсэн.[1] Эхний бүлэгт Пероксийн (1950) өсөлтийн туйлын онол багтана. Уг онолоор хоорондоо үйл ажиллагааны холбоо бүхий пүүсүүдийн өргөжилт, өсөн нэмэгдэлд болж буй бүс нутаг хурдацтай хөгждөг. Шинэчлэл нь үйлдвэрлэлийн зохион байгуулалтын ба бүтээгдэхүүний тасралтгүй өөрчлөлтийг шаардаж байдаг. Пүүсүүд уг шаардлагын үүднээс бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчидтэй нүүр тулсан байнгын харилцаанд орох болдог. Энэхүү олон талт харилцаа нь үйлдвэрлэлийн зардлыг өсгөдөг. Иймд шинэчлэгч пүүсүүд бага зардлаар гадаад харилцаа, хэлхээ холбоогоо хангах үүднээс байршлаа сонгодог гэж үздэг.
Хоёр дахь бүлэг онолд тухайн орон нутгийн хүчин зүйлс нь өрсөлдөх чадварын, харин байршлын тодорхой хүчин зүйлсийн зардал нь шинэчлэгч пүүсүүдийн бөөгнөрлийн үндсэн шалтгаан болно гэж үздэг. Ийм онолд Р.Верноны (1966) бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн онол орно. Уг онолоор бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн олон янзын үе шатыг үйлдвэрлэлийн байршилтай холбон үзсэн. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн эхний үе шатанд үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа агломерациудад явуулахыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл, зах зээлд шинээр гарч буй бүтээгдэхүүнд хэлхээ холбоо, гадаад эдийн засгийн холбогдолтой хүчин зүйлс чухал нөлөөтэй байдаг. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн эхний үе шатанд их сургуулиуд, нисэх онгоцны буудал, хөдөлмөрийн нөөц, санхүүгийн капитал зэрэг үйлдвэрлэлийн байршлын онцгой нөхцлийг шаарддаг. Эдгээр хүчин зүйлс нь томоохон хотууд буюу агломерациудад л байдаг. Пүүсүүдийн бөөгнөрөх нэг шалтгаан нь энэ юм.
Гурав дахь бүлэг онолд пүүсүүдийн өрсөлдөгчид, бүтэц, стратеги нь тэдний өрсөлдөх чадварыг тодорхойлох бөгөөд энэ нь агломерацид байрлах шалтгаан болдог байна. Уян хатан төрөлжилтийн онолд стандартчилагдсан Г.Фордын бөөний үйлдвэрлэлийн оронд уян хатан төрөлжилтийг авч үздэг. Ийм өөрчлөлт нь пүүсүүдийг босоо чиглэлд задлан хуваах ба тэдгээрийн харилцан уялдаат хэсгүүдийг аж үйлдвэрийн шинэ дүүргүүдэд төвлөрүүлдэг байна. Ийнхүү агломераци үүсэх шалтгаан нь үйлдвэрлэлийн шатлалын хооронд шилжилтийн зардлыг хамгийн бага байлгах явдал юм гэж үздэг.
Дөрөв дэх бүлэг онолд эрэлтийн нөхцөл байдал өрсөлдөх чадварын чухал эх сурвалж болох бөгөөд өрсөлдөгч пүүсүүд хэрэглэгчдэдээ хүрэх бололцоо болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтаа нэгэн адил дээд зэргээр хангах үүднээс бөөгнөрч байдаг гэж үздэг. Эрэлт нь инновацийн үндэс болох ба эрэлтээр уламжлан агломераци үүсэх шалтгааныг тайлбарладаг.
1960-70-аад онд үүссэн өсөлтийн туйлын стратеги нь өрсөлдөх давуу тал, эдийн засгийн үйл ажиллагааны түвшин, аж үйлдвэрийн бөөгнөрөх хандлага (кластер) зэргийг харгалзаагүйгээс амжилтад хүрээгүй. Пүүсүүд тухайн байршилд хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа эдгээрийг голлон анхаардаг. Өрсөлдөх давуу тал, бөөгнөрлийн үр дүнд үүссэн бизнесийн салбаруудын нягт уялдаа холбоо, шинийг эрэлхийлэх бизнесийн овсгоо зэрэг нь үүнтэй уялдан илүү ялгаран гардаг. Эдүгээ зах зээлд үндэслэсэн аж үйлдвэрийн бөөгнөрлийн онол өсөлтийн туйлын онолыг орлох боллоо.[2]
1980-аад оны эцсээр П.Кругман олон улсын худалдаа, өрсөлдөх чадвар, бүс нутгийн эдийн засгийн хоорондын холбоо хамаарлыг судлан “Шинэ худалдааны онол”, “Өрсөлдөх чадварын онол”-уудыг боловсруулсан нь бүс нутгийн эдийн засгийн судалгаанд шинэ хандлагыг авчирсан хэмээн судлаачид үздэг.[3] П.Кругман “Олон улсын эдийн засгийг ойлгох үр дүнтэй арга зам нь үндэсний эдийн засгийг судлахаас эхэлнэ. Хэрэв улс үндэстнүүдийн өсөлтийн түвшний ялгааг ойлгох хэрэгтэй бол бүс нутгуудын өсөлтийн ялгааг судлах шаардлагатай. Үүнтэй төстэйгээр олон улсын хэмжээний төрөлжилтийг авч үзэхдээ тухайн орон нутгийн төрөлжилтийг авч үзэхээс эхлэх ёстой” гэжээ. Энэ нь бүс нутгийн эдийн засгийг чухалчлан үзэх утга агуулга бүхий арга зүйн хувьд ихээхэн ач холбогдолтой хандлага юм. Тэрээр эдийн засгийн үйл ажиллагааны газарзүйн гол зүйл нь төвлөрөл гэж үзсэн. П.Кругманы үзсэнээр төвлөрөл нь үр өгөөж өсөх явдлаар илэрхийлэгдэнэ. Түүний боловсруулсан “Шинэ худалдааны онол”-д уламжлалт харьцангуй давуу талаас ипүүюй үр өгөөжийн өсөлтийг чухалчлан авч үзсэн. Төвлөрөл нь улс орнуудын төдийгүй бүс нутгуудын хоорондын хөгжлийн ялгааг тодорхойлогч хүчин зүйл болж байна.
1980-аад оны дундуур өндөр хөгжилтэй ба хөгжиж буй орнуудын бүс нутгууд дахь аж үйлдвэрийн бөөгнөрлийг илэрхийлсэн “Шинэ аж үйлдвэрийн дүүргүүд” хэмээх нэр томьёо гарсан. Өмнө авч үзсэн агломерациудаас ялгаатай нь аж үйлдвэрийн дүүргүүдэд хэрэглээний үндсэн бүтээгдэхүүнүүдээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн олон салбар хамардаг. Харин бидний дээр өгүүлсэн Ж.Симмийн судалгаа нь өндөр технологи бүхий аж үйлдвэрийн салбаруудын бөөгнөрөлд илүү хамаатай.
Бразил, Мексик, Перу, Энэтхэгзэрэгулсуудын аж үйлдвэрийн дүүргүүдийг судалсан Э.Хелмсингийн (2001) судалгааны үр дүнг толилуулъя.[4]
Нэгд, шинэ технологи нь уян хатан үйлдвэрлэлийг бий болгодог. Автомат удирдлагат тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нь пүүсүүдийг үйлдвэрлэлээ байнга өөрчлөн шинэчлэхэд түлхэж байна. Уян хатан технологи, өндөр ур чадвар бүхий ажиллагсад нь хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хангадаг. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд бага зардлаар, багцын үйлдвэрлэл явагдана гэсэн үг юм. Үүнд, бүтээгдэхүүний ялгаварлалтыг чухалчилдаг. Г.Фордын үйлдвэрлэл нь тогтвортой, нэг төрлийн бөөний үйлдвэрлэлтэй холбоотой зах зээлийг илэрхийлж байсан бол уян хатан төрөлжилт нь түргэн өөрчлөгддөг, ялгаварт зах зээлийн илэрхийлэл юм.
Хоёрт, аж үйлдвэрийн бөөгнөрөл нь үйлдвэрлэлийн олон бүрэлдэхүүнүүдийн хөдөлмөрийн хуваарийг хялбарчилж, нэг пүүс нөгөө.пүүсийн нийлүүлэгч байх боломжийг хангаж өгч байгаа юм. Үүгээрээ зохион байгуулалтын энэхүү нарийвчилсан зарчим нь илүү давуу талтай бөгөөд пүүсүүдэд эдийн засгийн гадаад үр өгөөжийг бий болгодог.
Гуравт, аж үйлдвэрийн бөөгнөрөл нь пүүсүүдийн хамтын ажиллагаанд илүү давуу тал бий болгож байна. Х.Шмиц (1999) үүнийг “хамтын үр ашиг” хэмээн тодорхойлсон.
Аж үйлдвэрийн бөөгнөрлийн (хөгжиж буй орнуудын хувьд бөөгнөрлийг аж үйлдвэржих үйл явц хэмээн ойлгох нь зүйтэй) талаарх зарим судалгааны үр дүнг авч үзье. Тухайлбал, М.Кормик (1999) үүнийг Африкийн жишээн дээр судлан 3 хэлбэрийг тодорхойлжээ. Үүнд:
Эхнийх нь, “Аж үйлдвэржилтийн өмнөх” буюу бөөгнөрөл үүсч эхлэх үе бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн давамгайлал бүхий үе юм. Тэдгээрийн дийлэнхэд нь зах зээлд тэсч үлдэх шалгуур тавигддаг. Энэ үед ширүүн өрсөлдөөн, эдийн засгийн багахан үр өгөөж, пүүс хоорондын харилцаа дутмаг зэргээс шалтгаалан хөдөлмөрийн хуваарь төдийлөн гүнзгийрч чадаагүй байдаг. Бөөгнөрлийн давуу тал нь зах зээлд нэвтрэн орох байдлаар хязгаарлагддаг.
Хоёр дахь нь, “Аж үйлдвэржиж буй бөөгнөрөл” бөгөөд энэ үед орон нутгийн зах зээлд давамгайлах чиглэл голлох хэдий ч өмнөхөөсөө илүү давуу шинж чанартай. Энэ хэлбэрийн давуу тал нь эдийн засгийн гадаад үр өгөөжөөр хязгаарлагддаг.
Гурав дахь нь, “Цогц аж үйлдвэрийн бөөгнөрөл” бөгөөд үйлдвэрлэл нь үндэсний зах зээл ба экспортод чиглэсэн байдаг. Энэ хэлбэрийг бөөгнөрлийг тайлбарласан онолын үндсэн тайлбарт илүү дөхүү гэж үзэж болно.
Т.Олтенбург, Ж.Миэр-Стамэр (1999) нар Өмнөд Америкийн аж үйлдвэрийн бөөгнөрлийг судлан мөн 3 хэлбэрийг тодорхойлжээ. Үүний эхнийх нь “амьд үлдэх бөөгнөрөл” бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэл бүхий М.Кормикийн эхний хоёр ангилалд дүйх юм. Дээрх судлаачид энэ хэлбэрийн бөөгнөрлийн давуу талыг хязгаарлагдмал бөгөөд идэвхгүй хэмээн тодорхойлжээ. Хоёр дахь хэлбэрт илүү өндөр түвшний буюу бөөний үйлдвэрлэгчид ялгарсан, импортыг орлох үе шатанд байгуулагдсан бөөгнөрлийн хэлбэрийг авч үзсэн. Гурав дахь хэлбэр нь Африкийн ангиллаас ондоо буюу технологийн бөөгнөрөл юм. Дээрх судалгаануудад бөөгнөрлийн ангилал ийнхүү харилцан адилгүй тодорхойлогдсон нь Өмнөд Америкийн ба Африкийн улсуудын эдийн засгийн хөгжлийн түвшний ялгаатай холбоотой юм.
Эндээс дүгнэхэд аж үйлдвэрийн бөөгнөрөл нь пүүсүүдэд эдийн засгийн гадаад ба дотоод үр өгөөжийг бий болгон, инновацийг түргэсгэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хангаж өгдөг байна.
1990-ээд оноос хойш манай оронд аж үйлдвэржүүлэлтийн судалгаа төдийлөн хийгдсэнгүй. Хэдийгээр энэ нь зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн үетэй давхцаж байгаа ч нөгөө талаасаа аж үйлдвэр цөөн хотод төвлөрсөн, аж үйлдвэржилтийн хандлага үндсэндээ уламжлалт хэлбэрээр буюу түүхий эд олборлох, боловсруулах чиглэлээр хөгжиж ирсэнтэй холбоотой. Манай эрдэмтдээс С.Очирбат (2000) Монгол улсын хот, суурингуудыг эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх гол салбарууд болох үр тариа, хөнгөн хүнс, модон бүтээгдэхүүн, барилгын материал, уул уурхайн үйлдвэрлэлийн чадавх боломжийг харгалзан улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот, эдгээрт дэвших магадлалтай суурингууд гэж ангилан эдийн засгийн потенциалыг нь үнэлжээ.[5]
Монгол улсын бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн тулгуур төвүүдийг хөгжүүлэхэд энэ чиглэлээрх онолын үндсэн хандлагууд болох өсөлтийн туйлын онол ба аж үйлдвэрийн бөөгнөрлийн онолуудын алиныг нь тулгуур болгох вэ гэсэн асуудал зүй ёсоор тавигдаж байна. Азийн хөгжлийн банкны (АХБ) судалгаагаар (2004) өнөөгийн нөхцөлд бүс болгонд тулгуур төвүүдийг байгуулах бодлого явуулах бус харин цөөн хотод аж үйлдвэрийн бөөгнөрөл бий болгохыг илүүтэй дэмжих хэрэгтэй гэжээ.[6]
Уг асуудлыг нарийвчлан судалж өөрийн орны нөхцөлд тохирсон аж үйлдвэрийн бөөгнөрлийг бий болгох, хөгжүүлэх хандлагыг тогтоох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү шаардлагыг иш үндэс болгон манай улсын нутаг дэвсгэрийн хүрээнд аж үйлдвэрийн бөөгнөрлийг бий болгон хөгжүүлэх хөгжлийн нэгэн ирээдүйтэй хувилбарыгтомъёолон толилуулж байна.
Бүс нутгийн эдийн засаг даяаршлын үйл явцад өрсөлдөх чадвараа хэрхэн хадгалах вэ? гэсэн асуудлыг Харвардын их сургуулийн профессор Р.Кантэр (1996) судалжээ. Тэрбээр АНУ-ын Бостон, Кливленд, Майами, Сиэтл, Өмнөд Каролина зэрэг олон улсын эдийн засагтай нягт холбогдсон муж улсуудыг жишээ болгон судалсан. Түүний үзсэнээр олон улсын эдийн засгийн сонирхол ба орон нутгийн улс төрийн сонирхлын хооронд зөрчил гарахаас сэргийлэхийн тулд бизнес эрхлэгчдийн зүгээс даяаршиж буй бизнес нь оршин буй орон нутагтаа хэрхэн зохицох вэ? гэдгээс нь, харин орон нутгийн эрх баригчдын зүгээс бизнесийн таатай орчин, уур амьсгалыг бүрдүүлсэн байх талаас нь анхаарах хэрэгтэй юм. Бүс нутгууд даяаршсан эдийн засагтай холбогдох оюуны, үйлдвэрлэлийн, худалдааны гэсэн 3 арга замыг тэрээр тодорхойлжээ.[7]
Газарзүйн байршил нь аж үйлдвэрийн эдийн засагт үйлдвэрлэлийн хүчин зүйлс буюу ажиллах хүч, капитал, материалыг хангахуйц байх, тээвэрлэлтийн явц дахь үйлдвэрлэлийн зардлыг хамгийн бага байлгах зэргийг илүүтэй харгалздаг. Харин даяаршиж буй эдийн засагт байршил нь дээрх утгаас илүүтэйгээр концепц, гүйцэтгэх чадвар, холбоо хамаарал гэсэн хэрэглэгчээ дээдэлсэн давуу талуудыг бий болгохтой илүү холбоотой.
Оюуны төвүүд нь концепциор төрөлждөг. Ийм төвүүдэд оюуны өндөр багтаамж бүхий үйлдвэрлэл төвлөрч, мэдлэгт суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Үйлдвэрлэлийн төвүүд нь гүйцэтгэх чадвараар төрөлждөг. Тэнд дэд бүтэц өндөр хөгжсөн ба0х ба дээд зэргийн үйлдвэрлэлийн чадавх төвлөрдөг. Худалдаалагчид нь хэлхээ холбоогоор төрөлждөг. Ийм төвүүд нь соёлуудын огтлолцол дээр байрлан энэ давуу талаа үр ашигтайгаар ашигладаг байна. Үүнд: Хонконг, Сингапурыг дурдаж болох бөгөөд эдгээр төвүүд нь Англи ба Хятадын соёлуудыг холбож өгдөг байна.
Р.Кантэр (2003) олон улсын эдийн засагт бүс нутгийн өрсөлдөх давуу талыг бий болгох 4 үндсэн хүчин зүйлийг тодорхойлсон. Үүнд:
- Эдийн засгийн хөгжлийн тодорхой стратеги ба олон үндэстний компаниудыг татах чадвар бүхий орон нутгийн удирдлага;
- Урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, тогтвортой ажиллах бизнесийн таатай орчин бүрдүүлэх;
- Ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааны өндөр стандартыг хэрэгжүүлэх;
- Бизнес эрхлэгчид ба Засгийн газрын харилцан үр ашигтай хамтын ажиллагаа.
УИХ-аас 2002 онд “Чөлөөт бүсийн тухай” хууль, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тогтоолыг тус тус батлан гаргасан билээ. Л.Гүржавын (2004) томьёолсноор манай улсын эдийн засаг бага оврын бөгөөд нээлттэй юм. Энэ ч утгаараа бүсийн хөгжилд эдийн засгийн гадаад харилцаа онцгой үүрэгтэй. Манай улсын гадаад худалдаанд Алтанбулаг, Замын-Үүдийн боомтууд гол үүрэгтэй бөгөөд эдгээр боомтуудаар манай улсын гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хэсэг дамжиж байгаа төдийгүй ОХУ-БНХАУ-ын хоорондын худалдаанд ч зохих үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Хөрш орнуудын эдийн засгийн байдал цаашдаа ихээхэн эерэг хандлагыг төрүүлж байгаа ба ялангуяа Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засагт эзлэх жин нөлөө нь улам бүр нэмэгдэж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Үүнийг дагаад хөрш орнуудын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ, далайц эрчимжиж байгёа билээ. Мөн ОХУ ба БНХАУ, Зүүн хойд Азийн улс орнуудын хооронд байгалийн хий, цахилгаан эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тухай асуудал эдүгээ идэвхтэй хэлэлцэгдэж байна. Хөрш орнуудын хоорондын болоод манай улсаас дээрх орнуудтай явуулж буй худалдаанд дээрх 2 боомт багтсан манай улсын хойд ба өмнөд хөршийг холбосон төмөр замын дагуух зурвас бүс нутаг стратегийн ач холбогдолтой юм.
Дээрх үндэслэлүүдэд тулгуурлан Алтанбулаг ба Замын- Үүдийн хоорондох төмөр замын дагуух зурвас бүс нутагт “Алтан зам” хонгилыг байгуулах санал дэвшүүлж байна[8].
“Алтан зам” хонгилд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Дорноговь, Говьсүмбэр аймгууд багтаж байна. Уг бүс нутаг манай улсын эдийн засагт зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний нэг жишээ нь, 2003 оны байдлаар манай улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын 94.3% энэ бүс нутагт ногдож байна. Манай улс Азийн авто замын сүлжээнд Замын-Үүд-Улаанбаатар-Дархан чиглэлийн А-3 дугаар замаар нэгдэн орсон нь мөн уг бүс нутгаар дайрч байна.
Манай улсын нутгаар алдарт “Торгоны зам” дайрч Ази- Европын хооронд худалдаа арилжааны гүүр болж байсан түүхтэй. Түүх давтагдах нь бий. Үүний тулд “Торгоны зам”-ын орчин үеийн хувилбар буюу “Алтан зам” хонгилыг төрийн бодлогоор байгуулах хэрэгтэй байна. Нэгэнт бүрэлдсэн хөгжлийн тааламжтай нөхцөлүүд болох хүн амын төвлөрөл, аж ахуйн болон дэд бүтцийн давуу талуудыг улс орны хөгжилд аль болохуйц дорвитой хувь нэмэр оруулахуйц байдлаар ашиглахад энэхүү саналын утга учир оршиж байна.
Манай эрдэмтэн судлаачид нутаг дэвсгэрийн хүрээний хөгжлийн олон хувилбарууд гаргасан байдаг. Тухайлбал, Т.Чулуун (1998) орон нутгаас төв рүү чиглэсэн их нүүдлийг эхлүүлье, хүн амыг Төвийн бүсийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн 3 томоохон хот, тэдгээрийн ойролцоох аймгуудад төвлөрүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих замаар Монгол улсын хөгжпийгтүргэсгэх тухай; Баабар (1999) Орхон-Сэлэнгийн бэлчир газар (нийтдээ 15 мян.км2) буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн 3 томоохон хотод хүн амыг төвлөрүүлэн Монгол улсад хөгжлийн алтан гурвалжин байгуулах тухай; Ц.Адъяасүрэн, Ц.Батхишиг, А.Төмөр-Өлзий нарын эрдэмтэд (2002) дэлхийн улс орнууд дотоод нөөц бололцоо, хөрөнгө хүчний боломж, хязгаарлалт зэргээс шалтгаалж, бүх нутаг дэвсгэрээ хамруулан жигд хөгжих бодлого баримтлаагүй гээд Баабарын “Алтан гурвалжин”-г өргөтгөж Сэлэнгийн сав нутгийг хөгжлийн онцгой бүс болгох тухай саналуудыг тус тус дэвшүүлсэн байдаг.
Бидний дэвшүүлж буй “Алтан зам” хонгилыг байгуулах санал нь эдийн засгийн гадаад харилцааг голлосноороо бусад судлаачдын саналаас ялгаатай. Энэхүү хонгилд гадаад эдийн засагтай нягт холбогдсон оюуны, үйлдвэрлэлийн, худалдааны төвүүдийг байгуулах замаар улс орны эрчимтэй өсөлтийн бүс болгох стратегийн хэрэгцээ шаардлага байгааг бодит байдал харуулж байна. “Алтан зам” хонгилын гол онцлог нь Хятад ба Европын соёлуудыг холбож байгаад оршино.
Бусад улс орнуудын туршлагаас харахад гадаад зах зээлийн боломжийг дээд зэргээр ашиглах зорилгоор онцгой анхаарч байна. Тухайлбал, БНСУ-ыг дурдаж болно. Улс орны өмнө байгаа боломжууд болон давуу талууд, тухайлбал, БНХАУ- ыг оруулаад Зүүн хойд Азийн өсөлтийн асар их потенциал Солонгосын Засгийн газрын улс орноо логистикийн төв болгохоор тавьж байгаа хүчин чармайлт зэрэг нь тус улсыг Зүүн хойд Азийн логистикийн төв, хонгил болгох боломжийг бүрдүүлж байна. Эдийн засгийн чөлөөт бүсүүд нь энэхүү боломжийг нээх түлхүүр болох юм.[9]
Зарим судлаачид чөлөөт бүс байгуулах талаар зарчмын өөр байр суурьтай байдаг. Тухайлбал, доктор Г.Пүрэв баатар: “хажуудаа хүн ам нь багтахгүй болсон том хөрштэй, цөөхөн хүн амтай, өргөн уудам нутагтай Монгол улсад аялал жуулчлалынхаас өөр чөлөөт бүс байгуулах нь геополитикийн том алдаа болно” гэжээ.[10] Үүнийг анхаарч үзэх нь зүйн хэрэг ч тухайн улсад аль болох олон улс орны эдийн засгийн сонирхол бий болохын хэрээр үндэсний аюулгүй байдал нь улам бүр баталгааждаг болохыг өнгөрсөн зуунд бидний туулж өнгөрүүлсэн түүх хийгээд бусад улс орнуудын туршлага харуулж байна.
Монгол улсыг олон улсын эдийн засгийн сонирхлын бүс болгоход эдийн засгийн чөлөөт бүс, худалдааны бүсүүдийн геополитикийн үүрэг оршино. Байршлын давуу тал нь Алтанбулаг, Замын-Үүд боомтуудыг худалдаагаар төрөлжүүлэх таатай боломжийг бүрдүүлж байна.
Хэдийгээр бүсчилсэн хөгжлийн хүрээнд олон хот, сууринг чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк болгох төслүүд байгаа боловч улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц газарзүйн ашигтай байрлал бүхий хот, суурингууд чухамдаа “Алтан зам” хонгилд л байна. “Алтан зам” хонгилын хойд хэсгийн Дархан, Эрдэнэт, Сүхбаатар хотуудын дэд бүтцийн хөгжил, хүн ам, аж ахуйн төвлөрөл дээр тулгуурлан эдгээр хотуудыг цаашид үйлдвэрлэлийн томоохон төвүүд болгон хөгжүүлэх боломжтой юм. Дархан, Эрдэнэт хотуудад боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл; Сүхбаатар хотод мах боловсруулах, ХАА-н машин механизм угсрах, мод боловсруулах үйлдвэрлэлийг тус тус хөгжүүлэх боломжтой. Харин өмнөд хэсгийн таталцлын гол төвөөр Чойр хот байх нь илүү тохиромжтой. Чойр хотод Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын МАА-н гаралтай түүхий эдийг боловсруулах, ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой. Зуунмод хотод Улаанбаатар хотоос зарим төрлийн үйлдвэрүүдийг шилжүүлэн байршуулахад газарзүйн үүднээс тохиромжтой юм. Улаанбаатар хот нь манай улсын эдийн засаг, нийгэм, соёлын төвийн хувьд энэхүү хонгилд онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Бусад улс орнуудын туршлагаас үзэхэд түүхий эдийг аль болох гүнзгий боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хэрээр нэмүү өртөг нь ихэсдэг байна. Энэ нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Иймд дээрх төвүүдэд эцсийн шатны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна.
“Алтан зам” хонгил нь Монгол улсын бүсчилсэн хөгжлөөс ангид зүйл биш бөгөөд бүс нутгийн хөгжлийн чиглэлээрх бодлого, төлөвлөлтийг зүй зохистой уялдуулах, ингэхдээ тухайн бүс нутгийг улс орны хөгжлийн зүтгүүр болгох утга санааг агуулж байгаа юм.
Монгол улс дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад хөл нийлүүлж, даяаршилд өөрийн гэсэн баттай байр суурийг эзлэхэд “Алтан зам” газарчлах болно.
Ашигласан материал
- Адьяасүрэн Ц., Бат хишиг Ц., Төмөр-Өлзий А. Байгаль орчин, хөгжлийн бодлогын нэгэн хувилбар. Монгол улсын XXI зууны хөгжлийн язгуур шинж. УБ., 2002.
- АХБ. Тулгуур төвүүд, үйлдвэр аж ахуйн газрын кластер ба бүс нутгийн хөгжил. Бодлогын зөвлөмж баримт бичиг N95. УБ.,2004.
- Батбаяр Б. Алтан гурвалжин. УБ.,1999.
- Галбадрах C. “Алтан зам” Монгол улсын хөгжлийн коридор. Зууны мэдээ сонин. 2005, №24, 25.
- Галбадрах С., А.Буян нэмэх. Монгол улсын эдийн засгийн бүсчлэлийн онол- арга зүйн асуудалд. Шинэ толь сэтгүүл. 2005/01.
- Гүржав Л. Монгол улсын зах зээлийн эдийн засгийн хөгжил, нээлттэй загвар УБ., 2004.
- Очирбат с. Монгол улсын хот суурингуудын экологи-газарзүйн хүчин зүйлсийн үнэлгээ, бүсчлэл. Газарзүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан диссертац. УБ., 2000.
- ХАҮТ. Эдийн засгийн чөлөөт бүсийн логистик функцийг эрчимжүүлэх талаарх Солонгосын туршлага, Хөгжлийн эдийн засгийн асуудлууд сэтгүүл. 2005, №1.
- Чулуун г. Төв рүү тэмүүлсэн их нүүдлийг эхлүүлье. Ардын эрх сонин. 1998, №032.
- Пүрэв баатар Г. Алтанбулагт чөлөөт бүс байгуулна гэдэг сэрүүн зүүд. Өдрийн сонин. №009.
- Boddy M. Geographical economics and urban competitiveness. Urban Studies, 1998.
- Helmsing A. H. Externalities, learning and governance: New perspectives on local economic development. Development and change. 2001.
- Kanter R. Thriving locally in the global economy. Harvard Business review. Aug2003.
- Simmie J. Innovate or Stagnate: Economic planning choices for local production nodes in the global economy. Planning Practice & Research. Feb98.
[1] Simme J. Innovate or Stagnate: Economic planning choices for local production nodes in the global economy, Plannig Pactice &Research. Feb8
[2] Азийн хөгжлийн банк (АХБ). Тулгуур төвүүд, үйлдвэр аж ахуйн газрын кластер ба бүс нутгийн хөгжил. Бодлогын зөвлөмж баримт бичиг №5. УБ., 2004.
[3] Boddy M. Geographical economic and urban competitiveness. Urban Stidies, 1998
[4] Helmsing A.H. Extrernalities, leaning and governance: New perspectives on local economic development. Devolopment and change.2001
[5] Очирбат С. Монгол улсын хот суурингуудын экологи-газарзүйн хүчин зүйлсийн үнэлгээ. бүсчлэл. Газарзүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан диссертац. УБ„ 2000.
[6] АХБ. Тулгуур төвүүд, үйлдвэр аж ахуйн газрын кластер ба бүс нутгийн хөгжил. Бодлогын зөвлөмж баримт бичиг N95. УБ., 2004.
[7] Kanter R. Thriving locally in the global economy. Harvard Business review. Aug 2003.
[8] Алтанбулаг, Замын-Үүд боомтуудын нэрний эхний үеүдийг холбон Алтан зам гэсэн нэрийг үүсгэв.
[9] Худалдаа аж үйлдвэрийн танхим. Эдийн засгийн чөлөөт бүсийн логистик функцийг эрчимжүүлэх талаарх Солонгосын туршлага. Хөгжлийн эдийн засгийн асуудлууд сэтгүүл. 2005, №1.2-р тал
[10] Пүрэв баатар Г. Алтанбулагт чөлөөт бүс байгуулна гэдэг сэрүүн зүүд. Өдрийн сонин. 2003 №009