Б.Алтансүх
/УТБА-ийн багш –ЭША/
Шинэ толь №32, 2000
Дампуурлын зохицуулалтын тухайд
Зах зээлийн харилцаанд микро түвшний аж ахуйн үйл ажиллагаа, түүнтэй уялдсан саслбарын хөгжлийн дүр зураг нь үндэсний эдийн засгийн хөгжлийн явцыг харуулдаг. Тухайн салбар (Зах зээл) нь бүтцийн хувьд янз бүрийн эдийн засгийн агентуудын зогсолтгүй өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Энд нэгэн үйлдвэрлэгч зах зээлд нэвтэрч байхад нөгөөх нь салбараас гарч байдаг нь нэг талаас технологийн суурь нөхцөлийн өөрчлөлт, нөгөө талаас хэрэглэгчдийн сонирхол болон эрэлтийн өөрчлөлт нь аж ахуй эрхлэгчдийн удаан хугацааны мөчлөгт тодорхой нэг салбарын үйл ажиллагаагаа зогсоох, бусад салбарт шилжихийг шаардана. Энэхүү үйл явцад бүгд дасан зохицох боломж үгүй. Дампуурал бол аж ахуй нэгж өөрийн үүргийг биелүүлэх боломжгүй байдалд орох нөхцөл бөгөөд энэ нь зах зээлийн харилцааны нэгэн бодит төрх болохыг эдийн засгийн бодит байдал нэгэнт нотлон харуулсан. Зах зээл аж ахуйн үйл ажиллагааг шахалтанд оруулах тохиолдолд ямар нэг байдлаар бизнесийн чиглэлэлээ өөрчлөх хэрэгтэй болдог нь ойлгомжтой.
Аж ахуй өөртөө тавьсан зорилгоо хангаж, бусад хуулийн этгээд, эдийн засгийн субъектын өмнө хүлээсэн үүргээ (тэргүүн ээлжинд санхүүгийн) биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд харилцагчид болон түншүүдийнхээ эрх ашгийг аль болох хохироогүй дампуурал зарлах хэрэгтэй болно. Дампуурал олонх тохиолдолд нэлээд таагүй үзэгдэл боловч зайлшгүй ахуйд үйл ажиллагаагаа шинээр өрнүүлэх боломж олгодог болохыг дурдууштай. Олонхи дампуурсан эдийн засгийн субъектүүд бизнесийн талбараас бүр мөсөн алга болдоггүй, харин ямар нэг байдлаар оршсоор л байдаг. Иймд дампуурал байх л ёстой үзэгдэл болоод зогсохгүй эдийн засгийн талбарт байж болшгүй ямар нэгэн “аймшигт сүйрэл” биш болохыг хэлэх хэрэгтэй.
Орчин үеийн эдийн засгийн тогтолцоо нь янз бүрийн түвшний олон тооны, ялгаатай эдийн засгийн агентуудын “аварга том сүлжээ” болжээ. Энд эдийн засгийн агент бүр олон тооны гэрээ хэлцэл, түншийн харилцаагаар бусадтайгаа холбогдоно. Ииймээс ч хэн нэгэн зах зээлээс гарах юмуу дампуурах тохиолдолд энэ нь тухайн системд бүхэлдээ нөлөөлнө. Тухайн агент эдийн засгийн амьдралд үзүүлэх нөлөө (тухайлбал, зах зээлд эзлэх байр суурь нь өндөр бол) нь өнгөрсөн үедээ хүчтэй байхын хэрээр дампуурах нь үндэсний эдийн засагт гүнзгий нөлөөлнө. Эдийн засгийн талбар дахь аж ахуйн үйл ажиллагааны дурдсан өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгахын тулд орчин үеийн нийгэмд олон хэлбэрийн арга хэрэгслүүд нэгэнт бий болжээ, энд ямар ч хөгжилтэй оронд дампуурлын эрх зүйн зохицуулалтын асуудлууд тавигддаг.
Дампуурлын зохицуулалтын хэлбэрүүд
Дампуурлын эрх зүйн зохицуулалтын гол үүрэг нь эдийн засгийн агентууд, энд гол нь томоохон корпорацуудыг санхүүгийн тогтвортой байдлын боломжит аюул нүүрлэх тохиолдолд өөрөө дотоод өөрчлөлт хийх, эсвэл түүний түншүүд нь дургүйцлээ илэрхийлхээс өмнө зах зээлээс гарч явах нөхцөлийг хангах явдал байдаг. Эндээс нийт дампуурсан аж ахуй нэгжийн тоонд сайн дураараа дампуурсан нь хэд гэдгээр дампуурлын эрх зүйн зохицуулалт хэр зэрэг үр ашигтай байгааг тогтоож болно. Тухайлбал, АНУ-ын эрх зүйн судлаачид тухайн улсад дампуурсан аж ахуйн нэгжүүдийн 90-95% сайн дураараа дампуурлаа зарладаг гэсэн мэдээлэл өгсөн байна.
Орчин үеийн эдийн засгийн харилцаанд дампуурлын асуудал нь өмчийг ашиглах ба өмчлөлийг баталгаажуулах асуудлын бүрэлдэхүүн хэсэг болдог.
Дампуурлын зохицуулалтын нэг гол чиглэл нь өмчлөгч нь бүрэн ба хэсэгчилсэн байдлаар (аж ахуйн хөрөнгийн тодорхой хэсэг нь бусдад шилжих) өөрчлөгдсөн нөхцөлд өмч үрэгдэх, эдийн засгйин субъектуудын эрх ашиг хохирох замыг хаах явдал юм.
Зохицуулалтын үндсэн зорилго нь дампуурал, зарлагдсан тохиолдолд дампуурагч болон зээлдүүлэгч бүх талуудын эрх ашгийг хамгаалж, дампуурлыг өрнүүлэхэд оршино. Энд дампуурагч ба зээлдүүлэгч хоёулаа тэгш эрхтэй талууд гэж тооцогдох ёстой бөгөөд дампуурлын нөхцөлд тэд нэгнээсээ гүнзгий хамааралтай байдалд орно.
Дампуурлын нөхцөлд дээр дурдсан байдлаар хандваас дампуурлын зохицуулалт дор дурдсан зорилтуудыг шйидвэрлэх ёстой.
- Аж ахуй үйл амжиллагаагаа цаашид явуулах боломжийг хадгалах, өөрөөр хэлбэл, хүнд нөхцөлд байгаа эдийн засгийн субъектэд эрх зүйн таатай орчинг хангах замаар зах зээлд үлдэх боломжийг хангууштай . Хэрэв энэ нь үр дүнтэй бол аж ахуй зах зээлээс гарч, үйл ажиллагаагаа зогсоосноос илүүтэйгээр өмчлөгчдийн эрх ашигт нийцсэн алхам юм.
Дампуурлын зохицуулалтанд хандах энэхүү хандлага нь өмчлөл болон удирдлагын процессыгг ялгаатай хуулийн этгээдүүд хэрэгжүүлдэг орчинд зөвхөн удирдлагын хангалтгүй үйл ажиллагаанаас хамаарч дампуурах аюулд өртсөн тохиолдолд өмчлөгчдийн болон түншүүдийн эрх ашгийг хамгийн бага хохиролтйо давахад чухал суурь нөхцөл болох ач холбогдотой.
- Дампуурлын явцад тухайн аж ахуйн хөрөнгө үрэгдэх, үр ашиггүй зарцуулагдах боломжийг хаахын тулд нийт активийн зарцуулалтад хяналт тогтоох нь чухал юм. Хэрэв аж ахуй нэг биш олон өмчлөгтэй бол энэ асуудал хурцаар тавигдана. Ийм эрх ашгийг ижил түвшинд тавьж, түншүүд болон зээлдүүлэгчдийн зүгээс аль нэг өмчлөгчид давуу эрх олгон харьцах явдлыг гаргуулахгүй байх .
- Зээлдүүлэгчид ба түншүүдийн эрх ашгийг зохистой хангаж, дампуурсан аж ахуйд тавьж буй тэдний шаардлагыг боломжтой түвшинд гүйцэлдүүлэх нь чухал.
Дампуурлын явцад дээр дурдсан зорилтууд АНУ-ын дампуурлын эрх зүйн механизмын дагуу хэрхэн хангагддаг болохыг авч үзвэл сонин юм[1]. Энд мөн янз бүрийн нөхцөлд сонгож болох дампуурлын зохицуулалтын чиглэлүүдийн авч үзүүштэй.
Хэрэв корпорацийн[2] өр 1 тэрбум доллар авсан бол АНУ-ын дампуурлын хуулийн дагуу дампуурсанд тооцдог ажээ. Шууд өр хариуцагчид корпорацийн дээд удирдлагын бүх ажилтнууд (захирлудын зөвлөл, охин компаны удирдагчид ,гол хувьцаа эзэмшигчид ), мөн корпорацийн үйл ажиллагаанд удирдлагын болон хяналтын үүрэгтэй байсан бол тодорхой хувьцаа эзэмшигчид мөн хамаарагдана.
Зах зээлээс гарах ёстой пүүсийн хувьд дампуурлыг даван туулах дөрвөн үндсэн хэлбэр тэдний өмнө байдаг.
- Үйл ажиллагааг нь бүрэн зогсоох: үйлдвэрлэл буюу бусад үйл ажиллагаааа дахин сэргээхгүйгээр зах зээлээс гарч, аж ахуйн активыг худалдан, өрийг төлөхөд ашиглана: энэ нь сайн дурын ба сайн дурын бус замаар явагдаж болно.
- Өөрчлөн зохион байгуулах: үйлдвэрлэлийг хэвээр хадгалж, тухайн пүүсийн удирдах бүрэлдэхүүнийг өөрчлөөд, хожим тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээнэ;
- Өрийн бүтцийг өөрчлөх: пүүсийн сахүүгийн үүргүүдийг өөрчлөх болон заримыг нь хөнгөлөх замаар хэрэгжинэ
- Бусдад нэгтгэх: бусад аж ахуйн (тухайн болон бусад салбарын ) дампуурагч аж ахуйн үүргүүдийг өөртөө авна (энгийн тохиолдолд өрийг бүрэн төлөх ба хувьцааг нь худалдан авах замаар ), дампуурагч пүүс бие даасан хуулийн этгээдийн хувьд оршин байхаа болих боловч үйлдвэрлэлээ сэргээх боломж олж авдаг.
Үүнээс гадна үйлдвэрлэлээ зогсоох шаардлагатай нөхцөл (хэсэгчилсэн дампуурал) үүсч болно. Хэрэв пүүс хэд хэдэн салбарт нэгэн зэрэг ажилладаг бол тодорхой бие даасан салбарт нэгэн зэрэг ажилладаг бол тодорхой бие даасан салбар нэгжийн амжилтгүй үйл ажиллагаа нь аль нэгэн үйлдвэрийг хааж тухайн зах зээл дэх үйл ажиллагаа зогсоох (үйлдвэрлэлийг юмуу борлуулалтаа эцэс болгох) явдалд хүргэж болно, гэвч энэ тохиолдолд пүүс оршсоор л байна. Хэсэгчилсэн дампуурал нь тодорхой активыг зарах хэлбэрээр явагддаг, пүүс олон салбарт үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд аль нэгэн салбарт юм уу пүүсийн санхүүгийн чадавхид бүхэлдээ аюул учирсан үед тодорхой нэгэн бизнесийн чиглэлийг зогсоож, түүнд ашиглагддаг активыг зарах замаар үйлдвэрлэлийг зогсоохгүй байж болно, энэ тохиолдолд өмчлөгч өөрчлөгдөж, тухайн пүүс салбараас гарах боловч үйлдвэрлэл цаашид явагдана.
Дампуурлын үндсэн хэлбэрүүдийн зарим аспектийг энд дэлгэрүүлэн авч үзүүштэй.
Бизнесийн үйл ажиллагааг бүрэн зогсоож дампууруулах нь энэхүү дампуурлын хэлбэрийг сонгох санаачилга тухайн дампуурагчаас (сайн дурын дампуурал) болон түншүүдээс (албадан дампуурал ) хэнээс нь гарснаас хамаарахгүйгээр дампуурлын бусад хэлбэртэй харьцуулахад зайлшгүй аж ахуйн активыг зээлдүүлэгч ба бусад нэхэмжлэгчдэд тараан хуваарилснаар аж ахуй бие даасан эдийн засгийн агентын хувьд орших явдлыг цэглэхэд хүргэнэ. Ийм байдлаар дампуурлын энэхүү хэлбэр гэж аж ахуй зах зээлээс бүрмөсөн “алга болох” нөхцөлтэй. Энд өмч нэгээс нөгөөд бүрэн шилжихэд хүргэдэг учраас маш төвөгтэй эрх зүйн зохицуулалтыг шаарддаг төдийгүй тухайн салбар болон аж ахуйн ажилтнуудад том цохилт болдог. Эндээс энэхүү дампуурлын хэлбэрт шаардлагатай. Онцгой нөхцөлүүд болон хязгаарлалтууд гарч ирнэ.
Албадан бүрэн дампууруулж болох субъектууд нь бие даасан иргэд, нөхөрлөл, корпораци байж болно. Энд хувь ферментүүд болон ашгийн бус байгууллагууд хамаардаггүй. Сайн дурын дапуурлаас ялгаатай нь гэвэл компани өнөөгийн дансны төлбөрүүдээ хийж чадах тохиолдолд нийт өр нь албадан дампууруулах үндэс болох нь үгүй.
Албадан дампуурлын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд хэрэв зээлдүүлэгийн тоо 12-оос хэтрэхгүй бол 1 зээлдүүлэгч, 12-оос хэтрэхгүй бол 1 зээлдүүлэгч, 12 болон түүнээс олон тохиолдолд 3-аас доошгүй зээлдүүлэгч шүүхэд өргөдөл гаргана, ингэхдээ дээрхи хоёр тохиолдолд нийт өрийн хэмжээ 5 мянган доллар давсан үед хэргийг авч үздэг ажээ.
Бизнесийн үйл ажиллагааг бүрэн зогсоох нь дампуурлын зохицуулалтын харьцангуй хатуу хэлбэрийн хувьд зах зээлийн бүтцийг эвдэхэд хүргэж, эдийн засгийн агентуудын тоог цөөлнө-иймээс ч энэ арга харьцангуй бага хэрэглэгдвэл зүйтэй. Санхүүгийн хүндрэлтэй тулгарч, дампуурлын ирмэгт очсон пүүсүүд болон эдийн засгийн болон шүүхийн зохицуулагч субьектууд иймээс ч олонх тохиолдолд дампуурлын өөр хэлбэрийг дээр үздэг, энэ нь эдийн засгийн субьектийг өөрчлөн зохион байгуулах явдал болно.
Аж ахуйг өөрчлөн зохион байгуулах явцад активын зарим хэсэг зээлдүүлэгчдэд шилжинэ, гэвч гол анхаарал аж ахуйг бие даасан эдийн засгийн субъектийн хувьд хадгалан авч үлдэхэд чиглэнэ. Энэхүү хэлбэр нь пүүсийн удирдах аппаратыг солих болон бизнесийн чиглэлийг өөрчлөх алхмуудаар хэрэгждэг. Өөрчлөн зохион байгуулах нь дампуурлын харьцангуй зөөлөн хэлбэр юм. Нөгөө талаас хамааралтай бүх этгээдэд харьцангуй бага дарамт, чирэгдэлтэй. Гэвч энэхүү арга нь нэлээд их –хөрөнгө оруулалтыг шаардана, иймээс ч олонхи тохиолдолд хөрөнгө оруулатыг сахүүжүүлэгч гуравдагч этгээд олдсон үед л боломжтой.
Өрийн бүтцийг өөрчилж, дарамтыг багасгах арга нь: пүүсийн нэг зээлдүүлэгчид ногдох өрийн хэмжээ бага, зээлдүүлэгчид хуучин өрийн оронд шинээр үнэт цаас гаргаж худалдахыг зөвшөөрсөн тохиолдолд хэрэгждэг. Өрийн бүтцийг өөрчлөх нь санхүүгийн хүндрэлээс гарах харьцангуй үр ашигтай нэгэн арга боловч компанийн активын үнэлээг бууруулж, ингэснээр түүний зах зээл дэх байр суурийг сулруулна.
Зохицуулалтын зарчмууд
Дампуурлын дээрх хэлбэрүүдийн алийг нь сонгосноос үл хамааран дапуурагч болон зээлдүүлэгчийнн дагаж мөрдөх ёстой, өмчийн эрх зүйн зохицуулатын шинжтэй заавал мөрдөгдөх зарчмуудыг дампуурлын зохицуулалтын механизм агуулдаг.
Дампуурлын үйл явц нь зээлдүүлэгчийн зүгээс өргөдөл гаргаснаар эхэлнэ ,сайн дураар дампуурч буй бол дампуурагч өөрөө өргөдөл гаргана. Дампуурлын өргөдөл нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. А-хэсэгт зээлдүүлэгчийн зүгээс дампуурагч аж ахуйд тавьж буй шаардлагууд, Б хэсэгт, дампуурагч аж ахуйн бүх активын дэлгэрэнгүй жагсаалт байна.
Дампуурагсдийг шүүхийн гадуурхи тодорхой нэгэн зээлдүүлэгчийн шахалтаас хамгаалах, мөн дампуурлын өргөдөл шүүхэд өгөгдсөний дараа болон зээлдүүлэгчийн (нэхэмжлэгчдийн) эхний уулзалтын дараа тухайн пүүст зээлдүүлэгчийн өмнө ямар хариуцлага хүлээж буй нь бүрэн тодорхой болохоос өмнө дампуурагч тодорхой нэг болон бүлэг зээлдүүлэгчтэй хувилдахаас сэргийлэн шүүх хэргийг авч хэлэцэх /хугацааг автомат хойшлуулах/ эрхтэй: энэ нь тодорхой хугацаанд зээлдүүлэгч дампуурагчтай харилцах болон дампуурагчийн эсрэг ямар нэг алхам хйилгэхгүй байх шүүхийн түр хориг юм. Хугацааг автомат хойшлуулах явдлын зорилго нь дампуурагч пүүсийн нөхцөлийг цаашид бүр дордуулахгүй байх ингэснээр ирээдүйд түүнд үйл ажиллагаа сэргээх боломжийг нь хадагалах, нөгөө талаас ямар нэг зээлдүүлэгч дампуурагчийн активыг хуваах явцад давуу байдал олж авч, бусад зээлдүүлэгчийг хохирохоос сэргийлэхэд оршино. Эцсийн дүндээ хугацаааг автомат хойшлуулах явлдын эдийн засгийн утга учир нь өмгөөлөгчийн ч, зээлдүүлэгчийн ч өмчийг хамгаалах, дампуурлын үйл явцын дүнд аж ахуйн актиывын үнэлгээ буурах явдлыг гаргуулахгүй байхад оршино, эсрэг тохиолдолд дампуурагч болон зээлдүүлэгчийн эрх ашиг давхар хохирно. Хэрэв хугацааг автомат хойшлуулах нь дампуурагчийн хөрөнгийн үнэлгээг бууруулах аюултай бол шүүх зээлдүүлэгчдийг энэ журмыг даган мөрдөхөөс чөлөөлж /эсвэл хэсэгчлэн тогтоосон хугацаанд/ болох талтай.
Дампуурагчийн /дампуурлын тухай Монгол улсын хуулинд хариуцагч гэдэг/ өмч гэж юуг авч үзэх вэ? Тодорхой бодит үнэлгээтэй дампуурлын эрх зүйн зохицуулалтын дагуу дампуурагчийн хөрөнгө гэж үзэж болох үнэт зүйлсийг /дампуурлын явцад бусдад хуваарилагдах боломжтой/ энд оруулна.
Дампуурч буй хуулийн этгээдийн хөрөнгөнд дампуурлыг зарлах үед туйхайн хуулийн этгээдэд харъяалагдаж буй өмчийн бүх хэлбэр багтах ёстой. Энд материаллаг ба оюуны үнэт зүйлс бүгд хамааралтай: байшин барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргээс гадна бэлэн мөнгө ба дансны мөнгө, дампуурагчид харъяалагдах зохиогчийн эрх, патент ба худалдааны тэмдэг, лиценз, техникийн болон бусад баримт бичиг, аж ахуйн нэр хүнд, бизнесийн нууц болон бүх төрлийн үнэт цаас, түүний төлөгдөх ёстой хүү гэх мэт.
Бүх хамааралтай талуудын эрх ашгийг хангаж, холбогдох зардлуудыг дампуурагчийн эд хөрөнгөнөөс дор дурдсан байдлаар төлүүлнэ (энд ач холбогдлоор дарааллуулан ангилсан) .
- Захиргааны зардал тэргүүн ээлжинд төлөгдөнө. Энд шүүхийн эцсийн шийд гартал дампуурагчийн эд хогшлыг ажлын байдалд нь хадгалах, шүүхийн ба өмгөөллийн ажилтнуудын зардал, зээлдүүлэгчдийн шүүхэд өргөдөл өгөх явцдаа төлсөн хураамжууд, итгэмжлэгдсэн этгээдийн (дампуурлын тухай Монгол улсын хуулинд “хэрэг гүйцэтгэгч” гэсэн нэр томъёо бий) зардал зэрэг багтана. Энэхүү зардлууд төлөгдсөнөөр дампуурлын үйл явцыг хэвийн өрнүүлэх боломжийг бүрдүүлнэ.
- Дампуурлын өмнөх гурван сарын хугацаанд ажиллагсадтай холбоотйо цалингийн зардал ба бусад зардлууд. Гэвч нэг хүнд ноогдох нь 6000 доллараас хэтрэх ёсгүй ажээ.
- Хэрэв бодит байдал дээр дампуурагч нь зээлдүүлэгчийн өмнө тодорхой үүрэг хүлээсэн нь нотлогдвол зээлдүүлэгчийн (Дампуурлын тухай Монгол улсын хуулинд “нэхэмжлжгч” хэмээсэн) зардлууд төлөгдөнө. Зээлдүүлэгч өрийн шаардлагын үнэн, бодитой болохыг нотолж чадахгүй тохиолдолд учирсан хохирол, бусад зардлаа өөрөө хариуцах болно.
- Дампуурлын асуудал шүүхэд тавигдахаас өмнө төлөгдөх ёстой байсан бүх татвар. Дампуурлын өргөдөл өгөгдсөнөөс хойшхи зарим татварууд (тухайлбал ажиллагсын цалингийн татвар ) захиргааны зардал хэмээн тооцогдож ,тэргүүн ээлжинд төлөгдөнө. (1-р хэсгийн харна уу)
- Татварын гадуурхи бүх өр, төлбөрүүд
Бусад бүх өр, түүний дотор газрын рент ба түрээсийн төлбөр нь 5 дугаарт багтах ангиллаар төлөгдөх ёстой ба эхний 4 ангилалд багтсан тооцоог бүрэн дуусгасны дараа төлөгдөнө.
Дампуурагчийн өмч, эд хөрөнгө үрэгдэн алга болохоос сэргийлэх буюу зээлдүүлэгчийн шаардлагыг зохих дарааллийн дагуу барагдуулахын тулд мөн дампуурлын үйл явцыг бүхэлд нь хянах зорилгоор АНУ-ын эрх зүйн зохицуулалтын дагуу шүүх дампуурагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, нөгөө талаас бүх талуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй итгэмжлэгдсэн этгээдийг томилно.
Дампууруулах тухай өргөдөл өгөгдсөний дараа дампуурагч пүүс өөрөө нэлээд онцгой статус бүхий эдийн засгийн субъект болж хувирдаг. Нэг талаас бүрэг дампуураагүйн хувьд эдийн засгийн субъект хэмээн оршин тогтнох байдлаа алдаагүй боловч өөрөө бие даан шийдвэр гаргах боломж нь хязгаарлагдна. Дампуурагчин өмч итгэмжлэгдсэн этгээдийн мэдэлд шилжиж, энэ үеэс эхлэн итгэмжлэгдсэн этгээд дампуурагч гэж аж ахуйн активыг аль болох боломжийн хэмжээнд үр ашигтай ашиглах, үүрэгтэй (шүүхийн эцсийн шийдвэр гарч, дампуурлын үйл явц төгсгөл болох хүртэл ). Иймээс итгэмжлэгдсэн этгээдэд дампуурагчийн хөрөнгийн бодит үнийг өсгөх, ядаж буурууулахгүй байх зорилгоор хөрөнгийг захиран зарцуулах өргөн эрх мэдэл олгогдоно. Итгэмжлэгдсэн этгээд нь шүүхийн шийдвэрээр болон нйит өрийн 20% доошгүй хэсгийг эзэмшигчдийн олонхийн саналаар томилогдно.
Иймд этгэмжлэгдсэн этгээд дор дурдсан үүргийг хүлээнэ:
- Дампуурагчийн өрийг хамгаалж хэрэгтэй үед түүнийг мөнгөн хөрөнгө болгон ашиглах;
- Хэрэв бизнесийн үйл ажиллагааг бүрэн зогсоох бол компанйин актив хуваарилагдах явцад, өр төлөгдөх дараалалд хяналт тавих;
- Шүүхийн эцсийн шийдвэр гартал дамдуурагчийн үйл ажиллагааг удирдах, хөтлөх;
- Дампуурлын үйл явц эхэлснээс хойш үеийн дампуурагчийн санхүүгийн тайлан, тооцоонд шинжилгээ хийх;
- Зээлдүүлэгчдийн зүгээс дамдуурагчид тавьж буй шаардлагын бодитой эсэхийг хянах;
- Дампуурагч аж ахуйн хөрөнгийг хянах болон зарцуулах явцын санхүүгийн эцсийн тайлан тэнцэл болон санхүүгийн материалыг шүүхэд танилцуулах ёстой.
Итгэмжлэгдсэн этгээдийн үүргийг банк болон ямар нэг санхүүгийн байгууллага, эсвэл тодорхой тохиолдолд шүүхийн хэрэг гүйцэтгэгч байгууллага болон дампуурагч компанид хамааралгүй, зээлдүүлэгч аль нэг талын эрх ашигтай холбоогүй гуравдагч этгээд хүлээж болдог. Энэ итгэмжлэгдсэн этгээд нь хоёр талын эрх ашгийг адил харгалзсан бие даасан арбитр-зуучлагчийн статустай байдаг.
Өөрчлөн зохион байгуулах үйл явцын тухайд
Макро түвшинд тодорхой эдийн засгийн субьектыг бүрэн дампууруулж, үйл ажиллагааг нь зогсоохын оронд нийт эдийн засгийн үр ашиг болон ажилгүйдлийн хэмжээг тогтоон барих зорилгоор санхүүгийн хямралд автсан компанийг бүрэн дампууруулахгүйгээр түүнийг “эрүүлжүүлж” үйл ажиллагаагаа цаашид явуулах боломж олгох нь мөн дампуурлын зохицуулалтын нэг гол үүрэг юм. Үүнтэй уялдан аж ахуйг өөрчлөн зохион байгуулах нь АНУ-д өргөнөөр ашиглагддаг дампуурлын зохицуулалтын нэгэн арга ажээ.
АНУ-д дампуурлыг зохицуулах эрх зүйн актуудын дагуу дампуурахад хүргэж болзошгүй санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан пүүс нь өөрийнхөө санхүүг эрүүлжүүлж, үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжийг хангах зорилгоор дээр дурдсан аргыг ашиглах боломжтой.
Аж ахуйг өөрчлөн байгуулах арга нь Дампуурлын тухай Монгол улсын хуульд тодорхойлогдсон “хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх” ойлголттой зарим талаар адил боловч АНУ-ын дампуурлын зохицуулалтад авч үздэгээр энэхүү арга нь зөвхөн пүүсийн санхүүгийн чадавхийг сайжруулах асуудлыг хөндөөд зогсохгүй түүний удирдлагын бүтцийг шинэчилж, чадваржуулах, өөрийн бизнесийн чиглэлүүдэд тодорхой өөрчлөлт хийх, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ технологи, менежментийг шинэчлэн сайжруулах боломжийг бүрдүүлэх зэрэг олон талтай цогцолбор зорилтуудад хамааралтай.
Энэхүү аргыг үйлдвэрлэл эрхэлдэггүй хэрэглэгчид (өөрөөр хэлбэл, дундын зуучлагчид, борлуулагчид гэх мэт ) дотоодын ба гадаадын даатгалын компаниуд, банк болон зээлийн холбоод, орон нутгийн засаг захиргаанд харъяалагддаг үйлдвэр, байгууллагаас бусад АНУ-д оршиж байгаа бүх аж ахуй эрхлэгчид ашиглаж болдог. Мөн брокерийн пүүсүүд болон биржүүд өөрийн үйл ажиллагаа, санхүүг өөрчлөн зохион байгуулах хүсэлтийг шүүхэд гаргах боломжгүй. Энэхүү ангилалд ихээхэн хэмжээний эргэлтийн хөрөнгийг богино хугацаанд эргэлтэнд оруулж байдаг санхүүгийн тоглогчид хамаарна. Энд дурдагдсан хэлбэрийн эдийн засгийн бүх субьектүүд нь санхүүгийн гэтэлж болзошгүй бэрхшээлтэй тулгарсан нөхцөлд үйл ажилллагагаа бүрэн зогсоож, дампуурлаа зарлана. Эсвэл асуудал шүүхэд хүрэлгүйгээр зөвхөн урьдчилан харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэх болон өрийн бүтцийг өөрчлөх боломжтой үед л дампуурлаас зайлсхийх боломжтой.
Ийм байдлаар аж ахуйг өөрчлөн зохион байгуулах нь үйлдвэрийн чиглэлтэй эдийн засгийн субъектүүдын санхүүгийн бэрхшээлийг даван туулах арга зам болдог, өөрөөр хэлбэл хувийн секторын үйлдвэрлэлийн тасралтгүй шинж чанарыг хангах эдийн засгийн эрх зүйн зохицуулалтын нэгэн чухал элемент юм. Энэхүү арга зөвшөөрөгдөх үндсэн суурь нөхцөл нь зээлдүүлэгч (нэхэмжлэгч) бүр аж ахуй өөрчлөн зохион байгуулагдсан үед тухайн аж ахуй дампуурсан байхаас дутуугүй үр дүнг олж авч чадах эсэх болно. Тухайлбал аж ахуй бүрэн дампуурсан бол зээлдүүлэгчид 10000 доллар төлөгднө. Тэгвэл аж ахуй өөрчлөн зохион байгуулагдсан бол өнөөгийн 10000 доллартай тэнцэх мөнгийг зээлийн хүүтэй нь хамт ирээдүйд олж авах боломжтой байх нь чухал. Энэ нь зээлдүүлэгч болон дампуурах аюулд өртсөн аж ахуйн ашиг сонирхлыг ижилсгэж, асуудлыг бүх талуудад нааштайгаар шийдэх боломжийг бүрдүүлнэ.
Аж ахуйг өөрчлөн зохион байгууулах нь бүрэн дампууралтай харьцуулахад харвцангуй удаан хугацаа шааарддаг ялгаатай талтай. Эдийн засгийн субъект санхүүгийн бэрхшээлийн дараа зах зээлийн өрсөлдөөнд шинээр дасан зохицохын тулд удаан хугацаанд ихээхэн чармайлт гаргах болдог.
Мөн энд чухлаар тавигддаг нэг асуудал нь аж ахуйг өөрчлөн зохион байгуулах явцад нийт активыг зах зээлийн үнийг ашиглан шинээр үнэлэх нь чухал. Үүний тулд өөрчлөгдсөн өртгийн харьцааг ашиглана.
PDV- нийт активын өөрчлөгдсөн өртөг
Bi- I –активыг ашиглан t үед компанийн олох орлого
t- Компанийг өөрчлөн зохион байгуулах хугацаа ( 3-5) жил
R- Банкны зээлийн хүү
Эдийн засгийн субъектын нийт активын өөрчлөгдсөн өртөг нь өндөр байх тусам түүнй зах зээлийн байр суурь хүчтэйг харуулна, иймд түүний бүрэн дампуурал нь зах зээлд том цохилт болно, иймээс ч түүний дампуурлыг оновчтой зохицуулах нь өндөр ач холбогдолтой.
Эдийн засгийн субъектын өөрчлөн зохион байгуулах үйл явцын нэг чухал тал нь дампуурлын хэргийг шүүх авч үзэх урт хугацаанд аж ахуй шүүхийн зүгээс тэр бүр зөвшөөрөл хүсэхгүйгээр хөрөнгөө захиран зарцуулах боломжтой. Ингэснээр бүрэн дампуурч болзошгүй компани бэрхшээлийг даван туулах бас нэгэн “боломж” олж авна.
Гэвч өөрчлөн зохион байгуулалтын явцад аж ахуй өөрийн хөрөнгийг ашиглах, түрээслэх, худалдах талаар зарим хориг тавигдана. Мэдээж энэ бүх хориг нь хөрөнгийн бодит үнэлгээг хадгалах, түүнийг цаашид ашиглах боломжтой нөхцөлд үлдээхэд чиглэгддэг.
Нэгд, шүүх дампуурагч аж ахуйн өмчид хамааралтай гэрээг хүчингүй болгох, эсхүл сайшаах эрхтэй. Хэрэв ямар нэгэн хэлцэл болон үйл ажиллагаанд шүүх юм уу зээлдүүлэгчид эргэлзээтэй хандвал шүүх тухайн аж ахуйгаас нэмэлт тайлбар шаардана.
Хоёрт, хязгааралатууд нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай уялдаатай. Хэрэв бүрэн дампуурч болзошгүй аж ахуйтай байгуулсан гэрээнээс гуравдагч этгээд хохирсон бол шүүх шүүх энэхүү гэрэг хүчингүйд тооцож, тэргүүн ээлжинд хохирогч пүүсийн шаардлагыг биелүүлнэ.
Гуравт, хийгдсэн хэлэлцээ гуравдагч талд аль хэдийн хохирол учруулсан бол хохирогч талд шүүхээр дамжуулан хохирлыг төлүүлэхээр шаардлага тавих болон цаашдын хохирлоос сэргийлэх хүсэлт гаргахыг зөвшөөрнө. Ийм байдлаар хөрөнгийг ашиглах таалаархи хоригууд нь бүрэн дампуурал болон өөрчлөн зохион байгуулалтын үед ч хөрөнгө үр ашиггүй зарцуулагда магадлал багасна. Энэ нь мөн өөрчлөн зохион байгуулалтын үеийн зардлыг хэмнэх боломж бүрдүүлнэ.
Дампуурлын ирмэг дээр зогсож буй компани хэрхэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хөрөнгийг олж авах вэ?
Дампуурлын эрх зүйн зохицуулалтын дагуу юуны өмнө шүүхийн эцсийн шийдвэр гартал тухайн аж ахуйд телефон утас, цахилгаан бусад зайлшгүй чухал нийтийн үйлчилгээг ашиглах эрхийг нь үлдээнэ. Мөн түүнчлэн дампуурлын ирмэгт очсон өөрчлөн зохион байгуулалтын үедээ байгаа компани шүүхийн тусгай зөвшөөрөлгүйгээр аль нэг банк ба санхүүгийн байгуулагаас (зээлийн холбоо, даатгалын сан гэх мэт ) тусламж хүсэх эрхтэй.
Мөнгө санхүүгийн байгууллагууд дампуурах аюулд өртсөн компаниудад зээл өгөхийг (хөрөнгө оруулалтын нэлээн алдаатай шийдвэр гэж санагдаж болох) идэвхжүүлэх зорилгоор эдгээр зээл олгогчдыг боломжит алдагдлаас хамгаалах чиглэлтэй зарим арга хэмжээ дампуурлын зохицуулалтын механизмд тусгагджээ.
Нэгдүгээрт, шүүх дампуурлын хэргийг авч хэлэлцэх “хугацааг автомат хойшлуулах” бол тодорхой хугацаанд бүх урт хугацаатай зээлийг төлөхөөс чөлөөлнө, өөрөөр хэлбэл, пүүс зөвхөн үйлдвэрлэлийн болон захиргааны шинжтэй өнөөгийн зардлаа бүрэн хариуцна, ингэснээр өрийн дарамт мэдэгдэхүйц буурна.
Хоёрдугаарт, зээлдэгч өөрийн хөрөнгийг барьцаалан нэмэлт зээл авах боломжтой, учир нь шүүхийн зүгээс захиргааны буюу үйл ажиллагааны зардалд тооцогдон тэргүүн ээлжинд төлөгдөнө.
Гуравдугаарт, хэрэв өөрчлөн зохион байгуулалтын төлөвлөгөө амжилттай хэрэгжихгйү,аж ахуй бүрэн дампуурах тохиодолд дампуурлын хэрэг шүүхэд тавигдсанаас хойшхи зээл дампуурагчийн активыг нэхэмжлэгчдэд хуваан хуваарилах үед тэргүүн ээлжинд төлөгдөнө.
Мэдээж дампуурах аюулд өртөн, өөрчлөн зохион байгуулалт хийгдэж буй компанид өгсөн зээл нь эргэж төлөх магадлал багатай, нэлээд өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын операци болох нь ойлгомжтой. Иймээс дампуурагчийн санхүүгийн асуудлыг зохицуулах үед тэргүүн ээлжинд төлөгдөх өрд өөрчлөн байгуулалтын зээлийг орууулах нь эрсдэлийг боломжит түвшинд нь хүртэл багасгаж, үүний хамт мөн дампуурагч компанийн санхүүгийн нөхцөлийг сайжруулах боломжийг өгнө.
Мөн өөрчлөн зохион байгуулалтын үед нэмэлт санхүүгийн нөөцийг бий болгох нэг арга зам нь компанийн активын тодорхой хэсэг болон түүний салбарыг (эсвэл охин компани) худалдах юм. Дампуурлын эрх зүйн зохицуулалтын дагуу тухайн пүүсийн охин компаний дампуурал ба өөрчлөн зохион байгуулалтын асуудал тусдаа юмуу эсвэл өмчлөгч пүүстэй хамтдаа тавигдаж болно. Охин компани дампуурсан тохиолдолд түүнийг худалдах болон бүрэн дампууруулаад өмчлөгч компани дампуурлын хэрэгт оролцоогүй болох боломж ч бий.
Дампуурлын үеийн аж ахуй
Дампуурах аюулд өртсөн болон санхүүгийн хүндрэлтэй тулгарсан компаний ажиллагсад материаллаг болон сэтгэл зүйн олон бэрхшээлийг давж туулах шаардлагатай болдог. Үүний хажуугаар тухайн пүүсийн бэрхшээлийг далимдуулан өрсөлдөгчид нь дампуурагч пүүсийн шилдэг менежрүүд, ажилтныг өөртөө татах оролдлого хийх нь цөөнгүй. Хэрэв хамгийн шилдэг ажилтнууд дампуурч блолзошгүй пүүсийг орхивол энэхүү аюулыг даван гарах боломж үлэмж багасах нь ойлгомжтой. Ийм нөхцөлд пүүс нэгэн цул нэгдмэл баг болж ажиллан аюулыг гэтлэх нь чухал: компанийн менежерүүд боломж аюулыг сайтар тооцсон шийдмэг стратегийг дэвшүүлэн хэрэгжүүлж, доод шатны ажилтнууд нь дотоод зөрчлөө даван туулж, зардлаа хэмнэхэд мөн мөр зэрэгцэн ажиллах нь чухлыг судлаачид дурддаг. Тухайлбал өөрчлөн зохион байгуулалтын үед дээд шатны менежерүүдийн цалинг энгийн ажилчидтай адил болгон бууруулж болно. Энэхүү аргыг хамгийн алдартай нэг жишээ нь 1980-аад оьны эхээр автомашин үйлдвэрлэлийн “Крайслер” корпорацийн хямралыг даван туулсан туршлага байдаг бөгөөд энэ үед түүний ерөнхийлөгч Якокка өөрийн нэрлэсэн цалинг 1 доллар хүртэл бууруулж байжээ. Мөн түүнчлэн бүх шатны ажилтнууд өөрчлөн зохион байгуулалтын ажилд бүрэн итгэж, түүний талаар мэдээлэл байнга өгч байх нь нэн чухал. Энэ нь компанид шаардлагатай бизнесийн сэтгэл зүйн нэгдмэл орчныг бүрдүүлж, өөрчлөн зохион байгуулалтын дараа цэцэглэн хөгжих суурь үндэс болох өндөр ач холбогдолтой.
Тодорхой тохиолдолд ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн хоорондын гэрээ байгуулах болон урьд байгуулагдсан гэрээний нөхцөлүүдийг (цалингийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, шагнал, ажлын шаардлага гэх мэт) өөрчлөх явцад дампуурах аюулд өртсөн компанид ашигтйа боломж олгох зорилгоор шүүхийн оролцоо чухал байх нь бий. Энэ нь ажиллагсдын өөрийн компаниа дампууруулахгүй байх хүсэл зоригт үндэслэнэ.
Дампуурлын үйл явц нь бүх хамааралтай талуудын ашиг сонирхолд нийцсэн өөрчлөн зохион байгуулалтын төлөвлөгөө шүүхийн зүгээс зөвшөөрөгдсөнөөр төгсөнө, ингэснээр дампуурагч (хэрэг хариуцагч ) өөрийн өмнөх үүргүүдээс чөлөөлөгдөж, нөгөө талд өөрийн бизнесийн бүтцийг өөрчилж, үйл ажиллагаагаа цаашид амжиллтай өрнүүлэх үүрэг хүлээнэ. Хэрэв аль нэг тал өөрчлөн зохион байгуулалтын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дампуурлын асуудал дахин тавигдаж бүх хамааралтай талуудын санал нэгдэх буюу өөр шийдвэр гартал үргэлжилнэ.
Санхүүгийн хямралдыг даван туулах ямар арга замыг сонгосноос үл хамааран дампуурлын зохицуулалтын үндсэн зарчмууд өөрчлөгдөшгүй юм.
Дампууралд хамаарлатай бүх талуудын эрх ашгийг тэгш хамгаалах
Эдийн засгийн субъектын дараагийн өмчлөгч нь хэн болохоос үл хамааран өмч зохих ёсоор хамгаалагдаж, шилжин ашиглагдах,
Дампуурагч аж ахуй, зээлдүүлэгч шүүхийн гүйцэтгэгч хэн ч байсан ялгаагүй өмчийг зохисгүй үрэх, зарцуулах явдлыг гаргуулахгүй байх ёстой.
Ийм байдлаар дампуурлын үйл явцын (зах зээлийн утгаар нь авч үзвэл аж ахуй салбараас гарах) дүнд эдийн засгийн субъектуудын хооронд өмчийг эзэмших эрх шилжиж, өмчийн дахин хуваарилалт ямар чиглэлээр хэрэгжсэнээс үл хамааран агентуудын мэдэлд байгаа өмчийн бодит үнэ дампуурлын өмнөх үеэс буурахгүй байх шаардлагатай. Санхүүгийн хүндрэл болон дампуурал нь нэг талаас эдийн засгийн агентын “сул дорой” байдлыг харуулах индикатор, нөгөө талаас засгийн салбарт тухайн өмчлөгчийн өөрийн үүргээ оновчтой хангах чадваргүйг нотлох дохио болдог.
Үр ашиггүй үйл ажиллагаа явуулагч агрентыг зах зээлээс гаргаж, түүний байрыг илүү үр дүнтэй ажиллах бусад агентад гаргаж өгөх нь зах зээлийн эдийн засагт өрсөлдөөний нэг чухал үүрэг, шалгарлын элемент болж, үндэстний хөгжлийн урагшлагч динамикийг баталгаажуулахын хамт эдийн засгийн системийн тогтворжуулах боломж бүрдүүлнэ.
[1] Энэхүү нийтлэлийг бэлдэхэд http; //www.abiworld.org/international/foreign.html;
http;//www.bankruft.com/#LEXINFOSYS;http;//www.bankrupt.com/about.html;
http;//www.usdoj.gov/ зэрэг веб хуудсуудын материалыг ашиглав.
[2] АНУ-ын эрх зүйн дагуу энэ нь олон тооны хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг ,аж ахуйн эздээс тусдаа, хөлслөгдсөн захирлуудаар удирдуулдаг томоохон аж ахуй юм.