Н.Туул
/Либерти Дээд сургуулийн багш/
Шинэ толь №60, 2008
Түлхүүр үг: Дэлхийн банкны байгууллагууд, хэрэгцээ, үүрэг, орчин үеийн Дэлхийн банк, мөнгөний үүсвэр, удирдлага, төлөөлөл
1944 онд байгуулагдсан Дэлхийн Банкны групп нь хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг дараах таван байгууллагаас бүрддэг.
- Хөгжил Шинэчлэлийн Олон Улсын Банк (ХШОУБ)
– The International Bank for Reconstruction and Development (IBRD)
Хөгжил Шинэчлэлийн Олон Улсын Банк (ХШОУБ) нь дундаж орлого бүхий орнууд болон буурай хөгжилтэй боловч зээлийн чадвар бүхий орнуудад зээл олгож, эдийн засгийн өсөлтөд нь тусламж үзүүлдэг. Санал хураалтад оролцох эрх нь гишүүн орнуудын нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс шалтгаалах ба энэ нь тухайн орон бүрийн эдийн засгийн хөгжлийн харьцангуй тогтвортой байдалд үндэслэгдэнэ. ХШОУБ нь олон улсын хөрөнгийн бирж дээр үнэт цаас худалдаалах замаар хөрөнгийнхээ ихэнх хувийг бүрдүүлдэг.
- Олон Улсын Хөгжлийн Ассоциац (ОУХА)
– The International Development Association (IDA)
Олон Улсын Хөгжлийн Ассоциац (ОУХА) нь Дэлхийн Банкнаас явуулж буй ядууралтай тэмцэх үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. ОУХА нь нэн ядуу орнуудад туслалцаа үзүүлэх ба тэдэнд хүүгүй зээл олгохын зэрэгцээ бусад олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. ОУХА-ийн санхүүгийн эх үүсвэрийн ихэнх нь Дэлхийн Банкны гишүүн, чинээлэг орнууд болон зарим хөгжингүй орнуудын хандив өглөгөөс бүрддэг.
- Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)
– The International Finance Corporation (IFC)
Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) нь хувийн хэвшилд хөрөнгө оруулах, техникийн туслалцаа үзүүлэх, засгийн газар болон бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх замаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмждэг байгууллага юм. ОУСК нь хувийн хөрөнгө оруулагчидтай түншлэн, хөгжиж буй орнуудын аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоос гадна компанийн хувьцаанаас худалдаж авах замаар тэдгээрт хөрөнгө оруулдаг юм.
- Хөрөнгө Оруулалтыг Баталгаажуулах Олон Талт Агентлаг (ХОБОТА)
– The Multilateral Investment Guarantee Agency (MIGA)
Хөрөнгө Оруулалтыг Баталгаажуулах Олон талт Агентлаг (ХОБОТА) нь хөгжиж буй орнууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын явцыг идэвхжүүлэхийн тулд арилжааны бус эрсдэлийн улмаас бий болох алдагдлаас сэргийлэх баталгааг гадаадын хөрөнгө оруулагчдад гаргаж өгдөг байгууллага юм. ХОБОТА нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой зөвлөгөөг хөгжиж буй орнуудын засгийн газарт өгч, гадаадын хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээллийг түгээх ажилд нь техникийн туслалцаа үзүүлдэг юм.
- Хөрөнгө Оруулалтын Маргааныг Зохицуулах Олон Улсын Төв (ХОМЗОУТ)
– The International Center for Settlement of Investment Disputes
Хөрөнгө Оруулалтын маргааныг Зохицуулах Олон Улсын Төв (ХОМЗОУТ) нь хөрөнгө оруулалтын талаар гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн орны хооронд үүссэн маргаантай асуудлуудыг зохицуулах, эсхүл уг асуудлыг Арбитрын албаар шийдвэрлүүлэн зохицуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
“Хөгжингүй орнуудын нэгдлийн зүгээс бусад орнуудад хэрхэн туслах вэ? гэвэл, эдгээр оронд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй чухал юм. Гэвч үүнээс илүү, үнэтэй тусламж бол учирч болох бэрхшээлүүд, түүнийг даван туулах арга замын талаар бусад орнуудын хуримтлуулсан туршлагыг тэдэнд хүргэх явдал мөн.”
Жеймс Д. Волфенсон
Дэлхийн Банкны ерөнхийлөгч асан
Дэлхийн Банк бидэнд яагаад хэрэгтэй вэ?
Дэлхийн Банк нь хөгжлийг дэмжих байгууллага бөгөөд гол зорилго нь үйлчлүүлэгч орнуудын тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад оршдог. Хөгжил дэвшил гэдэг нь эцсийн үр дүнд нийгмийг бүхэлд нь өөрчлөх урт хугацааны үйл явц юм. Энэ нь эдийн засгийн болон улс төрийн бодлогыг зөв хэрэгжүүлэхтэй холбоотой байдаг. Мөн түүнчилэн энэ нь зам гүүр барих, хууль дүрэм боловсруулах, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрөх, өсвөр насны охидод боловсрол олгох, авилгалыг арилгах, хүмүүст хөгжих боломж олгох, байгаль орчныг хамгаалах, хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах гэх мэт маш олон асуудлыг багтаасан үйл явц билээ. Хөгжил дэвшил гэдэг нь эдийн засгийн болон нийгмийн тэнцвэртэй хөтөлбөрийг цогц байдлаар хэрэгжүүлэхийг хэлнэ.
Энэ нь маш өргөн цар хүрээтэй нүсэр их ажил учир хөгжлийн үйл явцад оролцох талууд болох – Засгийн газрууд, Дэлхийн Банктай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, иргэний нийгэм ба хувийн хэвшлийн байгууллага – эдгээр нь бүгд нягт хамтран ажилласнаар тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Дэлхий даяар өрнөж буй ядуурлын эсрэг тэмцлийн гол зорилго нь дэлхийн аль ч өнцөгт байсан ялгаагүй өөртөө болон үр хүүхдэдээ сайхан амьдрах боломжийг хүн бүрт хангаж өгөхөд оршдог. Сүүлийн 30-аад жилд ядуурлыг бууруулах, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх асуудалд дэлхий даяар түүхийн аль ч үеэс илүүтэй амжилтад хүрсэн билээ. Тухайлбал, хөгжиж буй орнуудад:
- Хүний дундаж наслалт 55-аас 65 болж уртассан.
- Хувь хүний орлого 2 дахин нэмэгдсэн.
- Сургууль завсардсан хүүхдийн тоо нийт хүүхдийн 50 хувьд хүрдэг байсан бол одоо дөрөвний нэг болж буурсан.
- Нярай хүүхдийн эндэгдэл 50 хувиар буурсан.
Эдгээр амжилтын зэрэгцээ хөгжил дэвшлийн үйл явцад асар их бэрхшээл тулгарсаар байна. Дэлхийн Банкаар үйлчлүүлдэг 100 оронд амьдардаг 4,7 тэрбум хүнээс:
- 3 тэрбум хүн өдөрт 2$-с бага, 1,3 тэрбум нь 1$-с бага зардлаар амьдарч байна.
- Өдөр бүр 40 000 хүн урьдчилан сэргийлж болохуйц өвчнөөр нас барж байна.
- 130 сая хүн сургуульд сурах боломжоор хангагдсангүй.
- 1,3 тэрбум хүн ундны цэвэр ус хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байна.
Ямар ч оронд дээрх бэрхшээл харилцан адилгүй тулгарч болзошгүй юм. Дэлхийн ядуу буурай орнуудын хөгжлийг дэмжиж амьжиргааны түвшинг нь дээшлүүлснээр өндөр хөгжилтэй орнуудын худалдаа наймаа өргөжин шинээр ажлын байр бий болж, орлого нь нэмэгдэхэд нөлөөлөх болно. Нөгөө талаар, хөгжиж буй орнуудад ядуурал нэмэгдэж байгаа нь хөгжингүй орнуудад нөлөөлнө: зах зээл болон хөрөнгө оруулалтын боломж багасахын сацуу байгаль орчин бохирдоно, хүмүүс ажил олж орлогоо нэмэгдүүлэхийн тулд цагаачлах болно. Бид бүгд нэг ертөнц дээр амьдарч байна, бид бүгдээрээ сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй. Бид худалдаа наймаа, харилцаа холбоо, банк санхүүгээр холбогдож, нэг байгаль, орчноор хүрээлэгдэн оршин амьдардаг билээ. Дэлхий даяар ядууралтай тэмцэх үйл явц нь бидний бүгдийнх нь хүлээх хариуцлага яах аргагүй мөн.
Дэлхийн Банк ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Дэлхийн Банк нь хөгжил дэвшлийг дэмждэг дэлхийн томоохон эх үүсвэрүүдийн нэг юм. Дэлхийн Банк өөрийн санхүүгийн эх үүсвэр, сайтар мэргэшсэн боловсон хүчин, хуримтлуулсан асар их туршлага мэдлэгтээ тулгуурлан хөгжиж буй орон бүрийг шударга хөгжлийн гольдролд ороход нь тусалдаг билээ. Хөгжлөөр дорой орнууд, нэн ядуу хүмүүсийг анхаарлынхаа төвд байлгадаг. Дэлхийн Банк нь өөрийн нийт үйлчлүүлэгчдэд дараах чиглэлээр ижил хэмжээнд тусламж үзүүлдэг. Үүнд:
- Суурь эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх замаар хүмүүст хөрөнгө оруулах.
- Байгаль орчныг хамгаалах.
- Хувийн хэвшлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих.
- Засгийн газраас үзүүлж буй үйлчилгээг чанартай, үр ашигтай, ил тод байлгах чадварыг нь бэхжүүлэх.
- Тогтвортой макро эдийн засгийг бүрдүүлэхэд шаардагдах шинэчлэлийг дэмжих замаар хөрөнгө оруулалт болон урт хугацааны төлөвлөлтөд таатай нөхцөлийг бий болгох.
- Ядуурлыг бууруулах үйл явцын гол хөшүүрэг болох нийгмийн хөгжил, засаглалын оролцоо болон институционал бүтцийг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг.
Дэлхийн Банк зээлдэгч орнуудад хувийн хөрөнгө оруулалтыг татах, хадгалан үлдээхэд шаардагдах үндсэн нөхцөлүүдийг бэхжүүлэн тогтворжуулахад нь тусалдаг. Засгийн газрууд Дэлхийн Банкны-зээл болон зөвлөмж зааварчилгын тусламжтайгаар эдийн засаг, банкны салбараа өөрчлөн шинэчилж байна. Засгийн газрууд хүний нөөц, дэд бүтэц болон байгаль хамгаалалт зэрэгт хөрөнгө оруулснаар хувийн хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу энэ ажлын үр өгөөжийг дээшлүүлж байна.
Хөрөнгө оруулагчид нь Дэлхийн Банкны баталгаа, улс төрийн эрсдэлээс сэргийлэх ХОБОТА-ийн даатгал болон ОУСК-ийн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөрсдийн эрсдэлээ дээд зэргээр бууруулан, хөгжиж буй орнууд болон зах зээлийн эдийн засагт шилжиж буй орнуудад хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
XXI дүгээр зууны банк
Дэлхий ертөнц XXI зуунтай золгоод удаагүй байгаа энэ үед цөхрөл ба тайвшралын аль ч хэрэггүй. Хөгжингүй ертөнцийн амжилт ололт нь юуны өмнө АНУ, Европ болон Японы эдийн засгийн хөгжил дэвшлээс ихээхэн шалтгаална. Хөгжиж буй орнууд бодлогын болон бүтцийн өөрчлөлтөө оновчтой хийснээр тогтвортой өсөлт хөгжлийн үндсийг бүрдүүлнэ. Дэлхий даяар эдгээр орнуудад даяарчлалаас урган гарах боломжуудыг хамгийн шилдэг аргаар ашиглахын зэрэгцээ түүний эрсдэлийг зөв зохион байгуулж чадвал хөгжил цэцэглэлтэд хүрэх болно. Цаг үеийн байдалд зохицон өөрчлөгдөж чадаагүй орнууд цаашид доройтон туйлдахаас гадна баян ядуугийн зөрчил гүнзгийрч болзошгүй юм. Цаашид урган гарч болзошгүй бэрхшээлүүдийг анхааралдаа авсаны үндсэн дээр Банк хөгжлийн эрхэм зорилт болох Олон талт хөгжлийн нийгмийн тогтолцоо (ОТХНТ) гэсэн хөтөлбөрийг турших талаар хөгжиж буй орнуудтай хамтран ажиллаж байна. Банк хөгжлийн төслийг санхүүжүүлэх хэлбэрээр ажилладаг байсан бол одоо хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжил, засаглал ба байгууллагын тогтолцоог дэмжсэн, илүү өргөн цар хүрээтэй асуудалд анхаарлаа хандуулах болсон нь олон талт нийгмийн тогтолцооны шаардлагыг улам тодорхой болгож байна. Урт хугацаанд хэрэгжиж үр дүнд хүрэх, засгийн газар, хандивлагч, иргэний нийгэм, хувийн хэвшил болон хөгжлийн үйл явцад оролцогч бусад субъектийн хамтын ажиллагаанд тулгуурласан, тухайн орны “өөрийнх” нь хөгжлийн төлөвлөгөөг ОТХНТ (Олон талт хөгжлийн нийгмийн тогтолцоо) шаардаж байна.
Банк ОТХНТ-г тавих үр дүнтэй хөгжлийг хангах үндэс суурь болсон дараах зүйлд анхаарлаа чиглүүлдэг:
Бүтцийн хувьд – Зөв удирдлага ба шударга засаглал, зохион байгуулалт сайтай хууль хяналтын байгууллагын систем, нийгмийн аюулгүй байдлын сүлжээ ба нийгмийн хөтөлбөрүүд орно.
Нийгэм ахуйн чиглэлээр – Цэвэр, бохир усны сүлжээ, эрчим хүч, зам гүүр, тээвэр холбоо, байгаль хамгаалал ба соёлын хүчин зүйлүүд орно.
Тусгай бодлогын хувьд – Хот хөдөөгийн болон хувийн хэвшлийн хөгжил.
Үүнээс гадна улс орон бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Макро эдийн засаг болон санхүүгийн эх үүсвэр, худалдааны ба хяналтын байгууллага, хөдөлмөрийн зах зээл болон ажил эрхлэлтийн нөхцөл, түүнчлэн хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг – энэ бүхэнд анхаарал тавих явдал нь, жишээлэхэд, тухайн орны онцлог ба дээрх асуудлуудад чиглэгдэн хэрэгжих шаардлагатай бөгөөд чухалчлан үзвэл зохих зүйлүүдийн талаарх үндэсний яриа хэлцлийн үр дүнгээс шалтгаална.
ОТХНТны зарчмуудын үндсэн дээр Дэлхийн Банк болон Олон улсын мөнгөн сан нь улс орнуудаас батлан гаргасан Ядуурлыг бууруулах бодлогын талаарх баримт бичгийг (ЯББТББ) хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь мөнгөн тусламж, зээлийн хөнгөлөлтийн үндэс болж өгөх юм.
ЯББТББ-ийн гол зорилго нь иргэний нийгмийн төлөөллийг өргөжүүлэх, тухайлбал, ядуу буурай орнууд энэ чиглэлээр өөрсдөө хөгжих, хөгжлийн үйл явцад оролцох түншүүдийн хоорондох уялдаа холбоог сайжруулах, мөн олон улсын нэгдлийн шинжилгээ, дүгнэлт болон санхүүгийн эх үүсвэр зэргийг ядуурлыг бууруулах ажилд зориулах явдал юм.
Дэлхийн Банк мөнгөн хөрөнгөө хаанаас олж авдаг вэ?
Дэлхийн Банк хөгжлийн хөтөлбөртөө зориулах мөнгөн сангийн эх үүсвэрийг Дэлхийн Хөрөнгийн Биржээс олж авдаг бөгөөд Олон Улсын Хөгжлийн Ассоциацын тухайд бол үүнийг Дэлхийн Банкны гишүүн -чинээлэг орнуудын хандив өглөгөөс бүрдүүлдэг.
Дэлхийн Банкнаас нэг жилд олгогддог зээлийн дөрөвний нэгийг хариуцдаг Хөгжил Шинэчлэлийн Олон Улсын Банк нь өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг санхүүгийн зах зээлд бүрдүүлдэг. Дэлхийн санхүүгийн найдвартай, тогтвортой байгууллагад тооцогддог ХШОУБ нь А-А-А зэрэглэлийн бонд болон бусад үнэт цаасыг дэлхийн хэмжээнд тэтгэврийн сан, даатгалын компаниуд, корпорац, бусад банк болон хувь хүмүүст арилждаг. ХШОУБ нь хүүг зээлийн хэмжээг тусгасан хугацаанд тогтоодог. Зээлийг 15-20 жилийн турш төлж дуусгах ба үндсэн зээлээ төлж эхлэхийн өмнө 3-5 жилд хөнгөлөлтийн хугацаа олгодог байна.
ХШОУБ-ны хөрөнгийн 5 илүүгүй хувийг Дэлхийн Банканд шинээр элсч буй орнуудын татвар бүрдүүлдэг. Банкны гишүүн- засгийн газрууд нь өөрийн орны эдийн засгийн боломжийг харгалзан үзсэний үндсэн дээр хувьцаа худалдан авдаг бөгөөд эдгээр хувьцааны багахан хувийг банканд оруулдаг. Үлдсэн хэсэг нь “шаардлагатай үед” буюу Дэлхийн Банк алдагдалд орж зээлдэгчиддээ төлбөр хийх чадваргүй болсон тохиолдол төлөгдөх ёстой байдаг ч ийм тохиолдолд хэзээ ч гарч байгаагүйг дурдах нь зүйтэй. Ийм баталгаат хөрөнгө нь захиргааны зардал ба зээл олголтод бус, харин зөвхөн бонд эзэмшигчдийн төлбөрт зарцуулагддаг. ХШОУБ-ны дүрмийн дагуу төлөгдөөгүй болон төлөгдсөн өрийн хэмжээ нийт мөнгөн хөрөнгө болон нөөцийн хэмжээнээс хэтрэх ёсгүй.
ОУХА нь 1960 онд байгуулагдсан ба арилжааны хүү бүхий зээл төлөх чадваргүй, нэн ядуу орнуудад хөнгөлөлттэй зээл олгодог. ОУХА нь хөгжил дэвшлийн хурдцыг түргэтгэх, ядуурлын түвшинг бууруулах талаар ХШОУБ-тай ижил төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүүгүй зээл олгодог (үүнийг ОУХА-ийн зээл гэж нэрлэдэг) төдийгүй техникийн тусламж үзүүлж бодлогын чанартай зөвлөгөө өгдөг байгууллага юм. ОУХА-ийн зээл нь Дэлхийн Банкны нийт зээл олголтын дөрөвний нэгийг эзэлдэг. Зээлдэгчид нь авсан зээлийнхээ 1 -ээс бага хувийн хураамжийг захиргааны зардалд төлдөг. Зээлийг 35-40 жилийн турш, 10 жилийн хөнгөлөлтийн хугацаатайгаар төлж дуусгадаг.
40 гаруй орон 3 жил тутамд ОУХА-ийн санд хандив оруулдаг. Хандивлагч орнуудын тоонд банкны гишүүн: АНУ, Япон, Герман, Их Британи, Франц гэсэн аж үйлдвэрийн орнууд болон ОХУ, Турк, Өмнөд Солонгос, Унгар, Бразил, Ботсван, Аргентин гэсэн хөгжингүй орнууд багтдаг бөгөөд эдгээр хөгжингүй орнуудын зарим нь ОУХА-ийн зээлдэгчид байсан юм.
ОУХА-ийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагаа нь ХШОУБ- ны нэгэн адил найдвартай, тогтмол байдлаар хэрэгждэг. ОУХА-ийн зээлийн хугацаа нь ХШОУБ-ны зээлийн хугацааны адилаар хэтэрсэн тохиолдол гарч байгаагүй юм.
Дэлхийн Банкийг хэн удирддаг вэ?
Дэлхийн Банк 184 гишүүн оронтой бөгөөд тэд өөрсдийн санал бодол, ашиг сонирхлоо Төлөөлөгчдийн Зөвлөл болон Вашингтон хотод байрлах Захирлуудын Зөвлөлөөр дамжуулан илэрхийлдэг. Гишүүн-орнуудын хувьцааны хэмжээ тухайн орны эдийн засгийн цар хүрээнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Томоохон хувьцаа эзэмшигчид гэвэл АНУ – 16,41 хувь, түүний дараа Япон – 7,78 хувь, Герман – 4,49 хувь, Их Британи – 4,31 хувь, Франц – 4,31 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг бөгөөд үлдсэн хувьцаа бусад орнуудад хуваагдсан байдаг.
Төлөөлөл ба гүйцэтгэх захирлууд
Гишүүн орны төлөөлөл ба гүйцэтгэх захирлууд нь Дэлхийн Банкны эцсийн шийдвэр гаргах эрх бүхий хувьцаа эзэмшигчид юм. Өөрийн улсыг санхүү, хөгжлийн яамны сайдын хэмжээнд төлөөлдөг эдгээр төлөөлөл нь жил бүр Дэлхийн Банкны хуралдаанд ирж оролцдог. Тэд гишүүн орон элсүүлэх, гишүүнээс хасах, хөрөнгийн хувьцаанд өөрчлөлт оруулах, Дэлхийн Банкны цэвэр ашгийг хуваарилах, санхүүгийн тайлан, төсвийг батлах зэрэг банкны гол асуудлуудаар шийдвэр гаргадаг.
Сайд нар жилд зөвхөн нэг удаа цуглардаг тул Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөл Банкыг удирдах гол эрхийг эдэлдэг. Дэлхийн Банкны бүлгийн гишүүн – орнуудын засгийн газар бүхэн Вашингтон дахь Дэлхийн Банкны төв байран дахь Зөвлөлд гүйцэтгэх захирлуудын үүргийг гүйцэтгэдэг. АНУ, Их Британи, Япон, Герман, Франц гэсэн 5 гол хувьцаа эзэмшигч орон тус бүр өөрийн гүйцэтгэх захирлаа сонгодог бол хэд хэдэн хувьцаа эзэмшигч орны төлөөллөөс (эсхүл сонгуулийн тойргоос) сонгогдсон 19 гүйцэтгэх захирал бусад гишүүн орныг төлөөлдөг. Хятад, ОХУ, Саудын Араб гэсэн орнууд нь тус бүр сонгуулийн тойргоо байгуулсан байдаг бол бусад орнууд нэгдэн олон талт сонгуулийн тойргуудад багтдаг. Хорин дөрвөн гүйцэтгэх захирал долоо хоногт хоёр удаа цугларан Дэлхийн Банкны үйл ажиллагааны гол асуудлууд болох: зээл олголт, баталгаа гаргалт, шинэ бодлого, захиргааны төсөв, улс орнуудад туслах ажлын хэтийн төлөв, зээл санхүүгийн шийдвэрүүдийн талаар авч хэлэлцдэг байна.
Ерөнхийлөгч
Уламжлал ёсоор Дэлхийн Банкны ерөнхийлөгч нь хамгийн их хувьцаа эзэмшигч орон болох АНУ-ын иргэн байна. Дэлхийн Банкны ерөнхийлөгч таван жилийн хугацаатай сонгогдож Гүйцэтгэх Захирлуудын хуралдаанд удирдах эрхтэй оролцдог бөгөөд Банкийг ерөнхий удирдлагаар хангах үүрэгтэй байдаг. 2007 оны 6 дугаар сараас эхлэн Дэлхийн Банкны Ерөнхийлөгчөөр ноён Роберт Зеллик сонгогдон ажиллаж байна.
Дэлхийн банкны орон тооны ажилтнууд
Банкинд эдийн засагч, инженер болон боловсрол, экологи, санхүүгийн судалгаа, антропологи болон бусад олон салбарын 10 000 орчим мэргэжилтнүүд ажилладаг. Банкны ажилтнууд 160 орны иргэд байдаг бөгөөд 3000 гаруй хүн Банкны гишүүн -орнуудад байнгын төлөөлөгчөөр ажилладаг.