Фрэнсис Фукуяма
Шинэ толь №39, 2002
Түлхүүр үг: Неолиберализм, Либерал ардчилал, Глобалчлал, Тэгш бус байдал, Зах зээлийн эдийн засаг, харьцуулсан улс төр, соёлын ялгаа
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
- Ардчиллын ирээдүй, глобалчлал ба индивидуализмын хооронд
Либерал ардчиллыг ямар ирээдүй хүлээж байна вэ? Тэрээр тогтвортой оршиж чадах эсэх, цаашдаа өнөөдрийн авторитар улсуудад түгэн тархаж чадах эсэхийг мэдэх үү? Эсхүл гучаад оны ардчилал шиг дарагдаж, өөрийн хөдөлгөөнөө зогсоох болов уу?
Бид ямар суурь нөхцөлийг бий болгох эсэхээс хариулт хамааралтай. Хөгжлийн богино мөчлөгт авч үзвэл ардчиллын ирээдүйн чиг хандлага найдлага төрүүлэхүйц биш байна. Харин хэтийн ирээдүйг авч үзвээс бараг 800 жилийн өмнөөс эхлэлтэй ардчилал Алексис де Токвилийн зөгнөсөнчлөн цаашид түгэн тархах л болно.
Өмнө нь ардчиллын тархалт буюу давалгаа тодорхой мөчлөгтэйгээр явагдаж байлаа. 1970-90-ээд оны хооронд С.Хантингтоны авч үзсэнээр Өмнөд Америк, Латин Америк, Ази, хуучин коммунист орнуудыг хамарсан шинэ ардчиллын “гурав дахь долгион” давалгаалсан. Энэ долгион аль хэдийнэ өөрийн оргилд хүрээд, өнөөдөр уналтынхаа шатанд орсон бололтой.
Тухайлбал, Перуд түүнээс өмнө Фужимори эхэлж байсанчлан, Хуго Чавес өөрийн сонгогчдын хүсэл зоригт нийцсэн эрх зүйт төр, ардчилсан бүтцүүдийг бий болгож эхэллээ. Бараг бүх хуучин коммунист орнууд ардчилал ба зах зээлийн эдийн засагт хандсан шилжилтийн явцдаа соёлын болон институционал шинэчлэлүүдийг амжилттай хэрэгжүүлэв. Зарим нь, тухайлбал Орос ба Украин ихээхэн бэрхшээлтэй тулгарч, ойрын ирээдүйд Европын Холбооны гишүүнчлэлд өрсөлдөж чадахгүй бололтой. Орос ба Украйнд шинэчлэл зогсонги байдалд орлоо. Эдгээр оронд төлөвлөгөөт биш, зах зээлийн ч бус эдийн засаг, авилгалд автсан улс төрийн бүтцүүд тогтож, хүн ам нь эдгээрийг хууль бус гэж үзэх нь элбэг байна.
Зөвхөн хуучин коммунист орнуудад ч бус, Латин Америк болон дэлхийн бусад хэсэгт ч хэрэгжсэн неолиберал эдийн засгийн бодлого “сэтгэл зүйн хувьд” эсэргүүцэлтэй тулгарав. Мексик, Тайланд, Өмнөд Солонгос, Бразил зэрэг орныг дайрсан валютын хямрал, уналт нь либералчлалыг зогсоож, буцааж эргүүлэх ерөнхий зорилготой сайн зохион байгуулагдсан эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг бий болгов.
Олон хүнд Азийн санхүүгийн хямрал, 1997-1999 оны хөгжиж буй орнуудын тогтворгүй байдал глобалчлал тодорхой хязгаартай болохын нотолгоо боллоо. Зарим судлаачид тэр бүү хэл глобалчлалыг хүмүүсийн эрүүл мэнд, хангалуун байдалд халгаатай гэж үзэх боллоо. Ийм байдлаар, дотоодын зах зээлээ чөлөөт өрсөлдөөнд нээх үйл явц, либерал бодлого зогслоо. Бидний мэддэгээр, олон улсын бодлого ерөнхий чиг хандлагын дагуу өрнөдөг учир 1980-аад оны сүүл үед бий болсон хандлагаас цаашид ухарна гэж бид таамаглаж болно.
Гэсэн хэдий ч хэтийн ирээдүйд өмнөх баталгаатай логикийн дагуу либерал ардчилал бүх дэлхийд түгэн тархана гэж хэлж болно. Эцсийн дүндээ, Хегель болон Марксын авч үзэж байсан хүн төрөлхтний хөгжлийн түүх технологийн дэвшлийг хурдасгаж буй орчин үеийн байгалийн шинжлэх ухаанаас хамааралтай. Энэ үйл явц олон талт үйлдвэрлэлийн боломжуудыг нээж, хурдацтай эдийн засгийн модернизацийн үйл явцыг бүрэлдүүлэх боллоо. Өрсөлдөөний орчинд тусгаар улсууд бүх нийтийн өрсөлдөөнөөс гадна үлдэх маш төвөгтэй. XVI зуунд Япон улс Токугавагын эринд галт зэвсгээс татгалзаж байсны адил аливаа улс шинэ технологиос татгалзаж болно. Гэвч, хэзээ нэг цагт Коммодор Перритэй адил хэн нэг нь илүү боловсронгуй зэвсэг, илүү сонирхол татах амьжиргааны арга замыг гарган тавьж, ингэснээр алдсан цаг хугацаагаа нөхөх хурц эрэлтийг бий болгох нь мадаггүй.
Байнга өргөжиж буй технологийн боломжтой уялдаатай иймэрхүү эдийн засгийн өрнөлийг бид глобалчлал гэж нэрлэдэг. ХХ зууны эхэн үетэй харьцуулахад зуун жилийн дараа глобалчлалын мөн чанар эрс өөрчлөгджээ. Дэлхийн нийт үйлдвэрлэлд эзлэх олон улсын худалдаа санхүүгийн хэмжээ зуун жилийн өмнөхтэй харьцуулахад бага зэрэг илүү байгаа хэдий ч орчин үеийн коммуникациин технологи нь дэлхий ертөнцийг өмнө нь боломжгүй гэж тооцогдож байсан нэг орон зай болгов. Мэдээлэл дэлхийн хамгийн алслагдсан өнцөг буланд ч хүрч байна. Иймээс байнга урагшлагч “технологиин хонгилоос” гарах нь өмнө байгаагүйгээр төвөгтэй болжээ. Тодорхой хил хязгаарт баригддаггүй мэдээллийн технологи нь соёлт нийгмүүдийг нээлттэй болгож, бусдын нөлөө түүнд нэвтрэх боломжийг нээж байгаа юм. Энэ үйл явц асар хүчтэй ардчиллын нөлөөллийг авчирч байна, учир нь технологи мэдлэг ба мэдээллийг “няцаадаг” үндэсний үзэлтнүүдийг тойрон гарах олон боломжийг нээж байгаа билээ.
Глобалчлал либерал ардчиллын хөгжлийг олон талаар түргэсгэж байна. Глобал эдийн засаг юуны өмнө зах зээлийн зохистой үйл ажиллагааг хангах байгууллага бий болгохыг шаардаж байна. Мөн энэ нь улс төрийн үнэлэмжийн хүрээнд ч хамааралтай, гадаадын хөрөнгө оруулагчид нээлттэй эрх зүйт төр, өмчлөлийн болон хүний эрхийн тогтвортой байдлыг шаарддаг. Томас Фридман өөрийн “Lexus and the Olive Tree” номондоо зөвхөн л эдийн засгийн сонирхлоор глобал эдийн засгийн орчинд нэвтрэх хүсэл ардчиллын нөлөөг бий болгож байсан олон жишээг дурджээ. Тухайлбал, Индонезид генерал Сухарто засгийн эрх барьж байх үед ардчиллын талыг баригчид засгийн газрыг шууд шүүмжлэх эрхгүй байв. Иймээс засгийн газрын чухал албан тушаалд Сухарто өөрийн гэр бүлийнхнийг томилж буйг эсэргүүцэхдээ тэд ДХБ-д хандсан шүүмжлэл гаргадаг байв.
Хангалуун байдал нь тогтвортой ардчилал үүсэх эх сурвалж нь болох хандлага бий. Нэг хүнд ногдох жилийн орлого нь 6000 доллараас давдаг ардчилсан орон эргээд авторитар дэглэмд орсон түүхийн жишээ байхгүй. Ийм байдлаар хурдцаа авч буй ардчилал, өсөн нэмэгдэж буй хангалуун байдал нь илүү олон улсыг ардчилсан дэглэм, түүнийг баталгаажуулах бүтцийг бий болгоход хандуулах хөшүүрэг болон үйлчилж болно.
- Либерал индивидуализм нийгмийг нураадаг
Дор дурдсан нөхцөлөөс асуудал гарч ирнэ: амлаж байгаачлан глобалчлал түүний нөхцөлийг хүлээн авч буй орнуудад амьжиргааны өндөр түвшинг бий болгох уу? Ийм байдлаар, Азийн санхүүгийн хямрал нь бодит байдалд глобалчлал тогтвортой бус, хөгжлийн хөдөлгүүрийн хувьд найдваргүй гэсэн үзлийг бий болгосноороо онцгой юм. Гэсэн хэдий ч 1997 он хүртэл Ази глобалчлалын эерэг талын жишээ болж байсан. 40-өөд жилийн хугацаанд л Азийн зарим орон түргэн хурдацтай хөгжиж, гурав дахь орнуудын” статусаас тэргүүний хөгжилтэй улсуудын эгнээнд орсон, ингэхдээ тэдний хөгжлийн хурдац нь аж үйлдвэржилтийн үеийн өрнөдийн гүрнүүдийн хөгжлийн хурдцыг хол давсан. Гэлээ ч 1997 онд ганцхан сарын дотор л Өмнөд Солонгос аж үйлдвэржсэн орнуудын дунд эзлэх байр суурь нь 12-оос 20 болтлоо унаж, Индонезид хэдэн сая хүн ядуурлын туйлд очжээ. 1998 оны зун Орос улс төлбөрийн чадваргүй болсны дараа шинэ зах зээлүүдийн тогтворгүй байдал 1930-аад оны адил дэлхий дахины хямралд хүргэж магадгүй гэсэн айдас богино хугацаанд ч гэсэн байсан. Гэвч хямрал цаашид хүрээгээ тэлсэнгүй. Өөрийн нөөцөө амжилттай ашигласан Америкийн Төв Банкны бодлогын ачаар хямралын хүрээ хязгаарлагдав.
Байдлыг дүгнэхэд, хямрал, сандралд орсон улсууд, олон улсын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн институциудын олон талт алдаанаас үүдэлтэй гэж үзэж болно: Солонгос ба Тайландын засгийн газрын зохих бүтцүүдийг бий болгохоосоо өмнө өөрийн санхүүгийн зах зээлийг либералчилсан, Европын банкууд Азийн хөрөнгийн зах зээлийн эрсдэлд зохих анхаарал хандуулаагүй; ОУВС хөрөнгийн зах зээлийн либералчлалыг хэт яаруулжээ.
Энэ бүх асуудлыг бодлогын өөрчлөлтийн аргаар даван туулж болно, энэ хооронд Азийн орнуудын олонхи нь өмнөхтэй адил өсөлтийн зам дээр гарч ирлээ. Хямрал олон орныг шинэчлэл хийхэд хүргэж, эцсийн дүндээ санхүүгийн тунгалаг байдал, коррупцийн эсрэг арга хэмжээг төгөлдөржүүлэн эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэхэд түлхэц боллоо. 1997-1999 онуудад ажиглагдсан эдийн засгийн хямрал нь 90-ээд оны эхний Washington consensus гэж нэрлэгдсэн үзэл баримтлалын олон аспектыг эргэн харах дохио болох ёстой – хөрөнгийн зах зээлийн либералчлал ч үүнд хамааралтай боловч глобал эдийн засаг өсөлтөнд үйлчлэхгүй гэсэн хэрэг мэдээж биш.
Глобалчлал либерал ардчиллын өмнө бусад олон шаардлагыг гарган тавьж байгаа юм, тухайлбал, нийгмийн ба эдийн засгийн үйл явцад тавих төрийн хяналтыг багасгах, хөгжингүй орнуудын мэргэшээгүй ажилчдын ажилгүйдэл, мөн ардчиллын хөгжлийг баталгаажуулах олон улсын хяналтын механизм байхгүй байгааг дурьдууштай. Бусад судлаачид энэ сэдвүүдийг олон удаа авч үзсэн учраас би нэгэн өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна – энэ нь ардчиллын хөгжлийн дотоод аспект юм: бэхжиж буй ардчилсан нийгмүүдийн амьжиргааны түвшинг дурдууштай. Орчин үеийн ардчиллын өмнө байгаа гоn шаардлага нь ужиг шинжтэй нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдал гэж би үзэхгүй байна. Хүмүүс өөрсдийн индивидуал авьяасаараа ялгардаг. Үүний эсрэг бүлгүүд бол өөрсдийн соёлын капиталаар ялгаатай. Өнөөгийн ардчилал нь нэгэн янзын үр дүнг баталгаажуулах хэрэггүй, харин нийгмийн өөрчлөлтийн шаардлагатай нөхцөлүүдийг бүрдүүлэх ёстой. Орчин үеийн олонхи ардчилсан нийгмүүдэд цаг өнгөрөх тусам ийм зохистой өөрчлөлтийн боломж нэмэгдэж байна. Үүний хамт орчин үеийн либерал ардчиллын нэгэн чухал шинж төлөв нь хүн амын бүлгүүд болон янз бүрийн угсаатнуудын хуваагдал болон хоорондын үзэн ядалтаас үүдэлтэй нийгмийн гадуурхал (exclusion) үүсгэхгүйгээр нийгмийг хамтад нь тогтоон барих явдал билээ.
Ийм учраас ардчиллын нөхцөлд либерализмыг хэтэрхий буруугаар гарган тавьж, орчин үеийн эдийн засаг ба улс төрд тодорхой бүлэг юмуу индивидуудын автономид хэтэрхий анхаарал хандуулах нь нийгмийн эсрэг хандлагатай ч байж болно. Либерал индивидуализм нийгмийг гэр бүлээс эхлээд ажлын хамт олон, төрийн хэмжээнд ч нурааж, институциудын нэр хүндийг унагаж, нийгмийн соёлын түвшинг бууруулна – нийгмийн ерөнхий үнэт зүйлсийн хүрээг хумиж, түүний утга учрыг алдагдуулна. Хэзээ нэгэн цагт бүх нийтийн сүсэг бишрэлийн (шашны) хэм хэмжээ, ёс заншил, нутаг дэвсгэрийн холбоо харилцаагаар нэгдэж байсан нийгэм өнөөдөр олон тооны индивидуудын түргэн өөрчлөгддөг, байнгын бус “нийлбэр” болж, хүрээ нь тэлэхийн хамт хамаарал нь улам сул болсоор байна. Интернетийг авч үзвэл тодорхой түвшинд дээр дурдсан үйл явц логик жинхэнэ утгаараа биеллээ олжээ: энд соёлын орон зайг давж, дэлхийн хаанахын ямар ч хүнтэй харьцаж болох боловч энэ харилцаа дийлэнхдээ удаан хугацааны бус, өнгөц шинжтэй л байдаг.
- Азийн загварт цаашид анхаарал хандуулахгүй болжээ
Нийгмийг бэхжүүлэх зорилго нь хөгжингүй бус, шинэ залуу болон түргэн хөгжиж буй ардчиллын хувьд ч чухал боллоо. Энэ үйл явцын түлхүүр ойлголт нь иргэний нийгэм юм. Эрүүл иргэний нийгэмгүйгээр либерал ардчилал оршин тогтнож чадахгүй гэж баталдаг нь өрөөсгөл санагдаж болно. Нэг талаас Польш, Унгар, Чех, нөгөө талаас Орос, Украины посткоммунист хөгжлийн ялгаа нь иргэний нийгэм сүүлд дурдсан орнуудад бараг байхгүйд оршино. Дээр дурдагдсан сүүлчийн орнуудад ардчилсан үндсэн дээр хүмүүс хоорондоо нэгдэх чадвартай нь бараг ажиглагдахгүй байгаа нь нийгмийн хүлээцтэй бус сэтгэхүйг бий болгож, нэгэн угсаатан, үндэстний бүлгүүд голлох хандлагатай.
Шинэ залуу, мөн хөгжингүй либерал ардчилсан нийгмүүдийн гол бэрхшээл нь де-факто шинжтэй олон талт соёл, үнэлэмж бүхий нийгмүүдэд ерөнхий үнэт зүйлсийг бүрдүүлэх асуудал юм. Ирээдүйд энэ асуудал улам бүр хурц мэдрэгдэнэ. АНУ, Канад, Австрали зэрэг шинэ суурьшилтай улсуудад энэ асуудал аль эрт л байсан. Гэвч ирэх зуунд Европын тусгаар улсууд хүн амын өсөлт маш доогуур байгаагаас хамаарч гадны ажиллах хүчинд тулгуурлах шаардлага зайлшгүй болов, хэрэв ингэхгүй бол нийгмийн хувьд тэд оршин тогтнох боломжгүй.
Либерал нийгмүүд соёлын олон тал байдалд хүлээцтэй хандаж, түүний давуу талуудыг ашиглах ёстой. Гэвч ямар ч нийгэм бүх нийтийн хэм хэмжээ, үнэлэмжгүйгээр оршин тогтнож чадахгүй. Де-факто шинжтэй олон талт соёл, үнэлэмж бүхий нийгмийн бүх нийтийн үнэт зүйлс нь угсаатны болон сүсэг бишрэлийн зарчмуудад бус, иргэний хариуцлага ба улс төрийн үнэлэмжүүд дээр суурилдаг. Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгийн олонхи оронтой харьцуулахад Европын хувьд ерөнхий үнэлэмжүүд нь үндэстний гарал угсаатай холбоотой байх нь элбэг тул олон бэрхшээл гарч ирж байна.
Ингээд эцэст нь ирээдүйн либерал ардчилал нь өөрийн иргэдийг хамтарч, нийтийн чармайлтаар урагшлах сэтгэл зүйн суурийг бүрдүүлж чадах уу гэдгийг хэлэхэд хүнд юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн үеүдэд олон нийгэм технологийн өөрчлөлтийн нөлөөгөөр хувьсах явцдаа сэтгэл зүйн суурь нь өөрчлөгдөж байсан гэсэн бодлоор тайвшруулж болох талтай. Цаг өнгөрөх тусам тэдэнд эрүүл нийгэм, сэтгэл зүйн эерэг үнэлэмжүүдийг тогтоох боломж олдсон. Өрнөдөд нийгмийн үнэлэмжийн эрс өөрчлөлт XIX зууны эхний хагаст хөдөө аж ахуйн байгууллаас аж үйлдвэржсэн нийгэмд шилжих явцад тохиолдсон. ХХ зууны эх гэхэд аль хэдийнэ өөрчлөлтийн нөхцөлд зохицсон, шинэ хэм хэмжээ, үнэлэмжүүд бий болчихсон байв. Ирээдүйд ч байдал яг ингэж өрнөх эсэхийг бид хэлж чадахгүй. Хүмүүс өөрсдөдөө хэм хэмжээ, тоглоомын дүрэм бий болгох гайхамшигт дотоод чадвартай гэдгийг бид бүрэн итгэлтэй хэлж болно.
Цаашдаа дэлхийн эдийн засаг аль зүгт урагшлахаас олон зүйл хамаарна. Мөн глобалчлал ч эргэлт буцалтгүй боллоо. Тэрээр эвдэн устгагч, бүтээгч хүчний аль болох нь эдийн засгийн өсөлт хэр хурдацтай байхаас шалтгаална. Глобалчлалын бүх сул тал, тогтворгүй байдлаас үл хамааран эдийн засгийн хөгжлийн альтернатив чиглэл байхгүй байна. Мексик аймшигт санхүүгийн хямралын дараа (1994 оны сүүлээр эхэлсэн) ч маш хүчтэй марксист болон үндэстний уламжлалаас үл хамааран Хойд Америкийн Чөлөөт худалдааны Бүсэд нэгдэхээс (Мексик улс НАФТА-д 1997 онд элссэн) өөр боломжийг олж харсангүй. Азийн хөгжлийн загвар бас л нэг альтернатив боломж байсан байж болно, гэвч Японы зогсонги байдал ба энэ бүсийн бусад орнуудад тохиолдсон бэрхшээлийн дараа глобалчлалд хандах либерал үзэл санаанд ноцтой өрсөлдөгч гэж тооцогдохгүй болжээ.
Ардчилал ба зах зээлийн эдийн засаг эхлэлтэйгээ л мөн адил ганцхан л боломжит замналын үүдэн дээр байна. Энэ л гажихгүй байсан тохиолдолд эдгээр нь хамтдаа (ардчилал ба зах зээлийн эдийн засаг) ирэх мянган жилд найдвартай оршино гэдэгт бид эргэлзэхгүй байж болно.
Хянасан: Б.АРИУНБАЯР