Д.Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор/
Шинэ толь №39, 2002
Түлхүүр үг: Улс төрийн нам, Нам судлал, Шинжлэх ухааны судалгаа, Судалгааны аргууд, Намын систем, Эмпирик судалгаа, УТШУ-ны судалгааны арга зүй
Нам судлалын үүсэл бүрдэлт, судлах шаардлага
Хүн төрөлхтний ардчилсан үнэт зүйлсийн салшгүй бүрдэл хэсэг түүний байгууллагын өвөрмөц хэлбэр нь улс төрийн нам юм. Нам нь ардчилсан нийгмийн улс төрийн хүрээний онцгой чухал үзэгдэл болж байдаг.
Ардчилсан нийгэмд улс төрийн намын нөлөө, ач холбогдол үлэмж их билээ. Үүнтэй уялдан түүнийг тусгайлан судалдаг улс төрийн шинжлэх ухааны бие даасан өвөрмөц салбар ухаан байдаг бөгөөд түүнийг нам судлал (партология) хэмээн нэрлэдэг.
Намыг улс төрийн үзэгдэл, улс төрийн онолын асуудал болохын хувьд нь улс төрчид, судлаачид анхааран судалсаар иржээ. Энэ нь цаг хугацааны хувьд нэлээд эрт үеэс үндэс улбаатай юм. Хэдийгээр намын үүслийг XVII-XVIII зууны зааг үе гэж үздэг ч, үүнээс өмнө нийгэм дэх социал бүлгүүдийн улс төрийн олон ургальч ашиг сонирхол, үзэл бодлын ялгарал, төвлөрлийн үйл явц ямагт байсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор түүний зохион байгуулалт бүтцийн түвшин дэх өвөрмөц тусгал болсон намтай төсөөтэй үүрэг, шинж, зорилго бүхий улс төрийн бүлэг, бүлэглэлүүд оршин үйлчилж, үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм. Эндээс үзвэл нам судлал нь эхэн үедээ сонирхлын бүлэг, бүлэглэлийг судлах хэлбэрээр үүссэн байна.
Харин хүн төрөлхтний түүхэнд “нам[1]” хэмээх улс төрийн бие даасан байгууллага (институт) бий болсон үеэс эхлэн нам судлалын онол сонгодог агуулгаараа үүсэн бүрэлдэж, олон арван мэргэд ухаантнуудын оюуны хүч чадлаа сорих судалгааны чиглэл болж хөгжих болжээ. Хэдий тийм боловч намын тухай онол, үзэл санаа хэлбэршин төлөвших хүртлээ хүнд хэцүү сорилтыг туулсан юм. Намыг эхэн үедээ нийгэмд ашиггүй, зөрчил хуйвалдааны уг сурвалж гэж үзэж, түүнийг хянан хавчсаар иржээ. Гэвч цаг үеийн өөрчлөлт, шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжлийн явцад намын нийгэм, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх эерэг нөлөө үүргийг аажмаар хүлээн зөвшөөрөх болсон юм. Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх эерэг үүргийг анх удаа системтэй үндэслэж өгсөн судлаач бол Италийн сэтгэгч, улс төрийн онолч Н. Макиавелли юм.
“Нам судлал” хэмээх шинжлэх ухааны мэдлэгийн өвөрмөц салбар байдаг гэдэгт зарим судлаачид эргэлздэг. Тэд нам судлалыг улс төрийн шинжлэх ухааны хүрээнээс тусгайлан гаргаж тавихыг хүлээн зөвшөөрдөггүй. Харин нам, намын системийн асуудлыг улс төр судлалын шинжлэх ухааны судалгааны нэг үндсэн судлагдахуун, түүний өвөрмөц чиглэл төдийхнөөр ойлгодог. Хэдий тийм боловч сүүлийн үед нам судлалыг бие даасан мэдлэгийн өвөрмөц салбар гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Тэгэхдээ түүнийг улс төрийн шинжлэх ухаан тэр дундаа улс төрийн ерөнхий онол болох улс төр судлалын ухааны хүрээнд багтах харьцангуй бие даасан статус бүхий салбар шинжлэх ухаан гэж үзэж байна. Ингэж үзэх дараахь хэд хэдэн үндэс байгаа юм. Энэ нь:
Нэгдүгээрт, нам нь хүмүүсийн улс төрийн ашиг сонирхол, үзэл бодлоо илэрхийлэх хамтын зохион байгуулалтын онцгой хэлбэр, засаглалыг хэрэгжүүлэх гол институт гэдэг утгаараа улс төрийн онолын бусад асуудлуудтай харьцуулахад бие даасан түвшинд судлагдах хэмжээний онолын болон практик учир зүйн томоохон зангилаа асуудал болж байдаг:
Хоёрдугаарт, намын асуудлаар сонгодог гэж үнэлж болохоор олон арван туурвил бүтээлүүд бичигдэж бидэнд өвлөгдөж үлдсэн байдаг. Тэдгээрийн дийлэнх олонх нь XIX-XX зууны эхэн, дунд үед бичигдсэн байна. Энэ нь намын асуудал эхнээсээ л хүн төрөлхтний сор болсон улс төрийн философич, сэтгэгчдийн анхаарлын төвд байж тэдний судлал, шинжлэлийн бие даасан онцгой чиглэл болж байсныг харуулж байна. Энэ утгаараа энэ асуудал нь онол, үзэл санааны олон арван жилийн бодит үндэс, уламжлалтай юм;
Гуравдугаарт, орчин үед шинжлэх ухааны мэдлэг эрчимтэй дифференциалчлагдаж байна. Үүний үр дүнд шинжлэх ухааны мэдлэгийн олон тусгай чиглэл, салбарууд би болж байгаа билээ. Тухайлбал, нам судлалын онолын хүрээнд л гэхэд намын социологи, намын сэтгэл зүй, намын удирдлага, намын элит судлал, намын лидер судлал, намын эрх зүйн онол гэх зэрэг судалгааны олон чиглэл бий болж байгаа бөгөөд энэ бүхнийг нам судлалын ухаан нэгтгэн төвлөрүүлж байдаг. Нам судлал нь өөрөө шинжлэх ухааны мэдлэгийн ялгарал, төвлөрлийн үйл явцын үр дүн болж гарч иржээ. Практикаас үзэхэд шинжлэх ухааны мэдлэгийн олон чиглэл салбаруудын бие даасан статусыг хүлээн зөвшөөрөх нь шинжлэх ухааны хөгжлийн ердийн хэм хэмжээ болж байгаа юм;
Дөрөвдүгээрт, өнгөрсөн зууны дөчөөд оны сүүл үе буюу 1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор олон улсын улс төр судлаачдын их хурлаас улс төрийн ухааныг шинжлэх ухааны бие даасан тусгай салбар мен болохыг зарлаж, түүний судалгааны чиглэлүүдийг томъёолон тодорхойлсоны дотор нам, хөдөлгөөний асуудал онцгой байр суурь эзэлсэн байдаг[2]. Чухам энэ үеэс нам судлалын шинжлэх ухааны статусыг нийтээр хүлээн зөвшөөрөх эхлэл тавигдсан гэж үзэж болох юм. Учир нь аливаа шинжлэх ухааны бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч, судалгааны чиглэлүүдийг зарлана гэдэг нь үнэн хэрэгтээ зөвхөн тухайн шинжлэх ухааны төдийгүй түүнээс салбарлаж гарах учиртай мэдлэгийн өвөрмөц салбарын бие даасан статусыг шууд бус дам хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Яагаад гэвэл шинжлэх ухааны мэдлэг ямагт хөгжин хүрээгээ тэлж, олон чиглэлээр салбарлаж байдаг нь жам ёсны үзэгдэл юм. Тэр үед чухам энэ хандлагыг дэлхийн улс төр судлаачид ямар нэг хэмжээгээр ойлгон баримжаалж байсан нь тодорхой.
Ингэхлээр нам судлалыг улс төрийн шинжлэх ухааны харьцангуй бие даасан мэдлэгийн өвөрмөц нэгэн салбар гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна.
Нам судлал Өрнөдийн улс орнуудад онол, арга зүйн өндөр түвшинд хөгжиж иржээ. Үүний үндэс нь нэг талаас өрнөдийн нам судлалын онол Платон, Аристотель, Локк, Монтескье зэрэг улс төрийн философи сэтгэлгээний сонгодог үзэл санааны үнэт зүйлст суурилж байсан, нөгөө талаас тэрхүү улс орнуудын улс төрийн систем, нам, намын тогтолцоо нь эхнээсээ ардчилсан агуулга, хэв шинжийн хүрээнд хөгжиж ирсэнтэй холбоотой юм. Баруун Европын улс орнуудад нам судлал өндөр хөгжсөн нь нам судлалын түүхэнд нэр, мөрөө үлдээсэн зарим онолчид тухайлбал Алексис де Токвиль, Макс Вебер, Роберт Михельс, Моисей Острогорский, Морис Дюверже, Жованни Сартори, Огюст Бюрдо, Клаус фон Байме, Ф.Гогель, Дж. Лаполомбара, М.Винер, С.Липсет, Л.Энштейн, Г. Тритель Г.Еллинек, С.Ноймон, Ф.Сарауф, К.Жанда зэрэг орчин үеийн олон арван онолч, судлаачдын үйл ажиллагаатай зүй ёсоор холбоотой юм.
Харин урьд өмнө социалист гэгдэж байсан улс орнуудад нам судлал жинхэнэ утгаараа хөгжиж байсангүй. Гэхдээ ингэлээ гээд нам судлалын чиглэлийн шинжлэл, судлалын ажил тэдгээр улс орнуудад огт хийгдэж байгаагүй гэсэн үг биш. Харин ч энэ улс орнуудад шинжлэх ухааны коммунизмын онол, намын түүх, намын байгуулалтын шинжлэх ухааны хүрээнд нам судлал эрчимтэй хөгжиж байв. Гэвч харамсалтай нь энэ нь онол, арга зүйн хувьд нэг хэв загварт орсон ихээхэн үзэл сурталжсан, ангич, намч, төржсөн агуулгатай байсан юм.
Марксист-Ленинист “шинэ маягийн намын онол” ёсоор улс төрийн намыг нийгмийн тэргүүний хэсгийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага, ажилчин ангийн зохион байгуулалтын онцгой хэлбэр гэж үзэж байв. Нийгмийн улс төрийн системийн хүрээнд нэг намын тогтолцоо шийдвэрлэх үүрэгтэй байсан учир тэр үед ажилчин ангийн манлайлах үүргийн тухай улс төрийн системийн гол цөм нь нам болох тухай, төр, намын харилцаанд нам нь тодорхойлогч шинжтэй байх тухай онолын өрөөсгөл баримтлал газар авахад хүрч байв. Нэг үгээр хэлбэл тэр үед төрийн намын тухайд биш, харин төржсөн намын тухай онол, үзэл хүчтэй дэлгэрэн хэрэгжиж байсан юм.
Гэвч өнгөрсөн зууны 80-90-ээд оны зааг үеэс социалист гэгдэж байсан олон улс орнууд ардчилсан өөрчлөлтийн замд эргэлт буцалтгүй орсноор нам судлал тэдгээр улс орнуудад жинхэнэ сонгодог агуулгаараа хөгжих, бодит нөхцөл, бололцоо бүрдсэн байна. Учир нь ардчилсан хэлбэр, хэв маяг бүхий олон намын тогтолцоо улс төрийн үзэгдлийн хувьд бодитой оршин үйлчлэх болсноор түүнийг онолын хувьд шинжлэн судлах танин мэдэхүйн хэрэгцээ шаардлага тухайн цаг үеийн нийгмийн улс төрийн сэтгэлгээний өмнө зүй ёсоор тавигдах болсон юм. Үүнтэй уялдан урьд өмнө социалист гэгдэж байсан улс орнуудад нам судлалын бие даасан судалгааны чиглэл бий болсон билээ. Хэдий тийм боловч тэдгээр улс орнуудад нам судлалын шинжлэх ухааны сонгодог хэв маягийн үүсэл, бүрдэлтийн үйл явц амар хялбар байгаагүй юм. Үүний гол учир шалтгаан нь улс төр, нам судлалын онолын шинэ хэв загвар эхэн үедээ төдийлөн хэлбэршин зүгширч амжаагүй. Үүнтэй холбоотойгоор намын тухай улс төрийн онол, мэдлэгийн хүрсэн түвшин шаардлагын хэмжээнд хүрч чадахгүй байсан, шинэ ардчилсан хэв маягийн намын тухай онол, үйл ажиллагааны бэлэн туршлага хомс, боловсон хүчин, сургалт танин мэдэхүйн хүрэлцээ хангамж сайнгүй байсан зэрэгтэй холбоотой байсан юм. Үүний зэрэгцээ улс төрийн нам, намын ардчилсан систем бодит үзэгдлийн хувьд төлөвшин бойжиж амжаагүй байсан нь ч дээрх байдалд нөлөөлж байлаа. Намын асуудал нь онолын хувьд ихээхэн сонирхол татсан асуудлын нэг юм.
Намын асуудлын судлах шаардлага нь улс төрийн үзэгдлийн хувьд төдийгүй тухайн асуудлын өөрийнх нь онцлогтой уялдсан дараахь нөхцөл, хүчин зүйлтэй холбоотой байгаа юм. Энэ нь
Нэгдүгээрт, улс төрийн нам, намын системийн асуудал нь хамрах хүрээ өргөн, агуулгын хувьд олон талтай болохоор түүнтэй уялдаж холбогддоггүй улс төрийн онолын болон практикийн нэг ч асуудал байдаггүй гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл эл асуудал нь төрийн удирдлага, засаглалын болон улс төрийн тогтолцооны онол, улс төрийн ухамсар, соёл, улс төрийн хэм хэмжээ ёс зүй, сонгууль, сонгуулийн тогтолцоо, элит, болон хошуучлал судлалын онол гэх зэрэг улс төрийн ерөнхий онолын асуудалтай шууд болон дам ямар нэг байдлаар холбогддог. Энэ утгаараа нам, намын системийн асуудал нь улс төр судлалын харьцангуй төв гэж хэлж болох томоохон зангилаа асуудлын нэг юм. Чингэхлээр улс төрийн амьдрал болон улс төрийн тогтолцооны хүрээн дэх онолын хийгээд практик шинжтэй алив асуудлыг бодитой авч үзэх чухал нөхцөл нь нам, намын системийн асуудлыг тусгайлан шинжлэх явдал юм.
Хоёрдугаарт, улс төрийн нам, намын систем нь ардчилсан төрийн тогтолцооны гол тулгуур үндэс нь болдог. Төрийн ардчилсан тогтолцоонд нам, намын системийн үзүүлэх нөлөө нь тэдгээрийн төрийн засаглалын системд эзлэх байр суурь, статус, гүйцэтгэх үүргээр дамжин илэрч байдаг. Намууд төрийн засаглалын системд байр суурь эзлэн тодорхой үйл ажиллагаа явуулахын тулд өөрсдийн улс төрийн зорилго, бодлогоо сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган, олон түмний дэмжлэг, итгэлийг олж авахыг эрмэлздэг. Ингэхийн тулд намууд төрийн сонгуульд оролцон шударгаар өрсөлддөг. Үүний эцэст сонгогч олон түмний дэмжлэг олж авсан нам, намуудын эвсэл нь төрийн засаглалын бүтцэд өөрсдийн хууль ёсны байр сууриа эзэлдэг. Ийм намуудын улс төрийн бодлого, хөтөлбөр нь төрийн бодлогын үндэс болж, улс орны хөгжил, дэвшлийн цаашдын хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа төрийн ардчилсан институцийн салшгүй бүрдэл, элемент болсон нам, намын системийн асуудал улс төрчид, судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байдаг.
Гуравдугаарт, улс төрийн намууд нь төр, иргэн хоёрыг холбон нэгтгэгч “гүүр” болж байдаг утгаараа улс төрийн онолын сонирхол татсан асуудлын нэг болдог. Иргэний нийгэмд нийгмийн янз бүрийн бүлгүүд ашиг сонирхол, үзэл бодлоороо бие биенээсээ өвөрмөцөөр ялгарч байдаг. Тэрхүү сонирхол, үзлүүд нь олон ургальч өнгө аястай байдгаараа онцлогтой. Үүнтэй уялдан хүмүүсийн хувьд ашиг сонирхол, үзэл бодлоо бодитой хамгаалан илэрхийлж, түүнийгээ нэгдмэл байдлаар төрийн бодлогод тусгахыг эрмэлздэг. Үүнийг хэрэгжүүлэх улс төрийн гол механизм нь намууд болдог. Тийм ч учраас хүмүүс ашиг сонирхол, үзэл бодлын ойролцоо байдлаараа улс төрийн тодорхой нэг намд харьяалагдан түүгээр дамжуулан төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд оролцдог. Энэ утгаараа улс төрийн намууд хүмүүсийн нийгэмшилтийн үйл явцад чухал нөлөө үзүүлж байдаг байна.
Дөрөвдүгээрт, нам, намын систем нь өөрөө улс төрийн сонирхол татсан үзэгдэл юм. Цаг үеийн өөрчлөлттэй уялдан улс төрийн энэ үзэгдэлийн хүрээнд ч ихээхэн хувьсал, өөрчлөлт гарах болсон юм. Тухайлбал, орчин үеийн улс төрийн намууд улс төрийн үзэл бодол, зохион байгуулалт, нийгэмд эзлэх байр суурь, үүрэг үйл ажиллагаа, дотоод ардчиллын хувьд шинэ байдлаар төлөвшин хөгжих болсон билээ. Үүнтэй уялдан онолын болон практикийн хувьд бодитой судлан шийдвэрлэвэл зохих төвөгтэй олон шинэлэг асуудал дэвшигдэх болсон юм. Тэдгээрийг бодитой оношлон шийдвэрлэх нь улс төрийн амьдралын хүрээний олон асуудлыг зөв танин мэдэх бололцоог бүрдүүлдэг. Ингэхлээр нам, намын системийн асуудал нь ардчилсан нийгэм, түүний хүрээнд үйлчилж байдаг нийгэм улс төрийн хууль, жам ёсны мөн чанарыг нээн илрүүлж, бодитой танин мэдэхэд онолын болон практик учир зүйн талаасаа нэн чухал юм.
Монгол орны хувьд нам судлалын шинжлэх ухаан сүүлийн үед өргөн хүрээтэй хөгжиж түүний онолын тодорхой асуудлууд манай судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах болсон юм. Энэ нь:
- манайд нам, намын системийн ардчилсан хэв маяг улс төрийн үзэгдлийн хувьд бодитой илрэн үйлчилж, үзэл бодол, байр суурийн өвөрмөц онцлог бүхий намууд бүрэлдэн бий болсон;
- намын тухай урьдын уламжлалт үзлийг орчин үеийн намын үндэсний өвөрмөц шинэлэг үзэл, үзэл баримтлалаар сольж, энэ чиглэлийн онолын зарим гажуудлыг залруулан шинэчлэх шаардлага, хэрэгцээ бий болсон;
- нам, намын системийн хөгжлийн өвөрмөц шинэлэг хандлага, чиглэл нь Монголын нам судлалын шинжлэх ухааны өмнө оношлож, шийдвэрлэвэл зохих олон асуудлыг дэвшүүлэн тавих болсон зэрэгтэй холбоотой юм.
Улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн системд нам судлалын эзлэх байр суурь
Орчин үед шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд ялгарал, зааграл (дифференциация), ойртолт, нэгдэлтийн (интеграция) үйл явц эрчимтэй явагдаж байна. Гэхдээ шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжлийн явцад шинжлэх ухааны мэдлэгийн тодорхой салбаруудын хүрээнд ялгарлын үйл явц харьцангуй түлхүү явагдах төлөв ажиглагдаж байгаа юм. Урьд өмнө нийгмийн шинжлэх ухаанууд өөр хоорондоо нэг нэгдмэл шинжтэй байжээ. Харин шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжилт, гүнзгийрэлтийн хэрээр нийгмийн олон шинжлэх ухааны өвөрмөц салбарууд бие биенээсээ ялгаран зааграх болсон юм.
Нийгмийн шинжлэх ухааны бүрдэл хэсэг болох улс төрийн шинжлэх ухаан хөгжлийнхөө явцад бие даасан өвөрмөц олон салбар шинжлэх ухаануудыг өөрөөсөө бий болгосон юм. Өнөө үед тэрээр улс төр судлал, улс төрийн философи, улс төрийн сэтгэл зүй, улс төрийн социологи, улс төрийн эрх зүй, улс төрийн түүх, улс төрийн газар зүй гэх зэрэг өвөрмөц бие даасан мэдлэгийн салбарууд болон хөгжиж байна. Тэр ч байтугай улс төрийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсгүүд ч дотроо өвөрмөц мэдлэгийн салбар болон задрах болжээ. Тухайлбал, улс төрийн ерөнхий онол болох улс төр судлалын шинжлэх ухаан нь хөгжлийнхөө явцад өөрөөсөө өвөрмөц улс төрийн олон тусгай онол, мэдлэгийн салбаруудыг бий болгосон байна. Жишээ нь, улс төр судлалын ерөнхий онолоос парламент судлал, нам судлал, сонгууль судлал, элит судлал, хошуучлал судлал, улс төрийн соёл судлал, улс төрийн ухамсар судлал, улс төрийн ёс зүй судлал, улс төрийн үйл байдал судлал, улс төрийн статистик гэх зэрэг улс төрийн тусгай онолын салбар ухаанууд бие даан гарсан байна. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд улс төр судлалын онол нь бүтцийн хувьд улс төрийн ерөнхий онол, тусгай онол, эмпирик гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд үүнийг дагалдаад ерөнхий улс төр судлал, хавсрага улс төр судлал, хавсрага нь харьцуулсан, хэрэглээний гэх зэрэг мэдлэгийн өвөрмөц хэлбэрүүдэд хуваагддаг.
Улс төр судлалын мэдлэгийн системд нам судлалын шинжлэх ухаан чухал байр суурь эзэлдэг. Нам судлал нь судалгааны объект, судлах зүйлийн хүрээ, багтаамж, онцлогийн хувьд улс төрийн тусгай онолын үүрэг гүйцэтгэдэг. Тодруулж хэлбэл, нам судлал нь улс төрийн ерөнхий онол хийгээд эмпирик онолын зааг уулзвар дээр оршдог шинжлэх ухааны мэдлэгийн тусгай өвөрмөц салбар юм.
Энэ утгаараа нам судлал нь улс төрийн ерөнхий хийгээд эмпирик онолын аль алиных нь бааз сууринд тулгуурладаг байна. Тухайлбал, нам судлал нь улс төрийн ерөнхий онолоос онол, үзэл санааны эх сурвалжаа авдаг бол улс төрийн эмпирик онолоос судлал шинжлэлийн гол баримт материалаа олж авдаг байна.
Хэдийгээр нам судлал нь ингэж улс төрийн мэдлэгийн системд улс төрийн тусгай онолын үүрэг гүйцэтгэдэг ч өөрийнхөө түвшинд тэрээр мөн ерөнхий, тусгай, эмпирик онолын өвөрмөц системлэг бүтцийг бүрдүүлдэг. Үүний үндэс нь нэгд, нам судлал нь улс төр судлалын ерөнхий мэдлэгийн хүрээнд өвөрмөц бие даасан байр суурь эзэлдэг, хоёрт, нам судлал нь улс төрийн ерөнхий мэдлэгийн системийн салшгүй бүрдэл элемент болдог ч түүний хүрээнд өвөрмөц дэд системийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь бүтцийн түвшинд зохион байгуулагдсан бие даасан бүхэл систем болдог, гуравт, өөрийн судалгааны объект, судлах зүйлээ системийн онолын хүрээнд авч үздэг, дөрөвт, нам судлалын судалгааны гол судлагдахуун болох нам, намын системийн асуудал нь улс төрийн онолын ерөнхий хийгээд тусгай, эмпирик түвшинд судлагдах бүхэл системлэг үзэгдэл болдог, тавд, улс төрийн тусгай үзэгдэл болох нам, намын систем нь улс төрийн ерөнхий үзэгдэлийн тусгал болдог төдийгүй энэ ерөнхий үзэгдэл нь нам, намын систем хэмээх тусгай үзэгдэлээр дамжин илэрч байдаг зэрэгтэй холбоотой юм. Үүнтэй холбоотойгоор зарим судлаачид нам судлалыг улс төрийн ерөнхий, тусгай, эмпирик онолын аль алиных нь шинж элементийг агуулсан улс төрийн шинжлэх ухааны онцгой салбар гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Тэгэхдээ ингэлээ гээд “улс төр судлал”, “нам судал” хоёрыг механикаар шууд адилтган үзэж болохгүй нь мэдээж. Харин энэ тохиолдолд түүнийг улс төр судлалын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үзэхийн зэрэгцээ өөрийн өвөрмөц бүтэц, чиглэл бүхий улс төр судлалын харьцангуй бие даасан салбар ухаан гэж ойлгох учиртай юм.
Нам судлалын судлах зүйлийн хүрээ, түвшин
“Нам судлал” (партология) нь үгийн гарал зүйн хувьд хэсэг, тал (pars), судлал (logos) хэмээсэн “хэсэг тал судлал” гэсэн утгатай латин үгнээс гаралтай юм. Гэвч шинжлэх ухааны танин мэдэхүй болон улс төрийн өвөрмөц үзэл болох намын хөгжлийн явцад уг үгийн утга агуулгад тодорхой өөрчлөлт гарсан байна.
Нам судлал нь аливаа бусад шинжлэх ухааны нэгэн адил өөрийн судалгааны объект, судлагдахуунтай байдаг. Энэ тухай асуудлыг авч үзэхийн өмнө “судалгааны объект”, “судлах зүйл” гэсэн ойлголтын талаар товч боловч тодруулах нь зөв юм.
Улс төрийн ном зохиолд шинжлэх ухааны судалгааны объект гэдгийг тухайн шинжлэх ухааны судлагдахууны ерөнхий хүрээ, авч үзэх асуудлын нийтлэг, бүхэл шинжийг илэрхийлсэн ойлголт хэмээдэг бол судлах зүйлийг тухайн тодорхой шинжлэх ухааны судалгааны объектын тодорхой хэсэг, тал, буюу уг шинжлэх ухааныг шууд судлаж байгаа тэр үзэгдэл гэж тайлбарласан байдаг.
Оросын судлаач В.А.Козлов “Объект гэдэг нь хүмүүсийн танин мэдэхүйд нээлттэй байгаа, судлагдаж болох зүйл, судлах зүйл нь түүн дотроос судлагдаж ирсэн буюу одоо судлагдаж байгаа асуудлууд юм” гэж тэмдэглэсэн байна.[3]
Эндээс үзвэл судалгааны объект, судлах зүйл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд энэ холбоо, харилцааны хүрээнд судалгааны объект нь судлах зүйлээ багтааж байдаг байна. Цаг үеийн өөрчлөлт, шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжлийн явцад алив шинжлэх ухааны хувьд өөрийн судалгааны объектын талаар илүү өргөн хүрээтэй, гүнзгий мэдлэг олж авах шаардлага гардаг. Үүнтэй уялдан судлах зүйлийн хүрээ өргөжиж, байнга өөрчлөгдөн, хувьсаж байдаг. Харин судлах зүйлийн хүрээ өргөжихийн хэрээр объектын талаар илүү үнэнд ойртсон гүн гүнзгий мэдлэг олж авах бололцоо бүрддэг байна.
Нам судлалын судалгааны объект нь улс төрийн өвөрмөц бие даасан үзэгдэл болох улс төрийн нам юм. Харин судлах зүйл нь нам, намын системтэй холбоотой онолын тодорхой асуудлууд, улс төрийн үзэгдэл, үйл явдлууд байдаг.
Нам судлалын судлах зүйлийн системд намын үүсэл бүрдэлт түүний институтжих үйл явцад нөлөөлөх хүчин зүйл, намын хөгжилт, төлөвшилтийн болон улс төрийн намын хэв маяг, хэлбэр, бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, нийгмийн нөлөөлөл, намын дотоод ардчилал түүнийг хянах үйл ажиллагааны арга хэлбэр, намын засаглал, улс төрийн бусад системийн үйлдлүүдтэй харилцах харилцаа хийгээд, намын систем, түүний хөгжлийн төлөв хандлагын онолын цогц асуудлууд багтдаг. Ингэхлээр нам судлал нь улс төрийн намыг судалгааныхаа гол объект болгох явцдаа түүний хүрээнд дэвшигдсэн онолын болон эмпирик түвшний бүх асуудлыг судлагдахуунаа болгодог байна. Тэгэхдээ тэдгээр асуудлын логик агуулга, шинж байдал мөн чанар нь бүхэлдээ эцсийн дүнд нам, намын системийн хөгжлийн хууль, жам ёсоор дамжин төвлөрөн илэрч байдаг. Тиймээс ч нам судлалын шинжлэх ухааны гол зорилго нь нам, намын системийн хөгжлийн явцад илрэн, үйлчилж байгаа бодит хууль, зүй тогтлыг нээн илрүүлж, оношлон шинжлэх үндсэн дээр намтай холбогдон гарсан онолын болон практикийн цогц асуудлуудад хариу өгөх явдал юм.
Ингэхлээр нам судлал нь улс төрийн нам, намын системийн үүсэн бүрэлдэж, оршин тогтнох үйл явцын хүрээнд үйлчилж буй нийтлэг өвөрмөц хууль, жам ёсны тухай, намын нийгэм-улс төрийн амьдралд үзүүлэх нөлөө, оролцоо, үүргийн тухай шинжлэх ухаан мөн.
Эндээс нам, намын системийн хөгжлийн хууль, жам ёс гэдгийг хэрхэн ойлговол зохих вэ? гэсэн асуудал зүй ёсоор гарч ирж байгаа юм.
Нам, намын системийн үүсэн бүрэлдэж, оршин тогтнож, төлөвших үйл явцын хүрээнд үйлчилж буй хууль гэдэг нь улс төрийн эл үзэгдлийн хөгжлийн явцад илэрч байгаа дахин давтагдагч, хамгийн гол, обьектив, түгээмэл хэлхээ холбоо бүхий үзэгдлүүд юм. Энэ нь улс төрийн тухайн үйл явцын хөгжлийн явцад давтагдан илрэх явцдаа нам, намын системийн дотоод агуулга мөн чанарыг өөртөө агуулж байдаг. Тиймээс ч энэхүү хуулийг судалж, танин мэднэ гэдэг нь нам, намын систем хэмээх улс төрийн бие даасан үзэгдлийн төлөвшил, хөгжлийн утга учир, мөн чанарыг танин мэднэ гэсэн үг юм.
Намын төлөвшилтийн явцад илэрч буй хуулийн үйлчлэлийн үр дүн нь намын хөгжлийн жам ёсыг бүрдүүлдэг. Жам ёс гэдгийг зүй тогтол гэдэг утгаар зарим судлаачид оноон нэрлэсэн байдаг. Жам ёс бол намын хөгжлийн хуулийн үйлчлэлийн явцад илэрч байгаа буюу цаашдаа илрэх төлөв хандлага, хуулийн үйлчлэлийн үр дагавар юм.
Нам судлаачид намын хөгжлийн хуулийг статик болон динамик гэж ангилан тэдгээрийг учир ялгавартай авч үздэг. Намын төлөвшилтийн динамик хууль нь улс төрийн эл үзэгдлийг хөгжил, хөдөлгөөнд нь тогтвортой биш талаас нь эрч хөдлөл, өөрчлөлтөнд нь авч үзэх явцад илэрч үйлчилж байдаг. Энэ хуулийг танин мэдсэнээр улс төрийн нам, намын систем нь цаг үеийн өөрчлөлтийг дагаад байнга хувирч, хувьсаж байдаг үйл явц мөн бөгөөд энэ явцдаа улс төрийн орчин нөхцөлдөө дасан зохицож, өөрийгөө хадгалан шинэчлэж, өөрийн хүрээндээ судлаж танин мэдвэл зохих олон шинэлэг асуудлыг гаргаж тавьж байдаг өвөрмөц онцгой улс төрийн үзэгдэл болохыг ойлгох бололцоотой болдог.
Харин намын хөгжлийн статик хуулийн үйлчлэлийг шинжлэн үзсэнээр намын харьцангуй тогтвортой, функционал шинжийг нь олж харах бололцоо бүрддэг. Статик хуулийн үйлчлэлийг танин мэдэхэд нам, намын системийн өөрийнх нь өвөрмөц тогтвортой гол шинжүүд, түүний бүтцийн элемент, тэдгээрийн харилцан хамаарал, намын институционал шинж, нийгэм-улс төрийн систем, засаглалын хэлбэртэй уялдан шүтэлцэх харилцааны онцлог талуудыг ойлгон баримжаалж, тэдгээрийн хүрээн дэх намуудын нөлөө, байр суурь, үүргийг танин мэдэх бололцоотой болдог.
Нам судлалын онол нь үндсэн судлагдахуунаа өөрийн өвөрмөц бүтцийн хүрээнд учир ялгавартайгаар авч үздэг. Энэ нь нам судлалын онолын ерөнхий, тусгай, эмпирик хүрээ юм.
Нам судлалын ерөнхий онол нь бүхэлдээ улс төрийн нам, намын систем, намуудын үүрэг үйл ажиллагаа, нам, намын системийн хүрээнд үйлчилж буй нийтлэг улс төрийн харилцааны тухай ерөнхий мэдлэгийн цогц юм. Ерөнхий онолын хүрээнд нам судлал нь намыг авч үзэхдээ нийгэм улс төрийн тогтолцооны бүрдэл, түүний өвөрмөц нэгэн үзэгдэл, элемент гэдэг талаас нь шинжлэн үздэг. Ингэхдээ улс төрийн ерөнхий онолын гол үнэт зүйлс, үнэлэмжинд суурилдаг. Нэг үгээр хэлбэл намыг улс төрийн ерөнхий онолын хүрээнд түүний агуулгаар авч үзэж судалдаг.
Нам судлалын ерөнхий онолын хүрээнд намын үүсэл, төлөвшилт, намын мөн чанар, хэв маяг, хэлбэр, тэдгээрийн шалгуур шинж, нам, улс төрийн үзэгдэл, үйл явцын харилцан хамаарал, засаглалын систем дэх намуудын байр суурь, нөлөө, үүрэг, үйл ажиллагаа, намын системийн мөн чанар, бүтэц, бүрдэл гэх зэрэг нам, намын системтэй холбогдсон онолын өргөн хүрээтэй асуудлууд хамаарагддаг байна.
Харин нам судлалын тусгай онол нь намыг улс төрийн бие даасан амьд “организм”-ын хувьд оршин тогтноход нь зайлшгүй хэрэгтэй нөхцөл, хүчин зүйл түүнтэй холбоотой үзэгдэл, үйл явцыг онолын хувьд тусгайлан авч үздэг. Энэ асуудлын хүрээнд намын бүтэц, зохион байгуулалт, үзэл номлол, нийгмийн төлөөлөл, намын дотоод ардчилал, намын улс төрийн үйл ажиллагааны онол гэх зэрэг намын тусгай онолын түвшний олон чухал асуудал хамаарагддаг. Эндээс үзэхэд намыг бие даасан тусгай үзэгдэл болохынх нь хувьд түүнд үйлчилдэг өвөрмөц, хууль, зүй тогтолыг нээн илрүүлэх нь нам судлалын тусгай онолын гол зорилго байдаг байна.
Нам судлалын онолын эмпирик чиглэл нь улс төрийн нам, намын систем түүний үйл ажиллагааны явцад дэвшигдэн гарсан практик асуудлуудад хариу өгөхөд гол төлөв чиглэгддэг. Тухайлбал, нам судлалын ерөнхий болон тусгай онолыг улс төрийн бодит амьдралд хэрэгжүүлэх явцад шийдвэрлэж хариу өгвөл зохих практик шинжтэй олон асуудал дэвшигддэг бөгөөд түүний хүрээнд намын зохион байгуулалтын бүтцийн үндсийг бүрдүүлэх, лидер элит болон намын гишүүдийн улс төрийн үйл ажиллагаа, улс төрийн соёлын зохистой хэв маягийг төлөвшүүлэх тэдний улс төрийн боловсролын түвшинг дээшлүүлэх, гишүүд дэмжигчтэй ажиллах үйл ажиллагааны арга барилыг боловсронгуй болгох, намаас сонгуулийн кампаныг явуулах арга, арга зүй, энэ чиглэлийн үйл ажиллагааны оновчтой хувилбарыг сонгох, засаглалын болон намуудын харилцаа, намын дотоод ардчиллын хүрээнд дэвшигдэн гарсан практик асуудлуудыг шийдвэрлэх, намын болон улс төрийн үйл явцын өрнөлтийн хронологи, баримт материалыг цуглуулан судлаж, ашиглах, намын олон түмний сэтгэл зүй, улс төрийн оролцоо, идэвхийн түвшинг судлаж тогтоох зэрэгтэй холбогдсон асуудлууд хамаарагддаг.
Ингэж нам судлал судлагдахуунаа онолын дээрх хүрээ, чиглэлээр авч үзэхдээ түүнийг судлал шинжлэлийн дараахь үндсэн түвшинд шинжлэн үздэг.
Энэ нь нэгдүгээрт, бүтэц-бүрдэл (институт)-ын түвшин. Энэ түвшинд нам судлал улс төрийн намыг улс төрийн нийтлэг системийн өвөрмөц бүрдэл бүхий элемент, тогтолцоо гэж үзэхдээ түүнийг нийгмийн улс төрийн амьдралд нөлөөлөгч байгууллага гэдэг талаас нь онцлон судалдаг.
Нам бол нийгэм дэх олон янзын сонирхол, үзэл бүхий социал бүлгүүдийг нэгтгэж, тэдний үзэл, сонирхлыг төрийн засаглалын түвшинд тодорхой байр эзлүүлэн, төрийн бодлого боловсруулан шийдвэр гаргах үйл явцад тусган хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага билээ. Энэ утгаараа нам бол М.Дювержегийн үзэж байсанчлан төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцон нөлөөлдөг зохион байгуулалтын өвөрмөц бүтэц бүхий байгууллага юм.
Нам болон намын системийг байгууллагын түвшинд шинжлэн зэхэд түүний өөрийнх нь болон төрийн засаглалын түвшин дэх бүтэц, зохион байгуулалтын зарчим, хэв маяг, хэлбэр, онцлог зэргийг нарийвчлан авч үзэх нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл намыг улс төрийн өвөрмөц институт болохынх нь хувьд танин мэдэж түүнийг бүтэц зохион байгуулалтын хэлбэрийн талаас нь ялган зааглаж, тэдгээрийг харьцуулан судлах бололцоотой болдог. Энэ нь улс төрийн намын мөн чанар, үндсэн шинжийг тодорхойлон танин мэдэхэд арга зүйн чухал ач холбогдолтой байдаг.
Хоёрдугаарт, түгээмэл – харилцааны түвшин. Нам судлалын ухаан нь нам, намын системийг институт талаас нь судлахаас гадна түүнийг нийгэм улс төрийн тогтолцоо, нийгмийн социал орчин, нийгэм – сэтгэл зүйн хүрээ зэрэг нийгмийн бусад үзэгдэл, үйл явцтай харилцан хамаарал, шүтэлцээнд нь авч үзэж судалдаг.
Нам, намын систем нь улс төрийн бие даасан онцгой өвөрмөц үзэгдэл мөнийн хувьд нийгмийн макро, микро түвшний бүх үзэгдлүүдтэй харилцан шүтэлцээнд оршдог. Тиймээс ч түгээмэл харилцаа бол нам, намын системийн оршихуйн нэг гол нөхцөл, түүний илрэн хэрэгжих хэлбэр нь болдог. Харилцааны энэ түгээмэл шинжийг танин мэдэх нь нам, намын системийг бодитой шинжлэн, баримжаалах гол нөхцөл нь болдог.
Нам судлал намыг түгээмэл харилцааны түвшинд судлахдаа харилцааны хоёр үндсэн хэв маягийн хүрээнд авч үздэг. Энэ нь харилцааны дотоод, гадаад хэв маяг юм.
Намын дотоод харилцаа нь намыг бүрдүүлж буй өвөрмөц бүрдэл хэсгүүдийн хоорондын харилцан хамаарал юм. Харилцааны энэ хүрээнд намын нийгмийн төлөөллийг бүрдүүлж буй социал бүлгүүд тэдгээрийн хоорондын болон намын гишүүд, дэмжигчид, намын лидер, элитүүдийн хоорондын харилцаа, намын зохион байгуулалтын бүтцийн элементүүд, намын янз бүрийн шатны байгууллагын хоорондын харилцаа зэргийг хамруулан үздэг.
Харин харилцааны гадаад хэв маягт нам, намын системийн нийгмийн гадаад орчны үзэгдэл, үйл явцтай холбогдон шүтэлцэх тэр хэлхээ холбооны хэлбэрийг хамруулан ойлгодог. Харилцааны энэ хүрээнд намууд хоорондын болон нам, намын системийн, улс төрийн тогтолцоо, засаглалын бусад байгууллагуудтай намын харилцах харилцаа, намын засаглалыг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа: нам сонирхлын бүлгүүдийн хоорондын харилцаа, намын гишүүд болон нам бусчуудтай харилцах харилцаа зэрэг харилцааны өргөн төрөл хэлбэрийг багтаадаг. Ингэхлээр нам, намын системийг харилцааны түвшинд судалсанаар намтай холбогдон гарсан нийгэм-улс төрийн харилцааны агуулгыг ухааран ойлгож, түүгээр дамжуулан намыг илүү өргөн дэлгэр, гүнзгий танин мэдэх бололцоотой болдог. Учир нь нам, намын системийн хүрээнд үйлчилж байгаа улс төрийн харилцаа нь уг чанартаа түүний мөн чанарыг илэрхийлэх, олон чухал шинжүүдийг өөртөө агуулж байдаг. Тиймээс ч намыг харилцааны түвшинд судлах нь түүнийг улс төрийн үзэгдэлийх нь хувьд бүрэн дүүрэн танин мэдэх нэг чухал суурь үндэс нь болдог байна.
Гуравдугаарт, зорилго – үүрэг, үйл ажиллагааны түвшин. Нам, намын систем бол улс төрийн тодорхой зорилгоор зохион байгуулалттайгаар нэгдсэн нийгмийн субъект, хүмүүсийн идэвхтэй, ухамсартай үйл ажиллагааны тасралтгүй орчил юм. Тиймээс ч намыг зорилго – үүрэг, үйл ажиллагааны талаас нь шинжлэн үзэхэд түүний олон чухал шинжүүдийг танин мэдэх бололцоо бүрддэг.
Намын үзэгдлийг зорилго, үүрэг үйл ажиллагааны түвшинд судлах нь намын зорилгын үнэт зүйлс, үйл ажиллагааны харьцангуй тогтвортой функционал шинжүүдийг тусгайлан авч үзнэ гэсэн үг юм. Тодруулж хэлбэл, улс төрийн намын зорилго, зорилгын үнэт зүйлс, улс төрийн үүрэг, үйл ажиллагааны зарчим, чиглэл, хүрээ, нийгэмд үзүүлэх нөлөө, нөлөөлөл, үр дагаврын талаас нь харьцуулан судалж байгаа хэрэг юм.
Намыг тавьж буй зорилт, зорилго, явуулж буй үйл ажиллагааны шинж байдлаар нь хэмжин үздэг нийтлэг шалгуур байдаг. Учир нь зорилго, үйл ажиллагаагаар дамжин намын нийгэмд эзлэх байр суурь, үүрэг нөлөө, олон түмний дэмжлэг зэрэг намын мен чанарыг илтгэх олон чухал шинжүүд илэрч байдаг. Тиймээс ч намын зорилго, үүрэг, үйл ажиллагаа нь түүнийг улс төрийн бие даасан сүбъектын хувьд нь судлах, нам, намын системийн цаашдын хувьсал өөрчлөлт, төлөвшилтийн чиг хандлагын төлөв байдал тодотгон баримжаалах суурь үндэс нь болдог байна.
Дөрөвдүгээрт, хэм хэмжээ – зохицуулалтын түвшин. Энэ түвшинд нам судлал нь намыг эрх зүйн бие даасан субъект гэдэг агуулгаар авч үзэж судалдаг. Учир нь нам, намын систем нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байдаг. Энэ утгаараа намын эрх зүйн хэм хэмжээ нь намын үүрэг, үйл ажиллагаа, түүнийг бүрдүүлж байгаа зохион байгуулалтын бүтцийн элементүүдийн хоорондын харилцааг зохицуулан чиглүүлэх чухал механизм болдог.
Намын хэм хэмжээний асуудлын хүрээнд түүний дотоод бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиглэл, эрх, үүрэг тэдгээрээс үүдэн гарсан харилцааны тодорхой дэг ёс, дүрэм, журмыг багтааж байдаг.
Намын хэм хэмжээ нь а) намын улс төрийн үйл ажиллагааны, б) дотоод ардчиллын в) намуудын хоорондын болон засаглалын институт, байгууллагатай харилцах харилцааны хэм хэмжээ гэж ялгардаг. Ингэж намыг эрх зүйн бие даасан субъектын хувьд судлах нь нийгэмд намын эзлэх байр суурь, статус, түүний легитимацыг хангах тодорхой нөхцөл, хүчин зүйлийг танин мэдэхээс гадна нам, намын системийг өөрийг нь танин мэдэхэд тус болохуйц олон чухал шинжийг ойлгон ухаарах өргөн бололцоог олгож байддаг юм.
Тавдугаарт, ухамсар-сэтгэл зүйн түвшин. Нам нь ухамсар, сэтгэл зүйн элементийг өөртөө агуулдаг. Энэ нь намын улс төрийн үзэл номлол, үйл ажиллагааны онолын парадигм, намын гишүүд дэмжигчдийн улс төрийн ухамсар, үзэл, хандлага, сэтгэл зүй, улс төрийн соёл, идэвхийн шинж байдлаар илэрч байдаг. Тиймээс ч намыг энэхүү ухамсар, сэтгэл зүйн талаас нь өргөн хүрээнд судлах нь түүнийг байгууллагын болон түгээмэл харилцаа, үүрэг, үйл ажиллагаа, хэм хэмжээ-зохицуулалтын түвшинд авч үзэхээс ч дутахгүйгээр намыг танин мэдэхэд хэрэгтэй чухал шинжийг тодотгон баримжаалах бололцоог олгодог. Намыг улс төрийн үзэл номлол, үйл ажиллагааны парадигм, гишүүд, дэмжигчдийн нийгэм-сэтгэл зүйн хандлага, тэдний улс төрийн соёл, ухамсарын түвшингөөр нь дамжуулан судалсанаар нам, намын системийн төлөвшилтийн үйл явцын хүрээнд үйлчилж буй олон чухал бодит хууль, жам ёсны учир зүйг ойлгон ухаарч танин мэдэж авдаг байна.
Эцэст нь тэмдэглэхэд нам судлал нь нам, намын системийг улс төрийн ямагт хөгжиж, хөдлөж байдаг үзэгдэл талаас нь түүний хүрээнд үйлчилж байгаа статик болон динамик хууль, жам ёсны хүрээнд нь бодитой авч үзэж судалдаг юм.
зүйлийн бүрдэл, элементийн хамрах хүрээ өргөн, агуулгын хувьд олон талтай цогц, иж бүрэн шинжтэй байдагтай холбоотой юм.
Нам судлал нь судлах зүйлээ өөрийн тодорхой ойлголт, категориор дамжуулан авч үздэг. Нам судлалын ойлголт, категорууд нь түүний судалгааны объект, судлах зүйлийн мөн чанарын агуулгыг товч тодорхой томъёолон илэрхийлж байдаг. Нам судлалын ойлголтын системд нам, намын систем, үзэл суртал, намын хэм хэмжээ, намын нийгмийн төлөөлөл, нийгмийн бааз, бүрэлдэхүүн, намуудын улс төрийн харилцаа, намын нийгэмд эзлэх байр суурь, статус, намын фракц, парламентын нам гэх мэт олон янзын ойлголтыг багтаан үздэг.
Нам судлал нь бүтцийн хувьд онолын, хэлбэрийн, агуулгын гэсэн 3 үндсэн түвшинд хуваагддаг бөгөөл онолын түвшинд: нам судлал нь нам судлалын ерөнхий онол, тусгай онол, эмпирик онол, хэлбэрийн түвшинд: онолын нам судлал, хавсрага нам судлал, харьцуулсан нам судлал, агуулгын түвшинд: судлах зүйл, хууль, жам ёс, зарчим, ойлголт терори уурэг, судалгааны арга гэсэн үндсэн элементүүдээс бүрддэг байна.
Нам судлал нь улс төрийн шинжлэх ухааны бие даасан өвөрмөц салбар мөнийн хувьд аливаа шинжлэх ухааны нэгэн адил тодорхой үүрэгтэй байдаг. Нам судлал нь нийгмийн оюун санааны төлөвшилтийг хангах, улс төрийн үйл явцад олон түмний оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, тэднийг улс төрийн соёлд сургах, улс төрч, элит, лидерүүдийг төлөвшүүлэх, нийгмийн улс төрийн үзэгдэл, үйл явцын шалтгаан, нөхцөл, утга учрыг бодитой танин мэдэх, түүний өрнөлтөнд чиг баримжаагаа алдахгүй байх зэрэгт танин мэдэхүй, онол арга зүйн чухал суурь үндэс болж өгдөг.
Нам судлалын үүрэг бол эл салбар шинжлэх ухааны зорилго, чиглэлээс үүдсэн онол-танин мэдэхүйн үйл ажиллагааны тодорхой төрөл хэлбэр, түүний нийгэмд үзүүлж байгаа
нөлөөллийн үр дагавар, тэдгээрийн цогц илэрхийлэл юм. Энэ шинжлэх ухаан нь нийгэмд онол, танин мэдэхүй, арга зүйн; үнэлгээ үнэлэмжийн зохицуулах; төлөгчлөн таамаглах, урьдчилан харах, улс төрийн ертөнцийг үзэх үзэл, оюуны соёлын, нийгэмшүүлэх, хүмүүжлийн гэх зэрэг цогц үүргийг гүйцэтгэдэг. Энэ үүргийн заримынх нь талаар товч авч үзье.
Нам судлалын нэг үндсэн үүрэг нь онол – танин мэдэхүйн үүрэг юм. Улс төрийн намыг судлан шинжлэх нь зөвхөн намууд төдийгүй түүгээр дамжуулан нийгмийн улс төрийн үзэгдэл, үйл явцын мөн чанарыг бодитой танин мэдэх бололцоог олгодог.
Нам, намын систем бол байнга хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдаг улс төрийн онцгой өвөрмөц үзэгдэл билээ. Ингэж хөгжих явцад түүний хүрээнд танин мэдэж, шийдвэрлэх учиртай олон шинэлэг асуудлууд дэвшигддэг бөгөөд тэдгээрийг цаг тухайд нь танин мэдэж шийдвэрлэхгүйгээр улс төрийн дээрх өвөрмөц үзэгдлийн цаашдын хөгжлийг хангах бололцоогүй юм. Учир нь нам, намын системийн хөгжлийн явцад дэвшигдсэн асуудлууд шийдвэрлэгдэхгүй хуримтлахад хүрвэл эл үзэгдэл нь өөрөө зогсонги байдалд орж, нийгмийг ардчилах үйл явцад саад тотгор учруулахад хүрэх юм. Тиймээс ч энэ асуудлыг улс төрийн амьдралын тухайн цаг үеийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэн шийдвэрлэж хариу өгөх ёстой юм. Харин ингэж шийдвэрлэж, хариу өгөх гол урьдчилсан нөхцөл нь тухайн асуудлын үүсэн бий болсон нөхцөл, хүчин зүйл, бодит шалтгаан шинж байдлыг тал бүрээс нь гүнзгий танин мэдэх явдал юм. Өөрөөр хэлбэл, үзэгдлийг сайтар танин мэдэхгүйгээр түүний хүрээнд дэвшигдсэн асуудлуудад хариу өгөх аргагүй билээ. Ингэж танин мэдэхэд нам судлалын онол тусалдаг.
Сүүлийн үед орчин үеийн улс төрийн намууд ихээхэн өөрчлөгдөн хувьсаж байгаа төдийгүй түүний улс төрийн үйл явцад оролцох оролцоо, нөлөөллийн шинж байдалд ч чанарын өөрчлөлт гарах боллоо. Үүнтэй уялдан нам, намын системийн шинж байдал, түүний үйл ажиллагааны арга, хэлбэрийн хүрээнд гарсан өөрчлөлтийн учир зүйг олж, түүний нийгэм, улс төрийн амьдралд үзүүлэх нөлөө, оролцооны зохистой арга хэлбэр, оновчтой механизмыг шилж сонгох, энэ чиглэлийн үйл ажиллагааны үр нөлөөтэй хувилбарын иж бүрэн онолын загварыг бий болгох шаардлага зүй ёсоор тавигдах боллоо. Амьдралаас үүдсэн энэ шаардлагыг бодитой хэрэгжүүлэх үүрэг өнөөгийн нам судлалын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ингэхлээр нам судлалын онол – танин мэдэхүйн үүрэг цаг хугацааны эрхээр хумигдах бус харин ч улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна.
Нам судлал нь нам, намын системийн хөгжлийн явцад дэвшигдсэн асуудлуудыг зөвхөн танин мэдээд зогсохгүй түүнийг шийдвэрлэж хариу өгөх ерөнхий удирдамж, онол – арга зүйн нэг үндсэн бааз суурь нь болдог. Энэ утгаараа нам судлапын чухал үүрэг нь арга зүйн үүрэг юм.
Нам, намын систем нь хөгжлийнхөө явцад шийдвэрлэвэл зохих асуудлуудыг дэвшүүлэн тавьдаг гэдгийг үүний өмнө бид тэмдэглэсэн. Тэдгээр асуудлыг цаг тухайд нь судлан шинжлэн, оношлон хариу өгөх нь түвэгтэй нарийн зорилт юм. Үүнийг хэрэгжүүлэхэд намын ерөнхий, тусгай, эмпирик онол бүхэлдээ чиглэгддэг.
Намын ерөнхий онол нам, намын системийн хүрээнд хуримтлагдсан онолын тулгамдсан асуудалд хариу өгөхөд арга тулгуур үндэс нь болдог. Тухайлбал, улс төрийн нам, намын системийн төлөвшилт түүнд нөлөөлж буй нөхцөл, хүчин зүйл нь улс төрийн амьдралын цаг үеийн тухайн онцлог байдалтай уялдан ямагт шинэ агуулгаар баяжин шинэчлэгдэж байдаг. Энэ бүхнийг цаг тухайд нь танин мэдэж, өөрчлөлт хувьсалын учир зүйг нь олж түүнд нийцсэн онол баримтлалын шинэлэг хандлагын зохистой хувилбарыг боловсруулах нь улс төрийн болон нам судлалын шинжлэх ухааны чухал үүрэг юм.
Улс төрийн ардчилсан тогтолцоотой улс оронд улс төрийн нам, намын системийн ямар хэв маяг нийцэмжтэй эсэх түүнийг өөрчлөн шинэчлэх эсхүл нэгэнт оршин үйлчилж байгаа намын системийг төгөлдөржүүлэн сайжруулах боломж бололцоо, намын систем нь улс төрийн ерөнхий тогтолцооны төлөвшилтөнд яаж нөлөөлж нийгмийн улс төрийн амьдралын бусад үзэгдэл, үйл явцтай хэрхэн уялдан хамаарч байна гэх зэрэг асуудлууд нь нам судлалын ерөнхий онолын хүрээнд байнга дэвшигдэж байдаг “мөнх”-ийн асуудал гэж болно. Энэ асуудлыг шийдвэрлэж хариу өгөхөд нам судлалын ерөнхий онол ерөнхий арга зүйн үүрэг гүйцэтгэдэг.
Нам, намын систем нь улс төрийн үзэгдэлийн хувьд төдийгүй дотооддоо ч ихээхэн шинчлэгдэн өөрчлөгдөж байгаа юм. Тухайлбал, намын бүтэц зохион байгуулалт түүний орон нутаг, хийгээд засаглалын түвшин дэх үйл ажиллагааны оновчтой хувилбарыг сонгож төлөвшүүлэх, намын үзэл баримтлал, онол, номлолын нийцтэй загварыг боловсруулан хэрэгжүүүлэх, намын нийгмийн бааз, төлөөллийн тоо, чанарыг сайжруулан хүрээг нь өргөжүүлэх намын улс төрийн үйл ажиллагааны зохистой чиглэл, хэв маяг, хэлбэрийг зүгшрүүлэн, арга барилыг нь хэлбэршүүлэх, намын гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, намын боловсон хүчин, элит лидерүүдийг төлөвшүүлэх, сонгуулийн үйл явцад үр нөлөөтэй оролцох, олон түмний нийгэм – сэтгэл зүйн орчинд зөв зохистой нөлөөлөн түүнийг талдаа татах гэх зэрэг олон чухал тулгамдсан асуудлууд улс төрийн намын төлөвшилтийн үйл явцын хүрээнд дэвшигддэг. Энэ бүх тулгамдсан асуудлуудад хариу өгч, шийдвэрлэхэд нам судлалын тусгай, эмпирик онол арга зүй, удирдамж үлэмж их ач холбогдолтой байдаг.
Ингэж нам судлалын онолын бүх чиглэлүүд олон намт үзэгдлийн хүрээнд дэвшигдсэн онол, практикийн асуудлуудыг шийдвэрлэн хариу өгөхдөө ерөнхий болон улс төрийн философи, улс төр судлалын нийтлэг онол, арга зүйг бааз сууриа болгож байдаг нь тодорхой.
Нам судлал нь үнэлэн цэгнэх буюу үнэлэмжийн үүрэг гүйцэтгэдэг. Улс төрчид нам судлалын шинжлэх ухааны үндэслэл, ойлголтын аппаратаар дамжуулан улс төрийн үзэгдэл тэр дундаа олон намт үзэгдэлийг тайлбарлан үнэлэлт, дүгнэлт өгдөг. Ийм үнэлэлт, дүгнэлт нь улс төрийн тухайн үзэгдэлийг танин мэдсэний үр дүн байдаг. Энэ утгаараа нам судлалын аливаа үнэлэлт, дүгнэлт нь улс төрийн тодорхой асуудалд хариу өгөх түүнийг зохистойгоор шийдвэрлэх шийдлийн тодорхой хувилбар, арга замыг өөртөө агуулж байдаг.
Тиймээс ч нам судлалын шинжлэх ухааныг сонирхон судалж, энэ чиглэлийн тодорхой мэдлэг эзэмшиж чадсан хүмүүсийн хувьд улс төрийн болон олон намт үзэгдлийн мөн чанарт гүнзгий нэвтэрч, тэдгээрийг буурь суурьтай ойлгон ухаарч, цэгцтэй тайлбарлахын зэрэгцээ түүний өрнөлтийн төвөгтэй үйл явцад чиг баримжаагаа алдахгүй байж, улс төрийн амьдралын хөгжлийн төлөв хандлагыг бодитой урьдчилан харах бололцоотой болдог.
Нам судлал нь олон түмний нийгэмшилтийн үйл явцад тус дөхөм үзүүлдэг. Тиймээс ч түүний нийгэмд үзүүлэх нөлөө, үүргийн системд нийгэмшүүлэх үүрэг чухал байр суурь эзэлдэг. Хувь хүмүүсийн улс төрийн нийгэмшилт нь хүн хөгжлийнхөө явцад нийгмийн ардчилсан болон улс төрийн соёлын үнэт зүйлсийг өөртөө шингээн төвлөрүүлж, улс төрийн хувьд байр, сууриа олж, төлөвших тасралтгүй үйл явц байдаг. Судлаач Жан Пиажагийн томъёолсоноор хүн эхлээд үйл ажиллагаа явуулах тодорхой сэрэлтэй болно. Тэр үед нийгэм уг үйл ажиллагаа явуулах (тодорхой нөхцөл дэх хүний үйл байдлын) загварыг санал болгоно. Өөрөөр хэлбэл, хүн дууриах замаар зорилгоо хэрэгжүүлж болох үйл ажиллагааны бэлэн загварууд нийгэмд байж байдаг. Нийгмийн тэр саналыг хүн хүлээж аваад хариу үйлдэл хийнэ. Хэрвээ үйлдэл зөв байвал нийгмийн зүгээс хүний үйл ажиллагааг урамшуулах ба үйлдэл буруу бол сайшаал хүлээхгүй. Энэ үйл явц олон дахин давтагдсаны үр дүнд хүмүүс улс төрийн тодорхой итгэл үнэмшил, хандлага, дадлага чадвартай болно. Энэ нь чухамдаа хүний улс төрийн нийгэмшилт ажээ[4].
Энэхүү нийгэмшилтийн үйл явцад нам судлал чухал үүрэг гүйцэтгэдэг. Нам судлалыг судалсанаар нийгмийн улс төрийн тэр дундаа намын ардчиллын тулгуур үнэт зүйлстэй танилцан түүнийг улс төрийн бодит үйл ажиллагааныхаа явцад үр ашигтай ашиглан хэрэгжүүлэх чадвартай байдаг. Үүний дүнд тухайн хүмүүсийн хувьд улс төрийн байр суурь, үзэл бодол нь тогтворжин төлөвшиж, улс төрийн соёлын өндөр мэдрэмж, дадал дүй, хэм хэмжээг өөрсддөө хэвшүүлэх нөхцөл бүрддэг. Ийм хүмүүс улс төрд оролцоход хэнээс ч дутахгүй байж, улс төрийн үйл явцыг идэвхигүй дагах биш харин угтан тосож, бүтээлчээр үнэлэн цэгнэж, түүнд идэвхитэй нөлөөлөх бололцоо бий болдог. Энэ бололцоо нь хүмүүсийн нийгэмшилтийн үйл явцын хэрэгжих урьдчилсан нөхцөл болж, түүний үр дүнг үр ашигтай болгоход тус дөхөм үзүүлдэг. Энэ утгаараа нам судлал нь нийгэм, хүмүүсийн нийгэмшилтийн үйл явцыг түргэтгэхэд нөлөө үзүүлэгч чухал хүчин зүйл болдог байна.
Эцэст нь тэмдэглэхэд нам судлал нь XXI зууны хүн бүхний эзэмшиж, мэдвэл зохих оюуны соёлын нэгэн чухал хэлбэр болж байна. Нам, улс төрийн үйл явцын талаарх шинжлэх ухааны бодитой мэдлэгээр зэвсэглэсэн хүн бүхэн улс төрийн амьдралын нарийн төвөгтэй ямар ч үзэгдлийн далд мөн чанарт төвөггүй нэвтэрч түүний “нууц”-ыг уудлан илрүүлж, уг үйл явцад түүртэхгүй оролцон нөлөөлөхийн зэрэгцээ улс төрийн зөв төлөвшлийг олж авдаг. Энэ бол улс төрийн оюуны соёлын маш чухал илэрхийлэл юм.
Нам судлалын судалгааны арга, түүний хэв маяг, хэлбэр
Аливаа шинжлэх ухаан бүхэн өмнөө тавьсан зорилготой байдаг. Нам судлалын гол зорилго нь судалгааныхаа объект, судлах зүйлийн мөн чанарт гүнзгий нэвтэрч түүний талаарх шинжлэх ухааны үндэстэй, бодитой, өргөн мэдлэгийг олон түмэнд түгээх явдал юм. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд нам судлалын шинжлэх ухаан өөрийн судалгааны ерөнхий тусгай олон аргыг хэрэглэдэг.
Нам судлалын судалгааны аргын тухай асуудлыг авч үзэхийн өмнө аргатай холбогдсон зарим асуудлыг товч боловч онцлон дурьдах нь зүйтэй юм.
Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга нь судалгаа шинжилгээний явцад маш их ач холбогдолтой байдаг. Учир нь судалгааны зөв чиг шугамыг тогтоох, тавьж буй зорилтоо хэрэгжүүлэх бодит боломжийг бүрдүүлэх, судалгааны үр дүнг нэмэгдүүлэн тухайн салбарын үнэн бат мэдлэг олж авахад арга тусалдаг.
Арга нь “онол”, “арга зүй”, “парадигм”, “аргачлал” гэсэн ойлголтуудтай нягт холбоотой байдаг.
Арга, онол хоёр нь харилцан шүтэлцээтэй. Онол нь судалгааны аргын суурь үндэс нь болдог. Онол бол шинжлэх ухааны судлагдахуун болох үзэгдэл, үйл явцын талаарх нэгэнт бий болон хуримтлагдсан мэдлэгийн цогц нийлбэр юм. Харин арга нь энэхүү онолын мэдлэгийн үндсэн дээр зориуд боловсруулан томъёолж, танин мэдэх үйл ажиллагааны явцад ерөнхий чиглэмж, удирдамж болж байдаг дүрэм горим, зарчим шаардлагын нийлбэр юм.
Аргаас арга зүй гарч ирдэг бөгөөд энэ нь аргыг хэрэглэх явцад хэлбэршин бүрэлддэг. Энэ утгаараа арга зүй бол судалгаанд аргыг хэрэглэх явцад бий болсон шинжлэл судлалын хэвшиж тогтсон хандлага чиглэл, танин мэдэх үйл ажиллагааны ерөнхий удирдамж, өөрөөр хэлбэл аргын тухай сургаал, аргыг хэрэглэх ерөнхий зарчим, хандлага юм.
Тодорхой арга зүй нь тухайн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний бүхий л явцад хүлээн зөвшөөрөгдөж, байнга тогтвортой хэрэглэгдэн, хэвшиж тогтсон шинжтэй болоод ирэхлээрээ тухайн салбарын арга зүйн парадигмын үүрэг гүйцэтгэдэг. “Парадигм” гэдэг ойлголтыг өнгөрсөн зууны 20- иод оны үед Америкийн судлаач Т.Кун шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан бөгөөд түүнийхээр энэ нь “танин мэдэх асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх өвөрмөц логик загвар гэсэн утгатай ойлголт юм.[5] Өөрөөр хэлбэл, “парадигм бол аль нэгэн шинжлэх ухааны нийгэмлэгийн хүлээн зөвшөөрч баримталсан итгэл үнэмшил, үнэт зүйл болон арга хэрэгсэлийн нийлбэр мөн”.[6]
Харин “аргачлал” нь онолын мэдлэгийг амьдралд хэрэглэх явцад үүсэн бүрэлдсэн практик мэдлэг, түүнээс үүдсэн танин мэдэх үйл ажиллагааны эмпирик түвшний арга барил, дадал дүй, удирдамж юм. Ийнхүү дээрх ойлголтуудын зааг ялгааг ойлгон баримжаалах нь нам судлалын судалгааны аргын тухай асуудлыг тодруулан авч үзэхэд дөхөмтэй болж байгаа юм.
Нам судлал нь улс төрийн бие даасан салбар шинжлэх ухаан мөний хувьд өөрийн судалгааны аргатай. Гэхдээ түүний судалгааны аргын онцлог нь улс төрийн шинжлэх ухааны ерөнхий аргын хүрээнд багтаж түүнд суурилж байдагт оршдог. Гэсэн хэдий боловч нам судлалын судалгааны аргын өвөрмөц тал нь түүний судлагдахууны өвөрмөц онцлог, хүрээ багтаамжийн шинж байдлаар тодорхойлогддог. Нам судлалын судалгааны аргыг зарим судлаачид хандлага гэсэн нэр томъёогоор оноон нэрлэх нь байдаг.
Нам судлалын судалгааны аргын хэв маяг, хэлбэрийн хувьд дараахь байдлаар ялган ангилж болохоор байна. Үүнд:
- Нам судлалын судалгааны нийтлэг, түгээмэл аргууд.
Түгээмэл аргууд нь нийгмийн шинжлэх ухааны судлал шинжлэлийн онол, арга зүйн нийтлэг суурь үндэс болдог. Энэ утгаараа аргын энэ хэв маягийн системд нийгмийн алив шинжлэх ухааны онол, танин мэдэхүйн суурь үндэс болсон философи, социологийн түгээмэл аргуудыг багтаан үздэг.
Сүүлийн үед шинжлэх ухааны онолын нийтлэг удирдамж болж байдаг, хэвшиж тогтсон аргын түгээмэл хэлбэр байдаггүй, байх ч бололцоогүй. Хэрвээ үүнийг байна гэж нотлоход хүрвэл үзэл хандлагын догматизмыг гарцаагүй хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Учир нь философийн ямар ч зарчим, чиглэл нь дангаараа шинжлэх ухааны түгээмэл аргын үүрэг гүйцэтгэдэггүй гэж үздэг судлаачид байсаар байна. Аргын асуудалд хандах судлаачдын энэ байр сууринд анхаарч харгалзах зүйл байгаа ч цаашид тодруулж нягтлавал зохих зарим нэг асуудал энд байгаа юм.
Аливаа шинжлэх ухаан нь ерөнхий философийн аль нэг чиглэлд дангаар тулгуурлан түүнийг түгээмэл аргын бааз сууриа болгох албагүй ч тодорхой шинжлэх ухааны түгээмэл аргын үүрэг гүйцэтгэх түвшины философи, социологийн нийтлэг арга, зарчим, хандлагууд байхыг үгүйсгэх аргагүй юм. Харин энэ тохиолдолд тухайн тодорхой шинжлэх ухааны хувьд философийн олон янзын зарчим, чиглэлээс дурын сонголт хийх юм уу эсхүл хэд хэдэн философийн ерөнхий зарчмыг нэгтгэн синтезчилэх замаар түгээмэл аргаа гарган авах явдал байж болох юм. Өөрөөр хэлбэл, ерөнхий философи, социологийн “плюрал” зарчим, хандлагаас тухайн шинжлэх ухаан өөрийн судалгааны объект, судлах зүйлийн онцлогт нийцэн тохирсныг нь сонгох, эсхүл тэдгээрийн нийтлэг үнэт зүйлст тулгуурлах замаар түгээмэл аргаа бүтээх хэлбэр байж болох билээ. Энэ утгаар авч үзвэл нам судлалын судалгааны аргыг түгээмэл аргын хэв маягийн түвшинд тодруулан үзэх бололцоотой юм. Ингэхлээр нам судлалын түгээмэл аргын системд үйл ажиллагааны ерөнхий онол, диалектикийн арга, харилцан шүтэлцэл, функционал хамаарлын онол, детерминизмын онол, системийн ерөнхий философийн онол, стратификацийн онол гэх зэрэг ерөнхий философийн болон социологийн түгээмэл аргуудыг багтаан үзэж болох юм. Энэхүү аргууд нь нам судлалын ерөнхий хийгээд тусгай аргуудаар дамжин эл шинжлэх ухааны түгээмэл арга зүйн үүргийг гүйцэтгэдэг.
- Нам судлалын судалгааны ерөнхий аргууд.
Нам судлалын судалгааны ерөнхий аргын үүргийг үндсэндээ бидний сайн мэдэх танин мэдэхүйн ерөнхий логикийн болон улс төрийн онолын ерөнхий аргууд гүйцэтгэдэг. Тухайлбал, ерөнхий логикийн аргууд болох анализ, синтез, индукци, дедукци, хийсвэр, тодорхой, түүхэн ба логик арга, загварчлалын болон хэв маягчлалын арга, прогнозчилол, математик аргууд нь нам, намын системтэй холбогдож гарсан үзэгдэл, үйл явцыг танин мэдэж, судлан шинжлэхэд арга зүйн ач холбогдолтой байдаг.
Тухайлбал, анализийн арга нь улс төрийн өвөрмөц үзэгдэл болсон нам, намын системийн бүрдэл хэсэг, түүний тодорхой элемент талыг нь задлан шинжилж тэдгээрийн өвөрмөц тал, харилцан хамаарал, үүрэг, статус, дотоод мөн чанарыг танин мэдэх бололцоог олгодог бол синтезийн арга нь дээрхийг хооронд нь нэгтгэн шүтэлцүүлж, шинэ мэдлэг, үндэслэлийг гаргаж авахад тусалдаг. Ингэх явцдаа нам судлал нь улс төрийн үзэгдэл, үйл явц, олон намт бодит байдлын талаарх ерөнхий мэдлэг, үндэслэлээс тодорхой тусгай дүгнэлт үндэслэлийг дедукцийн аргаар, нэгж үндэслэлээс нийтлэг ерөнхий үндэслэлийг индукцийн аргаар гарган авч тэдгээрийг судалгаа шинжилгээндээ ашигладаг байна.
Улс төрийн үзэгдэл, үйл явцыг судлахад зайлшгүй хэрэглэдэг ерөнхий логикийн нэг үндсэн арга нь хийсвэрээс тодорхойд шилжих болон түүхэн ба логик арга юм. Нам судлал өөрийн судалгааны объект, судлах зүйлээ авч үзэхдээ түүний аль нэгэн тусгай шинж, хэлхээ холбоог бусад чухал биш шинж хэлхээ холбооноос хийсвэрлэн тусгаарлаж тэдгээрийн хүрээн дэх тодорхой үзэгдэл, үйл явцад тулгуурлан түүнийг нарийвчлан судлах замаар гол санаа, дүгнэлтээ гаргаж тавьдаг.
Нам, намын систем бол улс төрийн түүхэн үзэгдэл юм. Намын тухай үзэл, сэтгэлгээ улирах цагийн шалгуураар түүхэн урт үеийг дамжин бүрэлдэн хөгжиж иржээ. Тиймээс ч нам судлал намын тухай үзэл, сэтгэлгээний түүхийг нийгмийн улс төрийн түүхийн тодорхой цаг үеүүдтэй холбон улируулан судлах явцдаа, тухайн түүхэн тодорхой үеийн онцлог, улс төрийн бүлэглэлийн шинж байдал, түүнд хандах хандлага, үзэл, үйл ажиллагааны онцлог шинжүүдийг логик хийсвэрлэлийн болон танин мэдэхүйн бусад олон аргын туслалцаатайгаар ойлгон мэдэж, энэ талын шинэ мэдлэг дүгнэлт үндэслэлийг гаргаж авдаг нь түүний судалгааны чухал чиглэл мөн билээ. Харин энэ нь чухамдаа танин мэдэхүйн түүхэн ба логик аргыг улс төрийн болон намын үзэгдлийг судлах явцад хэрэглэсний үр дүн байдаг.
Нам судлалын судалгааны аргын чухал хэв маяг нь улс төрийн ерөнхий аргын хэв маяг юм. Улс төрийн ерөнхий арга нь нам судлалын ерөнхий аргын үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү улс төрийн ерөнхий аргын системд норматив үнэлгээний арга, бүрдэлийн судалгааны арга буюу институционал арга, бихевиорист судалгааны арга, системийн арга, жишилт, харьцуулалтын арга, нийгэм-сэтгэл зүйн арга, антропологи судалгааны арга, бүтэц-чиг үүргийн арга, дүрийн болон тоглоомын онол зэргийг хамруулан үздэг[7].
Нам судлалын судалгааны ерөнхий арга нь улс төрийн шинжлэх ухааны аргуудтай давхацдаг ч тэдгээрт огт ялгаа зааг байхгүй гэсэн үг бас биш юм. Энэ нь нэгд, үйлчлэлийн хүрээгээр, хоёрт, хамруулан авч үзэх судалгааны объект, судлах зүйлийн шинж байдлаар гуравт, судалгааны зориулалт, үр дүнгээр илэрч байдаг. Гэхдээ энэ бүх ялгаа нь харьцангуй шинжтэй бөгөөд түүнийг зөвхөн танин мэдэхүйн зорилго, шаардлагын үүднээс л нарийвчлан тодруулах бололцоотой.
Нам судлалын судалгааны нэлээд түгээмэл хэрэглэдэг арга нь системийн шинжилгээний арга юм. Системийн шинжилгээний хандлага нь улс төрийн намыг олон янзын бүрдэл элемент бүхий бүхэл систем гэж үзэж, тэдгээрийн харилцан үйлчлэл, функционал хамаарлыг нь шинжлэн үзэхэд чиглэгддэг бол харьцуулалтын арга нь улс орнуудын улс төрийн нам, намын системийн хэв маяг, хэлбэрийг өөр хооронд нь харьцуулан жишиж тэдгээрийн нийтлэг хийгээд өвөрмөц шинжийг нь тодруулан шинжлэж, тэндээс тухайн үзэгдлийн талаарх үр ашигтай дүгнэлт, үндэслэлийг дэвшүүлэн тавьдаг. Харин институтционал аргаар нам, намын үзэгдлийг авч үзэхэд түүнийг улс төрийн систем, тогтолцооны салшгүй бүрдэл гэж үзээд, өөрийн үүрэг, зорилготой өвөрмөц бүтэц бүхий хамтын зохион байгуулалтын байгууллагын онцгой хэлбэр гэдэг утгаар хандаж судалдаг байна.
Сүүлийн үед нам судлалд судалгааны бихевиорист арга түгээмэл хэрэглэгдэх боллоо. Бихевиорист арга нь улс төр болон нам судлалын салбарт ноёрхож ирсэн гүн ухааны бясалгалын болон уламжлалт институтционал аргын дутагдлыг даван туулж, түүнийг нөхөх зорилгоор шинжлэх ухааны танин мэдэхүйн явцаар дэвшигдэн гарч иржээ. Энэ аргын гол онцлог нь намын үйл явц нь улс төр, намын амьдралд оролцож буй улс төрийн субъектүүдийн үйл байдлаар тодорхойлогдоно. Тиймээс ч намын лидер хошуучлагчид, элитүүд болон гишүүд, дэмжигчдийн улс төрийн үйл байдал түүнтэй холбогдож бий болсон олон төрлийн эмпирик баримтуудыг судлах нь нам, намын системийг танин мэдэх үндсэн нөхцөл гэж үздэг байна. Энэ мэтчилэн нам судлалын ухаан нь өөрийн судалгааны объект, судлах зүйлээ улс төрийн шинжлэх ухааны бусад ерөнхий аргуудын туслалцаатайгаар тодорхой байдлаар судлан танин мэдэж байдаг.
III. Судалгааны эмпирик аргууд. Нам судлал нь намын үйл ажиллагааны хүрээнд тодорхой шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэгийн анхдагч мэдээллийг олж авах, түүнийг судлан шинжлэх зорилгоор судалгааны олон янзын эмпирик аргуудыг судалгаандаа хэрэглэдэг. Энэ аргуудын хүрээнд баримт бичиг судлах, анкет асуулга, мэдээлэл сурвалжлага, статистик арга, контекст анализ, туршилт, ажиглалт, тоглоомын арга зэргийг хамруулан үзэж болно. Энэхүү эмпирик аргууд нь нам судлалын онолын гол үндэслэл, дүгнэлтийг гаргахад зайлшгүй хэрэгтэй арвин их эмпирик баримт материалыг судлан шинжлэхэд гол төлөв чиглэгддэг бөгөөд энэ утгаараа тэдгээр нь нам судлалын ухааны онол бүтээх үйл явцын материаллаг бааз суурь, практик удирдамж нь болж өгдөг байна.
Хянасан: Б. АРИУНБАЯР
[1] “Зохиогч Их, дээд сургуулийн багш, оюутан, улс төр сонирхогч өргөн олон түмэнд зориулж “Нам судлалын онол” хэмээх ном бичсэн бөгөөд энэ удаад эл номынхоо нэгэн хэсгээс уншигч та бүхэндээ толилуулж байна.
[2] К.С.Гаджиев Политическая наука. М., 1995. стр. 30-31
[3] (В.А.Козлов. Проблемы предмета и методологии общей теории права. ЛГУ 1989. С.15-16)
[4] “АЦанжид, Улс төрийн шинжлэх ухаан. УБ., 1999. Х.154 .
[5] Основы политологии: курс лекций под ред. В.П.Пугачёва М.,1992. С.33
[6] Улс төрийн шинжлэх ухаан. Ред. Ц.Ганболд. УБ., 2001. Х.60
[7] Основы политологии курс лекций. Под ред. В.П.Пугачева М.,1992. стр 13-18.