Шинэ толь №39, 2002
“МОНГОЛЫН ЦАГААГЧИН ГАХАЙ ЖИЛИЙН ХУВЬСГАЛ”
Түлхүүр үг: Монголын түүх, Автономит эрх, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Тэмцэл хөдөлгөөн, Манж-Чин гүрэн, түүхийн үечлэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монгол улс XVII-XYIII зууны үед Манжийн байлдан дагуулагчдад эзлэгдэж төрийн тусгаар тогтнолоо алдсан билээ. Манж Чин улсын зүгээс тус оронд элдэв харш бодлого явуулж байсан хэдий ч монголчууд төрт ёсны уламжлалаа орхиж харийн ёсонд автаж ууссангүй, харин ч язгуурын төрт ёсоо сэргээхээр байн байн тэмцэж, ХХ зуунтай золгосон юм.
XIX зууны дунд үеэс Чин улс Өрнөдийн их гүрнүүдийн түрэмгийлэлд өртөж хагас колони орон болон хувирсны улмаас Монголд явуулж ирсэн уламжлалт бодлогоо өөрчилж эхэлсэн амой. 1901-1905 онуудад Чин улс дэлхийн улсуудаас хоцрогдсоноо арилгахын тулд улсынхаа хэмжээгээр хөрөнгөтний маягийн заримдаг шинэтгэлийг эзэн хаант төрийн байгуулалд халгүйгээр хийх гэсэн ажээ. Түүнийгээ шинэ бодлого гэж нэрлэсэн бөгөөд тэр нь Монгол орны нөхцөлд хэрэгжихдээ “Шинэ засгийн бодлого” гэж нэрлэгджээ. Энэхүү бодлого нь зах хязгаар нутгийн Хятад биш ард түмэн, тухайлбал Монголын хувьд, газаргүйн улмаас бухимдсан тариачдын үймээн самууныг намжаах үүднээс үй олон хятад иргэнийг ирүүлж газар хагалбарлуулан суурьшуулах, байгалийн баялгийг цөлмөх, урьд Чин улс Монгол нутагт хятад иргэд суулгахгүй, монгол хүн хятад хүнтэй гэр бүл болох, хятад нэр хэрэглэх зэргийг хуулиар хатуу хориглож байснаа цуцлаж, шашин шүтлэгийг хязгаарлах, Монгол орныг гадаадынханд нээлттэй байлгахад чиглэж байв. Энэ нь монголчуудыг хүчээр Хятадад уусгахад чиглэгдсэн туйлын далд санаатай, харгис бодлого байлаа.
Ар монголын шашны тэргүүн Жибзундамба хутагт 1909 онд зарлиг буулгаж, Монголчууд бүгдээрээ “Язгуурын ёсоо хадгалах”, шинэ засгийн бодлогыг эсэргүүцэхийг уриалсан (УТТА. Ф-9, X.H.4081). Ер нь тэр үед монголчуудын Чин улсын эсрэг тэмцэл нь дотроо ялгаатай байв. Нийгмийн дээд хэсгийнхэн “Шинэ засгийн бодлого” нь монгол газар тохирохгүй гэж татгалзахын сацуу нь тэдний хүссэн байцаалтыг нь заасан цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөхгүй, Монголд уг бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа эрх мэдэлтнүүдийг янз бүрээр өөлж Манжийн хаанд бичиглэн монголоос зайлуулахыг шаардах, Хаант Оросод Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх сонирхолоо илэрхийлэх зэрэг арга хэрэглэж байхад ард түмэн хятад иргэдээс нутаг бэлчээрээ харамлах, хятад пүүс дэлгүүрийн мөлжлөгийг ганц нэгээрээ эсхүл хэд хэд нийлж гар зодоон хийх, заримдаа зэвсэглэн тулалдах зэргээр тэмцэж байжээ. Эдгээр тэмцэл нь зохион байгуулалтын хэлбэрт ороогүй, саланги тасархай байлаа. Тиймээс эдгээр эсэргүүцэл тэмцлийг нэгэн урсгалд оруулж амжилтанд хүргэсэн улс төрийн үйл явдал бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал юм. Монголын түүхэнд энэ жилүүд шиг олон монголчууд үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө дуу дуугаа авалцан босч тэмцсэн удаа ховор байсан. Энэхүү тэмцлийн үр дүнд Ар Монгол төрийн тусгаар тогтнолоо байлдан олж биеэ даасан улс болсон билээ.
Монголчуудын сэргэн мандалтын эхэн болсон энэхүү цагаагчин гахай жилийн хувьсгал манай оронд болон гадаадад нэлээд судлагдсан юм. Миний бие энэхүү өгүүлэлдээ Монголын улс төрийн түүхийн нэгэн чухал үйл явдал болсон тус хувьсгалын түүх бичлэгийн талаар товч өгүүлье.
Манай түүхч, судлаач эрдэмтэд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын учир шалтгаан, уялдаа холбоо, нөлөөлсөн гадна, дотны хүчин зүйлүүд, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үе шат, хөдөлгөгч хүч, удирдагчид, хувьсгалын гол зорилго, үр дүн, ач холбогдлын тухай судалгаа хийж өөрсдийн үнэлэлт, дүгнэлтийг өгсөөр иржээ.
1911 оны үндэсний хувьсгалын түүхээр гарсан ном зохиол, бүтээл, өгүүллүүд нь тоо хэмжээний хувьд ч, илэрхийлж байгаа үзэл санааны хувьд ч олон талтай баялаг байдаг.
Эдгээрийг түүхийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, судалгаа шинжилгээний арга зүй, судалгааны материаллаг баазын ашиглалт, судлаачдын шинжлэх ухааны онолын түвшин, онол арга зүй, түүх бичлэгийн хэлбэр зэргийг шалгуур болгон
а. 1910-1930-аад оны үеийн 1911 оны үндэсний хувьсгалын түүх бичлэг;
б. 1940-1980-аад оны үеийн түүх бичлэг;
в. 1990 оноос хойшхи үеийн түүх бичлэг гэж ангилан хувааж болохоор байна.
1910-1930-аад оны түүх бичлэг дэх бүтээл, өгүүллүүд нь түүхийн үйл явдлыг үзэл суртлын будаг шунхгүйгээр харьцангуй бодитой бичсэн байдаг. Үүнд “Шинэ толь”, “Монголын сонин бичиг” зэрэг сэтгүүлд гарсан өгүүллүүд, ахмад түүхч Г.Навааннамжил, Н.Магсаржав, Л.Дэндэв, Б.Буянчуулган нарын бүтээлүүд орно. Эдгээр бүтээлүүд нь өнөө хэр судалгааны ач холбогдлоо алдаагүй билээ. Ялангуяа Л.Дэндэвийн 1934 онд Монгол улсыг тунхагласны 10 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын Төв Комиссын даалгавраар бичсэн “Монголын товч түүх”, Н.Магсаржавын “Монгол улсын шинэ түүх” номуудыг тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ бүтээлүүдэд 1911-1919 оны үйл явдлыг 4 бүлэгт (Л.Дэндэвийн ном Б.П), 8 бүлэгт (Н.Магсаржавын ном- Б.П.) багтааж, одоо олдохгүй ховор болсон сурвалж, баримт бичгийг бүрэн эхээр нь хавсаргасныхаа хувьд сурвалжийн ач холбогдолыг агуулж байна.
1911 оны үндэсний хувьсгалын уг шалтгаан чухам юунд байсныг Н.Магсаржав “Монгол улсын шинэ түүх” номондоо: “Улиастайн жанжин Лияаншүнь нарын газраас Монгол газар шинэ засгийн хэргийг нэвтрүүлмүй хэмээн хятадын захиргааг байгуулах, алтны уурхай нээх, тариа тарих газар хагалбарлах зэргийн ажил үүсгэн шийтгэхэд Монголчууд нэн ч дурлахгүй хятад лугаа өс тэмцэл болж” (7-р тал) гэж бичсэн байдаг.
Л.Дэндэв “Монголын товч түүх” зохиолдоо Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хүчин зүтгэсэн чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, гүн Хайсан, сайн ноён хан Намнансүрэн, Бадамдорж, Дамдинбазар нарын зэрэг хүмүүсийн 20 ширхэг гэрэл зургийг хавсарган гаргасан анхны судалгааны бүтээл байв. Мөн тухайн үеийнхээ судалгааны зохиолыг нягтлан үзэж Монголчууд Манж-Хятадын эрхшээлээс хэрхэн тусгаарласан, Орос, Хятадын эрх баригчид нууцаар эвсэж Монголын тусгаар тогтнолыг автономит эрхтэй болгосон зэргийг үнэлэн дүгнэж бичсэн юм.
Энэ номноос гадна Л.Дэндэвийн түүвэрлэн бэлтгэсэн “Автономит үеийн гол баримт бичгүүдийн эмхтгэл” хэмээх гар бичмэл материал одоо Монгол улсын ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж байгаа билээ.
1930-аад оноос 1980-иад оны сүүл үеийн түүх бичлэгийн нийтлэг нэг шинж бол марксизм-ленинизмийн онолыг удирдлага болгон анги, намын үзэл суртлын үүднээс үнэлэлт, дүгнэлт, гаргалгаа хийх явдал байв.
Гэсэн хэдий ч энэ үед үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийг архивын баримт бичиг, судалгааны ном зохиолд түшиглэн судлах судалгааны ажил жинхэнэ утгаараа хийгдэж, хувьсгалын түүхээр нэгэн сэдэвт зохиол гарсан. Үүний үр дүнд 1911 оны үндэсний хувьсгалын түүх бичлэгийн бааз суурь бий болж хөгжсөн амуй.
1911 оны үндэсний хувьсгалын түүхээр Ц.Пунцагноров, Ш.Нацагдорж, Ш.Сандаг нар ул суурьтай судалгаа хийж, нэгэн сэдэвт зохиол бүтээлийг туурвисан.
Түүхч Ц.Пунцагноров “Монголын автономитийн үеийн түүх” номондоо үндэсний хувьсгалын түүхийг ултай судалж, хувьсгалын урьдчилсан нөхцөл, тэмцэл хөдөлгөөний асуудалд гол анхаарлаа хандуулж, эцсийн үр дүн ач холбогдлын тухайд тодорхой үнэлэлт, дүгнэлтийг өгсөн байдаг. Академич Ш.Нацагдорж өөрийн бүтээлүүддээ үндэсний хувьсгалын түүхийн асуудлыг хөндөж тухайн үедээ зоримог шинэ санааг дэвшүүлсэн юм. Тухайлбал, Хаант Орос Монголчуудын Манжаас салах гэснийг хэдийгээр хүлээн авсан боловч “ихэд тээнэгэлзэж байжээ. Энэ нь Оросын хаант засаг, Халх монголыг өөрийн эрхшээл нөлөөнд оруулан авахыг хүсээгүй байснаас болсон хэрэг огт бус, гагцхүү Хаант Орос, Монголын хэрэгт хутган оролцож өөрийн эрхшээл нөлөөнд оруулан авбал бусад империалист орны зүгээс эсэргүүцэж, Алс дорнодод колонийг дахин хуваах будлиан тэмцэл үүсэх бий гэж болгоомжилж, Монголыг колони болгон хувиргах зорилгоо алгуур аажмаар, дэс дараатай гүйцэтгэх далдуур бодлоготой байжээ” хэмээжээ. Мөн 1911 оны үндэсний хувьсгалын ач холбогдлыг Монголын ард түмний цаашдын тэмцэлд улс төрийн сургамж үзүүлж, дайчин уриа нь болсон гэжээ.
Түүхч Ш.Сандаг Монголын улс төрийн гадаад харилцааг судлах явцдаа 1911 оны үндэсний хувьсгалын түүхийг нарийвчлан шинжилж, ач холбогдол нь “Манжийн колончлолын харгис дэглэмийг устгасан төдийгөөр хязгаарлагдахгүй Монголын тусгаар тогтнолыг зарлан тунхагласанд оршино. Манай Монгол улс сэргэн мандсан нь хэдийгээр феодал ангийн аппарат болтугай ч тус орны түүхэнд гарсан дэвшилт үзэгдэл мөн” гэсэн үнэлэлт өгсөн нь дараа дараагийн судлаачдын судалгааны бүтээлүүдэд тусгагдаж, баталгаажсан билээ.
1930-аад сүүл 1980-аад оны үеийн түүх бичлэгт гарсан нэг шинэ үзэгдэл бол хувьсгалын түүхэнд холбогдох баримт бичгийн эмхтгэлийг кирилл үсгэнд буулгаж, нэг дор цуглуулан хэвлүүлж эхэлсэн явдал юм. Ингэснээр хувьсгалын түүхийн цаашдын судалгаа эрчимжихэд нөлөөлжээ.
1990 оноос Монголын түүх судлалд онол арга зүйн шинэ хандлагаар хандах болсонтой уялдаж түүхэн үнэнийг сэргээх, олон ургальч үзэл санаагаар тухайн түүхэн үйл явдлыг тунгааж дүгнэх тааламжтай нөхцөл бүрэлдсэнтэй уялдаж 1911 оны үндэсний хувьсгалын түүхэнд холбогдох нэлээд ном бүтээл хэвлэгдэн гарчээ.
Манай нэгэн үеийн түүх бичлэгт ангийн ашиг сонирхлыг үндэснийхээс дээгүүр тавьдаг, түүхэн үйл явдлыг үүсгэсэн бодит нөхцөлийг харгалзахгүйгээр салангид авч үздэг, үйл явдлыг эзэнгүйтүүлдэг, түүхэн үнэнийг бодит байдлаас биш зөвхөн улс төр, үзэл суртлын талаас нь голлон анхаарч байсан явдлыг халж, судалгааг гажуудлаас аль болохоор зайлсхийхийг хичээж бичсэн анхны бүтээл бол түүхч Л.Жамсрангийн 1992 онд хэвлүүлэн гаргасан “Монголын сэргэн мандалтын эхэн” гэдэг судалгааны зохиол юм. Тэрбээр: “Ар Монголын нутагт шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр сэргэсэн нь Монголчуудын үндэсний эрх чөлөөний ялалт, хувьсгалт эргэлт мөн. Аливаа хувьсгалын гол зорилт засгийн эрхийг авах явдал байдаг. Тэгвэл Их Хүрээнд байсан Манжийн засаг захиргааг хөөн зайлуулж, Монголын төр Засгийн газрыг байгуулсан нь үндэсний эрх чөлөөний хувьсгалт ялалт мөн гэж үзэх ёстой. Энэ бол нийгмийн хувьсгал биш учраас оршин байгаа нийгмийн байгууллыг устгаж шинэ нийгэм байгуулах зорилт тавиагүй. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эн тэргүүний зорилт бол харийн ноёрхлыг устгаж, үндэсний тусгаар тогтнолоо олох явдал байдаг билээ” хэмээн 1911-1912 оны үйл явдал бол зөвхөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан төдийгүй энэ бол хувьсгал байсан гэжээ. Энэ дүгнэлтийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч бүтээлдээ тусгаж байгаа билээ.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн судалгаанд эдүгээ дорвитой хувь нэмэр оруулж байгаа түүхч бол Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Жамсран юм. Тэрбээр дээр дурьдсан зохиолоос гадна “Монголын төрийн тусгаар тогтнолын сэргэлт” (1997), “Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал” (1996) зэрэг нэгэн сэдэвт бүтээл тууривсан ажээ.
Энд цохон тэмдэглэх нэг зүйл бол 1990 оноос хойш хэвлэгдсэн бүтээлийн ихэнхи хэсэг нь намтар судлалд холбогдож байгаа явдал юм. Үндэсний хувьсгалын удирдагчдын намтар түүхийг бичсэн Ж.Болдбаатарын “Эрдэнэ дайчин чин ван Ханддорж” (1994), “Да лам Г.Цэрэнчимэдийн амьдрал үйл ажиллагаа” (1997), “Чин зүтгэлт гүн Хайсан” (2002), А.Дашнямын “Халхын сайн ноён хан Намнансүрэн” (1990), Б.Лааган “Жалханз хутагт Дамдинбазар” (1993), З.Лонжид “Ялгуун баатар Лаварын Сумъяа” (1993), “Шударга баатар Бавуужав” (2002), Ж.Урангуа “Манлайбаатар Дамдинсүрэнгийн шинэтгэлийн бодролууд” (1992), Г.Пүрэвдорж “Дилав хутагт Жамсранжав” (2001). Ж.Өлзий “Баргын түүхт хүмүүсийн намтар” (1995), “Хоёр их хутагт” (1995) хэвлэлд бэлтгэсэн Г.Лувсанцэрэн, “Өндөр гэгээний намтрууд оршив” (1999), С.Бадарч, Ш.Дугарсүрэн “Богд хааны амьдралын он дарааллын товчоон” зэрэг бүтээлүүдийг дурдаж болно.
Мөн намтар судлалаар Т.Төмөрхүлэг, Б.Даваасүрэн, С.Баатар, Л.Жамсран, С.Ичинноров, Г.Дашням, Г.Очирбат нарын олон судлаачдын өгүүллүүд гарсаар байна.
1995 онд Монгол улсын ШУА-ийн түүхийн хүрээлэнгээс түүхч М.Санждоржийн удирдлагаар хамтран зохион хэвлүүлсэн бүтээлд “Энэ зуунд Монголчууд түүхэн хувь заяандаа үндсэн эргэлт хийсэн гурван хувьсгалыг бүтээх тавилантай байжээ. Түүний анхных нь XV жарны цагаагчин гахай жил буюу 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү хувьсгалаар тогтсон улсын төрийн эрхэм бэлэгдлийн зүйлсийн талаар Х.Нямбуу “Олноо өргөгдсен Богд хаант Монгол улсын төрийн ёс, ёслол” гэдэг бэсрэгхэн ном 1993 онд гаргасан билээ.
1990 оноос хойш манай түүхч, судлаач эрдэмтэд 1911 оны үндэсний хувьсгалын түүхийн зангилаа буюу маргаантай асуудлаар сонирхол татахуйц судалгааны өгүүллүүд нэлээд гарчээ.
Г.Дашнямын “1911 оны үндэсний хувьсгалын түүхийн зарим асуудал”, Ж.Болдбаатарын “1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын тухай”, О.Батсайханы “1911 оны Монголын үндэсний хувьсгал болон 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын уялдаа холбооны тухай”, Л.Жамсрангийн “Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хоёр дахь үе”, Д.Хүүхэнбаатарын “Монголын түүхийн үечлэл, онцлогийн зарим асуудал” зэргийг нэрлэж болох ажээ.
Дээрхи өгүүллүүд нь 1911 оны Монголд болсон үйл явдал нь хувьсгал уу, хөдөлгөөн үү, түүний өрнөл үе шатанд авч үзэх шалгуур нь юу болох, хувьсгалын гол үр дүн төрийн тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол улсын нэрийн тухай, хувьсгалын удирдагчид, гардан зохион байгуулагч нь хэн болох тухайд асуудал дэвшүүлсэн судалгааны бүтээлүүд юм. Судлаачид, ялангуяа ХХ зууны Монголын хувьсгалуудын уялдаа холбоо, залгамж чанарын асуудалд анхаарлаа нэлээд төвлөрүүлж байна.
1990 он гарсаар архивын сан хөмрөгийг чөлөөтэй ашиглах боломж нээгдсэн, бүтээл туурвилд тавигдаж байсан нам төрийн зааварчилга халагдсан нь богино хугацаанд 1911 оны хувьсгалын түүхээр хийгдэх судалгааг шинэ шатанд гаргажээ.
Цаашид ч үндэсний хувьсгалын түүхийг улируулан судлах, үндэсний төрийн түүхийн судалгаа улам гүнзгийрэн баяжигдах нь дамжиггүй бизээ.
Хянасан: Б. АРИУНБАЯР