Б.Баясгалан
/Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш, докторант/
Шинэ толь №39, 2002
Түлхүүр үг: Мэдлэг, Боловсрол, Эдийн засгийн хөгжил, Нийгмийн хүчин зүйл, Үндэсний стратеги
Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн шинэ эринд тулж ирээд байгаа өнөө үед дэлхийн олон үндэстэн, улс орнууд өнгөрснөө шүүн хэлэлцэж, ирээдүйгээ таамаглан төлөвлөж цаашид хэрхэн хөгжих арга замаа өөр өөрийн онцлогт тохируулан тодорхойлж байна.
Өнгөрсөн зууны сүүлчийн жилүүдийн шинжлэх ухаан, технологийн гол үр дүн, өндөр хөгжилтэй улс орнуудын баримталж буй стратегийн бодлого, нийгмийн гадаад, дотоод орчны хурдацтай өөрчлөлт зэрэг нь хүний амьдралын чиг хандлагыг байгалийн тэнцвэрт харьцааг хангасан бөгөөд мэдлэг суурьтай амьдралын хэв шинж рүү хандуулж байна. Энэ талаар менежментийн ухааны томоохон төлөөлөгчдийн нэг
Америкийн эрдэмтэн П. Друкер:
- …Хөдөлмөр, түүхий эд, хөрөнгө бус мэдлэг гол баялаг нь болсон эдийн засгийн тогтолцоо,
- Мэдлэгийг хэрхэн эзэмшсэнээс үүсэх тэгш биш байдалтай нийгмийн тогтолцоо,
- Засгийн газар нь зөвхөн нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх ёстой гэж үздэггуй төрийн тогтолцоо нийгэм биднийг хүлээж байна… гэж тодорхойлжээ.[1]
Энэхүү мэдлэгт тулгуурласан нийгмийг Монголын сэтгэгчид 100 гаруй жилийн тэртээ оюун мандлын соёл иргэншил хэмээн томъёолж түүний гол онцлогийг дор дурьдсанаар авч үзсэн байдаг. Хүн байгалийн эрхшээлд бус, түүнийг эзэрхэх бус, түүнтэй зохицон өмгөөлөгч, тэтгэгч нь байх үүргийг хүлээн, хүний оюун ухаан хорвоогийн зайлшгүй, салшгүй бүрэлдэхүүн байж, хүний бүтээх оюун эрдэм чадал нь хүн төрөлхтөн орчиндоо хорлолгүйгээр амьдрах, хамт хөгжих үндэс болно хэмээж байжээ.[2]
Дээрх иш татсан санаануудыг эргэцүүлэн тунгаавал, бидний амьдарч, цаашид зорьж буй эрин зуун нь байгальд хор хөнөөлгүй цэвэр технологийг бүтээн хөгжих ба өрсөлдөөний үндэс нь эд баялаг биш гагцхүү эрдэм мэдлэг байх нь тодорхой болж байна.
Мэдлэг бол орчин үед эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл болж байна. Дэлхийн хөгжлийн илтгэлд дурдсанаар ихэнх улс орнуудад мэдлэгийн багтаамж ихтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Жишээлбэл, Энэтхэгт мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын хөгжил нь дэлхийн жишигт ойртож сүүлийн үеийн тооцоогоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2 орчим хувийг энэ салбарын үйлдвэрлэл эзлэх болж 2000-2001 онд 8.26 тэрбум долларын орлого олсон байна.[3] Хятад улс нь өндөр хурдтайгаар цэцэглэн хөгжиж далайн эргийн бүс нутаг нь хөгжлийн болон инновацийн гол уурхай нь болж байна. Бразил улс биотехнологи, хөдөө аж ахуйн салбарт дэлхийд тэргүүлэх технологиор ялгаран манлайлж байна. Эдгээр нь дэлхийн улсуудын хөгжлийн талаар өгүүлэх олон жишээний өчүүхэн хэсэг юм.
Мэдлэг, хөгжлийн түлхүүр хүчин зүйл болох нь улам л нотлогдож байгаа бөгөөд “Мэдлэг-баялаг” гэдэг нь зөвхөн мэдээлэл, мэдээллийн технологи эсхүл өндөр технологи бүхий үйлдвэржилт биш, харин мэдлэг хаана бий болж, мэдлэгийг хаана, хэрхэн эзэмшиж, хэрхэн шилжүүлж, нийгмийн болон эдийн засгийн хөгжлийн төлөө бие хүн, үйлдвэрлэл, нийгмийн байгуулал мэдлэгийг хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаагаар тодорхойлогдоно. Түүнчлэн, эдийн засгийн өсөлт, мэдлэгийн хэрэглээний зах зээлийн өсөлт, хөгжлийн нэг түлхэгч хүч болж буй мэдээлэл, харилцаа холбооны салбарын давуу тал зэргийг бас нэрлэж болох юм.
Тэгвэл бид, мэдлэгийг гол баялгаа болгосон хөгжлийн хаана нь явна вэ? гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. Үүнийг үнэлэхийн тулд хэрэглэж болох энгийн бөгөөд үр дүнтэй арга нь эдийн засаг, хөгжлийн үзүүлэлтүүдийн хооронд харьцуулсан судалгаа хийх, өөрөөр хэлбэл эдгээр үзүүлэлтээр бенчмаркинг хийх арга юм.
Дэлхийн банкнаас хөрш зэргэлдээ болон өрсөлдөгч орон, хөгжлийн чиг баримжаа болох өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтийг хэрхэн харьцуулж болохыг харуулсан “Мэдлэгийн үнэлгээний арга зүй” гэсэн судалгааны аргачлал боловсруулж, 95 улс орны үзүүлэлтүүдийг энэ загвараар тооцоолж харьцуулсан байна.[4] Энэ нь улс орны өмнө тулгарч буй бэрхшээл, боломжийг тодорхойлох, ирээдүйн хөрөнгө оруулалт хийх чиглэл болон бодлогын хувьд анхаарлаа төвлөрүүлэх асуудал зэргийг үнэлэхэд тус дөхөм үзүүлэх юм.
Харьцуулж судлах үндсэн үзүүлэлтэд нь мэдлэгт тулгуурласан нийгмийн дөрвөн үндсэн хүчин зүйл болох:
- эдийн засгийн зохицуулалт ба улс төрийн байгууламж,
- боловсрол ба хүний нөөц,
- үр ашигтай инновацийн систем,
- мэдээллийн дэвшилтэт дэд бүтэц гэсэн бүлэг үзүүлэлт багтсан.
Эдгээр салбарт сайн үр дүнд хүрсэн байх нь хөгжиж буй улсуудад дэвшлийн шинэ боломжийг авчрах, шинэ өөрчлөлтөд хариу өгөх нийгмийн уян хатан, бүтээлч чанар, эдийн засгийн үр ашигт байдлын урьдчилсан нөхцөл болох юм. Дурьдсан хүчин зүйлсээр өндөр үзүүлэлттэй байгаа улс орныг өөрийн эдийн засгийн өсөлт, нийгмийн сайн сайхан байдлын төлөв мэдлэгийн үр дүнтэй хэрэглээг бий болгож чадсан гэж үзэж болох юм.
Дээр дурдсан аргачлалаар мэдлэгт тулгуурласан нийгмийн хөгжлийн тулгуур үзүүлэлтийг өөрийн улсын ба Хятад, Сингапур, АНУ-ын[5] жишээгээр харьцуулан судалж эх орныхоо бодит байдлыг үнэлэн, цаашид баримтлах бодлогын чиглэлд өөрийн саналаа нэмэрлэх зорилгоор энэхүү илтгэлийг бичсэн.
Сонгосон улсуудын хувьд мэдлэгт тулгуурласан нийгмийн үндсэн дөрвөн хүчин зүйл буюу энэ бүлэгт хамаарах 15 үзүүлэлтээр харьцуулбал дараахь үр дүн гарч байна. (Зураг 1)
Дэвшлийн тулгуур үзүүлэлтийг харьцуулсан зураглалаа харахад манай улсын мэдээллийн дэд бүтцийн хөгжил нь АНУ, Сингапурын энэ салбарын хүрсэн үр дүнгээс маш доогуур байна. Энэ салбар дахь хөгжлийн ялгаа нь мэдээллийн хувьсгалын ихээхэн ашиг тусыг хүртэхээр бэлтгэж байгаа өндөр хөгжилтэй улсууд болон энэ хүрээнд одоогоор хязгаарлагдмал чадавхи, боломжтой хөгжиж буй улс орнуудын хооронд “тоо чанарын ялгарал” өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Түүнчлэн дээрх харьцуулсан зураглалаас дараахь зүйлсийг хэлж болох юм.
- Багц үзүүлэлтүүдээс манай улсын хувьд хамгийн сайн ур дүнд хүрсэн нь эдийн засгийн зохицуулалт ба улс төрийн байгууламжийн үзүүлэлтүүд байгаа нь сүүлийн жилүүдэд манай улсад хийгдсэн нийгмийн салбарын шинэчлэл, түүний үр дүнтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл төр, нийгмийн байгуулал нь мэдлэгт тулгуурласан нийгмийн хөгжлийг дэмжих хүчин зүйл болж чадаж байгаа гэсэн үг.
- Боловсролын салбарын хөгжлийн үзүүлэлтээр АНУ ба Сингапур улсын үзүүлэлтээс харьцангуй доогуур байгаа хэдий ч Хятад улстай ижил түвшинд байна. Эндээс үзвэл боловсролын суурь үзүүлэлтээр хөгжиж буй ихэнх улсуудаас өндөр байгаа давуу талаа ашиглан, бизнесийн бүхий л салбарыг жигд хөгжүүлэх бодлого баримтлах, дээд сургуулийн элсэлтийн хувь харьцангуй өндөр байгааг харгалзан дээд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч байна. Мэдлэгт суурилсан нийгмийн тулгуур үзүүлэлтүүдийн үнэлгээнээс харахад хөгжлийн ялгаа инновацийн систем ба мэдээллийн дэд бүтцийн салбарт л байна. Иймд бид энэ чиглэлд хүрсэн боломжоо ашиглан орон зайн алслагдсан байдал, дэд бүтцийн зарим хоцрогдлыг гэтлэн давж өрсөлдөх шинэ давуу талыг бий болгож угтаж ажиллах нь 3. зүйтэй байх.
Дээрх үзүүлэлтүүдээр зарим улс орныг харьцуулсан судалгаа хийгдсэн бөгөөд энэ судалгааны үр дүнгийн мэдээллээ мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн стратегийн бодлогоо тодорхойлоход ашиглаж байна. Тухайлбал, Хятад улсад хамгийн анхаарал татахуйц сул тал болсон үзүүлэлт нь эдийн засаг дахь тарифийн ба тарифийн бус саад хориг, их дээд сургуулийн элсэлтийн хувь гэсэн үзүүлэлтүүд байгаа бөгөөд суурь боловсролын чадавхийг илэрхийлэх үзүүлэлт нь тус улсын давуу тал болж байна. Энэ байдлаа харгалзан тус улс мэдлэгт суурилсан эдийн засгийн хүчтэй үндсийг бүрэлдүүлэхийн тулд дараахь стратегийг баримталж байна. Үүнд:[6]
- Эдийн засгийн ба улс төрийн дэглэмийг шинэчлэх,
- Боловсролын салбарыг хөгжүүлж, чанарыг дээшлүүлэх,
- Мэдээллийн дэд бүтцийг төгөлдөржүүлэх,
- Судалгаа хөгжлийн салбарыг хүчтэй дэмжих зэрэг болно.
Энэ илтгэлийн хүрээнд хийгдсэн судалгаа нь бодит байдлыг илрүүлэхэд л чиглэсэн бөгөөд энэ дүн шинжилгээндээ тулгуурлан мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийн шинэ хандлагад улс орныхоо хөгжлийг уялдуулахын тулд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудад шид гаргагчдын анхаарлыг хандуулахад зорьсон болно. Тулган асуудлыг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Мэдлэгийг нийгмийн хөгжлийн хөдөлгүүр болох үнда стратегийг тодорхойлох,
- Мэдлэгт суурилсан нийгэмд олон улсын зах зээлд борлуулах манай улсын бүтээгдэхүүн үйлчилгаа үйлдвэрлэлийн үндсэн чиглэлийг тодорхойлох,
- Боловсролын салбарын үр ашиг, чанарыг дээшлүүлэх,
- Нийгмийн мэдлэгийн нөөцийг зохистой удирдах, энэ чиглэлийн үйл ажиллагааг урамшуулах, хөгжуур тогтолцоог бий болгох зэрэг болно.
Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэлгүйгээр манай орон хөгжлийн шинэ давуу талыг бий болгох боломжгүй юм.
Манай орны хүрсэн ерөнхий боловсролын дундаж үзүүлэлтийн эерэг үр дүн, иргэдийн итгэл үнэмшлийн онцлог байдлыг давуу тал болгож мэдлэгт суурилсан нийгмийн тэргүүлэх салбар болох боловсролын салбарт дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх санал гаргаж байна.
- Боловсролын салбарт хөрөнгийг оновчтой хуваарилах асуудлыг шийдвэрлэхдээ тэргүүлэх чиглэлийг дэмжих бодлогыг баримтлах, өөрөөр хэлбэл, монгол улсын хувьд цаашид тэргүүлэх чиглэл байж болох оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж буй сургуулиудад өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зохистой.
- Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөж, мэргэжлийн боловсролтой ажиллагчдын тооны болон ур чадварын өсөлт нь үндэсний үйлдвэрлэлийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг судлах, уг судалгааны үр дүнд тулгуурлан тодорхой салбарын бүтээмжийн өсөлтийг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
- Их, дээд сургуулийн багш, оюутнуудын шинийг санаачлах бүтээлч идэвхийг өрнүүлж, урамшуулан дэмжих, өөрөөр хэлбэл мэдлэгийн шинэ зуунд шилжиж байгаа өнөө үед улс орны хөгжил дэвшил нь шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ бүтээлээс шууд хамаарах учраас хүн бүр шинийг бүтээх аянд эрчимтэй нэгдэх цаг нэгэнт болжээ.
Нэгэнт дэлхийн хөгжлийн чиг хандлагаар зайлшгүй болж буй мэдлэг суурилсан нийгмийг тодорхойлогч хүчин зүйлүүдийн хувьд нарийвчилсан судалгаа шинжилгээ хийж, стратегиа тодорхойлон өмнө илэрхийлсэн зарим санааг бодит ажил хэрэг болгох нь Монголын боловсролын салбарт ажиллагч эрдэмтэн багш нар, залуучууд, оюутнуудын үүрэг юм.
Хянасан: Б. АРИУНБАЯР
[1] Peter Drucker. The age of social transformation, 1994, (The atlantic monthly) p 59.
[2] Д.Бямбасүрэн, “Орчлонгийн хүрд”, 1994, 208 дахь тал
[3] World Development Report, 2000/2001 83
[4] World Adhar Utz “Mapping progress”, Development Outreach, Fall 2001, pp 22-24
[5] АНУ-ыг өндөр хөгжилтэй улсын хувьд сонгож авсан бөгөөд манай боловсролын систем нь тус улсынхтай төстэй мен харгалзсан. Харин хөрш зэргэлдээ улсын хувьд Хятад улсыг сонгохдоо эдийн засгийн хөгжил нь асар хурдацтай байгааг Сингапур улсыг сонгохдоо хүн амын тоо нь манай улсынхтай ойролцоо болохыг тус тус харгалзлаа.
[6] China and Knowledge Economy: Seizing the 21 Centure, Carl J.Dalhman, Jean-Eric Aubert, pp-5-6