Стюарт Генри
/Америкийн социологич. Зуун Мичиганийн их сургуулийн профессор/
Шинэ толь №39, 2002
Түлхүүр үг: Формал эдийн засаг, Формал бус эдийн засаг, Капиталист нийгэм, Хөдөлмөр эрхлэлт, Үндэсний эдийн засаг
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Хөгжингүй нийгэм дэх эдийн засгийн плюрализм
Орчин үеийн үйлдвэрлэлийн процессын үйл явцад өөр үйлдвэрлэлийн үүсэл ба нөлөөллийн асуудлыг бүрмөсөн үгүйсгэдэггүй.[1]
К.Поланьu[2] ихэнхи нийгмийн үндэсний эдийн засагт ч солилцооны хэд хэдэн систем байдаг, тэрээр түүнийг “олон тулгуурт эдийн засаг (multicentric economies) гэж нэрлэсэн байдаг. Д.Дэвис[3] энэ санааг орчин үеийн аж үйлдвэржсэн нийгэмд хэрэглэж, түүнчлэн хууль дүрмэнд суурилсан “зах зээлийн эдийн засаг”, төрийн зохицуулалтанд үндэслэгдсэн “нийгмийн баримжаат эдийн засаг”, гэр бүлийн гишүүдийн уламжлалыг удирдлага болгосон “өрх гэрийн эдийн засаг”, байдаг гэж үзсэн.
Нийгэмд гарч буй өөрчлөлтийг шинжлэхдээ бодит байдлаар үйлчилж байгаа зах зээлийн эдийн засгийн тухай авч үзэхээс гадна эдийн засгийн өөр элемент, хүчин зүйлийг судлах шаардлагатай байдаг.
Капиталист нийгэмд аж ахуйн системийн үндсэн гурван төрөл (формал, криминал, формал бус эдийн засаг) байдаг гэж зарим судлаачид үзсэн байдаг. (Зураг 1). Эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн гэсэн дүрэм, харьцангуй бие даасан байдал, хоорондоо харилцан хамааралтай ба шилжилт хийсэн байдалтайгаар хөгжиж байдаг.
Формал эдийн засаг нь чөлөөтэй, бие даасан аж ахуй эрхлэгчийн зах зээлийн эдийн засаг, төрийн зохицуулалтанд суурилсан редистрибутив эдийн засаг гэж хоёр хуваагддаг. Тэр нь “үндэсний тооцооны систем” болон төрийн албанд албан ёсны бүртгэлтэй, төрийн хууль дүрэм, журмыг мөрдлөг болгодог бараа үйлчилгээг хэрэглэх ба үйлдвэрлэх болон бусад үйл ажиллагааны бүх хэлбэр ордог байна.[4]
Формал зах зээлийн эдийн засаг ба редистрибутив бүтэцтэй огтлолцох байдлаар криминал эдийн засаг оршдог бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй бүх үйл ажиллагаа (хулгай, дээрэм, хүч хэрэглэх, хулгайлагдсан эд зүйлийг худалдан авах, г.м) ба захын бизнесийн гол хэлбэр (тоглоом, биеэ үнэлэх, хар тамхины бизнес, зэвсэг ба хориотой эм тариаг хууль бусаар арилжаалах г.м) багтаж байдаг. Энэ эдийн засаг нь оролцогчиддоо орлого авчирч байдаг утгаараа формал эдийн засагтай суурь нэг болдог.
Формал бус эдийн засгийн формал эдийн засагтай холбоотой байгаагийн илрэл нь дараахь судалгааны ажлаас үүдэлтэй тухайлбал, засгийн газар ба зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль ёсны бизнес ба хулгайлагдсан зүйлийг худалдан авах үйлдвэрчний эвлэл ба мафи гэх мэтийн хооронд үүсдэг зөрчлийн асуудлууд багтана.
Формал бус эдийн засгийн тодорхойлолтын хувьд эдийн засагчид нэлээд санал зөрөлдөөнтэй байдаг. Учир нь формал бус эдийн засаг нь нийтлэг хүлээн зөвшөөрсөн институт ба салбарын харилцаанд харшилж байдаг, формал эдийн засгийн эсрэг дүр гэж тодорхойлох нь элбэг байдаг учраас түүнд яг нарийн тодорхойлолт өгөхөд хүндрэлтэй юм. Зарим нэг нь “формал бус эдийн засгийн үйл ажиллагаа нь нийт системийн дүр төрх, түүнд хэрхэн харьяалагдаж байгаагаар тооцсон байдаг.[5]
Энэхүү асуудлыг шинжлэх ухааны олон салбарууд янз бүрээр тайлбарладаг ба уг үйл ажиллагаатай холбоотой 30 гаруй тодорхойлолтыг өгсөн байдаг. Дийлэнхи эрдэмтдийн хүлээн зөвшөөрдөг дараахь ойлголтууд байдаг. Үүнд:
- Төрийн тооцооны системээс нуугдмал ба албан ёсны бус, үйл ажиллагаа нь эдийн засгийн ба гэмт хэргийн статистик бүртгэлд ордоггүй
- Хэвийн ба гэмт хэргийн эдийн засаг дахь хүмүүсийн бүтээгдэхүүн ба үйлчилгээг үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх, солилцох бүхий л үйл ажиллагааг агуулдаг
- Найз нөхдийн, төрөл садангийн, танил тал хоорондын хувийн харилцаан дээр үндэслэгддэг учраас бага хэмжээг хамардаг
- Бага хэмжээний капиталыг шаарддаг учраас хөдөлмөрийн багтаамж багатай
Формал бус эдийн засаг нь дараахь ойлголтыг агуулж байдаг.
- Хэвийн бус эдийн засаг /бодит бус/ (“irregular economy”) нь албан ёсны бүртгэлээс гадуур ажил эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа юм[6]. Нийтлэг утгаар авч үзвэл бүртгэлтэй ба тогтмол ажил эрхлэлт нь хөдөлмөрийн зах зээлийн бага хувийг эзэлж байдаг, ажиллагсдын ихэнхи хэсэг нь тохиолдлын (precarious) ажил эрхлэлтийг буй болгож байдаг учраас бүртгэлд орох нь хүндрэлтэй байдаг. Энэ ойлголт түгээмэл тархсан “гурав дахь ертөнцийн” орнуудыг эс тооцсон ч хөгжингүй орны ажиллагсдын дунд цагаачлагсад, гэрийн үйлчлэгч гээд олон ойлголт байсаар байна. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь формал эдийн засгийн нэг хэсэг болж бүртгэлгүй байдаг, зарим тохиолдолд байнгын бус ажиллагсад нь (irregular workers) /формал эдийн засгийн/ түүний оршин тогтнох гол элемент нь болж байдаг, А. Иллих ба Р. Пол нарын хэлснээр “сүүдрийн ажил эрхлэлт”-ийн (shadow employment) хүрээнд ажиллагсад гэж тодорхойлсон байдаг.[7]
- Далд /нуугдмал/ эдийн засаг (“hidden economy”) бодит эдийн засгийг вирусжүүлж “шимэгч” байдалтай, энэ утгаараа гэмт хэргийн эдийн засагт зохих хэмжээгээр харьяалагдаж байдаг. Д. Диттон дараахь тодорхойлолтыг өгсөн байдаг. Далд эдийн засаг гэдэг нь бараа бүтээгдэхүүний ба санхүүгийн дэд арилжааны хөдөлгөөн, далд орлого олох зорилготой нуугдмал үйл ажиллагаа… эдийн засгийн бодит салбарын үйл ажиллагааг гажуудуулдаг.[8] Далд эдийн засаг нь орлогын үндсэн эх үүсвэр бус үйл ажиллагааны хэлбэрийг агуулж байдаг, хэн нэгнийг дээрэмдэх, юмыг нь хулгайлах, хууран мэхлэх замаар харилцаанд орж, тодорхой хэмжээний ашиг хонжоо олж байдгаар илэрнэ. Д.Диттоны үзэж байгаагаар далд эдийн засаг нь албан ёсны ба албан бус үйл ажиллагаа хавсрах байдлаар илэрдэг.
- Нийгмийн эдийн засаг (“social economy”) гэдэг нь эдийн засгийн хэмжүүр, аргаар тооцогддоггүй, мөнгийг солилцооны хэрэгсэл болгон ашигладаггүй эдийн засгийн үйл ажиллагааны хэсэг. Энэ нь ихэнхдээ ядуучуудын дунд өргөн тархсан бартерын ба swapping эдийн засгийн үйл ажиллагаа, гэхдээ дунд давхрагад ч ялангуяа менежерүүдийн дунд ч ажиглагддаг.
Хэн формал ажил хийж байна, тэр формал бус эдийн засагт нэлээд өндөр идэвхи зүтгэлийг гаргаж чаддаг гэж Р.Пол[9] үздэг. Тэрээр өөрийн бүтээлдээ энэ эдийн засгийг “өөрийнхөө хэрэгцээг хангах” (“self-pro-visioning”), Д. Гершуни[10] – “өөртөө үйлчлэх” (“self-servicing) гэж нэрлэсэн байдаг. Эдгээр эдийн засагчид гэр бүлийн (өрх гэрийн эдийн засаг (household/domestic economy/ нь “коммунал эдийн засагтай (“communal economy”) зэрэгцэн оршдог, энэ нь баялаг үйлдвэрлэлийг бий болгож, худалдаалагдаж байдаг. Гэхдээ энэ үед үйлдвэрлэгч нь хэрэглэгчээс ангид (хамааралгүй) байдаг. Энд “өрх гэрийн хөдөлмөрийн” (“domestic labor”) олон хэлбэрийн тухай яригдаж байгаа буюу эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэ цэнийг тулган шаардаж байдаг феминистүүдийг дэмжих сонирхол идэвхижих хандлага ажиглагддаг.
Зураг 1 дээр орчин үеийн аж ахуйн систем дэх эдийн засгийн үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрийн бие биендээ хэрхэн хамааралтай байгааг схемчлэн үзүүлсэн. Янз бүрийн үнэлгээгээр формал эдийн засгийн хүрээний цаана ДНБ-ний 2-25% далд байдалтай байдаг.[11]
Формал ба формал бус эдийн засгийн хоорондын
диалектик харилцан холбоо: харилцан дэмжих
Капиталист нийгмийн бодит эдийн засаг ба формал бус эдийн засгийн хоорондын харилцаа нь олон тооны хэсгүүдийг цомхотгогч гэсэн зарчмаар явагддаг (integral plurality). Формал ба формал бус эдийн засгийн хоорондын харилцааг 2 байдлаар тэмдэглэж болох юм.
- Формал эдийн засгийн өсөлтийн явцад буй болж байгаа зөрчлөөс үүдээд формал бус эдийн засаг түүний бүрэлдэхүүн хэсэгт ордог
- Бодит эдийн засаг нь формал бус эдийн засгийн бүхий л хэлбэрүүдийг нэгтгэж, харилцан хамааралтай байдаг.
Тусгаарлах ба хуваах аргаар харилцан дэмжих гэдэг нь капиталист нийгмийн дотоод үйл ажиллагаанд зөрчилтэй салбарууд бий болно гэсэн үг. Тэр нь капиталист системийн гадна хамаарал бүхий эдийн засгийн хэлбэрийг бий болгодог. Гэхдээ нэгэн зэрэг энэ хэлбэрүүд нь …нийт системийг дэмжиж тусалж байдаг.[12]
Капитализмын үүслийн үед эрх зүйн хүрээний чухал трансформаци явагдаж байсан, иймд зарим нэг хуучин ил үйлчилж байсан институтууд далд эдийн засаг руу орсон гэж Д.Диттон[13] баталдаг. Тухайлбал, эртний газар түрээслэгчид нь “нийтлэг эрхийг” (common rights) өргөн ашиглаж чадаж байсан бол, 18 дугаар зуунд тодорхой хязгаарлалт хийх хууль гарснаар энэ хуулийг үгүйсгэсэн, ингэснээр ой мод ашиглах, ан хийх, малын бэлчээр ашиглах явдал нь гэмт хэргийн шинжтэй болсон, өөрөөр хэлбэл, ой мод хулгайлах, хулгайн ангийн үйл ажиллагаа идэвхижиж, өмчлөх ба эзэмших эрхийг зөрчих байдалтай болж хувирсан. 17-18 дугаар зууны сүүлчээр үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа гар үйлдвэрийн ажилчид бага хэмжээний үйлдвэрлэлийн материалаа худалдаа, солилцооны журмаар авч байсан, үүнд хэн ч анхаарлаа хандуулдаггүй байсан. Гэхдээ эцсийн эцэст өөрийнхөө хэрэгцээнд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хүртэл хулгай, шамшигдуулалт гэж үзэх болсон, “үйлдвэрээс хулгайлсан барааны худалдаа нь анхны далд эдийн засгийн үндсийг тавьсан” гэдэг байна.
Орчин үеийн формал бус эдийн засгийн хөгжлийн олон асуудал нь хөгжингүй нийгмийн өөрийнх нь бүтцийн онцлогоос бас хамааралтай байгаа юм. Формал бус эдийн засаг дахь хөдөлмөр эрхлэлт нь ихэвчлэн бага орлоготой хүмүүсийн давхрааг үүсгэж байдаг, үүнд ихэнхи нь ажилгүй хүмүүс харъяалагдаж байдаг гэж П. Ферман, Л. Ферман нар баталсан байдаг.[14]
Формал бус эдийн засгийн үйл ажиллагаанд засгийн газрын төвлөрсөн удирдлага ба төрийн татварын бодлогын хөгжил том үүрэгтэй байдаг.
“Газар доорхи эдийн засаг (subterranean economy) ба дэлхий дээрх хар зах зээл нь төр засгийн дүрэм, журам ба хязгаарлалтаар үүсэж буй болж байдаг.[15] Нийгмийн нийт хүн амын хангалуун амьдралын төлөө төр засгийн шийдвэр, авч хэрэгжүүлэх арга хэмжээ хүчтэй болох тэрхүү үйл явцад нуугдмал эдийн засаг нь татвараас зайлсхийх үйлдэлд чиглэсэн, товчхон хэлбэл, “дайчин капитализм” (guerrilla capitalism”) болж үүсэж байдаг. Харилцааны төрөлжилт, уян хатан байдал, шинэ зүйл бүтээхэд бэлэн байх, орчиндоо тохирох, боломжиндоо түшиглэх зэрэг бодит эдийн засагт нийтлэг байдаг гол гол онцлог шинжүүдийг агуулж байдаг нь формал бус эдийн засгийн оршин тогтнох давуу тал гэж хэлж болох ба энэ нь түүний төрийн зохицуулалттай формал эдийн засгийн эсрэг зогсох боломж ч байж болох талтай.
Нэгдэх ба шингээх аргаар харилцан дэмжих. Эдийн засгийн формал ба формал бус салбарын харилцан холбоо нь “гуравдахь ертөнцийн” оронд “орлогын формал бус бололцоо” судалгаагаар ажиглагдаж байна. Энэ формал бус салбар нь жижиг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэлбэрээр капиталист эдийн засагтай паралель байдлаар хөгжиж байгаа юм.
Эрт дээр үеэс формал бус сектор нь хөдөлмөрийн эрчимжсэн технологийн тусламжтайгаар хямд төсөр хэрэглээний бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөл үзүүлж байжээ. Зарим судлаачдын үзэж байгаагаар “гуравдагч ертөнц”-ийн капиталист орны формал бус эдийн засгийн ажиллагсад нь нуугдмал хөлсний ажиллагсад, гэхдээ тэдний үйлдвэрлэл нь үйлдвэрлэлийн капиталаар /учир нь тэнд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, хэлбэр, чанарыг тогтоох, үнийг жинхэнэ өртгөөс доогуур тогтоох/ хянагдаж байдаг.
Р.Бромлея ба К. Герри[16] нарын үзэж байгаагаар зарим нэг богино хугацааны гэрээгээр ажиллагсад /түүнчлэн ил фирмээс формал хамааралтай/ нь том үйлдвэртэй холбоотой байдаг, учир нь тэдний зээлийг ашигладаг, тэднээс үл хөдлөх хөрөнгө ба багаж тоног төхөөрөмж түрээсэлдэг, түүхий эд худалдаж авах эсхүл тэдэнд өөрийн бүтээгдэхүүнийг худалддаг байна.
Зарим эдийн засагч нар энэ дүгнэлтийг хөгжингүй капиталист оронд өргөн дэлгэр байдаг гэж үздэг. “Жижиг формал бус эдийн засгийн үйл ажиллагааны бодит байдлыг зөвхөн түүний олон улсын капиталист эдийн засгийн өсөлт ба бууралтын түүхийн эргүүлэгтэй холбоотойгоор ойлгож болно гэж үзсэн байдаг.[17]
Харилцан дэмжих асуудлыг хамгаас сайн тодорхойлсон хүний нэг бол Г. Шанкленд, тэрээр “Эрүүл нийгэмд” формал ба формал бус эдийн засаг нь харилцан бие биеэ дэмжиж, тэдний хоорондын харилцаа нь харилцан дэмжих симбиоз болж байдаг. Формал салбар нь улс төрийн систем ба эдийн засгийн удирдлагын захиргаадлын өндөрлөгийг үр ашигтай хянаж байдаг. Формал бус салбар нь орчин үеийн холимог нийгмийн формал институтуудын ашиг сонирхолд үйлчилж байдаг, тэрээр нийгмийн өөр сонголтыг санал болгож чадахгүй, гэхдээ амьдралын олон төрлийн хэв маягтай, янз бүрийн формал бус үйл ажиллагааг формал салбарт нэмэр болохуйц хэмжээнд нэмэлт байдлаар санал болгож байдаг. Формал салбарын үйлдвэрлэлийн олон хэлбэр, формал бус салбарт гүнзгий хамааралтай байдаг. Анхны аж үйлдвэрлэлийн хувьсгалаас эхлээд хотуудын төрх байдлын онцлог ийм л байсан.[18]
Харилцан хамаарлын тухай иймэрхүү жишээг маш олноор дурьдаж болох юм. Тухайлбал, жижиг механикжуулалтын хэрэгслийн худалдаа, бараа солилцоо нь нуугдмал байдлаар эцсийн үйлдвэрлэлээр хэрэглээнд бэлтгэхдээ гэрийн нөхцөлд үйлдвэрлэн гаргаж байсан.
Нийгмийн хувьд нэг их тааламжтай бус, гэхдээ харилцан бие биеэ дэмжих харилцааны жишээг албан бус, далд эдийн засгийг судлах явцад ажиглаж болох юм. Мэдээж, татвараас зайлсхийхийн тулд далд ажиллагсдын хөдөлмөрийг ашигладаг практик байсан. Оёдлын газар ба бусад үйлчилгээний салбарт ажиллагсад нь ил үйлчилгээ үзүүлснийхээ төлөө формал бус шагнал урамшуулалыг хүртдэг байсан нь нийтлэг. Аж ахуй эрхлэгчид нь үйлчлүүлэгч нууц байдлаар шан харамж өгөх үйлдэлийг бодитойгоор дэмждэг ба үйлдвэрчний эвлэл байгуулахыг татгалзах, цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардахыг эсэргүүцсэн аливаа үйлдлийг дэмждэг байсан.
Үндсэндээ Д.Дummоны[19] тэмдэглэснээр, аж ахуй эрхлэгчид нь үйлчилгээний салбарын ажиллагсдын үйлчлүүлэгчдээ хуурах үйлдлийг хараагүй, мэдэхгүй мэтээр хандаж “коррупцийг” өөгшүүлж байсан. Тэдний хууль бусаар орлого олох эрх нь менежерүүдийн арга залийн объект болж байсан, учир нь тэд уг орлогыг тарааж өгдөг буюу зах зээлийн нөхцөл дэх бодит цалинтай харьцуулах маягаар хасаж олгодог байсан.
Формал ба формал бус эдийн засгийн хоорондын
диалектик харилцан холбоо: харилцан үгүйсгэл
Формал ба формал бус эдийн засгийн хоорондын харилцан дэмжих харилцааны тухай анализын дараагаар С. Генри тэдгээрийн хооронд тусгаарлах ба нэгдэх аргаар бие биеэ дэмжих, үгүйсгэж байдаг талаар авч үзсэн.
Нэгдэх ба шингээх аргаар харилцан үгүйсгэх. “Гуравдагч ертөнц”-ийн оронд ихээхэн ажиглагддаг формал эдийн засгийн формал бус эдийн засгийг үгүйсгэж байгаа нэг хэлбэр нь гэж хэлж болох биедээ шингээх, уусгах (absorption), өөрөөр хэлбэл, бодит эдийн засагт формал бус эдийн засгийн үйл ажиллагааны зарим хэсгийг өөртөө татан авах явдал байдаг. “Гейгерийн хууль” ёсоор бол “аливаа нийгэм дэх тогтсон соёл, ёс суртахууны эсрэг үйлчлэл нь ямар нэг үнэ цэнэт зүйлийг бий болгож байдаr” гэж үзсэн байдаг.
Энэ нь иж бүрэн боловсронгуй үйлчилгээ, харилцан туслах ба харилцан дэмжих коммунал эдийн засгийн дүр төрхийг бий болгодог байна /ихэвчлэн ердийн эдийн засагт байдаг/. Тухайлбал, “нэргүй архичдын групп” – энэ нь гар аргаар гэрийн нөхцөлд үйлдвэрлэхээс үүсэж эхлээд, түүнийг архидалттай тэмцэх тусгай хөтөлбөр гарах хүртэл замыг туулсан байх жишээтэй. Түүнчлэн, пирамидын зарчмаар бүтээгдэхүүнийг худалдаалахдаа “нийгмийн сүлжээг” ашиглах явдал байж болно, энэ нь хувь хүмүүсийн хоорондын харилцааг бүтээгдэхүүний биржийн олон хэлбэрт хувиргаж байдаг байна.
Тусгаарлах ба хуваах аргаар харилцан үгүйсгэх. Формал ба формал бус эдийн засгийн хоорондын дистанци нэмэгдэхийн хэрээр формал эдийн засаг дахь формал бус үйл ажиллагааны хамаарал, холбоос нь хүчтэй болж байдаг. Тогтмол бус хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нь ихэнхидээ татварын хуулийн зөрчилд буруутгагдах болдог. Үйлдэл үзүүлж байдаг арай “хөнгөн” зам нь формал бус үйл ажиллагааг ямар нэг байдлаар муулах, буруутгах байдалтай хуучинсаг үзлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх явдал байдаг.
Гэхдээ иймэрхүү процесс нь формал бус эдийн засагт ч мөн ажиглагддаг. Харилцан туслах ба харилцан дэмжих үйл явцын амжилт нь формал үйлчилгээний үйлдвэрлэгчдэд хандах байдлыг ихэвхижүүлдэг. Ер нь тогтмол бус хөдөлмөр эрхлэлт ба далд эдийн засаг нь нийгэмд нэмэр болохуйц үйл ажиллагаа байдаг гэж үзэх хандлага хэдий чинээ их байна, мөн тийм хэмжээнд формал эдийн засгийг хамгаалагчдыг буруутгах, хүндэтгэхгүй байх явдлыг хүчтэй болгох талтай байдаг. Эцэст нь, эрдэмтэн С.Генри уг асуудлыг аажмаар боловсронгуй болгох ба нийгмийн хандлагыг өөрчлөх шаардлагатайг онцолж дараахь байдлаар дүгнэсэн.
- Капиталист нийгмийн хэв маягийг сайшаан магтаж байгаа байдал нь коммунал дүрэм журмын бүх үлдэгдлийг бүрэн хэмжээгээр арилгаж чаддаггүй, түүний зарим аспектүүд зөвхөн хадгалагдаад зогсохгүй, зарим тохиолдолд бүр хүчтэй байдлаар илрэлээ олж байна.
- Одоогоор бодит байдлаар үйлчилж байгаа эдийн засгийн салбарууд нь эсрэг үйл ажиллагаа явуулахуйц өөр салбарыг бий болгох нь зайлшгүй байгаа бөгөөд ийм нийгмийн хэв маяг түгээмэл ажиглагдаж байна. Энэ нь формал бус эдийн засаг юм.
- Капиталист эдийн засаг ба түүний эсрэг хэв маяг хоорондын харилцаа гэдэг бол харилцан хамаарал ба харилцан бие биенээ нөхөх харилцаа юм. Формал ба формал бус эдийн засаг нь дэмжих ба үгүйсгэх талаасаа ч харилцан тусгаарлах, харилцан нэгдэх харилцаатай байдгаараа холбоотой.
- Формал бус эдийн засаг нь өөрийн салбаруудын дотроо ч зөрчилтэй элементүүдийг агуулж байдаг. Эдгээр нь капиталист нийгэмд түүний шингэх уусгах өөгшүүлэн процессыг дэмжиж байдаг.
Зарим судлаачдын хувьд формал бус эдийн засгийг “капиталист нийгмийн хөгжилд чиглэсэн социалист сонголт, эсхүл эсрэгээр нь либертариант анархизмын үзэл, далд эдийн засаг дахь “том засгийн газраас” ба татварын дарамтаас чөлөөлөх хэрэгсэл гэж үзсэн байдаг.[20] Харин С. Генригийн хувьд формал бус эдийн засгийг одоогийн нийгмийн байгууллын эсрэг хувьсгалт сонголт гэж хараахан үзэж болохгүй, учир нь тэрээр уг нийгмийн байгууллыг эсэргүүцэх, устгахад үйл ажиллагаагаа чиглүүлдэггүйд гол нь байгаа юм.
Хянасан: Б. АРИУНБАЯР
[1] Henry S. Can the Hidden Economy Be Revolutionary? Toward a Dialectical Analysis of the Relations between Formal and informal Economies // Social Justice, 1988. Vol. 15. No 3-4. P. 31.
[2] Polanyi K. The Great Transformation, Boston, 1957. К.Поnаньи “Агуу их трансформаци” егүүлэлдээ солилцооны хэлбэрийг үндсэн 3 хэлбэрт хувааж авч үзсэн бөгөөд нэг нь нөгөөдөө харилцан үйлчлэлцэж оршдог гэж үзсэн бэлэглэж солилцоо, төвлөрсөн дахин хуваарилалт, зах зээлийн солилцооl.
[3] Davis J. Gigt and the U.K. Economy // Man. 1972. Ne 7. P. 408-429
[4] Henry S. Can the Hidden Economy Be Revolutionary? Toward a Dialectical Analysis of the Relations between Formal and Informal Economies // Social Justice. 1988. Vol. 15. No 3-4. P. 32
[5] Henry S. Can the Hidden Economy Be Revolutionary? Toward a Dialectical Analysis of the Relations between Formal and Informal Economies // Social Justice. 1988. Vol. 15. № 3-4. P. 33.
[6] “Сарны гэрэлд ажиллагсад” (moonlighting) – энэ ойлголтыг АНУ-д өргөн хэрэглэдэг, ажлын бус цагаар нууцаар ажил эрхэлдэг хүмүүсийг хэлдэг байна
[7]. Illich I. Shadow Work. L., 1981; Pahl R. E. Dіvеѕіоnѕ of Labor. Oxford, 1994
[8]. Ditton J. The Fiddler: A Sociological Analysis of Blue Collar Theft among Bread Salesmen. Ph. D. Thesis, University of Durham, 1976. P. 275.
[9] Pahl R. E. Does Jobless Mean Workless ? Unemployment and Informal Work // The Annals: The Informal Economy // Ed. by LA. Ferman, S. Henry, M. Hoyman. Beverly Hills, 1987. P. 36-46.
[10] Gershuny J. Technology, Social Innovation and the Informal Economy // The Annals: The Informal Economy // Ed. by LA. Ferman, S. Henry, M. Hoyman. Beverly Hills, 1987. P. 47-63.
[11] Henry S. Can the Hidden Economy Be Revolutionary? Toward a Dialectical Analysis of the Relations between Formal and Informal Economies ll Social Justice. 1988. Vol. 15. No 3-4. P. 36.
[12] Henry S. Can the Hidden Economy Be Revolutionary? Toward a Dialectical Analysis of the Relations between Formal and Informal Economies ll Social Justice. 1988. Vol. 15. No 3-4. P. 37.
[13] Ditton J. Percs, Pilferage and the Fiddle: The Historical Structure of Invisible Wages // Theory and Society. 1977. Ne 4. P. 39-71.
[14] Ferman P. Ferman L. The Structural Underpinning of the Irregular Economy II Poverty and Human Resources Abstracts. 1973. № 8. P. 3-17.
[15] Gutmann P. The Subterranean Economy // Financial Analysts Journal. 1977. № 34. Р. 20.
[16] Bromley R., Gerry C. Casual Work and Poverty in Third World Cities. L., 1979.
[17] Gerry C. Developing Economies and the Informal Sector in Historical Perspective II The Annals: The Informal Economy. Beverly Hills, 1987. P. 100-119.
[18] Shankland G. Towards Dual Economy // The Guardian. 1977. December 23, P. 23.
[19] Ditton J. Part-Time Crime: An Ethnography of Fiddling and Pilferage. L., 1977
[20] Cash A. Guerrilla Capitalism: How to Practice Free Enterprise in an Unfree Economy. Port Townsend: Loompanics Unlimited, 1984. 67