Ч.Лхагважав
/Дэд доктор/
Шинэ толь №2, 1994
Нэгдсэн улсын АРД ТҮМЭН-БИД улам төгс боловсронгуй Холбооны улс төлөвшүүлэхийн төлөө, Шударга шүүх тогтоох, Дотоодын тайван байдлыг баталгаажуулах, Батлан хамгаалахыг хамтран хангах, Бүх нийтийн чинээлэг сайхан аж байдлыг дэмжихийн тулд, мөн өөрсөддөө болон хойч үеийнхэндээ Эрх чөлөөний үр шимийг хангахын төлөө Америкийн Нэгдсэн Улс даяар энэхүү Үндсэн хуулийг ёс төгөлдөр тунхаглан баталж байна.
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Нэгдүгээр хэсэг. Төлөөлөгчдийн танхим ба Сенатаас бүрдэх Их Хуралд (Конгрессд) энд баталгаажуулсан хууль тогтоох бүх эрх мэдлийг олгоно.
Хоёрдугаар хэсэг. Төлөөлөгчдийн танхим нь тусгаар Муж улс бүрийн хүн амаас хоёр жил тутам сонгосон гишүүдээс бүрдэнэ; хамгийн олон гишүүн бүхий хууль тогтоох хурлыг сонгох тэр Муж улсын сонгогч нарт тогтоосон шаардлага Муж улс тус бүрийн сонгогчдод нэгэн адил тавигдана.
Хорин таван нас хүрээгүй, 7 жилийн хугацаанд Нэгдсэн Улсын иргэн байгаагүй, мөн сонгогдох гэж байгаа Муж улсдаа тухайн сонгуулийн үед амьдарч байгаагүй бол тэрээр төлөөлөгчөөр сонгогдохгүй.[Төлөөлөгчдийн тоо болон шууд Албан татварыг энэхүү Нэгдсэн Улсын бүрэлдэхүүнд оролцогч Муж улс хооронд хуваарилахдаа тэдгээрийн хүн амын тоонд шууд хамааралтайгаар тооцно. Тоог тодорхойлохдоо тодорхой хугацаа бүхий албан хаагчдыг оролцуулан бүх чөлөөт хувь хүмүүсийн тоон дээр татвар төлдөггүй индианчуудыг хамааруулахгүйгээр бусад бүх хувь хүний тавны гурвыг нэмж тогтооно.}[1]
Бүх нийтийг хамарсан хүн амын тооллого явуулахдаа Нэгдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы дараа гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, дараа нь тусгай хуулиар тогтоосон журмын дагуу арван жил тутамд явуулна. Гучин мянган сонгогч тутмыг төлөөлөх төлөөлөгчийн тоо нэгээс хэтрэхгүй байна. Гучин мянган сонгогч нарт харгалзах төлөөлөгчдийн тоо нэгээс хэтрэхгүй байна. Гэхдээ муж улс тус бүр дор хаяад нэг төлөөлөгчтэй байх бөгөөд хүн амын тооллогыг явуултал Нью-Хэмпшир Муж улсаас гурав, Массачусетсээс найм, Род Айлэнд болон Провиденсийн эзэмшил газраас нэг, Коннектикутээс тав, Нью-Йоркоос зургаа, Нью-Жерсигээс дөрөв, Пенсильваниас найм, Делаверээс нэг, Мерилэндээс зургаа, Виржиниэс арав, Хойт Каролинаас тав, Өмнөд Каролинаас тав, Жоржоос гурван төлөөлөгч сонгоно. Аль нэг Муж улсаас суух төлөөлөгчийн орон тоо гарах үед тэр муж улсын гүйцэтгэх засаглалаас сул суудлыг нөхөх сонгууль явуулах тушаал гаргана.
Төлөөлөгчдийн танхим нь дарга, бусад албан тушаалтнаа сонгох бөгөөд төрийн дээд албан тушаалтанд хариуцлага тооцох дэгээр хэрэг мөрдөх онцгой эрхийг зөвхөн энэ танхим эдэлнэ.
Гуравдугаар хэсэг. Нэгдсэн Улсын Сенатад Муж улс болгоноос {хууль тогтоох хурлаараа}[2] зургаан жилийн хугацаатай сонгогдсон тус бүр хоёр сенатч ордог бөгөөд сенатч бүр нэг л саналын эрх эдэлнэ.
Анхдугаар сонгуулиар уг танхимыг бүрдүүлмэгц сенатч нарыг аль болох адил тэгш гурван бүлэгт хуваана. Нэгдүгээр бүлгийн сенатчдийн суудал хоёр дахь жилийн эцэст, хоёрдугаар бүлгийнх дөрөв дэх жилийн, гуравдугаар бүлгийнх зургаа дахь жилийн сүүлчээр чөлөөлөгдөнө. Иймд тэдний гуравны нэг нь хоёр жил тутам шинээр сонгогдож байх боломжтой юм. [Хэрэв аль нэг Муж улсын хууль тогтоох хурлын чуулганы завсарлага хооронд огцрох буюу өөр шалтгаанаар сул суудал гарвал гүйцэтгэх засаглалаас нь хууль тогтоох хурлынхаа дараагийн чуулган хүртэл түр хугацаагаар сул суудлаа нөхөхөөр төлөөлөгч томилж болно.[3]
Есөн жилийн хугацаанд Нэгдсэн Улсын иргэн байгаагүй, гучин нас хүрээгүй, болон сонгуулийн үед тухайн муж улсад оршин суугч биш хувь хүн сенатчаар сонгогдохгүй. Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч Сенатын дарга мөн боловч санал тэнцүү хуваагдах тохиолдолд л санал хураалтанд оролцож болно
Сенат бусад албан тушаалтнуудаа, мөн Дэд ерөнхийлөгч эзгүй, эсвэл тэрээр Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх тохиолдолд даргыг (түр хугацаат даргыг) түр хугацаагаар сонгоно.
Сенат нь төрийн дээд албан тушаалтанд хариуцлага тооцох дэгийн дагуу бүх хэргийг шийдвэрлэх онцгой эрхтэй. Энэ зорилгоор хуралдахдаа сенатч нар тангараг өргөх буюу ёслолын амлалт өгнө. Хэрэв Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн хэргийг шийдвэрлэх бол хуралдааныг Ерөнхий шүүгч даргална; Хуралдаанд ирсэн Сенатын гишүүдийн гуравны хоёрын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч шийтгэх ёсгүй.
Төрийн дээд албан тушаалтанд хариуцлага тооцох таслан шийдэрлэх тогтоол нь албан тушаалаас нь огцруулах, Нэгдсэн Улсын төрийн хүндэтгэлийн, хариуцлагатай, эсвэл цалинтай алба хаших эрхийг нь явдлаар хязгаарлана. Тэгэхдээ дээрх байдлаар шийтгүүлсэн этгээдийг Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлагад татах, шүүхэд шилжүүлэх болон ял шийтгүүлж болно.
Дөрөвдүгээр хэсэг. Сенатч болон төлөөлөгчдийг сонгох хугацаа, газар, журмыг муж улс тус бүрт хууль тогтоох хурал нь тогтооно: гэвч сенатч нарыг сонгох сонгуулийн газраас бусад сонгууль явуулах дүрэм, журмыг өөрчлөх, эсвэл тогтоох хуулийг Их Хурал хэдийд ч гаргаж болно.
Их Хурал жилд нэгээс цөөнгүй удаа чуулах бөгөөд хуулиар өөр өдөр заагаагүй бол [Чуулганаа арванхоёрдугаар сарын эхний Даваа гаригт эхэлнэ].[4]
Тавдугаар хэсэг. Танхим бүр сонгуулийн үнэн зөв эсэх, сонгуулийн дүн болон өөрсдийн гишүүдийн бүрэн эрхийг өөрөө хянан шийдвэрлэнэ. Танхим бүрийн олонхи нь ажил хэргээ явуулахад ирцийн шаардлагатай хувь хэмжээг тогтооно; гэхдээ танхим хувь хэмжээндээ хүрээгүй цөөхөн бүрэлдэхүүнтэй үед хуралдаанаа нэг өдрөөс нөгөөд шилжүүлж болох бөгөөд хуралдааны ирцийг хангах зорилгоор тэдгээрийг албадан авчрах тийм арга, хариуцлагын арга хэмжээг хуралд ирээгүй гишүүдэд танхим бүрээс авах эрхтэй.
Танхим хуралдааны дэгийг тогтоож, журам зөрчсөний нь төлөө гишүүнээ шийтгэж, мөн гуравны хоёрын саналаар бүрэлдэхүүнээсээ хасаж болно.
Танхим бүр хуралдааныхаа үйл ажиллагааны тухай мэдээлэх сэтгүүл эрхэлж нууцад хамаарна гэж үзсэн хэсгээс бусад зүйлийг тогтмол нийтэлж байна. Ямарваа асуудлаар танхимын гишүүдээ “Зөвшөөрсөн” ба “Үгүй” гэсэн байдлаар хураалгасан саналын тухай хуралдаанд оролцогчдын тавны нэгийн хүсэлтээр Сэтгүүлд тэмдэглэж болно.
Их Хурлын чуулганы үеэр аль ч танхим нөгөөтэйгээ зөвшилцөлгүйгээр хуралдааныг гурван өдрөөс илүү хугацаагаар шилжүүлж болохгүй, эсвэл хоёр танхим хуралддаг байрнаас өөр газар хуралдааныг товлох ёсгүй.
Зургадугаар хэсэг. Сенатч болон төлөөлөгч нарт албан ажилд олгох нөхвөрийг хуулиар тогтоож Нэгдсэн Улсын сангаас олго байна. Үндэснийхээ эрх ашгаас урвах, хүнд гэмт хэрэг үйлдэх болон нийтийн дэг журам зөрчсөнөөс өөр бусад тохиолдолд танхимынхаа чуулганд хуралдаж байх хугацаанд, эсвэл тэндээс буцах, очих үед тэднийг баривчилж үл болно. Тэд танхимууд дээр үг хэлэх, мөн санал шүүмжлэл гаргасны төлөө хаана ч асуугдах ёсгүй.
Нэг ч сенатч буюу төлөөлөгч сонгууль хүлээсэн бүхий л хугацаандаа Нэгдсэн Улсын бүрэн эрхийн хүрээнд иргэний албан тушаал бий болгосон буюу цалин, орлогыг нэмэх аливаа албан тушаалд томилогдож хэрхэвч болохгүй бөгөөд Нэгдсэн Улсын албанд ямарваа албан тушаал эрхэлж буй нэг ч этгээд энэ албан тушаалдаа байгаа цагт танхимуудын алиных нь ч гишүүн байх ёсгүй.
Долоодугаар хэсэг. Төлөөлөгчдийн танхимаас албан татварын орлогын тухай хуулийн бүх төслийг боловсруулна. Гэхдээ сенатаас бусад бүх хуулийн төслийн нэгэн адил түүнд санал оруулах, эсвэл хэлэлцүүлэхэд нь оролцож болно.
Сенат болон төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэн баталсан бүх хуулийн төслийг хууль болохоос өмнө Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчид танилцуулна; хэрэв төслийг сайшаавал тэрээр гарын үсгээ зурна; харин татгалзвал уг төслийг оруулсан танхимд нь өөрийн эсэргүүцлийн хамт буцаана. Танхим өөрийн сэтгүүлдээ эсэргүүцлийг бүрэн тэмдэглэж, төслөө дахин авч хэлэлцэнэ. Хэрэв шинээр дахин авч хэлэлцээд танхимын гуравны хоёрын саналаар хэвээр батлагдвал Ерөнхийлөгчийн эсэргүүцлийн хамт нөгөө танхимдаа шилжүүлнэ. Энэ танхим дахин авч хэлэлцээд гуравны хоёрын саналаар баталбал уг төсөл хууль болно. Харин энэ бүх тохиолдолд хоёр танхим нэрээр санал хураах бөгөөд төслийн төлөө болон эсрэг саналыг нэрээр нь авч танхимууд өөр өөрсдийнхөө сэтгүүлд тэмдэглэнэ. Хэрэв Ерөнхийлөгч төслийг танилцуулахаар өгснөөс хойш арав хоногийн (ням гаригийг тооцохгүйгээр) дотор буцаагаагүй бол Ерөнхийлөгч гарын үсэг зурсантай адил гэж үзэж энэхүү төсөл нь хууль болно; Их Хурал хуралдаанаа шилжүүлснээс болж төслийг буцаан өгч чадахгүй болсон тохиолдолд хуулийн төсөл хууль болохгүй.
Сенат болон төлөөлөгчдийн танхимын аль алины зөвшөөрөл шаардлагатай санал бүх тогтоол, захирамж буюу шийдвэр Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчид танилцуулгдах бөгөөд зөвхөн сайшаасан тохиолдолд эдгээр нь хүчин төгөлдөр болно; хэрэв сайшаагаагүй бол төслийн талаар тогтоосон дүрэм, хязгаарлалтын дагуу Сенат болон Төлөөлөгчдийн Танхимаас гуравны хоёрын саналаар дахин баталж болно.
Наймдугаар хэсэг. Их Хурал дараах эрх эдэлнэ. Үүнд:
(1) Нэгдсэн Улсын бүх нийтийн чинээлэг сайхан байдал, Үндэсний батлан хамгаалах хүчнийг хангах, өр зарлагаа төлөх зорилгоор албан татвар, хураамж, гаалийн татвар болон шууд бус татвар тогтоон татах; тэгэхдээ бүх төрлийн албан татвар; хураамж нь Нэгдсэн Улс даяар ижил байх ёстой.
(2) Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс зээллэг хийх;
- Гадаад улс гүрэнтэй болон Муж улс хооронд, мөн Индиан омгийнхонтой худалдааны зохицуулалт хийх;
- Нэгдсэн Улс даяар үйлчлэх дампуурлын асуудлын тухай хууль, мөн гадаадын хүмүүсийг иргэнээр бүртгэх нэгдсэн дүрэм тогтоох;
- Шинэ зоос хэвлэх, дотоод, гадаад мөнгө, зоосны ханшийг зохицуулах, жин хэмжүүрийн нэгж тогтоох;
- Гүйлгээнд буй Нэгдсэн Улсын зоос улсын үнэт цаас хуурамчаар үйлдсэний төлөө оноох шийтгэлийг тогтоох;
- Шуудангийн алба, шуудангийн зам харилцааг байгуулах;
- Зохиогч, зохион бүтээгчдийн уран бүтээл, нээлтийн онцгой эрхийг тодорхой хугацаагаар хангаж, гар урлал, шинжлэх ухааны хөгжлийг хөхүүлэн дэмжих;
- Дээд шүүхээс бусад доод шатны шүүхүүдийг байгуулах;
- Далай тэнгисийн дээрэм, далайд үйлдсэн хүнд гэмт хэрэг болон үндэстний эрхийн эсрэг гэмт хэргийг тодорхойлох шийтгэх;
- Дайн зарлах, хувийн эзэмшлийн болон бусдын худалдааны зорилго бүхий бусдын хөлөг онгоцыг олзлох зөвшөөрөл, мөн харь улсаас өдөөсөн хууль бус үйл ажиллагаанд хариу албадлагын арга хэмжээ авах тухай зөвшөөрлийн гэрчилгээ олгох; эх газар, далайд булаан эзлэхтэй холбоотой дүрэм журам тогтоох;
- Цэргийн хүчинтэй байх, хангах: гэхдээ энэ зорилгод ямар ч мөнгөн санхүүжилтийг хоёр жилээс хэтрэхгүй хугацаагаар хийх
- Усан цэргийн хүчнийг бий болгох, хангах;
- Усан ба хуурай замын цэргийн хүчнийг зохион байгуулах удирдах дүрэм гаргах;
- Нэгдсэн Улсын хууль сахиулах, бослого самууныг дарах, элдэв довтолгоонд няцаалт өгөх зорилгоор урьдчилсан сэргийлэх Цагдаагийн албыг бий болгох арга хэмжээ авах
- Их хурлаас тогтоосон шаардлагын дагуу цагдаагийн албаны бэлтгэлийг зохион байгуулах болон албан тушаалтан нарыг томилох эрх мэдлийг Муж улсуудын мэдэлд хадгалан Нэгдсэн Улсын албанд ашиглах боломжтой цагдаагийн албаны тэр хэсгийн сургалт, зэвсэглэмж, зохион байгуулалтын хийгээд удирдлагын талаар зохих арга хэмжээг авч байх;
- Их хурлаас сайшааснаар Нэгдсэн Улсын Засгийн газар байрших, зарим Муж улсуудын өгсөн тэр нутаг дэвсгэрт (арван миль ам дөрвөлжингөөс хэтрэхгүй хэмжээ бүхий) бүх тохиолдолд хууль тогтоох онцгой эрх мэдлээ хэрэгжүүлэх, мөн усан онгоцны засвар тоноглолын газар, зэвсэглэлийн иж бүрдэл болон фортын байгууламж, сангийн агуулах, бусад зайлшгүй чухал барилга байгууламж барих зорилгоор Муж улсын нь хууль тогтоох хурлаас зөвшөөрсний дагуу авсан бүх нутаг дэвсгэрт мөнхүү эрх мэдлээ хэрэгжүүлэх;
- Нэгдсэн Улсын Засгийн газарт болон түүний хэлтсүүд буюу албан тушаалтан нарт энэхүү Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх мэдэл болон дээр заасан бүрэн эрхүүдээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хуулиудыг гаргах.
Есдүгээр хэсэг. Одоогоор байгаа Муж улсуудын аль нэг шаардлагатай гэж, зөвшөөрсөн тийм хувь хүмүүсийн шилжин нүүх, оруулахыг 1808 он хүртэл Их Хурлаас хориглох ёсгүй, гэхдээ ийнхүү оруулахад хүн бүрт арван доллараас хэтрэхгүй татвар буюу хураамж ноогдуулж болно.
- Хэрэв бослого үймээн, эсвэл дайран довтлох тохиолдолд олон нийтийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас л үүдээгүй бол хувь хүний халдашгүй байдлыг зөрчих, баривчилгааг хууль бусаар хийхийг хориглох давуу талын тушаалын үйлчилгээг түр ч гэсэн хугацаагаар зогсоож үл болно.
- Шүүхийн бус шийдвэрээр ял шийтгэх эсвэл хууль буцаан хэрэглэх аливаа хууль гаргаж үл болно.
- Дээр дурдсан хүн амын тооллого буюу дахин тооллогын дагуу тэдэнд харгалзан тохируулахаас өөр маягаар хүн бүрт ноогдуулах гувчуур, эсвэл бусад шууд албан татвар ноогдуулж үл болно. Аль ч муж улсаас гаргаж буй эд бараанд татвар буюу хураамж ноогдуулж үл болно.
- Аль нэг Муж улсаас гаргаж буй эд бараанд татвар буюу хураамж ногдуулж үл болно.
- Аливаа худалдааны болон санхүүгийн тухай ямар нэг тогтоолоор нэг Муж улсын боомт нөгөөгийнхөөс илүүд үзэхээр давуу байдалтай байж болохгүй, аль нэг Муж улсаас нөгөө рүү яваа хөлөг онгоцыг өөр Муж улсын усан боомтод албадан оруулах, ачааг нь буулгуулах эсвэл гувчуур төлүүлэхийг хориглоно.
- Хуулиар тогтоосноос өөр зорилгоор улсын сангаас ямар ч хөрөнгө мөнгө гаргаж үл болно. Харин улсын мөнгөн сангийн орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан, мэдээг хэвлэлд тогтмол нийтэлж байх ёстой.
- Нэгдсэн Улсаас ямар ч тайж, язгууртны титэм олгохгохгүй мөн Нэгдсэн Улсад алба хааж байгаа ямарваа цалинтай буюу хүндэтгэлийн албан тушаалтан нэг ч хүн Их хурлын зөвшөөрөлгүйгээр ямар нэг хаад, ноёд эсвэл гадаад гүрнээс аливаа бэлэг, шан, титэм, хэргэм (албан тушаал) хүлээн авч үл болно.
Аравдугаар хэсэг. Нэг ч Муж улс гэрээ, холбоо буюу хамтын нийгэмлэгт (конфедараци) нэгдэн орох, хувь эзэмшлийн болон худалдааны зорилго бүхий бусдын хөлөг онгоц олзлох зөвшөөрөл олгох, мөн харь улсаас өдөөсөн хууль бус үйл ажиллагаанд хариу албадлагын арга хэмжээ авах зөвшөөрлийн гэрчилгээ олгох; зоос хэвлэн үйлдвэрлэх; зээллэгийн баримт тийз гаргах; алт мөнгөн бусад зүйлээр өр төлөх; шүүхийн бус шийдвэрээр ял шийтгэх, эсвэл хууль буцаан хэрэглэх тухай хууль батлах; тайж язгууртны хэргэм, цол, титэм олгохыг хориглоно.
Нэг ч Муж улсаас Их Хурлын зөвшөөрөлгүйгээр хяналт зааварчилгааны тухай хуулиар хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд эд бараа гаднаас оруулах, гаргахтай холбогдуулан гувчуур, эсвэл хураамж ноогдуулж үл болно; тэгэхдээ ачаа бараа гаднаас оруулж, гаргахдаа Муж улсаас ноогдуулсан бүх гувчуур, хураамжийн цэвэр орлогыг Нэгдсэн Улсын сан хөмрөгт авах бөгөөд энэ талаарх бүх хууль Их Хурлын хяналтанд байх ба түүнийг өөрчилж болно.
Нэг ч Муж улс Их Хурлын зөвшөөрөлгүйгээр ачаа тээшний хураамж тогтоох, энх тайван цагт байлдааны хөлөг онгоц, цэрэг зэвсэгийн хүчинтэй байх, өөр Муж улстай буюу гадаадын улс гүрэнтэй аливаа хэлэлцээр хийх, гэрээ, байгуулах, хэрэв бусдад эзлэгдсэн, эсвэл гадны түрэмгийллийн шууд аюул заналд учраад байгаагийн, улмаас хойшлуулшгүй байдал тулгараагүй л бол дайн хийхийг хориглоно.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ
Нэгдүгээр хэсэг. Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлнэ. Тэрээр дөрвөн жилийн хугацааны туршид албан тушаалаа гүйцэтгэх бөгөөд мөн энэ хугацаанд ажиллуулахаар шалгарах дэд Ерөнхийлөгчийн хамт дараах журмаар сонгогдоно.
Муж улс бүр Хууь тогтоох хурлынхаа баталсан журмаар Их Хуралд хичнээн гишүүн суулгах эрхтэй байгаа Сенатч, Төлөөлөгчдийн нийлбэртэй тэнцүү тооны сонгогчдыг томилно; гэхдээ Нэгдсэн Улсын хүндэт буюу цалинтай албан тушаалтан, Сенатч, Төлөөлөгч сонгогчоор тодорхойлогдох ёсгүй.
{Сонгуулийг холбооны гишүүд буюу Сонгогчид өөр өөрсдийнхөө Муж улсад хуран чуулж нууц санал хураалтаар хоёр хүнийг сонгоно. Энэ хоёр хүний дор хаяад нэг нь тэдэнтэй нэг Муж улсын оршин суугч байж болохгүй. Дараа нь санал авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус бүрийн төлөө өгсөн саналын тоог зааж үйлдэнэ. Нэрсийн жагсаалтанд сонгогчид гарын үсэг зурж батламжлаад, Нэгдсэн Улсын Засгийн газарт сенатын дарга нь сенат болон төлөөлөгчдийн танхимынхыг байлцуулан бүх батламжилсан нэрсийн жагсаалтыг задалж, дараа нь тоолно.}
Хэрэв бүх сонгогчдын талаас илүү хувийн санал авсан бол хамгийн олон саналтай нь Ерөнхийлөгч болно. Хэрэв талаас илүү хувийн санал авсан хүн хэд хэд байгаад саналын тоо хоорондоо тэнцүү бол Төлөөлөгчдийн танхим дахин нууц саналаар тэдний нэгийг шууд сонгоно. Хэрэв олонхийн санал авч чадаагүй бол Төлөөлөгчдийн танхим нэрсийн жагсаалтад хамгийн олон санал авсан таван хүнээс дээрх журмын дагуу шууд Ерөнхийлөгчийг сонгоно. Ерөнхийлөгчийг сонгох энэ үед Муж улс бүрээр санал хуваарилагдах бөгөөд Муж улс бүрийн төлөөлөл нэг л санал өгнө; харин энэ зорилгоор шийдвэр хүчин төгөлдөр болох төлөөллийн хэмжээг Муж улсуудын гуравны хоёр гэж тогтоох бөгөөд сонголт хийхэд Муж улсуудын олонхи байх шаардлагатай. Ерөнхийлөгчийг сонгосны дараа үлдсэн хүмүүс ямар ч тохиолдолд аль олон санал авсан нь Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно. Хэрэв хэд хэдэн хүн тэнцүү санал авсан байвал Сенат тэдний дундаас нууц саналаар Дэд ерөнхийлөгчийг сонгоно.}[5]
Сонгуулийн холбооны гишүүдийг сонгох хугацаа, тэднээс сонгуульд саналаа өгөх өдрийг Их Хурлаас товлон тодорхойлж болно. Сонгуулийн энэ өдөр Нэгдсэн Улсын бүх нутаг дэвсгэр даяар нэг байна. Энэхүү Үндсэн Хуулийг батлах үед Нэгдсэн Улсын иргэн байгаагүй буюу Нэгдсэн улсын уугуул иргэн биш бол тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдохгүй. Мөн үүнтэй нэг адилаар энэ албан тушаалд гучин таван нас хүрээгүй, Нэгдсэн Улсад арван дөрвөн жилийн турш байнга амьдраагүй хэн ч сонгогдох ёсгүй.
{Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох буюу түүнийг нас барах, эсвэл түүнийг чөлөөлөх, мөн албан тушаалтай нь холбоо бүхий эрх, үүргээ хэрэгжүүлэх чадвараа алдах тохиолдолд албан эрх, үүрэг нь Дэд Ерөнхийлөгчид шилжинэ; Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч огцрох, нас барах, чөлөөлөгдөх, чадвараа алдах тохиолдол гарвал Их Хурлаас ямар албан тушаалтан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх ёстой тухай хууль гаргаж болох бөгөөд Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэхэд нь саад болж байгаа тэр шалтгааныг арилтал, эсвэл шинэ Ерөнхийлөгч сонгогдтол үүрэг гүйцэтгэнэ.}[6]
Ерөнхийлөгчийн тогтоосон хугацаанд албан тушаал эрхлэлтийн нөхвөр шан авах бөгөөд энэ нь түүний сонгуультай байх бүхий л хугацааны турш нэмэгдэж, хасагдаж болохгүй; мөн энэ хугацаандаа Нэгдсэн Улсаас, эсвэл түүний аль нэг Муж улсаас өөр аливаа орлого болох шан авч үл болно.
Ерөнхийлөгч албан ажилдаа орохын өмнө:
“Би Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн албан үүргийг үнэнчээр гүйцэтгэж, бүхий л хүч чадлаа дайчлан Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг дэмжиж батлан хамгаална гэдгээ ёслол төгөлдөр тангараглая” хэмээн тангараглах буюу ёслолын амлалт өргөнө.
Хоёрдугаар хэсэг. Ерөнхийлөгч бол Нэгдсэн Улсын Усан цэргийн хүчний болон Армийн, мөн тусгаар Нэгдсэн улсад жинхэнэ албан үүргээ тодорхой нэг Муж улсын Цагдаагийн газар гүйцэтгэх үед нь түүний Ерөнхий командлагч байна; тэрээр албан үүрэгт нь хамаарах аливаа асуудлаар гүйцэтгэх хэлтэс бүрийн дээд албан тушаалтанд хууль тогтоох байгууллагаас хариуцлага тооцох тохиолдлоос бусад Нэгдсэн Улсын эсрэг үйлдсэн гэмт хэрэгт уучлал үзүүлэх, мөн таслан шийдвэрлэх тогтоолын гүйцэтгэлийг хойшлуулах эрхтэй.
Тэрээр Сенатын зөвшөөрөл, зөвлөмжөөр Сенатч нарын гуравны хоёр нь сайшаан дэмжсэн нөхцөлд Олон улсын гэрээ байгуулах; мөн Сенатын зөвшөөрөл, зөвлөмжөөр элчин сайд нар болон бүрэн эрхт төлөөлөгчид, консулууд, Дээд шүүхийн шүүгчид, мөн энэхүү Үндсэн хуулинд ажил томилолтыг нь өөрөөр тогтоон заагаагүй болон албан тушаалыг нь хуулиар батлан тогтоох Нэгдсэн Улсын бусад бүх албан тушаалтныг томилох эрхтэй, харин шаардлагатай гэж үзвэл Их Хурлаас бага албан тушаалтан нарыг томилох эрхийг зөвхөн Ерөнхийлөгчид ганцааранд нь, эсвэл Шүүх байгууллагуудад болон хэлтэс, газрын дарга нарт хуулиар олгож болно.
Ерөнхийлөгч Сенатын чуулганы завсарлага үеэр гарсан бүх албан тушаалын сул орон тоог ирэх чуулганы төгсгөл хүртэлх хугацаанд нөхөн бүрдүүлэх эрхэй.
Гуравдугаар хэсэг. Ерөнхийлөгч Нэгдсэн Улсын төлөв байдлын тухай Их Хуралд талд үе үе мэдээлэл өгнө. Мөн зайлшгүй чухал, хэрэгтэй гэж үзсэн арга хэмжээг авч хэлэлцүүлэхээр санал болгоно. Тэрээр онцгой тохиолдолд хоёр танхимын, эсвэл эдгээрийн нэгнийх нь чуулганыг хуралдуулж болох бөгөөд чуулгануудын хугацааг өөрчлөх тухай асуудлаар хоёр танхим санал зөрсөн тохиолдолд өөрөө зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тийм хугацаагаар хойшлуулан товлож болно. Элчин сайд болон бусад албан ёсны төлөөлөгчдийг хүлээн авна; хуулийн нарийн чанд хэрэгжилтийн төлөө санаа тавина; мөн Нэгдсэн Улсын төрийн албан тушаалтан нарын бүрэн эрхийг тодорхойлно.
Дөрөвдүгээр хэсэг. Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Нэгдсэн Улсын иргэний бүх албан тушаалтан нарыг хэрвээ Дээд албан тушаалтан нарт хариуцлага тооцох дэгийн дагуу урвасан, хээл хахууль авсан болон бусад хүнд, хөнгөн аливаа гэмт хэрэгт буруутай гэдэг нь нотлогдвол албан тушаалаас нь огцруулж болно.
ГУРАВДУГААР ЗҮЙ
Нэгдүгээр хэсэг. Нэгдсэн Улсын шүүх засаглалыг гаагцхүү Дээд шүүх болон Их Хурлаас цаг тухайд нь бий болгосон удаах шатны шүүхүүд хэрэгжүүлнэ. Дээд болон удаах шатны шүүхийн шүүгчид биеэ өө сэвгүй авч явж байгаа цагт л албан тушаалдаа байна. Тэд тогтоосон хугацаанд албан ажил эрхлэлтийн нөхвөр авах бөгөөд албан тушаалдаа байх хугацаанд нь түүнийг бууруулж үл болно.
Хоёрдугаар хэсэг. Шүүх засаглал нь энэхүү Үндсэн хууль, Нэгдсэн Улсын бусад хуулиуд болон олон улстай Нэгдсэн Улсаас байгуулсан гэрээ бүхий л хэргийн элчин сайд болон төрийн бусад албан ёсны төлөөлөгчид, дипломат албадын тэргүүн-консул нарт холбогдох бүхий л хэргийг тооны Муж улсуудын хоорондох маргааныг; өөр Муж улсын иргэд болон Муж улс хоорондох маргааныг; янз бүрийн Муж улсын иргэд хоорондох, өөр Муж улсаас олгосон газрын тухай нэхэмжлэлээр нэгэн Муж улсын иргэд хоорондох маргааныг, мөн Муж улс, түүний иргэдийн болон гадаад улс гүрэн, иргэд, харъяатын хооронд үүсэн бүхий л маргааныг хамаарна.
Элчин сайд, төрийн бусад албан ёсны төлөөлөгчид, дипломат албадын тэргүүн консул нарт холбогдох бүхий л хэрэг болон аль нэг нь Муж улс оролцогч тал нь болох хэргийг Дээд Шүүх анхан шатны журмаар шийдвэрлэнэ. Дээр заасан бусад бүх хэргийг Их хурлаас тогтоосон журам болон тодорхой хязгаарлалттайгаар шийдвэрлэх журмын дагуу эрх зүйн талаас ч тэр, нотлох баримтын талаас ч тэр шийдэх аливаа асуудлаар давж заалдах шатны шүүх нь Дээд мөн.
Дээд албан тушаалтанд тусгай дэгээр хариуцлага тооцох хэргээс бусад гэмт хэрэг Тангарагтны шүүхээр шийдвэрлэгдэнэ; хэрэг шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдсэн тэр Муж улсад болно; хэрвээ уг үйлдэл нь ямар нэгэн Муж улсын нутаг дэвсгэрээс өөр газар болсон бол Их Хурлаас гаргасан урьдчилан заасан газар буюу газруудад шүүх ажиллагаа болох ёстой.
Гуравдугаар хэсэг. Нэгдсэн Улсаас урвасан гэдэгт зөвхөн түүний эсрэг дайн өдөөх, дайсантай нэгдэх нийлэх, тусламж үзүүлэн дэмжих явдлыг л тооцоно. Нээлттэй шүүх хуралдаан дээр өөрөө буруугаа хүлээх буюу мэдээжийн шинжтэй уг үйлдлийн тухай хоёр гэрчийн этгээдийн мэдүүлгийн үндсэн дээр хүнийг урвасан хэргээр буруутгахаас бусад ямар ч тохиолдолд хэн ч урвасан хэргээр буруутгагдаж болохгүй.
Урвасны төлөө оноох ял шийтгэлийг Их Хурал тодорхойлох эрхтэй боловч урвасны учир ял шийтгүүлсэн нь гэмт хэрэгтний үр удмын эрхийг хасах буюу түүний нас нөгчсөнөөс хойш эд хөрөнгийг хурааж үл болно.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
Нэгдүгээр хэсэг. Муж улс тус бүрт бусад аль ч Муж улсын, шүүх ажиллагаатай холбоотой баримт, бичиг дүүрэн итгэл хүндэтгэлтэй хүлээх ёстой. Их хурал шүүх ажиллагаатай холбоотой баримт, төрийн аливаа албан баримт бичгийн үнэн зөв болон хуулийн хүчин төгөлдөр мөн болохыг нотлох журмыг ерөнхий хууль гаргах замаар тогтоож болно.
Хоёрдугаар хэсэг. Муж улс бүрийн иргэн бусад Муж улсын иргэдийн халдашгүй байдал болон бүх хөнгөлөлтийг нэгэн адил эрх эдэлнэ.
Урвасан, аливаа эрүүгийн хүнд болон бусад гэмт хэргээр аль нэг Муж улсад ял шийтгэл хүлээгээд шүүхийн байгууллагаас оргон зайлсан байгаад нөгөө Муж улсад баригдсан хүнийг оргосон зайлсан тэр Муж улсын гүйцэтгэх засаглалын шаардсанаар гэмт хэргийг шүүн таслах харъяаллын дагуу явуулах Муж улсад хүргэх ёстой.
[Аль нэг Муж улсын хууль ёсоор ажил буюу албан үүрэг хүлээгсэд өөр Муж улсад зугтсан хэн боловч очсон тэр Муж улсын хууль тогтоомжийн дагуу өмнөх ажил буюу албан үүргээсээ чөлөөлөгдөх ёсгүй бөгөөд тэрээр тэр ажил буюу албан үүргийн эрх бүхий талын шаардсанаар хүргэгдэнэ].
Гуравдугаар хэсэг. Энэхүү Нэгдсэн Улсын бүрэлдэхүүн шинэ Муж улсууд нэгдэн орохыг Их Хурал шийдвэрлэнэ; гэхдээ аливаа Муж улсын хууль эрхийн хүрээнд шинэ Муж улсууд үүсгэн бий болохыг хориглоно; мөн Их Хурал болон сонирхолоо илэрхийлэгч Муж улсуудын хууль тогтоох хурлуудын зөвшөөрөлгүйгээр хоёр буюу түүнээс дээш тооны Муж улсууд, эсвэл тэдгээрийн хэсгүүд нийлж шинэ Муж улсууд үүсгэн байгуулж үл болно.
Их Хурал Нэгдсэн Улсад хамаарах нутаг дэвсгэр буюу бусад өмч хөрөнгийг захиран мэдэх эрхтэй ба үүнтэй холбогдох зайлшгүй шаардлага бүхий тогтоол, дүрмүүдийг батлан гаргах эрхтэй. Энэхүү Үндсэн хууль дахь ямар ч зүйлд Нэгдсэн Улсын, эсвэл аль нэг тусгаар Муж улсын ашиг сонирхлыг хохироохоор тайлбар хийж болохгүй.
Дөрөвдүгээр хэсэг. Нэгдсэн Улсаас энэхүү Холбооны бүрэлдэхүүнд байгаа Муж улс бүрт Бүгд Найрамдах Улсын засаглалын хэлбэрийг баталгаажуулах ба Муж улс бүрийг гадны довтолгооноос мөн Хууль тогтоох хурлын, эсвэл (Хууль тогтоох хурлаа хийх боломжгүй үед) Гүйцэтгэх засаглалын нь хүсэлтээр дотоодын хүчирхийллээс хамгаална.
ТАВДУГААР ЗҮЙЛ
Их хурал хэрэв хоёр танхимын гишүүдийн гуравны хоёроос нь шаардлагатай гэж үзсэн ямар ч үед энэхүү Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал болгох, эсвэл Муж улсуудын гуравны хоёроос хууль тогтоох хурлуудын нь санаачилгаар Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай чуулган хуралдуулж болно. Их Хурал батламжийн хоёр аргын аль хэлбэрийг нь санал болгосноос шалтгаалан, эсвэл Муж улсуудын хууль тогтоох хурлуудын дөрөвний гурав нь, эсвэл чуулгануудын дөрөвний гурав нь батламжилсны дараа тухайн нэмэлт, өөрчлөлтийг энэхүү Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж бүх талаас хуулийн хүчин төгөлдөр байна. Гэхдээ 1808 он хүртэлх хугацаанд оруулсан ямар ч нэмэлт, өөрчлөлт нэгдүгээр зүйлийн есдүгээр хэсгийн нэг дэх болон дөрөв дэх дэд хэсгийг ямар нэгэн байдлаар хөндөж болохгүй бөгөөд ямар ч Муж улс өөрөө зөвшөөрөөгүй бол Сенатын танхим нь бусадтай тэнцүү тооны саналаа алдах ёсгүй.[7]
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Үндсэн хуулийг батлахаас өмнө байсан бүх үүрэг хариуцлага Нэгдсэн Улсын хувьд тусгаар тогтносон улсуудын холбоо (Конфедераци) үеийнх шигээ мөн адил хууль зүйн хүчинтэй.
Энэхүү Үндсэн хууль, мөн Нэгдсэн Улсад түүнийг хэрэгжүүлэхээр тогтоосон хуулиуд Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс байгуулсан буюу байгуулах бүх гэрээний нэгэн адил Улсын дээд хууль мөн бөгөөд тэдгээрийг хэдийгээр тусгаар Муж улсуудын Үндсэн хууль, бусад хуулинд зөрчилтэй байлаа ч Муж улс бүрийн шүүгчид гагцхүү түүнийг л заавал биелүүлэх үүрэг хүлээнэ.
Дээр дурдсан Сенатын гишүүд болон төлөөлөгчид, тусгаар Муж улсуудын хууль тогтоох хурлуудын гишүүд мөн адил, Нэгдсэн Улс хийгээд тусгаар Муж улсуудын гүйцэтгэх болон Шүүх засаглалын бүх албан тушаалтан энэхүү Үндсэн хуулийг биелүүлэх ёслолын амлалт буюу тангараг өргөнө. Харин Нэгдсэн Улсын ямар нэг албан тушаал, эсвэл албан ёсны үүрэг хүлээхийн тулд сүсэг бишрэлийг нь шалгах нөхцөл тавьж болохгүй.
ДОЛООДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Үндсэн хуулийг батлан гаргахад өсөн муж улсын тусгай Чуулганаар батламжлахад л хангалттай.
Христ мэндэлсний нэг мянга долоон зуун наян долоон оны Есөн сарын арван долоонд буюу Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын арван хоёр дахь жилд тусгай Чуулганд оролцсон муж улсууд санал нэгтэйгээр энэхүү чуулган дээр сайшааснаар хийгдэв.
Гэрчилгээ болгон бид энд гарын үсгээ зурав.
Нью-Хэмпшир ——————————————Жон Лэнгдон
Николас Гилман
Массачусетс——————————————— Натаниэл Горэм
Руфус Кинг
Коннектикут———————————————-Уильям Сэмюэл Жонсон
Рожер Шерман
Нью-Йорк————————————————-Александр Гамильтон
Нью-Жерси———————————————–Уильям Ливингстон
Дейвид Брэрли
Уильям Патерсон
Жонатан Дэйтон
Пенсильвани——————————————–В.Франклин
Томас Миффлин
Роберт Моррис
Жорж Клаймер
Томас Фицсимонс
Улс төрийн боловсролын Академиас эрхлэн гаргаж буй улс төрийн боловсролд зориулсан цуврал
1994 оны хөтөлбөр
Төрөл бүрийн асуудлыг хамарсан 10-15 өгүүллийг багтаасан нэг дугаар улирал бүр доорх сэдвүүдээр гарна :
- 1994 оны дугаар №1: “Ардчилал ба эдийн засаг”
- 1994 оны дугаар №2: “Ардчилал ба улс төр”
- 1994 оны дугаар №3: “Үндэсний эрх зүйн тогтолцооны төлөвшил”
- 1994 оны дугаар № 4: “Монгол улсын шилжилтийн үеийн нийгмийн бодлого”
Цаг үеийн тулгамдсан асуудлаар, судалгааны үр дүнгээр болон бусад асуудлаар дараах тусгай дугаарууд гарна:
- 1994 оны дугаар № 1: “Өөрчлөлт шинэчлэлтийн үеийн Монголын эдийн засгийн бодлого”
(Засгийн газрын өнөөгийн эдийн засгийн бодлого, түүний эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөө, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх талаар сөрөг хүчний байр суурь, зах зээлийг хөгжүүлэх хэтийн төлөв, боломж)
- 1994 оны дугаар № 2: “Монголд хүний үндсэн эрхийг хангаж буй байдал”
(Үндсэн хуулиар болон бусад хууль тогтоомжоор түүнийг баталгаажуулсан байдал, (энэ талын дутагдал, доголдлыг мөн тусгаж болно) үндсэн эрхийг хэрэгжүүлэх бодит нөхцөл байдал)
- 1994 оны дугаар № 3: “Монголын нийгмийн социал бүлгүүдийн ялгарал”
Улс төрийн өөрчлөлт шинэчлэлт нийгмийн бүлгүүдэд хэрхэн нөлөөлж байгаа)
- 1994 оны дугаар №4: “1990, 1992 оны парламентын, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн анализ”
(Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох талаар улс төрийн намуудын байр суурь, судлаачдын хийх дүгнэлт)
- 1994 оны дугаар №5: “Монголын мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал”
(Мэдээллийн хэрэгслийн байдал, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээллийн хэрэгслийн үүрэг, мэдээллийн эрх чөлөө, эрх зүйн нөхцөл байдал)
- 1994 оны дугаар N 6: “Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн эзэлж буй байр суурь”
(Эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэж буй үүргийг түүхэн үүднээс, 1921 оны Ардын хувьсгалаас хойшхи болон социалист системийн үед гарсан өөрчлөлтүүд, өнөөгийн байдал)
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ
[1] Үндсэн хуулийн дэх нэмэлт өөрчлөлтөөр (н/ө) өөрчлөгдсөн.
[2] Үндсэн хуулийн 17 дахь тал н/ө
[3] 17 дахь тал н/ө
[4] Үндсэн хуулийн 20 дахь тал н/ө
[5] Үндсэн хуулийн 12 дахь н/ө
[6] Үндсэн хуулийн 25 дахь н/ө
[7] Үндсэн хуулийн 13 дахь н/ө