Б. Батчулуун
/МУҮИС-ийн философийн тэнхэмийн багш, Дэд доктор/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг: ёс суртахуун, боловсрол, нийгмийн зүй тогтол, ёс зүй, бодит байдал, төсөөлөл, цуурхал, популизм
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Нийгмийн философийн томоохон төвийн нэг “Франкфуртийн сургуулийнхны” маргаж байсан үндсэн сэдвийн нэг болох нийгэмд хууль зүй тогтол үйлчилдэг эсэх, нийгмийн тодорхой орчинд аньдарч буй хүмүүс өөрсөддөө бодитой хандаж чадах уу, үгүй юу гэсэн асуудлаар сүүлийн үед манайд янз бүрийн хүмүүс өөрсдийн бодол санааг илэрхийлэх нь цөөнгүй боллоо.
Юмс үзэгдэлд бодитой хандахүй. Энэ нь хүн ямар нэг зүйлийг яг байгаагаар нь авч үзэж, судлаад үр дүн нь өөрт нь таалагдсан, таалагдаагүйг үл харгалзан хэлж илэрхийлнэ гэсэн үг. Юмс үзэгдэлд ингэж хандаж, авч үзэх боломж субъектэд эргээд ямар нэг хариу үйлдэл үзүүлдэггүй, амьдралд нь шууд нөлөөлдөггүй учраас байгаль шинжлэлд их байдаг.
Харин хүнд өөрт нь ямар нэг байдлаар байнга нөлөөлж буй зүйл болох өөрийн аав, ээж, өөрийн нам, өөрөө дунд нь амьдарч буй улс эх орон, ард түмэн, эцэст нь өөртөө ингэж хандах боломж бий юу! Энэ нь ямарч чөлөөт нийгэмд ямагт харьцангүй боломж, нөхцөлийн тухай асуудал байдаг. Энэ нь хэр зэрэг харьцангүй зүйл болох нь манай орны одоогийн нөхцөлд бид өөрсдийн улс төр, түүх, Монгол хүний тухай ярих үед маш тод илэрдэг.
Асуудал улс төрд хэрхэн илэрч байна вэ? Монголчууд бид нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, улс төрийн байр сууриараа гарцаагүй Сталин, Мао, Пол Пот, Наушеску нартай адил байр суурь эзлэх ёстой Чойбалсанг Монгол хүн учраас л хайртай, хүндэтгэсээр байна. Ардчилалд хамгийн харш улс төрийн тогтолцоог толгойлогч, боловсролын хувьд харанхуй бүдүүлэг энэ хүний хөшөө, дурсгал, шарил, ардчилал, эрдэм боловсролыг даапаалж буй мэт ардчилсан төрийн ордны өмнөх хүндэтгэлийн бунханд, эрдэм соёлын их уурхай болсон Үндэсний Их Сургуулийн өмнө сүндэрлэсээр. Бид ямагт ийм хачин зан гаргадаг л даа. Ю.Цэдэнбалыг ч гэсэн харь газар өнгөрсөн Монгол xүнийх нь хувьд өрөвдөхдөө улс төрийн хувьд хичнээн харалган байр суурь баримталж байгаагаа анзаардаггүй. Ю.Цэдэнбал улс төрийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч Чойбалсангийнхаа нэгэн адил амьдрал, үйл ажиллагааныхаа золиос болсон юм. Ю.Цэдэнбал Монгол эхнэр авч, Монголдоо амьдран сууж байгаад ертөнцийн жам эдлэж болох л байсан. Түүнд ингэх хувь хүний ухаан, зориг, хүсэл дутсан. Тэр эцэг хүний хувьд үр хүүхдэдээ Монголоо гэсэн сэтгэл үлдээхийг огт хүсээгүй. Хэдэн хүүхдээс нь Монголдоо ажиллаж, амьдарч байгаа хүн байна уу? тэр ч байтугай тэд Монголоороо ярьж чаддаг ч үгүй байх.
Бид Чойбалсан, Цэдэнбал хоёрыг Монголоо гэдэг байсан гээд байна. Гэтэл Сталин, Мао, Гитлер гэх зэрэг “мангасууд” цөм л өөр өөрсдийн улс үндэстнийг гэдэг байсан шүү дээ.
Ер нь тэгээд бид улс төрийн үзэгдэл, хувь хүний үзэгдэл хоёрыг байнга хольж хутгадаг. Холбоогүй зүйлсийг холбож, холбоотой зүйлсийг салгаж сэтгэдэг сонин логик бидэнд зуршмал болжээ. Гурван жилийн өмнө Увс аймагт томилолтоор явж байхдаа их сургууль хамт төгссөн нэгэн найзынхаа тухай нутгийн хоёр хүн хоорондоо ярьж байхыг санамсаргүй сонссон. Тэд ярих нь: “Б мөн ч хүн сайтай залуу шүү. Даанч социал-демократ” гэж билээ. Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг болсон. Тэдний хувьд Б маань улс төрийн байр сууриар социал-демократ болсноор хувь хүнийхээ хувьд муу хүн болчихож байгаа юм шиг байна. Хувь хүний үзэгдэл, улс төрийн үзэгдэл хоёрыг ялгаж чаддаггүй учраас бид өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар П.Очирбатыг нийгэм-улс төрийн дэвшилтэт хүчний төлөөлөгчийн хувьд сонгох ёстой байсан атал түүний хээгүй “монгол зан”, сайхан ааш, ихэмсэг төрх байдалгүй болохоор нь ерөнхийлөгчөөр сонгосон.
Түүхийн утга, хувь хүний амьдралын утга хоёр эрс өөр зүйлс болохыг түүх харуулсан. ХVII зууны үеийн Английн хөрөнгөтний хувьсгалын удирдагч О.Кромвель хувь хүнийхээ хувьд өөрийнх нь тушаалаар цаазаар авагдсан Карл хаанаас хамаагүй муу хүн байсан гэдэг. Хаан Карл нь ёс суртахуун сайтай, цэвэр ариун хүмүүжилтэй, зоригтой, өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн байжээ. Тэр үед Европ даяараа энэ хоёрын хоорондын тэмцлийг сайн, муу хүний хоорондын тэмцэл хэмээн ойлгож байжээ. Гэтэл түүх цаагуураа Кромвелийн талд зогсож байлаа. Кромвель нийгмийн шинэ төлөв байдал, чиг хандлагыг төлөөлж байсан учраас түүхэнд Карл хаанаас илүү хүндтэй байр эзлэх тавилантай байв.
Тэгэхээр Даш-Ёндон, Багабанди, Жасрай нар хувь хүнийхээ хувьд Гончигдорж, Ганболд, Зориг нараас сайн хүмүүс байж болох юм. Гэхдээ бид хэн нэгэнд мөнгө зээлүүлэх гэж байгаа биш болохоор хувь хүний зан чанараас өөр шалгуураар тэднийг шалгах ёстой. Улс төрийн шалгуураар авч үзвэл сүүлийн хүмүүс нь ардчиллыг сонгож авсан хүмүүс бол эхний хүмүүс нь нэгэнт зайлшгүй болсон ардчилалд дасаж, зохицох гэж байгаа хүмүүс билээ.
Ер нь нийгэмд ёс суртахуун дээр үү, аль эсвэл эрдэм боловсрол дээр үү гэсэн асуудал тулгарах үе байдаг. Ийм асуудал тулгарсан үед Ж.Ж.Руссо ёс суртахуунтай байсан нь дээр гэж хариулжээ. ХҮIII зууны Франц эрдэмтэн боловсролын талаар дэлхийд тэргүүлж байсан учраас энэ талаар санаа зовох зүйл бага байжээ. Ийм ч учраас Руссо ёс суртахууныг сонгон авсан байна. Тэгвэл одоо манай улс орон нийгмийн хөгжлийн чиг баримжаагаа сонгож, шилжилтийн үедээ яваа үед бид ёс суртахуунтай байснаас эрдэм боловсролтой (мэдээжээр энд нийгэм-улс төрийн боловсролын талаар ярьж байна) байсан нь дээр гэж үзэхээс өөр аргагүй. Ийм бодол санааг удирдлага болгон бид Гончигдорж, Ганболд, Зоригийн төлөө гараа өргөх ёстой.
Үзэгдлийн хувьд авч үзэх юм бол Монголын ардчилагчид ба ардчиллыг дэмжигчид бүгд л ямар нэг хэмжээгээр урвагчид Ардчиллын лидерүүд болох Ц. Элбэгдорж, С. Зориг, Д.Ганболд, Р. Гончигдорж төдийгүй ардчиллыг дэмжигч жирийн гишүүн би хүртэл социализм, коммунизм МАХН, түүний дайчин туслагч МХЗЭ-тэй ямар нэг хэмжээгээр холбогдож байв. Гэхдээ урвахгүй байж болох байсан уу, аль эсвэл заавал урвах” ёстой байв уу гэдэг бол асуудал юм.
Амьдрал дээр хараад байхад оюун ухааны чадавхи төдий сайнгүй, боловсрол багатайхан шиг хүмүүс арайхийж хийсэн дүгнэлт, бусдаас чадан ядан ойлгож авсан ойлголт, бодомжоос салж чадахгүй, сэтгэлгээ нь хөшүүн болсон байдаг. Тэд хуучин баримтлалаас нь хамаагүй гүнзгий агуулга, утга санаатай шинэ онол, сургаалийг олж харах чадваас, хүсэлгүй “оюун ухааны залхууралд” ордог.
Нөхцөл байдал өөрчлөгдөн зөөлөрч, урьдын дарангуйлал алга болон юмс үээгдлийг байгаагаар нь үнэлж, цэгнэх бололцоотой болчихоод байхад хуучнаараа сэтгэж буй тэр хүмүүс бол “урвагчдаасаа” илүү хор хөнөөлтэй, харанхуй бүдүүлэг хүмүүс болж таарч байгаа юм.
Бодитой авч үзвэл ардчилсан хувьсгалаас хойш монголчууд аж амьдралын хувьд нийтээр доройтох хандлагатай болсон байхад ардчиллын лидерүүд хувьдаа илүү таатай нөхцөл бүрдүүлсэн нь үнэн. Тэдний энэ хожоо ардчиллын уг чанартай холбоогүй аппаратад эзэлж чадсан байр суурьтай холбоотой байв. Нэг ёсондоо “ардчилал” гэдэг үгийг түрүүлж дуугаран түүний төлөө жагсаал цуглаан хийснийх нь өвөрмөц “шагнал” болсон. Иймч учраас тэдний хожоо МАХН-д ардчилсан хувьсгалын даялганд гарч ирсэн “шинэ кадруудын” хожсонтой (Зэнээ, Баянжаргал. Лүндээжанцан нар бол МАХН-ын хуучны байлдагч Даш-Ёндон, Энхмандах, Багабанди нараас өөр үзэгдэл юм) утга нэгэн хожоо юм. Харин ард түмэн (масс) ардчилагчдын хожсоныг илүү соргог ажигласан. Миний бодлоор ард түмэн МАХН-ынхантай биш ардчилагчидтай илүү их “зөрчилдөж” байгаагийн шалтгаан үүнд оршино.
Ер нь ард түмэн аж амьдралаараа юмс, үзэгдлийн зөв бурууг хэмждэг бөгөөд үүнд ч буруу өгөхийн аргагүй. Тэд хүнс, хувцас, орон байр зэрэг амьжиргааны зүйлсийн талаар урьдахаасаа дордсондоо болж одоогийн төлөв байдлыг үзэн ядаж байна. Үүнийг эс ойлгон массыг буруутгах нь ямар нэг субъектийг өөрийнхөө байгаагаас илүү сэтгэж чадсангүй гэж зэнэлсэнтэй адил зүйл болно.
Нөгөө талаас, ардчилагчид маань ч орчиндоо “идээшиж”, аппаратжиж байгаа нь үнэн. Демократ бюрократ болдог жамтай. Ардчилагчид ч гэсэн хүнд сурталжиж байна. Хүнд сурталтан хүнд сурталтнаараа төрдөггүй гэсэн энэ үгийн үнэнийг бид амьдрал дээр харж байна. Ер нь манай ардчилсан хувьсгалчид маань анхнаасаа 18, 19, 20 р зууны эхэн үеийн хувьсгалч фанатикуудаас нь сэтгэлийн хөдөлгөөнд бага автсан, оюун ухаанаа удирдлага болгох гэсэн “бэртэгчин” байдлаараа ялгаатай байв. 1990 оны 2, 3-р сард буу дуугарсан бол ардчиллын олон лидерүүд талбай руу очихгүй, жагсаал цуглаан дээр үг хэлэхгүй, харин тэр үед оршин байсан улс төрийн дэглэмийг сэтгэлийн мухарт хорсон занасаар хоцрох байсан.
Ардчилагчдын 1900 онд хамгийн их дэмжиж байсан хэсэг бол сэхээтнүүд байлаа. Миний ойлгож байдгаар ардчилагчид нийгмийн энэ баазаасаа салсан нэгэн шалтгаан байдаг. Тэд төр, засгийн өндөрлөгт гарч, ерөнхий сайдад шадарлаж, парламентдаа нилээд олон суудал авсан байсан үе хүртэл бий. Сайхан бололцоог их муу ашиглаж билээ. Тэр үед шал дэмий ганц хоёр албан тушаал хөөцөлдөж, тэнд энд өөрийн хүнийг тавих гэж чармайж байхын оронд өөрсдийнхөө шим тэжээлээ авдаг хөрс болох сэхээтнийг массаар нь өөд татах талаар олигтой юм хийж чадаагүй. Д.Ганболд ардчилал гэдэг бол тэгш хуваарилалт биш, тэгш бололцоо хэмээн зөв ярьж, ойлгож байсан боловч хүн ам нийтээр тэгш бололцоотой байж чадаж байна уу, үгүй юу гэдгийг газар дээр нь харахыг бодоогүй юм. Улсад хөдөлмөрлөж байсан (ялангуяа багш, эмч нар) хүмүүсийн хувьд гарааны тэгш бололцоо байгаагүй бөгөөд тэр нь цаг хугацаа өнгөрөх тусам улам гүнзгийрч зай нь холджээ.
Ардчилагчид, ардчиллыг дэмжигчид л гэвэл дутагдалгүй өөгүй сайхан хүмүүс байдаггүй гэдэг нь үүнээс харагдаж байна. Ардчилагчид, тэднийг дэмжигчид, гишүүд ч гэсэн өөрсдөө ямар нэгэн хэмжээний масс байдаг учраас олон түмний дутагдалтай шинжийг өөртөө агуулж байдаг. Ямар ч масс өөрийнхөө удирдагчийг хүсэн хүлээж, түүнийг итгэл найдварын нүдээр, байгаагаас нь илүү их гоочилж хардаг. Удирдагчдынх нь хамгийн энгийн үг хүртэл ер бусын ухаантай үг шиг сонсогдож, өөрсдөө тэр үгэнд нь илүү гоёмсог утга агуулга өгч тайлбарлана. Энэ мэтчилэн бид Б. Батбаяр, Э. Бат-Үүл, Ц. Элбэгдорж нарт гипноздуулдаг. Ийм үед л хувь хүн өөрийн статусыг сайтар хадгалж, массдаа уусан шингэхгүй байх аваас юунд ч гэсэн бодитой хандах чадвартай байдаг. Энэ нь аливаа улс төрийн нам, хөдөлгөөн эрүүл саруул, өөрийн шүүмжлэлтэй байх нөхцөл юм. Бусад тохиолдолд аньтай, аньгүй байгаль, нийгмийн аливаа систем өөрөө өөрийгөө эвддэггүйн жам ёсоор ардчилал ч тэр хүнд сурталжина.
Түүхэндээ болон өөрсдөдөө бодитой хандах нь. Олон түмний гэнэн, хувирамтгай, сэтгэлийн хөдөлгөөнд автамтгай, эргэлзэх чадваргүй байдал зэрэг муу шинж уг массын хэмжээ том болох тусам улам ихэсдэг. Аливаа орны хэмжээгээр ард түмэн гэдэг бол хамгийн том масс байдаг. Гэтэл бид монголын ард түмэн гэдэг үг сонсмогц өөгүй цэвэр ер бусын ухаантай хэмээн ойлгож, ярьж, хайрладаг. Энэ бол цэвэр нацисст-эгоист үзэгдэл юм. Ухаандаа, би эх, эцгээ чухамхүү өөрийн эцэг, эх болохоор хайрлаж буй болохоос хүнээс илүү сайхан өгөөмөр, хүнлэг зан чанартайд нь хайрлан дотносож байгаа хэрэг биш. Үнэндээ бодитой хандах юм бол тэд маань ч айх, зусардах, хахуульдах, хүний мууд дурлах, муухай авирлах гээд хүнд байдаг ёозгүй шинжийг агуулсан хүмүүс байдаг. Үр хүүхэд болох бидний цусан төрлийн холбоо энэ бүхийг байгаагаар нь харах чадварыг маань үгүйсгэдэгтэй адил Монгол гэсэн харьяалал биднийг өөрсдөдөө бодитой хандах хандлагыг үгүйсгэдэг.
Түүхийн үүднээс бусад үндэстэн, ястанд хандсан хандлагаар нь авч үзвэл Чингис, Гитлер хоёрт тун бага ялгаа бий. Тэр хоёр хоёулаа л өөрийн ард түмнийг дэлхийд ноёрхуулан, үндэстнийхээ давуутай талыг харуулж, хүн ардаа бусад ард түмнээс илүү таатай баялаг нөхцөлд амьдруулахын тулд бусад орон, ард түмнийг цус, хүчирхийллийн замаар дагуулсан билээ. Гэтэл бид Чингис хаанаар бахархаад байгаа тэр шалтгаанаар Гитлерээр германчууд бахархахгүй байгаад дүгнэлт хийх ёстой. Үүнээс өөр шалтгаанаар Чингис хааныг бид хүндэтгэн шүтэх ёстой.
Дэлхийн түүх улс, үндэстнийг хүн төрөлхтөнд өөрийгөө танилцуулсан нэрийн хуудсаар мэддэг. Далайн их аялал, газар зүйн их нээлтүүд бол испани, португалчууд, Сэргэн мандалтын их бүтээлч, эрдэмтэд бол италчууд, аугаа их математикч, физикчид германчууд, асар их хөдөлмөрч чанар, орчин үеийн тэргүүний техник технологи Япон, Америкчууд, Дорнын өвөрмөц соёл Энэтхэг, хятадын “нэрийн хуудас’, эх дэлхий, хүн төрөлхтөнд барьсан тус тусынх нь бэлэг билээ. (Мэдээжээр эдгээр улс, үндэстэнд ч гэсэн дутагдалтай тал их байдаг. Гэхдээ өгүүллийн зорилго маань тэдэнд биш өөрсдөдөө шүүмжлэлтэй хандахад оршиж байгаа тул тэр тухайд дэлгэрэнгүй өгүүлэх шаардлагагүй.) Гэтэл бид бусад улс орон, ард түмэнд асар их гай гамшиг, эвдрэл сүйрэл авчирсан аймшигт дайнаар дэлхийд танил болжээ Тийм ээ, бид өөр зүйлээр л бахархах ёстой.
Дурьдагдаж буй бусад ард түмний соёл иргэншлийн энэ том үзэгдлүүд тухайн ард түмэн олон үеийн турш дутагдаж гачигдаж, зовж зүдэрч байсны улмаас нөр их хөдөлмөрлөн, эрэл хайгуул хийж, тэмцэж байсны үр дүн болсон билээ. Тэгэхээр эцсийн эцэст бидний одоогийн дорой, буурай байдал өөрсдийн маань түүхээр бэлтгэгдсэн шиг өрнөдийн орнуудын баян чинээлэг байдал тэдний хэдэн зууны турш асгаруулж байсан хөлс хөдөлмөр, танин мэдэхүйгээр нөхцөлджээ.
Бодит хандлагад саад учруулдаг зарим нэг үзэгдлийн тухайд Тэгэхээр бид дорой, буурай байдлаа өөр хэнтэй ч биш зөвхөн өөрсөдтэйгээ холбон ойлгох ёстой. Нийтээр ингэсэн цагт бид өснө,өөдөлнө, дэвжинэ.
Одоо биднийг өөрсдөдөө бодитой хандаж чаддаггүй, худал зүйл дээр магтуулах дуртай, үнэн юман дээр шүүмжлүүлэх дургүй болоход нөлөөлж буй хүчин зүйлийн тухай өөрийн бодож явдгийг товч өгүүлье.
Энд монгол хэл, монголын түүх судлал, зохиолч шүлэгчдийн оруулж буй ‘хувь нэмэр” асар их байна. Энэ нь ч нэг талаас бас аргагүй юм. Тэдний хөдөлмөрлөж хүчээр зарцуулж байгаа зүйл нь монголын түүх, соёл, хэл, угсаатны зүй гээд ямагт монголчуудын хийж бүтээсэн зүйлтэй холбоотой байдаг учраас мэддэг ярьдаг зүйл нь энэ талын зүйл болсон байдаг. Мэргэжлийн шинжтэй энэ онцлог тэдний сэтгэлгээг маш явцуу болгож, дэлхийн соёлоос хөндийрүүлдэг болов уу. Дээр нь Монголоо гэсэн сэтгэл нь ч нэмэрлэдэг биз.
Энд зохиолч, ялангуяа яруу найрагчдын талаар онцлон дурьдах хэрэгтэй. Тэд ер нь их хөгийн улс шиг санагддаг. Нэг талаас харахад их цайлган цагаан хүүхэд шиг, гэсэн атлаа бас их том том юм ярина. Хараад байхад тэдний ам, ажил хоёр хамгийн их зөрдөг. Хөдөө шиг сайхан газар үгүй гэх атлаа цөм л хот руу тэмүүлцгээнэ. Монгол эх орон, ард түмэн минь гэж уйлаг алддаг мөртлөө гадаадад тэр тусмаа Баруунд явах дуртай. Тэдний сонсоогүй, уншаагүй, ойлгоогүй зүйл байхгүй мэт боловч сонссон шиг сонсож, уншсан шиг уншиж, ойлгосон шиг ойлгосон зүйл бас байдаггүй. Тэдэнд шинжлэх ухааны сэтгэлгээ байдаггүй учраас санагдахуй, мөн чанар хоёрын асуудал дээр хамгийн их алддаг. Санагдсан зүйлээ бодитой юм шиг нөгөө гоё сайхан, толгой холбосон шүлгээрээ массад ойлгомжтой нь аргагүй тунхаглана. Гэхдээ бид санаатай худал ярих, сэтгэл хөдөлсөндөө худал ярьчих хоёр ялгаатай зүйл гэдгийг анхаарч энэ утгаар нь зохиолчдыг уучлах хэрэгтэй.
Шүлэгч хүний үндсэн шинж нь олонд танил болсон байх явдал. Түүний шүлгийг хүн уншаагүй, мэдээгүй, сонирхохгүй байх юм бол шүлэгч гэсэн утгаа алдах учраас тэд олон түмэнд таалагдахын тулд шүлгээрээ (бүтээл, туурвилаараараа) ард түмэнд долигонож, зусардаж байдаг. Би арай л шулуухан хэлчих шиг боллоо. Гэхдээ энэ бол үнэн .Тэд үнэхээр ойлгомж муутай улс. Шударга юм шиг атал шударга бус ухаантай юм шиг байтлаа ухаан сайнгүй. зоригтой юм шиг атал аймхай.
Би өөрийн Монгол үндэстний талаар шүлэгчдийн яриад байгаа шиг цайлган цагаан сэтгэлтэй, асар их хөдөлмөрч, ухаантай хүмүүс юм болов уу гэж бодоод нилээд ажиглалаа. Худал байна. Бидний цайлган цагаан байдлын доор маш их муу санаа байна. Бид Европ, Америкчууд шиг бодож санаж байгаагаа ил шууд хэлдэггүй, байнга муу санаалж, хажуудахаа харддаг. Нэг зүйл бодсон мөртлөө, түүнээсээ өөрөөр үйлдэнэ. Ухаантай, хөдөлмөрч гэдэг нь ч амьдрал дээр харагдахгүй байна. Хэрвээ яруу найрагчдын үгэнд сохроор итгэх юм бол тэдний магтаад байгаагийн эсрэг байдалд орсон балчигтаа улам гүнзгий шигдэх болно. Тэд ийм зусарч байдлаараа улс эх орон, ард түмэндээ их хохирол учруулж байгаагаа ухамсарлахгүй байна. Ийм ч учраас манай нөхцөлд Тургеневийн Базаровын хэлснээр “Олигтой химич нь аливаа уран зохиолчоос хорь дахин тустай”.
Цуурах явдал монголчуудын хувьд “хүндэтгэх” шалтгаантай. Боловсролгүй, харанхуй байдлаасаа болж бид зарим юман дээр инээдтэй, гэнэн байдалд ордог л доо. Үүнийгээ цайлган цагаан сэтгэл гэсэн үгээр халхалж болохгүй. Хамгийн тод жишээ гэхэд л бидэн шиг цуурах дуртай цуурхалд амархан итгэдэг хүмүүс байхгүй. “Яармагт ер бусын одой хүмүүс дүүрэн байна гэнэ”. Өвөрхангайд нэг хүүхэн харь гаригийнхантай явалдаад өөрөөсөө шар гэрэл цацруулдаг хүүхэд төрүүлэв’. Гандантэгчлэн хийдийн нэг лам хоосон чанарт гүнзгий нэвтрээд сүсэгтэн олныг харсаар байтал бетон хана нэвтлээд гараад явчихжээ” гэвэл бүгд л итгээд нэгэндээ ярьж гарна.
Энэ бол шинжлэх ухааны сэтгэлгээг бага хөгжүүлсэн шашинд гүнзгий автагдсан ард түмэн байсны маань баталгаа болж байгаа юм. Цуурхал нь мэдээллийг дамжуулах хамгийн эртний бүдүүлэг хэрэгслийн хувьд харанхуй бүдүүлэг орчинд таатай хөгждөг. Манай оронд цуурхал гоц хөгжих хоёр (дор хаяж) үндсэн шалтгаан байсан. Нэгд, бид хэдэн зууны турш нийтээр шахуу бичиг үсэггүй байсан тул мэдээллийг аман яриагаар (цуурхаж) дамжуулдаг байжээ. Хоёрт, монголчууд нүүдлийн мал аж ахуйнхаа эрхшээлээр үргэлж ганц хоёроор зэлүүд маягаар амьдардаг байсан учир замын хүнээс хаа нэг сонсох ярианд эргэлзэхэд хэцүү байв. Ийм шалтгаанаар цуурхал бол монголчуудын ихээхэн дуртай зүйл болжээ. Бид цуурах дуртайгаа мэддэг тул өөрсдийн тухай шог яриархуу зүйл гаргасан байдаг. Нэгэн өвгөн өөрийн хоёр хүүгийн аль хир ам бөхтэй болохыг шалгахын тулд ингэж ярьжээ. “Хачин юмдаа. би сая бие засаж суутал өтгөн гардаг газраас маань нэг болжмор гараад нисчих юм. Харин та хоёр хүнд хэлж болдоггүй юм шүү” Маргааш өглөө нь өвгөн мордож нутаг хошууны хэдэн айлаар ортол өвгөнд тохиолдсон хачин явдлыг шуугиж байжээ. Бид бүгд ийм учраас цуурах дургүй, цуурхалд итгэдэггүй нэгэндээ тийм ч таатай биш ханддаг. Яагаад юм бэ, бүгд л нэг санаатай хувь хүн олонхтой санал нэг байх ёстой гэж үзнэ. Миний баттай мэдэж байгаа юмны талаар хэн нэгэн популист илэрхий буруу яриад түүнийг нь олон түмэн зөв гэж үзэж байвал би ч бас даган баясах хэрэгтэй болдог. Жишээ нь, усны үер, ган гачиг гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн талаар олон түмэн жагсаал цуглаан, улс төрийн маргаанаас болоод бурхан, лус савдаг хилэгнэлээ гэж үзвэл би түүнд нь итгэх ёстой юм гэнэ.
Бид хичнээн дутагдалтай ч үүнтэй л эвлэрч болохгүй. Ийм психологи, сэтгэлгээ, дадал заншилтай ард түмний дүнд идэх завших, хээл хахууль гэсэн нийгмийг нураадаг үзэгдэл бүр ч таатайгаар газар авч байна. Одоо бараг Монгол хүн бүр шударга бус орчинд шударга бус амьдрахаас өөр арга байхгүй гэсэн бодол яс маханд нь хүртэл шингэжээ. Бидний хувьд хээл хахууль , идэх завших явдал бараг л хэвийн үзэгдэл. Томчууд том хахууль авна, багачуул нь бага хахууль авна. Хүн бүр л бололцооны хэрээр идэхийн төлөө байна. Хээл хахууль авахгүй, идэж завшихгүй байгаа хүмүүс нь шударгадаа бус бололцоогүй, чадалгүйдээ хоосон хоцорч байна.
Ийм шударга бус орчин, нөхцөл, хүмүүсийн тухай хамгийн хайр найргүй бичиж, шүүмжлэх ёстой атал монголоо хайрлах нарцист хайрандаа автагдсаар байна. Өөрсдөдөө байдаг ийм дутагдалтай шинжийг илчлэх гэж ганц хүн л оролдсон бөгөөд тэр хүн “Муухай монгол хүн” номондоо үндэснийхээ сөрөг шинжийн талаар хэтэрхий даруухан буюу аймхай дурьдсан юм. Арга ч үгүй биз. Би ч тэрхүү сэтгүүлч ч Монгол хүн гэсэн ойлголтонд багтаж, энэхүү ойлголтын агуулгын бүрдүүлж байгаа юм чинь.
Хянасан: Е. ТЭМҮҮЖИН