А.Цанжид
/Дэд доктор, УИХ-ын даргын албанд зөвлөх/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: Төр, Төрийн түүхэн хөгжил, Төрийн мөн чанар, Үндсэн хууль, Эрх мэдэл
Сүүлийн жилүүдэд манай оронд амьдралын бүхий л хүрээг хамран өрнөж байгаа өөрчлөлт нь өмнө нэгэнт хэвшиж олон жилээр гарцаагүй үнэнд тооцогдож ирсэн олон ойлголтыг шинэчилж байгаа билээ. Гэвч ойлголтыг шинэчилнэ гэдэг бол төдийлөн амар хялбар бүтээх ажил биш. Үүнийг хуулиар юм уу гэрээ хэлэлцээр хийж болохгүй. Ялангуяа, шинжлэх ухааны аливаа ойлголтыг шинэчлэх нь эрдэмтэд судлаачдын нөр их хөдөлмөр, маргаан, мэтгэлцээний үр дүнд л ойлголтыг төрүүлэх замаар хэрэгжинэ. Улс төр, эрх зүйн шинжлэх ухаанд итгэж шинэчлэх шаардлагатай ойлголт олон байгаагийн тоонд юуны өмнө, төрийн тухай ойлголт багтаж байгаа юм.
Монгол улс шинэ Үндсэн хуулиараа өмнөх үеийнхнээс зарчмын ялгаатай төрийн тогтолцоог бий болгосон билээ. Үүнтэй уялдан Монгол төрийн тогтолцоог онолын ямар бааз суурин дээр тулгуурлаж бий болгосон болон одоо оршин тогтнож байгаа төрийн мөн чанарыг хэрхэн тайлбарлах тухай асуудал дэвшигдэн гарч ирсэн юм. Зарим судлаачид эдгээр асуудалд төрийн тухай хуучин ойлголтын үүднээс хандаж монголын төр бол хөрөнгөтний төр мөн гэж бичих явдал ажиглагдах боллоо. Гэтэл зарим нь төрийн тухай ойлголтыг өрнөдийн шинжлэх ухаанаас шууд зээлдэн хэрэглэх ёстой гэж үзэж байна. Тэгж ч болох юм. Гэвч өрнөдийн шинжлэх ухаанд ч төрийн тухай асуудал одоо хир нь нэг мөр болоогүй байгаа юм. Тэгэхээр төрийн тухай ойлголтын талаар дэлхий дахиныг хамарсан эрдэмтдийн ярилцлагад монголчууд оролцож өөрийн толгойгоор бодож гаргасан “ажлын” ч болтугай тодорхойлолттой болох нь эрх биш зүйтэй санагдав.
Эрдэмтэд, судлаачдаас төрийн тухай ойлголтод хандах нь хоёр янзын байх шиг ажиглагддаг. Нэг хэсэг нь төрийн үүсэл, гарыг хүн төрөлхтний түүхийн бараг эхэн үетэй холбож үздэг. Энэ бол уг асуудалд хандах нэлээд эртний, уламжлалт гэмээр хандлага юм. Гэтэл зарим нь тэр бол орчин үеийн ззэгдэл бөгөөд эртний Грек, Ром, дундад зууны үеийн уламжлалд суурилан 15-р зуунаас хойш л үүссэн гэж нотолдог байна. Тухайлбал, ийм байр суурийг Бредфордын Их Сургуулийн профессор Кеннет Дайсоны бичсэн зүйлээс үзэж болно. ( The Blackwell Encyclopedia of political institutions,Ed.by Vernon Bogdanor. Oxford, 1987,p.590)
Хэрвээ нэгдэх хандлагыг хүлээн зөвшөөрвөл эртний үеий, өөрөөр хэлбэл эртний Грек, Ромын болон дундад зууны үед тодорхой бүлэг хүмүүсийг улс төрийн нийтлэгт хамруулан засаглаж байсан тэр байгууллага орчин үеийн төртэй юугаараа ижил болохыг батлах ёстой санагдана. Тэгэхдээ эдгээр үзэгдлийн өөр хооронд нь ижилсүүлж байгаа төдийгүй мөн чанарыг нь тодорхойлсон тийм шинжүүдийг заах хэрэгтэй шүү дээ. Ийм шинжийн нэг нь төрийн өөртөө эзэрхэх ёс[1] (sovereignty) юм. Энэ тухай бүр 16-р зууны үед амьдарч байсан францын хуульч Жан Бодин бичиж байсан гэдэг. Тэрээр улс төрийн тогтвортой дэглэмүүдийн хамгийн нийтлэг шинж нь өөртөө эзэрхэх ёс нь заавал мөрдөх хэм хэмжээ тогтоох, хэрэглэх, түүний биелэлтийг хангах туйлын бөгөөд онцгой эрх мэдлээр илэрч байдаг. Хэдийгээр хэм хэмжээг тогтоох субьект, хэрэгжүүлэх арга өөр өөр ч энэхүү ёс нь хүн төрөлхтний түүхэнд байсан төр төсөөт байгууллагын нэг гол, нийтлэг шинж үнэхээр мөн байжээ. Төрийг хэрэгжүүлж байгаа эрх мэдлийн туйлын шинж нь тэр шийдвэрээ бие дааж хараат бус байдлаар гаргадаг бөгөөд нэгэнт гаргасан шийдвэрийг нь өөрчлөх өөр субъект зарчмын хувьд улсын гадна ба дотор хаана нь ч байхгүй гэдэгтэй холбогдоно. Харин онцгой гэдэг тодотгол нь улс төрийн тухайн нийтлэг ийм эрх мэдлийг атгасан өөр байгууллага байхгүй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм.
Өөртөө эзэрхэх ёс гэдэг энэхүү үндсэн шинжээс төрийн мөн чанартай холбож дурьддаг бусад бүх шинжүүд урган гардаг гэж хэлж болно.
Өөртөө эзэрхэх ёсны мөн чанарыг илэрхийлж байгаа дээрх туйлын бөгөөд онцгой эрх мэдэл нь зөвхөн тодорхой нутаг дэвсгэр дээр хэрэгжиж ирсэн. Тийм ч учраас мөн тэр л нутаг дэвсгэрт аж төрдөг хүмүүст хамааралтай. Ийм учраас төрийн онцлог шинж нь хүн ам, газар нутагтай байх явдал гэж үзэх явдал элбэг бий. Газар нутаггүй, хүн амгүйгээр төр гэдэг ойлголт утгагүй юм. Үүнээс үндэслэн төрийг улс орон, тодорхой нутаг дэвсгэрт аж төрж байгаа өөртөө эзэрхэх эрх бүхий хүн ам, ард түмэн гэдэгтэй утга дүйх ойлголт гэж үздэг нь оргүй зүй биш.
Тэрчлэн бидний дээр ярьсан туйлын бөгөөд онцгой эрх мэдлийг хэрэгжүүлэх нь тусгай аппарат, хүн хүч, хөрөнгө шаардах нь мэдээж. Энэхүү бодит хэрэгцээ нь төрийн мэргэжсэн аппарат, татвар гувчуурыг зайлшгүй бий болгожээ.
Өөртөө эзэрхэх ёс нь дотогшоо болон гадагшаа шинжтэй хандсан шинжтэй. Түүгээр тодорхой нутаг дэвсгэрийн хүн амын гадна хүчнээс үл хамаарах бие даасан байдал илэрч байхаас гадна тэдгээрийн өөрийгөө зохион байгуулах арга бас тодорхологдож байдаг. Төрийн хууль нь тухайн нутаг дэвсгэр дээрх өөрийн харъяат болон харъяат бус бүх хүмүүст хамаатай бөгөөд түүнийг заавал сахиж мөрдөх учиртай. Энэхүү “заавал” гэдэг болзол нь албадлага хэрэглэхийг шаардана. Гэвч албадлагын гол зорилго нь зохион байгуулах явдал юм.
Энэ бүхнээс үзэхэд, эртний овгийн байгууллын сүүлчээс эхлэн өнөөдрийг хүртэл оршиж байсан болон байгаа төр төсөөт бүх байгууллагын онцлог шинж нь хүмүүсийн нийтлэгийн биеэ дасан тусгаар бадлын илэрхийлэл, түүнийг хамгаалах болон нийтлэгийн дотоод амьдралыг зохион байгуулах хэрэгсэл болж ирсэн явдал юм гэж хэлж болмоор байна.
Төрд хандах хоёр хандлагын нөгөө нь төр бол түүхэн шинэ үзэгдэл гэж үздэг тухай дээр нэгэнт дурьдсан билээ. Тэгэхлээр энэ хандлагыг хүлээн зөвшөөрнө гэж үзвэл шинэхэн үеийн болон орчин үеийн төр, өмнөх үеийн төр төсөөт байгууллагаасаа юугаараа ялгагддаг вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно.
Эрдэмтэд, судлаачдын дунд төрийн өөрийгөө эзэрхэх эрх, нутаг дэвсгэрийн хамаарал, зааглал, албадлага хэрэглэх аппарат, хүч зэрэг болон бусад үндсэн шинжүүд нь 15-р зууны эцэс 16-р зууны эхэн үеэс эхлэн дөнгөж 19-р зуунд жинхэнэ утгаараа гүйцэд бүрэлдэж бий болсон юм гэж үзэх үзэл явдал бий. Энэ ч үнэхээр тийм. Гэвч тэр бүхний үр хөврөлийг, тэр ч бүү хэл,шүүх, хууль гэх мэт зарим зүйлийн нэлээд боловсронгуй болсон хэлбэрийг ч өмнөх үеийн түүхээс олж болно. Газар нутаг гэхэд л яг хилийн дээс татаж цэргээр мануулдаггүй байсан боловч ерөнхийдөө Хүннүгийн нутаг, Сүн улсын нутаг гэх мэтээр ялгаварлаж ирснийг үгүйсгэх аргагүй юм. Тэгэхлээр дээрх шинжүүдийн хөгжил, төлөвшлийг харгалзан төр төсөөт байгууллагын түүхэн хөгжлийг эрс зааглаж 16-р зуунаас өмнөх нь төр биш, энүүнээс хойших нь мөн гэж хэлж хараахан болмооргүй мэт. Харин хөгжлийн зааг гэх гээд байгаа 16-р зуунаас хойш, ялангуяа 19,20-р зууны үеийн төрийн өмнөх үеийн төрөөс ялгагдах онцлог зүйл бол бүрдлийн хувьд төр энэ хугацаанд орчноосоо нарийн зааглагдсан нутаг дэвсгэр дээр өөртөө эзэрхэх ёсыг хэрэгжүүлдэг бөгөөд тодорхой бие хүнтэй холбоогүй байгууллагын систем болон хөгжсөн явдал юм. Уг системийн үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдах бөгөөд рациональ шинжтэй юм. (Makc Вебер). Орчин үеийн төрийн тухай ойлголт нь чухамхүү энэхүү бүрдлийг тэмдэгэх хийсвэр үзэл санаа мөн. Ийнхүү төр, түүний тухай ойлголт нь 500, 1000, тэр тусмаа 2000 жилийн өмнөхөөс ихээхэн ялгаатай болжээ. Гэхдээ энэ бол төрийн хөгжлийг харуулж байгаа баримт болохоос бус шинэхэн үед төр ерөөсөө шинээр бий болсон гэх нь үндэсгүй мэт санагдана.
Энэ үндсэн дээр төрийн тухай тодорхойлолтыг хамгийн ерөнхий байдлаар хэлэх гэж оролдвол төр бол тодорхой хил хязгаарын доторх нутаг дэвсгэр дээр аж төрж буй хүмүүсийн нийтлэгийн өөртөө эзэрхэх ёсны илэрхийлэл, өөрийгөө зохион байгуулах үндсэн арга мөн гэж болох юм. Тэрчлэн төрийн хөгжлийн тухай дээр дурьдсан зүйлүүдэд үндэслэн төр өнөөг хүртэл түүхэн хөгжлийн гурван том үе шатыг туулжээ гэсэн дүгнэлт хйиж болох юм. Үүнд: нэгдүгээрт, хүмүүсийн нийтлэг бүрэлдэн тогтсон үеийн “төр”. Хашилт хэрэглэсний учир бол тэр үед чухамдаа төр жинхэнэ утгаараа байгаагүй гэсэн санааг илтгэж байгаа хэрэг юм. Түүхэн энэ үеийн эхэн болон сүүлчийг он цагийн хувьд тодорхойлоход түүх сайн мэддэггүй мөхөс надад их хүндрэлтэй юм. Гагцхүү энэ үе нь хүн адгуусны аймгаас бүрэн салж хүмүүсийн их, бага ямар нэг хэмжээний нийтлэгийн үйл ажиллагаа, дотоод амьдралыг ухамсартай зохицуулах, тусгаар байдлыг нь хамгаалах (мөн ухамсартай зохицуулалттайгаар) шаардлага бий болж түүнийг хангах болсноос эхлэл авсан болов уу гэлтэй юм. Энэ үеийн хүмүүсийн нийтлэг цусан трлийн холбоон дээр гол төлөв тогтдог байсан учраас дээрх зохицуулалтыг хийх субъектын шалгарал нь “сүрэг” ахуй цагийнхаа нэлээд төстэй, удирдагч удирдах онцгой эрхээ өөрийнхөө онцгой чадвараар олж авч хэрэгжүүлнэ үү гэхээс биш, нийтлэгийн бусад гишүүд “тусалдаггүй” байсан гэж хэлж болох юм. Хоёрдугаарт, жинхэнэ төрйин түүх эхэлсэн үе. Үүнд эртний Грек, Ромын улс, тэдгээртэй түүхийн ойролцоо нэгэн үед оршин тогтнож байсан хүмүүсийн нйитлэгийн үеэс эхлэн дундад зууныг дуусталх үеийг багтаан үзэх саналтай байгаа юм. Түүхийн энэ үед хүмүүсийн нийтлэг өвхөн цусан төрлийн холбоон дээр тогтохоо больж нутаг дэвсгэр, угсаатны нийтлэгүүд бий болсон үе юм. Засаглалын эх булаг нь зөвхөн удирдагчийн онцлог чадвар байхаа больж уламжлал (жишээ нь үе залгамжлах ёс) зэрэг өөр хүчин зүйлээр бас тодорхойлогдох болсон. Чухамхүү энэ үед л төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий хүмүүс, бүрдэл болон засаглалын бусад хэрэгсэл үүсэж эхэлсэн шиг байдаг. Гуравдугаарт, орчин үеийн төр үүсэж хөгжсөн үе. Энэ талаар бид дээр нэгэнт нэлээд тодорхой өгүүлсэн билээ. тэнд дурьдсан зүйл дээр нэмж хэлэхэд, түүхийн өмнөх үед ард түмний өөртөө эзэрхэх ёс нь (эрх нь) ард түмнээс өөр өөс нь хүнийсэн байв. Өөртөө эзэрхэгчийн эрх гол нь түүний зурлага, дээд төрөлтэй холбогдон үүсч уламжлалаар баталгаажиж байсан юм. Тийм ч учраас төр, түүний хэрэгт шашин онцгой үүрэгтэй байсан. Түүнээс гадна мөн дээрх шалтгаанаар төр нь дандаа ямар нэг бие хүнтэй холбоотой байлаа.
Түүхэн шинэ үед өөртөө эзэрхэх эрх ард түмэнд ямар нэг хэмжээгээр шилжиж төр (явцуу утгаар ойлгогдсон) ард түмнээс авсан эрхийн дагуу өөртөө эзэрхэх ёсыг илэрхийлэгч болсон (Эрх мэдлийг хүчээр булаан авснаас бусад тохиолдолд) юм. Засаглалын эх булаг, түүний хууль ёсны шинж нь амьдралын бодит хүчин зүйлээр тодорхойлогдох болсон учир төр шашнаас ангижирч секуляр шинжийг олсон байна.
Төр нийгмийн хамгийн нарийн төвөгтэй үзэглийн нэг болох нь түүнийг судлахад гарсан олон янзын хандлагуудаас тодорхой харагдана. Бид дээр төрйин тухай тодорхойлолтыг хамгийн ерөнхий байдлаар гаргахыг оролдсон. Энэхүү тодорхойлолтын хүрээнд төрийн мөн чанарын янз бүрийн талуудыг онцлон авч үзэх энэ үндсэн дээр илүү нарийвчилсан тодорхойлолт өгөх оролдлого байхыг үгүйсгэхгүй. Бидний дээр нэгэнт дурьдсан ёсоор төр өөрөө түүхэн хөгжлийн урт удаан замыг туулж хөгжиж өөрчлөгдөж ирсэн болохоор түүний тухай ойлголт ч бас өөрчлөгдөх нь зүй юм. Ялангуяа орчин үеийн төрийн мөн чанарыг гүйцэд ойлгохын тулд уг үзэгдлийг судлахад гарч байгаа үндсэн хандлагуудтай эрх биш танилцах хэрэгтэй. Эдүгээ төрийн тухай ойлголтыг авч үзэхэд дараах чиг хандлага гарсан гэж үздэг байна.
- Төрийг албадлагын хэрэгсэл, хүчин мэтээр үзэх. Энэ хандлага нь улс төрийн тэмцэл, улс орныг үр дүнтэй удирдах үзэл баримтлалтай холбоотой юм. Үүний дагуу төр бол улс төрийн эрх мэдлийг гартаа барьж байх гол хэрэгсэл, уг хэрэгслийг яаж ашиглах нь онц биш харин ашигласны үр дүнд тодорхой үнэт зүйлс бий болж байх ёстой ажээ. Ийм хандлагад Н.Макиавеллийн үзэл Германы Махтштатын үзэл санаа, Г.Моска, В.Парето нарын онолыг харуулж болох юм. Түүнчлэн төр ангийн тэмцэлд ашиглагддаг хүчирхийллийн хэрэгсэл болох тухай марксист сургаал ч мөн үүнд хамаарах юм.
- Төрийг эрх зүйн систем, эрх зүйн бүрдэлжсэн[2] хэлбэр гэж үзэх. Энэхүү хандлага нь орчин үед төрийн засаглал нь чухамдаа хуулийн ноёрхол юм гэсэн санааг голчилдог байна. Төр бол үйл ажиллагаа нь хуулиар маш нарийн зохицуулагдсан байгууллагуудын цогц гэж үздэг. Энэ хандлагын үр хөврөл Ханс Келзин, Макс Вебер нарын бий болгосон Рехтштат(эрх зүйт төр)-ын тухай ойлголтоос эхтэй ажээ.
- Төрийг легитм шинжийн талаас нь үзэх. Энэ хандлага төрийн үйл ажиллагааны удирдамж болж легитимт чанарыг нь бий болгож байгаа зарчмуудыг нь голчлон авч үздэг байна. Төр нь юуны өмнө сайн сайхан аж байдал, нийгмийн дэвшил зэрэг зүйлийг бий болгох ёстой хэрэгсэл мөн аж. Энэ хандлагыг германы камералистууд, хуулийн позитивизмийн зарим төлөөлөгчид Гегель болон түүнийг дагалдагчид баримталж байсан байна.
Төрийн тухай ойлголтыг авч үзэх байдал эдүгээ ч энэхүү гурван хандлагад үндсэндээ багтаж байгаа юм. Эдгээр хандлагууд нь санаваас өөр хоорондоо зөрчилдсөн бус мэт. Аль аль нь төрийн мөн чанарыг тодорхой нэг талаас нь авч үзэж байгаа хэрэг юм. Ер нь нийгмийн нарийн төвөгтэй үзэгдлийг судлахад ийм байдал дандаа үүсдэг бөгөөд түүнээс шинжлэх ухаан хожно уу гэхээс алддаггүй. Харин шинжлэх ухааны хандлагын аль нэгийг туйлын үнэн болгож зарлах, хүчээр тулгах нь улс төрийн практикт гардаг нийгэмд хортой үзэгдэл мөн. Гэхдээ энэ бол төрийн тухай ойлголтод хандах бүхий л зарчмыг нэгэн зэрэг баримтлах ёстой гэсэн үг бас биш. Ийм боломж байхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой шүү дээ. Улс төрийн онол, практикт аль нэг хандлага нь голлож хэрэглэгдэж байдаг. Гэвч бусад хандлагын талыг баримталсан сэтгэгчдийн дүгнэлтийг орхигдуулж болохгүй бас л харгалзаж байх ёстой мэт санагдана. Тухайлбал, төрийг зөвхөн албадлага, тэр тусмаа хүчирхийллийн хэрэгсэл мэтээр үзэх нь практикт ёс суртахуун, хуулийн хэм хэмжээг үл хайхран эмгэнэлт байдалд хүргэдгийг манай түүхэнд 30-40-өөд оны үед болсон үйл явдлууд тод харулж байгаа юм. Гэвч төр бол албадлагын хэрэгсэл гэдгийг харгалзан үзэхгүйгээр төр, улс тогтохгүй нь мэдээж шүү дээ. Тэгвэл төр бол сайн сайханд хүргэх хэрэгсэл гэдэг талаас нь аваад үзье л дээ. Ийм үзэл бодлоос төр нь ард түмний эцэг мэт байж сайн сайхан аж амьдралд хэрхэн хүрэхийг зааж, зарим тохиолдолд тэр зүг рүү хүчээр чиглүүлэх байдал үүсэн гарна. Энэ нь “алтан торонд” суулгах гэдэгтэй төстэй зүйл бол хувирах болно. Тэгэхээр энэхүү хандлагыг ч бас туйлшруулж болохгүй юм. Гэвч төрийн үйл ажиллагааны үр дүнг хайхрахгүй байж хэрхэвч болохгүй шүү дээ. Энэхүү бүхнээс дүгнэлт хийж үзвэл төр нь хүмүүст сайн сайхан аж байдалд өөрснөө хүрэх бололцоог тавьж олгодог, үүний тулд зөв бодлого баримталж, албадагыг ухаалаг хэмжээнд хэрэглэдэг, үйл ажиллагаа нь хуулиар нарийн зохицуулагддаг байгуулагуудын цогц байхаас аргагүй юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар төрийн тогтолцоог бий болгоход дээр дурдсан ерөнхий тодорхойлолтын хүрээнд чухамүү энэхүү үзэл санааг л баримталсан болотой санагддаг. Тэгэхдээ хууль тогтоогчдын магадгүй магадгүй ихэнх нь ийм тодорхойлолт, үзэл санаа бий гэж бодож, ухамсартай баримтлаагүй болж болно. Гагцхүү төрийн өмнөх туршлагаас авсан сургамж, дэлхий дахины түгээмэл практикийг хэрэглэсэн нь ийм байдалд хүргэсэн биз. Монголын улсын үндсэн хуулинд “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэж заасан. Энэхүү заалт болон хуулийг бүхэлд нь уншиж бодоход эдүгээгийн монгол төрийн мөн чанар нь дээрх ерөнхий тодорхойлолтоор илэрхийлэгдэж байна гэлтэй байдаг. Нарийвчлан үзвэл, төр чухамхүү хуулийн ноёрхлын бүрдэлжсэн илрэл байхаар зохион байгуулагдсаныг Үндсэн хуулиас бас харж болно.
Хянасан: Е. ТЭМҮҮЖИН
[1] Энэхүү нэр томьёог манайд “тусгаар тогтнол” гэж орчуулдаг боловч энэ зууны эхээр хэрэглэж байсан “өөртөө эзэрхэх ёс” гэдэг нэр томьёо илүү оновчтой мэт санагдана.
[2] Сүүлийн үед институт гэдэг ойлголтын бүрдэл гэж орчуулан хэрэглэх оролдлого хийгдэж байгаа билээ. Тиймээс энэхүү “бүрдэлжсэн” гэдэг үг нь “институжсэн” гэсэн санаатай юм.