Шинэ толь №4, 1994
“УИХ-аас шинээр батлах сонгуулийн хуулийн үзэл баримтлал, урьдчилсан таавар, дүн” сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дүгнэлт
1992 онд боловсруулан баталсан УИХ-ын сонгуулийн хууль нь Үндсэн хуультайгаа харшилсан, УИХ-ын тогтоолоор Сонгуулийн хуулинд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт
Өнөөдрийн энэхүү Бага хурал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж, түүний шинэ тогтолцоог улам боловсронгуй болгож сонгуулийн тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ нь хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага гэж тогтоосон билээ. Ийм учраас нийгмийн улс төрийн олон ургальч үзлийг зөв тусгасан ажиллах чадвар бүхий чадварлаг парламент бүрдүүлэх явдал түүний сонгуулиас шууд шалтгаалах нь мэдээж юм. Үндсэн хуулийн дагуу 1992 онд боловсруулан баталсан УИХ-ын сонгуулийн хууль нь Үндсэн хуультайгаа харшилсан, зүйл, заалт нь өөр хоорондоо зөрчилдсөн, сонгууль буруу явагдсан эсвэл ердөөсөө дэлхийд байдаггүй сонгуулийн тогтолцоог сонгож авсанд асуудлын гол байгаа юм бишээ. Гагцхүү энэ хуулийн дагуу явуулсан сонгуулийн үр дүнд УИХ-ын бүрэлдэхүүн хэт нэг намын гишүүдээс бүрэлдсэнд уг хуулийг эргэж харах шаардлага байгаа болов уу. Ийм байдалд сонгуулийн үр дүнг хүргэсэн нь олог хүчин зүйлээс шалтгаалах хэдий боловч сонгож авсан сонгуулийн тогтолцооноос болсныг хүлээн зөвшөөрч байна. УИХ-ын сонгуулийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргасан нь миний энэ санааг давхар баталж байгаа болов уу. УИХ-ын тогтоолоор Сонгуулийн хуулинд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын зарим гишүүд, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөлөгч, холбогдох бусад албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Ажлын хэсэг Сонгуулийн хуулинд оруулах үзэл баримтлалын талаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байна гэж үзэж болно.
Сонгуулийн тогтолцооны талаар намуудын байр суурь үндсэн хоёр хэсэгт хэсэгт хуваагдаж байна. МАХН, МХН, МАжНН, МНХ, мажоритар, пропорциональ системийг хольж өөрчлөлт хийх, 76 суудлаа холимог байдлаар авч үзэх нь зүйтэй гэж үзэж байхад МҮАН, МСДН, МШАН, МУНН пропорционал системийг сонгож авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Гэвч ажлын хэсгийн сүүлийн цугларалтаар холимог системийг сонгох нь зүйтэй гэж эхний тохиролцоонд хүрсэх юм. Энэ 2 тогтолцоог аль алийг нь сонгоход сайн тал бий ч сөрөг тал байгаа юм. Ялангуяа, пропорциональ системийг сонгож авбал дараах хэдэн сөрөг нөлөө гарч болзошгүй юм. Үүнд:
- Намууд жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтож чадаагүй, хүн амын олонх нь аль ч намыг дэмжихгүй байгаа тохиолдолд хувь тэнцүүлэн сонгох зарчмыг авбал сонгуулийн дараагаар ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах гэсэн болгоомжлол байна.
- Бие даан нэр дэвшигч гарч ирэх магадлал багатай гэсэн үндэслэлтэй.
- Орон нутгийн төлөөлөл алдагдана гэсэн үндэслэл байна. Нэгэнт пропорционал системээр сонгосон тохиолдолд нэр бүхий хүмүүсийн ихэнх нь, өөрөөр хэлбэл, намын лидерүүдийн ихэнх нь нийслэлд төвлөрч орон нутгаас сонгогдох, орон нутгийг төлөөлөх боломж алдагдана гэсэн болгоомжлол байна.
- Урьд нь сонгуульд ялсан нам тухайн сонгуулийн эрх барих хугацаанд нааштай өөрчлөлт гарсан тохиолдолд тухайн нам мөнхийн болж үлдэх ийм сэтгэлгээ манай ард түмний дунд бий гэсэн ийм болгоомжлол байна.
Хэрвээ мажоритар системийг сонгож авбал дараахь сөрөг нөлөө байна гэж хүмүүс үзэж байна. Үүнд:
- УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд тухайн нэр дэвшигдсэн намынхаа өмнө хариуцлага хүлээх явдал их суларч, өөрөөр хэлбэл, өөрөө сонгогчдоос шууд мандатаа авсан учраас намтайгаа харьцах харьцаанд нам, гишүүдийн хариуцлага сул юм.
- Нийгмийн улс төрийн амьдралд намуудын роль ихээхэн буурна. Энэ үнэний талтай.
- Өнөөдөр Сонгуулийн хуулийг батлах парламентын дийлэнх олонх нь МАХН-ын гишүүд байгаа. МАХН бол пропорциональ системийг дэмжихгүй байгаа учраас дан пропорциональ системээр хуулийн төсөлд ороход тэрээр батлагдана гэсэн магадлал муутай. Иймээс ажлын хэсэг намуудыг төлөөлөн оролцож байгаа хүмүүстэй тохиролцоод өнөөгийн нийгмийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.
Пропорциональ, мажоритар системийн аль альд нь байгаа дутагдлыг өөрийн оронд аль болох багасгах ийм төсөл дээр санал нийлэх нь зүйтэй юм гэж үзсэн. Хамгийн сүүлийн цугларалтаар тохирсон юм нь Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг холимог системээр, өөрөөр хэлбэл, 76 гишүүний нэг хэсгийг нь пропорционал, нөгөө нь өнөөгийн сонгуулийн журмаар тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Тоон харьцаан дээр ажлын дунд маргаан гарсан ч тэр өдөр цугласан хүмүүсийн олонхийн саналаар 24-г нь пропорционалаар, үлдсэн 52-г нь өнөөгийн 26 тойрогтоо хувааж сонгуулийн мажоритар системээр гаргаж ирэх нь зүйтэй гэж үзээд төслөө гаргаж ирнэ. Гэхдээ пропорциональ системийг баримталж байгаа намуудын саналыг харгалзаж пропорциональ системийн ямар хэлбэрийг сонгох талаар нэг төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд энэ 2 төслөөр ажлын хэсэг намар ярилцаад аль боломжтойг Улсын Их Хуралд оруулна. Энд нэг зүйлийг хэлэхэд УИХ-д нэг л төсөл оруулна. Одоо зүгээр хэлэхэд хэд хэдэн төсөл гаргаж ирээд түүнээс аль боломжтойг сонгох байр суурьтай байгааг тэмдэглэн хэлье.
Хянасан: Б. АРИУНБАЯР