Шинэ толь №1, 1993
Түлхүүр үг: Намын үүсэл, Намын шалгуур, Намын ангилал, Монголын намын хөгжил, Ардчилал, Ардчиллах үйл явц, Реформ
Нам буюу өрнөдөд өргөн тархсан партия гэдэг үг нь латины pars (хэсэг) гэсэн үгнээс гаралтай. Түүхэнд тэмдэглэгдсэн анхны намууд эртний Грект анх үүсч бий болсон. Тэдгээр намууд нь харьцангуй цөөхөн хүнтэй, явцуу шинж чанартай, зохион байгуулалтын тодорхой хэлбэрт орж чадаагүй, тогтворгүй шинж чанартай байсан бөгөөд голцуу боолын эздийн янз бүрийн бүлэглэлийн ашиг сонирхлыг төлөөлж байлаа. Дундад зууны үед ч мөн ийм маягийн намууд цөөнгүй байв. Гэвч нэг хүний хэмжээгүй эрхт засаглал бүхий улс төрийн бүтэцтэй нийгэмд тэдгээр нь идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадаагүй юм.
Европт хөрөнгөтний хувьсгал гарч, парламент үүсэн бий болж парламентаризм төрийн эрх барих хэлбэр болон тогтсонтой холбогдон орчин үеийн утгаараа улс төрийн намууд бүрэлдэн бий болсон юм. Нийгмийн ялгарал ихсэж, нийгмийн зөрөлдөөн гүнзгийрч, улс төрд улам бүр олон хүмүүс оролцох тутам намын үүрэг өсч тэд улс төрийн үндсэн субьект болон хувирчээ. Анх ердөө л сонгуульд бэлтгэх штаб төдий үүрэгтэй байсан улс төрийн намууд байнгын шинж чанартай болж, зохион байгуулалтын тогтвортой бүтэцтэй болжээ. Нийгмийн янз бүрийн давхарга, бүлэглэлийн сонирхлыг хэрэгжүүлэх шаардлага улс төрийн намуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох үйл ажиллагааг бий болгосон байна.
Улс төрийн нам хэмээх ойлголтыг тодорхойлсон олон янзын үзэл ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор засгийн эрхийг авахаар зорьж буй хүмүүсийн бүлэглэл хэмээн тодорхойлсон байдаг.
Нийгмийн давхаргуудын хоорондын ялгарал хүчтэй байсан 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед улс төрийн намуудыг марксистуудын тодорхойлдогоор аль нэг ангийн эрх ашгийг ямар нэг хэмжээгээр төлөөлж байсан гэж хэлж болох байв. Гэвч нийгмийн давхаргын ялгарал багасаж, хүн амын зонхилох хэсгийг хамарсан дундчуудын хэмээгдэх давхаргаас бүрдэх болсон, зөвшилцлийн зарчимд тулгуурласан орчин үеийн нийгэмд ганц ангийг дангаараа төлөөлсөн нам байх бололцоо үгүй болсон юм. Нөгөө талаас аль болох олон сонгогчийн санал авах зорилгоор намууд аливаа асуулалд явцуу байр сууринаас (ангийн, шашны г.м) хандахаас татгалзан, хүн амын нийт давхаргын эрх ашгийг төлөөлсөн хөтөлбөр дэвшүүлэх болсон нь намыг ангийн шинж чанарын үүднээс авч үзэх хандлагыг улам бүр үгүйсгэж байна. Иймээс орчин үеийн олонхи судлаачид намыг нийгмийн бүлгийн эрх ашгийг илэрхийлж, хамгаалах, хэрэгжүүлэх улс төрийн зорилгоор нэгдсэн сайн дурын байгууллага гэж үзэж байгаа юм.
Нийгэмд иргэдийн эрх ашгийг хамгаалахаар байгуулагдсан сайн дурын байгууллагууд (олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэл г.м) олон байдаг. Эдгээрээс намыг яаж, ямар шалгуураар ялгадаг вэ? Энэхүү шалгуурыг тогтоосон олон янзын үзүүлэлт байдаг бөгөөд тэдгээрээс нэлээд оновчтойд тооцогддог Америкийн улс төр судлаач Л. Паломбара, М. Вейнер нарын боловсруулсан хувилбарыг авч үзье.
- Байгууллагын оршин тогтнох хугацаа. Нам нь өөрийн үндэслэгчдээс хойш тодорхой хугацаанд оршин тогтнох чадвартай байх бөгөөд үүгээрээ нөлөө бүхий тэргүүлэгчийг тойрон хүрээлж байгаад тардаг бүлэглэлээс ялгагддаг.
- Нам нь удирдах төвтэй байхаас гадна орон нутгийн засаг захиргааны нэгжид зохион байгуулалтын бүтэцтэй байдаг. Энэ нь парламентын фракцаас намын ялгагдах шинж болно.
- Нам нь засгийн эрхийг авах зорилго, эрмэлзэлтэй байдаг. Төр засгийн үйл ажиллагаанд зөвхөн идэвхтэй нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага, бүлэглэлүүдээс ялгагдах гол шинж нь энэ юм.
- Нам нь сонгуульд сонгогчдын дэмжлэг авах эрмэлзэл, тэмүүлэлтэй байдгаараа онолын баримтлал боловсруулах төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарладаг эрдэмтэд, судлаачдын бүлэглэлээс ялгардаг.
Дээрх шинжээс гадна олон улсын буюу үндэсний ач холбогдол, нөлөөлөл бүхий тодорхой онолын баримтлалыг үйл ажиллагааныхаа зарчмын удирдлага болгодог байх нь улс төрийн бусад байгууллага, хүчнээс намын ялгагдах нэг чухал шалгуур байдаг. Гэхдээ энэ нь заавал байх ёстой зүйл биш бөгөөд үүний жишээ болгон дэлхийн олон орон, түүний дотор манай оронд байгаа Ногоон намыг нэрлэж болно.
Улс төрийн намуудыг үйл ажиллагааных нь чиглэл болон төлөөлж буй нийгмийн давхарга, баримталж буй үзэл баримтлалыг нь үндэслэн судлаачид янз бүрээр ангилдаг. Тухайлбал, ангийн шинж чанараар нь ажилчны, хөрөнгөтний, газрын эзний гэх мэт; үзэл баримтлалаар нь коммунист, социалист, социал-демократ, либерал, консерватив, шашны, фашист гэх мэт; тухайн улс оронд оршиж буй дэглэмтэй хэрхэн харьцаж байгаагаар нь хувьсгалт, реформист, консерватив гэх мэт; улс төрийн чиг баримжаагаар нь зүүний, барууны, төвийг сахисан гэх мэт; үйл ажиллагааны шинж чанараар нь аядуу, эрс шинэчлэлийн, экстремист гэх мэт, улс төрийн системд эзэлж буй байр сууриар нь эрх баригч, сөрөг, парламентын гэх мэт олон янзаар ангилдаг ажээ. Гэвч эдгээр ангилалууд нь харьцангуй шинж чанартай байдаг. Нийгмийн дэвшил, улс төрийн системийн болон төлөөлж буй бүлгийн ашиг сонирхлын өөрчлөлттэй холбоотойгоор ангилал нь өөрчлөгдөж болно. Тухайлбал, нийгмийн хөгжлийн аль нэг шатанд зүүний буюу эрс шинэчлэлийн бодлогыг баримталж байсан нам тавьсан зорилго нь биелэгдэхийн хэрээр барууны буюу эрс өөрчлөлтийг эсэргүүцэгч болон хувирдаг явдал бий. Мөн энд жишээ болгон намуудыг ангийн үүднээс ангилдаг явдлыг дурдаж болно. Нийгмийн хөгжлийн явцад улс төрийн бодлогыг тодорхойлогч төв нь парламент болж хувирснаар намууд сонгуульд оролцохдоо аль нэг анги давхаргын биш, харин нийгмийн олон бүлэглэлүүдийн эвсэлд тулгуурлах хэрэгтэй болсон. Түүнээс гадна дээр дурдсанчлан нийгмийн бүтцэд ч их өөрчлөлт гарсан. Энэ бүх шалтгааны улмаас манай зууны дунд үеэс ихэнх намууд өрнөдийн судлаачдын нэрлэсэнчлэн “бүхний нам” (catch-all party) болон хувирсан юм. Өнөө үед улс төрийн аль ч нам олонхийн дэмжлэг авахын тулд янз бүрийн бүлгийн ашиг сонирхлыг бодолцож, үндэсний зрх ашгийг ямар нэгэн хэмжээгэзр харгалзан хөтөлбөр тактикаа боловсруулдаг болжээ.
Улс төрийн намуудыг зохион байгуулалтын бүтцээр нь байнгын ба байнгын бус гэсэн үндсэн хоёр төрөлд хувааж үздэг байна. Нэгдэх төрөлд хамаарах нам нь төвлөрсөн намын аппараттай, гишүүдээ хамарсан зохион байгуулалтын тогтолцоотой, гишүүд нь намын батлахтай бөгөөд татвар төлдөг, намын хатуу сахилга баттай байдаг. Дэлхийн хөгжингүй орнуудын намууд дундаас жишээ болгон Японы Либерал ардчилсан намыг нэрлэж болно.
Хоёр дахь төрлийн намуудад албан ёсны гишүүнчлэл гэж байдаггүй бөгөөд үүнтэй холбоотой намын батлах, татвар гэж байхгүй. Намд хамаарагч иргэд нь зохион байгуулалтын хувьд намтайгаа холбоо сул бөгөөд хатуу чанд намын сахилга гэж үгүй байдаг. Намын үйл ажиллагааг намын мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн салаалсан бүтэцтэй намын аппарат эрхлэн явуулдаг байна. Тухайлбал, АНУ-ын хоёр том нам, Английн консерватив нам ийм бүтэцтэй.
Мөн орон нутагт намын аппарат байхгүй, зөвхөн төв байгууллагатай намууд ч бас байдаг. Эдгээр нь голдуу жижиг намууд байдаг бөгөөд орон нутаг дахь намын байгууллагыг уг намыг дэмжигчдийн клуб буюу дугуйлан орлодог байна. Орон нутаг дахь намын байгууллагууд нь дэлхийн ихэнх оронд засаг захиргаа нутаг дэвсгэрийн шугамаар байгуулагддаг ажээ. Зөвхөн социалист гэгдэж байсан оронд намын байгууллагуудыг үйлдвэрлэлийн нэгж, албан байгууллагууд дээр байгуулж байжээ.
Улс төрийн системд намуудын гүйцэтгэх үүрэг олон талтай байдаг. Хэдийгээр янз бүрийн шүүмжлэлд өртөж байгаа (манай оронд ч мөн ялгаагүй) ч улс төрийн нам нь төр ба иргэдийг хооронд нь холбодох гол хэрэгсэл, улс төрийн тогтолцооны ажиллагааг хангах хамгийн зөрчил багатай механизмын үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү үндсэн үүргийнхээ хүрээнд улс төрийн намууд дараах үйл ажиллагаа явуулдаг.
-нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг томьёолон илэрхийлж, тэдгээрийг идэвхжүүлж нягтруулдаг;
-тухайн орны улс төрийн системийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй төрийг эмхлэн байгуулах ажлыг намууд голчлон хийдгийн дээр нийгмийн улс төрийн системийг бүрдүүлэхэд оролцдог;
-төрийн тэргүүнийг сонгох, засгийн газрыг байгуулах зэргээр засаглалыг хэрэгжүүлэх болон төрийн гадаад, дотоод бодлогыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэнэ;
-өөрийн гишүүдийг сургаж бэлтгэх, олон түмний дунд. сурталчилгааны ажил явуулах зэргээр нийгмийн ухамсрыг дээшлүүлэхэд нөлөө үзүүлдэг;
-намууд өөрсдийн боловсон хүчин бэлтгэх, дэвшүүлэх замаар төрийн аппаратыг бүрдүүлэхэд оролцдог.
Улс төрийн системд гүйцэтгэх үүргээ нам хэрхэн биелүүлэх нь бодит байдалд дүн шинжилгээ хийх, түүнд зохицох чадвараас голлон хамаардаг. Нийгмийн шинэ эрэлт хэрэгцээг мэдэрч, түүнд бодлогоо зохицуулж байдаг нам нийгэмд эерэг үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хуучин үзэл суртал, бодлоготойгоо зууралдсан нам улс төрийн тавцангаас арчигдахад хүрдэг. Өрнөдийн орнуудын хөгжилд тэдгээр орны эрх баригч намын уян хатан байр суурь, үйл ажиллагааны олон талт хэлбэр зохих хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд ихэнх намууд ерөнхий чиг баримжаагаа тодорхойлон гаргаад гол хүч анхаарлаа ойрын зорилт дээр төвлөрүүлдэг нь тэдэнд бодлогоо уян хатнаар өөрчлөх бололцоог олгодог юм.
Намын тогтолцоо нь улс төрийн системийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ нь тухайн оронд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн намууд парламент болон засгийн газрыг бүрдүүлэхэд оролцох бодит бололцоо түүнчлэн төрийн гадаад, дотоод бодлогыг боловсруулахад нөлөөлөх бодит боломжоор тодорхойлогддог. Энэ үүднээс олон намын ба нэг намын тогтолцоо гэсэн үндсэн хоёр бүлэг систем байдаг. Тухайн оронд ямар намын тогтолцоо байх нь уг орны улс төрийн хүчний харьцаа, түүхэн уламжлал, үндэстний бүтэц, шашин шүтлэг зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.
Олон намын тогтолцоог хэд хэдэн хэсэгт ангилан үзэж болох юм.
- Аль нэг нам нь илэрхий давуу байдалгүйгээр өрсөлдөөний журмаар засаглалыг хэрэгжүүлдэг олон намын тогтолцоо. Ийм тогтолцоотой үед парламентад олонхийн суудал аль ч намд байдаггүй бөгөөд засгийн газрыг голдуу эвслийн хэлбэрээр байгуулдаг. Энэ нь заримдаа олон сар, жилээр сунжирдаг тохиолдол бий. Тухайлбал, Италийг жишээ болгон авч болно.
- Улс төрийн намууд хоёр эвсэлд хуваагдан өрсөлддөг хоёр эвслийн тогтолцоо. Ийм тогтолцоо нь далаад оны хоёрдугаар хагаст Францад байсан бөгөөд голдуу намууд 2 эвсэлд туйлшран хуваагдаж сонгуульд оролцдог нь үндсэндээ хоёр намын тогтолцоотой ижил юм.
- Жижиг намуудтай боловч хэрэг дээрээ засгийн эрхийн төлөө хоёр томоохон нам өрсөлддөг тогтолцоо. Энэ тогтолцоо нь АНУ, Англид байгаа бөгөөд улс төрийн тогтвортой байдлыг хангахад илүү үр нөлөөтэй гэж үздэг.
- Олон намтай боловч нэг нам улс төрийн системд голлох үүрэг гүйцэтгэдэг тогтолцоо. Аль нэг нам дангаараа буюу эвсэл байгуулах замаар парламентад үнэмлэхүй олонхийн суудал авч, засгийн газраа дангаар байгуулдагт гол ялгаа нь оршдог. Ийм тогтолцоо 70-аад оны эхэн хүртэл Францад байсан.
- Улс төрийн олон намууд сонгуульд өрсөлддөг боловч засгийн эрх зөвхөн армийн мэдэлд байдаг намын хязгаарлагдмал тогтолцоо. Энэ тогтолцоо нь цэргийнхэн улс төрийн тавцанд зонхилох үүрэг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгос, Пахистан, Тайланд зэрэг орнуудад байсан юм.
Нэг намын тогтолцоог дотор нь мөн хуваан үзэж болно.
- Эрх баригч намаас бусад намыг үгүйсгэдэг эрх баригч нэг намын тогтолцоо. Энэ нь хуучин социалист гэгдэж байсан ихэнх оронд байсан. Мөн фашист Герман, Итали зэрэг оронд оршиж байсныг бид мэднэ.
- Нэг нам манлайлж, оршин буй намын тогтолцооны хүрээнд бусад бүх улс төр, олон нийтийн байгууллага, түүний удирдан чиглүүлэх үүргийг нь хүлээн зөвшөөрдөг манлайлагч намын систем. Ийм систем нь БНАГУ-д байсан бөгөөд одоо БНХАУ-д байна.
1950-1960-аад оны үеэс эхлэн нийгмийн амьдралд улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг өссөнтэй холбогдон улс төрийн намуудын эрх зүйн зарчмууд олон орны хуулинд тусгагдах болсон юм. Дэлхийн нэлээд орон Үндсэн хуулиндаа :
- нийгэм улс төрийн амьдралд намын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг;
- нам байгуулах, үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй байх ардчилсан баталгаа;
- улс төрийн намуудын үйл ажиллагааны хүрээ зэргийг тусгаж өгсөн байна. Дээрх эрх зүйн үндсэн зарчмыг намын тухай сонгууль, орон нутгийн засаг захиргааны хуулиуд болон парламентын дэг, дотоод журамд дэлгэрүүлэн тусгаж, хэрэгжүүлэх болжээ. Мөн зарим оронд улс төрийн намуудыг байнга санхүүжүүлдэг зарчимд шилжсэн. Нэлээд оронд улс төрийн намуудын сонгуулийг улс санхүүжүүлдэг. Энэ нь намын бодлого боловсруулах үйл ажиллагааг харьцангуй хараат бус байлгах, коррупци бий болохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм.
Монгол дахь улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны талаар ярилцахдаа хуучин МАХН болон шинээр байгуулагдсан намуудыг тус бүрд нь авч үзэх нь зүйтэй юм.
1990 онд эхэлсэн нийгмийг ардчилах процесс нь чанарын ба тооны өөрчлөлт гэсэн аль аль нь ололт, дутагдал бүхий хоёр талыг дотроо агуулж байсан юм. Ардчиллах үйл явцад гарсан чанарын өөрчлөлт нь гэвэл хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлд тулгуурласан улс төрийн шинэ бүтэц, хэм хэмжээ бүрэлдэн бий болж, улс төрийн ухамсар, соёл өсөн нэмэгдэж, сэтгэлгээнд өөрчлөлт гарсан явдал юм гэж хэлж болно. Нийгэм олон ургальч үзэл, ашиг сонирхлын ялгаа, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөв.
Тооны өөрчлөлт нь гэвэл улс төрийн амьдралд иргэд өргөнөөр оролцох болсон явдал юм. Нийгмийн улс төрийн тавцан дээр өчигдөрхөн улс төрийн тухай зүүдлээ ч үгүй явсан давхаргууд, эдийн засгийн өөрчлөлтийн шинэ нөхцөлд уйгагүй, бүтээлчээр ажиллаж чадах, эрүүл саруулаар өрсөлдөхөд бэлтгэгдээгүй тийм давхаргууд гарч ирэх болов. Нийгмийг ардчиллах үйл явцтай холбогдон иргэний, хүмүүнлэг, нийгмийн, экологийн гэх мэт улс төрийн асуудалтай ямар нэг хэмжээгээр холбогдсон олон янзын ашиг сонирхлыг тусгасан олон түмний улс төржсөн хүчирхэг хөдөлгөөн үүсч бий болсон юм. Эдгээр хөдөлгөөний зорилго нь өөрчлөн байгуулалтын эхэнд захиргаадалтын систем, тоталитар дэглэмийг нураан иргэний нийгэм, эрх зүйт төр байгуулах явдал байв. Гэвч эдгээр хөдөлгөөн нь зорилгодоо хүрэх янз бүрийн, тэр ч байтугай эрс тэс зөрчилтэй санаа, арга хэлбэр бүхий хүчнүүдийг дотроо агуулж байлаа. Тэдний дунд ямар ч аргаар хамаагүй зорилгодоо хүрэхэд бэлхэн хүмүүс, оршин буй системд өнгө засал төдийг хийгээд үндсийг нь хадгалж үлдэхийг санаархагчид, хүн рүү хандсан социализм байгуулахыг эрмэлзэгчид, социал-демократ маягийн нийгэм, төр байгуулахыг хүсэгчид, шууд капитализм байгуулна хэмээн тунхаглагчид тэр байтугай, хаант засгийг сэргээхийг хүссэн хүмүүс хүртэл байсан юм. Эдгээр хөдөлгөөн нь улс төрийн сорог хүчний хэлбэрийг түргэн олж 1990 оны эхэн гэхэд улс төрийн намууд болон зохион байгуулагдсан бөгөөд мөн ялгаагүй нийгмийн энэхүү зөрчилтэй үзэл бодлыг дотроо агуулж байлаа. Эдгээр намууд анх байгуулагдахдаа нийгмийн тодорхой бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлж байгуулагдсан гэж хэлж болохгүй бөгөөд оршин тогтнож буй нийгмийн тогтолцоонд сэтгэл ханамжгүй байсан, түүнийг өөрчлөхийг зорьж байсан нийгмийн тэр хэсгийг нэгтгэж байв. Энэ үед МоАН, МҮДН, МСДН, МНН, МЧХН-уул байгуулагдаж, зохион байгуулалтын бүтцээ бүрдүүлж эхэлсэн юм. Намуудын дундаас хамгийн түрүүнд байгуулагдсан МоАН-ын эгнээнд дээрх нийгмийн зөрчилт бүлгүүдийн ялгарал бүр тод харагдаж байв.
Шинээр байгуулагдсан эдгээр намууд тус бүрдээ өөрийн гэсэн өнгө аястай байсан боловч тухайн үед тэдгээрийн зорилго нь ерөнхийдөө адилхан байлаа. Намууд тоталитар дэглэмийг халж, эрх зүйт төр, хүмүүнлэг нийгэм байгуулах, олон ургальч үзлийг нийгэмд төлөвшүүлэх зорилт тавьж байв. Шинэ намуудын анхны хамгийн том амжилт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Намуудын тухай хуулийг батлуулж, үүний үндсэн дээр бүртгүүлж, үйл ажиллагаагаа хууль ёсны үндсэн дээр явуулж эхэлсэн явдал байсан юм.
Залуу улс төрийн намуудад тодорхой, цэгцтэй үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах бололцоо цаг хугацаа олголгүй улс төрийн үйл явц өрнөсөн бөгөөд тэд ерөнхий зорилтоо тунхаг болгон 1990 оны сонгуульд оролцсон билээ. Шинэ намуудын нийгмийн бааз сул, хөдөө орон нутагт анхан шатны байгууллага тэр болгон үгүй, зохион байгуулалтын цэгцтэй хэлбэрт орж чадаагүй, сурталчилгааны болон санхүүгийн боломжийн хувьд хязгаарлагдмал байсан хэдий ч 1990 оны сонгуулиар сонгогчдын 39,3%-ийн санал авсан нь тэдний том ялалт байсан юм. Судалгаанаас үзэхэд 1990 онд эдгээр намуудыг залуучууд, ажилчид, сэхээтнүүд гол төлөв дэмжиж байсан бөгөөд хот, аймгийн төвийн оршин суугчдын дунд илүү нөлөөтэй байлаа. Нийгмийн эдгээр бүлэг нь улс төрийн хувьд тогтвортой нийгэмд байдгийн адилаар тухайн намуудын нийгмийн бааз гэсэн утгаараа дэмжсэн бус харин миний бодлоор энэхүү дэмжлэг нь дараах хэдэн шалтгаантай юм.
- шинэ намуудад тоталитар дэглэмийг халан өөрчлөх ганц хүч гэдэг утгаар нь найдлага тавьсан;
- сэхээтнүүд тоталитар дэглэмд хамгийн их хавчигдаж байсан давхарга бөгөөд боловсролын түвшин харьцангуй өндөр, илүү их мэдээлэлтэй байсан;
- залуучуудыг улс төрийн агуулгаасаа илүү улс төрийн үзэл бодлоо илэрхийлж буй хэлбэр нь илүү татсан;
- төв суурин газрын иргэдэд шинэ намууд өөрсдийн үзэл бодлоо хүргэх бололцоо илүү байсан. Гэвч цаашдын явцад шинэ намууд эдгээр дэмжигчдийг өөрсдийн нийгмийн бааз буюу өөрөөр хэлбэл байнгын сонгогч мэтээр санаж байсан нь алдаа болсон юм.
Энэ үеийн улс төрийн намуудын үйл ажиллагаа нь улс төрийн тогтолцоог өөрчлөх, олон намын систем тогтоож, нийгэмд хууль ёсны байр сууриа эзлэх, өргөн олныг өөрсдийн талд татаж, нөлөөллийн хүрээгээ өргөжүүлэхэд голлон чиглэгдэж байв. Намуудын үйл ажиллагааны гол хэлбэр нь “гудамжны тэмцэл” байлаа.
Намууд тус бүрдээ үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө боловсруулан гаргасан боловч тэр нь эрэл хайгуулын шинжтэй, цаг үеийн шаардлагаар ойр ойрхон өөрчлөх, засварлахад хүрч байв. МоАН-ын анхны мөрийн хөтөлбөр социалист чиг баримжаатай байсан бол дараагийн мөрийн хөтөлбөртөө социализмаас татгалзсан юм. Улсын Бага Хурал байгуулагдан үйл ажиллагаагаа явуулснаар шинэ намуудын үйл ажиллагааны хоёр дахь шат эхэлсэн юм. Тэд төр засгийн тогтолцоог ардчилсан зарчмын үндсэн дээр бүрдүүлэх, эдийн эасгийн өөрчлөлтийг хийх бодитой боломжтой болов. Гэвч тэлэнд энэхүү өөрчлөлтийг дэс дараатай, уялдаатай явуулах цэгцтэй үзэл баримтлал үгүй байв. Шинэ намууд бусад орны туршлагаа түшиглэн алдаж, онож бодлогоо явуулж эхэллээ. Тэд өөрсдийн төлөөлөгчөө Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан нь улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг түргэтгэх, улс төрийн тогтвортой байдлыг хангахад нааштай үүрэг гүйцэтгэсэн хэдий ч төлөвлөсөн бодлогогүйгээр Засгийн газарт орсон нь алдаа болсон хэмээн би үздэг.
Энэ үеэс эхлэн улс төрийн тэмцлийн төв парламентад шилжин намын үйл ажиллагаа парламент болон намын төв аппаратын хэдхэн хүний дунд эргэлдэх болсон нь шинэ намуудыг нэр нөлөө болон улс төрийн байр сууриа алдахад хүргэсэн томоохон алдаа болсон юм. Тэд намын боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн анхан шатны байгууллагаа бэхжүүлэх зэрэг дотоод зохион байгуулалтын асуудлаа орхигдуулсан бөгөөд намыг санхүүгийн талаар бэхжүүлэх, бодлогоо орон нутагт хүргэх талаар бараг юу ч хийсэнгүй.
Намууд, тухайлбал, МоАН зохион байгуулалт, санхүүгийн талаар бэхжээгүй байхдаа өөрийгөө парламентын нам хэмээн зарласан нь намыг бэхжүүлэх ажлыг орхигдуулахад түлхэц болсон юм. Энд онцлон тэмдэглэхэд шинэ намуудын сонин гадагшаа чиглэсэн нийтлэлийн бодлого баримталж байснаас биш, дотогшоо чиглэсэн, намын дотоод амьдралын дутагдлыг шүүмжлэх бодлого огт баримталж байгаагүй бөгөөд одоо ч байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Шинээр байгуулагдсан намуудын энэ шатны үйл ажиллагааг “биегүй толгой” гэсэн байдлаар илэрхийлж болох юм. Тэдний төв аппарат нь ажиллаж байснаас биш орон нутагт дорвитой үйл ажиллагаа явуулж чадаагүй юм.
Мөн энэ үеэс намуудын дотор үзэл бодлын ялгарал явагдаж эхлэв. Энэ нь зүй ёсны үзэгдэл байсан бөгөөд ялангуяа МоАН дотор энд нь нэлээд хүчтэй илэрсэн юм. МоАН нь хамгийн түрүүнд байгуулагдсаныхаа хувьд тодорхой үзэл бодол, нийтлэг эрх ашгийн үүднээс бус, харин тодорхой зорилгын үүднээс нэгдсэн янз бүрийн үзэл санаатай бүлгүүдийг дотроо агуулж байв. Гэхдээ дарангуйлалаас ардчилалд шилжих үеийн бэрхшээл нь нийгмийн бүлэг, давхаргууд өөрийн улс төрийн байр суурь, чиглэлийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг бүрэлдүүлсэн учир энэхүү ялгарал нь үзэл бодол, ашиг сонирхлын үүднээс гэхээсээ удирдагч дагасан шинж чанар нь илүү давамгайлж байсан юм.
Шинэ намууд энэ үеэс улс төрийн санаачлагыг гараасаа алдсан бөгөөд тэдний явуулсан үйл ажиллагаа, улс төрийн алхмууд үйл явцыг угтаж харсан бус, дандаа үйл явцын хойноос хөөсөн маягаар явагдах болсон. Энэ нь цэгцтэй дэс дараатай бодлого, намын зохион байгуулалт, үйл явдлыг урьдчилан харах улс төрийн мэдрэмж, туршлага үгүйлэгдэж байсантай холбоотой бөгөөд шинэ намуудын нэр хүндийг унагахад хүрсэн нэг хүчин зүйл болсон гэж үзэж байна. Гэхдээ шинэ намууд эдийн засгийг зах зээлд шилжүүлэх анхны алхмуудыг хийж, улс төрийн өөрчлөлтийг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг батлуулж чадсан билээ.
1992 оны 3-р сараас шинэ намуудад том цохилт, том сургамж өгсөн үйл ажиллагааных нь гуравдугаар үе эхэлсэн юм. Шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Улсын Их Хурлын сонгуульд шинэ намууд бүрэн бут ниргүүлж, Улсын Их Хуралд ердөө л 5-хан суудалтай үлдсэн. Дээрх байдалд Сонгуулийн хууль нөлөөлсөн хэдий ч түүнд бүх бурууг өгөх аргагүй юм. Энэхүү ялагдлын шалтгааныг шинэ намууд өөрийн үйл ажиллагаанаас болон нийгэмд бүрэлдсэн нөхцөл байдлаас хайх ёстой. Миний бодлоор дараах үндсэн шалтгаанууд байгаа юм:
- Манай нийгэм дэх ардчиллын үйл явцад хамгийн хоцрогдож яваа түвшин бол хувь хүний оюун санааны өөрчлөлт юм. Урьд нь оршин байсан тогтолцоо хүнийг бие даан амьдралынхаа асуудлыг шийдвэрлэхэд сургасангүй. Хүний өмнөөс улс бүхнийг шийддэг байсан бөгөөд ажил, цалин, орон сууц, хүүхдийн цэцэрлэг гэх мэтчилэн хувь хүний амьдралын хэрэгцээг улс муу, сайн ч гэсэн хангаж байв. Ардчилал, түүний эдийн засгийн мөн чанар болох зах зээл руу шилжих үйл явц хүн амын өмнөх нөхцөл байдал болон өөрсдийн чадваргүйгээс шийдвэрлэж чадамгүй олон асуудлыг тавьсан юм. Үүнд хэн буруутай вэ? Олон түмний хувьд энэ асуултын хариу ойлгомжтой бөгөөд төр, засаг, түүний дотор намууд, тэр тусмаа ардчилал, зах зээл хэмээн лоозон тавин гарч ирсэн шинэ намууд хамгийн их буруутай болж таарна. Энэ үзлийг дэврээхэд шинэ намуудын бүдүүлэг алдаанууд болон МАХН ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
- Шинэ намууд, ялангуяа МоАН-МҮДН-НН-ын эвсэл сурталчилгааны арга барилаа өөрчилж чадсангүй. 1990 онд МАХН-ыг эсэргүүцэн шүүмжлэх аргыг эзэмшсэн шинэ намууд энэ арганаасаа салж чадаагүй юм. МАХН ч мөн ялгаагүй шинэ намуудын эсрэг сурталчилгааг багагүй өрнүүлсэн. Энэ нь сонгогчдод хэрхэн туссан бэ? Аливаа намд тухайн намын гишүүн буюу дэмжигч өөрийн байнгын сонгогч гэж байдаг. Гэвч судалгаанаас үзэхэд намуудын дэмжигч ийм байнгын сонгогч харьцангуй цөөхөн хувь эзэлж байгаа юм. Аль нэг намыг тууштай дэмждэггүй, дундаж байр суурь баримталсан сонгогчид нэлээд их хувийг эзэлдэг. Намууд бие биенээ дайрсан сурталчилгаа явуулах нь намуудад үл итгэх үзлийг ийм сонгогчид төрүүлэх шалтгаан болдог байна. Гэвч аль нэг намаас нэр дэвшигчийн төлөө санал өгөх шаардлага зайлшгүй тулгарна. Ийм нөхцөлд сонгогчид өөрийн таних хүний төлөө санал өгөх буюу нэр дэвшигчдийг хэнийг нь ч танихгүй тохиолдолд намын мөрийн хөтөлбөрийг биш, аль нам нь илүү туршлагатай, найдвартай вэ гэдэг үзүүлэлтийг шалгуур болгодог ажээ.
- Намууд орон нутаг дахь анхан шатны байгууллагаа бэхжүүлж чадаагүйгээр барахгүй боловсон хүчний бодлогоо явуулаагүй, санхүүгийн боломжгүй зэрэг шалтгаанаас болж идэвхтэй дэмжигчдийнхээ ихэнх хэсгийг алдсан. Ер нь шинэ намууд намын болон ирээдүйд төр засгийн байгууллагад ажиллах өөрийн боловсон хүчнээ бэлтгэх талаар туйлын сул анхаарч байсан юм.
- Намууд өөрсдийгөө дэмжих боломжтой нийгмийн бүлэг давхаргуудыг зөв олж, тэдний ашиг сонирхолд нийцсэн, амин чухал эрх ашгийг нь хөндсөн зорилтуудыг дэвшүүлэн тавьж чадаагүй юм. Шинэ намуудын ардчилал, хүний эрхиин төлөө гэсэн анхны зорилт ямар нэг хэмжээгээр биелэгдсэн бөгөөд тэд шинээр тулгарсан зорилтоо ойлгомжтой, энгийнээр томъёолж чадаагүй, ерөнхий асуудлуудыг хөндсөн байдлаар сурталчилгаагаа явуулж байв.
1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн өмнөх манай орны улс төрийн амьдралын нэг онцлог гэвэл өмнө намууд олноор байгуулагдсан явдал байв. Гэвч эдгээр намууд төдий л удаан оршин тогтнож чадаагүй бөгөөд өнөөдөр ихэнх нь нэр төдий үлдсэн гэхэд хилсдэхгүй. Энэ нь дараах үндсэн шалтгаантай гэж үзэж байна.
- Улс төрийн амьдрал нь мөн зах зээлийн адилаар өөрийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Манай орнь улс төрийн эрэлтийг 1990 онд байгуулагдсан намууд ямар нэг хэмжээгээр хангасан бөгөөд сүүлд байгуулагдсан шинэ намуудыг олон түмэн хүлээж аваагүй.
- Олон нийтийг хамарсан улс төрийн өргөн үйл ажиллагаа явуулах нь ихээхэн хэмжээний зардал шаарддаг учир жижиг намууд улс төрийн тавцанд бэхжихэд бэрхшээлтэй байдаг юм.
- Сүүлд байгуулагдсан намууд улс төрийн нам гэхээсээ улс төрийн ашиг хайсан нэг буюу хэсэг хүмүүсийн цаг зуурын бүлэглэлтэй илүү төстэй шинж чанартай байсан.
Сонгуулийн дараа хүчээ нэгтгэх зорилгын үүднээс 4 нам нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Намыг (МҮАН) байгуулсан. Энэ намын цаашдын хувь заяаг урьдчилан таамаглахад хэцүү юм. Дээр дурдсанчлан тоталитар дэглэмээс ардчилалд шилжих үйл явцад тулгарч буй бэрхшээл нийгмийн бүлэг давхаргуудад өөрийн улс төрийн байр суурь, чиглэлийг цэгцтэй тодорхойлох боломх олгохгүй байна. Эдийн засаг тогтворжих хүртэл энэ процесс үргэлжлэх болно. Нийгэмд явагдах буй энэхүү зардал, ялгарлын үйл явц шинэ намууд, түүний дотор МҮАН-д тусгалаа олж буй бөгөөд энэ нь намуудыг бэхжихэд мөн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Шинэ намууд төлөвийн тогтох эрэл хайгуулын шатандаа яваа бөгөөд жинхэнэ утгаараа улс төрийн нам болох хүртэл нэлээд хугацаа шаардагдах нь гарцаагүй. Намуудын төлөвших процесс удаан явагдаж байгаа нь тэднийг нийгэмд эзлэх байр сууриа олж, үүргээ гүйцэтгэхэд нь таагүй нөлөө үзүүлж буй бөгөөд улсаар нийгмийг ардчилах, зах зээлд шилжих явц удаашрахын нэг шалтгаан болж байна.
МАХН ч гэсэн ялгаагүй шинэ нөхцөлд дасах төлөвших эрэл хайгуулын замд явж байна. Энэ намын доторх хэт хуучныг баримтлагчид хүчтэй эсэргүүцэж байсан хэдий ч марксист-ленинист онолын чиг баримтлалаас татгалзсан юм. 1990 онд байр сууриа нэлээд алдсан МАХН өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд байр сууриа буцааж бэхжүүлж чадлаа. 1992 оны сонгуулийн үеэр хийсэн судалгаанаас үзвэл МАХН-ыг их залуу болон 40-өөс дээш насны хүмүүс нэлээд дэмжиж байгаагийн дотор хувийн өмчтөнүүдийн 30,9 хувь нь дэмжиж байгаа юм.
Өнөөдөр гишүүдийн тоо болон хөрөнгийн хэмжээг үл харгалзан төлөвшилтийн үүднээс нь авч үзвэл олон жижиг намууд өрсөлддөг тогтолцоо байна хэмээн хэлмээр байгаа бөгөөд энэ тогтолцоо нь ганц нам зонхилдог олон намын тогтолцоо болон хувирах аюул нуугдаж байна. Хүн амын тоо, байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ, нийгмийн хөгжлийн хэтийн төлөв зэрэг хүчин зүйлийг тооцож үзвэл цаашид хоёр том нам зонхилсон тогтолцоог бүрдүүлэх нь манай орны нөхцөлд тохирох болов уу хэмээн санагдана.