С. Төмөр
/Дэд Доктор, УИХ-ын гишүүн/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг: эрх зүйт төр, эрх зүйт төрийн чиг үүрэг, эрх зүйт төрийн үндсэн зарчмууд, төрийн эрх мэдэл.
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Анх Гераклит, Сократ, Платон, Аристотель, Цицерон зэрэг эртний их сэтгэгчид шударга хууль үйлчилдэг тийм улсад төрт ёс оршин тогтнох ёстой гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьж хамгаалж байжээ. Эрх зүйт төрийн тухай онолын үндэс нь эрх зүй ба төрийн хоорондын харилцаа холбоо юм.
Эрх зүйт төрийн онолын үзэл баримтлал нь тухайн улсын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн үзэл санааны зарчим, хэм хэмжээний тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, ард түмний бүрэн эрх бол эрх зүйт төрийн бүрэн эрхийн эх үндэс болно. Төрийн бүрэн эрх нь ард түмний бүрэн эрхийн хүрээнд тухайн улсын нийт нутаг дэвсгэр, хүн амд зөвхөн хуулийн дагуу төр, түүний механизм (байгууллага )–аас бие даасан өөрийн бүрэн эрхийн дагуу төрөөс хэрэгжүүлдэг эрх мэдэл, баримталдаг зарчмаас бүрэлдэнэ.
Бүхэлд нь аваад үзвэл төрийн эрх мэдлийг бэхжүүлэх, эрх зүйн “ноёрхол” тогтоох үйл ажиллагаа нь эрх зүйт төрийн төлөвшүүлэн хөгжүүлүүлэх чухал үндэс болно. Төрийн бүрэн эрх нь төрийн эрх мэдлийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн байдлыг тодорхойлж, бие хүний болон түүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлдэг механизм-нам, төрийн бус байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох явцад хэрэгждэг. Харин эрх зүйн “ноёрхол” тогтоох үйл явц нь эрх зүйн хэм хэмжээ, зарчимд үндэслэсэн төрийн болон түүний байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргээр хэрэгжинэ.
Эрх зүйт төрийн тухай үзлийн мөн чанар нь ардчилсан ёс, ард түмний бүрэн эрх нь төрийн эрх мэдлийн эх сурвалж байж, төр ба эрх зүйн харилцан шүтэлцээтэй байх, хууль дээдлэх, бие хүний эрх, эрх чөлөөг төрөөс баталгаатай хангах явдлаар тодорхойлогдоно. Энэ агуулгаар эрх зүйт төрийг төлөвшүүлэн хөгжүүлэх үйл явц нь хөгжлийн урт удаан хугацааг хамаарна. Тийм ч учраас шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн манай оронд эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хөгжлийнх нь чиг хандлагыг тууштай хангахыг тулд юуны өмнө тоталитар эрх зүйн тогтолцоонд эргэж орох механизмаас бүрмөсөн татгалзах, эдийн засаг, улс төрийн тогтолцоонд олсон ардчилсан ололтыг баталгаатай хамгаалан хөгжүүлэх, эрх зүйт төрийн төлөвшин хөгжих эрх зүйн үндэс суурийг тогтоох арга хэмжээ төрөөс авч хэрэгжүүлэх ёстой. Энэ бол анхны бөгөөд хамгийн хариуцлагатай, шийдвэрлэх алхам мөн. Эрх зүйт төр төлөвшин хөгжих хандлагыг тогтооход түүний үйл ажиллагаанд үндсэн чиглэл буюу чиг үүргийг тодорхойлох явдал ихээхэн чухал юм.
Ардчилсан төрийн чиг үүрэг нь: улс төрийн, эдийн засгийн, нийгмийн (социаль), үзэл суртлын гэсэн төрөлтэй байна.
Нэгдүгээрт, улс төрийн чиг үүрэг нь дараахь чиглэлээр хэрэгжиж болох юм:
- Үндсэн хуульд зааснаар төрийн эрх мэдлийг ард түмэн хэрэгжүүлэх явдлыг баталгаатай хангах, уг эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдсан аливаа үйл ажиллагааг хаах, шаардлагатай бол холбогдох арга хэмжээ авах;
- Улс төрийн тогтолцоонд төв нь байж нам, төрийн бус байгууллагуудын эрх зүйн үндсийг тогтоож, тэдгээрийн хоорондын харилцаанд баримтлах хууль зүйн зохицуулалт хийх;
- Улс төрийн эрх мэдлийг(засаглалыг) хэрэгжүүлэх явцад үүссэн улс төрийн харилцаанд оролцох бүрэн эрх эдлэх;
- Төрийн механизмын тогтолцоо, бүрэн эрх, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээ зэргийн зааг ялгааг тогтоож мөрдүүлэх ;
- Олон улсын эрх зүйг нийтийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталдаг энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах;
Хоёрдугаарт, төрийн эдийн засгийн чиг үүрэг нь:
- Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэх;
- Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах ;
Гуравдугаарт, нийгмийн ( социаль) чиг үүрэг нь:
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах;
- Ард түмнийхээ түүх, соёл дурсгалын зүйл, шинжлэх ухаан, оюуны өвийг хамгаалах;
- Эрүүл мэнд, боловсролын тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэх, иргэдэд эмнэлэгт үнэ төлбөргүй тусламж үзүүлэх, нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох арга хэмжээ авах;
- Нийгмийн хангамж, түүний тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх;
Дөрөвдүгээрт, үзэл суртлын чиг үүрэг нь: төр түүний үйл ажиллагаанд улс төрийн олон ургальч үзэл төлөвшүүлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондоо хүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахад тус тус чиглэнэ.
Үндсэн хуулийн үзэл баримтлалаас болон дэлхийн ардчилсан орны эрх зүйн шинжлэх ухааны нийтлэг жишигт үндэслэн эрх зүйт төрийн мөн чанарыг дараахь үндсэн шинжээр тодорхойлж болох юм. Энэ нь:
- Хууль дээдлэх ёс;
- Төрөөс хүний эрхийг эрхэмлэн дээдэлж түүнийг баталгаатай хангах;
- Төрийн эрх мэдэл хуваарилах;
- Шүүх зөвхөн хуульд захирагдах;
- Улс төр, эрх зүйн соёлтой байх явдалаар илэрнэ.
Үүний зэрэгцээ эрх зүйт төр төлөвшин хөгжих тулгуур хүчин зүйлийн нэг нь зохион байгуулалт, үйл ажиллагаа, бүрэн эрх, чиг үүргийг нь хэрэгжүүдэг механизм тэдгээрийн тогтолцоо юм. Төрийн “механизм” гэдгийг өргөн ба явцуу утгаар нь хэрэглэнэ. Өргөн утгаараа бол төр бүх байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаа байхаас гадна төр, түүний байгууллагаас эрх зүйн хэмжээ, зарчмын хүрээнд олон түмний өөрөө удирдах ёсны байгууллага, нам болон төрийн бус байгууллага, иргэдтэй харилцах явцад үүссэн харилцааг бүхэлд нь “төрийн механизм” гэж үзэж болох юм. Харин явцуу утгаараа төрийн механизм гэдэгт төрийн байгууллагууд (УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, прокурор, цагдаа, зэвсэгт хүчин, шорон гяндан), тэдгээрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны нэгдэл юм.
Эрх зүйт төрийн мөн чанарыг тодорхойлдог хүчин зүйл нь хоорондоо харилцан уялдаа бүхий төр, түүний байгууллагаас зохион байгуулалт, үйл ажиллагаандаа баримталдаг үндсэн чиглэл буюу зарчмууд юм.
Энэ нь нэгдүгээрт, хууль дээдлэх ёс бол эрх зүйт төр төлөвшин хөгжих гол зарчим юм. Энэ зарчим ёсоор нийгмийн аливаа харилцааг зохицуулсан төрийн хууль, эрх зүйн бусад хэм хэмжээг тухайн эрх зүйн харилцаанд оролцогч субъект (байгууллага, хүмүүс)-ууд заавал дагаж биелүүлэх үүрэгтэй. Хэрэв төрийн хуулийг зөрчсөн ямар нэг тохиолдол илэрвэл гэм буруутай этгээдэд хуульд заасан цээрлэл хүлээлгэж иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ.
Хууль дээдлэх зарчим бол эрх зүйт төрд тавьдаг Үндсэн хуулийн шаардлага юм. Тухайлбал, энэ нь:
- Эрх зүйн бусад бүх акт, түүнчлэн төрийн бус байгууллага, албан тушаалтны шийдвэр, зөвхөн төрийн хуульд нийцэж, түүнд үндэслэсэн байх журамтай.
- Зөвхөн хуулиар олгогдсон бүрэн эрх, эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих байгууллага эрх зүйн актыг батлан гаргана.
- Нийгмийн хэрэгцээ, захиалга-д үндэслэн хууль тогтоомжийг өөрчлөн шинэчилж байх явдал бас нэг шаардлага юм. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн зохицуулалтанд хуулийн хийдэл гарч хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой.
- Үндэсний (тухайн улсын) хууль тогтоомж нь тухайн улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, бусад актад нийцсэн байна. Үүний зэрэгцээ тухайн улс орон улсын гэрээ, бусад актад нэгдэн орсноор уг олон улсын эрх зүйн акт нь үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
- Хуулт тогтоомжийн биелэлтэд төр, түүний байгууллага, албан тушаалтан хяналт тавих, өөрөөр хэлбэл, хууль тогтоомж, эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангаж байдаг хяналтын нэгдсэн систем байх шаардлагатай. Ингэснээр хууль зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх, хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдлийг таслах, зохих хууль зүйн хариуцлага хүлээлгэх боломж бүрдэнэ.
Ийнхүү хууль дээдлэх ёсны шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэл буюу зарчмыг тодорхойлон баримтлах болдог. Хууль дээдлэх ёсны зарчим нь:
- Хууль ёс нэгдмэл байх. Энэ нь төрийн хуульд эрх зүйн бусад акт нийцэж байхаас гадна эрх зүйг бүтээх ажиллагаа нь орон нутгийн шинжтэй биш, харин тус улсын нийт хүн ам, бүх засаг захиргааны нэгжийн нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн байна.
- Хуулийг заавал биелүүлдэг байхаас гадна хуулийн өмнө бүх хүн эрх тэгш байна. Эрх зүйн харилцаанд оролцож байгаа хэн боловч нийгмийн гарал, байдал, нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, эд хөрөнгийн болон албан тушаалын байдлаа үл харгалзан хуулийн өмнө бүгд эрх тэгш байна.
- Хууль дээдлэх ёс нь нийгмийн улс төрийн болон эрх зүйн соёлын нийтлэг түвшинтэй холбоотой байх ёстой гэж үзэж байна. Уул зарчмын гол агуулга нь улс төрийн болон эрх зүйн соёлын хөгжлийн түвшингээс хууль дээдлэх зарчмын хэрэгжилт шалтгаалдагаар тодорхойлдог байна. Ийм учраас эрх зүйн ухамсар төлөвшүүлэх, эрх зүйн мэдлэг олгох сургалт, арга зүйн бүхий л хэлбэрийг ашиглан олон түмнийг “хуулиар цэнэглэх”ажил төрийн анхаарлын төвд байх ёстой юм байна.
- Хууль дээдлэх ёс, зүй ёс холбоотой байх. Энэ нь нийгмийн олон түмний хүсэл зоригт хууль нийцсэн байх нийтлэг шаардлагаас гадна тухайн үеийн нийгмийн амьдралын шаардлага хэрэгцээг заавал тусгасан, түүнд нийцсэн байх учиртай ажээ. Үүнийг “зүй ёс “ гэж товчоор нэрлэдэг.
Хоёрдугаарт, хүний эрхийг эрхэмлэн хүндэтгэж түүнийг эдийн засаг, улс төр, хууль зүйн баталгаагаар хангах нь төрийн ардчилсан мөн чанарыг илэрхийлдэг гол хүчин зүйл юм.
Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хуулиар олгосон эрх чөлөөг баталгаатай эдлэх бололцоог бүрдүүлж, хүний сайн сайхны төлөө тэмцдэг төрийг төлөвшүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгоход онцлон анхаарна.
Аливаа бодлого, түүнийг хэрэгжүүлэх бүхий л ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийг хамгаалахад чиглэх ёстой бөгөөд эдгээр шаардлагыг зөрчсөн аливааа илрэлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хүн баталгаатай аньдарч аж төрөх бололцоог төр бүрдүүлдэг байхаар бодолцож, цаашид холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай байна.
Монгол улсад хүний эрхийг дараахь чиглэлээр хамгаалан хангах үүргийг төр хүлээнэ:
- Улс төрийн салбарт
- Эдийн засгийн салбарт
- Нийгэм, соёлын салбарт
- Хүний салшгүй эрх, эрх чөлөөг хамгаалах
- Эрх тэгш байдлыг хангах
Гуравдугаарт, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим бол эрх зүйт төрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндэс юм. Энэ зарчмын гол агуулга нь төрийн дээд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллагын хооронд зөв хуваарилах, энэ нь харилцан шүтэлцээтэй, эрх үүргийн зөв тэнцэлтэй байх, бие биедээ хяналт тавих явдлыг хангахад оршиж байна. Энэ зарчим бодитой хэрэгжих хэд хэдэн үндэслэлийг Үндсэн хуулиар тогтоосон. Тухайлбал,
- Төрийн хууль тогтоох үйл ажиллагаа зөвхөн мэргэшсэн байнгын ажиллагаатай парламентаар хэрэгжинэ. Парламент хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна төрийн дээд эрх барина. Энэ нь Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, засгийн газраа эмхлэн байгуулах, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүнийг эсвэл Засгийн газрыг бүхэлд нь огцруулах, төрийн хуулийн биелэлтэд хяналт тавьж, улсын нэгдсэн төсвийн төсөл баталж, гүйцэтгэлийг нь хянан шалгана. Парламентын хууль тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь тусалдаг зохион байгуулалтын хэлбэрүүд (байнгын ба түр хороо, ажлын хэсэг, чуулган гэх мэт) үйлчилнэ. Төрийн дотоод гадаад бодлогыг Улсын их хурал тодорхойлон тогтооно. Парламентын баталсан хуульд төрийн бусад байгууллагуудын шийдвэр заавал нийцсэн байна. Онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсэгт нь онцгой байдал, мөн Үндсэн хуульд заасан нөхцөл бий болсон үед дайны байдал зарлана.
- Гүйцэтгэх эрх мэдлийн гол агуулга нь Ерөнхийлөгч, Засгийн газрын чиг үүрэг, бүрэн эрхээр тодорхойлогдоно. Манай Үндсэн хуулийн хэм хэмжээ зарчим ёсоор Ерөнхийлөгч нь: 1. Монгол улсын төрийн тэргүүн 2. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч
Төрийн тэргүүний хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явцыг зохицуулна. Тухайлбал, хууль санаачилж, УИХ-ын шийдвэрт хориг тавьж, УИХ-д хандан илгээлт гаргаж хууль тогтоох үйл ажилагаанд оролцоно. Харин Ерөнхий сайдын томилох, Засгийн газрыг огцруулах талаар санал гаргах, Засгийн газрыг бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөх оруулах талаар Ерөнхий сайдын оруулсан саналаар зөвшилцөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн толгойлох, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зэрэг нь Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд түлхүү оролцдогийг илэрхийлнэ. Түүнчлэн шүүх болон шүүх эрх мэдэл хэрэгжүүлэхэд оролцдог байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааных нь зарим арга, хэлбэрийг хэрэгжүүлэхэд оролцоно.
Засгийн газар нь Парламентийн шийдвэрийг хэрэгжүүлэх, төрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, аж ахуй нийгэм соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ Парламентын өмнө үйл ажиллагаагаа хариуцан тайлагнах, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, УИХ-аас гарсан шийдвэрийг биелүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах үүрэгтэй. Мөн төрийн гадаад бодлого хэрэгжүүлнэ. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох тухайгаа УИХ-д тавих эрхтэй.
Дөрөвдүгээрт, эрх зүйт төрийн зохион байгууүлалт, үйл ажиллагааны Үндсэн хуулиар тогтоосон зарчим бол шүүх хараат бус байж зөвхөн хуульд захирагдах зарчим юм. Үүнд:
- Шүүх, шүүгч хараат бус байна. Энэ тухай үндсэн хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба ЗГ-ын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгуулагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан.
- Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Энэ зарчим ёсоор шүүх байгуулах асуудлыг зөвхөн УИХ шийдвэрлэх бөгөөд УИХ-аас өөр ямарч байгууллага, албан тушаалтан шүүх байгуулах эрхгүй. Шүүхийн харъяалан шийдвэрлэх эрхийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд ийнхүү хуулиар тогтоосон журмаас гадуур хэрэг, маргааныг шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх эрхгүй.
- Шүүх хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа нь байна. Шүүх зөвхөн хуульд захирагдаж, хүний зөрчсөн эрхийг хангах шалгуур байж бас яллахаас гадна хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэм буруугүйд тооцож цагаатгах эрхтэй байна.
Энэ бүхнээс аваад үзвэл эрх зүйт төр нь ард түмний бүрэн эрхээс эх үүсэлтэй, өөрийн бүрэн эрх бүхий төрийн байгууллагын тогтолцоо, тэдгээрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны арга хэлбэр, чиг үүрэг, бүрэн эрхийн нэгдэл юм.
Хянасан: Б. АРИУНБАЯР