Н. Жанцан
/Хуульч, Дэд Доктор, Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг: Үндсэн хууль,Үндсэн хуулийн цэц, Ардын их хурал, улсын дээд шүүх
Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар манай төрийн тогтолцоонд шинээр бий болсон нэг чухал байгууллага бол Монгол улсын үндсэн хуулийн цэц юм.
Монгол Улсын төрийн байгуулалтын түүхэнд ийм байгууллага урьд нь байгаагүй болохоор Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг хуульчлах нь эхнээсээ нэлээд амаргүй зүйл байлаа. Шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын хуралдааны анхааралд онцгой байр суурь эзэлж хэдэн өдөр дараалан маргааны голомт болж байсан нэг сэдэв нь Үндсэн хуулийн цэцийн тогтолцоог хэрхэн яаж хийх вэ гэдэг асуудал байсан юм.
Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийн цэц шүүх мөн эсэх, Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд байх уу? Эсхүл биеэ дааж байх уу? Ямар эрх хэмжээтэй байх вэ гэдэг дээр голлон маргалдсан юм. Энэ маргааны нэгэн идэвхтэй оролцогч байсны хувьд эргэн санахад Ардын Их Хуралын Хуралдаан асуудлыг нилээд голтой зөв шийдсэн гэж одоо ч боддог. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо дэлхий дахинд нэлээд газар авч АНУ, Герман, Австри зэрэг оронд энэ систем тогтвортой нэр хүндтэй болж өсөж бойжсон байна.
Манай орны хувьд Ази тивд Үндсэн хуулийн шүүхтэй хоёрхон орны Өмнөд Солонгосын дараа нэг болж энэ тогтолцоог хүлээн зөвшөөрсөн явдал бас бахархууштай зүйлийн нэг даруй мөн гэж үзэх ёстой.
Харин манай үндсэн хуулийн цэц шүүх мөн эсэх талаар сүүлийн үед мэргэжлийн хүмүүсийн дунд ч маргах явдал тохиолдох боллоо. Хэрэв олон улсын жишгээр харьцуулж үзэх буюу нэгэнт тогтсон онолоор авч үзвэл Үндсэн хуулийн цэц шүүх мөн эсэх талаар маргах зүйл бараг үгүйсэн. Цэц гарцаагүй шүүх болох үндсэн шинжүүдийг өөртөө агуулж хуулиар баталгаажсан гэж үзэж болно. Тухайлбал:
- Цэц маргааныг магадлан шийдвэрлэдэг байгууллага
- Цэц Үндсэн хууль зөрчсөн маргааныг зөвхөн өргөдөл мэдээллийн дагуу тодорхой субъектүүдийн хүсэлтээр авч үзнэ. Өөрөөр хэлбэл өөрийн санаачлагаар маргааныг авч шийдвэрлэхгүй.
- Тодорхой асуудлаар эцсийн шийдвэр гаргана.
Тухайлбал хуулийн зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр МУ-ын олон улсын гэрээ, Сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргана. Эдгээр шинж нь Цэцийг маргашгүйгээр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нэгэн субъект гэдгийг баталж байгаа юм. Гэхдээ зөвхөн Үндсэн хуулийн маргаан авч хэлэлцдэг утгаараа манай нийгмийг тогтворжуулах, ардчилалыг баталгаажуулах талаар улс төрийн өндөр ач холбогдолтой. Ийм учраас Үндсэн хуулийн цэц нь асуудлыг шийдвэрлэхдээ аль нэг улс төрийн хүчний нөлөөнд орохгүй, зөвхөн хуулийн заалт, утга агуулгыг удирдлага болгож шударга шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуулийн цэц үйл ажиллагаагаа явуулахад албан тушаалтан хэн боловч түүнд дарамт үзүүлэх, нөлөөлөхийг оролдох эрх хэмжээ байхгүй.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бүх хүний сэтгэл санаанд нийцэх тохиолдол байхгүй. Яагаад гэвэл хамгийн наад зах нь маргагч хоёр талын аль нэг нь гомдож, нөгөө нь заргаа авна. Сүүлийн үед цэцийн дүгнэлт гарсаны дараа түүний эцсийн шийдвэр гараагүй байхад, эсхүл Цэц маргааныг хянан шалгах ажиллагаа үүсгээд шалгаж эхэлмэгц хэвлэл мэдээллээр шүүмжлэх, Цэцийн дарга, гишүүдрүү довтлох кампанит ажил эхэлж байгааа нь Цэцэд нөлөөлөх гэсэн нэгэн оролдлого мөн гэж үзэхээс өөр аргагүй.
Мөн сүүлийн үед Цэцийг шийдвэрийг “замхруулах” нэг шинэ хандлага цухалзах боллоо. Энэ нь УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн аваад хэлэлцэхгүй их удаж яах эсэх нь мэдэгдэхгүй болдог асуудал юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Төрмандах, С.Зориг нарыг үндсэн хууль зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлт УИХ-д ороод мартагдав уу гэмээр удаж байна. Уг нь дэлхийнс бусад оронд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг заасан хугацаанд заасан хугацаанд нь хэлэлцэж хариу шийдвэрээ гаргадаг эрх зүйн соёл нэгэнт тогтож хэвшсэн билээ.
Цэц нь Ерөнхийлөгчийн, УИХ-ын дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсийн ерөнхий прокурор, Үндсэн хууль зөрчсөн эсэх, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоодог байгууллагын хувьд түүний шалгалт бүхэн туйлын өндөр хариуцлагатай хийгдэх ёстой. Ийм итгэл хариуцлагыг дааж чадах чадвартай хүмүүсийг ч гишүүнээр томилох ёстой. Мөн тэдэнд ажиллах бүх талын боломжийг ч олгох учиртай. Ингэж чадсан цагт Цэц аяндаа ардчилал, шударга ёсны баталгаа болох юм.
Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн. Үндсэн хуулийн шүүхтэй аль ч орон ингэж үздэг. Манай улсын үндсэн хуульд ч ийм заалт бий. Гэхдээ Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох нөхцөлийг бүрдүүлэх явдал чухал шаардлагатай. Манай улсын Үндсэн хуулийн 64-р зүйлд “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал, Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэж заасан. Гэтэл одоогоор Үндсэн хуулийн эдгээр заалт хэрхэн биелэгдэв. Ямар хуулинд ямар заалт орж, Цэцийн нийгэм эдийн засгийн баталгааг хангасан бэ гэж асуувал хэнч төдийлөн тоймтой зүйл хэлж чадахгүй. Авдаг цалин нь амжиргааны талд ч хүрэхгүй, унаа унашгүй, туслах, зөвлөх ямар ч ажилтангүй. Цэцийн хуульд зааснаар тодорхой ажил хавсарч болохгүй. Цэцийн гишүүдийн нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдсан гэвэл хэн ч үл итгэх биз ээ. Ийм болохоор цэцийн ажиллах нөхцөл, Цэцийн гишүүдийн үндсэн хуульд заасан баталгааг хангах талаар зохих алхам хийх болжээ. Энэ алхам нь Үндсэн хууль чандлан сахиулахад нөлөөлөх учраас улс төрийн хувьд ч өргөн ач холбогдолтой байх нь эргэлзээгүй.
Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна.
Өнөөдрийн манай хууль тогтоомжоор Үндсэн хуулийн цэц нь Австри, Герман, Унгар зэрэг дэлхийн нилээд оронд авч үздэг Үндсэн хуулийн зарим маргааныг авч шийдвэрлэх эрх хэмжээгүй байна. Тухайлбал, аймаг, хотын засаг дарга, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр тохиолдол, Засгийн газрын дэргэдэх тусгай газрын дарга нар Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдол, Засгийн газар, аймаг, хотын засаг даргын хооронд гарсан үндсэн хуулийн маргааныг авч шийдвэрлэх эрх хэмжээ Цэцэд байхгүй юм.
Цэцэд Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн маргааныг Цэц авч шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй тул хэрэг үүсгээгүй тохиолдол гарсныг ч энд дурьдахад илүүдэхгүй.
Энэ нь манай хууль тогтоомжинд Цэцийн авч шийдвэрлэх маргааны хүрээг субъектын хувьд хэт хязгаарласан талтайг цаашид анхаарч үзэх нь зүйтэй болохыг харуулж байгаа юм. Гэхдээ эдгээр нь зөвхөн үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн түвшинд хийх боломжтой гэдгийг санах ёстой. Бусад оронд байдаг Үндсэн хуулийн шүүхийн ажлын ачааллаас манай Үндсэн хуулийн шүүхийн ажлын ачаалал бага байдгийн учир шалтгаан нь үүнтэй холбоотой.
Цэцийн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт УИХ, УДШ Цэцэд хүсэлт гаргахдаа чуулган буюу хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналд үндэслэнэ гэж заасан.
Энэ заалт нь мөн чанартаа УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах боломжийг бүрэн хаасан гэж үзэж болно. УИХ шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг байгууллага. Гэтэл нэгэнт олонхиор гаргах шийдвэрээ Цэцэд хянуулах гэж дахин олонхиор Цэцэд хүсэлт тавих гэж байх уу? гэсэн асуулт гарч ирж байна. Миний ойлгож байгаагаар ийм тохиолдол гарах нь практикийн хувьд битгий хэл онолын хувьд байж боломгүй зүйл.
Хуулийн ийм алдаатай заалт практик дээр сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна. Цэцэд УИХ-ын гишүүд ганц нэгээрээ Монгол улсын иргэн гэсэнм хаягаар гомдол гаргаж байна.
ОУ-ын жишгээс үзвэл парламентын гишүүд олонхио хүндэтгэх соёлын үүднээс ганц нэгээрээ Үндсэн хуулийн шүүхэд ханддаггүй, харин тодорхой тооны гишүүд санал нэгдсэний үндсэн дээр Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхийг нь тусгайлан хуульчилсан байдаг.
Манай улсад ч гэсэн ийм практикийг зөвшөөрч хуульчлах нь зүйтэй. Эс тэгвээс нэг бол парламентын гишүүнйи эрх хаагдах, эсхүл цөөнх болсон тохиолдол бүртээ гомдол гаргах хоёр талын туйлшрал гарч болзошгүй.
УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсны дараа ямар хугацаанд багтааж хэлэлцэх вэ гэсэн асуудал хуульчлагдах ёстой. Ийнхүү хуульчлагдаагүйгээс Цэцийн зарим дүгнэлт 2-3 сар хэлэлцэгдэхгүй хүлээгдэх тохиолдол гарч байна. Нэгэнт асуудал хуульчлагдаагүй тул жил хүлээх тохиолдол гарвал буруутан нь хэн болох вэ? Ийм учраас энэ асуудлыг мөн л Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн баталгааны нэг бие даасан зүйл хэмээн ойлгож байна.
Үндсэн хуулийн цэцийн нэгэнт хүчингүй болгосон шийдвэрийг парламент ижил утгаар дахин давтан гаргавал яах вэ тухайн шийдвэрийг Цэц өөрийн санаачлагаар авч хэлэлцэх эрх хэмжээ байхгүй, уг шийдвэрийн талаар хэн ч гомдол гаргаагүй байх тохиолдол буюу практикт нэгэнт болсон үйл явдалын талаар би энд авч үзэж байна.
Үндсэн хуулийн Цэц 1993 оны 3-р сарын 13-ны өдрийн тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 28-р зүйлийн 1 дэхь хэсгийн “Бие хамгаалах тусгай хэрэгсэлийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно” гэсэн заалтыг Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна гэж үзэж хүчингүй болгосон юм .
Гэтэл УИХ 1993 оны 12-р сарын 2-нд баталсан Монгол Улсын Цагдаагын байгууллагын тухай хуулийн 45-р зүйлийн нэг дэхь хэсэгт “ галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн” заалт оруулжээ.
Ийнхүү Цэцийн хүчингүй болгосон хуулийн заалт шууд утгаараа дахин мэндлэх тохиолдолд яах тухйа эрх зүйн зохицуулалт байхгүй тул Цагдаагийн байгууллагын хуулинд Үндсэн хууль зөрчсөн заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.
МУ-ын шинэ Үндсэн хуулинд төрийн тогтолцоо, түүний үйл ажиллагааг нийцүүлэх их ажлын гарааны үед ийм мэт алдаа дутагдал байж болохыг үгүйсгэхгүй боловч аливаа алдаа дутагдалыг мэдсэн даруйдаа цаг тухайд нь засах явдал хамгаас чухал гэж үзэж байна.