Ph.D Б. Дэлгэрмаа
/Шинэ толь сэтгүүлийн Ерөнхий редактор (1993-2017), Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: Үндсэн хууль, Засаглал хуваах зарчим, Улсын их хурал, Засгийн газар, Шүүх, Хуулийн хяналт, Эрх зүй, Зохицуулагч
Хэдий “constitucio” тогтоомж гэсэн латин гарлтай нэр томъёо олон зуун жилийн түүхтэй ч аливаа орны гол хууль болдог утгаараа Үндсэн хууль нь нийгмийн харьцангуй шинэ үзэгдэл билээ. Чухамхүү хэмжээгүй эрхт хаант ёсны эсрэг тэмцлийн явцад хөрөнгөтний засаглал тогтсон тэр үеэс эхлэн үндсэн хуульт ёсыг хэрхэн тодорхойлдог вэ, түүнийг нийгмийн маш нарийн, олон хүчин зүйлээс шалтгаалах үзэгдлийн хувьд хэрхэн тайлбарлаж хэрэглэх вэ гэдэг асуудал нэн чухал бөгөөд бидний хувьд цоо шинэ ойлголт юм.
Нэг. Үндсэн хуулийг янз бүрээр тодорхойлсон эрдэмтдийн саналыг үзье.
Г.Еллинск “Үндсэн хууль бол төрийн дээд байгууллагууд, тэдгээрээс чиг үүргээ гүйцэтгэх журам, хоорондын харилцаа, бүрэн эрх, хувь хүн төр хоёрын хоорондын харилцаа зэргийг тодорхойлсон эрх зүйн шинж байдлын нийлбэр” юм.
Ф.Лассаль “Үндсэн хуулийн асуудалд эрхийн асуудал биш хүчний асуудал юм. Тухайн орны бодит Үндсэн хууль бол хүчний бодитой харьцаанд оршдог бөгөөд бичигдмэл Үндсэн хууль чухамхүү хэдийд ач холбогдолтой, найдвартай үйлчилдэг гэвэл хүчний бодит харьцааг жинхэнэ ёсоор илэрхилж чадсан тохиолдолд л юм”.
К.Гессе “Үндсэн хууль бол нийгмийн үндсэн эрх зүйн байдлыг тодорхойлдог ба удирдлагын шинжтэй зарчмыг тогтоож үүний үндсэн дээр улс төрийн нэгдлийг хангаж бүрдүүлэх, төрийн зорилтыг биелүүлдэг” гэжээ.
Үндсэн хуулийн дээрх тодорхойлолтоос :
1-рт, тэрээр тухайн орны төрийн байгууллын үндэс суурийг тодорхойлдог улс төрийн баримт бичиг,
2-рт улс төрийн харилцааны зохицуулагч болох нь харагдаж байна.
Орчин үеийн улс төр судлалд Үндсэн хуулийг улс төрийн харилцааны зохицуулагч болохынх нь хувьд энэхүү зохицуулалтын механизмд түүний гүйцэтгэгч үүргийг тодорхойлохдоо тухайн орны улс төрийн бодит амьдралтай шууд холбож хамааруулдаг. Жишээ нь, Францын улс төр судлаач Ж.Бюрдо-гийн тэмдэглэснээр Үндсэн Хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж буй нөхцөлд л ихээхэн өсдөг байна. Энэ тохиолдолд улс төрийн бодит амьдрал болон Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон улс төрийн амьдрал хоорондоо гол төлөв тохирч нийцдэг юм. Харин нийгэм тогтворгүй бол Үндсэн хуулийн эрх зүйн механизм улс төрийн үйл ажиллагааны хүрээний зөвхөн зарим хэсгийг хамаарч, тэр нь аажмаар улам бүр багасахад хүрч улмаар цаасан дээр тунхагласан сайхан хууль болж хувирдаг.
Үндсэн хуулийн социал-улс төрийн мөн чанарыг тухайн улс орон дахь хүчний харьцаа тодорхойлдог. Түүнийг боловсруулах үеийн улс төрийн нөхцөл байдал, Үндсэн хуулийн хөгжлийн гол хандлага зэргийг харгалзархгүйгээр түүнд анализ хийх боломжгүй.
Хоёр. Хуулиар хязгаарлагдсан засаглалыг тогтоох, Үндсэн хуулиар тодорхойлсон хүрээнд л төрийн эрх барих явдлыг хэрэгжүүлэх үзэл санаа нь үндсэн хуульт ёсны гол шинж юм. Үүний дагуу гагцхүү удирдуулж буй хүмүүсийн ( Ард түмэн гэсэн үг) зөвшөөрлийг үндэслэн чөлөөт ардчилсан сонгуулиар төрд эрх мэдэл шилждэг жамтай. Энэхүү засгийн эрх мэдэл нь хууль зүйн хувьд хязгаарлагдмал обьект байх ёстой.
Хуулиар хязгаарлагдсан засаглалын үзэл санаа нь үндсэн хуульт ёсны тулгуур үндэс мөн. Энэ нь засаглалийн өндөрлөгүүд харилцан бие биенээ хязгаарласан, харилцан тэнцэлтэй байх тогтолцоог үндсэн хуулиар тодорхойлно. Өрнөдийн Үндсэн хуулийн уламжлалт ёсонд засаглалийг хуваах аргаар дээрх зорилтыг хэрэгжүүлдэг. Засаглалыг хуваах онолын үндсэн гурван зарчимд:
- Төрийн чиг үүрэг, үйл ажиллагааны дагуу засаглалын өндөрлөгүүдийн хооронд хөдөлмөрийн тодорхой хувиарлалт хийгддэг. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх, тэдгээрийн үйл ажиллагаа хууль ёсонд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий засаглалын гурван салаа мөчир болох. Парламент, Засгийн газар, Шүүхийн байгууллага гэсэн гурван субьектын хооронд хөдөлмөр хуваарилалт, үйл ажиллагааны онцлог ялгаран гарч ирнэ.
- Засаглалын дээрх салаа мөчрийн хоорондох харилцаа харилцан тэнцэлтэй байх ёстой. Энэ нь Парламент ээсвэл Засгийн газар эсвэл Шүүх нь бусдаасаа илүү эрх мэдлийг эдлэх ёсгүй гэсэн үг.
- Эрх мэдлээ дээрх байгууллагууд бие даан хэргжүүлдэг
Гурав. АНУ-ын Үндсэн хууль 1787 онд батлагдсан ба хүн төрөлхтний түүхэн дэх бичигдмэл Үндсэн хууль юм. Тухайн үеийн улс төрийн сургаал, тухайлбал : Ж.Локк болон Ш.Монтескьегийн үзэл санаа, тусгаар муж улсуудын Үндсэн хуулийн хөгжил; Их Британийн төрийн загварын үндэс зэрэг хүчин зүйлс түүнийг боловсруулахад ихээхэн нөлөөлсөн билээ.
Шинэ төрийн Үндсэн хуулийн системийн сууринд “үндэслэгч-эцгүүд”[1] улс төр-эрх зүйн гурван үндсэн зарчмыг тавьсан:
- Засаглалыг хуваах зарчим,
- Холбооны ёс,
- Үндсэн хуулийн шүүхийн хяналт.
Засаглалыг хуваах зарчим нь Америкийн улс төрийн сэтгэлгээгээр “засаглалын хуваарилалт ба харилцан тэнцэл”-ийн систем болон хувирч практик дээр хэрэгжсэн билээ. Үүний дагуу төрийн засаглалын гурван салаа мөчир зохион байгуулалтын хувьд бие даасан, чиг үүрэг нь тус тусдаа салангид хэрэгждэг. Гэвч энэ нь гурвалсан засаглал биш юм, өөрөөр хэлбэл бие биенээсээ бүрэн үл хамаарах засаглалын систем гэсэн үг бишээ. Үүнийг практикт хэрэгжүүлэх зорилгоор харилцан үйчлэх байгууллагуудын механизмыг бий болгосон. Эдгээр нь хууль огтоох, гүйцэтгэх, шүүх засаглал юм. Энэ механизм нь хууль тогтоох байгууллага–конгресс (Их хурал), гүйцэтгэх засаглалийг хэрэгжүүлэгч Ерөнхийлөгчийн институт болон Дээд шүүх нь нэг нэгний эрх мэдлийг хохироож эрх мэдлээ нэмэгдүүлэх эсвэл бусдын үйл ажиллагааны чиглэлд харшилсан чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглох боломжийг агуулдаг.
АНУ-ын Үндсэн хуулинд ил байдлыг засаглалын гурван салаа мөчрийн эрх зүйн статусийг тус тусд нь, дараалсан байдлаар тодорхойлж, чиг үүргийг нь нарийвчлан гаргасан явдлаар илэрдэг.
“Үндэслэгч-эцгүүд” Үндсэн хуулийн хэмхэмжээг тодорхойлохдоо улс төр-эрх зүйн бусад үзэл санаа, үнэт зүйлс, дээд эрмэлзлийг баримталсан нь ойлгомжтой. Тухайлбал бүгд найрамдах засаглалын хэлбэрийг тогтоох, хувийн өмчийг бүх талаар хамгаалж, түүнийг ариун гэгээн үл алдах нийгмийн үнэт зүйлс болгох, нийтийн гэрээний онол, жам ёсны хүний эрх, эрх чөлөө, хуулийг дээдлэх ёс, улс төрийн олон ургальч үзэл зэрэг илээ. Эдгээр үзэл санаа нийлбэртэй Үндсэн хуулийн эрх зүйн номлолын гол баримтлал болж Америкийн үндсэн хуульт ёсыг илэрхийлдэг.
200 жилийн түүхтэй АНУ-ын Үндсэн хууль нь эдүгээ хүртэл хэрэгжиж ач холбогдлоо алдаагүй нь хүн төрөлхтний соёл иргэншилт хөгжлийн нийтлэг хандлага, жам ёсыг мэдэрч баримтласан үндэслэгч-эцгүүдийн аугаа их холч мэргэн ухаан, нөгөө талаас шүүхийн тайлбар, Конгрессийн эрх зүйн акт, улс төрийн практик зэргээр тасралтгүй баяжиж хэрэгждэг онцлог нь эл хуулийг Амьд Үндсэн хууль байх боломжийг нөхцөлдүүлдэг байна.
АНУ-ын Үндсэн хуульт ёсны гол үзэл санааг үндэслэн Монгол улсын Үндсэн хуулийн зарим зүйлийг энэ үүднээс тайлбарлаж харьцуулалт хийе.
Анализ:
Монгол улсын Үндсэн хуульт төрийн эрх барих дээд байгууллага гэж Улсын Их хурлийг тодорхойлсноор засаглалыг хуваах зарчмын харилцан тэнцэлтэй байх, засаглалын аль нэг өндөрлөг нь бусдаас илүү эрх мэдэлтэй байж болохгүй гэх үзэл баримтлалтай шууд харшилж байна. Ингэснээр ардчилсан нийгмийн улс төрийн институтүүд зөхөн бүрэлдэн тогтох хөгжлийн шатандаа явж буй манай орны хувьд хэд хэдэн сөрөг үр дагаварыг төрүүлж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Үүнд:
Засаглалын Үүнд:
- Засаглалын бусад салаа мөчрийг үүрэг роль багасгах, нөлөөлөл нь сулрах,
- улс төрийн хариуцлагын тогтолцоо бүрэлдэж тогтохгүйд хүргэх.
Энэ санааг товчоор тайлбарлая.
Өрнөдийн үндсэн хуульт ёсны хөгжлийн хандлага өнөөдөр засгийн газар улс орны эдийн засаг нийгмийн хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг болсныг харгалзан гүйцэтгэх эрх мэдэл гэхээсээ засгиййн газрын эрх мэдэл гэж томъёолох явдал ажиглагдаж байна. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм. Нэгдүгээрт, нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд төрийн оролцоо нэмэгдэж байгааа тул төрийн хэргийг өдөр тутмын удирдлагыг хангадаг засгийн газрын ач холбогдол нэмэгдэж байгаа; хоёрдугаарт, засгийн газар шийдвэр гаргах нь парламентын процессоос илүү түргэн шуурхай байдаг.; гуравдугаарт, өрнөдийн эрх зүйд “бие даасан мандатын онол” нэлээд дэлгэрсэн. Энэхүү онолын дагуу сонгогчид сонгуульд оролцохдоо тодорхой нэр дэвшигчийн төлөө саналаа өгч байгаа бус засгийн бодлогыг дэмжих эсэх талаар санал өгч байгаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл тодорхой улс төрийн нам согуульд ялсан тохиолдолд түүнээс бүрдүүлэх засгийн газарт улс орны хувь ззяаг шийдвэрлэхээр сонгогчдоос итгэл үзүүлэх үү үгүй юу гэсэн асуудлыг сонгуулиар шийддэг. Энгийнээр тайлбарлавал, сонгуульд ялсан намын дарга нь засгийн газрыг тэргүүлж багаа бүрдүүлэн сонгуулийн хугацаанд хэрхэн ажилласны төлөө ард түмний үнэлгээг дараагийн сонгуулиар авч байна гэсэн үг. Эерэг үнэлгээг авсан нөхцөлд сонгуулиар дахин ялна. Эс тэгвээс хөгжлийн альтернатив хувилбарыг дэвшүүлж буй өөр улс төрийн хүчинд ард түмэн итгэл үзүүлэх жишигтэй. Ингэж хариуцлагын тогтолцоо бий болдог. Өөрөөр хэлбэл улс орны хөгжил дэвшил, эсвээс уруудан хямралд хүргэсний төлөө парламент шууд хариуцлага хүлээдэггүй, харин засгийн газар хүлээх ёстой. 1990 оны сонгуулиар МАХН ялж засгийн газраа бүрдүүлсэн билээ. Гэвч тухайн үеийн сөрөг хүчний хоёр том намын төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын багт орсон явдал төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын багт орсон явдал намын хариуцлагын асуудал тавигдахад хүндрэлтэй байдалд хүргэсэн. Одоогийн засгийн газрыг хэдий МАХН дангаар бүрдүүлсэн ч МАХН-ын дарга түүнийг толгойлж тэргүүлээгүй нь хариуцлага яригдахад асуудлыг мөн л сааруулна.
Конгресс нь хууль тогтоох засаглалыг ерөнхийд нь хэрэгжүүлэх бус Үндсэн хуулиар тогтоосон хууль хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд л түүнээ эдлэнэ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулинд эрх мэдлийг нь заагаагүй Конгрессын аливаа эрх зүйн акт хуулийн хүчин төгөлдөр болох үндэсгүй юм. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн хүчин төгөлдөр болох үндэсгүй юм. Гэтэл Монгол Улсын Их Хурал нь хэмжээ хязгааргүй хууль тогтоох эрх мэдэлтэй гэж ойлгогдо байна.
Нөгөө талаас гүйцэтгэх засаглалын дээд байгууллагаас батлан гаргадаг эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт нь хуулийн шинжийг агуулах, энэ тохиолдолд Конгресс хууль тогтоох эрх мэдлээ түүнд төлөөлүүлэн олгосон гэж үзэж захиргааны дээрх акт нь хуулийн нэгэн адил үйлчилдэг явдал АНУ-ын эрх зүйн практикт тогтожээ.
Гэтэл манай Үндсэн хуулинд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалуулж байгаа нь төрийн захиргааны төв байгууллагын ажиллагааг удаашруулах, гүйцэтгэх засаглалын уян хатан шинж, шуурхай байдлыг алдагдуулахад хүргэх уршигтай.
Анализ:
АНУ-ын Үндсэн хууль нь Үндсэн хуулийн тодорхой үзэл баримтлалыг бус харин ерөнхий зарчим-төсөөллийг тогтоосон тул шүүхийн өөрсдийнх нь баримталдаг.улс төрийн ёс суртахуунд үндэслэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх явдлыг шүүхэд төлөөлүүлэн олгосон билээ.
АНУ-ын улс төрийн амьдралд, эрх зүйн тогтолцоонд шүүх засаглал, Дээд шүүхийн үүргийг Үндсэн хуулийн хүрээнд ойлгож тайлбарлах нь нэн ач холбогдолтой. Үндсэн хуулийн эрх зүйн номлол болон Дээд шүүхийн тайлбарт шүүх засаглал гэдэгт:
“Шүүхээр хэргээ шийдвэлүүлэхээ өргөдөл гаргасан хувь хүн, талуудын хэргийг шийдвэрлэх, энэ талаар шийдвэр гаргах, энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх” шүүхийн байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг ойлгодог. Түүнчлэн, АНУ-ын шүүх засаглалын гол шинж тэмдэг нь шүүхийн шийдвэр эцсийн шинжтэй байдагт оршино. Энэ нь 1-рт, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг заавал дагаж мөрдөх ёстой, 2-рт, төрийн ямар нэгэн бусад байгууллагаас түүнийг өөрчилж болохгүй; 3-рт, түүний хууль ёсны гэдэгт эргэлзэж болохгүй гэсэн шинжээр илэрдэг.
АНУ-ын шүүх байгууллага нь Үндсэн хуулийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг болсон нь (өөрөөр хэлбэл төрийн захиргааны аливаа шийдвэр, Когрессын эрх зүйн аливаа актыг Үндсэн хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох) юуны өмнө тэрээр төрийн байгууллагуудын харилцан үйлчлэлийн Үндсэн хуулийн механизмын үр бүтээл, эрх зүйн уламжлалын үр дагавар байсантай холбоотой.
Иймээс захиргааны байгууллагын дураар авирлах эсвэл Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хууль гаргаж батлах явдлын эсрэг баталгааг өөртөө агуулсан шүүхийн хяналтын систем нь шүүхийг засаглалын нэгэн хүчтэй салаа мөчир, америкийн улс төрийн амьдралд нөлөөлөх хүчтэй зэвсэг болж хувирахад хүргэсэн нь ойлгомжтой. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүнийг чандлан сахиулах баталгаа болох байгууллага гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан боловч түүнд тайлбар гаргах эрхийг олгоогүй нь төдий л оновчтой биш. Учир нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих эрхийг Үндсэн хуулийн Цэцэд олгосон бол түүний утга санаа, нэр томъёо, ухагдахууныг нэг мөр ойлгох, дагаж мөрдөх, биелүүлэх үүднээс хянаж буй байгууллага албан ёсны тайлбар гаргах нь илүү үр дүнтэй болох билээ.
Нөгөө талаас Үндсэн хуулийн 66-р зүйлд заасан Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх, Төрийн дээд дэв зэрэглэлийн дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтны үйл ажиллагаанд дүгнэлт хийх, хууль эрх зүйн бусад актыг хүчингүй болгох зэргээс тэрээр Үндсэн хуулийн шүүхийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой байна. Үндсэн хуулийн “Монгол улсын төрийн байгуулал” гэсэн 3-р бүлэгт Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүхийн эрх мэдлийг тодорхой заасан ба Шүүхэд олгосон эрх мэдлээс харахад засаглалын бусад салаа мөчирт нөлөөлөх эрх зүйн механизм үгүйлэгдэж байгаа нь тодорхой.
Гэтэл Үндсэн хуулийн цэцийн талаар дээр тэмдэглэснээс үзэхэд тэрээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг их бага хэмжээгээр хязгаарлах бодитой эрх зүйн механизмтай гэдэг нь харагдаж байна. Иймээс үндсэн хуулийн цэцийн талаар дээр тэмдэглэснээс үзэхэд тэрээр хууль тогтоох болон гүйцэгэх засаглалыг их бага хэмжээгээр хязгаарлах бодитой эрх зүйн механизмтай гэдэг нь харагдаж байна. Иймээс Үндсэн хуулийн Цэцийн талаарх заалтыг төрийн байгууллын бүлэгт хамааруулаагүй нь тун ойлгомж муутай юм.
Америкийн үндсэн хуульт ёсны баталгаа болох шүүх засаглалыг нэр хүндтэй, үр нөлөөтэй институт байлгах чухал хүин зүйлийн нэг нь шүүгчдийн бие даасан байдлыг хангах явдал юм. Тус орны шүүгчид, Конгресс олон Ерөнхийлөгчийн улс төрийн элдэв араншингаас хамаарахгүй үйл ажиллагаа явуулах боломжтой. Тухайлбал улс төрийн сонгуулийн үр дүнд бий болсон шинэ засгаас томилогдох эсэхээс шалтгаалан улс төрийн хожоо харж ажиллах зэрэг бусад орны “албан тушаалын өвчин” тэдэнд байх үндэсгүй. Энэ нь 1-рт, америкийн аль ч түвшингийн шүүгч насаараа шүүгчээр ажиллах боломжтой, 2-рт, цалин, хангамж хангалттай байдгаараа нөхцөллддөг. Насаараа энэ албыг хаших боломж гэдэг нь гагцхүү “биеэ өө сэвгүй авч явсан цагт л” гэдэг заалтаар хязгаарлагдана. “Өө сэвгүй биеэ авч явах” гэдэгт ажил албандаа ч тэр, хувийн амьдрал ахуйдаа ч тэр алдаа дутагдал гаргахгүй байх, түүнчлэн хууль зөрчсөн үйлдэл төдийгүй ёс суртахууны хувьд цэвэр ариун байх ёстой гэсэн нэн өндөр шаардлага, хариуцлагыг ойлодог.
Энэ дашрамд шүүгч төдийгүй, ерөөс төрийн албан тушаалтны ёс зүйн асуудал нэлээд чухал үүрэгтэй байдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Иймээс АНУ-ын Үндсэн хуулийн 2-р зүйлийн 4-р хэсэгт албан тушаалтан нарт хариуцлага тооцох тусгай журам(impeachment) үйлчилдэгийг тогтоосон байна.Үндсэн хуулийн номлолд түүнийг зөвхөн эрүүгийн гэмт хэргийг үйлдэлд хамаатуулдаггүй их өргөн утгаар хэрэглэх ёстой гэж үздэг. Иймд импичментийг үүсгэх үндэслэл дээд дэв зэрэглэлийн албан тушаалтны итгэл алдагдуулах аливаа үйлдэл, жишээ нь албан тушааалтныг ажлаа мэдэхгүй байх, буруу удирдаж байна, ёс суртахууны хувьд тухайн албан тушаалыг эрхлэх ёсгүй (үүнд тогтмол архидан согтуурах г.м үндэслэл багтдаг) зэрэг хамаарна.
Түүнчлэн АНУ-ын Үндсэн хуулийн 6-р зүйлд зааснаар төрийн бүх албан тушаалтан ёслолын амлалт буюу тангараг өргөх ёстой. Үндсэн хуульдаа үнэнч байх ийнхүү тангараг өргөх нь лс төрийн гүн гүнзгий агуулгатай билээ. Бурхны нэрийн өмнөөс, Библи дээр гар тавин эсвэл иргэний журмын ёслол төгөлдөр байдлааар орон нутгийн хотын түшмэлээс улсынхаа Ерөнхийлөгч хүртэл тангараг өргөх нь америк нийгмийн дээд эрмэлзэл, үнэт зүйлсийг билэгшээсэн баримт болох Үндсэн хуульдаа үнэнч байхыг илэрхийлж буй утга агулгатай юм.
Дээрх хоёр Үндсэн хуулийн зарим үзэл санааг харьцуулахад Монгол Улсад үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх явц нэлээд бэрхшээлтэй явагдаж магадгүй нь харагдаж байна. Учир нь “мордохын хазгай” гэгчээр үдсэн хуульт ёсны амин сүнс болон засаглалыг хуваах үзэл санаа буруу тусгагдсанаас өнөөдөр засаглалын аль нэг салаа мөчир ( энэ нь Улсын их хурал гэдэг нь тодорхой) давамгайлах, өөрийг нь хязгаарлах механизм үгүйлэгдсэнээс дарангуйллын шинжийг олох бүрэн боломжтой. Эл хичээлийн сэдэвт засаглалын салаа мөчрийн хоорондох харилцааг АНУ, Монгол улсын жишээн дээр харьцуулан харуулсан бүдүүвчийг хаврсаргав.
Үүнээс үзэхэд л засаглалыг хуваах зарчим манай орон ямаршуу байдалтай байгаа нь тодорхой.
Дахин тэмдэглэж хэлэхэд Үндсэн хуулийг судалж шинжлэх нь түүнийг боловсруулах, батлан гаргах, хэрэгжүүлэх үеийн түүхэн нөхцөл байдалтай шууд холбоотой. Иймээс тус улсын Үндсэн хууль хувь хүмүүсийн хүсэл зориг (430 депутатын зарим талаар нэг нь нөгөөг үгүйсгэсэн санал), тодорхой улс төрийн хүчний нөлөөнд боловсрогдож дотроо нэлээд зөрчил агуулсан тухайн үеийн нийгмийн ухамсрын түвшинг харуулж буй баримт бичиг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх биз ээ.
Хянасан: Б. АРИУНБАЯР
[1] 13 тусгаар муж улсуудаас Филадельфид болсон тусгай Чуулганаар энэхүү Үндсэн хуулийг боловсруулж батлахад оролцсон 55 төлөөлөгчдийг хожим ийнхүү нэрлэсэн юм.