Ц.Элбэгдорж
/МоАХ-ын тэргүүн, МҮАН-ын чуулганы болон Ерөнхий Зөвлөлийн гишүүн/
Шинэ толь №7, 199
МоАХ-ны дарга Ц.Элбэрдоржийн МоАХ байгуулагдаж Монгол оронд өрнөсөн
Ардчилсан хувьсгалын таван жилийн ойд зориулсан хуралд тавьсан илтгэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Эрхэм нөхдөө!
Хүндэт зочид оо!
Одоогоос таван жилийн өмнө яг энэ цаг мөчид Монголд коммунист дэглэмийг түлхэн унагах зорилго бүхий олон нийтийн анхны байгууллага болох Монголын Ардчилсан Холбоо цуглаан хийж байгуулагдсан тухайгаа албан ёсоор зарлаж улс орноо хүний эрх, эрх чөлөөт байдал, улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засагт тулгуурласан нийгмийн тогтолцоонд шилжүүлэхийн төлөө тэмцлээ эхэлсэн билээ.
Уг тэмцлийн үр дүнд нийгмийн байгуулал тайван замаар бүхэлдээ өөрчлөгдөж Монголчууд хөгжлийнхөө тулгуур зарчмыг хүний эрх, эрх чөлөөт байдал, ардчилал, шударга ёсыг дээдлэн хүндэтгэж хэрэгжүүлэхэд оршино хэмээн үзэж Үндсэн хуулиндаа эрх зүйн хувьд баталгаажуулсан юм. Энэ нь өнгөрч таван жил өрнөсөн үйл явцыг Ардчилсан хувьсгал гэж хүлээн зөвшөөрөх цаашид нийгмийн харилцааны өөрчлөлтийг ийм хэмжүүрээр зохицуулах үндэс болж байна.
Гэвч дээрх үйл явц энэ илтгэлийн эхлэл шиг ийм амар хялбар байгаагүй. Одоо ч тийм биш байна. Монголчуудын хувьд нийгмийн чөлөөт байгуулалд шилжинэ гэдэг бол зөвхөн соёл иргэншлийн үнэт зүйлийг хүлээн авч хэрэгжүүлэх төдий зүйл биш, олон арван жилийн турш ёс төдий зүйл биш, олон арван жилийн турш ёс төдий явж ирсэн улс үндэснийхээ тусгаар тогтнол, бие даасан байдал, төрт ёсоо жинхэнэ утгаар нь сэргээн цогцлох түүхэн боломж байсан. Иймээс энэ үйл явц Монголд хуарангийн социализмын гишүүн байсан аль ч орныхоос илүү хүнд, илүү адармаатай явагдаж байна.
Монгол орон бол зөвлөлт маягийн засаг тогтоох туршилтыг өлгийнөөс нь гардан авч өөр дээрээ хэрэгжүүлсэн анхны улс болсон төдийгүй, бусад орны хувьд капитализмыг алгасч социализм яаж байгуулдагийн шилдэг загвар байв. Энэ адал балмад туршилт хүн төрөлхтөний хөгжлийн гэрэлт ололтуудаас алс бөглүү байх тусам улам эрээ цээргүй болж байсан юм.
Эрт цагаас эрэмгийгээрээ, эрдэмтэйгээрээ гайхагдсан Монголын үр сад коммунизмыг номхон хүлцэнгүй хүлээн авсан гэвэл эндүүрэл болно. Түүний мөн чанарыг таньж мэдсэнийхээ төлөө, улс түмнээ өмөөрч сэтгэл зүтгэл гарган тэмцсэнийхээ төлөө эцэг өвгөдийнхөө, холч мэргэн бодлого, уужуу ухааныг уламжилж тодорсон олон мянган монголчууд бүхэл бүтэн үеэрээ тэр цөвүүн цагийн золиос болон устгагдсан юм. Энэ бол харгим хэрцгийгээрээ ч, үр дагавраараа ч монголын ард түмний түүхэнд урьд өмнө тохиогоогүй хамгийн эмгэнэлт үйл явдал байсан.
Монгол газар шороон дээр коммунистууд төр улсынхаа бие даасан байдал, ард олныхоо өөдөлж дэвжих боломжийг устгахын төлөө ялт бодлого явуулаад зогсохгүй, коммунист хэмээгч шинж төрхийг шингээсэн шинэ маягийн хүмүүсийг үе уламжлуулан туршиж бүтээсэн юм. Тэр коммунист хүмүүс ардчиллыг, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хөрөнгөтөн нийгэмд амьдрагч хүмүүст заяасан зовлон, хүний ёсноос гадуурхи гаж үзэгдэл гэж үздэг байв.
Гэвч тэд монгол хүн бүрийн оюун сэтгэхүйгээс эх орноо гэсэн үзлийг, эрх чөлөөг эрмэлзэх эрмэлзлийг бүрэн угааж чадаагүй юм. Монгол орон коммунист туршилтын Семипалатинск байсан бөгөөд монголчууд үнэхээр эртэй, үнэхээр цөстэй, өнө их түүхтэй ард түмэн талдаа өдий зэрэгтэй үлдсэн юм. Тэр эр зоригийн илэрхийлэл, эрх чөлөөг хүсэмжлэн дуудагчдын үе үеийнхний захиаллаар Монгол оронд өрнөсөн эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцлийн тугийг Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид анх барьж боссон.
Тэд тэмцлийнхээ эхний өдрөөс хүнийг сайхан амьдрууллаа гэхэд зөвхөн ажлын мал, цатгалан боолын түвшингээс хэтрүүлэхгүй байлгах үзлээр зэвсэглэж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө хүн төрөлхтөнд айдас хүйдэс төрүүлж, аюул занал учруулах хүртлээ газар авсан дэглэмийн хамгийн бүдүүлэг боловсронгуй хэсэгтэй нь улаан нүүр, нүцгэн гараараа тулсан юм. Энэ бол дайны талбарт давшилтад орохоос илүү эр зориог, эх оронч сэтгэл шаардсан тэмцэл байлаа.
Ардчилсан холбооныхнийг зорилгоо зарласан өдрөөс нь “хэт даврагчид” “нам төрийн эсрэг босогчид” гэж нэрлэсэн. Монголын шинэ үеийнхний зоримог сонголтыг, монгол үндэстний өнгөжин дээшлэх их үйлсийн эхлэлтийг түүнээс өөрөөр нэрлэх нэр, ойлгох чадвар тэр үеийн дарга нарт байдаггүй. Тэд эх орноо өмгөөлөгчдийг өгүүтгэдэг, эрүүл саруул оюун ухаантныг дардаг аргаа хэрэглэх гээд байдгаа шавхсан боловч ард нийтийн хөдөлгөөний өмнө хүчин мөхөсдсөн юм.
Гэхдээ коммунизмын сүйрлийн өнөө үеийнх шиг коммунистуудын башир арга, коммунист дэглэмийн хамелеон дүр төрх урьд өмнө нь хэзээ ч ингэж тод бөгөөд ойлгоход бэрхшээлтэйгээр илэрч байсангүй. Тэд урьд нь өрсөлдөгчдийнхөө толгойг авч аялдан дагалдагчийнхаа тархийг угааж, улс үндэстнийхээ хөгжиж дэвших үүд хаалгийг хаадаг байсан бол өдгөө шинэ нөхцөл байдалд шинэ аргаар амьдрах гэгч зам сонгочихоод ардчиллыг мэдэгчид, зах зээлийг хэрэгжүүлэгчид болж жүжиглэсээр түүний мөн чанарыг гутааж гуйвуулсаар байна.
Тэд үзэл суртлын хувьд ч, ёс суртахууны хувьд ч ялагдсан боловч ялагдлаа ингэж хаацайлж юу санасан, хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чадсаар байна. Хуучин, шинэ төрийн нүүрийг дамжиж хоёуланд нь эрх дархаа хадгаласаар байгаа нь эдгээр хүмүүсийн сайны, эсвэл чадвартайнх нь илэрхийлэл бус, ардчилсан сонголтонд өөрт нь байдаг “сул” талын илрэл юм.
Ардчилсан хувьсгал эрх барьж байгаад нь ч, эрхээ хадгалж чадахгүй байсан хэсэгт нь ч аль алинд нь хүн шиг амьдрах боломж олгосон. Түүнээс биш эрх барьж байгаа хэсэг нь толгойгоо алдаж, эсэргүйцэж боссон хэрэг нь төрийн эрхэнд хүчээр гардаг пролетарийн хувьсгал биш байсан юм.
Цагаан морин жилийн хувьсгалаар нээгдсэн түүхэн боломжийг монголын коммунистууд сандал суудлын эзэд байсныхаа төлөө ард түмнээсээ урьтаж ашигласан юм. Одоо тэд зөвхөн улаан батлах өвөрлөсөн дарга биш, шинэ сайд, шинэ захирал болцгоож, шинэ гэр байшин, шинэ өрөө тасалгаа,шинэ эрх дарх, шинэ эзэмшил, өмч хөрөнгөтэй болсон.
Монгол оронд эрх мэдлийн болон эд баялгийн хуваарилалтын аль аль нь хуучин эрхтэн дархтнуудын дунд тэдний бие биенээ нөхсөн халаа солиог дамжин явагдсан билээ. Өнөөдөр ардчилсан хувьсгалын өгөөжит үр шимийг монголын ард түмэн биш, тэдний урьдын эрх баригчид хүртсээр байна. Нийгмийн хуваарилалтын дахин шударгаар хийх шаардлага тавигдах болсон. Монголчуудын зоримог, шинэ сонголт бүр хууччуулын гарын болон сэтгэлгээний хийц болсоор өнгө төрх нь танигдахаа байлаа. Ингэж монголын ард түмэн шинэ зам сонгосон биш, шинэ ч үгүй, хуучин ч үгүй болж шинэ дээлтэй хуучин түшмэдийн эрх мэдэл, мунхаг бодлогын золиос болоход хүрээд байна.
Ийм эмгэнэлт хувь заяа монголоос өөр Дорнод европын болон бусад социалист гэгдэж байсан ард түмнүүдийн хувьд бараг давтагдсангүй. Тэнд наад зах нь эрх барьж байсан коммунист намууд нь татан буугдаж, зарим нь цоо шинэ нам болон зохион байгуулагдаж, нэг хэсэг нь түүхийн тавцнаас бүрэн арчигдлаа. Тоталитар дэглэмийн үед коммунист, хувьсгалт, ардын гэгдэж байсан аль ч нам сонгодог утгаараа улс төрийн нам биш, нийгмийн цагдаа байсан юм.
Социалст загвараас чөлөөт сонголтод шилжиж буй орон бүхэнд улс төрийн намууд жинхэнэ ёсоор зохион байгуулагдах хуулийн болон зүй ёсны шаардлага үүсдэг. Ийнхүү коммунист намууд мөхлөө зарласнаар цоо шинэ улс төрийн хүчнүүд үүсэх үүд хаалга нээгдсэн юм. Харин МАХН 74 дэх жилдээ төр, засгийн эрхийг ээлжгүй барьж байгаа, энэ хар түүх нь номонд хүртэл тэмдэглэгдсэн дэлхийн цорын ганц нам болж тодорлоо. Эрх мэдлээ ямар ч үнээр хамаагүй хадгалж үлдэх гэсэн түшмэлүүдийн явцуу эрх ашиг ийм гунигт рекордыг Монголд тогтоолоо.
Хүн төрөлхтөний хөгжлийн өнөөгийн шалгарлаас үлдэж хоцрох гэж оролдохдоо МАХН Төв ёсны үзлийг авлаа гэж зарлаж хөгжлийн тодорхой бус, нийтэд ойлгомжгүй замыг сонгосон. Энэ нь соёл иргэншлийн ололтыг үгүйсгэсэн, ард түмний эрх ашиг, түүхэн сонголтод харшилсан аюултай алхам байлаа. Ингэж коммунизм аюул аймшгийн дотроос амилж, коммунистуудын хямралын үед тодордог нь Монголд дахин тодорлоо.
Төв ёсны үзэл нь улс төрийн намын онол биш болох нь уг үзлийн дагуу эдийн засгийн, эсвэл улс төрийн бодлого ямар байх ёстой юм, хүний эрх, эрх чөлөөт байдлын хэмжүүр нь юу юм бэ, наад зах нь төв үзлийн дагуу мөнгөний ханш уналтыг хэрхэн зохицуулах ёстой вэ гэсэн асуудалд хамгийн энгийн хариу ч өгч чаддаггүйд, ерөөс тийм шалгуур байдаггүйд оршино. Иймээс ч МАХН-ын Засгийн газар нийгмийн хөгжлийг нэлээд нийтэд ойлгомжтой хэм хэмжүүрээр бус, оньсого таавар мэт зүйлээр тодорхойлох гэж мунгинан өөрийн ард түмнийг ч, өрөөл бусдыг ч төөрөгдөлд оруулж байна. Тухайлбал, “хонгилын үзүүрт гэрэл харагдлаа”, эсвэл “даваан дээрээ гарлаа” гэдэг томъёоллыг сонссон хүн манай нийгэм эдийн засгийн болон улс төрийн амьдралд ямар өөрчлөлт орж, юу болж байна гэж ойлгох вэ? Дээрхээс дүгнэлт хийхэд Монголд болж байгаа үйл явцыг олон улсын жишгээр, эсвэл сонгодог ойлголтоор хэмжих бус монгол хувилбараар нь авч үзэж, түүнд хандах хандлагаа тодорхойлох хэрэгтэй байна. Коммунистууд ардчиллын далбаан дор эрх мэдлээ хэрхэн хадгалж, засаг төрийн эрхийг яаж барьдгийг зөвхөн монголоос л харж болно. Ардчилсан сонголт руу хүн төрөлхтөн шилжиж буй өнөө үед, нэн ялангуяа уг сонголт нь хэлбэржиж тогтоогүй улс гүрэн цөөнгүй байсаар байгаа нөхцөлд Монголын гашуун сургамж ач холбогдолтой хэвээр байх болно.
Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал нь хойт хөршид “өөрчлөн байгуулалт” нэрээр, урьд хөршид “хятадын онцлогтой социализм” нэрээр коммунист байгууллыг засан тохинуулж аварч үлдэх гэсэн оролдлогыг мөн хоёр талаасаа будаа идэж, өнгө будгийн засал хийхээр оромдож байсан өөрийн коммунист удирдагчдын санаархлыг бүрэн үгүйсгэж чадсан нь дэлхийн мухарт шахагдсан мэт байсан манай орны хувьд чөлөөт ертөнцийн анхаарлыг татаж, дэмжлэгийг нь авах түүхэн боломжийг нээсэн юм.
Монголын шинэ үе зоримог сонголтоо завлалт гүрний задралаас урьтаж хийснээрээ уг задралыг дагаж гарцаагүй нүүрлэж байсан сүйрлийн аюулаас улс орноо аварч чадсан билээ. 1991 он гэхэд Монгол улсыг дэмжигч, хандивлагч орнууд, байгууллага бий болчихсон, манай гуравдагч хөрш болохоо АНУ зарлачихсан, монголчууд төр, улсынхаа хэргийг бие дааж шийдвэрлэх нөхцөл бүрдчихсэн байлаа.
1990, 1991 он бол монголчуудын түүхэнд ёстой л од нь орсон он жилүүд байв. Тэр үеийн ололт амжилт бүхэн төр улсын маань 2200 гаруй жилийн түүхээр бэлтгэгдсэнийг илтгэх мэт арвин баялаг, өргөн цар хүрээтэй байсан. Монгол хүн түүхэндээ хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс хэмээн чөлөөг жинхэнэ утгаар нь эдлэх боломжтой болоод зогсоогүй хүн шиг гэснийхээ төлөө шийтгэгддэг байсан ёс бус үзэл номлол, харгис хатуу залхаан цээрлүүлэлтээс ангижирсан юм.
Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө өмч хөрөнгөө арвижуулсныхаа төлөө, шүтлэг бишрэлээ ил үйлдсэнийхээ төлөө хэн ч хэзээ ч яллагдахгүй болж байна гэдгээ мэдэрсэн юм. Төрийн сүр, цэргийн хүч, дипломат ёс уламжлал үйлээрээ дэлхийд гайхуулж соёл иргэншлийг бүтээж бүтээлцэж дэлхийн гүрний эзэд явсан өвөг дээдсээ санан дурсах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх эрхтэй болмоор. Монгол хүн монголоороо бахархаж бүрэн эрхт, эрх хаана ч, хэнд ч хэлэх нэр нүүртэй болсон. Монголчууд олон зуунаар хэмжигдэх түүхэн хөгжлийнхөө шинэ гарааг эхэлж, соёлт хүн төрөлхтөний халуун ам бүлд хүндтэй гишүүн нь байж чадахаа нотлон харуулсан. Эдгээр нь Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын маргашгүй ололт, манай ард түмний өөрсдийнх нь тэмцлийн үр шим билээ.
Монголчууд эрх чөлөөнд үнэхээр дуртай байсан. Тэд эрх чөлөөнийхөө талаа олон эрин, олон үе дамжуулан зүйрлэшгүй их төлбөр төлсөн юм. Эрх чөлөөгөө эдлэх эрхтэй болж байгаагаа мэдэрсэн хүмүүс сэтгэлийн догдлолоо барьж ядан хөгшин, залуу ялгалгүй мэлмэрүүлэн уйлж, уухайлан хурайлж, цай сүүнийхээ дээжийг өргөж угтаж байсныг санацгаая. Тэр үед хүний эрх, эрх чөлөө гэдэг бол хүнээс ангид зүйл, түүнийг нам, засаг бүтээж, хүнд олгодог гэсэн номчлол чихрийн цаас адил хөсөр хаягдаж байлаа.
Гэтэл өнөөдөр монгол хүн бүр хүсээд хүлээгээд байсан эрх чөлөөгөө өөрийн юм өргүй гэдэг шигээ эдэлж чадахгүй, харь газрын юм шиг, хүний юм авах гэж байгаа юм шиг түүнд нэг л бэргэшингүй хандаад байна. Бид эрх чөлөөгөө эдэлж сурахын төлөө дахиад л их төлбөр төлөх нь.
Үнэхээр ч эрх чөлөөг анх тунхагласан өдрөөс нь монголын коммунистууд урьдын аргаа лавшруулан олон түмнийг айлгах “хадны мангаа” болгосон юм. Тэдний бүтээлгэх гэж ард түмнээ ташуурдсан нийгмийн байгуулал нь нийтэд хүртээлгүй, явцгүй болох нь илчлэгдэж, коммунизм системээрээ яаж ч арилгах аргагүйгээр сүйрч эхэлсэн үед уг сүйрлийн шалтгааныг тэд ардчилал, зах зээлээс хүн бүхийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөнөөс эрж эхэлсэн юм.
Коммунистууд хэдийгээр улс орныг удирдаж уг сүйрлийн эх үүсвэр, шалтгааныг бүтээж, бас бий болгосон гэлээ ч монгол түмний шинэ сонголтын өмнө түүхэн хариуцлага хүлээгээгүй болох нь дээрх хандлагаар нь илчлэгдэж байгаа юм. Өнөөгийн шинэ нэр хаяг бүхий хуучин агуулгатай манай эрх баригчид ч ардчилсан хувьсгалын өмнө хариуцлага хүлээсэн юм бол юу гэж тэр байгуулах гэж байгаа нийгмийн байгууллаа хараан зүхэж, түүнийг өнөөгийн хямрал бэрхшээл бүхний эх сурвалж мэтээр тунхаглах билээ дээ. Үүгээр ч үл барам манай төрийн түшээ нарын ихэнх нь ардчиллыг, ардчилсан хувьсгалыг алдлаа гэж үзэж тийм алдаа гаргагчдыг залхаан цээрлүүлэх бодлого баримталсаар багагүй амжилтад хүрлээ.
Тэд ардчиллын үр шимийг дотоодод хувьдаа ашиглаж, гадаад талдаа зээл тусламж өгөгчдөд хэнээс ч дутахгүй тайлбарлаж чаддаг юм. Иймээс ч Монгол орон сүүлийн таван жил хүрэхгүй хугацаанд тэрбум орчим америк долларын түүнтэй тэнцэхүйц эд материаллын зээл тусламж аваад байна. Коммунистуудын ганхсан байр суурийг бэхжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа энэ олон зуун саяар тоологдох зээлийн хөрөнгө монголын ирээдүй үеийнхний төлөх төлбөр, тэдний ачаа болно.
Өдгөө манай хөгжилд хямралыг өдөөгч шинж чанар давамгайлж байгаа бол ирээдүйд өрөнд баригдсан, хөгжилгүй өсөлтийн хэлбэр давамгайлах нь ээ. Манай өнөөгийн эрх баригчид монголын ирээдүйн өмнө ч хариуцлага хүлээсэнгүй.
Монголын ардчилсан хүчин анхнаасаа Монгол орныг авч явж чадна. Тийм хүч бололцоо байна гэж тунхагласан билээ. Ямар чадахгүйдээ зөвхөн шахалтын аргаар, сөрөг хүчний байр сууринаас нийгмийн хуучин байгууллыг бүхэлд нь өөрчлөхөд хүргэх билээ. Гэвч ардчилсан хүчин хоёр удаагийн парламентын сонгуулиар хоёуланд нь шинэ бодлого зорилгоо хэрэгжүүлэх боломжоор хангагдаагүй юм. Ардчилал бол хэрэгжих өөрийн гэсэн нөхцөл байдал, тодорхой механизм, хэм хэмжээ, зарчмыг шаарддаг, хүн сайн сайхан амьдаръя гэвэл сонгохоос өөр аргагүй, бас амьдрал лугаа сайн муу тал нь дагасан хүнд хэцүү зам.
Ардчилсан хувьсгалаар дэвшигдсэн олон асуудал Улсын Их Хурлын сонгууль хүртэл эрх баригчид сөрөг хүчний хоорондох ширүүн тэмцэл бүтээлч өрсөлдөөний дүнд шийдэгдэж байсан юм. Монголд ардчилсан хүчин үүссэн цагаасаа улс орон, ард түмнийхээ хувь заяаг шийдвэрлэхэд оролцдог нэг субъект болж чадсан бөгөөд энэ механизм 1992 оны парламентын сонгуулийн дараа ажиллахаа больсон билээ. Өнөөдөр Монголын төр улсын бодлогыг МАХН бүхэлд нь тодорхойлж байна.
1992 оны сонгуулиас хойш ард түмнийхээ бараг тал хувийн итгэлийг хүлээсэн Монголын шинэ улс төрийн хүчнүүд улс орныхоо хувь заяаг тодорхойлоход оролцдог бүтээлч үйл ажиллагаанаас ёс бусаар хасагдсан.
Ер нь ардчилал биологийн өрсөлдөөнд амьдрах чадваргүй, хүчирхийлэл, муйхар бодлогын өмнө хүчин мөхөс гэдгээ хүн төрөлхтөний түүхээр нотолсон юм. Одоо Монголын парламентад МАХН-ын 70 гишүүн, шинэ намын 6 гишүүн байна гэж махан тоогоор хуучин шинэ хүчний харьцааг тодорхойлж байгаа болохоос биш, түүнийг эрх зүйн хувьд өрсөлдөгчийн хувьд зэрэгцүүлэх боломж нөхцөл алга.
Нэгэнт ардчилсан институт бүрэлдэн тогтоогүй, тогтож эхэлж байсан нь ажиллахгүй байгаа тохиолдолд төрийн бодлого ард түмний хүсэл зоригт бус, түүнийг тодорхойлогч хүчин зүйл нь эрх баригчдын дур зорго болж хувирлаа. Өнөөдөр монголын эрх баригчид ард түмний хяналтаас ч, сөрөг хүчний хяналтаас ч бүрэн ангид байна. Иймээс Монгол Улс асар богино хугацаанд эрх дархтай хүмүүс, шударга бусаар хөрөнгөжин хөгжилчдийн хувьд нэн таатай нөхцөл бүхий орон боллоо. Манай оронд шударга ёс, хууль, ёс суртахууны хэм хэмжээ үйлчлэхээ байлаа. Яриад хориод байгаа мэт боловч хээл хахууль, албан тушаалын ашиглавал, эмх замбараагүй байдал хэрээс хэтэрлээ.
Энэ бүхнийг ардчилалтай холбон тайлбарласаар ардчилал зах зээл гэх мэт үзэх өнгөгүй, барих барьцгүй ганц хоёр үг рүү хамаг муу муухайгаа чихсээр байна. Ингэж Та бүхний сонгосон замын ач холбогдол, түүний татах хүчин өдрөөс өдөрт буурсаар, учир утга нь алдагдсаар байна. Уг нь ардчилал хувь хүн, тухайн нийгмээс өөрийн гэсэн төвшин, ёс зүйг нэхдэг ч эцсийн эцэст хатуу чанд дэг журам, заавал тооцогддог эрх, үүргийн харилцан уялдааг шаарддаг.
Өнөөдөр манай нийгэмд үүссэн ийм учир утгагүй байдлыг өөрчлөхийг хүсдэг байгууллага, хүний тоо цөөрсөөр байна. Системийн гажиг, зах замбараагүй байдлыг ашиглан завших нь албан тушаалтнуудад, бизнес эрхлэгчдэд эмх замбараа тогтоосноос, шударгаар үйлдвэрлэл эрхэлснээс илүү хялбар, илүү их ашиг өгөх боллоо. Манай нийгмийн өнөөгийн байдал хожиж байгаад нь ч хохирч байгаад нь ч хоёуланд нь ашигтай мэт байна. Энэ нь Монгол улсын хөгжил өдөр өнгөрөөж, цаг нөхцөөсөн байдалтай байгаагийн илрэл. Энэ бол ардчилсан тогтолцоо руу хөл тавьсан улс гүрнийг чөтгөрийн цалам лугаа хойш татдаг зүйл.
Өдгөө манай оронд төр иргэний харилцаа бүхэлдээ лиценз зөвшөөрөл, адлага өглөг дээр тогтож байна. Коммунист дэглэмийн үед бүхнийг хорьж, хүний үүсмэл эрх, эрх чөлөөг хүртэл цагдаж хүний эдлэх эрх, болох бүх зүйлийг нам төрөөс зөвшөөрч өгдөг байсан. Иргэн бүр зөвхөн зөвшөөрсөн зүйлийн хүрээнд хөдлөх ёстой, түүнээс халивал амь насаа алдах, амьдралаараа хохирох аюултай. Тэнд бүх нийтийн айдас хамгийн хүчтэй зохицуулагч болж зөвшөөрөлгүй бол болохгүй гэсэн зарчим үйлчилдэг.
Чөлөөт ертөнцөд хуулиар хориглоогүй бол бүх зүйлийг болно гэж үздэг. Чөлөөт сонголт улс оронд тоталитар дэглэмийн адил зөвшөөрлийн шинжтэй хууль журам үйлчлэх юм бол тэр нь нийгмийг хамарсан хээл хахууль, ашиглал үүсэх урьдчилгаа болдог. Өдгөө манай улсад зөвшөөрөлгүй зүйл гэж бараг байхгүй. Төрийн түшмэл бүхэн тамга, гарын үсгийн эрх мэдэлтэй, түүний цаана зөвшөөрөл олгодог эрхтэй болжээ. Аливаа зөвшөөрөл, хагас дутуу хаалт боолтын цаана түүнийг ашиглах боломж байнга байдаг. Монголд энэ боломжийг хувьдаа ашиглах нь хориотой зүйл биш, харин төр бодлогоо хэрэгжүүлэх, түшмэлээ тэжээх арга болчихоод байна.
Ардчилал шударга ёс, хүн эрхээ эдэлж сайн сайхан амьдрах боломжийг хамгийн амархан устгах арга бол дээрхийн тухай их ярьж бага хийх, коррупцийг цэцэглүүлэх явдал юм. Өнөөдөр хээл хахууль, албан тушаалтны шударга бус үйлдлийн тухай ярьдаггүй хүн, бичдэггүй сонин гэж бараг байхгүй. Харин хуультай атлаа хуульгүй, түүнийг хориод цагдаад байгаа юм биш шиг мөртлөө газар аваад байгааг нь дээр доргүй, хэн хүнгүй мэдэж байна. Энэ байдал удах тусам манай ихэнх хүмүүсийн нүдэнд өргөс мэт харагдаж байгаа ардчилал, зах зээл, шударга ёс, жинхэнэ утгаараа устаж алга болно. Харин дээрх үгнүүдийг хэлж чаддаг, учир утгыг нь гайгүй мэддэг хэсэг хүн дандаа байх болно.
Монгол тэр үед ардчиллыг олон жил ярьсан, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадаагүй байгаа зарим орны тоог нэгээр нэмэх болно.
Урьд өмнө нь дэлхий ертөнц нийгмийн чөлөөт болон тоталитар байгуулалтай, эсвэл тэр хоёрыг дагалдсан улс орнууд болон хуваагдаж байсан бол одоо нийгмийн чөлөөт байгууллыг хэрэгжүүлж чадсан, эсвэл хэрэгжүүлэх зам сонгосон гэдгээр ялгагдах нөхцөл байдал үүсээд байна. Харин хэсэг хугацааны дараа чөлөөт сонголтоо хэрэгжүүлж чадаагүй, хөгжлийн хэтийн төлөвгүй улс орнууд гэсэн статустай хүн төрөлхтөний эрүүл хөгжлийг чангаасан, мөн түүнд багагүй зовлон бэрхшээл учруулдаг бөөн цөөн улс орон гарц ирэхийг үгүйсгэх арга алга. Монголд оронд үүссэн өнөөгийн нөхцөл байдал, түүний учир шалтгаан тайлагдахгүй, цаг алдах тусам манай улс дээрх болзлыг эргэлт буцалтгүй хангасаар байх болно. Манай өнөөгийн эрх баригчид бол энэ замаас буцахгүй гэдгээ давтан хэлсээр хоёр төрийн суудал солилоо.
Хэрэгждэггүй хууль байснаас огт байгаагүй нь дээр гэсэн үг бий. Ер нь гурван хүний нэг нь санаатай, эсвэл санамсаргүй зөрчиж байгаа бол уг хуулийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй, эсвэл хүчингүй болгох ёстой гэсэн зарчим ч бий. Иймээс байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллага ардчилсан тогтолцоотой улс бүрт байдаг. Манай оронд хууль хэрэгжүүлэх асуудал зүгшрэх байтугай, ер нь төр улсын амьдралд хууль ямар үүрэг гүйцэтгэдэг тухай ойлголт төлөвшиж чадаагүй байна.
Хууль нь хүний эрхийг хамгаалах мөн хязгаарлах эсвэл тодорхой харилцааг зохицуулсан л шинжтэй байх ёстой. Тухайлбал, өнөөдөр манайд мөрдөгдөж буй татварын багц хууль хамгийн их зөрчигддөг хуулийн нэг болоод байна. Татварыг татвар төлөгчдийн хэрээс хэтэрсэн өндөр хэмжээгээр тогтоосон нь уг хуулийг үйлчлэх чадваргүй болгосон. Гэтэл манай хууль санаачлагч, хууль тогтоогчдын хувьд уг хууль үйлчлэх нь чухал бус, ерөөс тийм хуультай болох л хэрэгтэй байжээ.
Өнөөгийн тогтолцооны үед татварын хуулиар бага ч болов мөнгө төсөвт орж ирнэ, түүний цаана татвар төлөгч, хураагч хоёр зохицно, ерөөс орлогоо хав дардаг нэг хэсэг ч байна. Ингээд л аль аль талдаа эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй татварын тогтолцоо ажиллаад болоод байгаа мэт харагдаж байна. Ийм нөхцөлд хууль биелүүлэх, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх тухай санасны ч гарз. Саяхан улсын төсөв хэлэлцэхтэй холбогдуулж Улсын Их Хурлын чуулганы үеэр Ерөнхийлөгч П.Очирбат Татварын хуулийн хэрэгжилт ердөө 16.9 хувь, түүний зөрчил 83.1 хувь байгааг хэлсэн үгэндээ дурдсан нь дээрхийн баталгаа болж чадах биз ээ.
Сүүлийн үед Монголд Улсыг удирдаж буй байгууллагуудын үйл ажиллагаа хууль бус шинж чанартай болж байгаа нь ажиглагдах боллоо. Манай эрх баригчдыг тойрсон хэл яриа, шуугиан хүн залхтал өрнөж байгаа ч тэднээс хариуцлага хүлээсэн нь нэг ч алга. Тэд эхлээд сөрөг хүчиндээ хариуцлага нялзаах гэж оролддог байсан бол, сүүлдээ нийгмээ нийтэд нь криминал байдал руу оруулж байна. Хүн амьдрахын тулд хууль зөрчих гэмт хэрэг үйлдэх болно.
Олон улсын байгууллагын гаргасан мэдээгээр монголын хүн амын талаас илүү хувь нь өлөн зэлмэн, өмсөх зүүхээр дутагдалтай амьдарч байна гэсэн тооцоо бий. Ядуурал ихсэж өлөн зэлмэн хүмүүс нэмэгдэх тусам нийгмийн үнэт зүйлс учир утгаа алдаж, тухайн тогтолцоо хэврэгшдэг. Иймээс хүчтэй нь амьдарч, хүчгүй нь мөхдөг тухай дарвинизмын онол орчин үед ач холбогдлоо алдсаныг манай удирдлагууд мэддэг л байгаа даа.
Таван сар тэтгэврээ аваагүй хөгшин архи шаглаж, тамхи ширхэглэж, ачаараа гуйлга гуйлгахаас өөр яах юм бэ? Өрөөсөн гутлын үнэд ч хүрэхгүй цалинтай багш, эмч, төрийн ажилтнууд ганзганд гүйхгүй, хүний өгснийг авахгүй, эсвэл үйлчилгээндээ үнэ тогтоохгүйгээр яаж амьдрах юм бэ? Сардаа 10-20 хувийн хүүтэй зээл авсан хүн хууль зөрчихгүйгээр ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, зээлээ эргэж төлөх юм бэ? Гэтэл хэдэн арав, зуун саяар нь сайд дарга нар бие биендээ гадаадын зээл тусламжийн мөнгөнөөс зээл нэрээр хүүгийн шахам олон жилийн хугацаатай бэлэг болгож өгчихөөд бие биеэ шалгасан, нэгэндээ тайлагнасан нэртэй үзэж харан хууль зөрчөөд, бизнес хийгээд явж л байна. Тэдний эргүүлж буй мөнгө өнгөрөгч 4 дүгээр сард Ардчилсан Холбооны гишүүд цуглаан жагсаал хийж, өлсгөлөн хүртэл зарлаж гаргуулсан 50 сая төгрөгийн дэргэд даанч олон оронтой, даанч том мөнгө юм даа. Тэд 50 саяыг ахмадуудад жижиг үйлдвэрлэл эрхлүүлэх болгож өгч байсан. Уг мөнгийг бүх тэтгэврийн насныханд хуваахад 1 хүнд хоёр талхны үнэ ноогдож байж билээ.
Өнөөгийн эрх баригчид дулаан суудлыг бэлтгэх гэж, монголын өнгөрсөн ирээдүй хоёрыг бүтэн авчрах гэж манай ахмад үеийнхэн хөлс хүчээ шавхан зүтгэсэн. Бид ахмад хүн бүрийг, эсвэл МАХН-ын гишүүд байсан, байгаа хүмүүсийг бүхэлд нь буруутгах бодлого бариагүй. Тэднийг хүнийх нь хувьд ойлгож хүндэтгэж ханддаг. Далан насны сүүдэр зооглосон атлаа 25-таас илүү шинэлэг, уужуу сэтгэдэг буурал, 25-тай атлаа 70 настнаас дорой хэвшмэл сэтгээтэй залуу хүн байхыг алийг тэр гэх вэ.
Өнөөдөр Монголын ахмад үе, залуу үе хоёр шиг хоёр туйл руу хаягдан шоовдорлогдсон нийгмийн хэсэг гэж манайд байхгүй. Ахмадууд маань өнгөрөгч хавар цуглаан хийж, төрийн ордны үүд хаалган дээрээс хөөгдөж залуу үе нь тэднийг дэмжиж өнгөрсөн 4 дүгээр сард ямар халуухан тэмцэл Улаанбаатарт, түүнээс улбаалж төв суурин газруудад өрнөснийг та бүхэн мэднэ.
Тэр үед өнөөдрийн энэ яриад байгааг нь ярьж л байсан энэ байдлыг даруй засахгүй бол монголчууд амлалтаа биелүүлдэггүй, хууль зөрчсөн, ёс суртахууны алдаа гаргасан, хээл хахуульд идэгдсэн эрх баригчидтайгаа тооцоо хийж, шударга ёс тогтоохын төлөө тэмцэхгүй бол энэ улс орон маань уналаа, хүн ард маань тэсэхээ байлаа гэдгийг хэлж л байсан. Монголын залуу үе ус нь бохирдоод байхад ам нь хөдөлсөөр байгаад амь тавьдаг загас шиг байж чадахгүй гэдгээ илэрхийлж унхиагүй удирдагчдаа цус урсгалгүй солих гэж тэмцлээ дээ!
Монголд ардчилсан механизм парламентын хүрээнд ажиллахгүй болж, төрийн түшээ нар нь төр, улсын хэргийг шинэ Үндсэн хуулийн дагуу шийдэх боломжоо шавхсан учраас улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал үүссэн юм. Улсын Их Хуралд шинэ намуудыг төлөөлж суугаа гишүүд ийм байдлыг гэтэлж гарахын тулд хоёр жилийн турш байгаа хэр чинээгээрээ ажиллах санал санаачилга дэвшүүлж үүсэж болох хүндрэлийн тухай удаа дараа сэрэмжлүүлж байсан. Улсын их Хурлын чуулган хуралдах бүрдээ өөрийнхөө тухай хуулийг авч хэлэлцэж өөрөө өөртэйгээ ноцолдож байсан боловч бидний саналыг ажил хэрэг болгож чадаагүй. Монголын төр хийх ажлаа хийж чадаж байвал монголын ард түмэнд хэрэгтэй байсан юм.
Үнэхээр хийх ёстой ажлаа хийж чадахгүй болтол дампуурснаа манай Их Хурал, Засгийн газар өнгөрөгч хавар харуулсан, Ардчилсан хүчнийхэн байсан бага ч гэлээ боломжоо ашиглаад улс оронд үүссэн олон хурц асуудлыг шийдвэрлүүлэх гээд чадахгүй арга мухардахдаа уг асуудлуудад эрх баригчдынхаа анхаарлыг хандуулах гэж хэсэг бусгаараа, хэдэн арваараа амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарлахад хүрсэн.
Аливаа олон нийтийн байгууллага улс төрийн хүчний үндсэн үүр нь нийгэмд үүсч буй асуудлыг хөндөж тавих, түүнийг шийдвэрлэхэд л оролцоход оршдог. Тэд өөрсдийнхөө төлөө байгуулагдах гэж байгуулагддаггүй тухай нийгэмд орон зай нь, хэрэгцээ нь байгаа учраас үүсч хөгждөг. Тэд зорилгоо биелүүлэхийн тулд ажиллах нөхцөл боломжтой байх ёстой. Монголд шинээр үүссэн улс төр, олон нийтийн байгууллагуудад ийм нөхцөл боломж бүрэн хаагдсан байгааг, нийгмийн олон ургальч, чөлөөт хөгжил зогсонги байдалд орсныг хаврын улс төрийн тэмцэл харуулсан.
Ерөөс Монголд ардчилсан өөрчлөлт зогсчихсон байгааг эрх барьж байгаа нь ч эрхээ алдсан нь ч ардчилсан хувьсгалын омогшилд илүүтэй автаж түүний ололт амжилтаас гадна өнгөрөгч системийн хямралаас үүдсэн олон асуудлыг албан тасалгааны цонхоор харж дүгнэхээс илүү гарахгүй байгааг мэдэж авахад нөлөөлсөн. Нэг хэсэг нь хорвоод ховорхон хувьсгал хийлээ, зарим нь нийгмээ гайхалтай хурдан ардчилж шинэчилж байна гээд байсан чинь 70-н зүйлтэй Үндсэн хуулиас өөр ололт гэж барих юмгүй, нийгмийн байгууллын өөрчлөлт эрх мэдэл, эд хөрөнгийн хуваарилалтаас малыг малчдад өгсөн гэхээс өөр ард түмэнд нялзсан юм бараг байхгүй байгааг мэдэрвэл мэдрэхээр доргилт өгсөн, цочирвол цочирмоор үйл явдал болсон юм.
Хаврын тэмцэл шиг зуунги, гашуун ч, эмгэнэлтэй ч үнэнийг улам тод харахад хүргэсэн хүнд өдөр хоногууд Монголын ардчиллын түүхэнд тохиогоогүй. Ардчилсан хүчин гэгддэг хэсгийн дотор ч олон хүний өнгө төрх танигдаж Монголд ардчилал туйлын эгзэгтэй, эргэлзээтэй зам дээрээ байгаа нь ойлгогдсон юм.
Мөн 1990 оны Улс төрийн Товчооны гишүүд, 1994 оны манай эрх баригчид хоёрын хооронд эрх мэдэлдээ хандах хандлагад нь агуулгын болон чанарын өөрчлөлт орсныг харуулсан юм. 1990 оны удирдагчид хоосон сандал, зөвхөн алба хашиж байх үедээ хүртдэг байсан улсын хангамжаас өөр алдах юм байгаагүй бол одоогийн эрх баригчдын эрх мэдэл гэдэг нь зөвхөн өндөр суудал төдийгүй, хамгийн ашигтай бизнес болж хувирсныг, эрх мэдэлтнүүдийн эрх мэдлээ алдахгүй байх эв нэгдэл юу юунаас хүчтэй болсныг харуулсан. Тэдний эгзэгтэй үед тодорхой шийдвэр гаргаж чадаагүй нууц ахар богино хугацаанд асар их алдаа завхрал гаргаснаа мэдэрсэн, түүнийхээ төлөө хариуцлага хүлээхээс айж эмээсэнд оршиж байсан ч байж болох юм.
Хамгийн гол нь өнөөгийн эрх баригчид нийгэмд үүссэн хурц асуудлыг шийдвэрлэх ямар ч чадваргүй болохоо харуулсан. Ямар чадвартайдаа хууль тогтоол гаргах эрхтэй, төрийн хүчирхийллийн болон үзэл суртлын хэрэгслийг ганцаарчлан атгадаг эрх дархтнууд маань өөрсдийгөө хамгаалуулсан өлсгөлөн хүртэл зарлуулж бухимдсан олон түмнийг бие бие рүү нь турхирч байх билээ. Хаврын тэмцэлд зарим хүний ярьдгаар ялагч ялагдагч гэж гараагүй юм. Учир нь түүгээр дэвшигдсэн асуудлууд шийдвэрлэгдээгүй. Хамгийн харамсал төрүүлсэн нэг зүйл бол тайван замаар нийгэмд үүссэн хурц асуудлыг шийдвэрлэх аргагүй болсон нь, монголын ардчилал боломжоо шавхаж дууссан нь уг тэмцлийн явцад харагдсан. Энэ бүхний хариуцлагыг Монголын Ардчилсан Холбоо нэхсээр, тооцсоор байх болно.
Дөнгөж саяхнаас Улсын Их Хурлын гишүүд тэр үед шийдвэрлэх байсан зарим асуудлаас хөндөж ярьж, бас Засгийн газраа шүүмжлэх аядаж байна. Гэхдээ тэд Монгол улсын хаа ч очоод, хэнтэй ч уулзсан ярьдаг шүүмжилдэг түвшнээс хэтрэх юмгүй, тухайлбал, багийнхаа төв дээр цугласан хэсэг малчидтай яг адилхан ярьж шүүмжилж байна. Улсын Их Хурал бол мэдээж баг биш.
Улсын Их Хурлын багаас ялгагдах онцлог нь нийгэмд хуримтлагдсан асуудлыг зүгээр яриад шүүмжлээд орхих биш түүнийг шийдвэрлэх ёстой. Хөтөлбөрөө биелүүдэггүй, ажиллаж чадаггүй Засгийн газартайгаа хариуцлага тооцох ёстой. Төсвийн мөнгө завшсан, эсвэл албан тушаалаа урвуулан ашигласан этгээдийг төрийн албанаас зайлуулах ёстой. Хууль хэрэгжихгүй байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Гэтэл ийм юм алга.
Хаврын тэмцлийн өөр нэг ойлгуулсан юм бол манай төрйн эрх барих дээд байгууллага, түүнээс томилогдсон Засгийн газар бүрэн эрхээ ард түмнийхээ тусын тулд бус өөрсдийнхаа төлөө эсвэл шударга биш аргаар хөрөнгөжиж хөлжсөн, завшиж дээшилсэн хэсэг бүлгийн төлөө зориулагддаг нь тодорхой болсон юм. Өнөөдөр Монгол Улсын төрийн байнгын эрх Их Хуралд хадгалагдаж байгаа бус түүний томилсон Засгийн газарт, ивээлд эрхшээл нь багтдаг тодорхой бүлгүүдэд шилжчихээд байна.
Уг нь эрх мэдэл гэдэг бол эрх мэдэлтнүүдийн өмч биш, тэр тусмаа тэдний хүч чадал, сайнаар бий болдог зүйл биш. Ардчиллыг хэн ч төрүүлээгүйн адил төр, засгийн ямар нэг эрх мэдэлтэн, ид шидтэн бий болгодоггүй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Тэд иргэн болохынхоо хувьд эрхээ бусдад шилжүүлэх замаар эрх мэдлийн бий болгож, түүнийг гүйцэтгүүлэхээр тодорхой эрх мэдэлтнийг томилдог. Улсын Их Хурлын эрх , Ерөнхийлөгчийнх нь ч адил, Засгийн газрын эрх гэдэг бол манай ард түмний эрх. Зарим тохиолдолд парламентыг нийт ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн ч гэж нэрлэдэг. Нэг ч иргэн бай, нэг хэсэг иргэд ч бай өөрсдийнх нь эрх ашгийг гүйцэлдүүлэхэд үйлчлэх ёстой төр засаг нь түүнийг нь хохироовол тэднийг шүүхэд өгөх, огцруулах хүртэл эрхтэй байдаг.
Гэтэл манай иргэд энэ эрхийн алиныг нь ч эдэлж чадахгүй бүр төр засгаа шүүмжлэх эрхгүй байна. Өнөөдөр эрх баригчид шүүх бус шүүмжлэх явдал халтай, ялтай бас ярвигтай болж хувираад байна. Их хурал ямар ч хууль баталсан, Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан дураараа л болж байна. Тэд ард түмний эрхийг худал хэлж хурааж авчихаад эргүүлж эрх ашийг нь юман чинээ бодохгүй хохироож уландаа гишгэлсээр байна. Энэ тухай бид хэлсээр ярьсаар ирсэн боловч зарим нэг жишээг Та бүхэнд сануулъя.
Манай Засгийн газар зөвхөн газар тариалангийн салбар сүүлийн 2 жил гаруйн хугацаанд 15 орчин тэрбум төгрөгийн зээл олголоо. Гэтэл өөрийн орны зах зээлээ хөрш улсынхаа үйлдвэрлэгчдэд 2 жилийн өмнө найр тавьж өгснөөс гадаадын чанартай, чанаргүй гурил монголын зах зээлийг нэг хэсэгтээ эзэгнэлээ. Үүнээс болж монгол ард түмний эрх ашиг хохирч манай тариаланчид, үйлдвэрлэгчид дампуурахад хүрсэн. Өнөөдөр Монгол Улс нийт хэрэгцээт гурилынхаа дөнгөж 40 хувийг үйлдвэрлэж 60 хувийг гадаадаас авах болоод байна. Энэ байдлын төлөө өнөөгийн удирдлагууд ямар хариуцлага хүлээсэн бэ?
Өнгөрөгч хавар ноолуурын дотоод зах зээлийн үнийг Засгийн газар хүчээр унагаж малчдын гар дээр очих байсан 5 тэрбум төгрөгийг булааж, 1 сая орчим хониных нь өрөн дээр хутга тавиулсан юм. Эрдэнэт малынхаа үр шимийг ханасан үнээр борлуулах эрхээ хасуулсан малчид хонь, ямаа, бяруу шүдлэнгээ мөнгө төгрөг шиг харж, тоолж өгч байна. Дэлхийн зах зээлийн үнэтэй дүйцэж ирээд Засгийн газрынхаа тогтоолоор нам дарагдсан монгол ямааны ноолуур хорьж хааж буй мэт боловч хил, гаалиар гарсаар байна. Манай залуучууд ноолуур цуглуулах гэж харь эздийнхээ мөнгө, шуудай хоёрыг бариад явган нүцгэн хот, хөдөөгүй гүйлдсээр байна. Одоо ямаанаас ноолуурыг арьстай нь цуг хуулж авч байна. Энэ хар тогтоолынхоо төлөө, хатуу мөнгөний бодлого гэгчийнхээ төлөө уг бодлогыг ард түмэндээ хүчээр тулгагчид ямар хариуцлага хүлээсэн юм бэ?
Хэрэв Монголчууд бид эрхээ шилжүүлж эрх мэдэлтэй болгосон дарга нартаа, тэдний бодлого, үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй өөрсдийнхөө эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн алхам бүрт нь хариуцлага тооцож чадахгүй бол Монголд ардчилал, шударга ёс хэзээ ч тогтохгүй. Ардчилал гэдэг бол эрх мэдэлтэйдээ тийм боломжоор хангагдаагүй нь хяналт тавьдаг, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, эрх ашгийг хохироосон нэгийг нь нөгөөгөөр нь сольж болдог механизм шүү дээ. Иймээс ч олон арван жил нэг нам, нэг хэсэг хүнд дарагдсан монголчууд ардчиллыг хоёрдмол сэтгэлгүйгээр сонгоо биз дээ. Гэтэл өнөөдөр тийм сонголт хийгээгүй юм шиг хүмүүс нэг л дүнсгэр, дуугүй, улс гэр маань нэг л өнгө муутай байх чинь.
Зах зээлийн ачаар аж ахуйн нэгж, хувь хүмүүс бөөн цөөнөөр оруулж ирсээр байгаад Монгол орон шатах тослох материалаар гачигдах, дутагдах зүйлгүй болж хувирсан. Гэтэл оны эхээр уг бүтээгдэхүүнийг онцгой татвартай болголоо. Бензин шатахууны олдоц энэ эхний 10 сарыг ноднингийн мөн үетэй харьцуулахад 55 хувиар багасаж, эрчим хүчний хямрал нүүрлэлээ. Ингэж хэрэглэгчид хохирч, зөвхөн улсын монополь ганц нэг байгууллага Засгийн газар хожиж, бензин шатахууны үнийг ганцаар нийтэд тулгах, онцгой татвар нэрээр олон тэрбум төгрөгийн төсөвт дайчлах боломжтой боллоо.
Саяхан барин тавин худал хэлж суурь үнэнд өөрчлөлт оруулсаар бүх үйлдвэрлэлд үнэ нэмэгдлээ. Үнэндээ нефть бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ гэдэг бол хэрэглээний онцлогоос шалтгаалан жил бүрийн сүүлийн саруудад нэмэгдэх хандлагатай байдаг нь хэнд ч шинэ зүйл биш. Манайд махны үнэ идэшний цагаар өсч, ууц хөндөх үеэс буурдагтай ижил юм. Засгийн газрын бодлогоор энэ тэндгүй үнэ нэмэх урадлаан гаарлаа. Одоо тэдгээр нэмэгдэн үнийн төлөө төлсөн мөнгийг нь хүмүүст цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэлт болгон тарааж, буцалж эхэлж буй бухимдлыг нь түр намжаах боловч тэр хэдэн төгрөгийг инфляци олгосон өдрөөс нь залгичихна.
Уг нь Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмээд байгаа мэт боловч тэр нь үнэн чанартаа үнийн индексжилт хийж хүмүүст хуулиар олгох ёстой мөнгөний дэргэд дуслын төдий юм. Арван төгрөгөөр авдаг байсан шао цай, дүнмэн тамхиа үнэ 200 дахин өссөн ч гэлээ иргэд түүнийг худалдаж авах чадвартай л байх ёстой. Гэтэл Засгийн газар хуулиар хүлээлгэсэн үүргээ хөсөрдүүлж үнийн индескжилт хийхгүй, цэвэр монетаризмын бодлогоор эдийн засгийн харилцааг борцолж чөлөөт зах зээлийн үр өгөөжийг хүртэх гэсэн ард түмнээ боомилсоор байна.
Ер нь хүний цалин олголгүй олон сараар хойш татах, өвгөд тэтгэвэр, тэтгэмжийг өгөхгүй удаах явдал хээль, шударга ёс тогтсон газар бол гэмт хэрэгт тооцогддог. Цалин, тэтгэвэр аваагүй хугацааных нь алдагдлыг Засгийн газар иргэддээ нөхөж олгох ёстой. Эрх ашгаа хамгаалах талаар гаршиж яваа Улаанбаатрынхнаас бусад хүмүүс, ялангуяа хөдөө, орон нутгийнхан цалин, тэтгэвэр, тэтгэмжээ олж авна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил ховор тохиолдол болжээ. Тэд сумын төв дээрээ цуглаад захиргааныхаа байшинг тойрч алхалтай биш. Ёстой л дээр тэнгэр холдож, доор газар хатуудахын зовлонг эдэлж байна.
Байдал хэдий ийм байгаа ч нийгэм эдийн засгийн бүх мэдээллийг барьж байгаагаараа далимдуулан хүн ардаа төөрөлдүүлж өөртөө цаасан малгай өмсөх нь энэ Засгийн газрын хоног өнгөрөөх арга болжээ.
Жасрай сайд, түүний багийнхан үйлдвэрлэлийн уналт зогсох хандлагатай боллоо гэж ярьсан. Манай улсын экспорт, импортын харьцаа тэнцвэржлээ гэсэн. Валютын зохих нөөцтэй боллоо гэсэн. Гэтэл аж үйлдвэрлэлийн салбарт дулааны эрчим хүч, өнгөт металлын үйлдвэрлэл хоёроос өөр бусад бүх үйлдвэрлэл энэ оны эхний 10 сарын байдлаар ноднингийн мөн үеийнхтэй харьцуулхад 10.7-56.4 хувиар буурлаа. Ноднин жил ашиглалтад орсон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрлэл 600 гаруй хувиар өссөнийг нийт үйлдвэрлэлийн салбарын өсөлт мэтээр ярилаа. Мөн импорт экспортоос 3 дахин худацтай буурч хоёул ойролцоо түвшинд очсоныг ололт мэтээр мэдээллээ. Үүний нэгэн адил Улсын Их Хурал хоёр ч удаа алт гаргах шийдвэр өгсний ачаар, алттай байж болох жалга бүрийг шахам онгичиж байгаагийн дүнд Монгол орон валютын нөөцтэй болсон юм шиг харагдах боллоо.
Манай эрх баригчид эрх мэдлээ алдахгүй байх, сандал, суулалдаа цав оруулахгүйн тулд өөрт байгаа бүх л боломжоо ашиглаж дутагдлаа бусад руу чихсээр, худал ярьсаар байна. Энэ жил төлөвлөсөн ёсоор мөнгө төгрөгийг нь тавьж олгоогүй нийгмийн хэсэг бол тэтгэврийн насны ахмадууд, халамжийн тэтгэмжээр гол зогоодог эмзэг хэсгийнхэн байлаа. Тэдэнд өгөх ёстой мөнгөний гүйцэтгэл төлөвлөснөөс дөнгөж тал хувийн биелэлттэй байна. Гэтэл аж ахуйн нэгж, ард олны халааснаас ёроолоор нь гүвэх шахам цуглуулдаг улсын төсвийн хөрөнгө хэр оновчтой зарцуулагдаж байна вэ? Хэн ч зөрчих ёсгүй, тэр тусмаа төр засгийн бүх байгууллага, ажилтан мөрдөж хяналт тавих ёстой Төсвийн эрхийн тухай хууль гэж бий. 1993 оны 4 дүгээр сард “Төсвийн хөрөнгийн эргэж төлөгдөж нөхцөлөөр ашиглуулах журмын тухай” тогтоолыг Засгийн газрын гишүүд баталсан. Өнөөдрийн байдлаар уг тогтоолын дагуу 2 жил дамжуулан төсвөөс 216772 сая төгрөгийг 172 байгууллагад олгочихоод байна. Түүнээс 17814.3 сая төгрөг эргэж төлөгдөөгүй байна. Төсөв гэдэг бол хуулийн дагуу тухайн жилдээ хатуу хяналттайгаар зарцуулагдаад төлөвлөгөө гүйцэтгэлээр нийтэд мэдээллэгдэж байх ёстой. Төсөв баталж чадахгүй, түүнийг буруу зарцуулсан бол парламент, Засгийн газар огцордог, хууль зөрчсөн албан тушаалтан хуулийн дагуу хүлээдэг нь бараг улс тогтсон жам. Харин монголд төлөвлөсөн төсвийнхөө бараг гуравны нэгийг албан байгуулга, аж ахуйн нэгж, хуль хүнд эргэж төлөгдөх ямар баталгаагүйгээр зээл нэрээр тараагаад байна.
Дээрх тогтоолд төсвөөс мөнгө гаргахдаа гагцхүү төслийн арга хэмжээнд Засгийн газрын тогтоолоор олгож байхаар заажээ. Гэтэл Ерөнхий сайдын ганцаарчилсан захирамжаар тэр ч бүү хэл Сангийн сайд, Дэд сайд, түүнээс дооших албан тушаалтны албан тушаал, цохолтоор мөн аман шийдвэрээр хүртэл арав, зуун саяар нь төсвийн мөнгийг бусад бизнес хийлгэхээр шилжүүлсэн байсан нь баримтаар тогтоогдсон. Тэр мөнгөний заримаар байгуулагдсан аж ахуйн нэгжийг автобусны бөөрөн дээр хүртэл рекламдсан л байгаа. “Ургамал ЗМ” гэсэн бичиг бүхий автобусыг зарим нь л харсан байх. Дарга нар албан тушаалаа урвуулан ашиглачихаад “би хууль тогтоомжийн дагуу ажилласан” гээд хэлсэн нь өдрийн үзэгдэл боллоо. Өөрсдөдөө зориулаад тийм хууль гаргачихаж байгаа хүмүүс чинь зоригтой байлгүй яахав.
Өвөрхангай аймгийн зарим дарга нар нь бие биендээ төсвийн мөнгө зээл нэрээр өгчихөөд тэр мөнгийг зүгээр өгөөгүй, хүүтэй өгсөн юм гээд маргаж л байсан. Ерөөс хүүтэй ч, хүүгүй ч төсвийн мөнгөөр албан тушаалтнууд хувьдаа ч, албандаа ч бизенэс хийж болохгүй. Энэ бол Монголд хүртэл хуулиар хориотой.
Төсвийн мөнгөөр бизнес хийдэг арга бас олон янз болжээ. Тухайлбал, 1993 оны 5 сард 400 сая төгрөг 1 хувийн хүүтэй төсвөөс зээл нэрээр авсан хүн 1994 оны мөн сарын үе хүртэл уг мөнгийг зөвхөн банкинд хадгалуулаад буцааж өгөхөд мөн 400 орчим сая төгрөг хувьдаа унагааж болно. Энэ нь 1 сая доллар гэсэн үг. Иймэрхүү жишээг захаас аван дурдаж болно.
Энэ бол коррупцийн сонгодог жишээ. Үүний дэргэд шуугиулаад байгаа “банкны” гэгдэх хэрэг юу болохыг Та бүхэн тунгаана биз. Уг хэрэг байдлын дөнгөж илрэл, эсвэл нэг хэсэг хүн эздийнхээ бодлогоос гажиж толгой мэдэх гэснийхээ төлөө жавтий хүртэж байгаа бишүү. Сая 10 дугаар сард Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрыг авч хэлэлцэж байна, шүүмжилж байна гээд хичнээн сүр боллоо. Улсын Их Хурал сайндаа энэ хэлэлцүүлгийг хийсэн бус өнгөрөгч 4 дүгээр сарын тэмцлийн явцад шахалтад орж өөрийг нь төлөөх асуудал тавигдаад бид Засгийн газрыг авч хэлэлцэнэ, болохгүй бол огцруулна гэх шахуу амлалт авч тогтоол хүртэл гаргасныг хүмүүс санаж байгаа байх. Уг тогтоолоор Засгийн газрыг 6 дугаар сард багтааж хэлэлцэх ёстой байсан юм. Гэтэл 10 дугаар сард хэлэлцсэн хэмээлээ.
Яг Засгийн газрыг хэлэлцэхийн өмнөхөн “банкны” хэмээх хэрэг мандаж ууртайхан байсан эрхэм гишүүдийн ч, ард олны анхаарал шуугиант хэрэг рүү чиглэсэн юм. Ингээд тэр хэлэлцүүлэг ч хэлэлцүүлэг болж чадаагүй. Одоо тэр хэрэг юу болж байгаа юм бүү мэд. Төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь үрэн таран хийсэн тухай, идсэн уусан тухай яриа энэ өвөл хаврын шуугианы гол сэдэв болно. Нэг хэсэг нь идээгүй, зээлсэн юм гэж, нөгөө хэсэг нь хөрөнгө оруулалт гэж нэрлэнэ. Ингээд л өнгөрөх байх.
Монголын төр засгийн толгойд эрүүгийн шинжтэй элемэнтүүд дураараа дургисаар байтал энэ ард түмэнг чинь ядуурч доройтож тартагдаа туллаа, улс орон маань уналаа. Ийм юмыг Африк, Латин Америкийн зарим дорой, буурай, муу юм шүглэсэн орнуудад байдаг зүйл гэж ойлгож, тэднийг шоолох нь холгүй байсан манай эрх мэдэлтнүүд одоо эх орноо тийм байдалд орууллаа. Ийм гутамшгийн төлөө, ингэж ад шоо үзэгдэхийн төлөө Монголын Ардчилсан Холбоооны гишүүд дэмжигчид, ардчилсан хүчнийхэн амьдралаа гарздаж, амиа дэвсэн тэмцэж явсан гэж үү. Үгүй гэж бүгд хариулах боловч өнөөдрийн муу муухай бүхний эзэн, энэ хямрал замбараагүй байдлыг бүтээгч нь Та нар гэж аминаасаа өөр алдах юмгүй шахам болсон Ардчилсан холбооныхныг нүд нүүргүй үүссэн өдрөөс эхлэн чичсээр ирээ биз дээ. Эрх мэдэлтэй хүн, албан тушаалтай хүн түүнийгээ урвуулж ашиглаж завшина уу гэхээс өрөөс тийм юмгүй жирийн олон түмэн юугаа яаж ашиглаж улс орны эрх ашгийг хохироох билээ!
Албан тушаалтнууд нэг хүнд, суудал сандлаа аврах арга бол өөрсдөө буруу зүлй хийчхээд хууль зөрчиж, ёс суртахууны алдаа гаргачихаад түүнийгээ бусад руу ерөөс тийм юм хийх нөхцөл боломжгүй хэсэг рүүгээ чихдэг явдал юм. Хоёр жилийн өмнө Монгол Цагдаагийн дарга Монголд мафи бий болжээ гэж төрийн төв хэвлэлд бичиж байсныг хүн бүр санаж байгаа. Түүнээс хойш нэг ч мафийн бүлэглэл илэрсэн тухай, эсвэл түүний нэг ч болов гишүүн илчлэгдсэн тухай яриа гарсангүй.
Мафи гэдэг бол зохион байгуулалттай гэмт хэргийн нэг хэлбэр бөгөөд ашиг, эрх мэдэл олох, түүнийгээ ахиулах зорилгоор хоёроос доошгүй хүн нэгдэж ажил үүргийн хувиарлалт, зохион байгуулалтын хувьд аж ахуйн нэгжийн бүтэцтэй төстэй, урт буюу тодорхойгүй хугацаагаар ажилладаг гэмт бүлэглэл болохыг мэрэгжилтнүүд тогтоочихоод байна. Тэдний үйлдэл газар авах тусам төр засаг хуулийн байгууллага, мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох түүгээр ч үл барам нийгмийн байгууллын үндсийг ганхуулахад хүргэдэг нь тодорхой болжээ.
Манай оронд эрх мэдлийн хуваарилах, өмчийг эзэнтэй болгох үйл явц хуучин тогтолцоог бүрдүүлэгч улс төрийн хүчний засаглалын үед эхэлж одоо ч үргэлжилсээр байгаа нь нийтийн хэллэгээр мафи шинжтэй бүлэглэлүүд үүсэх нөхцөл бүрдүүлсэн. Учир нь хуучин удирдагчид албан тушаалын тогтмол цалингаас өөр юу ч үгүй, түүнийгээ алдвал амьдрал алдсантай хувьсгалын эрч хүч, түүхэн хариуцлага хоёроос сүнсээ зайлтал айж байсан үед нь нийгмийн хуваарилалт явагдсан юм. МАХН нийгмийн хямрал, хүмүүсийн бухимдал дээр тоглож худал хэлж, бүх ниймийн гүжир гүтгэлэг тарааж хоёр ч удаа парламентын сонгуульд яллаа. Одоо энэ нам, түүний бүрдүүлсэн төр засаг дээрх хууль бус үйл ажиллагааг улс төр, эдийн засаг, эрх зүйн хувьд батлан даагч болоод байна. Монголд энэ суртал хэрэгслийн монополь халагдаагүй байхад улс төрийн цагдаа дахин сэргэлээ.
Энэ засгийн газрыг тойрсон Улсын Их Хурлын эрх мэдэл, нэр нөлөө, үйлчилсэн банк, санхүү, хөрөнгө мөнгө, албан тушаалын бодлого, тэр ч бүү хэл ялын бодлого тодорхойлход оролцдог албан ёсны бус зохион байгуулалттай томоохон бүлэглэлүүд ажиллаж байгаа нь нууц биш болжээ. Тэдэнд тавигддаг хяналт, ноогддог хариуцлага байхгүйтэй адил. Харин үе үе зохиомол шинжтэй анхаарал сарниулах дуулиан тарьж таалагдаагүй хүмүүсээ хашраах, залхаах арга хэрэглэх боллоо. Ийм бүлэглэлд нийтийн хараанд өртөх, тэдний тухай яриа үүсгэхэд дургүй байдаг бөгөөд хэзээ ч өөртөө хир халдаахыг зөвшөөрдөггүй.
Коммунизмын төмөр хөшиг нурснаас хойш зөвхөн түүний хүрээнд байсан хямрал сүйрлийн шинжтэй илрээд зогсоогүй хүн төрөлхтөний соёл иргэншлийн хаягдал болсон хүчирхийлэл, мафи, хар тамхи, өвчин эмгэг, ядуурал доройтолд шинэ зах зээл, шинэ орчин нээгдсэн юм. Энэ бол хүйтэн дайн дууссаны дараа хүн төрөлхтөнийг түгшүүлэх хамгийн том аюул болоод байна. Уг аюулыг багасгаж өөрсдөө амар тайван амьдрах бусдад тийм боломж олгохын тулд чөлөөт ертөнц бүхэлдээ ажиллаж байна.
Хөгжингүй орнууд хэдийгээр коммунизмын аюулаас хүн төрөлхтөнийг аварч зүйрлэшгүй гавъяа байгуулсан боловч уг туршилтанд өртсөн улс орон, ард түмэнд үзүүлэх тусламж дэмжлэгээ оновчтой зохион байгуулахгүй бол эргээд өөрсдийнх нь өөдөөс сүр далайсан нийгмийн байгууллууд гарч ирж магадгүй. Хоёр талаасаа Гулливер улсын нөлөөнд байнга өртөж байдаг Монголын хувьд уг асуудал амин чухал юм. Энэ дашрамд Монгол орон гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг чөлөөт ертөнцийн хүчирхэг гүрнүүд рүү хандуулах ёстой гэж үздэгээ хэлье.
Мэдээж ардчилал гэдэг бол хүн бүрт тухайн ард түмэнд боломж олгодог болохоос биш бэлэн зэлэн хоол бэлддэг, зөв буруу гэж зам мөрийг нь заагаад хөтлөөд явдаг зүйл биш. Тэр тусам тав, арван жилд ч юм уу хэрэгжүүлэх ёстой кампанит ажил, эсвэл нэг сайн өдөр биелдэг ид шид бишээ. Ерөөсөө зөвхөн хүн өөрийн эрхээр явах гэвэл сонгодог, бусдын эрхэн дор жаргаж болмоор санагдвал гаждаг ийм л зам. Ямар замаараа явах нь хүн бүрийн болоод монголын ард түмний л эрх.
Монголчууд ардчиллыг сонгохдоо өөрсдөө өөрсдийнхөө хувь заяа, ирээдүйд эзэн болно гэж сонгосон. Гэтэл сонгосон төр засагтаа ч хүн бүр эрх, эрх чөлөөндөө эзэн болж чадаагүй л байна. Улс орны маань хувь тавиланг коммунистууд тодорхойлсон хэвээр л ард түмэндээ урагшгүй бодлого, үйл ажиллагаагаа тулгасаар байна. МоАХ анх байгуулагдахдаа л Монголд тогтсон коммунист дэглэмийг түлхэн унагах зорилгоо ил тод зарласан, одоо ч хуучин шинэ ялгаагүй коммунистууд Монголын төрийн бодлогыг тодорхойлдог байсан цагт МоАХ-ны зорилго биелэх болоогүй.
МоАХ анхнаасаа тайван тууштай тэмцлийн аргаар төрийн эрх мэдлээс коммунистуудыг зайлуулах боломж байсан боловч улс төрийн намуудын өрсөлдөөн бодлогод түшиглэн хөгждөг ардчилсан тогтолцоог хүндэтгэж намуудад ийм боломж, цаг хугацаа гаргасан юм. Монголд 74 дэх жилдээ эрх барьж байгаа МАХнам монголын ард түмний эрх ашгийг хамгаалж тэдний шинэ сонголтыг хэрэгжүүлж чадах чадваргүй болсон нь нэгэнт харагдлаа. Шинэ намуудын хувьд дээрх нөхцөлийг бүрэлдүүлж бас л чадсангүй. Тэдэнд бодлогоо хэрэгжүүлэх боломж ч олдсонгүй.
МоАХ-г түүний гишүүд, дэмжигчид таван жил байгууллаа. Ерөөсөө ардчилсан хүчин гэдэг нэг нэртэй хэсэг байгууллагууд өөрсдийгөө үүсэн цагаасаа эхлэн байгуулсаар ирлээ. Би энэ байгуулах гэдэг үгийн цаана ардчилсан хүчин өсөж бойжиж, улс орноо, ард түмнээ шинэ замаар авч явах чадвар боломж нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байгааг хэлж байна. Бид ардчилсан хувьсгалыг санаачилж ололт бүхнийх нь төлөө хүч чадлаа зориулж, алдсанаас нь сургамж авч явсаар өдий хүрлээ. Одоо бид энэ боломж, хүч нөөцөө улс орон, ард түмэндээ зориулахад бэлэн байна.
Та бүхэн МоАХ-ны анхдугаар их хурал хуралдаж Монголын Ардчилсан Нам байгуулагдаж Монголд Коммунизмын ноён оргил ганхаж байсан үеийг санаж байгаа. Тэр их хурлаас коммунист удирдагчдыг бүгдийг нь зайлуулах, тэдний явуулж ирсэн ялт бодлого, ард түмний эрх ашгийг хохироосон үйлдлийг нь шударга шүүхээр шүүх гэсэн шаардлага шийдвэр гарсан билээ. Өнөөгийн манай орны улс төр, нийгэм эдийн засгийн байдал, тавигдаж байгаа шаардлага тэр үеийнхнээс ямар ялгаатай вэ? Манай нийгэм улс төрийн байдал 1990 оны үедээ эргэж орж зарим талаар түүнээс ч дордлоо гэсэн дүгнэлт хийж байгаа тухайгаа МоАХ энэ оны эхээр зарласан. Одоо ч тэр байр сууриа өөрчлөөгүй байгаа гэдгээ хэлмээр байна. Үүнийг л би илтгэлдээ товч болов тайлбарлах гэж чармайлаа.
Өнөөдөр тар үеэс нэг л зүйл их өөрчлөгджээ. МоАХ-ны анхдугаар их хурлын үеэр Та бидний сайн танил Баабар үг хэлэхдээ Данийн алдарт үлгэрч Ханс Андерсений “Шалдан хаан” гэдэг үлгэрээс иш татаж байсан. Хааныгаа шалдан байгааг харсан албатнууд нь Манай хаан ямар гоё хувцастай болоо вэ? Хэсэг зулгуйдан шашгиралдаж байтал нэгэн бяцхан хүү –Хаан шалдан байна гэж хашгирснаар хэрэг бишдэж бүгд л тэр хүүг залхаах гэж хөглөсөн тухай энэ үлгэрт гардаг.
1990 онд Монголын ардчилсан хүчнийхэн – Хаан шалдан байна гэж хэлэхэд тэр хаад ичиж эмээн, буруугаа хүлээгээд огцорч байсан, харин одоогийн хаад шалдан байгааг нь хэлээд байх тусам хээв нэг л суугаад л “би шалдан биш байна” гэж ирээд л өөрийгөө өмөөрөх боллоо. Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл явц, манай орны байдал товчхондоо ийм л байна.
Баярлалаа.
Хянасан: Б.АРИУНБАЯР