И.Дашням
/Хууль зүйн дээд сургуулийн захирал/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг: (Хөгжлийн үечлэл, Эртний үеийн хууль, Дундад үеийн хууль, Онцлог бодлого, Шинэ үеийн хууль, Шинэхэн үеийн хууль,)
Монголын хууль цаазын хөгжлийн үечлэл. Мянга мянган жилийн турш хүн төрөлхтнөөс хуримтлуулан бий болгосон хууль цаазны аугаа их санд нэвтэрч, түүнээс гэгээрэн хүртэх бололцоо нээлттэй болсон орчин үед лалыг судлал мэдрэхүйн учир холбогдол байгаа нь гүнээ мэдрэгдэж байна.
Энэ нь Монгол орон нэг намын ноёрхол, үзэл суртлаас чөлөөлөгдөн, ардчиллын замд эгрэлт буцалтгүй орсноор хууль цаазын уламжлалаа жинхэнэ байдлаар нь танин мэдэх гэсэн Монгол түмний үндэсний хүсэл, сонирхол сэргэж ирсэнтэй холбоотой. Нөгөө талаар, дэлхий дахины хууль цаазын ололтыг авч ашиглахын тулд үндэсний хууль цаазын уламжлалаа сайн мэдэж, түүнтэй харьцуулах жиших, нягт холбож үзэх явдал шаардагдах болсон нь нэгэн бодит хүчин зүйл болж байна.
Монгол түмний олон үеийнхний оюун ухаанаар тунгаагдсан арвижиж ирсэн хууль цаазын сан хөмрөг хосгүй баялаг юм. Тэр их сан хөмрөг 2200 гаруй жилийн түүхэтй. Түүнд Монгол орны уудам саруул тал нутаг, хангай, говь, уул, ус, ургамал, амьтан, уур амьсгал, зан заншил, бие бялдар, араншин төлөв, сэтгэц оюун, эрхлэх аж ахуй, түүнээ хөтлөх ёс горим зэрэг өөр ямар ч ард түмэнд байхгүй өвөрмөц онцлог цогцлон шингэсэн байдаг бөлгөө.
Монгол орон, түүний хүн ардын унаган ахуй амьдрал дүр төрх, төлөвшил хөдөлгөөнийг агуулсан хууль цаазын хөгжлийг дөрвөн үндсэн үед хувааж болох юм. Үүнд:
- Монголын эртний үеийн хууль цааз
- Монголын дундат үеийн хууль цааз
- Монголын шинэ үеийн хууль цааз
- Монгол шинэхэн үеийн хууль цааз
Монголын эртний үеийн хууль цааз. Манай эрнинй өмнөх 209 онд Хүннү улс бүрэлдэн тогтсоноор эхэлж XIII зууны эхээр монголын төвлөрсөн улс байгуулагдах хүртэлх цаг хугацааг хамрана. Эл үед Хүннү, Сүмбэ, Нирун, Түрэг, Уйгур, Кидан улс, Хамаг Монгол, Хэрэйд, Найман зэрэг хант улсууд оршин тогтнож байхдаа бичмэл хууль цааз гарган мөрдөж байжээ. Аливаа улс байгуулагдмагцаа төрийн болон хууль цаазын тогтолцоогоо бүрэлдүүлдэг жам ёс, Монгол нутаг дээр оршиж байсан эртний улс тус бүрд илрэн тохиож ирснийг тэмдэглэвэл зохино. Эдгээр улсын хаад төрөө засаж, иргэдээ харъяалан захирахын тулд засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь бий болгох төрийн байгууллага байгуулах татан буулгах, төрийн албан тушаалтныг томилох өөрчлөх, цэргийн зохион байгуулалт тогтоох, албан татвар авах, өмч хөрөнгө, газар нутаг, харъяат иргэд хуваарилах, нийтээр сахих дэг журам тогтоож хэрэг үйлдэгсдийг зэмлэн шийтгэх зэргийг хууль цаазаар бэхжүүлэн хэрэгжүүлж байв.
Хүннү улсын хаан цаазаар түмт, мянгат, зуут, аравтаас бүрдэх засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь тогтоож, тэдгээрийн даргачийг томилж ажиллуулсан нь эртний улсуудад төдийгүй Монголын төвлөрсөн улсын үед ч уламжлагдан хөгжсөн бөлгөө. Мөн тус улсын үеэс бий болсон “Хурилдай” нь төрийн зохион байгуулалт, үйл жаиллагааны нэгэн хэлбэр болж Монголын төрийн амьдралт залгамжлагдсан ажээ. Хүннү, Нирун улсын хааны цааз, Түрэгийн цэргийн цааз, Кидан улсын албан татвар, тариалан, давсны тухай цаазууд эртний улсуудын амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Эртний улсуудын хууль цааз нь Монголын хууль цаазын эх үүсвэр болохын хамт түүний цаашдын хөгжилд уламжлагдах олон зүйл өвийг үлээн шингээснийг зүй ёсоор хүлээн зөвшөөрвөл зохих билээ.
Монголын дундут үеийн хууль цааз. Монголын түүхийн 700 гаруй жилийг хамарсан энэхүү үед Монгол хууль цаазын хэв шинжийг тусган агуулсан. “Их засаг”, “Арван буянт номын цагаан түүх”, “Алтан хааны цааз”, Мандухай сэцэн, Түмэн засагт, Лигдэн хааны цааз, Халхын үйсэн дээр бичсэн цааз, “Дөчин дөрвөн хоёрын их цааз”, “Халх журам”, “Зарлигаар тогтоосон гадаад монголын хууль зүйлийн бичиг” зэрэг олон цааз гарч үйлчилж байжээ.
Дээр дурьдсан цааз түүхийн өөр, өөр цаг хугацаанд гарч мөрдөгдөн мөн өөр, өөрийн гэсэн онцлогтой байж, тухайн түүхэн нөхцөлдөө тохирсон нийгэм, хууль зүйн үүрэг гүйцэтгэсэн ажээ.
Монголын дундат үеийн цаазын хамгийн эхнийх нь болох Монголын төвлөрсөн их улсын төрөөс тогтоосон цааз, зарлигийг “эмхэтгэн” хэлбэршүүлсэн “Их засаг”-т Монголын тулгар төрийн хэлбэр, дэг журам, түүний байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа, төрийн албоны бүтэц горим, төрийн захирах, захирагдах болон газар нутаг, аж ахуйг ашиглах, хөтлөх ёс, иргэний амьдрал, эрүүгийн бодлого, өш шийтгэлийн төрөл хэлбэрийг тогтоон бэхжүүлжээ. “Их засаг” нь “нүүдлийн” мянгийн соёл иргэншилт улс оронд үйлчлэх хууль цаазын түгээмэл хэв шинжийг агуулсан учраас эртний Вавилон улсын “Хаммурагийн хууль”, Энэтхэгийн “Манугийн хууль” зэрэг бүхэл бүтэн нийгэм эдийн засгийн байгууллыг тогтоон хэвшүүлсэн хэв шинжит цаазын түвшинд хүрсэн бөлгөө.
Чингис хааны байгуулсан монгол угсаатны улс дэлхийн хүчирхэг гүрэн болсны нэгэн нууц нь “Их засаг”-ийн хүч чадалд оршиж байсан байж болохыг үгүйсгэх юун.
XIII зууны үед Монголчууд бичиж үлдээсэн “Монголын нууц товчоо” Ираны алдарт түүхч Жувейны “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”, Бар Хэбрэусийн “Сирийн түүхэн тэмдэглэл”, XIV зууны бичгийн их хүн Рашид-ад-Дины “Судрын чуулган”, XIX зууны Оросын нэрт эрдэмтэн В.В.Бартольдын “Монголын довтолгооны үеийн Туркестан”, И.Н.Березовын “Зүчийн улсын дотоод байгууламж”, Францын Д.Оссоны “Монголчуудын түүх” XX зууны Америкийн профессор Жорж Вернадс кийн “Чингис хааны Их засгийн судалгаа, түүний агуулга”, Оросын профессор В.А.Рязановскийн “Чингис хааны их засаг”, Хятадын эрдэмтэн Р. Сайшаалын “Чингис хаан товчоон” Монголын эрдэмтэн Ш. Нацагдоржийн “Чингисийн цадиг”, Ч.Жүгдэрийн “Монголын феодализм тогтох үеийн нийгэм, улс төр, гүн ухааны сэтгэлгээ” Дэндэв нарын “Монголын хууль цаазын эрт, эдүгээгийн түүх”, С. Жалан-Аажавын “Халх журам бол монголын хууль цаарын дурсгалт бичиг мөн” зэрэг бүтээл “Их засаг”-ийн шинж төрх, агуулга, ач холбогдлыг шинжлэх ухааны үүднээс танин мэдэхэд чухал үүрэг, гүйцэтгэж байна.
“Их засаг”-т Монгол угсаатны төрлийн бодлогын гол зангилаа асуудлыг хуульчлан бэхжүүлсэн дэг журам, дагаж мөрдөх ёс горимыг илэрхийлсэн олон заалт байдаг нь тухайн үедээ төдийгүй дараа дараачийн үеийн хууль цаазын бодлогод уламжлагдан хадгалагдах шинжтэй байжээ.
“Их засаг”-т “миний зарлигийг аман дээрээ дагаж, алсдаа зөрчиж уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлэгсэд болбоос нийтийг захирч үл чадна”, “хэн өөрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харъяат улсаа захирч чадна. Аравтыг захирч чавсан хүнд мянгат, түмтийг захируулж болно” гэж заасан нь төрөөс хууль цаазыг заавал сахин биелүүлэхийн нийгмийн утга уичр, зайлшгүй шаардлага, төрийн албанд ажиллах хүнийг томилон ажиллуулах гол шалгуурыг тодорхойлсон хэрэг байв. Үнэндээ төрийн нэр хүнд, хүч чадал нь хууль цаазыг эргэлт буцалтгүй биелүүлж, төрийн өмнөөс түүний үүргийг хэрэгжүүлэх хүмүүс жинхэнэ байдлаараа “шалгарсан” өндөр чадавхи, авъяас билэгтэй байхад орших нь онолын хувьд ч практикийн үүднээс ч маргашгүй зүйл мөн ажгуу.
“Их засаг”-ийн энэ бодлого дараа дараагийн Монгол цаазад гүнзгийрэн шингэснийг тэмдэглүүштэй. “Цагаан түүх”-д хаан, тайж зайсан, чинсэн, өрөг, дархан, чэрби, тайбу, заланч, оточ, бичээч, номын санч, эдийн сан хадгалагч, манлайч буурч, тамгач, шүүгч зэрэг олон арван албан тушаал байхыг тодорхойлж, тэдгээрийн үүрэг, хүлээх хариуцлагыг тогтоосон нь нэн гайхамшигтай.
Алтан хааны хуульд “хааны цааз алтан булга мэт сүр хүчин ихтэй” гэсэн нь төрийн хүч хууль цааздаа байхыг илэрхийлсэн Монгол төрийн бодлогын уламжлал авай.
Дундат үеийн хууль цаазад хүний амь нас, бие мах бодь, мал, түүний ашиг шим, хэрэглэгдэхүүн болон ан амьтдыг хамгаалах төрийн бодлогыг ихээхэн өвөрмөц онцлогтойгоор хуульчилж байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй билээ.
Хүний амь насыг хороох, бие махбодийг гэмтээсэн хэрэгт ял оногдуулахдаа ямар арга хэрэгслээр, хэрхэн үйлдэж, ямар үр дагавар үлдээснийг нь маш нарийн харгалзаж байжээ. Жишээлбэл “Алтан хааны хууль”-д хүүхдээ төрсөн эцэг нь хороовол 5 өс, тэжээсэн эцэг нь хохироовол 4 өс, түймэр тавьж хүн үхүүлбэд 3 өс, хүний шүд хугалбал 9 малаар торгохоор заажээ. Мөн “Монгол-Ойрадын цааз”-д эцэг, эхээ зодвол 1 өс, хадам эцэг, эхээ зодвол 3 өс, хадам нь бэрээ зодвол 2 өсөөр торгох гэх мэтээр заасан байна.
Мал түүний хэрэглэгдэхүүнийг хулгайлсан хэрэгт оногдуулах ялыг туйлын нарийчлан тогтоож байжээ. “Их засаг”-т морь хулгайлбал ижил зүсийн 9 морь авах, эс өгвөл цаазлахаар заасан бол “Алтан хааны хууль”-д морь, үхэр, хонь, ямаа, тэмээ хулгайлбал 9 өсөөр торгох, “Монгол-Ойрадын цааз”-д тэмээ хулгайлбал 15 агт морь, азрага хулгайлбал 10, гүү хулгайлбал 8, үхэр, даага, хонь хулгайлбал 6 өсөөр торгохоор тогтоожээ.
Түүнчлэн малын ноос, ноолуур, сүүл, хялгас, эмээл, хазаар ногт, чөдөр, тушаа зэргийг хулгайлбал толгой мал болон өсөөр торгохоор дундуат үеийн хуулиудаа заасан байна.
Ан амьтдыг хамгаалах явдал энэ үеийн Монгол цаазын бодлогод ихээхэн том байр эзэлж байжээ. Тухайлбал хулан, тахь, хандгай, янгир, угалз, буга, элбэнх, дого, тарваг зэргийг агнах хугацаа журмыг хуулиар тогтоон мөрдөж байв. Алтан хааны хуульд эдгээр анг албал тус бүрийг нь 5 толгой малаар торгохоор заажээ. Ийм маягийн заалтууд бусад хуульд ч бий.
Дундат үеийн хууль цаазын агуулгаас үзэхэд уламжлагдаж ирсэн бодлогын шинжтэй хэдэн онцлог байгаа нь ажиглагддаг. Энэ нь нэгдүгээрт, төрийн эрүүгийн бодлогод торгуулийн ялыг зонхилуулж улмаар түүнийг хэрэглэхдээ хүмүүсийн амьдралд шийдвэрлэх роль гүйцэтгэдэг малтай нь нягт холбож байснаар тодорхойлогдоно. Торгууль төлөх үндсэн хэлбэр нь ес (9 толгой мал) таван толгой мал, нэг толгой мал байжээ. Нэг ес нь адуу, үхэр, тус бүр 2, хонь ямаа бүгд 5, таван толгой малд адуу, үхэр тус бүр 1, хонь ямаа 3 толгой багтаж байв. Ийнхүү хүнийй өдөр тутмын амьдралд хамгийн ойр бөгөөд гол хэрэгцээг нь хангаж байдаг зүйлтэй холбож үйлдлйнх нь хэлбэр хэмжээ, хор хохирлыг нарийвчлан харгалздаг нь нөлөөллийн хувьд муугүй байсан бололтой. Хоёрдугаарт, хууль цаазаар хамгаалах, хамгийн гол объектэд хүн, мал, ан амьтдыг хамааруулан онцгойлн анхаарч нэн нарийчилсан заалтууд оруулж ирсэн нь тэр үеийн төрийн бодлогод эдгээр нь тулгуур байр суурь эзэлж байсныг харуулна. Гуравдугаарт, ялангуяа мал сүргийг хулгайгаас хамгаалах, өвчин эмгэг, цас ус, салхи шуурганаас аврах хууль цаазын аргыг нэн гол байр суурь эзлүүлж ирсэн нь тохиолдлын буё харин төрийн бодлоготой холбоотой байсан бизээ. Дөрөвдүгээрт, торгож баалахын хамт шагнаж урамшуулах аргыг өргөн хэрэглэж, хууль цаазын нөлөөллийн нэг гол хэрэгсэл болгосон нь анхаарал татна. Хэргийг илрүүлсэн, гэрчилсэн, хүнийй амь нас, бие махбодийг аварсан, малыг ус шавраас гаргасан, цас, шуурганаас хамгаалсан, зэрэг үйлдэлд тодорхой мал өгч байхыг хуулиар тогтоож иржээ.
Шинэ үеийн хууль цааз. Монголын төр, хууль цаазын түүхийн шинэ үе XX зууны эх буюу 1921 оны III сард Монгол оронд Түр засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн 1924 онд батлагдсан улсын анхдугаар Үндсэн хуулиар баталгаажин 1990 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл үргэлжилжээ. Энэ үеийн гол онцлог нь Монгол орон үндсэн хуульт байгуулалтад шилжин, түүний дагуу хүн төрөлхтний шинэ үеийн эрх зүйн тогтолцооны нэгэн хэлбэр бүрэлдэн тогтсонд оршино.
Монгол оронд, социалист онол, нэг намын бодлого, коммунист ангич үзэлд тулгуурласан нийгэм, төрийн тогтолцоо төлөвшиж, түүнд нийцсэн хууль цааз үйлчилж байсан нь түүхэн тодорхоий зүйл мөн. Үүгээр эл үеийн хууль цаазын шинж чанар тодорхойлогдох хэдий ч онол, арга зүй, түүх, уламжлалын үүднээс тэмдэглэмээр зүйл бий.
1921 оноос эхлэн Монгол оронд эрх зүйн шинэчлэлт явагдаж түүний хууль зүйн үндэс суурь нь Монгол улсын 1924 оны Үндсэн хууль болжээ. Ази тивийн орнуудаас хоёр дахь нь болсон эл Үндсэн хуульд Монгол бол бүгд найрамдах засаг бүхий нэгдмэл улс болохыг тунхаглаж, монголын төрийн байгууллагын бүтэц, эрх хэмжээ, иргэдийн эдэлбэл зохих эрх, эрх чөлөөний үндсийг тогтоон бэхжүүлсэн нь тухайн үедээ ихээхэн дэвшилттэй зүйл болжээ. Шинэ Үндсэн хуулийн дагуу Удсын Их Хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газар, төрийн яамд орон нутгийн засаг захиргааны байгууллага, Улсын Дээд Шүүх Таслах Газар, Прокурор, нотариат өмгөөлөх байгууллагын дүрэм, Монгол Улсын Шүүх Цаазны бичиг, Эрүү, Иргэний байцаан шийтгэх хууль, санхүү зээл, албан татвар, хөдөлмөр, нийгмийн даатгал, иргэн, гэр бүл, газар бэлчээрийн тухай зэрэг хууль дүрэм батлагдан үйлчилснээр улс орны амьдралын нийт салбарыг хамарсан монголын шинэ үеийн анхны эрх зүйн систем бүрэлдэн бий болсон байна. Монголын шинэ үеийн эрх зүйн анхны систем Монгол улсын 1921, 1960 оны Үндсэн хуулиудын дагуу шинэ хууль тогтоомжоор сэлбэгдэн төлөвшихдөө Ром-Германы эрх зүйн систем, социалист онолыг эх үндэс болгосон нь түүний онол арга зүй, агуулга, хэлбэрт зарчмын өөрчлөлт ороход хургэжээ. Энэ үеийн хууль цааз үндэсний уламжлал, зан заншлаасаа ихээхэн хөндийрч улс төржих, намчирхах, хэлбэрдэх, хуулбарлах хандлагад автагдсан нь эрх зүй хэрэгжих явц, түүний үр дагаварт эерэг бус нөлөө үзүүлж иржээ. Энэ дүгнэлт нь шинэ үеийн эрх зүйн гуйцэтгэж ирсэн үүргийг бүхэлд нь “харлуулж” буй хэрэг бус. Түүнд түүхэн дэвшил ч агуулагдаж байсан. Мөн цаашид уламжлан авах зүйлч бий гэдэг нь эргэлзээгүй. Орчин үед эрх зүйн шинэ тогтолцоог эх газрын системд тулгуурлаж, түүнийг хэрэгжүүлж ирсэн бодлого, эрх зүйн салбар, төрөл, бутэц, эрх зүйн зохицуулалтын механизм, хууль зүйн хариуцлагын тухай онолын шаардлага тавигдаж байна. Тэдгээрийн дагуу Үндсэн хууль, төрөлжсөн хуулиуд гаргаж байсан уламжлалыг шинэ aгyулгаар баяжуулан хэрэглэх нь монголын үндэсний эрх зүй цаашид хөгжих нэг ухал нөхцөл мөн. Шинэхэн үеийн хууль цааз. 1990 онд Үндсэн хуульд өөрчлөлт орж нэг намын ноёрхлыг халж, байнгын ажиллагаатай парламент (Улсын Бага Хурал) байгуулагдан уйл ажиллагаагаа явуулснаар Монголын хууль цаазын хегжлийн шинэхэн үе эхэлсэн гэж хэлж болно.
Эрх зүйн хөгжлийн шинэхэн үеийн гол хандлага нь монгол орон ардчилал, зах зээлд шйлжиж, иргэнийн ардчилсан нийгэм байгуулах хууль цаазын нөхцөлийг бүрдүүлэн хангахад чиглэж байна.
Одоо Монгол оронд нийгмийн амьдралын бүх хүрээ, салбарт эрх зуйн шинэчлэл явагдаж байгаа нь өнөө үеийн монголын эрх зүйн хөгжлийн үндсэн агуулга мөн. Монгол Улсьн 1992 оны Yндсэн хуулийг Эх үндэс болгосон эл шинэчлэлийн хурээнд нийгэм, улс төр, иргэний амьдралын эрх зүйн шинэ үндсийг бүрэлдүүлэх, хуучин хууль тогтоомжийг халж орчин үеийн шаардлага, дэлхий дахины жишиг түвшинг харгалзсан хууль тогтоомжийн шинэ систем бий болгох улмаар түүнийг хангах зохион байгуулалт, эрх зүй сэтгэл оюуны болон материаллаг орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа өрнөж байна. Тэгэхдээ эрх зүйн шинэчлэл нь стратегийн болон тактикийн шинжтэй тодорхой зорилго, зорилтыг агуулсан хэд хэдэн үе шатыг дамжиж зохих цаг хугацааг хамран явагдах нэгдсэн үйл явц мөн. Энэ утгаар нь авч үзвэл шилжилтийн байдлыг тусгасан эрх зүйн шинэчлэл нь монголын шинэхэн үеийн хууль цаазын хөгжлийн эхний шатны гол агуулга болох нь ойлгомжтой. Гагцхүү үүний дараа шинэхэн үеийн хууль цаазын хөгжил чанарын шинэ түвшинд шилжиж, нийгэм төрийн амьдрал хэвийн явагдах эрх зүйн үндэс бүрэлдэж, түүнийг цаашид боловсронгуй болгох үйл явц улс орны хөгжлийн хандлага, тухайн үеййн шинжлэх ухаан, техникийн дэвшлийн ололт амжилттай холбогдон улам бүр гүнзгийрнэ.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/