Ж. Батсайхан
/УИХ-ын Тамгын газрын ажилтан/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Нийгмийн даатгалын тогтолцоо, Тэтгэвэр, Тэтгэмж, Тэтгэлэг, Даатгал, Эрсдэл
Үндэсний эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцын хүрээнд эхэлж байгаа нийгмийн даатгалын шинэ тогтолцооны тухай асуудлыг авч үзэхдээ юуны өмнө өөр хоорондоо нягт холбоо бүхий нийгмийн баялгийн хуваарилалтын тэгш бус байдал, нийгэм дэх аливаа риск3, түүний удирдлагын (Эрсдлийн менежмент) талаарх товч ойлголтоос эхлэх нь зүйтэй юм.
- Тэгш бус хуваариалалт ба риск, рискийг удирдах нь:
Хүмүүсийн мэргэжил, нас, хөдөлмөр ур чадвар, цалин, орлого, өмчийн хэр хэмжээ зэргийн харилцан адилгүй байдал нь нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус байх учир шалтгаан болдог. Ийм ч учраас өндөр үр ашиг, бүхий зах зээлийн тогтолцоон дээр дурдсан шалтгааны улмаас нэгэнт оршин байдаг хуваарилалтын тэгш бус байдлыг нөхөн үйлдвэрлэдэг жамтай.
Энэхүү хуваарилалтын тэгш бус байдал нь нийгмийн тодорхой хэсэг бүлэг, хувь хүний амьдрал, үйл ажиллагаанд нийгмийн чиглэлийн болзошгүй сөрөг үр дагаврыг (рискийг) бий болгодог байна. Эндээс хуваарилалтын тэгш бус байдал нь нийгмийн тодорхой хэсэг бүлгүүдэд болзошгүй рискийг байнга тулгаж байдаг нь ойлгогдох юм.
Үүнтэй уялдаад болзошгүй рискийг хүлээж, урсгалд нь орхих уу гэдэг асуулт гарч ирнэ. Энд юуны өмнө чөлөөт өрсөлдөөний зах зээлийн тогтолцоо нь болзошгүй янз бүрийн рисктэй харьцах шинэ арга, хэлбэрийг нөхцөлдүүлж байдгийг ойлгох нь чухал. Рисктэй харьцах ойлголтод юуны өмнө рискийг бууруулах, удирдан зохицуулах замаар түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавраас нийгмийн тодорхой хэсэг бүлэг, хувь хүн, бизнесийн байгууллагыг хамгаалах асуудал хамрагддаг (Зураг 1). Хуваарилалтын тэгш бус байдлыг өөрчлөх замаар нийгмийн тодорхой хэсэг бүлэгт учирч болзошгүй рискийг бууруулах үүрэг төр, засагт оногддог бөгөөд төр, засаг энэхүү байдлыг дахин хуваарилалт хийх замаар л өөрчилж чаддаг.
Төр дахин хуваарилалтыг хийхдээ юуны өмнө татварын дэвшилттэй бодлого барих, хөдөлмөрлөх чадваргүй хүмүүс зэрэг нийгмийн эмзэг хэсэгт нийгмийн халамж үзүүлж, нийгмийн даатгалд хамруулах зэрэг арга хэмжээг авдаг.
Харин дахин хуваарилалт нь нийгмийн хэмжээний алдагдалд хүргэх эсэх, хэрвээ алдагдалд хүргэвэл түүнийг хэрхэн нөхөх асуудлыг сайтар тооцолсон байхыг шаарддаг бөгөөд энэ рискийн удирдлагын асуудлыг зүй ёсоор хөнддөг. Рискийн удирдлага буюу рискийн менежмент гэдэг бол рискийг бууруулах замаар түүний сөрөг үр дагаврыг (хохирлыг) багасгах арга, хэрэгслийн системчилсэн тогтолцоо гэж хэлж болох юм.
Рискийн удирдлага нь зөвхөн нэг удаагийн үйл явц биш бөгөөд хээд хэдэн үе шатыг дамжих тасралтгүй үйл явц байдаг. АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Стив Кассади рискийн удирдлагын үйл явцыг дараах 6 үе шатаар авч үзсэн байдаг.
I үе шат: Рискийн удирдлагын зорилтыг тодорхойлох (хохирлын давтамж мөнгөн хэмжээг тогтоох)
II үе шат: Алдагдал гарч болзошгүй хохиролтой зүйлүүдийг тодорхойлох,
III үе шат: Алдагдлыг үнэлж цэгнэх (хохирол хэр нөлөөтэй вэ гэдгийг тогтоох)
IV үе шат: Болзошгүй хохирлуудыг бууруулах, түүнээс удьдчилан сэргийлэх (зайлсхийх боломжийг судлаж, даатгалд хамруулах),
V үе шат: Бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах,
VI үе шат: Эргэж дахин хянах шат (Рискийн бүх нөхцөл байдлыг шалгаж байх үйл явц).
- Нийгмийн даатгал, түүний дэлхий дахины зарим практик
Нийгмийн даатгалын тогтолцоо нь хүмүүсийн амьдралд тохиолдох өвчлөх, нас хөгшрөх, гэнэтийн болон үйлдвэрлэлийн осолд өртөх, тахир дутуу болох, ажилгүйдэл, тэжээгчээ алдах зэрэг нийгмийн рискээс нийгмийн тодорхой хэсэг бүлгүүдийг хамгаалах, болзошгүй рискийг удирдан зохицуулахад чиглэгдсэн эдийн засаг, нийгмийн олон талт арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэрэгслийн цогц юм.
Энэхүү тогтолцоо XX зууны II хагасаас дэлхий дахинаа өргөн дэлгэр хөгжих болжээ.
Дэлхийн олон улс оронд нийгмийн даатгалын тусламжтайгаар эмнэлэгийн эмчилгээ, үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, нөхөн сэргээлт явагдаж, өндөр настан, тахир дутуу хүмүүст халамж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Улс орнуудын практикт тэтгэвэр, тэтгэмжид хамруулах хүрээг тогтоохдоо дараах зарчмуудын аль нэгийг баримталж байна. Үүнд:
- Иргэнчлэл буюу тухайн улс оронд амьдарч буй харъяаллын зарчмаар,
- Хөдөлмөр, үйлдвэрлэлийн үйл ажиллагааных нь зарчмаар (Хөдөлмөрийн гэрээгээр буюу хувиараа хөдөлмөр эрхэлж буй үйл ажиллагааных нь явцад),
- Амьдралын баталгаат түвшингээс доогуур амьдарч байгаа байдлаар нь (Гэр бүлийн нэг гишүүнд оногдох орлого нь баталгаат түвшингээс доогуур)
Нэгдүгээр зарчмаар олгогдож буй тэтгэвэр, тэтгэмжийн хамаарлын өргөн хүрээтэй (универсал) тэтгэвэр, тэтгэмж гэж нэрлэдэг. Ийм өргөн хамаарал бүхий тэтгэвэр тэтгэмжийг Австрали, Канад, Дани, Финлянд, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Швейцар, Швед зэрэг оронд олгож байна.
Скандинавын орнуудад бүх иргэндээ тэтгэвэр, тэтгэмж олгодог зарчмаас гадна хөдөлмөр, үйлдвэрлэлийн зарчмаар олгох тэтгэвэр, тэтгэмжээс нэмэлт болгон олгодог давхар тогтолцоог хэрэглэж байна.
Хөдөлмөр, үйлдвэрлэлийн зарчмаар олгодог тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилт нь аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллагсдаас төлөх шимтгэлээс бүрддэг бөгөөд бие даасан сан нь нийгмийн даатгалын байгууллагын мэдэлд байдаг. Нийгмийн даатгалын төсвийг захиран зарцуулдаг нийгмийн даатгалыг байгууллага нь ихэнх улс оронд парлементдаа үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг байна. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг Засгийн газар, эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн сонгуульт комисс удирдаж байдаг. Дийлэнх улс орнуудад нийгмийн даатгалын байгууллагууд нь нийгмийн даатгалын аль нэг төрөл, хэлбэрийг удирдан зохион байгуулж байна. Тухайлбал, тэтгэврийн асуудлыг нэг байгууллага хариуцаж байхад нөгөө нь эрүүл мэндийн даатгалын асуудлыг, өөр нэг нь ажилгүйдлын даатгалыг гэх мэт.
Өнөөдөр нийгмийн даатгалд гэрийн ажилтан, иргэн, зарц, гэр бүлийнхээ хүрээнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зэрэг эдийн засаг, амьжиргааны талаар сул хэсэг бүлэг хөдөө аж ахуйд ажилладаг фермерүүд, жижиг, гар урчууд, чөлөөт уран бүтээлчид зэрэг зохион байгуулалттайгаар нийгмийн даатгалд хамруулахад бэрхшээлтэй иргэдийг нийгмийн даатгалын тогтолцоо нь хэрхэн хамруулах асуудал ихээхэн анхаарал татаж байна.
Бельги, Франц, Герман, Англи, Австрали зэрэг оронд өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн боловч ямар нэгэн шалтгаанаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй буюу тогтоолгосон тэтгэврийн хэмжээ нь орлогын тогтоогдсон баталгаат түвшингээс доогуур бүх иргэн нийгмийн халамж (тэтгэвэр) олгож байна.
Ихэнх улс оронд өндөр насны тэтгэвэр авагчдын доод хязгаар 65 байна. Мөн 30-40 жил ажилласан байх нь өндөр насны бүрэн хэмжээний тэтгэвэр тогтоолгох болзолт хугацаа юм.
- Монгол улс дахь нийгмийн даатгалын тогтолцоо түүний чиг баримжаа
Улсын нийгэм хангамжийн хуучин тогтолцоо нь иргэдийн нийгмийн баталгааг хангах үүргийг зөвхөн тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг олгох хэлбэрээр төр дагнан хариуцдаг зарчмыг баримталж ирсэн бөгөөд энэ нь захиргааны эдийн засгийн нөхцөлд нийцэж байсан билээ. Үндэсний эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явц гүнзгийрэх тусам зөвхөн улсын нийгэм хангамжийн салбар төдийгүй нийгмийн хамгааллын хуучин тогтолцоог бүхэлд нь халах зайлшгүй шаардлага аяндаа дэвшигдэв.
Улсын нийгэм хангамжийн хуучин тогтолцоог зорилго, агуулга, хамрах хүрээ, хөрөнгийн эх үүсвэрийн бүрдэлд, эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын хэлбэр, арга хэрэгсэлийн хувьд эрс өөрчлөх чиглэлээр шинэ тогтолцоог бүрдүүлэхэд 1994 онд Улсын Их Хурлаас батлан гаргасан нийгмийн даатгалын багц хуулиуд чухал ач холбогдолтой юм.
Улсын нийгэм хангамжийн одоогийн тогтолцоо “нийгмийн даатгал”, “нийгмийн халамж” гэсэн үндэсэн хоёр чиглэлээр задлаж, нийгмийн даатгалын шинэ тогтолцоог дараах үндсэн зарчимд тулгуурлан хөгжүүлэх эхлэл тавигдаж байна.
- Нийгмийн даатгалыг тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн үндсэн таван төрөлтэй, төрөл тус бүр бие даасан сантай байх.
- Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага тэдгээр ажиллагчид нийгмийн даатгалын санд зохих хэмжээний шимтгэл төлөх замаар тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээний зардлын төлбөрт зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрэлдүүлэх зохих үүрэг хариуцлага хүлээдэг байх
- Нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн хөдөлмөр эрхэлж буй иргэн нийгмийн даатгалын сангаас зохих болзол, нөхцөлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зэргээр хангагдах
- Эрүүл мэндийн даатгалаас бусад даатгалын төрөлд хамрах хүрээг тогтоохдоо иргэд хоорондын болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчид албан журмаар даатгагдах, хувиараа хөдөлмөр эрхлэгчид (ардын аж ахуйтан, малчид орно) чөлөөт уран бүтээлчид, эзэд даатгалын аль төрөлд, хэлбэрт даатгагдахаа өөрсдөө сонгон шийдвэрлэж байх зарчим баримтлах
- Нийгмийн даатгалыг эрхлэх байгууллага нь хууль тогтоомжоор тогтоосон шимтгэлийг бүрдүүлж, хуулиар заасан болзол журмын дагуу иргэдэд тэтгэвэр, тэтгэмжийг тогтооно олгодог үүрэг бүхий мэргэжлийн байгууллага байж, харьцангуй бие даасан зарчмаар ажиллахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан байгууллага, эзэд, засгийн газрын төлөөлөгчдөөс бүрдсэн гурван талт механизм бүхий төлөөллийн хяналтын дор үйл ажиллагаагаа явуулдаг байх
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насны доод хэмжээг янз бүрийн болзлоор бууруулах үзүүлэлт болж байсан зарим нөхцөлүүдийг хязгаартай болгох, тухайлбал онцгой ажил мэргэжлийг харгалзан иргэдэд хөнгөлөлтийг цаашид хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр зохицуулах нийгмийн эмзэг (дүлий, хараагүй, одой зэрэг иргэд) хэсэгт үзүүлж байсан хөнгөлөлтийг нийгмийн халамжийн хүрээнд хамааруулан шийдвэрлэх чиглэл баримтлах
- Тэтгэвэрт тогтоохдоо цалин, орлого багатай иргэдэд их хувиар, өндөр цалин авч байсан иргэдэд бага хувиар тооцож тэтгэврийг тэгшитгэж байсан зарчмыг өөрчилж тэтгэвэр тогтоох хувь хэмжээг ялгаварлахгүй байх
- Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэдэд учирсан хохирлыг бүрэн нөхөх баталгаатай нөхцөлийг бүрдүүлэх
- Хөдөлмөр эрхэлж байсан иргэд ажилгүй болсон тохиолдолд тодорхой хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч амьдралын баталгаагаар хангагдах боломж бий болгох
Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжих бодлогын энэхүү үзэл баримтлал нь хуучин тогтолцооны дараах сөрөг нөлөөллийг арилгах нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байна. Үүнд:
А. Нийгмийн даатгалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төр дангаараа хариуцах нөхцөл төсвийн хөрөнгийн хүрэлцээнээс хамаарч иргэдийн нийгмийн баталгаа зохих түвшинд хангагдах боломж бага байсан өрөөсгөл байдлаас гарах
Б. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд (эзэн ба ажилчин)-г хариуцлагаас хөндийрүүлж хэт эрт өндөр насны тэтгэвэрт гаргах сонирхлыг тэтгэсэн механизмыг өөрчлөх
В. Үйлдвэрлэлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах, хөдөлмөрийн үнэлэмжийг оновчтой тогтоож мөрдөх зэрэг асуудлыг аж ахуйн нэгжийн хүрээнд шийдвэрлэх хөшүүрэг байхгүй байсныг бий болгоход чиглэгдэнэ.
Нийгмийн даатгалын багц хуулиудын товч агуулгыг даатгалын үндсэн төрлүүдээр авч үзье.
А. Тэтгэврийн даатгал
Тэтгэврийн даатгалыг өндөр настны, тахир дутуугын, тэжээгчээ алдсаны гэсэн дэд төрөлтэй байхаар зааж дараах зарчмын шинэ болзлыг тусгасан болно. Үүнд:
- Нийгмийн даатгалд шимтгэл төлж ажиллавал зохих хугацааны доод хязгаарыг 20 жилээр, өндөр насны тэтгэвэр авах насны үндсэн болзлыг эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 байхаар тусгав. Харин, хүн амыг өсгөх бодлого, эхчүүдэд хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоож байгаа олон жилийн уламжлал зэргийг харгалзан олон хүүхэдтэй эхчүүд 20-оос доошгүй жил шимтгэл төлж ажиллаад 5 жилийн өмнө буюу 50 настай тэтгэвэр авахаар тусгав.
- Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар заалаа.
- Нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын дор тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол
- Нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 хүрсэн түүнчлэн, 20-оос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол
- Нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд аижллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол
- Өндөр насны тэтгэврийг шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалласан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45%-аар бодож тогтоож байхаар тусгаж тэтгэврийг тэгшитгэнэ хувиарладаг хуучин журмыг өөрчлөв.
Нийт шимтгэл төлж ажиллавал зохих 20 жилийн хугацаанаас илүү ажиллаж, шимтгэл төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5%-аар нэмэгдэл олгохоор заалаа. - Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-аас багагүй байлгахыг хуульчилж өглөө. Түүнчлэн даатгалтай иргэн нийтдээ 10-аас доошгүй жил ажиллаж шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэвэр тогтоолгох насандаа хүрээнд шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгоно. Энэхү хувь тэнцүүлэх зарчмыг тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэрт тодорхой нөхцөл болзлын дагуу хэрэглэхээр заалаа.
- Тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах иргэдийн шимтгэл төлж ажиллавал зохих хугацааны болзлыг 20 жилээр (өндөр насны тэтгэврийнхтэй адилаар) эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн сүүлийн 3 жилд нь шимтгэл төлсөн байхаар тогтоосон нь тэтгэвэрийн сангаас тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхийг баталгаатай хангах боломжийг бүрдүүлж байгаа юм.
- даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримтлах хувь хэмжээгээр (45; 1.5%) хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хувь хэмжээ нь ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тус тус тогтоогдоно. Түүнчлэн тэжээгчээ алдсаны тэтгэврийг өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хувь хэмжээнд ногдох хэсгээс (45; 1.5%) гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоог харгалзан 50-100%-аар бодож тогтоохоор хуульчилан заасан болно.
Б. Тэтгэмжийн даатгал
Тэтгэмжийн даатгалыг хөдөлмөрийн чадвар түр алдсаны оршуулгын гэсэн дэд төрөлтэй байхаар заалаа.
Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгох нөхцөл, болзлыг боловсронгуй болгож өвчлөхөөс өмнө 3-аас доошгүй хугацаанд шимтгэл төлж ажилласан нөхцөлд тэтгэмж олгох эрх үүсэх, хөдөлмөрийн чадвараа алдсаны эхний 6 хоногийн тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулах, тэтгэмж бодох хувь хэмжээг эмнэлэгт хэвтсэн, гэрээр эмчлүүлсэн гэж ялгахгүйгээр ажилласан жилээс нь хамааруулан даатгуулагчийн сүүлийн 3 бүтэн ажилласан сарын хөлснөөс 45-75%-аар бодож олгохоор тусгав.
Аж ахуйн нэгж, байгууллага эздээс хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, сахилгыг бэхжүүлэх, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах талаар тавих бодлого, анхаарал халамжийг дээшлүүлэх зорилгоор хөдөлмөрийн чадвар түр алдсан эхний 6 өдрийн тэтгэмжийг байгууллага, эздээс гаргуулах, 7 дахь өдрөөс хойших тэтгэмжийг даатгалын сангаас олгох шинэ зарчмыг хуульчилсан болно.
Нийгмийн даатгалын үйлчилгээний онцлог шинж чанарыг харгалзан оршуулгын тэтгэмж шинээр бий болгож тэтгэмжийн даатгалд нийтдээ 3-аас доошгүй жил шимтгэл төлсөн бүх даатгуулагч, тэтгэвэр авагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барахад нь ар гэрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 сарын хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хууль заав. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол шимтгэл төлсөн хугацааг үл харгалзахаар заасан болно.
В. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
Энэ даатгал нь тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр гэсэн дэд төрлүүдтэй байх юм.
Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдлөмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоож олгоно. Харин хөдөлмөрийн чадвараа 30 хүртлээ байнга алдсан бол 6 жилд ногдох удаан хугацаагаар алдсан бол эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоосон хугацааных нь тэтгэврийг өөрийнх хүсэлтээр бөөнд нь нэг удаа олгож болохыг заав. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан даатгуулагчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүст түүний тоог харгалзан тэжээгчийн хөдөлмөрийн сарын дундаж хөлсний 50-100 хувиар бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгох юм.
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дундаж хөлснөөс 10%-аар бодож олгохоор тусгав. Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, төрлийг хуульчлан тусгасан болно.
Г. Ажилгүйдлийн даатгал
Ажилгүйдлийн даатгал нь албан журмын (заавар) даатгал байх бөгөөд даатгуулагч 24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлж ажилласан, үүнээс сүүлийн 8 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн нөхцөлд ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсэхээс хуульд тусгав.
Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг даатгуулагчийн ажилласан хугацааг харгалзан түүний сүүлчийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45-75 хувиар бодсон тэтгэмжийг ажлын 76 хоногийн хугацаагаар олгож байхаар заалаа. Тэтгэмжийн доод хэмжээг 75 хувиас багагүй байхаар хуульчилж, тэтгэмж олгох хугацааг хасах, олгож байгаа тэтгэмжийг зогсоох, ажил олгогч болон даатгуулагчид даатгалын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл болзлыг тодорхой тусгасан болно
Д. Эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн даатгалд ажилгүй хүмүүс, гадаадын иргэн, харъяалалгүй хүн сайн дураар, бусад иргэд албан журмаар хамрагдана. Эрүүл мэндийн даатгалын санд иргэн болон төр аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу даатгалын хураамж төлж санг бүрдүүлнэ. Энэ сангаас даатгагдсан иргэдийн хэвтэн (стационарт) эмчлүүлэхэд гарсан эмчилгээ, үйлчилгээ зардлын төлбөрийг эмнэлгийн байгууллагад хийж байх юм. Албан журмаар даатгуулсан иргэний жилд төлөх хураамж нь 6 хувиас хэтрэх ёсгүй бөгөөд үүний 50-аас доошгүй хувийг нь аж ахуйн нэгж байгууллага төлдөг. Түүнчлэн 16 хүртэлх насны хүүхэд мэргэжлийн сургуульд суралцагч, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ 2 нас хүртэл өсгөн бойжуулахаар чөлөө авсан эх, тахир дутуугийн 1,2 зэрэг тогтоолгосон иргэн, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, малчны даатгалын хураамжийг төр хариуцаж байхаар хуульчилсан болно. Дээр дурдсан үзэл баримтлал нь эрх зүйн чиглэлээр боловсрогдоод байгаа нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлэх үйл явц ирэх оноос эхлэлээ тавих гэж байна. Цаашид нийгмийн даатгалын тогтолцоог төлөвшүүлэх ажлын хүрээнд дараах хэдэн чиглэлд анхаарах нь чухал гэж үзэж байна.
- Нийгмийн болон бизнесийн даатгалын чиглэлээр хувийн бизнес бий болгох нөхцөл, бололцоог хангах
- Нийгмийн даатгалын хуучин тогтолцооноос нийгмийн халамжийг хэсгийг ялгаж тусад нь тогтолцоо болгон хөгжүүлэх
- Даатгалын мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай сургаж бэлтгэх
- Олон улсын даатгалын байгууллагатай холбоотой нийгмийн даатгалын шинэ тогтолцоог зүгшрүүлэх чиглэлээр хамтран ажиллах
ХЯНАСАН: Б.АРИУНБАЯР