П.Доржсүрэн
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Нийгэм, Бодлого боловсруулах, Нийгмийн хандлага, Нийгмийн асуудал
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих явцад тохиолдож буй бэрхшээл, зөрчил, бодлогын алдаа нийгмийн социал хүрээнд үлэмж хүндээр тусч байна. Өнөөдөр жирийн иргэдийн сэтгэлийг хамгийн ихээр түгшээж буй асуудал бол нийгмийн (социал) асуудал юм.
Нийгмийн бодлогын тухай ярья гэвэл нийгмийн асуудлыг хөндөх ёстой гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Харин нийгмийн асуудал гэж юуг хэлэх вэ? гэж асуувал янз бүрээр хариулах нь эргэлзээгүй. Өрнөдийн социологичдын дунд нийгмийн асуудалд хандах дараах хандлага өргөн дэлгэрчээ.
Функциональ хандлага. Социал институт, байгууллагууд нийгмийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйг тайлбарлахыг эрмэлздэг. Хэрэв тэдгээр институт үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа бол шалтгааныг нь судалдаг байна.
Асуудалд сөргөлдөөний (conflict) үүднээс ханддаг судлаачид социал бүтэц, институтүүд ямагт сайн ажиллах ёстой гэж үздэггүй. Зөрчил сөргөлдөөн социал институтийн салшгүй хэсэг бөгөөд эдгээр нь нийгмийн асуудлыг нөхцөлдүүлнэ. Нийгмийн асуудал бол нөөц дутагдалтайн улмаас үүдэн гардаг сөргөлдөөний үр дүн гэж үздэг.
Эдгээр хандлагын хүрээнд онолын зарим баримтлалыг товч авч үзье.
- Нийгмийн эмгэгийн (pathology)
баримтлал. Функциональ хандлагын эртний хэлбэр. Байгалийн уханы салбарт шинжлэх ухааны аргыг хэрэглэснээр амжилтанд хүрч байсан үеийн нөлөөн дор бий болсон. Нийгмийг хүний бие оргаизмтай адилтган үзэж судалж байв. Хувь хүн, социал институт хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас хоцорч (ийм хүмүүс, институтыг “өвчин эмгэгтэй” гэж нэрлэсэн), үүний улмаас нийгмийн организмын “эрүүл саруул” үйл ажиллагаа алдагдаж нийгмийн асуудал гарч ирдэг. Нийгмийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байхгүй бол нийгэм аажмаар хүнлэг бус шинжтэй болно гэж үзэж байв. Нийгмийн асуудлыг хүний төрөлхийн гажтай холбон үзэж байсан учир тэрхүү гажгийг дараачийн үеийнхэнд өвлүүлэхээс сэргийлэх хөтөлбөрүүдийг санал болгож байсан. Өнөөгийн патологичид нийгэм, түүний социал институтийн гаж байдлыг түлхүү анхаарч, хувь хүн, нийгмийн ёс зүйг өөрчлөн, боловсролыг дээшлүүлснээр нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг.
- Нийгмийн зохион байгуулалт
алдагдах (social disorganization) тухай баримтлал. Энэ нь мөн функциональ хандлагад багтана. Энэ нь мөн функциональ хандлагад багтана. Дэлхийн II дайны дараа иммиграци, хотжилтын үйл явц хүчтэй явагдсан. Том хотод шилжин суухаар ирсэн олон хүн хотын амьдралд түргэн дасаж чадсангүй, гадуурхагдаж байв. Архидалт, мансууруулах бодис хэрэглэх явдал, гэмт хэрэг, оюуны хомсдол өссөн.
Онолын шинэ баримтлалыг үндэслэгчид хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүйл үл биелэгдэн итгэл, найдвар алдагдахын хамт нийгэм эмх журамгүй болно гэж үздэг. Энэ үйл явц нэгдүгээрт, биеэ хэрхэн авч явж ямар үйл байдлыг дагах ёстойг заасан дүрэм журам, хэм хэмжээ дутагдах, хоёрдугаарт, өөр өөр соёл хоорондоо зөрчилдөх, гуравдугаарт, хууль дүрмийг чанд сахин мөрдсөн хэр нь ач тус болохгүй харин ч хохирох, унах, сүйрлээр төгсөх байдлаар илэрнэ. Эдгээр дарамт хувь хүний төдийгүй нийгмийн зохион байгуулалт алдагдаж эмх журамгүй байдал өсөхөд хүргэнэ. Зөрчилтэй хууль, дүрмийг өөрчлөх буюу шалтгааныг олж зарцуулснаар үүнийг зогсоож болно гэж үздэг. Өргөн хүрээтэй шинэчлэлийн үйл явцын нийгмийн үр дагаврыг судлахад эл баримтлал илүү тохиромжтой байж болох юм.
- Үнэт зүйлсийн зөрчлийн
баримтлал. Энэ баримтлал зөрчлийн онолд хамаарагдана. Социологийг илүү хэрэглээний шинжтэй, бодитой болгох хэрэгцээгээр дэлхийн II дайны дараа гарч ирсэн. Гаж үйл байдал нь хувь хүн хийгээд нийгмийг хууль, дүрэм зөрчигдөх, бүтэлгүйтэх явдалд зайлшгүй хүргэх албагүй. Нийгмийн хувьд төвөгтэй асуудал тодорхой бүлгийн хувьд ердийн, хууль ёсны байж болно гэж үзэх болсон. Иймээс нийгмийн асуудлыг “бүлгийн үнэт зүйлстэй үл нийцэх нөхцөл байдал” хэмээн тодорхойлдог. Орчин үеийн нийгэм янз бүрийн эрх ашиг, үнэт зүйлс бүхий бүлгүүдээс бүрддэг тул нийгмийн асуудал гарч ирэх нь хэвийн үзэгдэл. Өөр өөр үнэт зүйлс баримталдаг бүлгүүд өрсөлдөх үед нийгмийн асуудлууд бий болдог. Зөрчлийн үр дагавар хүнд байж болох юм. Сөргөлдөөнийг зөвшилцөх, наймаалцах, хүч хэрэглэх гэсэн аргын аль нэгээр шийдвэрлэнэ гэж үздэг.
- Гаж үйл байдлын (deviant-behavior)
баримтлал. Энэ нь функциональ хандлагын хүрээнд нийгмийн асуудлыг судлахад хэрэглэгддэг нөлөө бүхий онолын баримтлал юм. Дээр дурьдсан баримтлалуудыг бодвол эмпирик судалгаанд хэрэглэхэд илүү зохимжтой, прагматик шинжтэй. Хэм хэмжээнээс хазайсан үйл байдлыг нийгмийн асуудал хэмээн тодорхойлдог. Зорилгод хүрэх легитим арга хэрэгслийг хэрэглэхэд саад учирсан үед нийгмийн асуудал гарч ирдэг. Гаж үйл байдалтай хүмүүс үйл байдлыг нийтээр хүлээн зөвшсөөрсөн жишигтэй харилцах явдлыг нэмэгдүүлэх замаар тэднийг “дахин нэмэгдүүлэх нь гаж үзэгдлийг багасгах хамгийн дөт арга зам” гэж үздэг.
- Функциональ болон сөргөлдөөний
хандлагаас гадна институтийн хандлага гэж бий. Дүрэм журам, хэм хэмжээг үр дүнтэй болгоход нийгмийн бүлэг, институтийн бололцоог сайжруулах асуудалд голлон анхаардаг. Тухайлбал, хувь хүн ямар учраас гэмт хэрэгтэн болов гэдгийг судлахаасаа илүү нийгмийн асуудлыг төвлөрүүлэн гаргадаг социал институтийн үйл ажиллагааг онцолдог байна. Энэ хүрээнд институт хоорондын харилцааны зөрчил, эл харилцааг хэрхэн өөрчлөх болон шинэ институт бий болгох зэрэг асуудлыг судалдаг. Нийгмийн асуудлыг авч үзэхдээ эл асуудлыг зохицуулдаг эрх зүйн системийг үр ашигтай ажиллуулах арга замыг чухалчилдаг. Социал институтийг өөрчлөхөд сөргөлдөөний онол зохих үүрэгтэйг хүлээн зөвшөөрдөг.
Социологийн эдгээр онолын баримтлалын тухай ярихын хамт түүх, сэтгэл зүй, эдийн засаг, улс төр судлал зэрэг нийгмийн бусад шинжлэх ухаан өөр өөрийн өнцөгөөр нийгмийн асуудлыг судалдагийг тэмдэглэх хэрэгтэй. Онолын янз бүрийн хандлага, баримтлал нь нийгмийн тодорхой асуудлыг судлан бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Нийгмийн бодлого нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Нийгмийн бодлогыг төрийн удирдлагын бүх түвшинд боловсруулж хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ үйлдвэр, корпораци, янз бүрийн нийгэмлэг, түүнчлэн ашиг орлогоор хөөцөлдөггүй сангуудын зүгээс нийгмийн тодорхой асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь ардчилсан орнуудад түгээмэл үзэгдэл юм.
Аливаа төрийн нийгмийн бодлогын үндсэн зорилго нийгмийн харьцангуй тогтвортой байдлыг хангахад оршино энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн бодлого нь
– өлсгөлөн, хурц халдварт өвчин, тахал, байгалийн болон техникийн сүйрэл, сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй хүн ам зүйн “тэсрэлт” гэх мэт гамшигаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг зөөлрүүлэх төрийн баталгааг бий болгох,
– нийгмийн түгшүүрт байдлыг намжаахад чиглэсэн материаллаг нөөц, зохион байгуулалтын хүч чармайлтыг зохицуулах,
– хүн амын амжиргааны тодорхой түвшинг хангах, нийгмийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх
– нийгмийн үнэт зүйлс, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг сахих, тэдгээрийг нийгэмд ноцтой хор уршиг тарихуйцаар зөрчих явдлыг гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт чиглэгддэг.
Нийгмийн бодлогын тодорхой зорилгуудын хувьд гэвэл тэдгээр нь тухайн улс орны онцлог, хөгжлийн хүрсэн түвшин, нөөц, бололцоо, эдийн засгийн чадавхи гэх мэт олон хүчин зүйлээс хамааран янз бүр байна.
Ардчилсан орнуудад Засгийн газраас хэрэгжүүлэхээр санал болгож буй нийгмийн бодлогын асуудлаар маргаан, хэлэлцүүлэг өргөн явагддаг. Энд бодлогын шинжилгээ чухал байр эзэлдэг байна. Бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэлд ихэвчлэн анхаарлаа хандуулдаг учраас ийм дүн шинжилгээг “техникийн” шинжтэй гэж нэрлэдэг. Гэхдээ нийгмийн бодлогын талаарх маргаан техникийн гэхээсээ илүү үзэл суртлын шинж чанартай байдгийг харж болно. Либерал, консерватив, социалист үзлийг баримтлагчид нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн үүрэг ямар байх тухай асуудлаар санал зөрөлддөг. Социал институтийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зах зээлийн хяналтаас гадуур байх ёсгүй гэж консерватив намынхан үздэг бол чинээлэг аж байдлыг хангах үүрэг бүхий институт, нийгмийн хамгааллын байгууллагууд ашиг орлогоор хөөцөлдөх учиргүй тул тэднийг төрөөс санхүүжүүлэх бодлогыг либералууд болон социал-демократууд дэмждэг ажээ. Эл маргаан үргэлжилсээр байна, гэхдээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн үүрэг байнга өссөөр иржээ.
Нийгмийн бодлого боловсруулахад хойшлуулалтгүй шийдвэрлэх ёстой асуудал, тэргүүлэх чиглэлийг сонгон авах асуудал гарч ирнэ. Нийгмийн янз бүрийн бүлгийн шахалт, бодлогын өөр өөр хувилбар, чиглэлүүдийн өрсөлдөөний орчинд сонголт хийх болдог.
Хуучин тогтолцооны үеийн нийгмийн бодлого дан ганц марксист номлолд тулгуурлаж, эрх баригч намын хөтөлбөр, бусад баримт бичигт тусгалаа олж байв. Энэ бодлого нийгмийн анги, бүлгүүдийн хоорондын ялгааг арилган нийгмийн нэг төрөл байдалд шилжих зорилгод захирагдаж байлаа. Хүний чөлөөтэй хөгжих нөхцлийг хангах, нийгмийн шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн болон оюуны ба биеийн хөдөлмөрийн хоорондын гол ялгааг арилгах зэргийг туйлын эрмэлзэл болгон тавьж ирсэн боловч эдгээр нь их төлөв мөрөөдөл хэвээр үлдсэн билээ. Нийгмийн халамж тусламж үзүүлэхдээ тэгшитгэн хуваарилах зарчмыг баримталж, ийм халамж нэг их шаардлагагүй хүмүүст ч хүртээж байсан. Бусдын гарыг гарах, бусдаар тэжээлгэх сэтгэлгээ газар авахад хүр гэсэн юм.
Өнөөдөр манай оронд нийгмийн бодлогын шинэ орчин бүрэлдлээ. Шилжилтийн үеийн хямралаас үүдэн нийгмийн олон асуудал хурцдав. Хүн амын дийлэнх хэсгийн амжиргааны түвшин доошилж, ядуурлын аюул нүүрлэж байна. Амьжиргааны баталгаат түвшингээс доогуур амьдралтай хүний тоо 1993 онп 587,2 мянга болов. Хүн амын ядуурал ямар ноцтой үр дагаварт хүргэж болохыг дараах бүдүүвч харуулж байна.
Ядуурал, репресси, цэрэгжилтийн тойрог
1994 оны X сарын байдлаар хөдөлмөрийн зах дээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 76,1 мянга болж 1993 оны жилийн эцсийнхээс 4,3 мянган хүнээр өсчээ.2 Эрүүл мэнд, боловсролын салбарт төвөгтэй асуудал хуримтлагдан хүн ам зүйн хувьд тааламжгүй хандлага илрэх боллоо. Нийгмийн асуудал ийнхүү хурцадсан нь түүнийг шийдвэрлэхэд шаардагдах санхүүгийн болон бусад нөөц эрс хомсдсон зэрэг бодит хүчин зүйлээс төдийгүй нийгмийн бодлогын алдаа дутагдлаас үлэмж хэмжээгээр шалтгаалсан гэж үзэх үндэс бий. Зах зээлийн харилцаанд шилжих үед баримтлах нийгмийн бодлогын шинэ үзэл баримтлал одоо хэр алга. Өнөөгийн нөхцөлд тохирох нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог бүрдүүлэх ажил туйлын удаашралтай явагдаж байна. Энэ чиглэлийн эрх зүйн шиэнчлэл бүхэлдээ хоцронгуй байгаа билээ. Сүүлийн үед нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зарим нэгэн арга хэмжээ авч байгаа боловч эдгээр нь цэгцтэй бодлогын хэмжээнд хүрч чадсангүй.
Нийгмийн бодлого боловсруулахдаа бид юуг голлон анхаарвал зохих вэ?
- Юуны өмнө нийгмийн бодлогыг
төрийн бодлогын бусад чиглэлтэй уялдуулан улс орны хөгжлийн ерөнхий үзэл баримтлалын хүрээнд авч үзэх ёстой. Хөгжлийн ямар загварыг баримтлахаас хамаарч нийгмийн бодлогын зорилт, хэрэгжих арга механизм өөр өөр байх нь ойлгомжтой.
Байж болох нэгэн хувилбар бол нийгмийн баримжаатай зах зээлийн харилцааг төлөвшүүлэх үзэл баримтлалд тулгуурлан төрийн нийгмийн бодлогыг боловсруулах явдал юм.
– Нийгмийн асуудлыг нэг удаагийн буюу нэг хэсэг арга хэмжээгээр бус, харин нэлээд урт хугацаанд алхам алхмаар шийдвэрлэх болно гэдгийг иш үндэс болгосон янз бүрийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ийм хөтөлбөр, төсөл нь тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа, арга хэмжээний цогц байдгаараа онцлог юм. Энд бий болсон нөхцөл байдлыг тодорхойлж, асуудлыг шийдвэрлэх хугацаа, үе шат, авах арга хэмжээ, хэрэгжүүлэх арга замыг тусгасан байдаг.
– Зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудын нийгмийн бодлогын онол, практик, сургамжийг судлахын зэрэгцээ монголын нийгмийн социал бүтцэд гарч буй өөрчлөлт, хандлага, нийгмийн асуудлыг судлан дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Нийгмийн асуудлыг судлах, тодорхой хөтөлбөр, төсөл боловсруулах захиалгыг өгөх явдлыг өргөжүүлэх нь чухал юм.
– Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох субьект олон болов. Ийм нөхцөлд төрийн болон төсөвт байгууллага, сонирхлын бүлэг, бусад хөдөлгөөн, сангуудын үйл ажиллагааны уялдаа холбоог бий болгох зорилт тулгарч байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ /Ph.D/