Н.Баяртсайхан
/Дэд Доктор/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг : Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Мал аж ахуй, Газар тариалан
Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаатай холбоотойгоор өмч хувьчлал явагдаж хөдөө орон нутагт хувийн өмчийн өөрчлөлтийн эхлэл тавигдаж байна. Мал аж ахуйд хувьчлах ажил эдийн засгийн бусад салбартай харьцуулахад илүү тууштай, хурдан явагдсаныг тэмдэглэх нь зүйтэй.
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжинд сүүлийн жилүүдэд зохих ахиц гарч байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1993 оныг дэлхийн хүнсний хангамжийг сайжруулах он гэж зарласныг Монгол Улс дэмжсэн билээ. Энэ онд ард иргэд айл саахалтаараа газар тариалан эрхлэх, жижиг үйлдвэр, цех байгуулах, хүнсний бүтээгдэхүүн, материал түүхий эд олж нийлүүлэх ахиц гарсан юм. Ард иргэдийн 1993 онд хураан авсан ургац нь улсад худалдсан нийт төмс, хүнсний ногооны 36%, үр тарианы 0,4%, жимс жимсгэний 15% хүрсэн байна. Ийм зарим ахиц, ололт байгаа боловч шилжилтийн энэ үед үйлдвэрлэлийн уналт, алдаа бэрхшээл хөдөө аж ахуйн салбарыг тойрч гараагүй юм. Тухайлбал услалтын систем, саалийн механикжсан ферм, өндөр ашиг шимт мал аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор байдлыг алдагдуулахгүйгээр хувьчилж дуусгах, хувьчлалын явцад эд хөрөнгө үрэгдэж, эзэнгүйдэх явдлыг гаргуулахгүй байх талаар үр дүнгүй ажил зохиож чадсангүй. Эрдэмтэд мэргэжилтнүүд олон жилийн хөдөлмөрийн дүнд бий болсон нутгийн шилмэл омгийн үүлдэр, үүлдрийн хэсгийн торгон сүрэг олноор хорогдож байгаа нь сэтгэл зовоож байна.
Сүүний чиглэлийн компаниудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүүгийн хүч чадал жилээс жилд муудсар туйлдаж дампуурахад хүрээд байна. Саалийн механижсан ферм, компаниудад бий болсон ноцтой нөхцөл байдлын талаар олон удаа яригдсан боловч өөрчлөх, сайжруулах дорвитой арга хэмжээ аваагүйгээс сүүний үйлдвэрлэл бурч, өндөр ашиг шимтэй, үхэр сүрэг олноор хорогдох нь үргэлжилсээр байна.
Улсын хэмжээнд байсан гахай үржүүлэх цогцолборууд гахайгүй болжээ. Хурдан өсөлттэй гахай үржүүлдэг үржлийн ганц ферм ч үрэн таран болсон байна. Гахай, шувууны аж ахуйн үйлдвэрлэл эрс буурлаа. 1993 оныг 1990 онтой харьцуулахад гахайн тоо 106,1 мянга, шувуу 194 мянгаар хорогдсон байна. Үйлдвэржсэн мал аж ахуйн салбарын уналт, доройтлыг зогсоож, гахай, шувуу, туулай, зөгий, сүүний аж ахуйг өмчийн олон хэлбэрийн хүрээнд хөгжихөд дэмжлэг үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн үржлийн мал, амьтнаар хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Монгол орны эрс тэс уур амьсгал, бүс нутгийн хөрс, дулаан чийгийн тохироо зэргээс хамаарч, тариаланд тохиромжтой талбай харьцангуй бага, ургац тогтвортой биш, тариалсан талбайн га тутмаас үр тариа 8-12ц, төмс, хүнсний ногоо 80-120ц ургац хурааж авдаг. Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой бус, буурах хандлага ажиглагдаж , хүн амын өсөлтөөс хоцорч байна. Сүүлийн 4 жилд газар тариалагийн үйлдвэрлэлд техникийн шиэнчлэлт хийгдсэнгүй. Энэ нь улс орны эдийн засагт хөрөнгө, хүч дутагдаж байгаатай шууд холбоотой боловч цаашид газар тариаланд технкийн шинэчлэлт хийхээс өөр аргагүй байдал үүслээ.
Монгол орны нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн эрх ашиг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Өнөөдөр манай улсын эдийн засгийн идэвхитэй хүн амын 30 гаруй хувь нь хөдөө аж ахуйд ажиллаж, үндэсний орлогын 1/3%, экспортын бүтээгдэхүүний 30 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Ний мал сүргийн 90 гаруй хувь нь хувийн хэвшилд хамаарагдах болов. Газар тарианлангийн үйлдвэрлэлд ч томоохон өөрчлөлт гарч хувьцаат компаниуд зонхилох үүрэг гүйцэтгэж эхэллээ. Ийм нөхцөл дэх хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн болон хэтийн бодлогыг хэрхэн зөв тодорхойлж хэрэгжүүлэхээс энэ салбарын хөгжил ихээхэн хэмжээгээр шалтгаадах юм.
Ойрын ирээдүйд монголын төрөөс хөдөө аж ахуйн талаар явуулах бодлого нь шинжлэх ухаан техникийн ололт шинэ технологийг нэвтрүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийн орчин, тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх замаар хөдөөгийн хүн амын аж амьдралыг дээшлүүлэх, нийт иргэдийн хүнс тэжээлийн ханганмж, бүтцийг сайжруулахад чиглэгдэнэ.
Олон үеийн турш эрхлэн хөтөлж ирсэн уламжлалт бэлчээрийн мал ахуйн зэрэгцээ эрчимжсэн, үйлдвэржсэн мал аж ахуйн зөв зохистой бүтцийг газар тариалантай хослон хөгжүүлэх нь манай орны эдийн засгийн аюулгүй байдлын нэг баталгаа мөн. Монгол малын удмын сангийн үнэт чанарыг шингээсэн цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малыг хамгаалан өсгөх замаар нийт мал сүргийн чанарыг дээшлүүлэх бодлогын хөгжүүлэх чиглэл баримтлан ажиллаж гахай, шувуу, туулай, зөгий үслэг амьтад, бугын аж ахуйг хөгжүүлэх хойшлуулшгүй зорилт амьдралаас урган гарч байна.
Хувийн аж ахуйтныг зах зээлтэй холбох, тэдгээрийн хоршиж ажиллах оновчтой арга хэлбэрийг сонгож хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлогт нийцсэн мөнгө, зах зээлийн механизм бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болов. Тэднийг мөнгөтэй болгох, мөнгөө арвижуулах, түүхий эдээ борлуулах эдийн засгийн мэдлэгийг малчдад эзэмшүүлэх талаар зориудын ажил зохиохгүй аяндаа эдгээр үйл ажиллагаанд суралцахыг хүлээж суумааргүй боллоо.
Малчид, тариаланчид зах зээлд хол, ойр амьдрахаас үл хамааран бүтээгдэхүүнээ бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, үр ашигтай борлуулах эдийн засгийн зохистой бүтэц, үйл ажиллагааны тогтолцоо бий болгох нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх нэг гол нөхцөл болохыг амьдрал харууллаа. Малчид, тариаланчдын өрхийн аж ахуйг хуулийн этгээдээр хүлээн зөвшөөрөх, аж ахуйн харилцаанд биеэ дааж оролцох нөхцөл, гадаад дотоод худалдааг эрхлэх боломжийг бүрэлдүүлэх явдал чухал байна. Иймээс малчин, тариаланчин өрхийн аж ахуйн тухай хуультай болох хэрэгцээ үүсчээ.
Хувийн өмчтөн, өрхийн аж ахуй нь биеэ дааж үйлдвэрлэл эрхлэн явуулах, бусадтай түншлэн ажиллахын хамт түүнд үйлчлэн зуучлах үүрэгтэй хэд хэдэн нөхөрлөл, хоршоог хамтран байгуулж, тэдгээрийн гишүүнээр элсэн нэгэн зэрэг байж болно. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, борлуулах, үйлдвэрлэлийн хэрэгсэл, түүхий эдээр хангах ажлыг эрхлэх, нийгэм – ахуй соёлын үйлчилгээ, эдийн засгийн үйлчилгээний зэрэг хэд хэдэн нөхөрлөл нэг сумын нутагт байгуулагдан гишүүддээ үйлчилдэг байх юм.
Малчид дундын нөхөрлөл хоршоо байгуулж, өөрсдөд нь үйлчилдэг эмнэлэг, сургууль, улмаар банктай ч байж болно. Хашаа саравч, худаг усаа засаж сэлбэх, өвс хадлан, тэжээл, техник худалдан авах төдийгүй малын эмч, зоотехникчдийг ч цалинжуулан ажиллуулах хэрэгцээ үүсэх болно. Малчид өөрсдөө мал Эмнэлэг, зоотехникийн шинжлэх ухааны анхан шатны мэдэгдэхүүн, эзэмших, ардын уламжлалт аргад суралцахад онцгой анхаарах учиртай. Бэлчээрийн мал маллагааны уламжлалт горим, мал үржүүлгийн болон эмчилгээний ардын аргыг оюуны өмчийн түвшинд үзэж, эрхийн хамгаалалттай болгох явдлыг чухалд үзэж байна.
Мал эмнэлэгийн хувийн байгууллага, мал аж ахуйн эмчилгээ сувиллын нэгж бий болгож, ардын уламжлалт мал эмнэлгийг хөгжүүлэхэд дэмжин туслана. Малын эм бэлдмэл үйлдвэрлэх, технологийн түвшинг дээшлүүлж, халдварт шимэгчлэх өвчинтэй тэмцэх, сэргийлэх эм бэлдмэлийг дотооддоо хийх хувийн болон гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах нь ихээхэн ирээдүйтэй, үр ашигтай байх болно.
Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хоргүй арга технологиор газар тариалан эрхлэж, өөрийн орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүн ардыг хүнс хоолоор, мал аж ахуйг тэжээлээр хангах зорилтыг хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын зорилт мөн. Үр тариа, малын тэжээлийг төрөлжсөн томхон аж ахуйн нэгжид, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуйг айл өрх, хувиараа эрхлэх аж ахуй, нөхөрлөл зэрэг аж ахуйн нэгжүүд эрхлэх чиглэлийг баримталж дэмжих, төрөлжсөн аж ахуйн нэгжүүдийг тухайн чиглэлийн боловсруулах, хадгалах аж ахуйтай нэгдэх, хоршихыг дэмжин туслах нь зүйтэй гэж үзэж байна. Биеэ дааж үйлдвэрлэл эрхлэх хөрөнгө, санхүүгийн чадавхгүй, тарж бутарсан олон жижиг аж ахуйн нэгжийг хөл дээр нь зогсоох, төрөлжсөн аж ахуй болгон хөгжүүлэх, зах зээлийн харилцааны нөхцөлд амьдарч сурахад нь туслах талаар ихээхэн зүйл санаачлан хийх хэрэгтэй болжээ.
Монголын газар тариалан улирлын шинжтэй, байгаль цаг агаараас хамаарал ихтэйг харгалзан энэ чиглэлийн ажлыг дэмжих тусгай сан байгуулж, тариаланчдад урт богино хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, эргэж төлөгдөх нөхцөлөөр хөрөнгө оруулалт хийх зэрэг ашиглах шаардлагатай байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг цаашид одоогийн адил банкны өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр эрхлэн хөтөлбөл энэ салбарын уналтыг зогсоож чадахгүй. Ганц хөдөө аж ахуйн үйлдвэрлэл төдийгүй монголын эдийн засаг, үйлдвэрлэлийн сэргэлт бүхэлдээ банкны байгууллагын үйл ажиллагаанаас үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгө – Зээлийн бодлогыг Монголбанк, Засгийн газар хэрэгжүүлэх эсэхээс, банкны зээлийн хүү буурах эсэхээс шууд хамаарах тийм цаг үе өнөөдөр эхэлж байна.
Хөдөөгийн хүн амын эрхэлж байгаа аж ахуйг таваарлаг шинжтэй болгох, мал сүргийг нь өвчин эмгэг, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлээс хамгаалах, аж амьдралын түвшинг нь дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зэрэг нь төрийн байгууллагуудын байнгын анхааралд байх асуудлууд юм. Үүнтэй холбоотойгоор хөдөөгийн хүн амыг зах зээлийн харилцааны нөхцөлд амьдрах арга ухаанаа олоход нь туслах, хөдөөгийн нийгмийн асуудлуудыг дэс дараатай шийдэх явдал анхаарлыг зүй ёсоор татаж байна. Хөдөө, хотын нийгмийн ялгаа гүнзгийрч, хөдөөгийн соёл, ахуйн үйлчилгээ уналтад орж, боловсрол, харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд бэрхшээл, зовлон ихээхэн тохиолдох болсон нь орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ уналтад орж, аймаг, сумдын төсвийн орлого багассантай холбоотой гэж үзэх үндэстэй юм. Иймд хөдөөгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юуны өмнө малчид, тариаланчдын өрхийн аж ахуй нь мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүндээ анхдагч болон гүнзгийpүүлсэн боловсруулалт хийж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн орлогоо нэмэгдүүлэх бололцоог бүрэлдүүлэх, машин техник, ялангуяа байгалийн дахин сэргээгдэх эх үүсвэр – нар салхи, усны хүч, энергээр ажилладаг бага оврын тоног төхөөрөмжөөр хангах, тэдгээрийг эх орондоо үйлдвэрлэх, угсрах нь чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хөдөө аж ахуйн мэдээллийн нэгдсэн сүлжээг зохион байгуулж хөдөөгийн хүн амд мөнгөний ханш, бүтээгдэхүүний эрэлт үнийн мэдээллийг түргэн шуурхай хүргэж байх тогтолцоог бий болгох хэрэгтэй боллоо. Ингэж бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтын талаар орон нутгаас мэдээлэл авч байх нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгдсэн балансыг барьж байх, хүнсний төрийн зохицуулалтын нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бүрэлдүүлэх болно.
Мэдээлэл авах, түгээхэд орчин үеийн шинжлэх ухааны арга технологийг өргөн нэвтрүүлэхийг эрмэлзэх, хөдөө аж ахуйд зах зээлийн эдийн засгийн бие даасан орчинг бүрдүүлэх, зах зээлийн эдийн засаг, менежментийн мэдлэгтэй чадварлаг удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх, үйлдвэрлэлийн уналтыг сааруулах зэрэг асуудлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд цаашид онцгой анхаарах хэрэгтэйг амьдрал харуулж байна.
Хянсан: Е.ТЭМҮҮЖИН