Х. Гүндсамбуу
/Социологич, УИХ-ын Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан/
Шинэ толь №5, 1994
Өнөөгийн монголын давхраажлын төлөв байдал
Түлхүүр үг : К.Маркс , Ардын засаг , Үндсэн хууль , сөргөлдөх, МАХН , зах зээл , эдийн засаг , чадавхийн ядуурал , төсөв , ганзгын наймаачид , нөхцөл байдал, хувьчлал , нийгмийн давхраажил
Болхи миний бие эх орондоо социологийн шинжлэх ухааны шавыг тавилцаж, нийгэм-ангийн бүтцийн судалгаагаар дагнан мэргэшсний хувьд монголын ангийн давхраажлын судалгааны эрхийг татаж, үүдийг нээюу гэж зориглосон юм. Өрнө дахинд болохоор нийгмийг давхраажлын үүднээс, социалист гэдэх орнуудад нийгэм-ангийн бүтцийн үүднээс судалж ирсэн учир зарчмын ялгаа ч бий, бас төслөг зүйл, алдаа оноо , гажуудал төөрөгдөл ч бий.
К.Марксын төсөөлж байсан шиг нийгэм нь ангиудад хуваагдаж, байнгын тэмцэлд оршдоггүй, харин ч бодит давхраануудад хуваагдаж, тэдний ашиг сонирхолын нэгдэл , тэнцэл, тэнцвэрт суурилан хөгждөг ажээ. Тэдгээр давхрааг тодруулж , нийгмийн бүтэц , хөгжил дэвшилд эзлэх байр суурь , гүйцэтгэх үүргийг тодорхойлох нь социологийн шинжлэх ухааны чухал зорилт мөн.
Нийгэмд янз бүрийн давхраанууд зэрэгцэн оршиж , харилцан шилжиж, хоорондоо зөрчилдөхийн хамт нэгдэж, тэмцэхийн хамт тэнцэлд орж, сөргөлдөхийн хамт эвлэрч, эвдрэхийн цагт бүтэж, бодит шатлал давхраажил , сурвагжлыг үүсгэж , нэг нь товойн тодорч, бусад нь шүтэн барилдаж, дэгжин хөгждөг байна. Түүхэн тодорхой нийгэм бүр өөртөө зохицсон , өөрөө нөхцөлдүүлсэн , өөрөө бүтээсэн давхраажлыг агуулан хөгжсөөр иржээ.
Ардын засгийн гэгдэж явснаа захиргаадлын хэмээн нэрлэгдэх болсон монголын ард түмний сүүлийн 70 жилийн түүхэн замнал, ололт амжилт , алдаа дутагдал , гэсгээл хэлмэгдүүлэлгийг ямараар ч тайлбарлалаа гэсэн тэр үеийн нийгмийн хөгжлийн үндсэн бөгөөд тодорхойлогч субъект нь муу нэртэй, луу данстай МАХН-ын гишүүд, тэднийг дэмжин хүрээлэгчид байсан. Үүнийг хэн бугай нь ч үгүйсгэхгүй . Түүх бол сургамж авахаас, өшөө авах зүйл бишээ.
Харин одоо монголын нийгмийг бүтцийн хямралын шигдээснээс нийгмийн ямар хүч гарах вэ? Шинэ Үндсэн хуулинд тунхагласан хүнлэг, ардчилсан , иргэний нийгмийг гардан байгуулагч , цогцлуулан бүтээгч хэн бэ ? Ажилчид, малчид, инженер – техникчид, албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, ардын аж ахуйтан , төсвийн байгууллагынхан , цэрэг, цагдаагынхан , ганзгын наймаачид , нам, эвсэл холбоодынхны аль нь вэ? Гэдэг асуултуудын хариулт тун тодорхойгүй байна. Эдгээр тулгамдсан асуудалд цаг алдалгүй хариулт олж, оновчтой шийдэл гаргах чухал нөхцөл бол манай нийгмийн ялгарал, давхраажлыг нарийн шинжлэх явдал юм. Гэтэл монголын нийгмийн давхраажлын тулхтай судалгаа эхлэл төдий байгаад санаа оноо болгон, юмс үзэгдэл , үйл явдлын халуун мөрөөр мөшгөн, нийгэмд явагдаж буй нэгдэл ялгарал , суврагажил давхраажлын таталбар хөргийг зураглан гаргахыг оролдъё.
- Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн шинэлэг бөгөөд газар авч яваа үзэгдэл болж ядуурал, түүнийг дагалдан ядуучуудын давхраа үүслээ. Албан ёсны мэдээгээр , Монгол улсын Засгийн газрын 1993 оны 184-р тогтоол заасан амьжиргааны баталгаажих доод түвшнөөс доош орлоготой 5872,0 мян.хүн буюу 137,0 мян. өрх байгаа нь тус улсын хүн амын 26,5, айл өрхийн 27,0 хувьтай тэнцэнэ. Тэдний 77,0 хувь нь ядуувтар , 23 хувь нь ядуучууд юм.
Ядуурал нь сүүлийн жилүүдэд тодорсон ч түүний язгуур үндэс нь эдийн засгийн буурай хөгжилд байгаа юм. Буурай хөгжилтэй орнуудад зуршмал тохиолддог ядуурлын битүү хэлхээ нь “даржин орлог – явцуу эрэлт – өчүүхэн хадгаламж – ялимгүй хөрөнгө оруулалт – дотоод, гадаад өр зээл-чанарлаг биш ажиллах хүч – бага бүтээмж – даржин орлого”-оос бүрэлдэн битүүрнэ. Тэгэхлээр ядуурлаас даруйхан гаръя гэвэл битүү хэлхээний аль нэг гинжийг тасдаж, бусдыг нь хөвлөрүүлэхүйц төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх учиртай. Гэтэл төр, Засгийх газарт суурь бодлого, тулгуур үзэл баримтлал байхгүйгээс ядуурал багасгах бус, харин ч өргөжин тэлж, олон нийтийг хамарч, төрөл хэлбэр нь олон янз болж байна.
Ядуурал нь дотроо олон хэлбэр, учир шалтгаан, үр дагавартай байдгаас үүдэн ядуучуудын бүрэлдэхүүн ч бас эрээвэр хураавар, нийгмийн янз бүрийн бүлгүүд хамаарагдах бөгөөд тэдгээрийн тоймтойгоор нь дурьдвал : а) физиологийн ядуурал гэж байх бөгөөд тэдгээрт хамрагдагсад нь өлсөглөн биш гэхэд өлөн зэлмүүхэн амьдарцгаадаг. Хоол хүнсний хэрэгцээний хувьд бол монголчууд хэзээ ч өлсгөлөнд нэрвэгдэхгүй, хоосон хонохгүй, харин түүний илчлэг, нэр төрлийн хувьд аль хэдийнээс ч , төсөрмөгнөөс ч хагас өлсгөлөнд орсон. Цагаан идээ хэрэглэхгүй болсноос хүмүүс махсахаа больсон, тэр цагаас элдэв амин дэмээр дутагдаж, наад зах нь хүүхдүүд шүдний өвчтэй болцгоосон.
Одоо хот суурин газрын амьдрал ядуу, хөгшин хөвөө болон өвчин эмгэгтэй хүмүүс, олон хүүхэдтэй зарим өрх , амьдралдаа арчаагүй нэгэн, ажилгүйчүүд, хэрмэл тэнүүлчид үнэн хэрэгтээ бүрэн биш юм гэхэд хагас өлсгөлөнгийх байдалд байна. Тэдниы тоо тодорхойгүй, харин “энэрэл” төвд хооллогчдын тоо товтой.
Өнөөгийн монгол дахь ядуурлын гол хэлбэр нь орлогын ядуурал бөгөөд энэ бүлэгт дийлэнх ядуучууд, амьжиргааны баталгаажих доод түвшний орлого ологчдоос эхлээд төсөвт байгууллагын ажилчин, ажилтнуудын нэлээд нь хамрагдаж байна. Мөнгөний ханш уналт , үнийн өсөлтийг цалин хөлс , орлогын өсөли гүйцэхгүйгээс ийм хэлбэрийн ядуурал нүүрлэж байна. Зах зээлийн “сагсаар” тооцоход өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн жилүүдэд 22 дахин өссөн байхад орлогын өсөлт талд нь ч хүрэхгүй байна.
Аливаа хувьсгалын үрд дүнд нийгмийн баялаг, орлого дахин хуваарилагддаг жамын дагуу манайд тийм үйл явагдаж, урьдыг хямд ажиллах хүчний тэгшитгэлийн тогтолцоо халагдаж, цалин, шагналыг хавтгайруулан, дунд цацах маягаар түгээдэг зуршил өөрчлөгдөж , орлогоороо туйлшрах болов. Олонхи нь ядуурч, цөөнх нь баяжиж байна.
Өнөөдөр улсын татварын алба хувийн болон бизнесын орлого , ашигт, тэр дундаа “солгой” гарынхныг бүрч мэдэхгүй , хойноос нь хөөцөлдөхгүй байгаа учир нийгмийн бүлгүүд орлогоороо хэрхэн хуваагдаж, ямар хэмжээ, хэвийн жин харьцаатай нь бүрхэг байна.
Ядуурлын гурав дахь хэлбэр нь чадавхийн ядуурал бөгөөд тэр нь эр чадал , мэргэжил, мэлдлэг боловсролоороо ажиллаж чадахгүй буюу хагас дутуу ажиллах үед голчлон тохиолдоно.
Чадавхийн ядуурал нь ерөнхийдөө хоёр шалтгаантай бөгөөд нэгд тухайн хүн түрүүчийн нийгмийн тогтолцоонд олж авсан чадавхиа ашиглаж чадахгүй, хоёрт, тухайн хүн шинэ нөхцөл байдалд ажиллах , орлого олох, амьдралаа өөт татах чадавхигүй байгаагаар тайлбарлагдана. Жишээлэхэд, үйлдвэрлэлийн хэмжээ буурах, түүхий эд, эрчим хүчээр тасалдан зогсох, ажил үүргийн ачаалал, чиглэл , үүрэг өөрчлөгдөх зэрэг нь нэг дэх, шинэ ажил төрөл эхлэх, бизнес хийх нарийн тоног төхөөрөмж дээр ажиллах , зах зээлийн овсгоо сүүхээ гаргах зэрэгт бүтэлгүй бол хоёрдох чиглэлийн ядууралд түлхэж буй бусад объектив нөхцөл, субъектив хүчин зүйлс бий.
Ядуурлыг хүний хүчин зүйлийг идэвхжүүлэх, хүнийг капитал болгох үндсэн дээр л түүнийг бууруулах , багасгах явдал хамгийн өлзийтэй, ирээдүйтэй зам мөн . Дэлхий нийтийн жишгээс үзэхэд улс орнууд хуримтлуулсан капитал гэхээсээ хүний капиталын хүчинд хөгжиж, шинээр үйлдвэржсэн орнуудын хэр зэргэмжид хүрч , эдийн засгийн гайхамшгийг үзүүлж байна.
Энэ ялдамд сонирхуулахад, Монгол оронд эдийн засгийн ядуурал байх учиргүй, яагаад гэвэл газар тариалан эрхлэх , мал маллах , байгалийн хишгээс хүртэх зэргээр хөдөлж хөдөлмөрлөвөл ядуурах бус, харин ч чинээлэг амьдарна. Монголд ядуурал байгаа нь тарчиг байгаль , буурай эдийн засаг, эх газрын эрс тэрс уур амьсгал зэрэгт бус, гагцхүү залхууралд байна гэдэг ч хүн бий. Ямар ч л гэсэн ядуучууд бол шилжилтийн үеийн бэрхшээлийг бие , сэтгэлээрээ амсаж яваа улс.
- Шилжилтийн өнөөгийн үед ч , хожмын өдөр ч монголын нийгмийн давхраажилд ажилгүйчүүд тодорхой байр эзлэх болно. Захиран тушаах системийн үед бүхий нийтийн ажил эрхлэлтийг хүлээн зөвшөөрч , дэвэргэн сурталчилдаг байсан хэдий ч нуугдмал , далд ажилгүйдэл байсаар ирсэн. Тоо хэмжээг нь маш нууцалдаг байв. Харин ил тодын нөхцөлд нөхцөлд ажилгүйдлийг хүлээн зөвшөөрч , ажилгүйчүүдийн тухай мэдээлэх болов.
1994 оны IX сарын байдлаар хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 75,0 мянган хүн байгаа нь эдийн засгийн идэвхтэй хүн 8,1 хувьтай тэнцэнэ. Ажилгүйчүүдийн эгнээ 1990 оноос хойш гурван дахин нэмэгдлээ.
Ажилгүйдэл нь дотроо а\ өөрчлөлтийн, б\ мөчлөгийн, в\ бүтцийн хэмээн задрах бөгөөд ажилд орох , гарах , нутаг шилжих , амрах зэрэгтэй холбогдон өөрчлөлтийн ажилгүйчүүд , хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт алдагдахаар мөчлөгийн , нийгэм хямралд орох, зарчмын шинэ техник , технологи нэвтрэхлээр бүтцийн ажилгүйчүүд бий болдог. Ажилгүйдлийг бас сайн дурын ба зайлшгүй гэж хоёр хуваадаг.
Хөдөлмөрийн нөөц нэмэгдэж буй нөхцөлд, өнгөрсөн онд манай улсад анх удаа нийт ажиллагчдын тоо 4,0 хувиар буурлаа. Энэ нь шууд утгаараа ажилгүйчүүдийн эгнээний өсөлтийг харуулснаараа хүсүүштэй биш үзүүлэлт , харин эдийн засгийн агуулгаараа бүтцийн болон мөчлөгийн ажилгүйдлийг илэрхийлж буйн хувьд нааштай үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай эдийн засагт мөнгөний үнэ өсч, үндэсний валют чангарч, үнэтэй мөнгөний бодлого үйлчилж , эдийн засгийн макро түвшний бодлогод М.Кейнсийн болон мөнгөний онолын үүднээс боломжтой болсныг харуулж байна.
- Хувийн хэвшлийнхэн бол өнөөгийн төдийгүй ирээдүйн учир холбогдлоор манай нийгмийн давхраажилд хүндтэй байр эзэлнэ. 1993 оны YIII сарын мэдээгээр манай улсад ХЭАА 22478 , ББХХ 3128 ,БХХ 1476 , ББХК 22851 , ХК 552 ажиллаж байна. Хөдөлмөр нөөцийн 1993 оны тайлангаас үзэхэд улс ардын аж ахуйд ажиллагчдын 18,0 хувь нь хувийн хэвшлийнхэн, 27,0 хувь нь хоршооныхон болно.
Хувийн хэвшлийнхэн бол зах зээлийн эдийн засгийн шавыг тавьж , шанг татаж буй хүмүүс. Тэд зах зээлийн мэдрэмж , овсгоо сүүхээ, аз туршилт , зоримог агаад ер бусын шийдлээрээ өөрөө болон улс орондоо туулах зам тавьж байгаа болно.
Социологийн судалгаанд хамрагдсан хот, хөдөөний 800 гаруй оршин суугчид сүүлийн жилүүдэд хувийн хэвлийнхний амьжиргаа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Гэдэг асуултад 71,0 хувь нь “сайжрах тийшээ” , 9,0 хувь нь дордох тийшээ, үлдэх хувь нь “хуучин хэвэндээ” хэмээн хариулжээ.
Миний бодоход манай нийгмийн аль нэгэн давхрааны дотор янз бүр, тухайлбал, хувийн хэвшлийнхний зарим нь өөрсдийн авъяас билэг, бүтээлч хөдөлмөр , гүйлгээ ухаан, сэргэлэн чанар , бизнесийн овсгоо сүүхээ , ур чадвар , оюун ухаанаараа товойн тодорсон ч бий. Бас зарим нь өмч хувьчлалын гажуудал , зөөлөн төсөв , сул зээл, хуулийн “цоорхой”, хил гаалийн цонх, танил талаа дөрөөлөн , шог үгээр хэлэхэд эхний саяыг хулгайлж, дараахыг нь зүдэрч олсон ч хүмүүс бий. Энэ талаар нарийвчилсан судалгаа шаардлагатай.
- Өнөөгийн монголын нийгмийн давхраажилтанд зах зээлийн үүднээс шинэхэн , түүхийн үүднээс танил давхраа бол ардын аж ахуйтнууд буюу малчид юм. Одоо мал сүргийн аравны ес нь хувьчлагдаж, ардын аж ахуйтнууд, эдлэхүүний аж ахуйн утгаараа сэргэж , зах зээлийн утгаараа дахин төрлөө. Захиргаадлын сүүлийн жилүүдэд малчдын эгнээ жил дараалан цөөрч байсан бол мал сүргийг хувьчилж, хөдөө аж ахуйн нэгдлүүдийг өөрчлөн байгуулснаас хойш малчдын тоо нэмэгдэж, 1989 оноос 1993 онд 134,0 мянгаас 290,0 мянга буюу 2,2 дахин нэмэгдлээ.
Миний мэдэхээр хувьчлал нь өнөөдрийнх шиг нийгмийн өмчийг задлан тараах утгаар биш, харин капитализмын нөхөлдөх төрийн өмчийг хувьд шилжүүлэх утгаар хэрэгжсэн бөгөөд түүний нэрт уран барилгачин нь Английн ерөнхий сайд асан М.Тэтчер юм. Английн Ерөнхий сайдаар гурвантаа улиран сонгогдсон М.Тэтчерийн хувьчлах үзэл санаа Монголд, тэр тусмаа хөдөө аж ахуйд бодит биелэлээ олсон нь мал аж ахуй зах зээлд дөхөж очсон , “жирэмсэлсэндээ” бус, хөдөлж болдог үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьчлахад амархан байдагт хэргийн учир оршино.
Мал өөрөө хөдөлдөг төдийгүй малчнаа дагуулдаг, ажиллах хүчин нь барилга шиг очиж ажилладаг, суурин байдлаар бус, нүүдэл суудал хийдгээрээ дэлхийд давтагдашгүй онцлогтой юм.
Хувийн аж ахуйтнууд дахин үүссэн нь хувьчлалтай холбоотой, гэхдээ хувьчлал зах зээлийн бариа биш, гараа юм. Одоо хувийн аж ахуйтны өмнө салаа зам байгаагийн нэгдэх нь жинхэнэ ёсор хоршооллох, нөгөөдөх нь фермерийн аж ахуй болоход оршино. Үнэндээ малчид сургууль завсардагчдаар эгнээгээ сэлбэх замаар олшрохгүй , мал аж ахуй тэдний хөдөлмөрөөр олигтой дэвжихгүй.
- Хувьчлал эхлэл төдий , жижиг, дунд үйлдвэр бие дааж завсар даагүй байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн давхраажилтанд улсын үйлдвэрийн газрын ажилчин , албан хаагчид онцгой байр эзэлж байна. Тэд социализмын ажилчин анги, хөдөлмөрийн сэхээтэн нарыг уламжилсан гэдгээрээ бус, шилжилтийн эгзэгтэй үед манайдаа, эдийн засагдаа шийдвэрлэх үүрэгтэй үйлдвэр , аж ахуйн газруудад эзэн болж, улсы төсвийн орлогыг зонхилон бүрэлдүүлж , тэгснээрээ төсөвт байгууллагын ажилчин, албан хаагчид болон тэтгэвэр , тэтгэмжийнхнийг ивээн тэтгэж, тэжээн амьдруулж байна. Ялангуяа, Эрдэнэт болон Нефть хангамжийн концерн зэрэг улсын үйлдвэрийн газруудын татвар төсвийн орлогын гол эх сурвалж болж байна.
Улсын үйлдвэрийн газрууд нь нэгтэйгүүр зах зээлийн эхэн биенд урьдын байр сууриа хадгалан, дангаараа ноёрхох , өндөр үнэ тогтоох, хүнд сурталтнууд манёврлах дулаан өлгий, нөгөөтэйгүүр улсын үйлдвэрийн газрууд нь ил далд аргаар хувийн хэвшлийнхэн төрөн гарах, хишиг буяныг нь хүртэх, тэр битгий хэл монжих , хөлжих эх сурвалж болж байна.
Одоохондоо манайхан зах зээлийн эдийн засгийг хувийн өмчлөлийн үр дагавар мэтээр ойлгож байна. Гэтэл цэвэр зах зээл, нээлттэй эдийн засаг гэж байхгүй, гагцхүү холимог эдийн засаг бий, тийм л эдийн засаг хөгжинө. Хичнээн хувьчлагдлаа ч гэсэн нэг л хэсэгтээ улсын үйлдвэрийн газар ямар нэгэн хэмжээгээр ажиллаж, тэдгээрийн ажилчин , албан хаагчид монголын нийгмийн давхраажилтанд хүндтэй байр эзэлсээр байх болно.
- Өнөөгийн монголын нийгмийн давхраажилтанд туйлын болон харьцангуй хэмжээгээрээ төрийн төсөвт байгууллагынхан зохилонгуй байр эзэлж байгаа нь нэгд манайх хүүхэд, залуучуудын орон болохоор боловсрол, эрүүл мэнд, нийгэм хангамжийн салбарт харьцангуй олон хүн ажилладаг, хоёрт өргөн уудам нутаг дэвсгэрийг тархсан засаг захиргааны олон нэгжтэй учир удирдлага засаг захиргааны олон ажилтан шаардлагатайн дээр хуучны хүнд сурталжилтыг багасгах бус, зүсийг нь хувиргаж , нэр хаягийг нь өөрчилж байгаа, гуравт, цэрэгжсэн орноос цагдаагийн дэглэм рүү гулсах хандлагатай зэргээр тайлбарлагдана. Төрийн болон төсөвт байгууллагынхан нийт ажиллагчдын 37,0 хувь болно.
Өнөөгийн төсвийн байгууллагынхан бол нийгмийн хувьд хоёрдмол байр суурьтай бөгөөд нэг талаас төр түмний үйлсэд бие сэтгэлээ зориулж, ажил мэргэжлийн сонирхолдоо хөтлөгдөж, хувийн хэвшил рүү шилжээгүй хүмүүс, нөгөө талаар тэд нийгмийн хамгаалалт, баталгаагаа алдсан, давуулж хэлэхэд цалинтай ядуучууд болно. Тэд нийгмийн хувьд бас л нэг төрөл биш. Зарим нь албан тушаал эрх мэдэл эдэлж байдгийн хувьд наад зах нь боломжийн, цаад зах нь тансаг хангалуун амьдарч байхад, зарим нь ядуурлын хам шинжүүдийг агуулж байна. Нэг хэсэг нь үндсэн ажлаа ганзгын наймаатай хосолж, нөгөө хэсэг нь албан ажлын далбаан дор амины аж ахуй, хувийн амьжиргаагаа базааж, тааламжтай үед хувийн хэвшил рүү шилжих бэлтгэлээ хангаж байх жишээтэй.
УИХ-ын дэргэдэх судалгааны төвөөс УИХ-ын намрын чуулганы өмнөхөн, төрийн албаны хуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн социологийн судалгааны дүнгээс үзэхэд төрийн төсөвт байгууллагад үндсэндээ ажил мэргэжилдээ үнэнч хүмүүс үлдэж хоцорчээ. Таны бодлоор өнөөдөр төсвийн байгууллагад ямар хүн ажиллаж байна вэ? Гэдэг асуултад хариулагчдын гуравны хоёр нь тэднийг ажил мэргэжилдээ үнэнч, тавны гурав нь төр засгаа хүндэтгэдэг хүмүүс гэсэн байхад аравны нэгийг нь хээл хахууль сэм авагч , зургаан хүний нэгийг хувийн хэвшилд шилжихийг зэхэгч гэж үзэцгээжээ. Мөн дөрвөн хүний нэг нь өөр сонголтгүйгээс , тавны хоёр шахам нь тогтмол цалинд болон төсвийн байгууллагад ажиллагчид гэж хариулжээ.
Төсвийн байгууллагад ажиллагчдын бүрэлдэхүүний өөрчлөлт
- Шилэгдмэл бус, харин гол төлөв хувийн хэвшил, бизнес , хамтарсан үйлдвэр үйлдвэр, чөлөөт мэргэжлээр ажиллаж чадахгүй хүмүүсээр нөхөгдөх
- Захиргаадлын үед цэрэгжиж байсан бол зах зээлийн үед цагдаажих
- Цалин бага, зайлшгүй хангамж, хөнгөлтгүй учир худалдагдах, хахуульд автах
- Шинээр хүнд сурталжих
- Ардчилах бус анархижих
- Чадвартай, санаачлагатай боловсон хүчнээ бусад салбарт алдах зэрэг хандлагатайг онцлон анхаарч, төрийн удирдлага , зохицуулалтыг дээшлүүлэх , төрт ёсны уламжлал , шинэчлэлийг хослуулах , хуулийн “дарангуйлал” тогтоох тийш шийдвэрлэх алхам хийх цаг болоод байна.
- Өнөөгийн нийгмийн давхраажилтанд шилжилтийн шинжтэй, өвөрмөц төрх, бүрэлдэхүүн бүтэц бүхий бүлэг бол ганзгын наймаачид бөгөөд тэднийг гадаад паспорт олголтоор баримжаалан тооцохоос өөр найдвартай мэдээлэл алга. ИБМУТ-ийн мэдээгээр одоо гадаад паспорттой иргэд 209,0 мян, үүнээс 117,8 мян нь байнгын паспорттой болно. Ганзгын наймаа анхандаа олз омогтой, хялбардуу ажил байсан бол сүүлдээ тийшээ аз туршилт ихтэй, овсгоо сүүхээ шаардсан амь дүйсэн ажил болж хувирсаар байна.
Ганзгын наймаачдын бүлэг бүрэлдэхэд нэгт гадаад паспортын чөлөөт дэг горимд шилжсэн , хоёрт, үйлдвэр , аж ахуйн газрууд татан буугдсан буюу орон тооны цомхотголд өртсөн , гуравт ажилгүйдэл ихэссэн , дөрөвт сахилга , дэг журам суларч , хариуцлага алдарсан, тавд зах зээлийн бус бүтцүүд (хар зах , бараа солилцоо , валютын панз гэх мэт) үүссэн , зургаад хил гааль задгай байсан, долоод, санхүү-банкны тогтолцоо өөрчлөгдсөн зэрэг хүргэсэн. Тэд нийгэмд эерэг, сөрөг нөлөөллийн аль алиныг гүйцэтгэсэн. Тухайлбал, дэлгүүр мухлагийн лангууг бараажуулах, хоёр хөршийн зах зээлийг холбох, хүн амын нэг хэгсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэгт нааштай, харин Монгол хүний нэр төр, ёс суртахуун, үндэсний аюулгүй байдал зэрэгт сөргөөр нөлөөлснийг дурдах нь зүйтэй.
Зах зээлийн нөхцөл байдал, гадаад дотоодын алинд ч ганзгын наймаачдад ашигтай бусаар өөрчлөгдөхийн хэрээр тэдний боломж хязгаарлагдаж идэвх суларч, а) их худалдаа, б) үйлдвэрлэл в) дотоодын бизнес, г) “хүлээлгийн өрөөс” , д) төсвийн байгууллага зэрэг рүү шилжих болов. Ганзгын наймаачдын ирээдүй бүүдгэр байна. Гэхдээ нөөц бололцоо нь бүрэн шавхагдаагүй, жижиг бизнесийн эх сурвалж, хөрс дэвсгэр тодорхой хугацаанд байсаар байх болно.
- Одоохондоо тэр аяараа шахам ядуучуудын эгнээнд багтаж яваа нийгмийн эмзэг бүлгүүд нийгмийн давхраажилт тодорхой байр эзлэх нь дамжиггүй. Эдүгээ нийгмийн эмзэг бүлэгт зүй ёсоор хамрагдах төрөлхийн болон олдмол тахир дутуу иргэд , өндөр настан, удаан хугацаанд өвчин эмгэгт баригдсан хүмүүсээс гадна өрх толгойлсон ба ажилгүй эмэгтэйчүүд , хагас бүтэн өнчин , өнөр гэр бүлийнхэн , хэрмэл тэнэмэл, харж хандах , ивээн тэтгэх хүнгүй хүмүүсээр өргөжиж байна. Ийнхүү нийгмийн эмзэг бүлгийнхэн олширч байгаа нь төр засгийн зарим шийдвэрийн алдаа болон зуурдын золгүй явдал, осол эндэл, байгалийн гамшгаас шалтгаантай. Тухайлбал, Улсын Бага Хурлаас тэтгэврийн хуулийг өрөөсгөл баталснаас энгийн болон цэргийн хүмүүс тэтгэврийн насандаа хүрэлгүй тэтгэвэртээ сууцгаасан. Гэтэл мөнгөний ханш уналт тэтгэврийн орлогыг нь “хуйхалчихсан”. Өндөр насны тэтгвэр авч буюу хүмүүсийн тэн хагас нь өндөр настан бус харин элдэв хөнгөлөлттэй нөхцөл болзлоор тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болно. Ийм нөхцөлд тэтгэврийн санг нийгэм хангамжийг шимтгэл, улсын төсвийн татаасын аль алинаар хангшаж чадахгүй, барьц алдах нь гайхмаар зүйл биш.
Нийгмийн даатгалын багц хууль батлагдаж, мөрдөгдөж эхлэхээр эрх биш эмзэг бүлгийн нийгмийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Гэхдээ түрүүчийн ба одоогийн тэтгэвэр тогтоолтын ялгааг жигдлэх, ханш уналтыг тооцох тэтгэврийн санг аривжуулах, улсын төсвийн орлогын талыг бүрэлдүүлэх зорилт түргэн зуурт шийдэгдэхгүй, харин ч ужгирч мэднэ. Ер нь нийгмийн эмзэг бүлгээсээ эхэлж халамжаа үзүүлэх үү? Эсвэл чадалтай бүлтэй хүмүүс рүү хандсан нийгмийн бодлого явуулж, дарамтыг төр хүлээх бус, харин тэдэнд үүрүүлэх үү ? гэдэгт хэргийн учир, зарчмын сонголт байгаа болно.
- Манай нийгмийн давхраажилд “сонгомол” бүлэг үүсч, байраа эзэлж эхэллээ. Тэдний эгнээ түргэн нэмэгдэж буй ч , нийт хүн амд эзлэх хувь нь ч , нийгмийн үүрэг, байр суурь нь ч хязгаарлагдмал байна. Сонгомол давхраа нь янз бүрийн сувгаар, тухайлбал, а) хуучин тогтолцооны үед албан тушаал өмчилсөн эрх мэдэл , танил тал , боловсролын мэдлэг , нөлөөллийн хүрээ, чадавхидаа тулгуурлан сонгомол давхраа руу шуудхан гулсах замаар , б) өөрсдийн авъяас чадвар, овсгоо сүйхээгээр , в) улс төрийн тавцанд цойлон тодрох маягаар , г) өмч хувьчлал, зээлээр хөлжих , бэлжих хэлбэрээр д) азтай учрал тохиолдлоор , е) дотоодын төдийгүй гадны дэмжлэг, ж) “дээд”ийн татаас, “доод”-сын түлхээсээр, з) өв хөрөнгө залгамжлах зэргээр нөхөгдөж байна.
Аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулалт, зарим нэг барилгын хөрөнгө оруулалт, эзэмшил, үнэ хүндийн шинжтэй сургуулиудын элсэлт зэргээс ажихад манайд сонгомол давхраа үнэхээр үүсчээ. Тэд хээл хахууль, шинэ хүнд сурталжилт, зохион байгуулалттай гэмт хэрэг, явуулга, урвалт шарвалт , худалдалт, ёс суртахуун гажуудалт, оюуны хоосрол зэргээс зайдуухан , эрдэм боловсрол ур чадвар , эх оронч үзэл, хөдөлмөрч араншин, хүний мөс зэрэгт ойр дөт байвал нийгмийн давхраажлаар зогсохгүй монголын ард түмний хувь заяанд эерэгээр нөлөөлөх болно.
10.Нийгмийн давхраажил бол хоёр тал руугаа туйлширч, цөөнх нь баяжиж , олонхи нь ядуурахын нэр ч биш , улам бүр шатлан суваргажих явдал биш юм. Хамгийн гол нь язгуур шинж, унаган төрх, жам ёс нь нийгэмд дунд анги үүсч, зонхилох явдал мөн. Тэр нь “их” шилжилтийн ардын аж ахуйтныг дундчуулж байсан шиг биш , харин бэл хөрөнгөтэй, мэргэжил боловсролтой , ямар ч нөхцөлд амьдрах чадвартай, иргэний хувьд намбалаг агаад түшигтэй, цагийн аясаар гуйвж дайвдаггүй өөрөөр хэлбэл, стандартчилагдсан бие хүн бус, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлсэн хувь хүн төлөвших, нийгмийн цээнд хүрэх замаар л дунд анги бий болно. Дунд анги нийгэмд ноёлсон цагт нийгэм хөгжиж тогтвортой байх болно. Энэ бол нийгмийн давхраажлын ирээдүй, язгуур чиг баримжаа мөн.
Хүмүүсийн хэлсэн үг
Д. Бямбасүрэн
/МУ-ын Ерөнхий сайд асан, МАСН-ын дарга, Монголын хөгжлийг дэмжих сан-нийгэмлэгийн ерөнхийлөгч/
Монголын нийгмийн бүлгийн ялгарлын асуудлаар энэ нэр хүндтэй семинар зохион явуулж буй УТБА, Конрад Аденаурын сан энд оролцож буй эрдэмтэд мэргэдэд талархлаа илэрхийлье. Би өөрийн намын байр суурь, хувийнхаа ойлголтоос та бүгдтэй хуваалцая. Ер нь нийгэм бүтэцлэг чанартай, дотроо нийгмийн амьдралд тодорхой тогтвортой байр суурь эзэлдэг. Түүгээрээ нийгмийн улс төрийн амьдралд нөлөөлдөг бүлгүүдээс бүрдэнэ гэдгийг бид мэднэ. Энэ бүтэц нийгмийн байгуулал өөрчлөгдөх үед их хүчтэйгээр доргин, нэг хэсэгтээ ялгарал хүтэй болох хандлага гарч буй нь өнөөдрийн монголын амьдрал бизээ.
Бид өнөөдөр энэ асуудалд улс төрийн хүчнүүд болон эрдэм шинжилгээний байгууллагын хүмүүс нийлээд аль талаас нь хандах вэ? Энийгээ яаж тайлбарлах вэ гэдгээс нийгмийн ойлголт төлөвших үйл явц нэлээд хэмжээгээр хамаарна. Миний бодоход ийм бүтэц бүрэлдэхүүнтэй түвшинд нийгмийн бүлгийн ялгарлын асуудалд нийгмийн амьдрал жолоодлого авах чадвартай байх эрх ашгийн талаас, түүнийг шийдвэрлэх арга замын талаас хандвал оновчтой болох болов уу гэж бодох юм.
Улс төрийн хүчнүүдийн хувьд аль анги бүлгийг түшиглэх, ямар сонирхлыг хамгаалах вэ гэдэг нь тэдгээрийн өөрсдийн асуудал билээ.
Нийгмийн анги бүлгүүдийн асуудлыг судлахад хамгийн түрүүнд арга зүйн асуудал их чухал юм. Нийгмийн анги бүлэг гэж хэнийг хэлэх вэ гэж ярьж байна. Ашиг сонирхлын ялгаа зөрүүдээр бууж очвол гэр бүлийн дотор буй хоёр хүн ч гэсэн хоёр өөр байр суурь, үүрэгтэй байдаг учраас тэр түвшин хүртэл буух нь юу бол.
Миний бодоход нийгмийнхээ улс төрийн амьдралд, эдийн засгийн амьдралд тодорхой нөлөөлөх чадвартай тэр бүлгийн тухай яривал зүйтэй болов уу.
Мэдээж хэрэг ани гэсэн том бүлгүүд энд яригдана . Энд ажилчин, малчин , оюуны хөдөлмөр эрхлэгчид болон түүнээс доод жижиг дэд бүлгүүд ч гэсэн нийгмийн амьдралд хүчтэй нөлөөлнө. Тийм учраас анги бүлгийн асуудал ярихдаа тэр том бүлгээс эхлэн улс төрийн амьдралд нөлөөлж буй тодорхой жижиг бүлгүүд хүртэл ярих ёстой байх. Миний бодоход энэ анги бүлэг нийгмийн доторхи ялгарлын асуудлыг авч үзэхэд арга зүйн талаас бид марксизмын үзлээс чөлөөлөгдөх нь чухал байх.
Марксизм нь ангийн тэмцэл бол түхийн хөдөлгүүр гэсэн ийм номлол барьдаг. Нийгмийг ангид хуваагаад, ангигүй нийгэм байгуулах, ажилчин анги бол гол хөдөлгөгч хүч, түүнийг жолоодлого болгох зорилго тавьж бэрхшээлтэй тулгарсан. Ийм учраас нийгмийн бүлэг , түүний ялгарлын асуудлыг арга зүйн хувьд өнөөдрийн байдалд тохирсон судалгаа маш чухал болж байна. Философи социологийн хүрээлэнгийн зүгээс саянхны “Засгийн газрын мэдээ” сонинд нийтэлсэн судалгааны материалд санал зөрөх юм байна. УТБА-ийн тараасан материалд ч хүн төр хоёрын хамаарлын асуудалд арга зүйн хувьд бодууштай зүйл бас ажиглагдлаа. Энэ бүгдийг судлаачид та бүгд сайн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Эцэст нь тэмдэглэхэд нийгмийн амьдралд нөлөө үзүүлэхүйц бүлгийг онцлон судлах нь чухал болж байна гэдгийг хэлье
Та бүгдийн ажилд амжилт хүсье.
С. Гомбо
/МУҮИС-ийн Социологийн тэнхэмийн багш/
Бидний хувьд өнөөдөр ярьж буй сэдэв бол их ээдрээтэй хэцүү асуудал юм. Тэр дотроо нийгэм нь өөрчлөлт хөдөлгөөнд орж буй энэ үед бүр хэцүү. Олон үзүүлэлтийг ийм тийм гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ энд би өөрт бодогдож явдаг зүйлийг хэлье гэж бодсон юм. Бид ямар нэгэн зорилго байдаг юм уу, бүлгийн ер нь ямар ялгарал байгааг янз бүрийн үзүүлэлтээр гаргаж хэлж, тайлбарлаж болно. Гэхдээ үүнд хэргийн гол байна уу үгүй юу гэдэгт саналаа хэлэх гэсэн юм. Бид нийгмийг удирдах зөв бодлого явуулах талаар будилж ирсэн гэж ярьдаг. Үүнийг бид гаднаас хайх биш дотроосоо л харах ёстой. Бид өөрсдийнхөө амьдралыг бүрэн судалж чадахгүй байгаа. Энд ялангуяа, нийгэм судлаачдын үүрэг роль бага байгаа. Хийсэн судалгаа шинжилгээний ажлыг нь ч үнэлж цэгнэх , тэр үнэлгээ доогуур байдаг гээд л олон зүйл байна . Бид нийгмийг задлан шинжилж нийгмийн бүтцээр тодорхойлно гэдэг бол эцсийн эцэст энэ л чиглэлд шинэ нөөц бололцоо, хүчээ бүрэн ашиглах нөхцлийг нээх ёстой байх. Өнөөдрийн ярьж буй шиг ажил мэргэжлээр ялгаж байгаа нь хир үр дүнтэй бол. Эцсийн эцэст, нийгмийн хөдөлмөр зохион байгуулалттай холбож үзэх явдал чухал юм уу гэж боддог. Хүн бол ямар нэгэн ажил мэргэжилдээ эзэн болох ёстой гэж бид их ярьдаг. Гэхдээ бид их алхам хийж чадаагүй. Тэр нийгэмд тодорхой байр суурь эзлэх ёстой . Тэр хүн бол тэр мэргэжил ажлын төлөө төрсөн юм шиг, тэр мэргэжил ажил ч гэсэн тухайн хүний төлөө зориулагдсан юм шиг ингэж ажил хэрэгжиж байх ёстой болов уу ? Өөрөөр хэлбэл, хүн бусдаас илүү чанартай зүйлийг хийж чадна гэдэг бол тэр хүний амьдралын баталгаа бүх зүйл нь бий болох ёстой. Тийм хэмжээнд нийгмийн гишүүн бүрээ биш юм гэхэд нийгмийн бүлгийн хувьд зөв эерэг нөлөө үзүүлэх, үүнд юмыг ялгаж чадаж байна уу гэдэгт цаашид судалгааны шалгуурын асуудлыг бодвол яасан юм бэ гэсэн бодол байдаг. Нийгэм тогтвортой , амьдрал нь баталгаатай хүн ямар ч тохиолдолд өөрийн байр суурьнаас хандах болно. Бид субъектив үзэл бодол дээр тулгуурлаж объектив дүгнэлт гаргана гэдэг чинь бодууштай зүйл. Бид нийгмийн ухамрсын түвшин, соёлыг бас бодож байх учиртай. Улс төрийн боловсрол муу байна гэж ярьж байна . Нийгмийн бүлгийн ялгарал гэдэг бол нийгмийн гишүүдийн тэр мэргэжлийн нэг төрөл хүмүүсийн дунд , шударга өрсөлдөөний дунд бий болно, тэрнээс аль ч нийгэмд дурын ялгарал байна гэдгийг хэн ч хэлж болно. Учир иймд, нийгмийн хөгжилд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх бүлгийг бид бодож судалдаг. Энэ үүднээс судалгаа шинжилгээний аргачлалд анхаарвал яасан юм бэ гэсэн ерөнхий санал хэлье.
Л. Оюунгэрэл
/Дэд доктор, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан/
Улс төрийн боловсролын Академиас явуулсан судалгааны мэдээлэл их сонирхолтой санагдлаа. Учир нь судалгааны арга зүйн хувьд манайд цоо шинэ бөгөөд цаашдаа бидний судлах ёстой сэдвийг хөндөж тавьж байгаагаараа их ач холбогдолтой боллоо.
Ер нь энэ чиглэлийн судалгааг цаашид үргэлжлүүлэхдээ хоёр зүйлийг анхааралах нь зүйтэй юм шиг санагдлаа. Нэгд, нийгмийн бүлгүүдийн судалгаа бол нэг чиглэл байдаг . Үүнийг цэвэр академийн байгууллагууд судалдаг. Нөгөө талаас улс төрийн шинжлэх ухааны судалгаа гэж байдаг. Энэ үүднээс хандвал чиглэл нь өөр өөр байна.
Улс төрийн судалгаанд нийгмийн улс төрийн бүлгүүдийг судлах нь чухал. Энд ямар ч байгууллага орж чадахгүй байна. Яагаад гэвэл улс төрийг судалгаа шинжилгээ биш манайд улс төрийн хов жив гэсэн байдлаар ойлгож ирсэнтэй холбоотой.
Улс төрийн бүлгүүдийг судлах нь төрийн бодлого боловсруулах хийгээд ерөөсөө төр загсийн байгууллагын анхааралд байх ёстой зүйл юм.
Эцсийн эцэст, улс төрийн бүлгүүдий өрсөлдөөн ямар чиглэлээр, яаж өрнөж байгаа нь улс орны хувь заяанд яаж нөлөөлөх вэ зэрэг асуудал улс төрийн амьдралын анхаарлын төвд байдаг. Харин бид судалгаа шинжилгээний үүднээс үүнд төдийлөн хангалттай хандаж чадахгүй байна. Улс төрийн бүлгүүд гэхлээр зөвхөн намуудыг судлана гэсэн асуудал биш.
Улс төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж буй бүлгүүдийг судлаад, тэр бүлгүүдээс улс орны нийтлэг эрх ашгийг хамгаалж улс орныг хөгжүүлэх чадвартай тэр бүлгийг төр засгийн байгууллага анхаарлынхаа төвд байлгаж бодитоор улс төрийн шинэ бүлгүүдийг төлөвшүүлэх тухай асуудал хөндөгдөнө гэж ойлгогдож байна.
Н. Алтанхуяг
/Биофизикч, МСДН-ын дарга/
Энэхүү сэдвээр семинар зохион байгуулагдаж буй ач холбогдолын талаар олон хүн хэллээ.
Миний бодлоор манай судлаачид, энд хамааралтай төр, улс төрийн намын байгууллагууд санал солилцож байгаа нь их ач холбогдолтой болж байна. Судалгааны ажилтай холбоотой зарим саналаа хэлье.
Бүлгийн ялгарал, түүний шалгуур, ялангуяа ямар шинжээр тодорхойлох вэ гэдэгт судлаачид үндсэн хэдэн шинж дээр санал нийлж байх шиг байна. Монголын нийгэмд буй бүлгийн ялгарал гэж ярихын өмнө бид урьдах түүх маань ямар байлаа гэдэг талаас харах хэрэгтэй юм болов уу гэж санагдлаа.
Бид харьцангуй нэг төрлийн бүтцээс, хэдийгээр дотор нь ажилчин , малчин гэж ангилж буй боловч үзэл бодол гэсэн утгаар харьцангуй нэг төрлийн бүтэц байсан гэж ойлгож байгаа. Энэ нэг төрлийн бүтцээс шинэ бүлгийн ялгарал бий болох үйл явц дөнгөж эхлэж байна уу гэж бодож байна.
1990 оноос явагдсан ялгарал илүү үзэл бодол, улс төрийн байр суурийн шинжтэй юм. Бүлгийг тодорхойлох бусад хүчин зүйлс манай нийгэмд хараахан байр сууриа олоогүй байна. Тухайлбал, хувь хүний өмчийн эрх харьцангуй тодорхой бус байна. Энэ бол өөрчлөгдөнө, тийм учраас энэ судалгааны ажил манай нийгэмд бий болж болох бүлгүүдийн ялгардын үйл явцын динамикийг судлах болов уу . Өөрөөр хэлбэл, судалгааны эхний цэгийг тавьж өглөө.
Арга зүйн хувьд хэлэх хэдэн юм байна. 1990 онд хувьсгал хийгдэж эрс өөрчлөлтийн эхлэл тавигдсан гэж ойлгож байна. Иймд, ямар ч судалгаагаар дахиад эрс өөрчлөлт хийх тухай асуулт, хандлагад хүмүүс ямар нэгэн байдлаар хариулахгүй болов уу.
Улс төрийн намд хэрэг болох маш олон сонирхолтой мэдээлэл УТБА-ийн энэхүү судалгаанд байна. Харин дүгнэлтийг янз янзаар хийх байх. Иймд, судлаачдад хандаж миний зүгээс хүсэх зүйл бол та бүгдийн хийж буй судалгааны ажлын тулгуур мэдээлэл, аргачлал бид нарт илүү ойлгомжтой байж харилцан солилцож байя.
Харин дүгнэлт өөр өөр байхыг хүлээн зөвшөөрнө. Арга зүй нэг байхад харилцан ярилцахын нөхцлийг бүрэлдүүлж үүгээрээ судалгааны ач холбогдол ч дээшилнэ.
Г. Лодой
/Дэд доктор, ШУА-ын Философи,социологийн хүрээлэнгийн захирал/
Онолын сэдвээр анх удаагаа гэж хэлж болохоор санал солилцох семинар зохион байгуулж байгаа онолын баримжаалал алдагдсан явдал юм . Үүнтэй холбоотойгоор бүх шинжлэх ухааны салбарт судалгааны арга зүй , аргачлалын хувьд нилээн хямралын байдал бий болсон . Нэн ялангуяа, нийгмийг голчилж судалдаг улс төр судлал, социологийн шинжлэх ухаан онолын баримжаалалгүй болсон гэж хэлж болохоор байна. 1990-ээд оноос өмнө марксизмын онолын баримжааллыг гол болгож, түүгээр арга зүй хийж, түүний үндсэн дээр нийгмийн тодорхой судалгааны аргачлалуудыг боловсруулдаг байсан бол эдүгээ бид марксизмаас үндсэндээ цэрвэдэг болоод өрнөдийн арга зүйн чиглэл рүү хандах маягтай болж буй хэдий боловч түүнийгээ хэрэглэж байгаа гэхэд бид үнэхээр учир дутагдалтай байгаа. Шинэ арга зүй, шинэ онолын баримжаалал руу шилжих шилжилтийн , нэг ёсондоо өсөлтийн хямралын шатанд байгаа гэж хэлж болох ийм үед энэ семинарыг зохиож байгаа явдал үнэхээр чухал ач холбогдолтой юм. Тэгэхээр энэ онолын семинарын ач холбогдлыг юу гэж үзэж байна гэвэл шинэ нийгмийн шинжлэх ухаанд шинэ онолын баримжаалал тогтох гол асуудал болох нийгмийн бүтэц дээр тулгуурласанд энэ семинарын ач холбогдол оршино. Судлаачид болон хүмүүсийн ярьж байгаагаас сонсоход үнэхээр нэгдсэн арга зүй байхгүй байгаа нь харагдаж байна. Манай хүрээлэн бол бусад судалгааны төвүүд, УТБА-иас явуулсан социологийн судалгааг харахад мөн арга зүйн дэвсгэргүйгээр, үндсэндээ санамсаргүйгээр хэдэн асуулт маягтай зүйлийг цуглуулаад хийчихсэн юм шиг харагдаад байгаа байх. Үнэн хэрэг дээрээ үүний цаана нөр их ажил байсан нь мэдээж. Арга зүйг боловсруулах гэж үнэхээр чармайсан нь харагдаж байна. Энэ сэдэвтэй холбогдуулаад өөрийн хэдэн саналыг хэлье гэж бодсон юм.
Би социологч биш учраас та нар алдаа оноог нь залруулж тунгаан бодно биз. Юуны өмнө нийгмийн бүлгийн асуудлыг яаж ангилах вэ? Ямар бүлгүүд нийгэмд байх ёстой юм бэ? гэж байна. Гэхдээ стратификацийн онол болон формацийн онол гэж ярьж байна. Энэ бүхэн өөр өөрийн концепицатай , арга зүйн тавилтай байдаг. Бидний ярьснаас сонсоход тэр бүхнийг энд тэндээс нь эрээвэр хураавар байдлаар аваад хэрэглэчихийг л бодоод байгаа юмуу гэсэн ойлголт төрөөд байгаа юм. Энэ бүхнийг механик байдлаар нийлүүлээд арга зүйн баримжааллыг авч чадахгүй . Тийм учраас , манай өөрийн нийгэмдээ таарсан тийм онолын арга зүйн баримжааллыг тогтоож байж сая бид нийгмээ судална уу гэхээс биш элдэв янзын онолоос энэ нь хэрэгтэй, тэр нь хэрэггүй юм гэдгийг нийлүүлчихээд тэгээд судалгаа хийх юм бол хэзээ ч нийгмийн дүр төрхийг гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Хэдий тийм боловч аливаа нийгэмд социализм, боолын нийгэм ч гэнэ үү , капитализм , ардчилсан ч нийгэм гэнэ үү бүхий л хүн төрөлхтөн оршиж ирсэн түүхийн туршид ерөөсөө хүмүүсийг хооронд нь ялгаад байсан зүйл бол үйл ажиллагааных нь шинж чанар, зохион байгуулалт , зорилго байгаа юм. Үүгээр л өн эртнээс нэг хэсэг нь хөдөлмөр үйлдвэрлэл эрхэлдэг , нөгөө хэсэг нь худалдаа эрхэлдэг, нэг хэсэг нь оюуны хөдөлмөр эрхэлдэг , нөгөө хэсэг нь улс төр эрхэлдэг гэх мэт. Иймд нийгмийн том бүлгийг ялгах гол зүйл бол хөдөлмөрийн хуваарь зохион байгуулалтанд оролцож байгаа байдал , гүйцэтгэх үүрэг, хөдөлмөрийн шинж чанар , зорилго энэ бүхнээр ялгагдана. Ингээд үзэх юм бол үндсэндээ нийгмийн том бүлгүүдийг хувааж цөхөөд байх юм ердөө байхгүй .Нийгэм хичнээн хүрээтэй байдаг вэ? Тэр хүрээ бүхэнд л том бүлгүүд үүснэ. Ялангуяа, хөдөлмөр эрхлэлээр, жишээ нь , үйлдвэрлэлийн хүрээний нэг том бүлэг (ажилчин гэж нэрлэнэ үү тэр нь гол биш), нөгөө нь худалдаа эрхлэгчид байгаа юм уу. Гэтэл нийгмийн том бүлгүүд гэж хуваачихаад нилээн ерөнхий хуваалт болж ирж байна. Энэ бол хэвтээ шугаманд гэх юмуу даа. Олонлогийнх нь хувьд салбар хуваарилалт , суурь бүлгүүд гэж хэлж болох. Дээр нь вертикаль гэж энэ нь стратификацийн онолд гол зарчим болдог. Хэвтээ буюу горизонталь чиглэлээр нийгмийн бүлгүүдийг , нэг ёсондоо дээр нь давхраажилтаар нь хувааж үзэх юм бол нийгмийн бүлгүүдийг нилээн үзсэн. Давхраажилтыг орлогоор нь жишээ нь малчид гэсэн нийгмийн нэг том бүлэг байхад дотроо өөрийн орлогын хэмжээгээр олон давхраанд хуваагдах жишээтэй. Их орлоготой малчид байна, бага орлоготой байна. Мөн хөдөлмөр эрхлэлийн зохион байгуулалтын хэлбэрээрээ гэхэд малчид давхраажилтанд хуваагдаж байна гэх мэт. Ингээд хэдэн босоо пирамид гараад ирэхэд тэдгээрийг хооронд нь холбож өгдөг нийгмийн хүчин зүйлүүдийг бид харгалзах хэрэгтэй болдог. Тухайлбал, улс төр нийгмийн бүлгүүдийг хооронд нь холбож өгдөг зүйл болохоос биш нийгмийг тусад нь нэг бүлэг болгочихдог зүйл бол яагаад ч байж болохгүй. Малчин хүн ч улс төр сонирхоно , ажилчин хүн ч улс төр сонирхоно. Улс төрийн үйл ажиллагаанд оролцогчид байдаг. Энэ утгаараа жишээ нь, нам гэдэг бол нийгмийн томоохон бүлгүүдийг хооронд нь эрх ашгийн үүднээс холбож гарч ирж байгаа зохион байгуулагдсан нийгмийн жижиг бүлэг юм. Гэх мэт иймэрхүү нэг ёсондоо нийгмийг хэвтээ болон босоо салбарууд эдгээрийг холбогч (шашин хүртэл нийгмийн энэ олон бүлгүүдийг хооронд холбоно) нь гол хүчин зүйл болдог. Тэгэхээр нийгмийн тэр том бүлгүүдийн судалгаа гэдэг бол нэг өөр асуудал байх ёстой. Эдгээр том бүлгүүдийг холбож байгаа асуудал байна. Жишээ нь улс төрийн асуудал. Түүнийг судална гэвэл бас нэг өөр асуудал байна. Бүлгийн доторхи давхраажилтын асуудлыг судална гэвэл бас нэг өөр арга зүй юм уу аргачлалаар хандах ёстой. Социологийн судалгаанд аспектийг нэлээн бүр нарийвчилж өгөөгүйгээс нэг бол нийгмийн том бүлгийн асуудал руу ороод, нэг бол жижиг бүлгийн асуудал руу ороод, эсвэл давхрааны асуудал , тэр ч байтугай улс төр, ардчилал , эрх чөлөөний асуудал руу орж байна. Ингээд сэдэв хичнээн том байх тусмаа агуулга маань үндсэндээ явцуухан болж ирдэг. Сэдвийн агуулгын багтаамжийг багасгах тутам түүнд нарийвчлах зүйл их гардаг гэдгийг анхаарах хэрэгтэй . Нөгөө талаар манайхан энэ арга зүй , аргачлал хоёрыг үндсэндээ ялгахгүй байгаа аль ч шинжлэх ухаанд харагдаад байдаг. Арга зүй бол судалгаа хийхэд дэвсгэр болдог боловч тэр болгон хэрэглээд байдаг тийм зүйл биш юм. Арга зүй бол эмх цэгцтэй онол бөгөөд ямар нэгэн салбарын шинжлэх ухааны дэвсгэр нь болж байдаг . Жишээлбэл, хуучин формацийн онол бол социалист гэгдэж байсан орнуудад нийгмийн шинжлэх ухааны арга зүй болж байлаа . Тэгвэл өрнөдөд аль нэг социологийн төвийн арга зүй бол Парсонсын онол, Веберийн онол , Дюркгеймийн онол, Сорокины онол гэдэг юмуу, бүхэл бүтэн цогцолбор онолын системийг арга зүй болгож, тэр системд хэрэглэгдэж байгаа ойлголтуудын тусламжтайгаар тухайн нийгмээ судалж байж сая аргачлалаа гаргаж ирдэг. Гэтэл одоо бидэнд баримтлах онол алга. Марксын онолоос татгалзсан , бусад онолыг хүлээж аваагүй байна. Ийм тохиолдолд бид энэ арга зүй байхгүй байна гэж үзэх ёстой. Гэтэл тийм арга зүйгээр, ийм арга зүйгээр хийсэн гэж яриад байгаа нь буруу . Харин бидний энэ яриад байгаа зүйл бол аргачлал гэж ярихад илүү тохиромжтой. Гэтэл аргачлалыг харахад чухам ямар онолын ойлголтуудыг хэрэглээд аргачлалаа боловсруулсан юм бэ гэхээр зүйл энд харагдахгүй байна. Хүний эрх чөлөө гэдэг бол ямар ч онолд хэрэглэгдэнэ . Гэтэл хүний эрх чөлөө гэдгийг хүнээр тодорхойлуулахын тулд үүнийг ойлгодог нарийн ойлголтууд гаргаж ирэх ёстой. Жишээ нь, марксизмын онолын хувьд хүний эрх , эрх чөлөөг нэг өөрөөр тодорхойлдог. Тэр тодорхойлтонд орж байгаа ойлголтуудыг оруулж байж хүнээс асуулт авна уу гэхээс биш зүгээр хүний эрх чөлөө яах гээд хаячих юм бол би нэг өөр ойлгоно, нам бүхнийг хүмүүс өөр өөрөөр ойлгоно. Энэ тохиолдолд ийм ерөнхий нэр томъёогоор социологийн судалгааны арга зүй нэгдүгээрт алга, хоёрдугаарт аргачлалыг боловсруулах тэр нарийн шатлалуудыг манай социологчид хийхгүй байна уу даа. Ер нь хийх ч бололцоо олдохгүй байна гэдэг нь эндээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн судалгаа явуулах ямар нэгэн урьдач таамаглалын үндсэн дээр судалгаа хийх хэрэгтэй. Таамаглал гэдэг маань тодорхой ойлголтуудаас бүрдсэн тийм цогцолбор концепц байх ёстой. Тэр концепцийнхаа ойлголтуудын санг их нарийвчлан тодорхойлж, тэрнээсээ гарч болох бүх логик мөрдлөгүүдийг гаргасны үндсэн дээр судалгаа хийхгүй бол болохгүй. Хүн төр хоёрын хамаарал гээд түрүүн Бямбасүрэн гуай шүүмжилж байна. Үнэхээр аргагүй юм. Энэ 5-хан зүйл дээр хүн төр хоёрын хамаарлыг тодорхойлох юм бол үнэхээр хамаарна эсвэл хамаарахгүй гэсэн хоёр туйлширсан дүгнэлт өгөхөөс өөрөөр хүн хариулах аргагүй. Хариулж байгаа хүн социологийн судалгаа өгөх түвшинд хүрээгүй байгаа гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Хүмүүсийг чиглүүлэх асуудал, нөгөө талаар хяналтын асуудлуудыг хэрэглэж байж сая дүр зургийг гаргахгүй бол социологийн судалгаа субъектив болж магадгүй. Энэ бүхэн бол миний зүгээр хувь хүний бодол шүү, мэргэжлийн хүний санаа биш гэдгийг эцэст нь хэлмээр байна. Манай хүрээлэн социологийн судалгааг бол мөн л ийм агуулгын замаар явуулдаг. Та нар мэдэж байгаа байх. Бидний хийсэн судлгаа ч мөн учир дутагдалтай гэдэг нь хүмүүсийн яриа, хэлсэн үгнээс харагдаж байна. Бидэнд санаа байвч сачий хүрэхгүйн улмаас ийм хэмжээнд судалгаа явуулж байгаа гэдгээ хэлье. Хэлэхэд амархан хийхэд хэцүү гэдэг нь ойлгомжтой. Миний яриад байгаа зүйл бол хэлэхэд амархан байгаа байх. Хийнэ гэхэд бол үүнийг эзэмшсэн боловсон хүчин туршлага, мэдээлэл гээд олон юмнаас шалтгаалдаг болохоор ер нь бид цаашдаа санууштай юмуу л гэдэг үүднээс хэлж байгаа болохоос биш одоо яг тэгээд хийчих гэх юм бол хэн ч чадахгүй байх тийм түвшинд л байгаа гэдгээ бас бодох хэрэгтэй. Үүний үндсэн дээр бид боловсон хүчиндээ нэлээд анхаарч байж энэ нийгмийн судалгааг явуулна уу гэхээс биш хэн дуртай хүн судалгаа хийдэг тохиолдолд нийгмийн тухай дүр зураг гарч ирэхгүй. Боловсон хүчнийг заавал сургуулиар бэлтгэнэ гэвэл үгүй юм. Бид ингэж ярилцсанаар бие биенийгээ нөхөн гүйцээх замаар мэдлэг боловсролоо дээшлүүлж дахин мэргэжлээ гүнзгийрүүлэх нь чухал боллоо. Ийм хэлбэрийн ажлыг энд оролцож байгаа байгууллагууд хамтарч дахин дахин хийж байгаасай гэж хүсэх байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Д. Ганболд
/Дэд доктор, МҮАН-ын тэргүүн, УИХ-ын гишүүн/
Монгол улсын нийгэм судлалын түвшин доогуур байна гэдгийг хэн бүхэн мэднэ. 70 гаруй жил хөгжлөө гэж ярьдаг. Алдсан, оносон зүйл байгаа ч гэсэн нэг том ноцтой дутагдал одоо болтол арилаагүй байна. Ойрын 1-2 жилд арилахгүй байх. Энэ нь юу вэ? Гэвэл нэр томъёоны нэгдэл байхгүй. Жишээ нь, улс орны бүхий л мэдээллийн санг хамарсан нэвтэрхий толь бичиг одоо болтол байхгүй. 80-аад оны хоёрдугаар хагасад монголын нэвтэрхий толь гарах ажил овоо өрнөж байснаа одоо үндсэндээ сураг чимээ байхгүй болсон. Энэнээс болоод ардчилал гэж юу юм, судалгаанд гарч байгаа төрөл бүрийн нэр томъёог хүмүүс янз бүрээр ойлгох, үр бүтээлгүй маргаан явуулах зүйл газар авсан байна. Ганц энэ сэдвээр ч биш, онолын чанартай аль ч сэдэв, аль ч том маргаанд нэр томъёоны зөрүү гарч ирж байна. Жишээлбэл, консерватив үзэл гээд ярих юм бол , өнөөдөр манайд консервативууд нь хэн бэ? Гэвэл Англид үүнийг нэг өөрөөр , монголд түүнээс өөрөөр ойлгож байна. Гэтэл үүнийг судалгаанд хамруулж байгаа хүмүүс болон улс төр судлаачид байтугай шинээр элсэж байгаа намын гишүүдийн дотор ч үүнийг ялгахгүй байж байна. Иймд манай консерватив барууных уу, зүүнийх үү гэж хэлэхэд арай ойлгомжтой болно. Манайд бол барууны консервативуудыг засгийн эрхэнд байна гэж хэн ч өнөөдөр хэлэхгүй байх. Өнөөдөр зүүний консерватив байна. Өөрөөр хэлэх юм бол хэт хуучинсаг гэж энд ярьж байна. Хэт биш юм гэхэд уламжилж ирсэн хуучныхаа тогтолцоог хэвээр нь хадгалая гэдэг нь социализмынхаа тэр тогтсон, хэвшсэн харилцааг хадгалая гэсэн үзэл болохоос биш , өрнөдөд тогтсон , аль ч барууны сурах бичгэнд тогтсон тэр консервативууд Монголд байхгүй. Үүнийг бид ойлгох ёстой. Жишээ нь, Шведийн сонгууль саяхан болоод өнгөрлөө. Хөрөнгөтний ч юм уу , барууны хүчнүүд нь ялагдаад зүүний хүчнүүд нь яллаа. Өнөөдөр гадны улс төр судлаачид, гадны хүмүүс ирээд Монголд засгийн эрхэнд барууны хүчин байна уу , зүүний хүчин байна уу гэхэд хэн ч хариулж чадахгүй байх. Өөрөөр хэлбэл, албан ёсны шинжлэх ухаан , албан ёсны улс төр болон мэдээллийн байгууллаг энэ тухай мэдээлэхгүй байна. Өнөөдөр зүүний хүчин байгаа учраас барууны чиглэл тэй хувьсгал, реформууд үндсэндээ удаашраад байна. Иймээс улс төр судлалд түвшин дутаж байна гэдгийн цаана судалгааны чанар чансаа, түвшингий нь дээшлүүлэх нийгмийн захиалга байхгүй болчихсоноос судалгаа чинь эрчимжихгүй байна . Эрдэмтэд тэр болгон сул байгаад байна , юм уншиж мэдэхгүй байгаа даа ч юм биш юм. Хамгийн гол нь нийгмийн захиалга байхгүй. Шинэ залуу намууд нь гарч ирлээ ч гэсэн засгийн эрхэнд байхгүй учраас тэр бүлгүүдийг төлөөлж ярих хүчтэй чангаах лидер хүчин зүйл болж чадахгүй байна.
МАХН-ын талаар хэдэн зүйл хэлье. Жишээ нь, МАН өөрөө шинэ нийгэмд, шинэ харилцаанд, шинэ бүлгүүдийг , шинэ үзлүүдийг шинэ онол, шинэ арга зүйг бий болгож төлөвшүүлэх тийм лидер хүчин зүйл болох нөхцөл бүрдүүлж өгөхгүй байна. Бидний мэдэх танин мэдэхүйн л ерөнхий зарчим бий. Ерөнхий асуудлаа шийдэж байж тодорхой асуудалруугаа орох ёстой. Гэтэл бид өнөөдөр ерөнхий асуудлаа шийдвэрлэж чадаагүй байна. Намууд төлөвшөөгүй гэж судалгааны асуултанд хариулаад байгаагийн гол хариуцлага нь өнөөдөр манайд тогтсон төрийн тогтолцоотой холбоотой. Нэг намаас бүрдсэн парламент, тодорхой үзэл баримтлал байхгүй нэг намын Засгийн газар гэж хэлж байна. Би программ, хөтөлбөргүй гэж хэлж байгаа юм биш, үзэл баримтлалгүй Засгийн газар байна. Хөтөлбөр баримтлал хоёрын хооронд ялгаатай.
Арга зүйн хувьд энэ нь ерөнхий асуудал болоод байна. Ерөнхий асуудал байхгүй юм бол бидний арга зүйн асуудал бүрэлдэхгүй. Бүх намууд жишээ нь, нэг зорилготой гэж өнөөдөр ярьж байна. Гэтэл нэг зорилго гэдэг маань харьцангуй харьцангуй ойлголт ба тийм чухал анхаарах ёстой ч зүйл биш байх. Намууд байдгийн учир утга бол хоорондоо ялгагддаг ба ялгаатай талаа дөвийлгөж байдагт олон намын тогтолцооны онцлог байдаг. Ялгаагаа ярихын оронд нийтлэг сонирхол, улс орны хөгжил цэцэглэлт гэдэг ерөнхий зүйлээр бид өнөөдөр социал бүлгүүдийн ялгарлыг бий болгож ирэхгүй, аль нам үндсэндээ ямар бүлгүүдийг илүү төлөөлж байгаа юм бэ? Ямар бүлгүүд дээр түшиг тулгуураа хийж байгаа юм бэ? Гэдгийг өнөөдөр нийгэмдээ төлөвшүүлж бий болгохгүй юм бол олон намын тогтолцоо хөгжихгүй. Тогтолцоо хөгжихгүй юм бол дагаж судалгаа нь хөгжихгүй, нийгмийн захиалга гарч ирэхгүй гэдгийг л би хэлэх гээд байна. Энэнтэй холбоотойгоор гарч байгаа хууль тогтоомжууд бөөрөнхий, тодорой бүлгүүдийн төлөөллийг тусгахгүй байна. Жишээ нь, нийгмийн даатгалын хууль. Манайд малчны даатгалын хураамжийг төрөөс даана гэж заасан. Гэтэл малчин гэдэг чинь өөрөө хэн юм бэ? Энэ хүний социал статусыг одоо болтол тогтоогоогүй. Хөдөө түмэн малтай хүн, мянган малтай хүн, гурваас дөрвөн малтай болчихсон хүн өнөөдөр эрүүл мэндийнхээ бүх даатгалыг улсаар даалгаад явж байна. Гэтэл цаанаа хувьчлалаар 200-300 толгой мал авчихсан ч байдаг юмуу, хашаандаа 50-60 малтай тийм хүн мөн адил малчин гэдэг нэрийн дор улсаар даалгаад явж байна.
Нийгмийнхээ бүлэглэл, харъяаллын хувьд малтай харьцаж амьдардаг болохоос биш социал бүлгийн хувьд энэ хоёр чинь хоёр тэс ондоо бүлгийн төлөөлөгчид шүү дээ. Гэтэл өнөөдөр манай хуулинд зүгээр “малчин” гээд орчихсон байна. Ийм мэтийн олон жишээ ч энэ бүлгүүдийн ялгарал нийгэмд төлөвших үйл явц удаашраад байна. Энэ бүгдийн цаана улс төрийн байгууллагууд, улс төрийн хүчнүүд тэр ялгарлын үйл явцыг улам түргэтгэх, нэгэнтээ л шинэ нийгэмрүү орж байгаа юм бол шинэ бүлэглэлүүд нь тэр бүгдийгээ чангаасан улс төрийн хүчнүүд байх ёстой гэдэг үүднээс өнөөдөр ядаж эрдэмтэд судлаачдын хүрээнд нэг үзэл санаанд хүрвэл яасан юм бэ? Гэдгийг хэлмээр байна.
Эцэст нь семинарын ач холбогдлыг хэлэхэд ийм юм байна. Өнгөрсөн жилүүдэд ийм онолын хурал, семинаруудыг олон удаа хийж ирсэн. Гэвч амьдралыг нэгэн загварт захируулж, гарч байгаа бүх үзэгдлүүдийг нэг үзлээр юмуу онолоор тайлбарлах гэж оролддог байлаа. Өнөөдөр тэгвэл өөр боллоо. Амьдралын олон үзэгдэл бүгд нэг онолоор юм уу, нэг учир шалтгаанаар тайлбарлагдах учир байхгүй. Бүгд өөр өөрийн шалтгаантай, өөр өөрийн номоор, арга зүйгээр тайлбарлагдана. Энэ бүгдийг нэгтгэн нэг онолоор юм уу, нэг номоор зохион байгуулж тайлбарлах арга байхгүй. Манай засаг төр юм уу, бүх намууд зах зээлрүү орох нэг зорилготой эсвэл ардчиллын төлөө бүгдээрээ байгаа шүү дээ гэдэг сайхан яриагаар Монголын ард түмэн ч төлөвшихгүй, тогтолцоо, нийгэм, шинж чанар бүх юм маань эрүүл замруугаа гарч чадахгүй. Зах зээлийн дотор түмэн олон онол, үзэл баримтлал байж байна. Тэгвэл өнөөдөр улс төрийн нам оршин тогтнож, намуудын захиалгын дагуу янз бүрийн онол арга зүйг сонгож, тодорой эрдэмтэд юм уу, тодорхой шинжлэх ухааны сургууль улс төрийн аль намыг дагаж судалгаа хийх вэ? гэдэг захиалгыг гаргаж ирэх ёстой. Тийм учраас жишээ нь, зах зээлрүү орохын тулд өөрөө бие даан үйлдвэрлэлээ эрхэлж үндэсний баялаг арвижуулж байгаа тэр социал бүлгүүдийгээ дэмжиж байж зах зээлрүү орох уу гэж нэг нам үзэж байна. Манай нам гэж хэлж болох юм. Эсвэл нэгэнт бүтээчихсэн баялгийг өөр хэсэг хүмүүсийн дунд аятайхан шиг хуваарилах замаар зах зээлрүү орьё гэж өөр нам ярьж байна. Гэтэл энэ бүгдийн чинь онолын ч тайлбарууд, социал бүлгийн дотор явуулах судалгаа болон сонгуулийнхаа арга тактикийг зохион байгуулах, магадгүй засгийн эрхэнд гарсны дараа явуулах засаг төрийн бодлого ч гэсэн нийгэмдээ тохироод эрс өөр байх ёстой. Гэтэл өнөөдөр бид нар чинь бүгдээрээ нэг зорилготой гээд яриад байдаг, судалгаа ч гэсэн бараг л зах зээлийн нэг онол байдаг мэтээр сонин хэвлэл, радиогоор олон нийтэд түгээж байна. Тийм учраас улс төржиж байна, улс төржихгүй байх хэрэгтэй гэдэг. Улс төржинө гээд бол эмзэглээд байх, бие биенийгээ доромжилж гутаах зүйл биш юм гэдгийг дахин дахин хэлмээр байна. Улс төр гэдэг чинь заримдаа халуун маргаан гэдэг нь үнэн, гагцхүү ялгаагаа гаргаж ирж байж, ялгаан дээрээ бие биенийхээ өмнө нотолгоо хийж байж, тэмцэлдэж, өрсөлдөж байж улс нийгэм хөгжинө.
Хянасан: Б. АРИУНБАЯР