С.Ламбаа
/УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны дэд доктор/
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: боловсролын тогтолцоо, боловсролын үйлчилгээг өргөтгөх, боловсролын реформ
Боловсрольн тогтолцоо, сургалтын агуулга технологийн байнга, тасралтгүй хөгжиж байдаг амьд организм гэж үзэх аваас түүнийг эрин цагийнхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлж боловсронгуй болгож байх шаардлагатай.
Энэ бол боловсролын философийн үндсэн асуудал мөн.
XXI зуунд Монгол улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн ямар түвшинд хүрэх нь өнөөдрийн боловсролын салбарт хийж буй шинэчлэлт өөрчлөлтийн чиг хандлага, хурдац, үр дүнгээс үлэмж хамаарах болно. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоонл шилжиж буй өнөө үед монголын эдийн засаr дахь төр засгийн зохицуулалт, өмч хөрөнгийн байршилт, удирдлага менежментийн зохион байгуулалтад бүхэлдээ цоо шинэ эргэлт гарлаа. Ийм өөрчлөлт нийгмийн төдийгүй хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, амьдралын зорилго чиглэл, эрэлт хэрэгцээг өөрчилж байгаа юм. Нийгмийн зүгээс иргэддээ албадлагаар боловсрол, мэдлэг олгож байсан өмнөх тогтолцооны мөн чанар нь монголчуудын ерөнхий суурь боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэж байв. Энэ утгаараа Монгол орон 10,000 хүнд ноогдох суралцагчдын тоо, дээд тусгай, дунд боловсролтой мэргэжилтний тоогоор дэлхийд нилээд дээгүүр ордог байв. Харин дэлхийн жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэх гэсэн ойлголтоор уг асуудалд хандвал арай өөр дүр зураг харагдаж байгаа бөгөөд ямарч байсан боловсролын бүх шатанд зорилго, чиглэл, агуулга талаас нь дорвитой өөрчлөлт хийх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.
Тоон үзүүлэлт талаас нь аваад үзвэл Монгол орны нутаг дэвсгэр дээр 1400 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын дунд сургууль, төрийн болон хувийн өмчийн 100 шахам их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд ажиллаж байна. Бас олон арван мэргэжлийн анхан шатны боловсрол олгодог салбар, нэгж, дамжаа бий. Харин эдгээр боловсролын нэгжүүд нийгмийн ялангуяа суралцагсадын бодит эрэлт хэрэгцээг хэр зэрэг түвшинд хангаж байна ва? гэвэл уг асуудалд арай өөрөөр хандах шаардлага тавигдана. Өнөөдрийн боловсролын хүрээнд хийх гэж буй шинэчлэлт, өөрчлөлтийн чиглэл, бодлого чухамдаа үүнд чиглэгдэж байгаа юм.
Боловсролын салбар материаллаг баялагыг бүтээгч биш гэж үздэг коммунист үзэл суртал нэгэнт ард хоцорч, ардчилал өөрчлөлтийн буянаар монголчууд бид боловсрол бол нийгмийн тэргүүлэгч салбар мөн гэдгийг эрх зүйн хүрээнд тунхагласан. Энэ бол шинжлэх ухаан, техник технологийн дэвшил шууд үйлдвэрлэх хүчин болж хувирах процесс давамгайлж байгаа өнөө үед хүний оюуны чадавхи, эрчим, бүтээлч чанар улс орны эдийн засгийн өсөлтөд үнэт капитал болдог гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мөн. Ингэснээрээ боловсролд хандах төр засгийн бодлого чиглэл хэрэг төдийгүй нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх бодит алхам хийгдэж байна.
Юуны өмнө бүх шатны сургалтын байгууллага нь иргэддээ боловсрол, мэдлэг олж авах, мэргэжил, чадвар эзэмшихэд нь үйлчлэх боловсролын салбар болж өөрчлөгдөх учиртай. Үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилгын цаана эрэлт хэрэгцээ нь анхдагч болж улмаар аль ч шатны сургалтын байгууллага хэв шинж, бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга технологио уян хатан болгож чанар, үр ашгийн төлөө ажиллах боломжтой болж байгаа юм. Хамгийн энгийнээр хэлбэл өмнөх тогтолцооны үеийн нэгэн хэвийн загвар, нэг үзэл сурталын номлолоос бүрэн чөлөөлөгдлөө гэсэн үг.
Ингэснээрээ боловсролын байгууллага төрийн ивээл хяналтаас гарчихаж байгаа хэрэг огтхон ч биш. Харин ч иргэдийнхээ сурч боловсрох эрэлт хэрэгцээг хангах төрийн үйлчилгээг хэрэгжүүлэгч болж байгаагийнхаа хувьд боловсролын салбар төр засгийнхаа дэмжлэг, туслалцааг тэргүүн ээлжинд хүртэх эрх зүйн баталгаатай болж байна.
Сүүлийн 3 жилд манай орны боловсролын салбарт улсын төсвөөс хувиарласан хөрөнгийн хэмжээг авч үзье.
1998 оны Монгол улсын төсвийн төслөөс үзэхэд боловсролын нийт зардал 56.6 тэрбум төгрөг болж улсын нэгдсэн төсвийн зардал эзлэх хувь 22.5-д хүрч, төсвийн дүнгээр зарцуулах нийт хөрөнгө 34.5% төвлөрсөн төсвөөс зарцуулах хөрөнгө 79.2%-иар өсч байна. 1997 онд багш нарын мэргэжил дээшлүүлэхэд 90 сая төгрөг зарцуулахаар төсөвт тусгаж байсан бол 1998 онд 246 сая төгрөгт хүрч өслөө.
Өндөр хөгжилтэй орнуудад залуучуудыг явуулж баклаврын болон дипломын дараах сургалтанд хамруулан давтан сургах зорилгоор Монгол Улсын Их Хурал 1997 онд 1.8 тэрбум төгрөгийг тусгайлан батлаж өгсөн бөгөөд Гэгээрлийн яам өнөөдрийн байдлаар 100 гаруй хүнийг АНУ, Англи, Франц, ХБНГУ, Япон зэрэг оронд явуулаад байна. 1998 онд энэ хөрөнгийг бууруулахгүй байхаар тооцож төсөвт тусгалаа.
Боловсролд зарцуулах хөрөнгийн дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр энэ чиглэлд ашиглах гадаад орнуудын зээл тусламжийг өргөтгөж байна. Өнөөдөр боловсролын салбарт ЮНЕСКО, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, ДАНИДА, ЮНИСЕФ, ТАСИС, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын байгууллагуудын туслалцааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм.
Төр, засаг боловсролд оруулах хөрөнгийг дотоод, гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаагаар түүний дэмжлэг туслалцааг хязгаарлаж болохгүй. Өнөөгийн төр, засаг төрийн бус байгууллагуудын эрх хэмжээг өргөтгөхийн зэрэгцээгээр аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс боловсролын үйлчилгээг өргөтгөхөд оруулах хувь хэмжээ өсөх эдийн засаг эрх зүйн нааштай механизмыг бүрдүүлжээ. Тухайлбал, УИХ-аас шинэчлэн баталсан татварын хуульд боловсролын салбарт аж ахуйн нэгж, байгууллагаас оруулсан хөрөнгө, хандивыг татвар ногдох орлогоос хасч тооцохоор тогтоолоо. Энэ бол боловсролын үйлчилгээг төрөөс үзүүлж байгаа томоохон дэмжлэг туслалцаа төдийгүй боловсрол нийгмийн тэргүүлэгч салбар болохыг баталгаажуулж буй хэрэг мөн. Харин аж ахуйн нэгж байгууллагаас хир зэрэг хөрөнгө мөнгө олж авах, хэрхэн хамтран ажиллах нь боловсролын байгууллагуудын өөрсдийнх нь бүтээлч санаачлагаас хамаарна.
Монгол Улсын Их Хурлын 1997 оны хаврын чуулганаар баталсан Азийн хөгжлийн банкны туслалцаатай хэрэгжүүлэх “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр” боловсролын салбарыг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулан шинэчлэн өөрчлөхөд чухал ач холбогдолтой юм. Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бүх шатны сургуулийн бүтэц, хэв шинж, байршил, удирдлага, зохион байгуулалт, ажилчдын орон тоог оновчтой болгох арга хэмжээг 3 жилийн хугацаанд үргэлжлүүлэн дэс дараатай хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийсэн сургуульд хөрөнгө оруулалт хийж байгалийн шинжлэх ухааны лаборатори кабинеитйг шинэчлэн тоноглох, багш, удирдах ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, сургалтын агуулга технологийг боловсронгуй болгох арга хэмжээг авах юм. Энэ ажил эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, нийслэлийн дүүрэг, зарим аймгийн төвүүдэд хэд хэдэн сургууль цэцэрлэгүүд нэгдэн иж бүрэн цогцолбор хэлбэрээр сургалтын ажлаа зохион байгууллаа. Цогцолборын хүрээнд цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиуд ажиллах болсон нь хэлбэр төдий өөрчлөлт биш гэдгийг манай сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд гүнээ ухамсарлах ёстой. 1992 онд Баянзүрх дүүргийн 84-р дунд сургуульд анх удаа бүтцийн өөрчлөлт хийж сургууль цэцэрлэгийн “Эрдэм” цогцолбор байгуулагдсан. Тэр үед бүтцийн өөрчлөлт хийсний төлөө төр засгийн дэмжлэг, гадаадын зээл тусламж хүртээгүй ч ийм алхам хийх нь монголын боловсролын бүтцэд зайлшгүй болох нь ил тод харагдсан юм.
Боловсрол бол тасралтгүй үргэлжлэх сургалтын үйл явц. Энэ утгаар боловсролын агуулгыг сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах, мэргэжлийн анхан шатны дунд, дээд, дипломын дараах гэж хуваадаг. Энэ л үе шатанд хувь хүн боловсрол мэдлэг, мэргэжил эзэмших нийгэмд бие хүн болон төлөвшиж иргэний үүргээ гүйцэтгэдэг. Ерөнхий боловсролын шатанд ийнхүү “Эрдэм”, “Ирээдүй”, “Оюуны ундраа” мэтийн цогцолборууд үүсч бий болсноор 3-18 насны хүүхдийн боловсролын иж бүрэн тогтолцоо бүрэлдэж сургалтын эргэлтийн залгамж холбоо бэхжиж, чанарын өндөр үр дүнд хүрэх боломж нээгдэж байна. Нөгөө талаар үе шат бүрд суралцагчдаас тавих эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын болоод менежментийн дэвшилттэй бодлого хэрэгжих үндэс тавигдлаа. Хөрөнгийн хуримтлал бий болж багш ажилчдын цалин, хөлс урамшууллаас эхлээд нийгмийн асуудлыг бие даан нааштай шийдвэрлэх өргөн боломж бүрдэх болно.
Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт гэхэд “Боловсролын салбарын хөгжлийн төслийн” хүрээнд 26 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сургалтын хэд хэдэн иж бүрэн кабинет, танхим, номын сан байгуулжээ. Үнэндээ ерөнхий боловсролын нэгэн цогцолборт 2-3 сарын дотор ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан нь юу л бол! Боловсролын салбарын өөрчлөлтийг ингэж л хийх хэрэгтэй.
Цогцолбор болох эсхүл дагнан удирдлага зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр ажиллах хүчний орон тооны багагүй хэмнэлт гарч байна. Өнөөдрийн шинэчлэлтийн агуулга, зорилго ч өөрөө үүнийг агуулж байгааг нуух хэрэггүй. Бас боловсролын салбарын үр ашиг, бүтээмжийг орон тоог хорогдуулах, ажиллагсадын ажлын ачаалал, нягтралыг сайжруулах замаар дээшлүүлж болдог гэдэгт ч эргэлзэх хэрэггүй. Тийм ч учраас Азийн хөгжлийн банкны зээлийн тодорхой хэсэг нь орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход зориулагдаж байна.
Судалгаанаас үзэхэд өнөөдрийн байдлаар 1000 гаруй багш ажилтан 6 сараас дээш 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авч ажлаасаа чөлөөлөгджээ. Тэд өөрсдийн хүсэл сонирхолын дагуу өөр ажил алба эрхлэхээр явж байна. Тэднийг төр засаг ямар нэгэн байдлаар албадаж ажлаас нь гаргаагүй. Хөдөө орон нутагт багш дутагдалтайг харгалзан Улаанбаатар хотоос өөрийн санаачлагаар орон нутагт ажиллах багштай гэрээ хийж дээрх тэтгэлэгийг цалинтай нь давхардуулан олгох шийдвэр гаргасан нь үүний нотолгоо юм. Энэ зарчмаар цөөн тооны багш нар хөдөөг зорьсон.
Ер нь боловсролын салбарт хийх өөрчлөлтийн явцад багш ажилтны харьцааг зөв тогтоож, боловсролын хувь заяаны төлөө монгол хойч үеийнхээ төлөө эрдэм чадалтай жинхэнэ сурган хүмүүжүүлэгчдийн армийг бүрдүүлж авах нь үнэхээр онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон дурьмаар байна. Яагаад гэвэл сургууль, боловсролын шинэчлэл хөрөнгө мөнгөнөөс гадна сурган хүмүүжүүлэгчдийн нэгдэл, нягтрал, бүтээлч санаачлагаас үлэмж хэмжээгээр шалтгаадагт оршино.
Сүүлийн үед бүх шатны сургуульд сахилга, зохион байгуулалт суларч багш нарын ажилдаа хандах хандлага, идэвхи илт суларсан. Хамгийн гол нь мэргэжил боловсролоо дээшлүүлэх, өөрөө өөртөө тавих шаардлага суларч улмаар багш нар өөрсдөө оюуны ядууралд орох болсон нь боловсролд хямрал гүнзгийрэх үндэс болсон гэдгийг агзаарахгүй байж болохгүй. Ийм учраас боловсролд үнэнчээр үлдсэн сурган хүмүүжүүлэгчдийнхээ ажиллах, амьдрах нөхцлийг нь хангахад төр засгийн зүгээс онцгой анхаарч байна. Үүний нэг нотолгоо нь боловсролын салбарт бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын 156-р тогтоолд “Бүтцийн өөрчлөлтийн явцад хэмнэгдсэн хөрөнгийг тухайн сургуулийн төсөвт үлдээх”-ээр тусгагдсан явдал мөн. Харин энэ заалтыг бүх шатны төсвийн захирагч нар хариуцлагатай, ухамсартай хэрэгжүүлэх ёстой. Бүтцийн өөрчлөлт хийснээр нэг хэсэг хүмүүс 6 сараас 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг аваад явж байхад үлдэж байгаа багш нарынх нь цалин хөлс, урамшуулалтад ямар нэг хэмжээний өөрчлөлт орохгүй байх нь шударга ёсонд яавч нийцэхгүй гэдгийг иш үндэс болгож байна.
Сүүлийн жилүүдэд хувийн өмчид үндэслэсэн боловсролын байгууллага бий болж зарим нь өсч өндийж байна. Нийт оюутны 20 гаруй хувийг хамарсан 51 их дээд сургууль, коллежоос гадна ерөнхий боловсролын төрийн үйлчилгээг хөнгөрүүлэх, хүмүүсийн байнга өсөн нэмэгдэж байгаа оюуны эрэлт хэрэгцээг хангахад бодитой хувь нэмэр оруулж байгаа төдийгүй өмчийн олон хэлбэрийн нэгж байгууллага зэрэгцэн оршиж болдгийг ил тодоор харуулж байна. Нөгөө талаар боловсролын үйлчилгээний хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгож улмаар өмчийн хэлбэрээс үл хамааран хамгийн чанартай сургалтын байгууллага нийгмийн шалгарлаар үлдэх жам ёсны хувилбарыг боловсролд бий болголоо. Гэхдээ жам ёсоор сайн муугаараа ялгарахыг хүлээлгүй нийт боловсролын салбарт тавих хөндлөнгийн хяналтыг хүчтэй болгох нь чухал. Тийм ч учраас 1997-1998 оны хичээлийн жилд багтаан аккредитацын байгууллагыг бий болгож бүх шатны сургууль, боловсролын байгууллагад аккреддитаци явуулах шийдвэрийг УИХ гаргаж байгаа юм.
Сургалтын чанар, үр дүн ямар түвшинд байгаа нь аль болохоор ил тод байхын хэрээр боловсролын салбарт хийх шинэчлэлт өөрчлөлтийн мөн чанар муу байгаа талаар бид олон жил ерөнхий шүүмжилж, эцэг, эх багш, сурагчдын дунд үл ойлголцох зөрчил хуримтлагдаж ирсэн. Үүнийг энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс үндэсний хэмжээнд анх удаа авсан улсын нэгдсэн шалгалт хагалж, сургалтын чанар тогтоогдсон стандартаас үнэхээр хоцорч байна гэдгийг нотоллоо.
Ийм бодитой дохио санамж, боловсролд ус агаар шиг хэрэгтэй бөгөөд цаашид тогтвортой мөрдөх нь чухал гэж үзэж байна. Удахгүй эхлэх их, дээд сургуулийн аккредитаци мэргэжлийн боловсролын сургалтын чанар үр дүнг бодитойгоор тодорхойлох нь эргэлзээгүй. Мэргэжлийн боловсрол олгох тогтолцоо өнгөрсөн 7 жилд хэлбэр, агуулгын хувьд өргөжиж тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч чанар үр дүн харилцан адилгүй байгаа нь бодитой юм.
Мэргэжлийн сургуулиудын санхүүжилтийн механизм өөрчлөгдөж зардлын 60 гаруй хувийг сургалтын төлбөр эзлэх болов. Энэ бол зах зээлийн жам ёсны үзэгдэл. Гэхдээ суралцагчдын ар амьдрал нөхцөл ядуу зүдүү байгаагаас их дээд сургуулиас тогтоож буй төлбөрийн хэмжээ тухайн сургуулийн сургалтад шаардагдах бодит хэрэгцээг хангаж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ, Засгийн газрын зүгээс боловсролын төрийн зүгээс боловсролын төрийн зээлийн санг өргөтгөж нийт суралцагчдыг хамруулах зорилт тавин ажиллаж байна. Үүнийг дараах хүснэгтээс харж болно:
Эдгээрээс гадна төрийн албан хаагчийн гэр бүлээс 1 хүүхэд төрийн төсвийн зардлаар сурч байгаа бөгөөд 1997-98 оны хичээлийн жилийн байдлаар энэ тоо 8751-д хүрээд байна.
Эвслийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан их дээд сургууль, коллежид элсэгчдийн 70-80 хувийг нь боловсролын төрийн зээл тусламжид хамруулах зорилт тавьж байна.
Хичээлийн жил | Нийт тусламж (сая.төг) | Зээл, буцалтгүй тусламж авсан оюутны тоо | Буцалтгүй тусламж авсан оюутны тоо |
1995-1996 | 379.6 | 6273 | 124 |
1996-1997 | 571.2 | 7065 | 311 |
1997-1998 | 2099.9 | 9465 | 1022 |
Ингэснээр яс үндэс, ажил мэргэжил, албан тушаал үл харгалзан нийгмийн гишүүд тэгш эрхтэйгээр боловсрол эзэмших Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх бололцоо бүрдэж байгаа юм.
Суралцагчид төлбөр төлж мэргэжил эзэмших болсноор оюутны зүгээс сургалтын ажилд тавих хяналт улам хүчтэй болдог. Энэ нь сургуулийн удирдлага, хамт олны зүгээс бүтэц зохион байгуулалт, сургалтын агуулга стандартыг цаг ямагт боловсронгуй болгох найдвартай хөшүүрэг болох учиртай.
Өнөөдөр мэргэжлийн сургуулиуд бүтэц, хэв шинж, сургалтын технологио өөрчлөн шинэчлэх, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх талаар багагүй зүйл санаачлан хийж байна. Цаг үеийн шаардлагыг үндэслэн одоо мөрдөж буй боловсролын багц хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна. Тухайлбал, дээд боловсролын зэрэгт шилжүүлж нэг мөр болгох бүх шатны сургуулийн эрхэм зорилтыг тодорхойлох, бодлого боловсруулах, сургуулийн удирдлагыг томилох асуудлыг удирдах зөвлөлийн мэдэлд шилжүүлэх, өмчийн харилцааг зохицуулах зэрэг олон асуудлыг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгтэй болж байна. Ийм учраас УИХ-ын намрын чуулганаар боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа юм.
1997 онд багш нарын цалинг сүлжээнээс гаргаж 25.10 хувиар хоёр удаа нэмлээ. Хуучин сүлжээгээр Ерөнхий боловсролын дунд сургуулийн суурь цалин доод хязгаар нь 18300, дээд хязгаар нь 24950 төгрөг байсан бол одоо 25162, 34305 төгрөг болж өслөө. Аль ч шатны сургуулийн багш нар эрдмийн зэргийн болон ур чадварын нэмэгдэл авах, түүнчлэн нэмэгдэл хөлс, арга зүйн цагийн нэмэгдлүүд авах эрх зүйн баталгаа бий.
Энэ бүгдийг тооцож үзвэл багш нарын нэрлэсэн цалин, нэмэгдэл хөлс багагүй өссөн гэж үзэж болно. Гагцхүү багшийн хөдөлмөрийг үнэлэх, өгөх ёстой юмыг нь цаг хугацаанд нь өгөх асуудал төсөв захиран зарцуулагчдын бүрэн эрхэд байгааг дурьдсу.