Д.Цэдэв
/Дэд доктор/
Шинэ толь №17, 1997
Түлхүүр үг: Төрийн албаны шинэтгэл, Мерит зарчим, Төрийн албаны тухай хууль, ХБНГУ-ын Үндсэн хууль, харьцуулсан шинжилгээ
- Төрийн албаны эрх зүйн зохицуулалт
Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Монгол Улсын Үндсэн хууль батлагдан үйлчилж эхэлснээс хойшхи 5 жилийн хугацаанд түүнтэй нийцүүлэн төрийн албатай холбогдсон 70 гаруй хууль гараад байна.
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 оны 12 дугаар сард батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд 90 гаруй хууль тогтоомж, эрх зүйн актыг түүнтэй нийцүүлж гаргаж мөрдүүлээд байна.
- Төрийн жинхэнэ албан хаагч
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар Монгол Улсын төрийн алба нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд улс төрийн алба, захиргааны алба, тусгай алба, үйлчилгээний алба гэж ангилагдана. 1996 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар улс төрийн 2339 албан тушаалын орон тоонд 2285 албан хаагч, төрийн захиргааны 7294 албан тушаалд 6994 албан хаагч, төрийн тусгай албан тушаалд 20.6 мянган албан хаагч, төрийн үйлчилгээний албан тушаалд 111,3 мянган албан хаагч тус тус ажиллаж нийт 1415 мянган төрийн албан хаагч ажиллаж байлаа. Үүнээс гадна улсын үйлдвэрийн газарт 729219 хүн ажиллаж байлаа.
- Төрийн жинхэнэ албан хаагч
Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч нь Монгол Улсын иргэнбайх бөгөөд … ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд зохицон ажиллана. Үндсэн хуульд зааснаар “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох ба “… зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно”.
Төрийн албаны тухай хуулинд төрийн захиргааны болон тусгай “албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тодруулан томъёолоод төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчлан тогтоож өгсөн юм.
- Төрийн албаны тогтолцоо
Төрийн албаны хууль болон уг хуульд нийцүүлэн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Төрийн захиргааны албаны зөвлөлөөс батлан гаргасан дүрэм журмуудаар, хүний нөөцийн удирдлагын “мерит” зарчимд тулгуурласан төрийн албаны карьерын тогтолцоог шинээр төлөвшүүлж эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Энэхүү тогтолцооны үндсэн зарчим нь төрийн жинхэнэ албан хаагч мэргэшсэн, тогтвортой байхад оршино.
Төрийн жинхэнэ албан хаагч мэргэшсэн байхын тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой:
- Төрийн жинхэнэ албан хаагчийг нээлттэй өрсөлдөөнт шалгалтаар сонгон шалгаруулж авах бөгөөд ажилд авах, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгуур нь зөвхөн төрийн албанд ажиллах, албан тушаалынхаа зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадвар, боловсрол, мэргэжлийн бэлтгэл, туршлага байна.
- Төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд авах, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, аль нэг албан тушаалд тогтвортой ажиллуулахад улс төрийн байр суурь болон улс төрийн аль нэг намын гишүүн байх явдлыг шалгуур болгохыг хориглох,
- Төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлага нь улс төрийн хувьд төвийг сахисан, харьцангуй бие даасан байх.
- Төрийн жинхэнэ албан хаагч нь тогтвортой ажиллахын тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой.
- Улс төрийн хувьд төвийг сахих, нөлөөлөлд автахгүй, үл оролцох байр сууринаас хандах. Төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн хувьд төвийг сахисан байна гэдэг нь явцуу утгаараа түүний намын харъяалал болон улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох оролцоог зохицуулах тухай өргөн утгаараа сонгуульд нэрээ дэвшүүлэх болон сонгуулийн аливаа кампанид оролцох оролцоог зохицуулах асуудал юм.
- Бизнесийн ашиг сонирхлын нөлөөлөлд автахгүй, ангид байх. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхээс бусад аливаа бизнесийн үйл ажиллагаа нь зохицуулагдсан байх явдал юм.
Төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагын тогтолцооны дээрх үндсэн зарчмуудыг хэрэгжүүлснээр дараах нөхцөл бүрэлдэх юм.
Хамгаалагдсан байх. Төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиснаар сонгуулийн үр дүн, төрийн эрх барих байгууллагын бүрэн эрх дуусгавар болох, улс төрийн албан тушаалтан солигдох, өөрчлөгдөх зэргээс үл хамааран албан тушаалынхаа зорилт чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Төрийн тогтвортой байдлыг хангах. Төрийн жинхэнэ албан хаагч нь улс төрийн туйлшралаас ангид байж улс төрийн шийдвэрт мэргэжлийн дүн шинжилгээ хийх,
төрийн бодлого, шийдвэрийг тууштай хэрэгжүүлэх замаар төрийн тогтвортой байдлыг хангана.
Төрийн бодлогын уламжлалт чанарыг хангах. Сонгуулийн үр дүн, улс төрийн албан тушаалтны өөрчлөлт, хөдөлгөөнөөс үл хамааран төрийн бодлого, шийдвэр боловсруулахад мэргэжлийн туслалцаа тогтвортой үзүүлэх төрийн жинхэнэ албан хаагчид төрийн бодлогын уламжлалт чанарыг хангахад үйлчилнэ.
Албан тушаалаа урвуулан ашиглахаас хамгаалах. Улс төрийн болон бизнесийн нөлөөлөлд автахгүй, үл оролцох байдал хангагдсанаар нэг талаас тэдгээр зорилгод албан тушаалаа урвуулан ашиглах шаардлагаас ангижрах юм.
Мэргэших. Төрийн жинхэнэ албан хаагчид тогтвор суурьшилтай ажилласнаар албан тушаалынхаа зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсрол, мэргэшил, туршлага, ур чадварын бэлтгэл тасралтгүй эзэмшиж төрийн албанд мэргэших боломж олгоно.
- Төрийн албаны шинэ тогтолцоог хэрэгжүүлэхэд тулгарч буй зарим асуудал
1995 оны 6 дугаар сарын 1-ээс Төрийн албаны тухай хууль үйлчилж эхэлснээс тухайн үед ажиллаж байсан албан хаагчдыг нийтээр нь хавтгайруулан тангараг өргүүлж төрийн жинхэнэ албан хаагч болгосон нь төрийн албаны шинэ тогтолцооны төлөвшилд зарим талаар сөрөг үр дагавартай болсон гэж үзэж байна. Учир нь тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагчдын дотор ялангуяа янз бүрийн шатны удирдах албан тушаалтны дотор улс төрийн хүчний улс төрийн, танил талын шалгуураар албан тушаал хашиж байгаа, бизнесийн ашиг сонирхлын нөлөөлөлд автагдсан болон хуучин арга барилаар ажилладаг хүмүүс цөөнгүй байсныг тангараг өргүүлж баталгаажуулсан нь сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих болон улс төрийн шинэ хүчний зүгээс төрийн жинхэнэ албан хаагчдын дунд зарим зайлшгүй халаа сэлгээ хийхэд хүргэсэн бөгөөд энэ нь төрийн албаны шинэ тогтолцооны зарим зарчмаас ухарч хуучин эвдрэх тогтолцооны элементийг эргэж хэрэглэхэд хүргэснээр тэр нь цааш нь даамжирч хэвших шинжтэй болж байна.
Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчдыг төрийн албаны шинэ тогтолцооны зарчим, шаардлагыг үл харгалзан ажлаас халж, өөрчлөх улс төрийн шалгуураар ажилд авах, тангараг өргүүлж баталгаажуулах практик дэлгэрэхэд хүргэж байна.
Хүний нөөцийн удирдлагын мэргэшсэн, тогтвортой (мерит) тогтолцоог төлөвшүүлэхэд нэн түрүүнд анхаарах ёстой зүйл бол уг тогтолцооны үед төрийн жинхэнэ албан хаагчид хуульчлан хамгаалагдсан байдаг явдал юм. Нэгэнт тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, өөрчлөх, албан тушаал бууруулах, сахилгын арга хэмжээ авах нь ихээхэн маргаантай, хууль дүрэм, журам зааврыг хатуу баримтлах шаардлагатай бөгөөд дараа нь шүүхээр маргаж шийдвэрлэгдэж болзошгүй асуудал байдаг. Тухайлбал, төрийн албаны тухай хуулинд зааснаар төрийн захиргааны албан хаагчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон хоёрхон тохиолдолд л захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах, эсвэл төрийн албанаас уг албанд эргэж орох эрхтэйгээр халж болно. Тэгвэл тэнд заасан арга хэмжээг авахын тулд албан тушаалын тодорхойлолт нь зохих журмын дагуу гарч хүлээн зөвшөөрөгдсөн, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнээс гарах үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд нь тогтоогдсон, захиргааны зүгээс үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаж өгсөн, үйл ажиллагаа мэргэшлийн түвшингийн үнэлгээ нь зохих журмын дагуу хийгдэж албан тушаалын тодорхойлолтын шаардлагад нийцэхгүй байгаа нь нотлогдож зөвшөөрөгдсөн байх нь наад захын шаардлага болох юм. Энэ бүхнийг хууль, журам зааврыг ягштал баримтлан гүйцэтгэж, нотлох нь уг тогтолцоо дөнгөж төлөвшин эхэлж буй манай орны хувьд төдийгүй олон жил хэрэгжсэн өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч төвөгтэйд тооцогдож иймэрхүү маргаан үүсэхээс тойрч гарахыг эрмэлзэхэд хүргэдэг байна. Иймээс төрийн албаны мерит зарчмыг заримдаа “Орох хаалга нь онгорхой, гарах хаалга нь хаалттай тогтолцоо” гэж нэрлэх явдал байдаг.
Иймээс хамгаалагдсан байдлыг туйлшруулах, буруугаар ашиглах нь төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, ажлын арга барилд сонгуульд ялсан нам, улс төрийн албан тушаалтны зүгээс нөлөөлөх боломжийг хаах, төрийн албаны ажлын сул гүйцэтгэл, доогуур бүтээмж бий болгох, үүний улмаас уг тогтолцооны зарчмаас ухрах, зөрчих, өөрчлөх зэрэг сөрөг үзэгдэлд хүргэж болзошгүй байдаг.
Нэгэнт төрийн албанд орсон төрийн жинхэнэ албан хаагч нь хамгаалагдсан байх учир иргэнийг төрийн албанд авах үйл явц нь мерит тогтолцооны шаардлагыг хангаж төрийн албанд тогтвортой, үр бүтээлтэй ажиллах хүнийг сонгон шалгаруулж чадах түвшинд зохион байгуулагдсан байх шаардлагатай.
Төрийн захиргааны албаны зөвлөлөөс төрийн албаны тухай хуульд нийцүүлж боловсруулж баталсан журмын дагуу 1996 онд төрийн захиргааны албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж 213 албан тушаалын орон тоонд 503 хүн шалгагдаж 357 хүн тэнцсэнээс одоогийн байдлаар 233 хүн буюу 65.2% ажилд орсон, 124 хүн төрийн албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд байгаа нь мерит тогтолцооны зарчимд нийцүүлж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж авах ажлын эхлэл болсон юм.
Гэхдээ уг журмын дагуу төрийн захиргааны албан тушаалд иргэнийг өрсөлдүүлж шалгаруулах журмаар авч байгаа нь бэлтгэгдсэн ажиллах хүчний нөөцтэй Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг том хотуудад зохимжтой боловч тэртээ тэргүй өрсөлдүүлэх бэлтгэгдсэн ажиллах хүчний нөөцгүй орон нутагт тэр болгон зохимжгүй байж болох талтай юм. Иймээс цаашдаа иргэнийг төрийн захиргааны албанд сонгож шалгаруулж авахдаа ажиллах хүчний зохих нөөцтэй хотуудад албан тушаалд шууд өрсөлдүүлж шалгаруулах журмаар, харин орон нутагт тухайн орон нутгийн eрөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс сонгон шалгаруулж төрийн байгууллагын зардлаар, төрийн захиргааны чиглэлээр бэлтгэж авдаг тогтолцоо бий болгох нь дөхөмтэй байж болох талтай юм.
Төрийн эрх барьж буй улс төрийн хүчний зүгээс төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, яамны төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга зэрэг албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал байхаар хуульчлан зохицуулсан байсан нь сонгуулийн дараа төрийн албаны шинэ тогтолцооны зарчмаас ухрах, эрх зүйн зохицуулалтыг нь зөрчих бас нэг үндэс болсон юм.
Хөгжилтэй орнуудын туршлагаас үзэхэд нэг талаас төрийн бодлого боловсруулахад шийдвэрлэх нөлөө үзүүлж, нөгөө талаас төрийн жинхэнэ албан хаагчдыг гардан удирдаж төрийн улс төрийн болон жинхэнэ албан хаагчдын хооронд зөөлрүүлэх холбооны үүрэг гүйцэтгэдэг дээрх албан тушаалтныг дараах байдлаар зохицуулсан байдаг.
- Улс төрийн албан тушаалын ангилалд хамруулах (АНУ)
- Улс төрийн албан хаагч (ХБНГУ). Улс төрийн шалгуураар халж, өөрчилж болох боловч мэргэжил, ур чадварт нь дүйцсэн ажлаар хангах, зохих ажилд ортол нь хуучин авч байсан цалинхангамжийг нь 100% ажиллаж байсанбайгууллага нь олгох үүрэг хүлээдэг. Мөн улс төрийн албан хаагчаар шинээр томилох хүн нь заавал төрийн жинхэнэ албан хаагч байх нөхцөл байж болно.
- Төрийн жинхэнэ албан хаагч мөн боловч доогуур ангилал зэрэглэлийн бүх албан тушаалыг дамжин ажиллаж гарч ирсэн байхаас гадна уг албан тушаал дээр тодорхой тогтоосон хугацаанд (3-6 жил г.м) ажиллаад төрийн албанаас бүрэн халагдах шаардлагатай байдаг. (Япон)
Манай орны хувьд Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалын ангилалд, яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг улс төрийн албан хаагчийн ангилалд, яамны газрын даргын албан тушаалыг төрийн жинхэнэ албан хаагч боловч тогтоосон тодорхой хугацаанд ажилладаг байдлаар тус бүр зохицуулж болох талтай юм.
Хэдийгээр төрийн албаны тухай хуулинд “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөнд автахгүй төвийг сахих”-аар заасан боловч төрийн жинхэнэ албан хаагчдын дунд улс төржих явдал хэвээр хадгалагдаж цааш нь даамжрах хандлагатай байна. Төрийн албанд мэргэшиж, албан тушаалынхаа зорилт, чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх замаар амжилтанд хүрч албан тушаал ахиж дэвшинэ гэхээсээ илүү аль нэг улс төрийн хүчинд дулдуйдан ахиж дэвших боломжид илүү итгэл өгөх явдал төрийн жинхэнэ албан хаагчдын дунд газар авах хандлагатай байна.
Хэдийгээр төрийн жинхэнэ албан хаагчийн намын гишүүнчлэл, сонгох, сонгогдох эрхийг хориглоогүй боловч уг эрхээ эдлэх явдал нь албан тушаалынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж төр, иргэнд үйлчлэхэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар зохицуулалт хийх шаардлагатай байдаг.
Өнөөдөр манайд төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвшсэн мөртлөө албан тушаалынхаа бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, сонгуулийн кампанид аль нэг улс төрийн хүчнийг идэвхтэй дэмжин оролцох, түүгээр ч барахгүй сонгогдож мандат хэрэгжүүлж байгаа мөртлөө гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад, тэр тусмаа захиргааны албан тушаал хавсран гүйцэтгэх явдал ч байсаар байна. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвшсэн, сонгогдсон, эс сонгогдсон, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болох зэрэг тохиолдолд албаных нь харьцаанд ямар өөрчлөлт орох талаар зохицуулалт алга байгаа нь өөрсдийн үзэмжээр зохицуулахад хүргэж байна. Төрийн албаны шинэ тогтолцоо нь улс төрийн алба,захиргааны алба хоёрын хооронд зарчмын ялгаа байдаг, байх ч ёстой гэдэг үзэл баримтлал дээр тулгуурладаг юм.
Дээр дурдсанаас үзэхэд өнөөдөр манай төрийн албаны практикт төрийн албаны шинэ тогтолцооны мэргэшсэн, тогтвортой байх зарчмаас гадна улс төрийн шалгуурт тулгуурласан эвдрэх тогтолцооны зарчим зэрэгцэн үйлчилж байна. Энэ байдал цаашдаа үргэлжилж дараа дараачийн сонгуулийн үр дүнгээр давтагдах юм бол төрийн албаны шинэ тогтолцооны үндсэн зарчим алдагдаж эвдрэх тогтолцоо давамгайлахад хүргэх нь тодорхой.
Бусад орны түүхэн туршлагаас үзэхэд ардчилсан нийгэм дэх төрийн албаны эвдрэх тогтолцооны нийтлэг сул тал нь дараах байдаг:
- Төрийн жинхэнэ албан хаагчид улс төрийн шалгуураар томилогддог учир улс төрийн шахалтанд өртөх, улс төрийн зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглах явдал нийтлэг байдаг.
- Албан тушаалын зорилт, чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай туршлага, ур чадвар, мэргэжил, боловсролын бэлтгэлгүй хүмүүс улс төрийн идэвх зүтгэлийнхээ шагналд томилогдох явдал элбэг байдаг учир ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг.
- Сонгуулийн үр дүнгээр томилогдсон албан хаагчдыг албан тушаалынх нь шаардлагад нийцүүлсэн мэргэшил, дадлага, ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамруулахад захиргааны байгууллага ихээхэн хөрөнгө хүч зарах хэрэгтэй болдог ба тэр нь сонгууль бүрийн дараа давтагдах хэрэгтэй болдог.
- Зөвхөн сонгуулийн хугацаанд ажиллах албан хаагчид албан тушаалынхаа бүрэн эрхийг өөрийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглах явдал нийтлэг байдаг.
- Дээд түвшний удирдах хүмүүс албан тушаал хуваарилах эрхээ хэрэгжүүлэхэд ихээхэн цаг хүчээ зарах болдог.
- Төрийн алба, албан хаагчдын нэр хүнд нийтдээ унадаг.
Ардчилсан нийгэмд эдгээр болон бусад сөрөг үр дагаврыг бий болгодог төрийн албаны эвдрэх тогтолцооны практикийг цаашид дэлгэрүүлэхгүйн тулд улс төрийн намууд зөвшилцөж төрийн албаны шинэ тогтолцоог хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцож төрийн албаны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журамд зохих нэмэлт өөрчлөлт оруулж тэдгээрийг мөрдөж ажиллах талаар хариуцлага хүлээж ажиллах шаардлагатай байна.
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх богино хугацаанд төрийн албан хаагчийн зарим баталгаа нь тухайлбал, их, дээд мэргэжлийн сургуульд элссэн 1 хүүхдийнх нь сургалтын зардлыг төр хариуцах, эмчилгээний төлбөрийн зардлаас давсан хэсэг болон гадаадад эмчлүүлэх зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцах, ээлжийн амралтаараа төрсөн нутагтаа явах зардлыг 2 жилд нэг удаа олгох зэрэг нь оновчтой зохицуулалт болж чадаагүй гэдэг харагдаж байна. Мөн төрийн албан тушаалын ангиллыг харгалзахгүйгээр хавтгайруулан тогтоосон бусад баталгааг ялгавартайгаар авч үзэх, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг зохицуулах талдаа голлож анхаарах шаардлагатай юм.
Бид төрийн албаны шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэх явцдаа Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Англи болон бусад орны туршлагыг тасралтгүй судалж, зөвлөгөө авч байсны үр дүнд уг тогтолцоо нь орчин үеийн удирдлагын шинжлэх ухааны онол, практикийн ололт амжилтад бүрэн нийцсэн оновчтой тогтолцоо болсон гэж үзэх үндсийг бий болгодог юм. Гэвч бусдын туршлага, зөвлөмжид түшиглэн логик уялдаа, онолын үнэний хувьд сайн төрийн албаны тогтолцоог бий болгож болох боловч өөрийн орны онцлог, соёлын орчинд тулгуурлаагүйгээс тухайн орондоо тэр болгон үр дүнтэй хэрэгжихгүй байх явдал хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддогийг анхаарч ажиллах шаардлагатай юм.
Иймээс төрийн албаны шинэ тогтолцооны хэрэгжилтийн явцыг тасралтгүй судлаж шаардлагатай өөрчлөлт зохицуулалтыг цаг тухайд нь хийж, өөрийн орны бизнесийн салбарын хүний нөөцийн удирдлагын практикт гарч буй ололт, туршлагыг төрийн албан хаагчдын удирдлагыг практикт нэвтрүүлэн ашиглах нь төрийн албаны шинэ тогтолцоог монголчуудын нийгэм соёлын орчинд нийцүүлэн боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой байх юм.
Үүний тулд төрийн албатай холбогдолтой судалгаа шинжилгээний ажлыг эрчимтэй хөгжүүлж төрийн албан хаагчдын сургалтын бодлого тогтолцоог шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.
АРДЧИЛЛЫН БАРИМТ БИЧИГ
Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Үндсэн хууль
Есдүгээр хэсэг. Шүүхийн зохион байгуулалт
92-р зүйл
[Шүүх эрх мэдэл]
Шүүх эрх мэдлийг шүүгчид эдэлнэ; түүнийг Холбооны Үндсэн хуулийн Шүүх, энэхүү Үндсэн хуулиар заасан Холбооны шүүх болон Муж улсын шүүхүүд хэрэгжүүлнэ.
93-р зүйл
[Холбооны Үндсэн хуулийн Шүүх, харъяалал]
- Холбооны Үндсэн хуулийн Шүүхийн эрх хэмжээнд:
- Холбооны дээд шатны байгууллага эсхүл энэхүү Үндсэн хуулиар буюу холбооны удирдах дээд байгууллагын үйл ажиллагааны журмаар олгогдсон эрх бүхий оролцогчийн эрх, үүргийн хэр хэмжээний талаар үүссэн маргаанд энэхүү Үндсэн хуулийг хэрэглэх тайлбар гаргах;
- Холбоо буюу Муж улсын хууль тогтоомж энэхүү Үндсэн хуульд эсхүл Муж улсын хууль тогтоомж Холбооны хууль тогтоомжид хэлбэр, агуулгын хувьд нийцэж байгаа эсэх талаар санал зөрөлдсөн эсхүл эргэлзсэнээс үүдсэн Холбооны Засгийн газар, Муж улсын Засгийн газар эсхүл Бундестагийн гишүүдийн гуравны нэгийн шаардлагын дагуу шийдвэрлүүлэх маргаан;
- Холбоо болон Муж улсын эрх, үүрэг, ялангуяа Холбооны хууль тогтоомжийг Муж улсаас хэрэгжүүлэх түүнчлэн Холбооны хяналтыг хэрэгжүүлэхээс үүдсэн маргаан;
- Өөр шүүхийн харьяалалд хамаарахгүй тохиолдолд Холбоо болон Муж улс, Муж улсуудын хооронд буюу нэг муж улсын дотор гарсан нийтийн эрх зүйд хамаарах бусад маргаан;
4а. Үндсэн эрх эсхүл уг хуулийн 20-р зүйлийн 4 дэх хэсэг эсхүл 33, 38, 101, 103 болон 104 дүгээр зүйлүүдэд заасан эрхийн аль нэгийг төрийн эрх мэдэлтэн зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуультай холбоотой гаргасан аливаа хүний гомдол;
4б. Уг хуулийн 28-р зүйлд заасан өөрөө удирдах эрхийг хуулиар (холбооны зөрчсөн гэх үндэслэлээр хот болон хотуудын холбооны үндсэн хуультай холбоотой гаргасан гомдол; Муж улсын хуулийн тухайд эл заалт гагцхүү гомдлыг Муж улсын үндсэн хуулийн шүүхэд гаргах боломжгүй нөхцөлд үйлчилнэ;
- Энэхүү Үндсэн хуульд тусгасан бусад тохиолдол хамаарна.
- Түүнчлэн Холбооны Үндсэн хуулийн Шүүх Холбооны хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээг хэрэгжүүлнэ.
94-р зүйл
[Холбооны Үндсэн хуулийн шүүх, бүрэлдэхүүн]
(1) Холбооны Үндсэн хуулийн Шүүх холбооны шүүгч болон бусад гишүүдээс бүрдэнэ. Холбооны Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг Бундестаг болон Бундесратаас тэнцүү тоогоор сонгоно. Тэдгээр нь Бундестаг, Бундесрат, Холбооны Засгийн газар болон Муж улсын эдгээртэй жиших байгууллагын гишүүн байж болохгүй.
(2) Холбооны хуулиар Үндсэн хуулийн шүүхийн үндсэн зарчим болон үйл ажиллагааны журмыг тогтоож, түүнчлэн ямар тохиолдолд гаргасан шийдвэр нь хуулийн хүчинтэй үйлчлэхийг тодорхойлно. Тухайн хуулиар Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хууль зүйн бүх аргыг хэрэглэж хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхэд тавьсан нөхцөл байж болох ба түүнийг хэлэлцэн шийдвэрлэх тусгай журам тогтоож болно.
95-р зүйл
[Холбооны дээд шүүхүүд, Хамтарсан зөвлөл]
(1) Холбоо нь ердийн болон захиргаа, санхүү, хөдөлмөр болон нийгмийн төрөлжсөн шүүхүүдийн дээд байгууллага болох Холбооны Дээд шүүх, Холбооны Захиргааны шүүх, Холбооны Санхүүгийн шүүх, Холбооны Хөдөлмөрийн Шүүх болон холбооны Нийгмийн Шүүхийг тус тус байгуулна.
(2) Эдгээр шүүх тус бүрийн шүүгчдийг тухайн асуудлыг хариуцсан Холбооны сайд мөн Муж улсуудын уг асуудал эрхэлсэн сайдууд болон тэдгээртэй тэнцүү тооны Бундестагаас сонгогдсон гишүүдээс бүрдсэн шалгаруулах хороо хамтран сонгоно.
(3) Шүүхийн зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хангах үүднээс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөлжсөн шүүхүүдийн хамтарсан зөвлөлийг байгуулна. Бусад нарийвчилсан зүйлийг холбооны хууль тогтоомжоор зохицуулна.
96-р зүйл
[Холбооны бусад шүүх, Муж улсын шүүх холбооны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлэх нь]
- Холбоо нь аж үйлдвэрийн өмчийн эрхтэй холбоотойасуудлаар Холбооны шүүхийг байгуулж болно.
(2) Холбоо нь Зэвсэгт хүчинд хамаарах цэргийн эрүүгийн хэргийг шийдвэрлэх холбооны шүүхүүдийг байгуулж болно. Эдгээр нь гагцхүү улс орон дайны байдалд орох болон хилийн чанадад буюу байлдааны усан онгоцонд алба хааж буй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувьд эрүүгийн шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Бусад нарийвчилсан зүйлийг холбооны хуулиар зохицуулна. Эдгээр шүүх нь Холбооны Хууль зүйн сайдын харъяанд хамаарна. Тэдгээрийн орон тооны шүүгчид шүүхийн мэргэжлийн чадвартай байх шаардлагатай.
(3) эл зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шүүхүүдийн давж заалдах дээд шатны байгууллага нь Холбооны дээд Шүүх мөн.
(4) Холбоо нь холбооны нийтийн үйлчилгээний албан хаагчдын сахилга болон өргөдөл гомдолтой холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх Холбооны шүүхүүдийг байгуулж болно.
(5) энэ хуулийн 26-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн шүүн таслах ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэхийн тулд Бундесратын зөвшөөрлийг шаардсан холбооны хуулиар Муж улсын шүүхүүд холбооны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлж болно.
97-р зүйл
[Шүүгчийн хараат бус байдал](1) Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.
(2) Орон тооны болон байнгын шүүгчээр томилогдсон бол түүний хүсэл сонирхлынх нь эсрэг гагцхүү шүүхийн шийдвэрээр тэгэхдээ зөвхөн хуульд заасан үндэслэл болон хэлбэрээр бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас чөлөөлөх эсхүл бүр мөсөн буюу түр хугацаагаар түдгэлзүүлэх эсхүл өөр албан тушаалд шилжүүлэх буюу тэтгэвэрт гаргаж болно. Бүх насаар нь томилогдсон шүүгчийг тэтгэвэрт гаргаж болох насны хязгаарыг хуулиар тогтоож болно. Шүүхийн бүтэц эсхүл харъяалах тойрог өөрчлөгдөхөд шүүгчийг шүүхийн өөр байгууллагад шилжүүлж буюу ажлаас чөлөөлж болно, гэхдээ аль ч тохиолдолд цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.
98-р зүйл
[Холбоо болон муж улсын шүүгчийн эрх зүйн байдалд]
(1) Холбооны шүүгчийн эрх зүйн байдлыг холбооны тусгай хуулиар зохицуулна.
(2) Холбооны шүүгч албан үүргээ гүйцэтгэж эсхүл түүнээс гадуур байхдаа Үндсэн хуулийн тулгуур зарчим буюу Муж улсын үндсэн хуульт дэг журмыг зөрчсөн бол Бундестагийн шаардлагыг үндэслэн Холбооны Үндсэн Хуулийн Шүүх гуравны хоёрын саналаараа тухайн шүүгчийг өөр ажилд шилжүүлж эсхүл ажлаас чөлөөлж болно. Санаатайгаар зөрчсөн нөхцөлд ажлаас халах шийдвэр гаргаж болно.
(3) Муж улсын шүүгчийн эрх зүйн байдлыг муж улсын тусгай хуулиар зохицуулна. Энэхүү хуулийн 74а зүйлийн 4 дэх хэсэгт өөрөөр заагаагүй бол холбооноос нийтлэг үндэслэлийг нь тогтоож болно.
(4) Муж улсад шүүгч томилох асуудлыг Муж улсын Хууль зүйн сайд Шүүгчдийг шалгаруулах хороотой хамтран шийдвэрлэх журмыг муж улсууд тогтоож болно.
(5) Муж улс шүүгчдийнхээ хувьд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт хийж болно. Муж улсын үндсэн хуулийн заалтууд хөндөгдөхгүй. Шүүгчийн талаар гарсан гомдлыг Холбооны Үндсэн хуулийн Шүүх хянан шийдвэрлэнэ.
99-р зүйл
[Муж улсын хууль тогтоомжтой холбоотой маргааныгХолбооны Үндсэн хуулийн Шүүх болон Холбооны Дээдшүүхээс хянан шийдвэрлэх нь]
Аль нэгэн муж улсад гарсан Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг Муж улсын хууль тогтоомжоор Холбооны Үндсэн хуулийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж болох ба Муж улсын хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой хэргийг шүүхийн эцсийн шатанд нь шийдвэрлүүлэхээр энэхүү хуулийн 95-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан Дээд шүүхүүдэд шилжүүлж болно.
100 -р зүйл
[Хууль тогтоомж Үндсэн хуулийн хэм хэмжээтэй нийцэх нь]
(1) Шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгож буй аль нэгэн хуулийг Үндсэн хуультай нийцэхгүй гэж үзвэл холбогдох хэргийг түдгэлзүүлнэ, хэрэв аль нэгэн муж улсын үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудал тавигдсан бол тухайн муж улсын үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэдэг шүүх харин энэхүү Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг Холбооны Үндсэн хуулийн шүүхээр тус тус шийдвэрлүүлнэ. Муж улсын хууль энэхүү Үндсэн хуулийг зөрчсөн эсхүл Муж улсын хууль холбооны хуультай нийцэхгүй байгаа тухай маргаанд мөн энэхүү заалтыг хэрэглэнэ.
(2) Эрх зүйн тодорхой маргааны хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээ холбооны хуулийн бүрэлдэхүүн хэсэг болох эсэх, түүнчлэн уг зохицуулалт нь хувь хүний эрх, үүргийг шууд тогтоож байгаа эсэх (25-р зүйл) талаар эргэлзээ төрвөл Холбооны Үндсэн хуулийн шүүхээр шийдвэрлүүлэхээр хандана.
(3) Муж улсын үндсэн хуулийн шүүх Холбооны Үндсэн хуулийн Шүүх эсхүл өөр нэгэн муж улсын үндсэн хуулийн шүүхээс өөрөөр Үндсэн хуулийн тайлбар гаргавал Холбооны Үндсэн хуулийн Шүүх шийдвэр гаргана.
101-р зүйл
[Тусгай харъяалалтай шүүхийг хориглох нь]
- Тусгай харъяалал бүхий шүүх байж болохгүй. Хэнийг ч өөрийнх нь хууль ёсны шүүгчийн харъяаллаас гаргаж болохгүй.
(2) Тусгай хэргийг дагнасан шүүхийг гагцхүү хуулийн үндсэн дээр байгуулж болно.
102-р зүйл
[Цаазаар авах ялыг хүчингүй болгох]
Цаазаар авах ялыг хүчингүй болгосон.
103-р зүйл
[Шүүх эд тайлбар гаргах, эрүүгийн хууль тогтоомжийг буцааж хэрэглэхийг хориглох болон давхар шийтгэл ногдуулахгүй байх]
(1) Шүүхэд хэн бүхэн хуульд заасан үндэслэлээр хандаж өөрийгөө сонсгох эрхтэй.
(2) Үйлдэгдэхээс нь өмнө ял хүлээлгэх гэмт хэрэг мөн болохыг хуулиар тодорхойлсон үйлдэлд л ял ногдуулна.
(3) Эрүүгийн нийтлэг хууль тогтоомжийг үндэслэн хэний ч тэр нэг үйлдэлд давхар шийтгэл ногдуулж болохгүй.
104-р зүйл
[Албадан саатуулахад эрх зүйн баталгааг хангах]
(1) Гагцхүү зохих хуулийг үндэслэн түүгээр тогтоосон арга хэлбэрээр хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж болно. Албадан саатуулсан хүний сэтгэл санаа, биед зүй бусаар халдаж болохгүй.
(2) Албадан саатуулах эсэх түүнчлэн түүний хугацааны талаар гагцхүү шүүгч шийднэ. Шүүгчийн захирамжгүйгээр албадан саатуулсан бол шүүгчийн шийдвэрийг нэн даруй гаргуулах шаардлагатай. Цагдаагийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэнийг ч тэр баривчилсанаас нь хойш нэг хоногоос илүү хугацаагаар албадан саатуулж үл болно. Бусад нарийвчилсан зүйлийг хууль тогтоомжоор зохицуулна.
(3) Гэмт хэрэгт сэжиглэгдэн түр хугацаагаар албадан саатуулагдсан хэн бүхэнд саатуулагдсанаас нь хойш нэг өдөрт багтаан саатуулсан үндэслэлийг шүүгч
танилцуулж, асуух ба саатуулагдсан хүнд тайлбар өгөх боломж олгоно. Шүүгч үндэслэл бүхий баривчлах тогтоол гаргах эсхүл суллах шийдвэр нэн даруй гаргана.
(4) Албадан саатуулах арга хэмжээ авах болон саатуулах хугацааг сунгах тухай шүүгчийн шийдвэрийг албадан саатуулагдаж буй хүний гэр бүл буюу хууль ёсны төлөөлөгчид нь мэдэгдэнэ.