П.Наранцэцэг
Шинэ толь №18, 1997
Манлайллын тухай ойлголт нь менежмент, улс төр судлал, социологи, сэтгэл зүй зэрэг олон шинжлэх ухаанд өргөн тархсан бeгeeд түүнийг тайлах оролдлого нь эрт үетэй холбоотой юм. Эрт үеэс улс төрийн манлайллыг хувь хүний нэр хүнд, түүний давуу тал дээр бий болсон нeлee бүхий хувийн шинж чанар хэмээн тодорхойлж байв. Түүхэн хөгжлийн явцад олон арван судлаачдын онолын болон практик судалгаа үр ашигтай удирдагчдын арга барилыг судлахад зориулагдаж, нийгэм ба сэтгэл зүйг хөгжүүлэх онолын олон урсгалыг хөгжүүлэхэд хүргэсэн юм.
Манлайлагч гэдэг үг нь Английн Leader (тэргүүлэгч, манлайлагч) гэсэн үг юм. Судлаачид манлайллын талаар өөр өөрийн үзэл бодлын үүднээс олон талаас нь тайлбарлаж байсан байна.
Эдингер: “Манлайлал гэдэг нь нөлөө, нэр хүнд, эрх мэдэл ба бусдыг хянах явдал юм. Гэвч нөлөө бүр манлайлал биш”.
Л.Даунтон: “Манлайлал гэдэг нь бүлгийн бүх гишүүдийг эсвэл заримыг нь хамтран ажиллахад нь чиглүүлэх ба зохион байгуулах хувь хүний чадвараар тодорхойлогддог бөгөөд түүний нийгэмд эзлэх байр суурь” гэжээ.
Судлаач Файли, Хаус, Керр нар: “Удирдлага гэдэг нь удирдлаган дор байгаа хүн нь урьдчилан өгсөн албан ёсны үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд хүргэдэг, тодорхой бодлогыг боловсруулж шийдвэрлэдэг оюуны хөдөлмөр юм, харин манлайлал гэдэг нь бүлгийн нэг гишүүн бусад гишүүдэд нөлөөлөх үйл явц юм”.
Питер Друкер: “Манлайлал гэдэг нь хүний үйл ажиллагааны үр ашгийг өндөр түвшинд хүргэх, хүнийг хязгаарлагдмал хүрээнээс гаргах, хувь хүнийг төлөвшүүлэх чадвар” гэж тус тус тодорхойлсон байна.
Судлаачдын үзсэн дээрх үзэл баримтлал, тодорхойлолтоос харахад манлайлах, удирдах гэсэн ойлголтууд нь нэгэн ижил утгатай ойлголт биш юм. Манлайлна гэдэг нь нөлөө үзүүлнэ гэсэн үг, удирдана гэдэг нь захирах, захирагдах ёс юм. Гэвч манлайлна, удирдана гэсэн ойлголтыг салангид үзэж хэрхэвч болохгүй. Учир нь удирдагч хүн гэдэг бол өөрийн ямар нэгэн шинж, чадвараар олон нийтийг өөртөө татаж нөлөөлж байдаг байна. Тодорхой бүлгийн манлайлагчид ч гэсэн эрх мэдэлгүйгээр олон нийтийн ашиг сонирхлыг нэгтгэн илэрхийлж нийгэмд байр сууриа хэзээ ч олж чадахгүй учраас эрх мэдэл рүү тэмүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж болох юм. Иймээс хүн тодорхой хэмжээний эрхтэй байж л манлайлна гэсэн үг. Эрх гэдэг нь нэг хүний зан байдал нeгee хүний зан байдалд нөлөөлөх чадвар юм. Байгууллагын болон бүлгийн гишүүдэд нөлөөлөх манлайлагчийн чадвар нь бүлэг ба хувь хүмүүс өмнөө тавьсан зорилгодоо хүрэх бүх арга замыг тодорхойлоход туслана.
Манлайлагчид нь өндөр мэдлэг боловсрол, биеэ авч яваа байдал, зан харьцаа, илтгэх чадвар, зорилгод хүрэх хүсэл эрмэлзэл, ярианы соёл, хүнтэй харьцах эв дүйгээрээ хүмүүст нөлөөлж байдаг байна.
Манлайлагчийн үйл ажиллагааны үр ашиг нь дэмжигч, дагагч олон нийтийн ашиг сонирхлыг хангаснаар тэдгээрт нөлөөлж буй байдал, улмаар олон нийтийг хамаарч байгаа хүрээгээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, манлайлагчийн амжилт, үр ашиг нь түүхэн үед шинэ үйл ажиллагаа, үйлдлийг явуулах арга замаар тодорхойлогддог учраас манлайлагч нь улс төрийн тавцанд чухал үүрэгтэй төдийгүй гүйцэтгэх үйлдэл, үйл ажиллагаа нь олон янз байна.
Үүнээс дүгнэхэд:
- Манлайлагч нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах эрх мэдэлтэй байж, тэдгээрийн амьдралд тодорхой өөрчлөлтийг үзүүлж байх учраас манлайлал нь эрх мэдлийн нэг хэлбэр.
- Энэ нь дээд түвшнээс доод түвшин руу чиглэсэн удирдлагын статус ба шийдвэр гаргахтай холбоотой нийгэмд эзлэх байр суурь
- Манлайлал нь олон нийтэд нөлөөлөх үйл явц юм.
- Бүлэг болон олон нийтийн ашиг сонирхлыг зох мэдлийн тусламжтайгаар илэрхийлэх хангах хэрэгжүүлэх үйл явц болно.
- Өрсөлдөөнт тэмцэлд эзэлсэн байр сууриасаа хамааран улс төрийн манлайлагчид өөрсдийн боловсруулсан нийгмийн бодлого, шийдвэр түүнийг хэрэгжүүлэх арга замыг солилцох онцгой хэлбэрийн зах зээл дээрх удирдлагын үйл явц юм.
Иймээс манлайлалд зeвхeн нэг талын байр сууринаас хандаж болохгүй олон талаас нь цогц хэлбэрээр үзэх нь чухал. Нийгмийг элит хэсэг (манлайлагчид ба нелеелегчид) ба олон нийт (дэмжигчид ба ажиглагчид гэж хувааж болно. Хүмүүсийн зарим хэсэг нь манлайлах чадвартай байгаад зогсохгүй манлайлахыг хүсэл байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь манлайлахыг ч хүсэхгүй улмаар манлайлж чаддаггүй учраас манлайлагч нь булгийн хувьд тодорхой мэдэгдэхүйц чиг үүргийг гүйцэтгэдэг юм. Тухайлбал, шийдвэр гаргалт, төлөвлөлт, бүлгийг олон нийтэд таниулах, зохион байгуулалт, хяналт гэх мэт.
Манлайлал нь тодорхой зохион байгуулалт бүхий систем дээр бий болдог. Улс төрийн систем нь гадаад орчны үйлчлэлээс хамааралтай нээлттэй систем учраас манлайлах байр суурийг эзлэх нь орчноос хамаарна.
Манлайлагчийн хувийн чанар нь булгийн үйл ажиллагааг нэгтгэж байдаг юм. Томоохон нэгдлийн хувьд үйл ажиллагааны үр ашиг нь улс төрийн манлайлагчийн эзэлж байгаа албан ёсны байр суурь гүйцэтгэж байгаа үйлдэл, тодорхой бүтэц буюу үйл ажиллагааны хуваарилалт, гишүүдийн эв нэгдэл, нийгэмд эзлэх томоохон эрх мэдлийг шаарддаг байна.
Улс төрийн үйл ажиллагаанд өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүнийгээ ухамсарласан хүмүүс үйлчлэл үзүүлдэг билээ.
Улс төрд манлайлах байр суурь нь институтэжсэн байвал чухал. Удирдах чиг үүргийн институтэжсэн байдал нь албан ёсны манлайллаар тодорхойлогдоно. Энэ нь хувь хүн өөрийн нэр хүндээрээ нийгмийн шатлал бүхий бүтцэд үндэслэсэн дэг журмыг хатуу тогтоосон байгууллагын гишүүдэд нөлөөлөх нелее юм. Албан бус манлайлал нь хувь хүний манлайлагчийн үүргийг гүйцэтгэхэд бэлэн байгаа байдал, бүлгийн гишүүдээс удирдах эрх мэдлийг авах чадвараар тодорхойлогдоно. Иймээс ч албан ёсны ба албан ёсны бус манлайлал нь улс төрийн манлайллыг тодорхойлогч хүчин зүйл болдог байна. Улс төрд олон хүний үйл ажиллагааг цэгцтэй болгож удирдах үүрэг нь хувь хүний чадвар, төдийгүй томоохон байгууллагын нөлөөнөөс хамаарна. Ямар ч байгууллагыг түшиглэхгүйгээр шилдэг хүмүүс ч улс төрийн манлайлагч болж чадахгүй.
Улс төрийн манлайлал нь нийгэм, байгууллага, бүлэгт эрх мэдэл бүхий байр суурийг эзэлж байгаа нэг буюу хэд хэдэн хүмүүс нэр хүнд ба легитим шинжээрээ байнга нөлөө үзүүлэх үйл явц юм. Менежментийн гурван түвшин байдгийн нэгэн адил улс төрд үйл ажиллагааны шинж чанар ба хамрах хүрээгээр нь манлайллын гурван түвшинг үзэж болох юм.
Нэгдүгээрт, Сонирхлын нэг бүлэгтэй нэлээд эрх мэдэл бүхий бүлгийн манлайлагч. Үүнийг нийгмийн жижиг бүлгийн хүрээнд авч үзэх бөгөөд энэ манлайлагч нь бүлгийн хамтын ажиллагааны үйл явцад түүний хувийн чанарыг бүлгийнхэн үнэлсний үндсэн дээр бий болсон нэр хүнд бүхий эрхтэй. Манлайлагчийн хамгийн эхний шинж нь зохион байгуулах чадвар, шийдвэр гаргах чадвар, прагматизм юм.
Хоёрдугаарт. Байгууллага, намын манайлагч нийгмийн тодорхой бүлгийн сонирхлыг хангах боломжийг бүрдүүлэгч хүн юм. Энэ түвшний манлайлагч нь бүлгийн зүгээс түүнийг дэмжигч олон нийт ухамсарлан ойлгосны үндсэн дээр нийгмийн үзэл бодолд хувийн чанараараа нөлөөлж байдаг байна.
Гуравдугаарт. Гуравдахь түвшний манлайлагч нь нийгмийн институт хэлбэрээр бий болсон эрх мэдлийн харилцааны системд үйлчилж байгаа улс төрийн бодлоготон юм. Энэ нь нийгэмд нэлээд эрх мэдэл бүхий улс төрийн албан тушаалтны хүрээнд яригдана. Манлайлагчийн боловсруулсан хөтөлбөр, шийдвэр нь олон түмний ашиг сонирхлыг илэрхийлж улс төрийн тавцанд маш чухал үүргийг гүйцэтгэдэг.
Нэгдүгээр түвшний манлайлагч нь жижиг бүлгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг байна. Үүний тулд манлайлагчийн арга барил ба хувийн чанар нь нийгмийн улс төрийн амьдралд нөлөө үзүүлдэг юм.
Хоёрдугаар түвшний манлайлагчийн хувьд зөвхөн хувийн чанар нь зарчмын ач холбогдолтой төдийгүй Дэмжигч олон түмний сонирхлыг илэрхийлэх чадвартай байх болно. Нийгмийн төрийн байгууламжийн хэлбэрээс хамаарахгүйгээр манлайллын нэг ба хоёрдугаар түвшинд улс төрийн манлайлагч бий болох ба хоёрдугаар түвшний манлайлагч нь ирээдүйг өөрчлөгч ч байж болно. Хоёрдугаар түвшний манлайлагч нь нийгэмд улс төрийн тодорхой зорилготойгоор олон нийтийг өөртөө татаж нэгтгэн эрх мэдэлд хүрэх боломжтой.
Гуравдугаар. Гуравдахь түвшний манлайлал нь улс төрийн тодорхой арга барилаар тодорхойлогддог байна. Энэ түвшинд манлайлагч ба олон нийтийн хооронд харилцан ашигтай бие биедээ итгэх, дэмжих байдлыг бий болгох нь чухал. Үүний тулд манлайлагчийн хэлсэн үг, үйл ажиллагааны гүйцэтгэл нь олон нийтийн хэрэгцээ, шаардлагатай холбоотой байх ёстой. Манлайлагч нь олон нийттэй зөвхөн улс төрийн тавцанд холбогдоод зогсохгүй тэдний ашиг сонирхлыг мэдэрч, тэдгээрийн тусын тулд олон асуудлыг шийдэж, ихийг хийх хэрэгтэй болно.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/