Ц.Сарантуяа
/МУИС- ийн ХЗДС-ийн багш/
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: этнологи, Ancient Society, Nuer,эрх зүй болон зан заншил, эрх зүйн ойлголтын талаарх гүн ухаантан социологичид
Төр үүсэхээс өмнөх эртний үеийг этнологчид судлаж үзээд МЭӨ 2-4 мянган онд Грек, Сүмээр болон Египет зэрэгт оршин байсан овог аймгуудын талаар бичиж нийтэлсэн байдаг. Эдгээрт тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байгуулалыг илүүтэй тусгасан байдаг бөгөөд, тэр үеийн эрх зүй болон түүнтэй төсөөтэй нийгмийн зохицуулалтын талаар нотлох баримт, материал цөөн байдгаас өргөн дэлгэр судалгаа хийх боломжгүй байж иржээ.
Дээрхи асуудлаарх харьцуулсан судалгааг ч харьцангуй орой хийж эхэлсэн ба ийнхүү анхны дорвитой бүтээлийг Lewis Morgan-ы 1877 онд туурвисан “Ancient Society” гэдэг номыг хэлж болно.
Энэхүү нийтлэлийн зорилго нь эрх зүйн ойлголтыг тодруулахад нэг алхам урагш хийхэд оршиж байгаа тул эхний хэсэгт төр үүсэхээс өмнөх үеийн нэгэн нийгмийн зохицуулалт хэрхэн ямар онцлогтой байсан гэдгийг авч үзэн түүнийгээ төрт нийгэм дэх эрх зүйн тухай ойлголттой харьцуулах оролдлого юм. Нийтлэлийнхээ хоёрдугаар хэсэгт дэлхий дахины сэтгэгчид эрх зүйн талаар хэрхэн юү гэж үзэж байсныг дүгнэж, эрх зүйн талаар одоо баримталж буй ойлголтыг тодотгох оролдлого хийнэ.
- Эртний нийгмүүд хоорондоо адил төсөөтэй зохицуулалттай байсан тул одоогийн Суданы өмнө зүгт суурилж байсан Nuer- чүүдийг жишээ болгон авч үзье. Тэдгээр нь Нил мөрний эргээр оршин амьдарч байсан буюу хүн амын тоо нь 300.000, нийт 15 овог аймагт хуваагдаж байв. Гэр бүл бол тэдний эдийн засгийн чухал нэгж байсан. Эрчүүд нь үхэр мал -маллаж, эмэгтэйчүүд нь гэр орны ажил хийж газар тариалангийн ажлыг харин хамтарч эрхэлдэг байв. Гэр бүл нь моногам зарчим дээр тулгуурладаг, учир нь эхнэр болох хүний гэр бүлд инж төлдөг ба тэр нь 20-30 үхэр байсан. Эхнэр нь нөхрөөсөө салах явдал цөөнгүй тохиолддог ба нэг хүүхэд төрүүлсэн тохиолдолд инжнээс зургаан үхрийг буцаан төлөх, харин хоёр хүүхэд төрүүлсэн бол юуг ч буцаан төлөх шаардлагагүй журамтай байжээ. Энэ нь хүүхэд эцгийнхээ ураг төрөлд цаашид хамаарсан хэвээр байх боломжтой гэсэн утгатай юм. Nuer-ийнхны хувьд хүүхэд эсвэл эцэг, эсвэл зөвхөн эхийнхээ ураг төрөлд л хамаарах ёстой байдаг ба аль алинд нь нэгэн зэрэг хамаарах боломжгүй гэж үздэг байсан. Үүнийг агнатик төрлийн холбоо гэж нэрлэдэг. Манай соёл иргэншилд байдаг шиг когнатик холбоо тухайлбал: хүүхэд хоёр эмэг эх, хоёр өвөг эцэгтэй байх боломж байдаггүй. Дээрхи агнатик төрлийн холбооны хүрээнд хүмүүс хоорондоо гэрлэж болохгүй бөгөөд экзогам харилцаанд байдаг. Гэрлэлтийг харин дан ганц овог аймгийн хүрээнд зөвшөөрдөг. Энэ утгаараа овог аймгийн дотор эндогам харьцаа ноёрхож байжээ.[1]
Тэр үеийн нийгмийн чухал нэгж нь ураг төрлийн холбоо байв. Энэхүү ураг төрлийн холбоо нь хоёроос гурван үедээ иҳээхэн хүчтэй хадгалагддаг байсан ба газар болон малыг өөртөө өмчлөх эрхийг ураг төрлийн холбоонд мэдэж шийддэг байсан тул тухайн үеийн нийгмийн хэв журамд ихээхэн нөлөө үзүүлж байв. Энэ утгаараа ураг төрлийн холбоо нь нийгмийнхээ бүтцийг бүрдүүлж байжээ гэж үзэж болох юм. Овог аймаг нь ийнхүү ураг төрлийн олон тооны бүлгүүдээс бүрддэг байсан тэдгээрийг тус бүрт нь сегмент гэж нэрлэдэг аж. Сегментүүд нь дотроо экзогам, овог аймаг ны эндогам харьцаанд байсан байна.
Овог аймгийн хувьд бие дааж өөрсдийгөө хамгаалах үүрэгтэй учир овог аймгийн хүрээнд эрх зүй үйлчилж байсан гэж Эдвард Эванс Притчард “The Nuer” гэдэг номондоо дүгнэн хэлсэн байдаг. Тухайлбал: Nuer- чууд бүгд хоорондоо адил тэгш эрхтэй, баян ядуу хүмүүс байсан боловч тухайн нийгэмд хүмүүс бие биентэйгээ адил хэмжээнд харьцдаг байсан, хүмүүс төрөхдөө тэгш байдалтай, ноёрхогч ба боол гэсэн ялгаа огт байдаггүй нэгэн нийгэм байв. Харин ураг төрөл сегментүүдын хүмүүсийн хооронд бие биеийнхээ амь насыг бүрэлгэсэн тохиолдолд хохирлыг төлж цайруулах зарчим үйлчилж байсан. Ийм чиг үүргийг хэрэгжүүлэхэд тусладаг тусгай хүмүүс үе залгамжилcан шинжтэй ажилладаг байв. Харин эдгээр нь үe бусдаас илүү эрх дарх эдэлдэггүй, захиран тушаах эрх мэдэлгүй, гагцхүү зохицуулах л чиг үүрэгтэй бусдын нэгэн адил хүмүүс байснаараа онцлогтой. Жишээ нь нэг хүн нөгөөгийнхөө амь насыг хороосон тохиолдолд тэрхүү зохицуулагч нь хүн алсан этгээдийг тодорхой хугацаанд ивээлдээ байлгаж, тэр хугацаанд ураг төрлийнхэнтэй нь ярилцан нас барсан хүний гэр бүлийнхэнд хэдэн мал (үхэр) өгснөөр хохирлыг цайруулах вэ гэдгийг тохиролцоод, хохирогчийн гэрт очиж энэ тухай хэд хэдэн удаа ярилцсаны эцэст малын тодорхой тоон дээр зөвшөөрүүлж үүнийг шат дараалсан байдлаар төлүүлэх арга хэмжээ авдаг байж. Тодорхой хугацаа өнгөрч, мөн тодорхой тооны малыг хохирогчийн гэрт хэрэг үйлдсэн хүний төрөл төрөгсдөөр төлүүлсний дараагаар байдал хэвийн болж маргалдсан хоёр тал хоорондоо өс хонзон санах зүйлгүйгээр хуучин хэвийн байдалд шилжин ордог байж. Дээрх бүх зүйлийг үйлдэхдээ энд дурьдаагүй олон тооны ёс заншлыг (ритуал) биелүүлдэг байсан гэж үздэг. Энэ нийгэмд шүүх буюу шийдвэр гүйцэтгэгч гэж байгаагүй, хүмүүс өөрөө өөртөө туслалцаа үзүүлэх байдлаар асуудлаа шийдвэрлэдэг байсан гэж үзэж болох юм.
Дээрх болон тэр үеийн ёс заншлын өөр олон жишээг судлан үзэхэд Nuer-ийнхны үеийн болон манай үеийн эрх зүйн хооронд маш их ялгаа байдгийг ажиглаж болох юм. Тэдэнд эрх зүйн мэдлэг тухайн нийгэмд хуульчид огт хэрэггүй байсантай нэгэн адил огт шаардлагагүй зүйл байсан юм. Nuer-чуудын дээрх жишээн дээр дурьдсан ёс заншлыг бидний өнөөдрийн эрх зүй гэж ойлгодог зүйлтэй харьцуулан үзэхэд маш их ялгаатай бөгөөд жишээ нь: хүний амийг бүрэлгэж болохгүй гэх мэт зарчмын зарим ганц ерөнхий хандлага, шаардлагаараа хоорондоо төсөөтэй байна.
Гэхдээ заншлын нийгмийн үед хүн алахыг буруу хэрэг гэж үздэг байсан ч энэ зөрчлийг хувийн шинж чанартай гэж ойлгон хохирогчийн гэр бүлийнхэнд нөхөн төлбөр төлснөөр хохирлыг цайруулдаг байсан. Харин төрт нийгмийн үед үүнийг гэмт хэрэг гэж тооцож төрөөс ял шийтгэл ногдуулдаг. Манай нийгэмд хохирогчийн гэр бүлд юу ч төлдөггүй учир ямар нэг нөхөн төлбөрийн тухай ойлголт байхгүй болсон. Төрт нийгмийн өмнөх үед зөвшилцөлд хүрэх боломжтой байсан тул талууд хохирлыг арилгасны дараагаар цаашдаа хоорондоо ойлголцон амьдрах бололцоотой байж ирсэн. Харин эрх бүхий төрийн байгууллага-шүүхээс заавал биелэх шинж чанартай шийдвэр гаргадаг болсноор талуудын хоорондын ойлголцол аажимдаа үгүй болж эхэлжээ.
Төрт нийгэм үүсэхээс өмнө зөрчилдөөнийг шийдвэрлэхэд талууд нь эрх тэгш байсан ба ноёрхлын ямар нэг элементгүйгээр асуудлыг консенсусаар шийдвэрлэдэг байв. Харин өнөөдөр шүүхээс шийдвэр гаргахдаа талуудын болон гэрчийн этгээдийн мэдүүлгийг сонсдог боловч шийдвэр нь ямагт нэг талынх байдаг. Түүнчлэн шүүх нь дан ганц дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагддаг ба харьцангуй бие даасан байдалтай ажилладаг. Ийм дагнасан шинжтэй эрх бүхий байгууллага заншлын нийгэмд байх огт боломжгүй юм. Өөрөөр хэлэх юм бол заншлын хэв журам нь өөрөө өөрийгөө зохицуулсан шинжтэй, харин төрт нийгэм ноёрхлын буюу дээрээс нь зохицуулсан элементтэй байна. Төр үүсэхээс өмнө зөрчлийг шийдвэрлэх явдал нь байдлыг хуучин хэвэнд нь оруулах зорилготой байсан учир нийгэм нь өөрөө өөрчлөгдөхгүй, статик шинжтэй хэвээр байсан. Харин төрийн шүүхийн үйл ажиллагаа нь үүний яг эсрэг үр дүнд хүргэдэг ба хүмүүсийн харилцааг дээрээс нь зохицуулж байдгаараа заншлын шинж чанартай болон хуучирч үеэ элээсэн зарим зохицуулалтыг хүчингүй болгож өгдөг. Үүгээрээ нийгэм өөрчлөгдөх боломжтой тул төрийн зохицуулалтыг нилээд дэвшилттэй зуйл гэж үздэг. Заншлын нийгэм нь коллектив шинжтэй, ураг төрлүүд бие биенээ харилцан дэмжих байдал дээр тулгуурладаг бол төрт нийгэмд ураг төрлийн буюу гэр бүлийнхний дэмжлэг зарчмын хувьд төдийлөн шаардлагагүй бөгөөд боломжгүй зүйл юм. Төрт нийгэм бол үүгээрээ индивидуалист шинж чанартай гэж үзэж болох юм. үүргийг хэрэгжүүлэх чиг ян зохицуулж байдгаараа өгдөг.
Nuer-чуудын сuong (ёс заншил) бол уг чанартаа ёс суртахууны хэв журам юм. Сайн, муу, зөв, буруу г.м. нь бүгд тэдний хувьд нэг ойлголт ба бурхан тэнгэрээс үүдэлтэй. Төрт нийгэмд байдаг шиг ёс суртахуун ба эрх зүй гэсэн тусгаарал байдаггүй. Эрх зүй бол бидний хувьд биеэ хэрхэн авч байлгах гадаад илрэлийн асуудал бол ёс суртахуун нь дотоод үнэлэмжийн талын ойлголт болно. Иймд манай нийгэмд ёс суртахуун гэдэг нь индивидуал, харин өмнөх нийгэмд энэ нь хамт олонч шинжтэй байсан байна.
Дээр дурьдсан зарим ялгаануудаас үүдээд эгнологчид төрт нийгмийн өмнөх зохицуулалт эрх зүй мөн эсэх талаархи асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг аж. Энэ асуудлыг гол төлөв англо-саксоны эрх зүйчид суүлиин 50 орчим жил судалж байгаа юм.
Эдгээр эрдэмтэд гол төлөв Law, custom гэдгийн ялгаа буюу харьцааг гаргах үүднээс уг асуудлыг сонирхож иржээ. Law гэдэгт нь дан ганц хууль биш, эрх зүйг ч бас өөртөө багтаан хамааруулж байгаа юм. Харин сustom гэдэг нь манай зан заншил гэдэгтэй нэг утгатай үг юм.
Төр үүсэхээс өмнөх үеийн нийгэмд зарим тохиолдолд тодорхой албадлагын эхлэл бас ажиглагдаж байдаг. Энэ нь Nuer-чуудийн нийгэмд харин ихээхэн бага ажиглагддаг. Энэ тохиолдолд Law, custom хоёрын тухай яаж хандах вэ?
- Law (эрх зүй, хууль), custom (зан заншил)-ын зааг юунд оршиж байна вэ? гэдэг асуултанд мэргэжлийн хуульч хүн эрх зүйн онолын түүхийн хуудсыг сөхөн байж хариулах болно.
Эрх зүй гэж юу болох талаар тоолж барагдашгүй их тайлбар бий. Тэдгээрийн үндэслэлийг тухай бүрт нь гаргаж ирсэн байдаг. Энэ үйл явц цаашид ч энэ хэвээрээ үргэлжлэх нь дамжиггүй юм. Эрх зүйн тухай ойлголт соёл, шинжлэх ухаан зэрэг бусад үзэгдлийн тухай ойлголтуудтай нэгэн адил үргэлж хөдөлгөөнд байж ирсэн. Эрх зүйн ойлголтын талаар 2000 жилийн өмнөөс гнн ухаантан, хуульч болон социологчид судлан үзэж байсан. Тэдгээрийн заримаас доор жишээ болгон толилуулая:
2.1. Platon
Tүүний эрх зүйн философитой Politeia (төр), Nomoi (хууль) гэсэн хоёр бүтээлээс нь танилцаж болох юм.
Дээрхи зохиолдоо төр нь дотроо гурван зэрэг дэвтэй байдаг тухай санааг гаргаад доод түвшинд тариачид, гар урлаачид, худалдаачид, дунд түвшинд цэрэг цагдаа, хамгаалалтын хүмүүс, харин дээр нь гүн ухаантан ноёрхлыг хэрэгжүүлдэг. Дээрхи бүх түвшингийн хүмүүс өөрсөд нь оногдсон үүргийг биелүүлэх үүднээс шударгаар хувиарласан эрхүүдийг эдлэх ёстой гэж үзжээ. Платоны үзсэнээр бол эрх зүй гэдэг нь шударга ёсны агуулгыг илэрхийлсэн ойлголт болно.
2.2. Aristoteles
Тэрээр эрх зүйн философийг этикийн буюу гоо зүйн ойлголт гэж үзээд түүнийг Платоны нэгэн адил төрийн философийн хэсэг болгон тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл эрх зүй гэж юуг хэлэх вэ, тэр нь ямар байх вэ гэдгийг төр өөрөө тогтооно. Аристотель ч гэсэн эрх зүйг шудрага ёстой холбон үзэж байсан. Шудрага ёс бол тэгш байдлыг арифметикийн болон геометрийн гэж хоёр хуваасан байна. Эхнийх нь тэгшитгэн үзэх, хоёр дахь нь тэгш хувиарлах тэгш байдал гэж дотроо хуваагдаад, эхнийхийг нь иргэд хоорондын харилцаанд, хоёр дахийг нь төрөөс хөрөнгө, алба, yрамшуулал зэргийг хувь тэнцүүлсэн байдлаар хувиарлахад илэрдэг гэж үзсэн байна.
2.3. Ромын эрх зүй
Энэ нь МЭӨ ІII зуунд Итали болон колони орнуудад ихээхэн дэлгэрчээ. Тэдгээр нь ан амьтан, хүмүүс бүгд байгалиас заяасан төрлөхийн эрхийг эдэлнэ гэж үзээд боолчлол нь тэрхүү эрхэнд харшлах тухай номлож байжээ. Ромын хуульчдын хувьд эрх зүй бол тэдгээрт заяасан төрлөхийн эрх болно.
2.4. Thomas von Aquin
Хууль гэдэг бол энэ сэтгэгчийн хувьд хүмүүсийн сайн сайхан аж байдлын төлөө хэсэг хүмүүсээс нийтэд зориулан гаргаж буй зохицуулалт бөгөөд тэрхүү зохицуулалт нь төлөв зан байдал дээр тулгуурлана. Эрх зүйг хэдийгээр төрөөс тогтоох боловч тэрээр нөгөө талаас төлөв зан байдлын илэрхийлэл байдаг тул нэгэн зэрэг христос шашны төрлөхийн эрх мөн юм гэсэн хоорондоо зөрчил бүхий хоёр өөр утгыг илэрхийлж байгаа юм.
2.5. Hugo Grotius
Эрх зүй нь төр бус, харин дан ганц хүний төлөв байдал дээр тулгуурлана гэж тэрээр үзэж байсан байна. Энэхүү үзэл онол нь төрлөхийн эрхийг төрөөс болон христосын шашингаас ангид авч үзсэн шинэ үеийн нэгэн урсгал юм. Шашин шүтлэг болон цаг хугацаанаас үл хамааран дэлхий дахинаа адилхан шинчилдэг зарчим, зохицуулалтууд нь хүний төрлөхийн эрхэд тохирох юм гэж үзээд энэ нь дан ганц хүмүүст ч биш, мөн ард түмнүүдэд ч нэгэн адил хамаарах юм гэж үзжээ. Үүгээрээ Хуго Гроциус олон улсын түгээмэл эрх зүйг анх нээсэн болно.
2.6. Thomas Hobbes
Тэрээр мөн л Платон ба Аристотелийн адил эрх зүйг төрийн философтэй холбон үзэж байсан. Ялгаа нь, төр оршин байх шалтгааныг тодорхой нэг үзэл санаатай холбож үзээгүй, харин бодит хэрэгцээтэй холбон үзсэн ба төр үүсэх нь хүмүүсийн бодит байдал, түүн дээр үндэслэн гарсан хэрэгцээнээс үүдэлтэй гэжээ. Байгалийн бодит байдал нь замбараагүй явдал юм. Xүмүүс бие биендээ дайсагнах боловч хэн нэг нь захиран тушаах ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байсан. Тэр этгээд нь төр юм. Төрөөс захиран тушаасан болгон эрх зүй мөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хууль ямар байх вэ гэдгийг авторитет буюу нэр хүнд тогтоохоос биш бодит үнэн үүнийг тогтоож чадахгүй юм гэж үзсэн байна. Тэрхүү авторитет нь сэтгэгчийн үзэж байснаар төр юм.
2.7. Immanuel Kant
Кант бол чөлөө ба иргэний нийгэмд тэмүүлсэн абсолютист төрийн эсрэг үзэл санаа бүхий сэтгэгч байсан. Энэ шалтгаанаар түүний боловсруулсан эрх зүйн онолын үндэс нь төр биш, нийгэм, тодруулж хэлэх юм бол хувь хүний ёс суртахуун юм. Хүн бүр өөрийнхөө үйл ажиллагааг хууль тогтоогчоос зөвшөөрч буй хүрээнд явуулах боломжтой. Ёс суртахууны зарчмуудыг хүмүүс өөрт нь оногдсон эрх чөлөөний хүрээнд хэрэгжүүлнэ. Ингэхдээ бусадтай зөрчилдөх явдал гарч болохыг үгүйсгэхгүй, үүнээс сэргийлэхийн тулд тов тодорхой зааг хязгаар тогтоох ёстой буюу тэрхүү зааг хязгаар нь эрх зүй мөн юм гэж үзжээ. Өөрөөр хэлэх юм бол эрх зүй гэдэг нь эрх чөлөөний ерөнхий зарчмын хүрээнд нэг хүн нөгөөгийнхээ эрхийг зөрчихгүй байх нөхцөл бололцоо юм.
2.8. Max Weber
1925 онд бичсэн “Эдийн засаг ба нийгэм” гэдэг номынх нь хоёрдугаар хэсэгт түүний эрх зүйн социолог тусгалаа олсон байдаг. Эрх зүй гэдэг нь гурван элементээс бурддэг. Нэгд: ерөнхий хэм хэмжээ, хоёрт: тэдгээрийг төрөөс тогтоосон байна, гуравт: тэдгээрийн хэрэгжилт төрийн албадлагын аппаратаар хамгаалагдсан байна. Төр ба түүний албадлагын аппарат гэдэг зүйлүүд энд хамгийн чухал байр суурийг эзлэж байгаа юм.
2.9. Hans Kelsen
“Төрийн эрх зүйн тухай сургаалийн гол асуудлууд”, 1911, “Эрх зүйн цэвэр онол”, 1934, 1960 онуудад бичсэн бүтээлүүддээ шинжлэх ухааныг социологи талын тэрээр элементүүдээс чөлөөлөх оролдлого хийсэн ба нийгмийн шинжлэх ухаануудаас тусгаарлахыг эрмэлзсэн байдаг. Энэхүү шалтгаанаар тэрээр “мөн чанарын хэмжүүр” болон “байх ёстойн хэмжүүр” хоёрыг зааглан үзсэн байдаг. Бусад шинжлэх ухаан нь “мөн чанарын хэмжүүр-г судлах ёстой байхад эрх зүйн шинжлэх ухаан нь “байх ёстойн хэмжүүр”-г судалдгаараа норматив шинжтэй буюу “эрх зүйн цэвэр сургааль” мөн юм гэж бичсэн байдаг. Эрх зүй гэдэг нь энэ утгаараа төрөөс тогтоосон буюу түүний албадлагаар хамгаалагдаж буй бүхий л хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц гэж ойлгох юм. Эрх зүйг ёс суртахуунаас тов тодорхой зааглах ёстой гэж үзсэн байдаг.
Дээрхи есөн жишээнээс гадна эрх зүйн тухай ойлголтыг өөрсдийнхөө оршин байгаа үетэйгээ тохируулан гаргаж ирсэн өөр цөөнгүй жишээ байдаг юм. Дээрхи жишээнүүдийг дурьдсанаар эрх зүйн тухай ойлголтыг гаргаж ирэх шалгуур төдийлөн их биш байдаг гэдгийг харуулах оролдлого хийсэн болно. Түүхэн хөгжлийн явцад эрх зүйг тодорхойлоход дөхөмтэй боломжийн бүх шалгуур гарч ирж байсан гэдгийг зарим цөөн жишээн дээр харууллаа. Тухайлбал, эрх зүй нь:
- Төрөөс ангид оршиж буй нийгмийн бүтээгдэхүүн
- Эсвэл төрт нийгмийн үр дагавар ба чухал элемент гэж өөр өөрөөр тайлбарласан нь дээрхи жишээнүүдээс харагдаж байгаа болно
- Энэ хоёр хэсэг урсгалыг хослуулсан үзэл ч байдаг ба, жишээ нь Eugen Ehrlich хэмээх эрдэмтэн эрх зүйг төрөөс тогтоодог ч нийгмээс хүлээн зөвшөөрч байж тэр нь үр ашигтай үйлчилж чадах юм гэж тэмдэглэсэн байдаг байна. Тэр ч бүү хэл эрх зүй ба ёс суртахуун хоёр нэг зүйл эсэх гэсэн асуултыг харьцангуй өөр хоорондоо ялгаатай байдлаар тайлбарласан байдаг.
Дээрх үзэл онолуудыг судлан үзсэний эцэст эрх зүй, түүний шинж чанар нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж байдаг гэж дугнэж болох юм. Түүхэн хөгжлийн үe болгонд адил хэмжээнд тохирох эрх зүйн онол өнөөг хүртэл бий болоогүй.
Tухайлбал: эртний үеийн онолууд нь эрх зүй, ёс суртахуун хоёрыг ямагт холбоотой авч үзсэн байхад сүүлийн гурван зуу орчим жил үүний эсрэг онолууд гарч ирж байх жишээтэй. Энэ нь байдал өөрчлөгдсөнтэй буюу шинэхэн үеийн эрх зүй нь төрийн зүгээс зохицуулах хэрэгслэл нь болж өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Харин дээр үед бол дадал заншил, уламжлал зэрэг өөрөөр хэлбэл ёс суртахууны салбарт хамаарагддаг зүйлс илүү их үүрэг рольтой байсан. Зан заншил, ёс суртахуун, ёс зүй зэрэг нь манай нийгэмд одоо ч хэрэглэж байдаг л нэр томъёо хэвээр үнэмшил ба үнэлэмжийг илүү илэрхийлсэн ойлголт болно. Энэ нь бусад хүмүүс ба эрх зүйн зохицуулалтаас үл хамааралтай. Харин эртний нийгэмд байдал үүнээс өөр байсан. Хувь хүний ёс суртахуун нь тухайн үеийн дадал, зан заншилтай нийцэж байх ёстой байсан ба аль аль нь эрх зүйтэй нягт холбоотой байсан. Төрийн үүрэг роль өсөх нь энэхүү нэгдмэл байдлыг эвдэхэд хүргэсэн байна. Төрийн зохицуулах үүрэг өсөх тусам дээрээсээ удирдах явдал ихсэх ба энэ нь чухамхүү эрх зүй мөн юм. Иймд өмнө нь эрх зүй гэж байгаагүй гэж хэлэхэд бас хүндрэлтэй, түүний шинж чанар ямагт өөрчлөгдөж ирсэн. Эрх зүй гэж юу вэ гэсэн асуултанд нийтлэг байдлаар хариулах боломжгүй бөгөөд хуульч мэргэжил эзэмшиж буй үе үеийн хүмүүсийг шалгалтын үед аварч ирсэн, мөн хаанахын ч бай ухаалаг оюутны энэ acyултанд өгөх бодит байдалд дөхөмтэй хариулт бол, түүхэн хөгжлийн чухамхүү хэдий үеийн эрх зүйн тухай ярьж байна вэ? гэдгээс л шалтгаална гэж хэлэх явдал юм. Эрх зүйн хөгжлийн эхний үе шатанд тэрээр ёс суртахуун, зан заншил гэдэгтэй нэг зүйл байсан.
Эцэст нь эдгээр нь гурван өөр, салангид гэхдээ хоорондоо холбоотой зүйлс болж хөгжсөн байна. Платон, Аристотель нар өөрсдийнхөө үед тохирсон ижилхэн хариу өгсөн ба Макс Вебер болон Ханс Кельзен нар манай өнөөгийн үед тохирсон хариуг өгсөн байна. Энэ бол эрх зүйн хөгжлийн еренхий хууль мөн юм.
Харин манай үед эрх зүйн шинж чанар одоо ч гэсэн төрөөс тогтоосон хэм хэмжээ хэвээр учир дээрх хоёр эрдэмтэн тэргүүлсэн дэлхий дахины онолчдын үзэл одоо ч, мөн ойрын ирээдүйд ч өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдах нь дамжиггүй.
Анхандаа нэгдмэл байсан эрх зүй, ёс суртахуун, зан араншин нь аажимдаа улам бүр холдож байгаа болно. Харин Nuer-чуудын cuong гэж юу байсан бэ? Тэр бол төр үүсэхээс өмнөх үеийн нийгэм юм. Ийм нйигэмд хууль, заншил хоёрын хооронд ялгаа байгаагүй учир эрх зүй гэж байсан гэж хэлж болох юм. Энэхүү ялгаа дан ганц төрт нийгмийн эрх зүйн онолд л байдаг байна. Иймд өөр хоорондоо ийнхүү ялгаатай нийгмүүдийн хувьд дээрхи харьцуулалтыг хийх боломжгүй юм.
[1] Uwe Wesel “Juiristische Weltkunde” 6 Aufl., 1992, S, 22 E.E.Evans Pritchard “ The Neur”, 1940