С.Болд
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
ЭРХ ЗҮЙН ҮР НӨЛӨӨ
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: нийгмийн дэг журмыг хангах,эрх зүйн хэм хэмжээний үр нөлөө,хуулийг дээдлэх
Хууль нэг талаас нийгмийн дэг журмыг хангаж шударга ёсыг бэхжүүлэх, хүмүүсийн эрх чөлөөг бататган тэдний бие даасан байдал, бүтээлч үйл ажиллагааг өргөжүүлэх, нөгөө талаас дураараа аашлах, хяналтгүй байх, дангаар ноёрхохыг бүх талаар хязгаарлан хааж зохицуулж байх учиртай. Үүгээр түүний нийгмийн харилцааны зохицуулалтын системд эзлэх байр суурь, үр нөлөө, үнэ цэнэ тодорхойлогддог.
Хуулийн заалт буюу эрх зүйн хэм хэмжээ хоёрдмол утга санаатай, гүйцэд тодорхой бус тохиолдолд түүнийг практик амьдралд хэрэглэхэд тун төвөгтэй байдгаас гадна энэ нь хуулийг завхруулах, дураар авирлах (аль нэг талд хохирол учруулах) явдалд үүд хаалга ч болж болзошгүй.
Одоогоор хууль зүйн шинжлэх ухаанд эрх зүйн үр нөлөөний тухай нэгдмэл ойлголт байхгүй, эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж байгаа учир нилээд маргаантай асуудал хэвээр байна.
Эрдэмтэд эрх зүйн нөлөөг “шударга ёсны байх”, “зүй зохистой байх”, “ашигтай байх”, “үр дүнтэй байх”, “үндэслэлтэй байх” зэрэгтэй холбон тайлбарладаг. Эрх зүйн үр нөлөөг эрх зүйн хэм хэмжээний бодит үр дүн, уг хэм хэмжээг бүтээх үед хууль тогтоогчоос түүний өмнө тавьсан шууд зорилт хоёрын харьцаатай холбох нь зүйтэй болов уу.
Цэвэр хууль зүйн утгаараа эрх зүйн үр нөлөөний асуудал нь эрх зүйн зохицуулалтын механизмын бүхий л элементүүдийн харилцан зохицолдоо уялдаа бүхий үйлчлэлтэй шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн харилцаа, (үзэгдэл)-нүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой байж эрх эүйн зохицуулалтын механизмыг бий болгодог бөгөөд эдгээр нь хууль тогтоогчоос тавьсан үр дүнг гаргах, бидний амьдралд нөлөөлөх зорилттой үүсч, оршин тогтнодог гэсэн үг юм.
Эрх зүйн зохицуулалтын механизмын үр нөлөөг тодорхойлоход тухайн салбар эрх зүйн харилцаанд хамгийн оновчтой нийцэх зохицуулалтын хэв маяг, арга, хэлбэрийг сонгон авах явдал чухал юм. Эрх зүйн зохицуулалт шаардсан тухайн тодорхой тохиолдол бүрт, өөрөөр хэлбэл эрх олгосон зохицуулалтыг уу (хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө), эсхүл зөвшөөрсөн зохицуулалтыг уу (хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно), захиргааны эрх зүйн зохицуулалтын аргыг уу (дээрээс доош чиглэсэн), эсхүл иргэний эрх зүйн аргыг уу (тэгш байдлыг хангасан) гэдгийг хууль бүтээх үйл ажиллагаанд шинжлэх ухааныг үндэслэлтэйгээр зөв сонгон хэрэглэснээс тухайн хууль зүйн зохицуулалтын үр нөлөө ихээхэн хамаарна гэсэн үг. Энэ нь хуулийн үр нөлөөний асуудал хууль бүтээх үйл ажиллагаатай холбогдох сэжим юм.
Түүнчлэн эрх зүйн үр нөлөө нь уг хэм хэмжээг хэрэглэх acуудал болон хууль зүйн практик үйл ажиллагаатай нарийн шутэлцээтэй байдаг. Хичнээн боловсронгуй хууль бүтээлээ ч гэсэн практикт түүнийг хэрэглэх үйл явц буруу, боловсронгуй бус байвал хуулийн (эрх зүйн) ямар ч үр нөлөөний тухай ярих боломжгүй юм. Үр нөлөөний асуудлыг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхгүй буюу цөөхөн хэрэглэж байгаа явдалтай холбож тайлбарлах нь учир дутагдалтай. Эрх зүйн үр нөлөөг судлах нэгдсэн ерөнхий арга зүй боловсруулах нь нэн төвөгтэй бөгөөд үүнийг аажимд нь тодорхой, хэсэгчилэн авсан хэм хэмжээ, институтыг шинжлэн судлах замаар хийх боломжтой юм.
Эрх зүйн хэм хэмжээний үр нөлөөг судлах арга зүйг социологийн болон эрх зүйн онол, аргын үндсэн дээр боловсруулах нь чухал. Юуны өмнө тодорхой, үнэн зөв мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар эрх зүйн хэм хэмжээний үр нөлөөг судлах шаардлага бүхий нийгмийн acyудлыг тодруулж авна. Уг мэдээллийн эх сурвалжид янз бүрийн албан ёсны баримт бичгүүд, хуулийн байгууллагын практик үйл ажиллагаа, хууль зуйн шинжлэх ухааны бүтээл, туурвил, олон түмний санал бодол зэргийг хамааруулж болно. Цаашид үр нөлөөг нь судлахаар сонгон авсан эрх зүйн хэм хэмжээнийхээ нийгмийн зорилтыг тогтоох явдал чухал.
Эрх зүйн хэм хэмжээний үр нөлөө нь зөвхөн тухайн эрх зүйн хэм хэмжээний үйлчлэлийн үр дүн төдийгүй түүний өмнө тавьсан зорилтод хүрэхэд тус дөхөм, эсхүл саад болох улс төр, нийгэм, эдийн засгийн янз бүрийн хүчин зүйлүүдээс хамаардаг. Эрх зүйн аливаа хэм хэмжээний үр нөлөөний түвшинг хэмжих асуудлыг эцсийн зорилго болгож болохгүй. Учир нь түүний үр дүн бол эрх зүйн зохицуулалтын шинэ, илүү үр нөлөө бүхий хувилбарыг эрж хайх суурь болж, түүний шалтгаан нөхцлийг судлах, учир дутагдалтай хэсгийг арилгах, засч залруулахад тус дөхөм болж өгдөг онцлогтой. Эрх зүйн аливаа хэм хэмжээ нь нийгмийн үр нөлөөтэй байхын тулд юуны өмнө тодорхой субъектын зан үйлд хэрэгжилтээ олж байх ёстой. Субъектын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх, cахин биелүүлэх, гүйцэтгэх зэрэг чадвараар илэрхийлэгддэг. Өмнөх захиран тушаах системийн үед манай оронд эрх зүйн зохицуулалтын “хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө” гэсэн зарчмыг үндэс болгон эрх зүйн албадах, үүрэг болгох, хориглох санкцын үйлчлэл түгээмэл байжээ. Өнөөгийн нөхцөлд “хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэсэн зарчмын үндсэн дээр эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх, сахин биелүүлэх үндсэнд тулгуурлан аливаа зорилтыг хангах, үр дүнд хүрэх явдал голлох байр суурь эзлэх болсон.
Аливаа хуулийг хэрэгжүүлснээр түүний өмнө тавигдсан хүрч болох нийгмийн зорилтыг тогтооох, үр нөлөөг урьдчилан тооцох мэдээллийн систем, бусад материал хангалттай бус байгаагаас шалтгаалж тухайн эрх зүйн актыг боловсруулах, шууд батлан гаргах явдалд хүндрэл тохиолдож болно. Иймд эрх зүйн туршилтыг хэрэглэх явдал бусад улс оронд байдаг.
Уг туршилтыг эрх зүйн хэм хэмжээний тусламжтайгаар хэрэгжүүлэх бөгөөд эрх зүйн туршилт нь эрх зүйн үр нөлөөг урьдчилан тогтоох, хууль түүний бүлэг, заалтыг боловсронгуй болгох, шинэ зүйлийг илэрхийлэхэд чухал түлхэц болдог. Харамсалтай нь үүнийг манай улсад бараг хэрэглэдэггүй гэхэд хилсдэхгүй.
Аливаа туршилт нь ямар нэгэн нийгмийн үзэгдлийн хөгжлийн нөхцөл байдал, орчныг ухамсартайгаар урьдчилан тооцож өөрчилдөг бөгөөд нийгмийн амьдралын шинэ нөхцөл байдлыг зориудаар бий болгож, үйл явцын үр дүнд ажиглалт хийдэг.
Туршилт ийнхүү аливаа үзэгдлийн зүй тогтолт процессыг зориудаар өөрчилж (эвдэж), хэвийн байдлыг алдагдуулдаг учир түүнд дургүйцэх тэр ч бүү хэл түүнийг шинжлэх ухааны аргынх нь хувьд үгүйсгэдэг ч тал бий. Эрх зүйн туршилтыг үндсэн гурван шатанд хувааж болох юм Үүнд:
- Бэлтгэлийн үе шат,
- Туршилт явуулах үе шат,
- Туршилтын явцад хүлээн авсанмэдээллийг боловсруулах үе шат
Сүүлчийн үе шатанд туршилтын үр дүнд үнэлэлт өгөх асуудлыг хамааруулж болно. Нөгөө талаар туршилтын эрх зүйн хэм хэмжээ нь дараах үндсэн шинж, болзлыг хангасан байх ёстой.
- Орон зай, цаг. хугацааны хувьд хязгаарлагдмал байх ёстой. Өөреер хэлбэл, тухайн туршилтын эрх зүйн хэм хэмжээ нь тодорхой хугацааны туршид буюу тодорхой үйл ажиллагаа явуулж дууссанаар үйлчлэлээ зогсоох, түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэх салбар, объект, масштаб нь туйлын тодорхой байна гэсэн үг юм. Жишээлбэл, аль нэг тодорхой үйлдвэр дээр долоо хоногт 5 өдрийн ажил хийх туршилтыг 3 сарын хугацаатайгаар явуулах гэх мэт.
- Эрэл хайгуулын шинжтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, туршилтыг хэрэгжүүлснээр харилцааг зохицуулах илүү үр нөлөө бүхий шинэ эрх зүйн хэм хэмжээг тогтоох, зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн харилцаанд зөв өөрчлөлт, хувьсал гаргахад чиглэнэ. Жишээлбэл, өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирж буй насанд хүрсэн хүн 26.0 мянган төгрөг, насанд хүрээгүй хүүхэд 13.0 мянган төгрөг төлсөн тохиолдолд хотод суух зөвшөөрөл авч байна. Гэтэл мөнгөний инфляцийн түвшин хэлбэлзэж, ажлын байр ховор, цалин орлогогүй болон бага цалинтай иргэд уг мөнгийг төлж чадахгүй явдал дийлэнхи хувийг эзэлдэг. Харин уян хатан бодлого боловсруулах, нийслэлд оршин суугчдаас боломжийн бага хэмжээгээр татвар авч (нийслэлийн татварын хууль боловсруулж) тодорхой хугацааны дараа төлбөрийн мөнгийг бага багаар (бөөнөөр нь бус) нь авч дуусгадаг журам гаргаж ч болох юм.
Туршилтын арга социологийн шинжилгээ судалгаанд нэлээд хэмжээгээр боловсрогдон хэрэглэж байгаа хэдий ч эрх зүйн хэм хэмжээний үр нөлөөний шинжилгээ судалгаанд болон эрх зүйн онолын зохиол бүтээлд уг асуудлыг хөндсөн сэдэв бараг байхгүй байна. Иймд эрх зүйн үр нөлөөг дээшлүүлэх бодит шаардлагын үүднээс туршилтыг хэрэглэх арга зүйн зарчмуудыг боловсруулах явдал хууль зүйн шинжлэх ухааны тулгамдсан асуудлын нэг юм.
Эцэст нь тэмдэглэхэд эрх зүйт төрийн өнөөгийн нөхцөлд хуулийг дээдлэх нь зөвхөн шударга хуулийн хувьд хамаарах acуудал бөгөөд эрх зүин үр нөлөө нь шударга хууль буюу иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцсэн хуулийг батлан гаргаж чадаж байгаа эсэхээс үндсэндээ шалтгаална.