Б.Энхбаяр
/Ховд аймаг дахь УТБА-ийн салбарын эрхлэгч асан/
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг ,улс төрийн соёл, ажилгүйдэл,нийгмийн хөгжил
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Боловсролын бодлого
Ертөнцийн сайн сайхан бүхий үнэт зүйлсийг гагцхүү оюун ухаант, эрдэм төгс хүн бүтээжээ. Боловсрол нь тухайн нийгмийнхээ хэрэгцээ болж, нийгэм нь боловсролын үр шим дээр тулгуурлан хөгжиж, дэвжиж ирснийг түүх харуулж байна. Тухайн улс орны улс төрийн тогтолцоонд суурь өөрчлөлт гарсан тохиолдолд бий болсон үнэт зүйлсийг ойлгож мэдрэх, нийгэмд байр сууриа олж төлөвших, улс төрийн шинэ соёл бүрэлдэн бий болох зэрэг нь мэдээжээр хялбархан зүйл биш бөгөөд үүнийг хүмүүст нийгэмшүүлэн, тэдгээрийг жинхэнэ утгаар нь улс төрийн амьдралд оролцуулж, нийгмийн идэвхтэй гишүүн болгох нь тухайн улс төрийн тогтолцооны хойшлуулшгүй зорилт байх ёстой.
Манай орны хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бүхий тоталитар тогтолцооноос зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжин орсон явдал олон хүний хувьд үл ойлгогдом үзэгдэл байсан нь саяхан бөгөөд өнөө үед ардчиллын үнэт зүйлс, нийгмийн мөн чанарыг ойлгох ойлголт төдийлөн хангалттай гэж үзэх үндэслэл алга байна. Улс төрийн соёлыг нийгэмшүүлэх талаар төр, засаг цэгцтэй, оновчтой бодлого явуулах нь тухайн системийн оршин тогтнох үндсийг бүрдүүлэн баталгаа болж байдаг. Улс төрийн соёлыг тодорхой нийгмийн хүрээ, цаг үе дахь улс төрийн үзэгдэл, үйл явцын талаархи санал бодол, байр суурь, үнэлэмж баримжааны цогц гэж үзвэл эдгээрийн үр дүнд бий болсон гүн бат итгэл үнэмшил нь нийгэмшилтийн гол нөхцөл нь болдог.
Итгэл үнэмшил нь тухайн нийгмийн талаархи хүмүүсийн төсөөлөл ойлголт, байр суурь, үнэлэмж баримжааны төгс хэлбэр бөгөөд итгэл үнэмшил бий болсноор хүн улс төрийн орон зайд байр сууриа баттай олж, ирээдүйн зорилгоо тодорхойлж чаддаг. “Амьдрал өөрөө зорилгогүй бол учир утгагүй хоосон зүйл юм” гэж Томас Жефферсоны тодорхойлсончлон хүмүүс аз жаргал руу тэмүүлж, өөрийн зорилгоо ухамсарлахад үзэл бодлын баттай байр суурь, итгэл үнэмшил чухал нөлөөтэй. Үүнийг бүрэлдүүлэн бий болгоход төр засгаас явуулах боловсролын бодлого чиглэгдэж байх ёстой. Олон ургальч үзэл оршин тогтнох нөхцөл бүрдсан ардчилсан нийгэмд хүмүүсийн системийн талаархи ой – харилцан адилгүй байдаг ба тэдгээрт нийгмийн зүгээс олгох мэдлэг боловсролд ч ялгавартай хандах хандлага ажиглагддаг. Гэвч бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн нэг төгс байдал байх бөгөөд үүн дээр суурилсан боловсрол олгож, энэ нь амьдралын явцад улам бүр баяжиж боловсронгуй болж байдаг байна, манай орны хувьд энэхүү төгс байдал нь ардчилал бөгөөд энэ нийгмийн мөн чанарыг хүмүүст ойлгуулах, ойлгосны хирээр нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог дээшлүүлэхэд боловсролын зорилго оршиж байна. Дэлхийн нилээд улс оронд боловсролын салбарт түлхүү хөрөнгө зарж, хүмүүсээ боловсруулахад ихээхэн хүч хөрөнгө зардаг жишээ бий. Манай орны хувьд боловсролын салбарын шинэчлэлийг түргэтгэх, албан ба албан бус сургалтын хүрээнд төр засгаас тодорхой бодлого боловсруулан мөрдөх явдал нэн чухал байна. Статистикаас харвал боловсролын салбарт улсын төсвөөс хуваарилсан хөрөнгийн хэмжээ жилээс жилд өсч байгаа боловч энэ хирээр боловсролын салбарт дорвитой өөрчлөлт харагдахгүй байна. Боловсролын тасралтгүй чанарыг хангах, түүнийг нийгмийн өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, боловсролыг хөгжил дэвшлийн эх сурвалж гэж үзэх явдал төрөөс явуулах боловсролын бодлогын цөм нь байх ёстой.
Боловсролын хэрэгцээ
Аливаа нийгмийн хөгжил нь хувь хүний хөгжлөөс ихээхэн шалтгаалах нь хэнд ч ойлгомжтой бөгөөд төр нь хүний сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлж боловсрон хөгжих боломжийг нь хангаж байх учиртай. Эдийн засгийн хөгжил нь боловсролыг хөгжүүлэх таатай хөрс суурь болдог ч боловсролгүйгээр эдийн засгийн хөгжлийн талаар төсөөлөхийн аргагүй. Дэлхийн улс орнуудын жишгээс харахад өндөр хөгжилтэй орнуудад боловсролын хэрэгцээ асар их, хүн өөрийгөө боловсруулж хөгжүүлэхэд ихэнх цаг заваа зардаг байхад буурай хөгжилтэй оронд хүмүүс нь боловсролыг төдийлөн ойшоохгүй, боловсрох боломж ч үгүй, боловсролоос өнөө маргаашийн ахуйн хэрэгцээг илүүд тавьдаг байдал ажиглагдаж байна. Хөдөө сумдад сургалт явуулж байхад өөрийн амьдарч буй нийгмийн талаар тодорхой ойлголтгүй хүмүүс цөөнгүй тохиолддог. Нэг үеэ бодвол хүмүүсийн улс төрд оролцох идэвх, өөрийгөө боловсруулах санаачилгад нилээд ахиц гарч байгаа байдал манай салбар дээр явуулсан судалгаанаас харагдаж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 56,7 хувь нь улс төр хүн бүрт хамаатай, 62,1 хувь нь улс төрийн боловсрол нийгмийн хөгжилд зохих нөлөөтэй, 45,9 хувь нь зах зээлийн нийгмийн үед хүний эрхэлсэн хамгийн гол зүйл өндөр боловсрол мэдлэг, 51,3 хувь нь нийгмийн идэвхитэй гишүүн байхад өөрийгөө боловсруулах замаар улс төрийн амьдралд гүнзгий оролцох явдал гэж тус тус үзсэн нь дээрх байдлыг гэрчилж байна. Хөдөө орон нутагт өөрийгөө боловсруулах, мэдээлэл авах боломж хомс, учир дутагдалтай байгаа нь тодорхой. Энэ тохиолдолд боловсролын бодлогыг хөдөө руу чиглүүлэх, хөдөө орон нутагт төрөл бүрийн Мэдээллийн орчин бий болгох, албан бус сургалтын тоог нэмэгдүүлэхэд нилээд анхаарах хэрэгтэй байгаа юм. Сургалтууд голдуу төв суурин газруудыг эргэлдэн явагдаж, хөдөөгийн хүмүүс тэр бүр хамрагдаж амжихгүй, тэдэнд хүмүүсийн ам дамжсан яриа, худал үнэн нь мэдэгдэхгүй хэдэн сонины материал л мэдээлэл болж очдог нь нууц биш.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт сургалт явуулах талаар нилээд ахиц гарч байгаа хэдий ч боловсролын салбарт зарцуулах гадаадын зээл тусламжийн нилээд хэсгийг энэ чиглэлээр ашиглах, сургалт явуулах байгууллагуудын тоог олшруулж, зорилго чиглэлийг нь тодорхой болгон тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж үр дүнтэй болгох явдал үгүйлэгдэж байна. Богино хугацаанд чанартай, цэгцтэй мэдлэг боловсрол олгох, нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийг хамрах, зайлшгүй мэдээлэл гарын авлагаар хангах зэрэг иргэдийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх үйл хэрэгт Улс төрийн Боловсролын Академи нилээд үүрэг гүйцэтгэж байгаагийн дээр 1997 оноос эхлэн Нийгмийн дэвшил-эмэгтэйчүүд хөдөлгөөн, Улс төрийн Боловсролын Академи хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо ардчилал” төсөл хөдөө орон нутагт боловсролыг түгээх, иргэдийн улс төрийн идэвх ухамсарыг дээшлүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Сүүлийн үед гадаадын төслийн хүрээнд албан бус сургалтын нилээд байгууллага бий боллоо. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, хамрах хүрээг нь тэлэх, үр өгөөжийг дээшлүүлэхэд төр засгийн бодлого шаардлагатай гэж үздэг. Албан бус сургалтын хүрээнд өрхийн аж ахуй хөтлөх, бизнес эрхлэх, төсөл зохиох, гэр бүлийн харилцааны талаар ойлголт өгөх зэрэг наад захын зайлшгүй мэдлэгүүдийг янз бүрийн давхаргын хүмүүст богино хугацаанд өгч болмоор санагддаг.
Албан ба албан бус сургалтын тухайд
Боловсролыг эзэмшүүлэх арга, боловсролын салбарт юу хийвэл зохих талаар өөрийн бодож явдаг зүйлсээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Манай улсын 1400 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын дунд сургууль, төрийн болон хувийн хэвшлийн 100 шахам их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 500 мянга орчим хүн суралцаж байна гэж үзвэл нийт хүн амын тавны нэг нь албан сургалтанд хамарч байна гэсэн үг. Чухамдаа улс төрийн соёлыг төлөвшүүлэх ажил цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлэх бөгөөд тэдэнд нийгмийн танин мэдэхүй, суурь боловсролыг олгох гэдэг утгаараа цэцэрлэг, ЕБДС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх явдал чухал шаардлагатай. Ялангуяа ЕБДС-ийн болон их, дээд сургуулиудын нийгмийн ухааны багш нарыг сургаж бэлтгэх, нийгмийн талаархи хичээлийн сургалтыг цэгцтэй болгох, дорвитой сурах бичиг, гарын авлага бэлтгэх явдал чухал байна. Нөгөөтэйгүүр сургалтын чанар, сургуулиудын үйл ажиллагааг сайжруулахад эдийн засгийн хөшүүрэг, урамшууллын систем ихэд дутагдаж байна гэж үздэг. Сургуулийг үйлдвэр гэж үзвэл үйлдвэрлэгчийн гаргаж буй бүтээгдэхүүн чанар сайтай бол зах зээл дээр эрэлт ихтэй байна гэсэн санаа.
Багш нарыг чадваржуулах, бэлтгэх асуудалд анхаарч нэг багш 2-3 төрлийн хичээл зааж чаддаг байх, зах зээлд хамгийн өндөр цалин авч ажиллах боломжтой. Албан сургалтанд хамрагсдын боловсрон хөгжихөд нөлөөлөх хүчин зүйлсүүдийн нэг гэр бүл, хамт олны орчин байдаг. Иймд гэр бүл, хамт олны хүрээнд зөв уур амьсгал бүрдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулж ажиллах явдал боловсрол олгох ажилд багагүй нөлөөтэй. Манай их дээд сургуулиуд мэргэжил олгохдоо нийгмийн өнөөгийн эрэлт хэрэгцээнд үндэслэн, ирээдүйгээ харж, тооцоотой бэлтгэхэд анхаарах шаардлагатай юм. Тухайлбал, багш илүүдэлтэй байгаа тохиолдолд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар заавал багш бэлтгэх шаардлагагүй, харин өөр ирээдүйд хэрэгтэй хууль, санхүү, эдийн засаг, анагаах гэх мэт салбаруудыг нээн ажиллуулбал илүү оновчтой. Энэ чиглэлд ч боловсролын бодлого явагдаж байх ёстой гэж бодож байна. Албан сургалтын хүрээнд үйл ажиллагаа явуулахад хамгийн гол субъект нь сургагч багш, түүний харьцах объект нь суралцагчид байх ба энэ хоёрын зохистой харьцааг бий болгож удирдан чиглүүлэх үүрэгтэй удирдлага буюу менежментийн арга ажиллагааг сайжруулах нь маш чухал. Иймд сургуулиудын тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын агуулга зорилгыг эрс шинэчлэх, сургалтыг суралцагчдад тулган хүлээлгэх замаар биш, сурах мэдэх хүслийг төрүүлэгч эх булаг байх байдлаар зохион байгуулахад боловсролын бодлого төвлөрөх ёстой. Албан сургалт хүн амын хангалттай бус хэсгийг хамарч байгаа тохиолдолд албан бус сургалтанд түлхүү анхаарч эдгээрийн оновчтой нэгдлийг бий болгох, нийгмийн бүх давхаргыг тэгш байдлаар сургаж боловсруулах явдал чухал юм. Албан бус сургалт нь мэргэжлийн давтан сургалт буюу, иргэдийн нийтийн гэсэн хоёр хэлбэртэй байж болох юм. Албан бус сургалтын зохистой хөтөлбөрийг гаргаж мөрдөх, энэ чиглэлэээр ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан хамрах хүрээг нь өргөтгөх, сургалтыг богино хугацаанд үр өгөөжтэй, бага зардлаар явуулахад анхаарвал зүйтэй. Нэг чиглэлийн хоёр байгууллага тусдаа үйл ажиллагаа явуулснаас хамтарч ажиллавал үр дүн нь илүү зардал нь хямд байх жишээтэй. Өнөө үед ажилгүйдэл ихэсч, суралцах мэргэжил сонирхолтой хүмүүс нилээд олширсныг үндэслэн, иргэдийг богино хугацаанд мэргэшүүлж бэлтгэх, шаардлагатай мэдлэг боловсрол олгох албан бус боловсролын бүхэл бүтэн тогтолцоог бий болгож магад ч үгүй энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр ч хэрэгжүүлж болох юм гэж бодож байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд үндэсний сургагчдыг гадаадын төслөөр тусгайлан бэлтгэж, хөдөө орон нутагт ажиллуулах нөхцлийг бүрдүүлсэн ч илүүдэхгүй мэт санагдана. Өнөө үед нийгмийн хэрэгцээг иж бүрэн хангах ном, зохиол гарын авлага үнэхээр хомс байна. Зах зээлийн нийгэмд иргэдийн хөлөө олоход нь туслах эдийн засгийн наад захын ойлголт, өрх гэрээ авч явах бизнесийн мэдлэг, нийгмээ танин мэдэх ойр зуурын ном хэвлэл цөөхөн хувиар хэвлэгдэж, хөдөө орон нутагт тэр бүр хүрч чадахгүй байна. Иймд ард иргэддээ боловсрол олоход нь туслах зорилгоор хэрэгцээтэй ном зохиолыг их хэмжээгээр хэвлэн зохих байгууллагуудаар дамжуулан нийтэд хүртээх асуудал төр засгийн анхааралд байх ёстой гэж боддог. Аймшигт аллага, хядлага, хүчирхийлэл, садар самуун, гүтгэлцээн, мэтгэлцээнийг харуулсан сонин хэвлэл, видео кино өсвөр үеийн боловсрол хүмүүжилд яавч сайн нөлөө үзүүлэхгүй нь дамжиггүй. Ном, Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь нийгэмшилтийн гол сувгууд гэдэг утгаараа төр засгийн бодлогын төвд байж, хүмүүсээ хүмүүжүүлэх, танин мэдэхүйн чиглэлд илүү үйлчлэх ёстой. Хүмүүс өөрийн амьдралд хэрэгтэй мэдлэг чадварыг эзэмших, ажил хийх бэлтгэлтэй болох, мэдлэгт тэмүүлж өөрийгөө хөгжүүлэх, хүн төрөлхтний бүтээсэн үнэт зүйлийг ойлгож хүндлэхэд боловсролын гол зорилго оршино.
Боловсрол нь нийгмийн хөгжлийн үндэс бөгөөд Монгол улсын эрдэм боловсролтой, оюуны болон мэргэжлийн өндөр чадвартай, бүтээлч, идэвх санаачлагатай хүмүүс л хөгжүүлж чадна. Иймд бид өнөөдөр боловсролыг тэргүүн зэрэгт авч үзэх ёстой.