О.Баттулга
/УТБА-ийн багш/
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг:шахалтын бүлэг, албадлага, гажуудал, З.Фрейд,нийгмийн зөрчил, зөрчил
Нийгмийн хяналтын мөн чанарыг ойлгохын тулд эн түрүүн нийгмийн бүлгүүд, тэдгээрийн байр суурийг авч үзэх нь зүйтэй.
Нийгэмших үйл явц дахь нийгмийн хяналт
Э.Фромм “Нийгмийн гишүүд нийгмийн тусын тулд юм хийхийг хүсч, хийж байх ёстой. Гишүүн бүр ийм байсан нөхцөлд нийгэм өөрөө үр дүнтэй үүрэг гүйцэтгэх болно” гэж тэмдэглэжээ. Аль ч нийгэмд хүмүүс нийгэмшилтийн тусламжтайгаар хяналт тавьж, өөрсдөд оногдсон үүргийг ухамсартай гэхээсээ илүү урсгал байдлаар, төрөлхийн чанараараа гүйцэтгэж байдаг. Эмэгтэй хүн гэр орныхоо ажлыг хэрхэн амжуулж, үр хүүхэд, эр нөхрөө асрах вэ? Хүмүүс хуулийг хэрхэн сахин биелүүлж, эрх, эрх чөлөөгөө эдлэх вэ? гэсэн олон асуултын хариу нийгэмшилттэй холбоотой. Үйл байдал, өв уламжлал нь нийгэмд хэв журам тогтоох, нийгмийн хяналтын үндсэн хүчин зүйлийн нэг.
Шахалтын бүлгүүдээс нийгмийн хяналт нөлөөлөх нь.
Хүн зөвхөн өөрийн дотоод хяналтад тулгуурлан нийгмийн амьдралд оролцох боломжгүй. Хувь хүн нийгмийн анхдагч олон бүлгийн (гэр бүл, хамт олон, үйлдвэрийн тасаг, цех, анги, оюутны бүлгэм г.м) гишүүн болдгийн хувьд түүний зан үйл болон нийгмийн амьдралд оролцох оролцоонд олон зүйл нөлөөлөх нь мэдээж. Анхан шатны бүлэг бүр тогтсон зан заншил, хэм хэмжээтэй байна. Ийм байдлаар бүлгийн нийгмийн хяналт хэрэгжих бололцоо бүрдэнэ. Тогтсон ёс журмыг хувь хүн зөрчвөл бүлгийн зан үйлд нөлөөлж, түүнийг авч хэлэлцэх болдог. Хамт олны гишүүн нэг бүр зан үйлийн тодорхой хэм хэмжээг дэмжих ёстойн зэрэгцээ, ажил дээрээ ч, ажлын дараа ч түүнийг сахина. Хэм хэмжээ зөрчигчид үзүүлэх бүлгийн шахалт олон хүчин зүйл, юуны өмнө тухайн хүний эрх зүйн байдлаас хамаарна. Бүлэгт өргөн болон явцуу байр суурьтай хүнд бүлгийн шахалтын янз бүрийн арга хэрэглэнэ.
Бүлэгт нэлээд нөлөөтэй хүн эсхүл бүлгийн удирдагч нь шинэ арга барил, соёл нэвтрүүлэх, хуучныг өөрчлөх гэх мэтээр өөрийн үндсэн үүргийн аль нэгийг заавал гүйцэтгэдэг. Үүнийхээ төлөө ч удирдагч бусдын итгэлийг хүлээж, тэднийг манлайлах, хойноосоо дагуулах болно. Бүлгийн нөлөөллийн төрөл, зэрэглэл нь анхан шатны бүлгийн шинж байдлаас хамаарна.
Албадлагын нөхцөл дэх нийгмийн хяналт
Хүний нийгэм эрх зүйн хэм хэмжээ, үйл байдлын журмыг сахиулах замаар хяналтаа хэрэгжүүлдэг. Нийгмийн хоёрдогч бүлгийн хяналт нь хууль хийгээд албадлагын янз бүрийн хэрэгсэл, тогтсон ёс журам энэ бүхэн болно. Хувь хүн тогтсон хэм хэмжээг мөрдөхийг хүсээгүй нөхцөлд түүнийг албадан биелүүлж болно. Орчин үеийн нийгэмд олон шалгуур, шүүлтүүрээр боловсруулагдсан хууль, хяналтын байгууллагын тогтолцоо бүрэлдэн тогтжээ.
Гажуудсан үйл байдал
Ямар ч нийгэмд гажуудсан үйл байдал бий. “Нийгмийн гажуудал” хэмээх нэр томъёо нийгэм дэх тогтсон хэм хэмжээг зөрчсөн хувь хүн, бүлгийн үйл байдал гэсэн санааг илэрхийлнэ.
Нийгмийн гажуудал янз бүрийн хэлбэртэй байна. Гэмт хэрэгтэн, хулгайч, дээрэмчид нь тогтсон дэг журмыг гажуудуулсан хүмүүс бөгөөд тиймээс ч тэднийг девиантууд (гажуудуулагчид) гэдэг. Цөөн хүнтэй, энгийн бүтэцтэй нийгэмд гажуудсан үйл байдал харьцангуй хялбар тодорхойлогдож, тэр хэмжээгээр хяналт тавих нь хялбар байна. Ээдрээтэй бүтэцтэй, нийгэм дэх хэм хэмжээ нь зөрчилдсөн тийм нийгэмд гажуудлын асуудал түвэгтэй.
Соёлын болон сэтгэл зүйн гажуудал
Хэн нэг нь нийгэмд тогтсон үйл байдлыг гажуудуулж байхад, нөгөө нь үүний эсрэгээр нийгмийн журамд захирагдаж байдаг.
Соёлын гажуудал нь соёлын хэм хэмжээнээс хамаарна. Сэтгэл зүйчид хувийн зан төрхөөс хамаарах сэтгэл зүйн гажуудлыг (солиорол, мэдрэлийн өвчин, дэмийрэл) ихээхэн сонирхдог.
Соёлын болон сэтгэл зүйн гажуудлын хэв маяг хоёул хамт байвал сэтгэцийн хувьд эрүүл биш хүн байна. Хүмүүс соёлын гажуудлыг сэтгэл зүйн гажуудалтай хутган андуурах, холбох гэж оролдох нь олонтаа. Жишээ нь, улс төрийн эрс тэс үйл байдал нь сэтгэл хөдлөлийн дайсагнал, Өшөөрхөлөөс гарах гарц маягаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн гажуудал. Биеэ үнэлэх явдал л гэхэд түүний хүүхэд насны орчин, нөлөөлөлтэй холбоотой. Мансуурах бодис хэрэглэх явдал, архидалт, мөрийтэй тоглоомын орчинд хүүхэд өсөн хүмүүжих нь түүнийг сэтгэл зүйн гажуудалд хүргэдэг. Хувийн зан төрх нь гажуудсан үйл байдлын цорын ганц шалтгаан биш ээ. Сэтгэцийн хувьд эрүүл бус хүн ч хууль дүрмийг биелүүлж л байдаг. Яагаад тэр вэ? Үүнийг социологичид, сэтгэл судлаачид сонирхохын учир юу вэ?
Хувь хүний болон бүлгийн гажуудал
Тогтвортой гэр бүлд өссөн жирийн хүүхэд дэг журамтай хүмүүсийн хүрээнд байгаа ч гэмт үйл байдлын наад захын шинжийг гаргадаг төдийгүй, батлагдсан хууль дүрмийг хүлээн авахгүй байж болно. Энэ тохиолдолд бид тухайн хувь хүний өөрийнх нь соёлын хүрээ, хэм хэмжээнээс үүссэн хувийн гажуудалтай нь зөрчилдөнө. Ийм хувь хүн нь хувийн девиант(гажуудуулагч) гэж тооцогддог. Ер нь нийгэм дэх хувь хүний соёлын гажуудал олон янз байж, тэр нь нийгмийн ёс суртахуунтай зөрчилдөж байдаг. Жишээ нь, хүндхэн гэр бүлээс гаралтай хүүхдүүд өөрийн амьдралын хугацааны нэлээдгүй хэсгийг хонгилд өнгөрүүлдэг. “Хонгилын амьдрал” тэдэнд хэвийн мэт санагдаж, “хонгилын” ёс суртахууны дүрэм, хууль, соёлын хэм хэмжээ үйлчилдэг. Тухайн тохиолдолд бүлгийн гажуудал илүү тод илэрнэ. Бүлгийн нийгмийн гажуудлын өөр нэг жишээнд зөвхөн цаастай зууралдан бодит байдлыг мэдрэхгүй байгаа хүнд сурталт албан хаагчдыг нэрлэж болно. Ямар ч ажилтан тэнд тогтсон хүнд суртлын хэм хэмжээнд захирагдах л ёстой болно.
Нийгмийн гажуудлыг үндсэн хоёр хэв маягт хуваан, авч үзэж болно. Үүнд:
- Хувь хүний гажуудал
- Бүлгийн гажуудал
Бодит амьдрал дээр хувь хүмүүсийг энэхүү хоёр хэв маягт шууд хувааж болохгүй. Энэхүү гажуудлын хэв маягууд харилцан давхцаж байна.
Анхдагч болон хоёрдогч гажуудал
Анхдагч болон хоёрдогч гажуудлын үзэл баримтлалыг анх Х.Беккер тусгайлан боловсруулжээ. Энэ нь бие хүний төлөвшилтийг судлахад тусална. Анхдагч гажуудалд нийгмийн тогтсон хэм хэмжээг хувь хүнээс гажуудуулж буй үйл байдал орно. Нийгмийн гишүүн бүр амьдралдаа ялимгүй алдаа олонтаа гаргаж, зөрчилд хүрэх нь цөөнгүй байна. Хоёрдогч үйл байдалд хүчирхийлэл, мансуурах явдлууд хамаарна. Энэ байдал хувь хүнд сөргөөр нөлөөлж, үүний улмаас дуртай ажил, мэргэжлээсээ хагацах нь цөөнгүй.
“Соёлтой хийгээд сайшаагдсан” гажуудал
Гажуудсан үйл байдал нь нийгэм дэх соёлын хэм хэмжээ, үзэл бодлоор тодорхойлогддог. Энэ дүгнэлт харьцангуй. Учир нь нэг хэсэг хүмүүст гажуудалд тооцогдон буруушаагдаж буй үйл байдал, нөгөө хэсэгт сайшаагдах нь бий. Жишээ нь, танил тал, арын хаалга нь зарим нийгэмд албан тушаал ахих гол шалгуур болдог бол нөгөөд үгүй байж болно. Орчин үеийн нийгэмд оюуны чадавх, эр зориг, манлайлал зэрэг нь соёлтой, сайшаагдсан гажуудлууд (үй байдал) юм. Ийм гажуудлууд ямар ойлголт, үйл байдлыг магтан дуулж байна вэ? гэдэгтэй шууд холбоотой. Бид бүхэнд юуг магтан дуулах вэ? гэдэг талаар өөрийн гэсэн ойлголт бий. Нийгэмд сайшаагдаж байгаа гажуудсан үйл байдлын зайлшгүй байх шинжийг тодорхойлох гэж судлаачид оролдож байна.
Дээд зэргийн оюун ухаант чанар
Энэ нь нийгмийн сайшаагдсан гажуудалд хувь хүн өөрийгөө зохицуулах замаар байр сууриа олж авахад хүрэх үйл байдлын арга юм. Оюунт ухаант чанар нь шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, жүжигчин, тамирчин, улс төрийн манлайлагчид илүү хамаарна. Ийм үүрэг гүйцэтгэхэд тэдэнд онцгой авъяас, биеийн хүч, өргөн мэдлэг, хүлээцтэй ухаалаг зан чанар илүү чухал. Дээд зэргийн оюун ухаант чанар нь хувь хүн бүлгийн бусад гишүүдээсээ хөндийрч, онцгой чухал үүргийг гүйцэтгэх үед саад болдог. Оюуны чадавхийн үндсэн дээр өргөмжлөгдөх нь зөвхөн хүний үйл ажиллагааны хязгаарлагдмал салбарт илүү боломжтой. Дээд зэргийн оюун ухаант чанарын гол үр дүн ард түмэндээ бодитойгоор үнэлэгдэж нэрд гарсан байх явдал.
Онцгой авъяас нь ажил мэргэжилдээ амжилт гаргахын үндэс.
Тамирчин, жүжигчин, бүжигчин, зураачдын алдар хүндтэй болох эсэх тэдний онцгой авъяасаас хамаарна. Оюун ухааны онцгой чадвар нь өөрийн авъяасыг хэрхэн танин мэдэж, хeгжуулж байгаатай холбоотой ч бусад хүмүүсээс онцын ялгарахгүй байдлаар ажил үүргээ гүйцэтгэвэл онцын үр дүнд хүрэхгүй. Ажил үүргээ бусдаас илүү гүйцэтгэхэд онцгой авъяас илүү чухал.
Сэдэлт
Бид аливаа зүйлийн сэдэлтийн тухай олонтаа ярьдаг ч түүний тухай бага мэддэг. Хувь хүнийг бусдаас ялгах гол хүчин зүйл нь түүнийг тийм өндөр нэр алдартай болоход нөлөөлсөн сэдэлтийг мэдэх явдал юм. Сэдэлтийг дээд зэргээр төрүүлдэг нэг нөхцөл нь бүлгийн нөлөөлөл юм. Жишээ нь, гэр бүлийн уламжлал (эцэг, эхийнхээ ажилладаг салбарт үр хүүхдээс нь амжилт гаргаж, алдар хүндтэй болох) үндсэн сэдэлт болж болно. Олон эрдэмтдийн амжилтад хүрэх сэдэлт нь байгалийн үзэгдэлтэй буюу нарны идэвхжилтийн үед төрсөнтэй нь холбоотой байдаг. Бүлгийн нөлөөлөл ба гадаад байдлаар хувь хүнд нөлөөлөхөд бүлгийн олон гишүүд аль болох ажил төрлийн янз бүрийн салбарт ажиллаж байх нь чухал. Олон Социологичид шалтгаан нь хувь хүний хүүхэд насанд болон залуу үед нь илүү ихээр нөлөөлдөг гэж үздэг. Үүний жишээ нь: Наполеон, Ричард III, Никколо Паганини нарын бага насны хүмүүжлээс ажиглагдана. Ер нь дайнч чанар тухайн хүний хатуу гартай эцэг эхийн нөлөөллөөс хамаарч болох юм. Үл итгэлцэл, ганцаардмал байдал, зэвүүцэл, атаархалыг илүүтэй мэдрэх нь хувийн амжилтад хүрэхэд чиглэсэн оролдлого хийх, боломж олгоход тус үзүүлдэг тал бий. Ингэж тайлбарлахдаа хатуу хэмжүүрээр батлах гэж оролдох нь хүндрэлтэй ч, сэдэлтийг судлахад чухал байр эзэлнэ.
Хувийн чанар
Тухайн хүний хувийн зан ааш, онцлог шинж, төрхийг судлах нь сэтгэл зүйн салбарт чухал ач холбогдолтой. Эр зоригтой байх чанар нь цэрэг хүнээс нэр алдартай болох гавъяа байгуулах замыг нээж өгдөг бол энэ чанар зураач болон яруу найрагчид заавал байх албагүй. Улс төрч хүний гол чанар хүнтэй эвсэг харьцаатай, хүнд байдалд орсон үед тэвчээр хатуужилтай байх явдал хийгээд энэ нь эрдэмтэн, зураач, зохиолч болох хүнд чухал гэж үү. Нийгмийн санал бодлын үүднээс хүний үйл ажиллагааны янз бүрийн салбарт нэрд гарахад нөлөөлөх хүчин зүйл, хэв маягийг ерөнхийд нь боловсруулжээ. Тийм дүр зургаар эрдэмтэн хүн хүрээлэн буй орчноосоо ангижирсан, жаахан өвчтэй, ном их үзсэн, өвөрмөц байх ёстой бол жүжигчин хүн уран сэтгэмжлэгч, үргэлж нээлттэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй байх г.м. Гэхдээ энэ хэв маяг туйлын зөв бус бөгөөд аль нэг мэргэжлийг бусдаас нь өндөрт тавих гэх мэт байдлыг агуулаагүй юм. Хувийн чанар нь алдар хүндтэй болохын чухал хүчин зүйл, үргэлж ч чухал байх болно.Тохиолдлоор ч юмуу ихэнх аугаа хүмүүс ямар нэг өвөрмөц хувийн чанартай байдаг.
Азтай тохиолдол нь муу оюун ухаанаас гарч ирэхгүй. Гэхдээ үйл ажиллагааны тодорхой хүрээнд хүний чадварыг нээн харуулж болно. Францын аугаа хувьсгал гэж байгаагүй бол Наполеон гарч ирээч үү, нийгэм дэх эргэлт, хувьсгал үгүй бол олон улс төрийн зүтгэлтнүүд хэн байх вэ? Их амжилт бол авъяас хүслээс гадна тодорхой орон зай, тодорхой цаг үеэс хамаарна.
Соёлтой хийгээд буруушаагдсан гажуудал
Ихэнх нийгэм соёлын үнэт зүйлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн амжилт бүтээлийг нээн илрүүлдэг нийгмийн тийм л гажуудлыг дэмжиж, магтаж байдаг. Тогтсон хууль дүрмийг зөрчвөл нийгмийн зүгээс хариуцлага тооцон шийтгэдэг. Энэ асуудлыг судлахдаа соёлтой хийгээд буруушаагдсан гажуудлыг юуны өмнө авч үзэх шаардлагатай. Хэн биеийн болон сэтгэл зүйн согогтой байна тэрээр бусад хэвийн хүмүүстэй харьцуулвал тогтсон хэм хэмжээ зөрчих нь олон. “Сэтгэл зүйн согог” нь тухайн хүний удамшлаас эсхүл оюун ухаанаа гэмтээсний улмаас үүсэх хязгаарлагдмал чадвар юм. Ийм согогийг оношлох асуудал ч социологичдийн анхаарлыг татаж, тэдний зүгээс нийгмийн гажуудлын төрөл, тархалт, шалтгааныг бодитойгоор тодорхойлоход тус дөхөм болно. Сэтгэл зүйн согогууд нь ихэнхдээ хүний дотоод зөрчил (жишээ нь, байнгын айдаст байх г.м) эсхүл хүнд өвчний үр дагавар байна. Тухайн тохиолдолд тийм хүмүүс нь гадны муу нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалах, удирдан жолоодох чадваргүй байна. Ийм гажуудлын шалтгааны талаар гурван төрлийн онолын урсгал байдаг. Үүнд: хувь хүний дүр төрхийн онол, сэтгэхүйн анализын буюу социологийн, соёлын онол. Биеийн дүр төрхийн онолын үндсэн урьдчилсан нөхцөл бол хэм хэмжээг янз бүрийн байдлаар гажуудуулж буй хүний биеийн онцлог шинжүүд байна. Энэхүү үзэл эртнийх төдийгүй хүн төрөлхтний түүхтэй холбоотой. Нийгэмд эрт үеэс “алуурчин хүн”, “хүний гэмт чанар” гэх мэт илэрхийллүүд хэрэглэгдэж байжээ. Биеийн дүр төрхийн онолыг үндэслэгчдийн хүрээнд Ч.Ломброз, Э.Кретшмер. В.Шелдон нар чухал байр эзэлнэ. Тэдний гол үзэл нь хэрэг үйлдэх нь хүний төрөлхийн чанар, бие эрхтэнтэй холбоотой гэж үзэх явдал. В.Шелдон хэрэг үйлдэгсдийг онцлог шинжийг нь харгалзан үндсэн гурван хэв маягт хуваажээ. Үүнд: эндоморфны хэв маяг (тарган, өөхөн бөмбөөлэй хэлбэртэй, илүү их жинтэй), мезоморфны хэв маяг (булчинлаг, чийрэг биетэй хүн), эктоморфны хэв маяг (эцэнхий, туранхай хүн). Шелдон хэв маяг бүрт хамаарах зан үйлийн тодорхой төрлийг бичсэн. Жишээ нь, гэмт хэрэгтэн, архичин хүмүүс булчинлаг, чийрэг байна гэх мэт. Сэтгэл зүйн задлан шинжлэлийн онолын үндсэн дээр хүний ухамсарт явагдаж буй зөрчлийг судалдаг.
З.Фрейдийн онолоор идэвхтэй, ухамсартай хүн бүр ухамсаргүй салбарт оршин байна. Ухамсаргүй байдал гэдэг нь байгалиас төрөлхөөс заяагдмал сэтгэл зүйн эрч хүч, соёлын нөлөөллөөс хамаарах хүний биологийн мөн чанар. Хүн байгалиас заяагдмал өөрийгөө хамгаалах чадвартай байна. “Би” нь нийгмийн соёлоор тодорхойлогддог дээд “Би” юм. Хүн төрөлхтний “Би”, дээд зэргийн “Би” байнга бие биенээ нөхцөлдүүлж, ухамсаргүйгээр оршин тогтнож, төрөлхийн зангаар хязгаарлагдана. Заримдаа дээд зэргийн “Би” болон ухамсаргүй байдлын “Би”-гийн хооронд дотоод зөрчил үүсэж байдаг. Энэ тохиолдолд тухайн хүнээс орчин тойрон дахь соёлын хэм хэмжээг зөрчих гажуудал илэрнэ. Түүнээс гадна хүний биологийн хэрэгцээ, соёлын хэм хэмжээ, хориглосон зүйлийн хооронд ч зөрчил үүсдэг. Энэ байдал нь социологийн болон соёлын онолтой холбоотой. Хувь хүний байдал сайн ч, таагүй нөлөөтэй хамт олны дотор ажиллаж, тэнд тогтсон гажуудлын хэм хэмжээг мөрдвөл хэсэг хугацаанд хувь хүн, хамт олны харилцаа зөрчилдөн, улмаар хувь хүн уусан, урсгалд автана.
Ёс суртахууны үнэт зүйлс, үйл байдлын хэмжээ төлөвшихөд гэр бүл чухал хүчин зүйл болно. Хүүхэд, аз жаргалтай, бат бэх, эрүүл гэр бүлд нийгэмшсэнээр тэрээр өөртөө болон орчин тойрондоо итгэлтэй, хүмүүжил сайтай, соёлтой, шударга хүн болон хүмүүжиж, өөрийн ирээдүйг ч тодорхойлно. Хэрэв гэр бүлийн уур амьсгал дээрхийн эсрэг байвал хүүхэд ч мөн эсрэг байдлаар төлөвшинэ. Залуучуудаас гэмт хэрэг үйлдэх байдлыг судалсан олон тооны судалгаа тэдний ихэнх нь таагүй гэр бүлд хүмүүжил олж авсан хүмүүс байдгийг харуулжээ. Нийгмийн сэтгэл зүйн салбарыг судалдаг америкийн судлаачид гэр бүлийн амьдралаар тодорхойлогддог үндсэн таван таагүй хүчин зүйлийг нээн гаргажээ. Үүнд:
- Эцгийн дээд зэргийн хатуу гар, хэрцгий сахилга бат (бүдүүлэг хэрцгий, ойворгом сагсуу, ухамсаргүй, сэнхрэхгүй байдал)
- Эхийн сулавтар хараа хяналт (халамжгүй хийгээд хайхрамжгүй байдал)
- Эцгийн сулавтар дотносол
- Эхийн сулавтар дотносол (хүйтэн хөндий харилцаа, бие биендээ дайсагнасан байдал, үзэн ядалт)
- Гэр бүл дэх таагүй байдал (хүйтэн хөндий харилцаа, хүчирхийлэл, харилцан үл дотносол).
Энэ бүх хүчин зүйл гэр бүлд хүүхэд төлөвших, нийгэмшихэд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Өөр олон ч тохиолдолд эвтэй, нөхөрсөг гэр бүл нааштай нөлөө үзүүлдэг. Гэхдээ гэр бүл нь нийгэмшилтэд нөлөөлөх цорын ганц институт биш. Хувь хүн өөрийн эрх чөлөөгөө хэтрүүлвэл гаж байдалд хүрч болзошгүй. Хүн хэрвээ тогтсон журмын дагуу ажил хөөцөлдөх, өөрийн авъяас чадвараар амжилтад хүрэх гээд бүтэхгүй бол худал хуурмаг арга мэх, залиар хүрэх замыг сонгодог. Р.Мертон зорилго, түүнд хүрэх арга хэрэгслийн хоорондын харилцааны талаарх хүний үйл байдлын хэв маягийг боловсруулжээ. Энэхүү хэв маягаар ямар ч хүн дараах ангиллын аль нэгэнд багтана. Үүнд:
- Конформист-Энэ хэв маягийн хүмүүс өөрийн өмнөө тавьсан зорилгодоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр хүрэх бөгөөд хууль дүрэм, ёс зүйг баримтлагч нийгмийн гишүүн мөн.
- Новатор (шинийг санаачлагч)-хүмүүс өөрсдийн зорилгодоо нийгэмд тогтсон арга хэрэгслээр бус ч, хууль дүрмийг зөрчөөгүй тийм аргаар хүрэхийг эрмэлзэнэ.
- Ритуалист (ёс төртэй, ёсыг сахигч) нь нийгэмд тогтсон арга замаар зорилгодоо хүрэхийг эрмэлздэг ч түүнийгээ үл хайхарсан, мартсан байх нь олонтаа. Тэдний хувьд үндсэн үйл байдал нь ёс горим, дүрэм журам байна. Гэхдээ хэт хүлээсэнд баригдсан, уян хатан бус байснаас хүнд суртал, цаасан далайд баригдан, хэлбэр төдий ажил хэрэгч байдлыг төрүүлнэ.
- Тусгаарлагдмал, ганцаардсан хэв маягийн хүмүүс амжилтад хүрэхэд зайлшгүй тийм л соёлт, уламжлалт арга хэрэгслийг ашигладаг ч зорилгоосоо ухрах, хазайх нь олонтаа. Энэ бүлгийнхээс архичин, мансуурагчид гарах нь цөөнгүй.
- Үймээн гаргагч, хутган үймүүлэгч хэв маягийнхан шийдэмгий бус,
арга хэрэгсэл, зорилгоос татгалзан, шинэ хэм хэмжээ, тогтолцоог болон амжилтад хүрэх шинэ хэрэгсэл, үнэт зүйлсийг бий болгохыг хүсдэг.
Эдгээр хэв маяг, ангиллыг ашиглахдаа хүн бүх талаараа конформист эсхүл бүх талаараа шинэчлэгч байж чаддаггүй анхаарч санах хэрэгтэй. Хүн бүрт л дээрх ангиллын шинжээс тодорхой хэмжээгээр байгаа. Түүнээс биш нэг хүн бүхлээрээ нэг ангилалд хамааран, тэр хэв маягаар тодорхойлогдохгүй нь ойлгомжтой. Олон хүний хийхийг хүсч байгаа хэд хэдэн үйлдлийг ёс суртахууны хэм хэмжээ хориглодог ч, энэ нь гажуудсан үйл байдлын өөр үзэгдэл болох “зөвтгөх, цагаатгах хэм хэмжээ”-г бий болгоно. Энэ нь хориглосон ямар нэг хүслээ хэрэгжүүлэхийг зөвтгөдгийн соёлтой загвар юм. Нийгмийн сэтгэл зүйч Ж.Рубек, Л.Спрей нар “хувийн соёл нь эхнэр нөхрийн, залуу эмэгтэйчүүдийн хоорондын хайр дурлалын харилцаа холбоог цагаатгаж байдаг” гэж үзжээ. Ёс суртахууны хэм хэмжээ нийгэм болон бүлгийн гишүүдийн үйл байдлыг хянаж байдаг. Иймд нийгэмд олонхийн хувьд зөв, сайн үйл гэж хүлээн зөвшөөрөгдсөн тэр үйлдэл, эс үйлдлийг хууль ёсны дагуу гэж үздэг. Энэхүү нөхцөл байдал нийгэм дэх соёл, эдийн засаг, улс төрийн шинэчлэлтээс хамааран өөрчлөгдөх нь зайлшгүй. Хэрвээ тийм биш байвал нийгэм хөдөлгөөнгүй, хөгжилгүй байдалд орно. Нийгмийн шинэ хэм хэмжээ хувь хүмүүсийн үйл байдлын өөрчлөлтөөс эх авч, нийгмийн нөхцөл байдалтай холбоотой хөгжинө. ХАА зонхилсон нийгэмд гэр бүлийн бүх гишүүд гэртээ эсхүл талбайд өрхийн тэргүүний (эцгийн хяналтад ажиллаж, гэр бүлийн харилцаанд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг дэмждэг. Эцгийн хүч чадал, цэцэн ухаан гэр бүлийн бат бэх байдал, амьдралын чадварыг тодорхойлно. Нийгэм хөгжин, технологи өөрчлөгдөхийн хэрээр эцгийн ажил үүрэг (дэлгүүр явах, байгууллагад г.м) багасч, эмэгтэй хүн илүү ачаалалтай болжээ. XIX зууны эхээр энэ байдал газар авснаар нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өссөн. Гэхдээ хүмүүсийн үйл байдлын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг судлах нь чухал ч, нийгмийн хувьд түүнээс үүссэн нөхцөл байдлыг тэсвэрлэн даах явдал хамгийн гол нь юм. Одоо хүртэл энэ асуудал бүрэн төгс шийдэгдээгүй байна. Нийгэмд ер нь ямар хэм хэмжээ илүү бүрэн төгс чухал вэ?
гэсэн асуултад хариулт өгөхөд хүндрэлтэй. Иймд гажуудсан үйл байдал нэг бүрт нарийн шинжилгээ хийх шаардлагатай. Гэмт үйл байдал, сексийн гажуудал, архидалт, мансуурал нийгэмд соёлын шинэ үлгэр дууриал, загвар бүрдүүлэхэд хүргэхгүй нь л ойлгомжтой. Харин цөөхөн гажуудал л нийгэмд ашигтай. Иймд социологичдын гол зорилгын нэг нь ашигтай, соёлтой, тэр л гажуудлын загварыг олж илрүүлэх явдал.
Нийгмийн зөрчлийн тухай
Нийгмийн зөрчилд хүн бүхэн оролцдог ч түүнийг сайшаан магтах, таатай хүлээн авах нь тэр бүр ховор. Өрсөлдөгчид сөргөлдөх явцад нэг нэгнийгээ давах, нөгөөгөөсөө илүү шилдэг байх, өөрийн хүсэл зорилгодоо өрсөлдөгч этгээдийгээ захируулж байх, цаашилбал өрсөлдөгчөө бүрмөсөн нухчин дарах, зан байдлыг нь өөрчлөх оролдлого гардаг. Мөн дээрх байдлын эсрэгээр өрсөлдөгчөө урамшуулан шагнах замаар нэгдэлд болон ялалтад хүрэх оролдлого хийгддэгийг ойлгох хэрэгтэй. Тусгайлан аллага эсхүл тодорхой зорилго бүхий зэвсэгт мөргөлдөөн, аюул занал, өрсөлдөгчтэйгээ хууль зүйн дагуу хандах, тэмцэлд хүчээ нэгтгэх зорилгоор эвсэл байгуулах энэ бүхэн нийгмийн зөрчлийн наад захын хэдэн үзүүлэлтүүд юм. Тэгвэл ихэнх тохиолдолд нийгмийн зөрчлийн цаад далд үзүүлэлтүүд нь уг зөрчлийн явцад өрсөлдөгчөө бүрмөсөн устгахад хүргэдэг. Жишээ нь, Америкийн цагаачид өөрсөдтэй нь тулалдсан хойд Америкийн индианчуудын хэд хэдэн омгийг устгажээ. Хүчирхийллийн хэлбэртэй зөрчлийн явцад дайсагнагч талуудын үндсэн зорилго өрсөлдөгчийнхээ байр суурь, нэр хүндийг унагах, нөөц болон хөдөлгөөнийг нь боогдуулах, хязгаарлах замаар үр нөлөөтэй өрсөлдөөнөөс түүнийг аль болох шахан зайлуулах явдал юм. Жишээ нь, удирдах ажилтны суудлын төлөө гүйцэтгэх ажилтнууд өрсөлдөж, тэдний хэн нэг нь ялсан тохиолдолд нөгөө бусдынхаа эрхийг хязгаарлах, хавчих, дарамтлах, нэр хүндийг нь унагах, эцсийн эцэст түүнийг хамт олноосоо зайлуулах болно. Хувь хүмүүсийн хоорондын зөрчил нь сэтгэлийн хөөрөл, атаа хорсол, зэвүүцлээс ихэнхдээ үүдэн гардаг байна. Харин бүлгүүдийн хоорондын зөрчил нь хувь хүний бус шинжийг агуулах нь элбэг. Үүссэн зөрчил, түүний явцыг зогсооход хүндрэлтэй. Энэ нь зөрчил бол байгаль ертөнцийн учир шалтгаантай холбоотой байдгаар тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл хүч түрсэн үйлдэл бүр илүү хүчтэй, шинэлэг хариу үйлдэл буюу хариу үйлчлэлтэй тулгардаг. Зөрчил нь бүх хүмүүсийг хамрахаас гадна тэднийг хурцатгаж өгдөг. Жирийн нэгэн гомдол, доромжлол нь өөрийн өрсөлдөгчидтэй харилцах харилцааг хэрцгий догшин байдалд хүргэж болно. Нийгэм дэх зөрчлийн хүчирхийллийн тал нь хүнд байгалиас заяасан төрөлхийн садист шинж илрэхэд хүргэх нь цөөнгүй. Зөрчилт үйл явцууд нь хүмүүсийг заавал хэрцгий харгис байх ёстой гэсэн байдалд ч оруулж, улмаар тийм явдалд хүргэдэг. Жишээ нь, дайсныхаа нутаг дэвсгэр дээр байгаа цэргүүд л гэхэд тэндхийн энгийн Номхон иргэдтэй харгис хэрцгий харьцдаг шүү дээ. Зөрчилдөөнийг хязгаарлах, арилгах үед үүсдэг хүндрэл бэрхшээл нь зөрчлийн бүхий л явцад нарийн дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцөл, үр дагаврыг нарийн тогтоохыг судлаачдаас шаарддаг байна.
Зөрчил явагдах үе шат
Зөрчилд дүн шинжилгээ хийхдээ зөрчилт харилцааг үүсгэж байгаа эх үүсвэрүүд, энгийн анхны түвшингээс эхлэх нь ашигтай. Зөрчил нь нийгмийн бүлгүүд болон хувь хүн бүрийн хэрэгцээ өөр өөр байдгаас уламжлан эхлэн үүснэ. А.Маслоу энэ бүх хэрэгцээг үндсэн таван хэв маягт хуваан үзжээ. Үүнд:
- физиологийн,
- аюулгүй байдлын,
- Нийгмийн,
- нэр алдарт хүрэх, мэдлэгтэй, хүндлэл хүлээх, тодорхой эрх мэдэлтэй байх,
- өөрийгөө илэрхийлэх, батлан харуулах.
Хувь хүмүүсийн болон нийгмийн бүлгүүдийн бүх л хүсэл, эрмэлзэл хэрэгцээний энэ таван хэв маягийн аль нэгэнд хамаарах болно. Хэрэгцээндээ зохицсон тэр л зорилгодоо хүрэхийг хүн бүр ухамсартайгаар болон ухамсаргүйгээр мөрөөдөж байдаг. Хүний бүх үйл байдал энгийн, хялбар хэд хэдэн үйлдлээр тодорхойлогдож болно. Тэдгээр үйлдлүүд хувь хүний хэрэгцээгээ хангах, зорилгодоо хүрэхтэй холбоотойгоор, тэдгээрийн тэнцвэржилттэй зөрчилдсөнөөр эхэлж, зорилгодоо хүрч тэнцвэрт байдлаа хадгалснаар төгсгөл болдог. Жишээ нь, хүний ам цангаж, ус уух шаардлага (зорилго) тавигдлаа гэж бодъё. Энэхүү зорилго нь хэрэгжсэнээр хэрэгцээ хангагдана. Иймэрхүү тасралтгүй процессын явцад саад учирч, үйлдэл тасалдан зогсож болно. Ийнхүү саад тохиолдож, тухайн хүний үйлдэл зогссон байдлыг буюу үйлдлийн тасралтгүй байх шинж алдагдсан нөхцөл байдлыг шахалт, хавчилт хэмээн нэрлэдэг. Шахалт, хавчилтад хувь хүмүүс болон нийгмийн бүлгүүд орсон тохиолдолд (эсхүл бүслэлтийн, шахалтын нөхцөл байдал үүссэн үед) нөхцөл байдлыг дахин шинээр үнэлж цэгнэх, тодорхой бус нөхцөлд шийдвэр гаргах гэж байгаагаа тооцох, хэд хэдэн альтернатив үйлдлийн ялгааг арилгах, шинэ зорилгоо тодорхойлох, үйлдэл хийх шинэ төлөвлөгөө батлах шаардлага зайлшгүй тавигдана. Өмнөх жишээ рүү эргэн орвол хүн цангаагаа тайлах гээд ус уух гэтэл шилэнд ус байхгүй үед гоожуураас ус авах эсхүл усыг орлуулах өөр зүйл уух байдлаар хэрэгцээгээ хангаж болно. Аль ч тохиолдолд хүн өмнөө тулгарсан бэрхшээл саад, шахалт хавчилтыг даван туулахын тулд өөртөө шинэ зорилго тавьж, шинэ төлөвлөгөө боловсруулах ёстой. Саад учирсан нөхцөлд хүн шинээр үйлдэл хийх болно. Ийм нөхцөлд хүн бүр саад, шахалтаас зугтан зайлахыг оролдож, түүнээс гарах шинэ гарц, шинэ үр нөлөөтэй үйлдэл эрэлхийлэн, саад шахалтын шалтгааныг судлаж эхэлдэг. Хэрэв хэрэгцээгээ хангах замд тулгарсан саад хэтэрхий том эсхүл хувь хүн бүлгийнхээ хувьд шууд бус хэд хэдэн шалтгаантай байдалд байгаа бол бэрхшээл саадыг энгийн нэг хүчээр даван туулахгүй төдийгүй хоёр дахь арга хэрэглэсэн ч тэр нь амжилтанд хүрэхгүй байж болно.Хэрэгцээгээ хангах явцад давшгүй саадтай тулгарах нь тэднийг итгэл алдрах байдалд хүргэж болно.
Фрустраци (итгэл алдрах байдал ба сэтгэлийн огцом өөрчлөлтийн үед илрэх үйл байдал)
Сэтгэл хөдөлсөн үед илэрдэг хүний сэтгэл зүйн байдал. Энэ нь уурлах, таагүй байх, сэтгэл түгшсэн байх, хор шар хөдлөхтэй холбоотой. Фрустрацийн нөлөөлөл нь хоёр чиглэлийн замаар хөгжиж болно. Үүнд: ухралт эсхүл давшилт. Ухралт нь тодорхой хэрэгцээгээ хангахаас урт болон богино хугацаанд татгалзах замаар фрустрациас зайлсхийх явдал. Фрустрацийн нөхцөл байдал дахь ухралт нь хоёр төрөлтэй байж болно.
- Хувь хүн ямар нэг айдсаас болж ямар нэг хэрэгцээгээ хангахаас зайлсхийсэн, өөр салбарт хэрэгцээт бүхнээ олж авахын тулд эсхүл хэсэг хугацааны дараа илүү хөнгөн арга замаар хэрэгцээгээ хангах итгэлтэй байх үеийн биеэ барих байдал. Энэ тохиолдолд хувь хүн өөрийн ухамсраа шинэчлэн сэлбэж, нөхцөл байдлын шаардлагад бүрэн дүүрэн захируулж, хэрэгцээгээ хангахаас татгалзаж байгаагаа зөвөөр мэдэрч үйлдэл хийдэг.
- Дарамт, шахалт-Хувь хүний дотоодод фрустраци байхгүй үед гадны албадлага шахалтын нөлөөн дор зорилгоо хэрэгжүүлэхээс зайлсхийх явдал. Энэ нөхцлийн хувьд тодорхой тааламжтай байдлын үед давшилтын хэлбэрт дуртай үедээ шилжиж болно, эсхүл гүнзгий орж ч болно. Фрустрацитай хамаатай давшилтын үйл байдал нь хэрэв бусад хувь хүн эсхүл хүмүүсийн бүлэглэл фрустраци хөгжих шалтгаан болж байвал тэдэн рүү чиглэж болно. Энэ үед давшилт нь нийгмийн шинжийг агуулж, сэтгэл хөдлөлийн хэлбэр уур хилэн, дайсагналцал, өшөөрхөл, үзэн ядалтыг бий болгож байдаг. Нийгэм дэх дайрч түрэмгийлсэн үйлдлүүд хувь хүн, бүлгүүдээс хариу дайрч түрэмгийлсэн (хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ гэсэн үг) нөлөөллийг бий болгож, энэ үеэс нийгмийн зөрчил эхэлдэг.
Иймэрхүү байдлаар нийгмийн зөрчил үүсэхэд зайлшгүй зүйл нь:
- Фрустрацийн шалтгаан нь бусад хүмүүсийн үйл байдал болдог.
- Нийгмийн давшин түрэмгийлсэн үйлдэл хариу, харилцан нөлөөлсөн үйлдлийг үүсгэдэг байдал юм.
Сэтгэл хөдлөл нь нийгмийн зөрчилд хүргэдэг. Хэрэгцээгээ хангаагүйтэй холбоотой сэтгэл хөдлөл, таагүй байдал нь тодорхой хил хязгаарын дотор байх ёстой бөгөөд энэхүү хил хязгаар нь нийгэм дэх айдас болгоомжлол, соёлын хэм хэмжээ, нийгмийн институтуудын үйлдлээр тодорхойлогддог. Бүх зөрчлийг цар хүрээнээс нь хамаарч дараах байдлаар ангилна.
- Хувь хүний зөрчил. Энэ бүсэд хувь хүний ухамсрын түвшинд
хувь хүний дотоодод үүсэж буй зөрчлүүд багтана. Ийм зөрчил нь тухайлбал, хувь хүн бусдаас илүү ихээр хараат байх, илүү их үүрэг ачаалал хүлээх гэх мэттэй холбоотой зөрчлүүд байна. Энэ нь цэвэр сэтгэл зүйн зөрчил боловч, бүлгийн гишүүдийн нэг болсон хувь хүн өөрийн дотоод дахь зөрчлийн шалтгааныг арилгахгүй бол бусдадаа таагүй нөлөө үзүүлж болно.
- Хувь хүмүүс хоорондын зөрчил. Энэ бүсэд нэг болон хэд хэдэн бүлгүүдийн хоёр буюу түүнээс дээш гишүүдийн хоорондын зөрөлдөөн хамаарна. Хувь хүмүүсийн энэхүү зөрчилд нэг нь нөгөөгийнхөө эсрэг зогсож байдаг. Өөрөөр хэлбэл, яг л хоёр боксчин шиг. Эдгээр бүлэглэл үүсгэдэггүй тус тусдаа бие даасан хувь хүмүүс байх нь цөөнгүй.
- Бүлэг хоорондын зөрчил. Нэг бүлэг нь нөгөөтэйгээ зөрөлдсөний улмаас үүсэх зөрчил. Энэ бол зөрчлийн хамгийн өргөн тархсан төрөл юм. Учир нь хувь хүмүүс нь бүлгүүдийн хоорондын зөрчилд ороод ирэхэд өөрийн талыг баримтлагчдыг өөрсдөдөө татах, бусдад нөлөөлөх, бүлгээ төлөвшүүлэх, зөрчлийн явц дахь үйлдлээ хөнгөрүүлэх зорилготой байдаг.
- Харъяалалын зөрчил. Ийм зөрчил нь хувь хүмүүсийн хоёрдмол харъяаллын хүчинд үүснэ. Өмнөө нэг зорилготой хоёр өөр өрсөлдөгч бүлгүүдэд нийгмийн гишүүн харъяалагдах үед ийм зөрчил үүсэх нь олонтаа. Нэгэн том бүлэглэлийн доторх хувь хүмүүс дотооддоо өөр жижиг бүлгийг үүсгэдэг.
- Гадаад орчинтой холбоотой зөрчил. Бүлгийг бүрдүүлж байгаа хувь хүмүүс (юуны өмнө соёлын, захиргааны, эдийн засгийн хэм хэмжээний болон тушаал зааврын талаасаа гадны нөлөөлөл, шахалтыг туршиж, сорьж үздэг. Тэд үргэлж энэхүү хэм хэмжээ, зааврыг дэмжигч институттэй зөрчилд орж байдаг.
Нийгмийн ямар ч зөрчил нь энгийн, дотоод бүтэцтэй байна.
Нийгмийн зөрчлийн явц, агуулгад гурван үе шатаар дүн шинжилгээ хийдэг байна. Энэ нь зөрчлийн өмнөх, шууд зөрчил болон зөрчлийг шийдвэрлэж арилгах үе шат юм.
Зөрчлийн өмнөх үе шат
Нийгмийн нэг ч зөрчил гэнэт үүсэхгүй. Сэтгэлийн хөөрөл, уур уцаар, хор шар нь хэсэг хугацааны туршид хуримтлагддаг.Иймээс зөрчлийн өмнөх үе шат нь заримдаа зөрчилдөөний анхны шалтгааныг мартах хүртлээ сунжирдаг. Зөрчил бүрийн үндсэн шинж чанар онцлог нь түүний үүслийн үе дэх объектын ялгаа, зөрчилдөгч хоёр субъектын хэрэгцээ шаардлага, сэтгэл хөдлөл, юуг эзэмших болон юунд хүрэх гэж байгаа зэрэгтэй холбоотой асуудал юм. Энэ объект нь зарчмын хувьд хуваагдашгүй, өрсөлдөгчдийн хувьд ч тийм байдлаар төсөөлөгдөж байдаг байна. Энэхүү хуваагдашгүй объектыг зөрчлийн шалтгаан гэж нэрлэдэг. Ийм объектын ялгаа, хэмжээ нь зөрчилд оролцогч, сөргөлдөгч талуудын ухамсрын хэмжээгээр тодорхойлогдоно. Ийм байдал үгүй бол давшилт хийхэд өрсөлдөгчид хүндрэлтэй болно. Зөрчлийн өмнөх үе шат бол зөрчилдөгч талууд ухралт хийх үү, давшилт хийх үү гэдгээ шийдвэрлэх, өөрсдийн нөөц боломжоо үнэлэх үе юм. Тийм нөөцөд материаллаг үнэт зүйлс, мэдээлэл, зохион байгуулалтын нэгдэл, эрх мэдэл, харилцаа холбоо, алдар хүнд г.м. зүйл хамаарна. Энэ үед зөрчилд оролцогч талуудын хувьд бүлгээ төлөвшүүлэх, өөрийн талынхныг эрэх, хүчээ нэгтгэх байдал үүснэ. Эхний ээлжинд зөрчилдөгч талууд зорилгодоо хүрэх арга замаа хайна. Энэхүү оролдлогын дараа объект, зорилго, эсрэг талыг буруутгах үндэслэлийг гарган, хүч бололцоогоо нэгтгэнэ. Зөрчлийн өмнөх үе шатны энэ үеийг ижилсэх үйл явц ч гэж нэрлэж болно. Өөр үгээр хэлбэл хэний эсрэг нийгмийн давшилтат үйлдэл хэрэглэж байна, хэрэгцээгээ хангахад нь хэн саад учруулж байгааг эрж хайна гэсэн үг. Фрустрацийн шалтгаан нуугдмал байх тусам түүнийг ижилсүүлэх нь төдийчинээ хүндрэлтэй байна. Хэрэгцээгээ бүлэглэхэд ямар ч харилцаа байхгүй тийм давшилт хийхэд объектын сонголт боломжтой байна. Энэхүү хуурамч ижилсэл объектод нөлөөлж, хариу үйлдэл буюу хуурамч зөрчлийг үүсэхэд хүргэдэг. Заримдаа хуурамч ижилсэл фрустрацийн үнэн бодит эх сурвалжаас анхаарлаа холдуулахад хүргэх сөрөг талтай. Жишээ нь, ямар нэг орны төр засаг нь нийгмийн янз бүрийн бүлгүүд болон нийгмийн бие даасан давхаргад буруугаа тохох замаар өөрийн үйлдлийн тааламжгүй байдлаас зайлсхийхийг оролддог. Хуурмаг зөрчил нь зөрчлийн шалтгааныг арилгадаггүй харин ч сөргөөр зөрчлийн тархалтыг нэмэгдүүлэн, нөхцөл байдлыг гүнзгийрүүлдэг. Зөрчлийн өмнөх үе шат нь зөрчилдөгч тал нэг бүрийн стратеги, тактикийн төлөвшилтөөр тодорхойлогдоно. Стратеги гэдэг нь зөрчилд оролцогчдын нөхцөл байдал, зорилгын төлөвшил, эсрэг талдаа нөлөөлөх аргаа сонгох явдал юм. Өрсөлдөгчид нь бие биенийхээ сул талыг илрүүлэх, хариу үйлдлийн боломжит аргыг олох зорилгоор туршилт явуулдаг ба өөрсдөө ямар үйлдэл хийхээ тооцдог. Зөрчлийн өмнөх үе шат нь шинжлэх ухааны төдийгүй практик сонирхлыг өмнөө тавьдаг. Энэ нь эрдэмтэн судлаачид, удирдах ажилтнуудад тустай. Стратеги, арга замаа хэдийчинээ зөв сонгоно тэр хэмжээгээр үүсэх зөрчлийг арилгаж чадна.
Шууд зөрчил
Энэ үе шат нь юуны өмнө будлиан, маргааны ялгавраар, Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчдийн зан үйлийг өөрчлөхөд чиглэгдсэн нийгмийн үйлдлүүдээр тодорхойлогдоно. Энэ нь зөрчлийн хамгийн идэвхтэй, үр нөлөөтэй хэсэг. Иймэрхүү байдлаар бүх зөрчил нь зөрчлийн өмнөх үе шат ба маргааны хэлбэр дэх зөрчилт нөхцөл байдлаас бүрэлдэн бий болно. Маргааныг бүрэлдүүлэгч үйлдлүүд янз бүр байна. Учир нь хүмүүсийн зан үйл харилцан адилгүй янз бүр л байдаг. Гэхдээ тэдгээрийг хоёр бүлэгт хуваан үзэх нь чухал юм. Нэг дэхь бүлэгт нь зөрчилд оролцогчдын нээлттэй зан авир, үйлдэл орно. Тухайлбал, аман шүүмжлэл, эдийн засгийн арга хэмжээ, биеийн хүчний нөлөөлөл, улс төрийн тэмцэл, спортын уралдаан тэмцээн. Иймэрхүү үйлдлүүд нь давшилтат, зөрчилт, сөргөлдсөн байна. Хоёр дахь бүлэгт зөрчилдөгч талуудын далд үйлдлүүд орно. Зөрчлийн явцад талууд өөрсдийн үйлдлийг далдлах, будлиантуулах, өрсөлдөгч талаа мэхлэхийг оролддог. Далд дотоод зөрчлийн үйлдлийн үндсэн хэлбэр нь рефлекст удирдлага юм. В.Лефевромын тодорхойлсноор рефлекст удирдлага бол шийдвэр батлан гаргах үндэслэлийг эрх бүхий этгээд нөгөөдөө шилжүүлэх үеийн удирдлагын арга. Энэ нь өрсөлдөгчдийн нэг нь нөгөөгийнхөө ухамсарт мэдээлэл шилжүүлэх, нэвтрүүлэхийг оролдоно гэсэн үг. Ийм байдлаар ямар ч зальт үйлдэл, өдөөн хатгалга, нууц явууллага, зүсээ хувиргах гэх мэт хуурмаг бүхэн рефлекст удирдлагатай байна. Өрсөлдөгч хоёр пүүсийн удирдлага аль аль нь бүтээгдэхүүний зах зээлийн төлөө өрсөлдөөн. Гэхдээ үүний тулд тэдэнд зах зээлээс өрсөлдөгчөө шахан гаргах тэмцэлд орох нь зайлшгүй. Энэ нь улс төрийн нэг нам нөгөөгөө улс төрийн тайзнаас шахахыг эрмэлздэгтэй адил юм. МЭӨ II зууны үед Библийн жанжин Гедеон рефлекст удирдлагын хэрэгслээр тосон дэнг дайсныхаа армийн эсрэг ашиглаж байжээ. Өөрөөр хэлбэл, шөнө олон тосон дэн асааж, олон мянган цэрэг байгаа сэтгэгдлийг эсрэг талынхандаа төрүүлж, улмаар тэднээр ташаа шийдвэр гаргуулж байжээ.
Шууд зөрчлийн үйлдлүүд нь янз бүр байна. Тухайлбал, ил, далд, шууд, ээдрээтэй, биеийн хүчний, сэтгэл зүйн, үзэл суртлын гэх мэт. Нийгмийн зөрчил нь өөрийн дотоод агуулгаараа рациональ (оновчтой), эмоциональ (сэтгэл хөдлөлийн) гэсэн төрлүүдэд хуваагдана. Оновчтой зөрчилд нийгмийн бүтэц, удирдлагыг боловсронгуй болгох, нөөцийг дахин хуваарилах, ажил хэрэгч өрсөлдөөн, ухамсарт давхаргыг хамарсан тийм зөрчлүүд орно. Оновчтой зөрчил нь соёлын салбарт нилээд өргөн тохиолдоно. Шинэ болон хуучин зүйлийн зөрчил гэх мэт. Оновчтой зөрчилд оролцогчид хувь хүний түвшинд шилждэггүй, өрсөлдөгчөө хүндэлсэн, эрхийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм зөрчлүүд нь хурц биш байхын зэрэгцээ үнэт зүйлсээ шударгаар үнэлэх, харилцаа холбоогоо сайжруулах зорилготой байна. Талууд нь харилцан тохиролцох замаар зөвшилцөлд хүрнэ.
Зарим зөрчлийн явцад тухайн зөрчлийн анхны шалтгаан мартагдахад хүрч оролцогчид хувь хүний асуудал уруу илүү хандах байдалтай болж ирдэг. Ийм зөрчлийг сэтгэл хөдөлсөн зөрчил гэнэ. Ийм зөрчлийн үед өрсөлдөгчөө үзэн ядсан, увайгүй загнах зэрэг сэтгэл хөдлөлийн сөрөг илрэлүүд түгээмэл ажиглагддаг. Үндэстэн хоорондын зөрчил нь ийм зөрчлийн нэг жишээ. Сэтгэл хөдөлгөсөн зөрчил нь олонхийг хамарсан, урсгал байдлаар, удирдлагагүй мэтээр явагддаг. Иймд удирдагчид, улс төрчдийн зүгээс зарим зөрчлийг энэ хэлбэр үрүү шилжих вий гэж ихээхэн болгоомжилдог.
Зөрчлийг шийдвэрлэх үе
Энэ нь гадаад шинжээрээ будлиан, маргаан, мөргөлдөөнийг дуусгавар болгоно гэсэн үг. Зөрчлийг шийдэх олон арга зам бий. Тухайлбал, талуудын нэг нь шаардлагаа өөрчлөх, харилцан буулт хийх, эсхүл гуравдагч хүчний зуучлал гэх мэт.
Зөрчлийн тодорхойлолт
Зөрчил нь олон хэлбэртэй өөрөөр хэлбэл хоёрхон хүний маргаанаас эхлээд хэдэн сая хүнийг оролцуулсан цэргийн, улс төрийн тэмцэл хүртэл байна. Гэхдээ бүх л зөрчил нийтлэг дөрвөн хэмжүүртэй байдаг байна. Энэ нь: Зөрчлийн шалтгаан, зөрчлийн хурцадмал байдал, зөрчлийн удаан түргэн, зөрчлийн үр дагавар.
Зөрчлийн шалтгаан бол зөрчлийг таньж мэдэх, судлахад тэргүүн зэргийн ач холбогдолтой асуудал юм. Нийгмийн зөрчлийн шалтгааныг нягтлан шинжлэх ажил тэдгээрийн хэв маягаас эхэлнэ. Шалтгааны дараах хэв маяг байна:
- Эсрэг чиг хандлагын ялгаа. Хувь хүн, нийгмийн бүлэг бүхэн
тодорхой үнэт зүйлсийн чиг баримжаатай байх бөгөөд үүгээрээ хоорондоо ялгагдана. Жишээ нь, нэг хэсэг нь хувийн өмчийг зөвшөөрөх, нөгөө нь үгүйсгэж, хамт олны л өмч байх нь зөв гэж үзэх, гурав дахь нь хоёуланг нь зөвшөөрч болно. Үнэт зүйлсийн эсрэг байдлын чиг баримжааны шалтгаанаас хамааран олон зөрчил үүсдэг. Жишээ нь, хайр дурлал, гэр бүл, гэрлэлт, урлаг,спорт гэх мэт.
- Үзэл суртлын шалтгаан. Үүнд: хувь хүн, бүлгийн эрмэлзэх зүйл, итгэл, шашин, нийгэм-улс төрийн хүсэл эрмэлзлийн зөрчилт байдал орно.
- Эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлын шалтгаан. Энэ нь хувь хүн, бүлгүүдийн үнэт зүйлсийн хуваарилалтын ялгаатай байдалтай холбоотой. Жишээ нь, орлого, мэдлэг, мэдээлэл, соёл гэх мэт.
4.Нийгмийн бүтцийн элементүүдийн хоорондох харилцаанд оршин буй зөрчлийн шалтгаан. Зөрчил нь нийгэм, байгууллага, нийгмийн бүлгийн хооронд гэх мэт янз бүрийн орон зайд явагдана.
Энэ зөрчлийн шалтгаан нь дараах байдалтай холбоотой. Үүнд:
а. Бие даасан элементүүд янз бүрийн зорилготой байдагтай холбоотой. Жишээ нь, төрийн (захиргааны нэгж) нэг салбар бие даасан байдалд тэмүүлж болно. Нөгөө нь (захиргааны төв байгууллага) эсрэгээр эрмэлзэж болно. Энэ үндсэн дээр төв болон нэгжийн хоорондын зөрчил үүсэх гэх мэт.
б. Энэ шалтгаан бүхий зөрчил хүсэл сонирхолтой нь холбоотой. Жишээ нь, байгууллагын нэг нэгж нөлөөтэй байр суурь олж авахыг эрмэлзэж болно. Бусад нь үүний эсрэг байвал мөн л зөрчил үүснэ.
Зөрчлийн хурцадмал чанар
Зөрчлийн энэ байдал нь талуудын нийгэм, сэтгэл зүйн шинжээс их хамаарна. Жишээ нь, автобусанд сэтгэлийн хөөрөлтэй хоёр зорчигч маргалдах г.м.
Зөрчлийн удаан түргэн
Зөрчлийн удаан, түргэн үргэлжлэх эсэх нь олон хүчин зүйлээс хамаарах нь ойлгомжтой. Зөрчлийг шийдвэрлэснээр эерэг, сөрөг янз бүрийн үр дагавар гарна. Зөрчлийн үр дагавар нь өөрөө зөрчилдөөнтэй, Зөрчил нь нэг талаас нийгмийн бүтцийг зөрчдөг ч, нөгөө талаас олон асуудлыг шийдвэрлэх арга механизм болдог. Олон судлаачид нийгэм нь хувьсал өөрчлөлтийн үр дүнд хөгждөг, соёл, мэдлэг, туршлага, үйлдвэрлэл, үүсэл, боловсронгуй болох тасралтгүй үйл явц юм Гэж үздэг. Сүүлийн үеийн олон зөрчлийн дотроос хамгийн их хор хөнөөлтэй зөрчил нь цөмийн зэвсгийн зөрчил юм. Энэ нь бүх хүн төрөлхтөнг устгах аюултай. Дотоодын зөрчил нь бүлгийн нэгдлийг зөрчиж байдаг. Гэхдээ зөрчлийн дүнд шинэ улс төрийн бодлого, хэм хэмжээ, шинэ манлайлагчийг түргэн хугацаанд тодруулж бас болно.
Иймд зөрчлийн үр дагаврын ерөнхий хоёр хэв маяг байна. Энэ нь эерэг болон сөрөг. Сөрөг үр дагаврын дүнд харгислал, цус урсгасан тэмцэл, нийгэм дэх таагүй уур амьсгал гэх мэт байдал илэрдэг бол эерэг үр дагаврын дүнд ээдрээт байдлаас гарах, асуудлыг оновчтой шийдэх, эв нэгдлийг бататгах зэрэг сайн талтай байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/