Р.Жамъянчойжил
/Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч/
Шинэ толь №24, 1998
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд: Үндсэн хууль бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй гэж тодорхойлон заасан билээ.
Эрх зүйт төрийн үйл ажиллагааны нэгэн үндсэн чиглэл нь хүний эрхийг эрхэмлэн хүндэтгэж, түүнийг эдийн засаг, улс төр, эрх зүйн хувьд баталгаажуулах явдал мөн. Хүний эрхийн эрх зүйн баталгааны гол хэлбэр нь Үндсэн хууль бусад хуулийн хүрээнд байгуулагдсан алагчлалгүй, хараат бус шүүх болно. Иргэд, байгууллага (хуулийн этгээд)-ын зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах нь шүүхийн байгууллагын бүрэн эрх, түүний үйл ажиллагааны үндсэн зорилго бөгөөд тэрхүү бүрэн эрхийн нэлээд хэсэг нь иргэний шүүн таслах ажиллагаанд хамаардаг юм. Зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах иргэний шүүн таслах ажиллагааны үндсэн арга нь тухайн этгээдийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон нөхцөлд түүнийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээн, эрхийг нь хамгаалах, эрх зөрчигдсөнөөс үүссэн хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах, тасалдлыг албадан гүйцэтгүүлэх, олох ёстой байсан орлого, үр төл, алдангийг бүрэн гүйцэд төлүүлэхэд оршиж байна:
Нийгмийн олон талт амьдрал, түүнийг зохицуулж буй хууль тогтоомжийн хөгжилтэй уялдан зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах шинэ арга хэлбэр гарч эхэллээ. Тухайлбал, Монгол улсын шинэчлэн найруулсан иргэний хуулиар эд хөрөнгийн бус “Сэтгэл санаа”-нд учруулсан хор хохирлыг нөхөн арилгах журмыг тодорхойлсон юм. Зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж ирлээ. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж өргөдөл, нэхэмжлэл гаргах явдал жил бүр өсч байна. Монгол улсын шүүхүүд зөвхөн анхан шатаар 1997 онд 26936 иргэний хэрэг шийдвэрлэсэн нь 1990 оныхоос даруй 86.1 хувиар нэмэгджээ.
Улс оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэл нийгмийн бүхий л хүрээг хамарч, ардчилсан шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тавих шаардлагын дагуу Монгол улсын Үндсэн хууль батлагдан гарсан билээ. Өөрчлөлт, шинэчлэлт шүүхийг тойроогүй бөгөөд түүнийг гүн гүнзгий өөрчлөх шаардлага гарсан юм. Төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах зарчим илрэлээ олж, анх удаа шүүх бие даасан эрх мэдлийн хэмжээнд тавигдах болсон нь шүүхийн шинэчлэлийн гол үр дүн мөн.
Шүүх үзэл суртлаас ангижирч, аль нэг нам, түүнчлэн төр, засаг аливаа албан тушаалтны нөлөөллөөс бүрэн гарлаа. Шүүх ардын шүүхийн тогтолцооноос мэргэжлийн шүүхийн тогтолцоонд шилжив.
Нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж улс орон зах зээлийн харилцаанд шилжсэнээр нийгмийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдах болж, шүүх зөвхөн хүчин төгөлдөр хууль хэрэглэж, хэрэг маргаан шийдвэрлэх зарчимд шилжсэнээр олон арван хууль шинээр батлагдан, мөрдөгдөх болов. Урьд өмнө гарч байгаагүй шинэ хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэг шүүхэд ногдсон юм. Иргэний шүүн таслах ажлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зарчим хэрэгжиж байна.
Шүүхийн шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, улмаар зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах ажлыг сайжруулахад дараах хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай гэж бид үзэж байна.
- Шүүхийн тогтолцоог анхан шатны, давж заалдах шатны болон хяналтын шатны байх зарчмыг хатуу баримтлан зохион байгуулж, эдгээр шүүх зөвхөн өөрийн эрхлэх шатаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байх шаардлагатай байна. Одоогийн анхан шатны болон давах хяналтын шатны шүүхийн үүрэг холилдсон тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэж бид үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхийн ачааллыг харгалзан, эдгээр шүүхийг тойргийн буюу бүсчилсэн байдлаар зохион байгуулж илүү гарсан орон тоог анхан шатны шүүхэд шилжүүлэх боломжтой.
- Мэтгэлцэх зарчмыг тууштай хэрэгжүүлж, талууд шаардлага, тайлбараа өөрсдөө нотлох, хэрэв нотолж чадахгүй бол шүүхийн нотлох баримт цуглуулах, нотлох үүрэг түүнд хүлээлгэдэг буруу практикаас ангижруулах хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан нотлох баримт гүйцэд бүрдээгүй буюу хэргийн бүрдэл хангаагүй шалтгаанаар шүүхийн шийдвэр хүчингүй болгодог хуулийн заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
- Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөх үүргээс чөлөөлсөн нь түүний хариуцлагыг сулруулж улмаар нэхэмжлэл, хэргийн тоо эрс өсөх, нөгөө талаар нэхэмжлэлийн хэмжээгээ дураар өсгөх муу үр дагавартай болох нь ойрын 3-4 жилийн туршлагаас харагдлаа. Иймд улсын тэмдэгтийн хураамж нь нэг талаас шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх хэрэгсэл, нөгөө талаас нэхэмжлэгч этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгсэл тул урьдчилан төлдөг болгох үндэслэлээр зохих хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
- Хэргийн харъяаллыг 10 сая төгрөгөөр зааглан анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хооронд харъяалал тогтоосон нь бодит амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, хэдэн сая, зуун сая төгрөгөөр үнэлэгдэхийг үл харгалзан аж ахуйн нэгжийг дампууруулах зэрэг иргэний хэргийг сумын шүүх шийдвэрлэдэг атал 10 саяас дээш нэхэмжлэлтэй бол бусад хэргийг аймаг, нийслэлийн шүүх харъяалж байгаа нь буруу байна. Иймд бүх хэргийг анхан шатны шүүх хянаж шийдвэрлэх шаардлага эндээс үүдэн гарч байгаа юм.
- Шүүх, шүүгчийн ажлын ачаалал эрс өсч байна. 1997 онд шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүгчдийн тоонд хуваахад 1 шүүгч жилд 230 гаруй хэрэг маргаан шийдвэрлэж байгаа юм. Энэ бол маш их тоо. Цаашид захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулан хянах, хэргийн нь харъяаллыг зөв тогтоож өгөх, хорих, саатуулах зөвшөөрлийг энэ шүүх өгч байх болгох нь зүйтэй бөгөөд энэ нь хүний эрхийн талаас ч зөв алхам болох юм. Ажлын ачаалал хэт ихэссэнээс шүүгч хэргийн байдалд зөв зүйтэй үнэлэлт дүгнэлт өгч, хууль тогтоомжоо нарийн судлан хэргээ үнэн зөв шийдвэрлэхээс өмнө талуудыг байцаах, протокол бичих, оролцогчдыг дуудах техник ажиллагаанаас илүү гарч чадахгүйд хүрч байна.
- Шинээр гарч байгаа хуулиуд нийгмийн харилцааг зохицуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа боловч зарим хууль хэрэглэхэд зөрчигдөж байгааг хэлэх нь зүйтэй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөх олговрын хэмжээ мөн хуулийн 10 дугаар зүйлийн заалттай зөрчилдсөнөөс шүүх хэрэглэх боломжгүй болж, олон хэрэг шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байна.
Дээд шүүх УИХ-д холбогдох саналаа хүргүүлсэн бөгөөд одоогоор шийдвэрлэгдээгүй байна. Мөн Гэр бүл, Хөдөлмөрийн зэрэг хууль батлагдсанаас хойш олон жил болж өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж чадахгүйд хүрээд байгаа юм.
- Шүүхийн Ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасан шүүгчдийн эрх ашгийг хамгаалах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэхгүй байна. Үндэслэлгүйгээр гүтгүүлж доромжлуулсан, тэрчлэн хүнд гэмт хэрэгт холбогдон гүтгүүлэх тохиолдол их байна. Энэ тохиолдолд Шүүхийн Ерөнхий зөвлөл төлөөлөн хамгаалж нэр төрийг нь сэргээлгэж байх нь зүйтэй.
- Шүүгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангах гол үндэслэл нь тэдний цалин хангамж мөн. Шүүгчдийн цалин бага байгаагаас цалингаас өөр орлогогүй тэднийг элдэв байдлаар эрхшээл нөлөөндөө оруулахыг оролдох явдал цөөнгүй гарч байна.
Шүүхийн унаа тэрэг муу, төсөв хүрэлцээгүйгээс өрөнд баригдаж улмаар нүүдэллэн ажиллаж чадахгүйд хүрч байгаа нь нууц бишээ. Иймд шүүгчдийн цалин хангамжийг нэмж, төсвийг хүрэлцээтэй баталж өгөх нь хараат бус шүүгч, бие даасан шүүхийн гол нөхцөл болно.
Энэ нөхцөл хангагдаагүйгээс хуульчдын дундаас шүүгчийг шилж шалгаруулан томилох Үндсэн хуулийн заалт ч хэрэгжихгүйд хүрч байна.
- Нийгмийн шинэ харилцаа, шинэ нөхцөл байдал шүүгчээс ихээхэн мэдлэг чадвар шаардаж байна. Одоо зах зээлийн нөхцөлд ажиллаж чадах, зах зээлийн үеийн хууль тогтоомжийн нарийн учрыг олж чадах шүүгчийг бэлтгэх шаардлагатай байна. Шүүгчдийг тодорхой хугацаанд төлөвлөгөөтэйгээр сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэх шаардлагатай байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/