Б.Намсрай
/Доктор, Профессор/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: ажилгүйдэл, ажил эрхлэлт, ажлын байр, хөдөлмөрийн зах зээл, мөнгө зээлийн бодлого, ядуурал
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн явцад улс орны хэмжээнд нийгмийн олон тулгамдсан асуудал гарч ирсний нэг нь ядуурал юм. 1994 онд манай улсад нийт хүн амын 26 хувь буюу 587 мянган хүн тухайн үед Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингөөс доогуур нөхцөлд ядуу амьдарч байсан. Нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг шийдвэрлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас 1994 онд ЯБҮХ (Ядуурлыг Бууруулах үндэсний хөтөлбөр)-ийг батлан гаргасан билээ.
ЯБҮХ нь дараах үндсэн 6 бүрэлдэхүүн хэсэгтэй, ядуурлыг бууруулах бодлогыг тодорхойлсон баримт бичиг юм. Үүнд:
- Эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах замаар хүний нөөцийг хамгаалах
- Эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулах
- Нэн ядуу иргэдэд тусламж үзүүлэх замаар нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлэх
- Хөдөөгийн ялангуяа малчдын ядуурлыг бууруулах
- Хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх болон удирдах байгууллагын бүтцийг бий болгож, хөгжүүлэх,
ЯБҮХ-ийн гол зорилго нь 2000 он гэхэд ядуурлын түвшинг 10 хувьд хүртэл бууруулах, гэхдээ энэ нь зөвхөн орлогын ядууралтай тэмцэхээс гадна хөдөөгийн эрүүл мэнд, суурь болон сургуулийн өмнөх боловсролыг дэмжих замаар хүний хөгжлийг хангах, тахир дутуу хүмүүс болон эмэгтэйчүүд, тэрчлэн нийгмийн эмзэг бүлгийн болон нэн ядуу иргэдийг дэмжин хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг тусгасан баримт бичиг байв.
ЯБҮХ ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Засгийн газрын болон олон улсын байгууллагууд, ТТБ-ууд оролцож байна.
ЯБҮХ-ийн хэрэгжилтийг Улаанбаатараас эхлээд сум, хороодод хүртэл улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэх байгууллагын тогтолцоог бий болгоод байна.
Ядуурлыг бууруулах үндэсний газар нь (ЯБҮГ) нь хөтөлбөрийн эхний 6 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөл хэрэгжүүлэхдээ ядуурлыг бууруулах нэгдсэн сангийн механизмыг ашиглаж ирсэн сан нь тусгай зориулалт, үйл ажиллагаа бүхий 4 дэд сангаас бүрддэг. Үүнд:
- Орон нутгийн хөгжлийн сан
- Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан
- Эмзэг бүлгийн орлого бий болгох сан
- Нэн ядуу иргэдэд туслах сан
Орон нутгийн хөгжлийн сангаас дараах чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байна:
- орон нутгийн нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зэрэг нийтийг хамарсан ажилд эмзэг бүлгийн хүмүүсийг хамруулж, түр хугацаагаар ажил эрхлүүлэн цалин хөлс олгох,
- 8-16 насны хүүхдэд суурь боловсрол олгох, сургууль завсардсан болон сургуульд хамрагдаагүй хүүхдийн тоог бууруулах,
- хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эхийн эндэгдлийг бууруулах,
- тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь болон тахир дутуу хүүхдийг сургуульд сурч боловсрол эзэмшихэд нь туслах,
- сүргуулийн өмнөх боловсролын хүрээг өргөжүүлж, 2-8 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох боломжийг нэмэгдүүлэх,
Эмзэг бүлгийн орлого бий болгох сангаас:
Хөдөлмөрийн чадвартай, ажилгүй ядуу гурваас дээш хүнээс бүрдсэн бүлэг болон хөдөлмөрийн чадвартай, ажилгүй, хоёроос доошгүй хүнтэй ядуу өрхөд орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулан жижиг зээлийг олгодог.
Эмзэг бүлгийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр олгож байгаа жижиг зээл нь нэг жил хүртэл хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр олгогддог бөгөөд нэг хүнд ногдох зээлийн дээд хэмжээ 100,000 төгрөг, нэг бүлэгт ногдох зээлийн дээд хэмжээ 1 сая төгрөг байдаг.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн сангаас эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулахад чиглэгдсэн дараах хэлбэрийн төслүүдийг хэрэгжүүлж байна:
- Эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд зориулсан жижиг зээл олгох,
- Хөдөөгийн сумдад эхчүүдийн амрах байрыг тохижуулахад туслалцаа үзүүлэх,
- Өрх тэргүүлсэн олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хүүхдийг нь цэцэрлэгт хамруулан хоолны зардлыг нь тодорхой хугацаагаар төлж, энэ хугацаанд орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулан жижиг эээл олгох төрийн бус байгууллагуудыг идэвхжүүлэгчээр татан оролцуулах замаар эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх жижиг зээлийг олгох.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн сангаас зээл олгохдоо Эмзэг бүлгийн орлого бий болгох сангаас төсөл хэрэгжүүлэх зааврыг нэгэн адил баримталдаг бөгөөд харин зөвхөн төсөлд оролцогчид нь эмэгтэйчүүд байх болзолтой байдаг.
Нэн ядуу иргэдэд туслах сан нь нийгмийн халамжийн санд нэмэлт дэмжлэг үзүүлэх хэлбэрээр анх байгуулагдсан. Энэ сангаас нэн ядуу иргэдэд амьжиргааны наад захын хэрэгцээт түлээ түлш, хүнсний зүйлс, хагас өнчин хүүхдүүдэд хувцас, хичээлийн хэрэгслээр нэг удаагийн дэмжлэг туслалцаа үзүүлэх хэмжээг авч ирсэн.
ЯБҮХ-ийн хүрээнд дээрх сангуудаар дамжуулан аливаа төслийг хэрэгжүүлэхдээ:
- Төвлөрлийг сааруулах,
- Олон нийтийн оролцоог хангах гэсэн үндсэн хоёр гол зарчмыг баримталдаг ЯБҮХ-ноос батлан гаргасан төсөл хэрэгжүүлэх заавруудыг баримтлан аймаг, дүүрэг, сум, хорооны Ядуурлыг бууруулах зөвлөлийн түвшинд төслийг үнэлэх, батлах үйл ажиллагаа явагдаж, ингэснээр орон нутгийн эрх мэдэл дээшилж байна. Орон нутагт байгаа хүмүүс өөрсдийнхөө тулгамдсан асуудлыг өөрсдөө хэнээс ч илүү мэдэж, ойлгож байгаа учир төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тэднийг өргөнөөр татан оролцуулж байгаа нь тэдний тулгамдсан асуудлаа шийдвэрлэх сонирхолд нийцэж байгаа юм.
Үүнээс гадна Ядуурлыг бууруулах нэгдсэн сангаас гадуур ЯБҮХ-ийн хэрэгжилтийг зохион байгуулж буй байгууллагуудыг бэхжүүлэх, үндэсний сайн дурын ажилтнуудын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ТББ-уудын чадавхийг дээшлүүлэх, жендерийн асуудлыг хөтөлбөрт тусгах, эмнэлгийн сүрлэн барилга барих, хөтөлбөрт нэмэлт хөрөнгө дайчлах, хөтөлбөрийн сурталчилгааг явуулах, ядуурлыг бууруулах сарын ажлыг зохион байгуулах зэрэг бусад ажлыг хийж гүйцэтгэж ирлээ. ЯБҮХ-ийг хэрэгжүүлэх явцад амжилт ололтоос гадна нэлээд хүндрэл бэрхшээлүүд тохиолдож байна. Үүнд: Хөрөнгө шилжүүлэлт удааширч, төслийн хэрэгжилт саатсан нь доорх хэд хэдэн шалтгаантай байгаа юм.
- Энэ нь тусгай дансанд байршуулсан төслийн хөрөнгийг Сангийн яам зориулалтын бус зүйл (цалин, тэтгэвэр)-т зарцуулж байсантай холбоотой. Сумдад зөвхөн хөдөө аж ауйн банк байдаг бөгөөд ХАА-н банк хүндрэлд орсонтой холбогдон төслийн санхүүжилтийн хөрөнгийг сумдад хэрэгжих төслүүд 2-3 сараар хугацаа хоцорч авч байна.
- Орон нутагт банкууд бэлэн мөнгө багатай байдаг тул Улаанбаатарт байгаа төвөөсөө зузаатгал авсны дараа төслийн хөрөнгийг бэлнээр гаргаж өгөх боломжтой болдог нь цаг хугацаа нэлээд алдахад хүргэдэг.
- Орон нутагт бэлэн мөнгөний хомсдолтой байдгаас эмзэг бүлгийн гишүүдэд зээлийн мөнгийг бэлнээр олгохгүй, оронд бензиний “толон” олгох явдал зарим аймгуудад гарч байсан нь эмзэг бүлгийн гишүүд зээлийнхээ зарцуулалтын тайланг шуурхай гарган өгөхөд хүндрэл учруулж байсан.
- Манай орны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийтийг хамарсан ажил, хөдөөгийн эрүүл мэнд, суурь боловсролын чиглэлийн ихэнх төслүүд, хүнсний ногоо тариалах гэх мэт эмзэг бүлгийн орлого нэмэгдүүлэх зарим төслүүд улирлын чанартай, зөвхөн дулааны улиралд хэрэгжих боломжтой байдаг явдал хөрөнгийн шуурхай ашиглахад мөн зохих нөлөө үзүүлсэн
- Зээлийн эргэн төлөлтийн хувь 1998 онтой харьцуулахад доогуур байгаа нь хөдөө орон нутагт эмзэг бүлгийн гишүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг бэлэн мөнгөөр хийж чадахгүй зөвхөн бараа солилцоогоор хийж байгаа нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж байна
- Сум, хорооны ядуурлыг бууруулах зөвлөлийн чадавхи сул байгаа нь хөрөнгийн байдлаас шалтгаалан аймаг, дүүргийн ядуурлыг бууруулах зөвлөлөөс сум, дүүргийн ядуурлыг бууруулах зөвлөлийн гишүүдэд зориулан зохион байгуулж байгаа сургалт, семинарууд тогтмол биш, бидний сургаж бэлтгэсэн ядуурлыг бууруулах зөвлөлийн гишүүд олон дахин солигдож байгаатай холбоотой байна. Иймээс төсөл санаачлагчид болон оролцогчдын дунд жижиг бизнес эрхлэн удирдах олон нийтийн оролцооны үндсэн дээр шийдвэр гаргах талаарх үндсэн ойлголт сул байна.
Макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэн эдийн засгийн өсөлтийг хангах, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээг авахгүйгээр зөвхөн ЯБҮХ-ийг хэрэгжүүлэх замаар ядуурлыг бууруулж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Учир нь дээрх арга хэмжээг авахгүйгээр ядуурлаас гарч байгаа хүмүүсийн тоо дорвитой мэдрэгдэхгүй, тоо нь буурч харагдаж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлсөн сөрөг хүчин зүйлүүдэд алслагдсан сумдад хүрэх тээвэр, холбоо, бэлэн мөнгөний дамжуулалтын асуудал зүй ёсоор орж байна. Засаг дарга болон ядуурлыг бууруулах зөвлөлийн гишүүд нь төсөлд оролцогчдыг сонгох, төслийн хэрэгжилтэд мониторенг, хяналт шалгалт хийхэд ихээхэн анхаарал тавьж ажилладаг сум хороодод ихэнх төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулан дахин хөрөнгө оруулалт хийх, өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор хадгаламж өрнүүлэх шаардлагатай байна. Эдийн засгийн өөрчлөлттэй холбогдон нийгмийн амьдралд гарсан хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад ЯБҮХ ихээхэн хувь нэмэр болж ирсэн. Иймд нийгмийн хүрээнд байсаар байгаа бодит бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх явдал чухал байна.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын бүтэц, бэлтгэгдсэн зохих боловсролтой боловсон хүчнүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах нь дараагийн шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улам их үр нөлөөтэй байх юм.
Ядуурлыг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Дараагийн шатны хөтөлбөр нь тодорхой зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, санхүүгийн эх үүсвэр, хэрэгжүүлэгч байгууллагыг нь тодорхойлсон иж бүрэн хөтөлбөр байх нь зүйтэй гэж үзэж байна. Ядуурлыг бууруулах асуудлаар Засгийн газраас баримтлах бодлого, хүлээх үүрэг хариуцлага, үзүүлэх дэмжлэг туслалцаа болон хэрэгжүүлэх арга хэмжээг анхнаас нь дараагийн хөтөлбөрт маш тодорхой тусган, Засгийн газрын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогын салшгүй нэгэн хэсэг болгон хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Түүнчлэн, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэх байгууллагын статус, үүрэг хариуцлагыг ч эхнээс нь тодорхойлон өгөх нь зүйтэй байгаа юм.