Х.Гүндсамбуу
/Дэд доктор/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: давхраажил, ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн, номенклатурчид
Шилжилтийн үеийн монголын нийгмийн хөгжилд гарч байгаа язгуур өөрчлөлтийн нэг нь түүний давхраажил юм. Социализмын нийтэд 2+1 гурвал бүтцээс, яг үнэндээ бол “ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн, номенклатурчид” гэсэн дөрвөл ангит бүтцээс давхраажилд шилжинэ гэдэг амаргүй бөгөөд адармаатай. Энэ нь цаг хугацааны хувьд, хүчин чармайлтын хувьд ч ихийг шаардана. Нийгмийн давхраажлын онолын загалмайлсан эцэг П.Сорокины судалснаар бол нийгмийн давхраажил тэр болгон өөрчлөгдөөд байдаггүй, нэг л хэвийндүү үргэлжилдэг ажээ. Гэхдээ энэ нь жам ёсныхоо буюу зах зээлийн замаар хөгжиж ирсэн орнууд шүү. Харин социализмын замаар орж нийгмийн хөгжил нь гацчихсан оронд энэ зүй тогтол хамаагүй бололтой. Тийм ч учраас академич Коптюгийн хэлсэн үг Орост төдийгүй манайд ч үнэний хувьтай гэж бодогдоно.
Манай нийгмийн давхраажлын талаарх субъектив үнэлгээг эхлээд сонирхъе. Миний бие ноднин жил “Соросын сангийн талаарх олон нийтийн санал бодол” судалгааг хийхдээ Та өөрийгөө нийгмийн аль бүлэгт хамаатуулах вэ?’ асуулт тавихад хариулт нь дараахь тархалттай байлаа.
Баримтыг дурьдаж байгаа болон миний хийсэн бусад судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчид өөрсдийгөө дундчуудад хамааруулж байгаа нь сонин. Гэхдээ нийгмийн давхраажил өгсөх бус уруудах тийшээ өөрчлөгдсөн нь илэрхий. Социализмын үед доодос гэж байсангүй, харин шилжилтийн жилүүдэд доодос бий болоод зогсохгүй, доогуурхан дундчууд хүртэл олширч, энэ хоёр давхраа нийлээд нийт хүн амын гуравны нэгийг эзлэх болжээ. Үүнийг их гэхэд бас бага гэхэд хэцүү. Миний бодоход бага талдаа, өөрөөр хэлбэл дарагдуулсан үнэлгээ юм. Монголчууд амны билгийг ихэд эрхэмлэдэг, бас нэрэлхүү зангаасаа болоод өөрсдийгөө ердийн дундчуудад илүүтэй хамруулж байна.
Бодит байдал дээр манай нийгмийн давхраажлыг тодорхойлох талаар МУИС-ийн социологийн тэнхмээс эрхлэн жаал зугаа судалгаа хийсэн. Гэхдээ төлөөллийн хувьд төдийлөн хангалттай биш. Энэ бол академийн бус сургалтын шинжтэй судалгаа юм. Арга зүйнх нь онцлогийн үүднээс хэлэхэд бид нийгмийн давхраажлыг нэгд орлогоор, хоёрт, зарлагаар нь тодорхойлохыг оролдсон. Сүүлийн үеийн гадаад орнуудад хийсэн судалгаагаар орлогоос зарлага нь илүү бодитой, үнэний хувьтай байгаа юм. Тиймээс бид энэ хоёр аргыг хослуулан хэрэглэж байгаа болно.
Манай нийгмийн давхраажлыг биет зүйлстэй адилтгавал настангуудын сайн мэдэх “галуун хүзүүт” ваартай, залуучуудын мэдэхээр бол “графин”-тай төсөөтэй байна. Өөрөөр хэлбэл, манай нийгэмд нэг туйлд нь ядуучууд хамаагүй олон, нөгөө туйлд нь баячууд харьцангуй цөөхөн, дундуураа тасархайтсан буюу хотойсон дүрслэлтэй байна. Тэгвэл хөгжингүй орнуудын нийтмийн давхраажил нь “бутантай” төсөөтэй дундаараа цүлхгэр, тодруулж хэлбэл дунд анги зонхилдог ажээ.
Манай нийгмийн давхраажлын суваргын оройд улс төрч – бизнесменүүд, спорт – урлагийн одод, их гарын шинэ баячууд, мөн социализмын үеийн цөөвтөрхөн хүр баячууд багтана.
Манай нийгмийн давхраажлын ёроолд “траншейныхан”, “өвгөнтийнхөн”, “тэнэмэл хүүхдүүд” зэрэг нийгмийн бичил бүлгүүдээс авахуулаад нэн ядуучууд, ажилгүйчүүд хамрагдана. Нийгмийн бусад гишүүд нь хоёр туйлын хооронд, тэгэхдээ доодост ойролцоохондуу болно. Нийгмийн энэ бүлэгт төсөвт байгууллагад ажиллагчид, малчид мэргэжлийн ажилчид, сэхээтнүүд зэрэг хамрагдана.