С. Ламбаа
/УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны дэд доктор/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: эрх зүйн шинэчлэлт, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, ядуурал, ажилгүйдэл
Эрхэм нөхөд өө!
Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж, дэлхийн олон улсын жишгээр улс төр, эдийн засаг, нийгмээ удирдах зах зээлийн харилцаанд шилжих бололцоо нээгдсээр 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү түүхэн үйл явцыг зохистойгоор залж чиглүүлэх үндсэн үүрэг Монголын төрд оногдож түүнийг хэрэгжүүлэх үндсэн бодлого, механизм нь түүний баталсан хууль, УИХ ын бусад холбогдох шийдвэрүүд болж байна.
Монгол Улс зах зээлд шилжих эрх зүйн үндсээ бүрдүүлж, төлөвшүүлэн хэрэгжүүлж, түүнийг цаашид улам бүр боловсронгуй болгохгүйгээр дэвшүүлсэн эрхэм зорилтоо хэрэгжүүлэх бололцоогүй юм.
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь тус улсын эдийн засаг, нийгмийн салбарт хийх өөрчлөлт, шинэчлэлтийн тулгуур баримт болж, туулж өнгөрсөн харьцангуй боловч бага хугацаанд амьдрах чадвартайгаа нэгэнт харуулж чадлаа гэж үзэж байна. Мэдэгтүн, сахигтүн гэсэн Үндсэн хуулийн маамь уриа, дуудлага, утга учир амьдралд хэрэгжиж байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд монголчууд бид боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зах зээл хөгжсөн дэлхийн бусад орнуудын туршлагыг өөртөө зохих ёсоор шингээсэн төрийн бодлого, холбогдох хуулиудыг шинээр боловсруулан баталж, дагаж мөрдөж ирсэн хуулиуддаа Монгол орны нийгмийн хөгжлийн зайлшгүй шаардлагаар нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим нэг томхон хуулиуддаа шинэчлэн найруулалт хийлээ.
Өнөөдөр Монгол Улсад 200-гаад хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн дотор Боловсролын салбарт 3, Соёлын салбарт 2, Шинжлэх ухааны салбарт 3, Эрүүл мэндийн салбарт 8, Нийгмийн даатгал, халамж, үйлчилгээний салбарт 30-аад бүгд 50 гаруй нэр бүхий гол гол хуулиуд үйлчилж байна.
Нийгмийн эдгээр салбар бүрт төрөөс баримтлах үндсэн чиглэл, үзэл баримтлал, бодлоготой болж, түүний хүрээнд төр засаг, түүний холбогдох байгууллагууд, иргэд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр хуулиуд, төрийн бодлогын хувьд 1990 оноос хойш бүр тодруулбап бүгд 1995 оноос хойш шинээр батлагдсан байна. Тухайлбал, Шинжлэх ухааны болон эрүүл мэндийн багц хуулиуд, Тэтгэврийн шинэчлэлийн багц хуулиуд, Нийгмийн даатгал, халамжийн багц хуулиуд, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Хөдөлмөрийн хөлсний болон амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай зэрэг хуулиудыг цохон нэрлэж болох юм.
Боловсролын багц хууль, Хөдөлмөрийн хууль, Гэр бүлийн хууль, Нийгмийн халамжийн төрөлжсөн хууль гэх мэт томхон хуулиудыг шинэчлэн найруулж зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг хийв. Түүнээс гадна манай орны эмзэг бүлгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг нэмэгдүүлэх, тэтгэврийн болзлоо хангаагүй иргэдийн нийгмийн даатгалын зарим шимтгэлийг төрөөс хариуцах, тэднийг сургалт, мэргэшүүлэлтэд хамруулах талаар УИХ ын болон Засгийн газрын холбогдох тогтоолууд тухай бүр гарч хэрэгжиж байгааг тэмдэглэж байна.
Манай орны иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёл бол Монгол Улсын нийгмийн хамгийн чухал үнэт баялаг мөн. Энэ баялагийг бүтээн бий болгох, хөгжүүлэх, баяжуулах, иргэддээ олгох, төлөвшүүлэх, эзэмшүүлэх явдал нь Монголын төр, засгийн бодлогын гол төв асуудлын нэг болж байна. Энэхүү асуудлыг хэрхэн зөв, оновчтой шийдвэрлэснээс Монгол Улсын хөгжлийн ирээдүй хамаарах нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Үүнийг бид нийгмийн салбарт хийх эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлтөөр л шийдвэрлэж чадах юм. Бидний явуулсан судалгаанаас үзэхэд энэ салбарт эрх зүйн шинэчлэл 1990-ээд оноос эрчимтэй хийгдэж, тэр нь бүрэлдэн тогтож, төлөвшиж эхэлж байна гэж үзэх бүрэн үндэстэй байна.
Хүн ам, нийгмийн хамгааллын асуудал бол маш өргөн хүрээтэй зүйл бөгөөд үүнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт ядуурал, ажилгүйдэл гэх мэт үндсэн ойлголтуудыг багтааж байна. Эдгээр асуудлыг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зохих хэмжээгээр тусгаж хэдийгээр хөрөнгө мөнгөний бололцоо хүнд байгаа хэдий ч нэлээд хэсэг нь хэрэгжиж байна.
Одоо Та бүхэнд нийгмийн салбар дахь эрх зүйн бүрдэлт, төлөвшилт, цаашдын зорилтын асуудлаар салбар тус бүрээр нь товч илтгэе.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн шинэчлэлт
Монгол Улсад зах зээлд шилжих үйл явц боловсролын салбар эрх зүйн шинэчлэлт хийхгүйгээр боломжгүй юм. Боловсрол мэргэжилтэй иргэн л Монгол Улсаа авч явах учиртай. 1991 онд батлагдсан Боловсролын хууль тухайн үед үүргээ гүйцэтгэсэн гэж бид үздэг.
Нийгмийн хөгжлийн шаардлагаар уг хуульд 1995 онд шинэчлэн найруулга хийж 1998 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Боловсролын хууль өнөөдөр боловсролын салбарт үйлчилж байна. Энэ хуулиар “Боловсролын зорилго”-ыг шинэчлэн тодорхойлж, нийгэм, иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт явуулахыг хориглох боловсролын харилцаанд оролцогчдод өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүй адил тэгш хандах явдлыг төрийн бодлогын үндэс болгосон юм. Боловсролын шатлалыг олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж байгаа ангилалд дүйцүүлэн тодорхойлсон нь боловсролын байгууллагуудын статусыг тодотгон тоньёолох, боловсролын залгамж чанарыг хуульчлан тогтооход зарчмын ач холбогдолтой болсон билээ. Ингэснээр боловсролын өгөөж, чанарыг хадгалан хөгжүүлэх, иргэдийн боловсрол эзэмших эрхийг баталгаажуулах боломж бүрдсэн болно. Урьд нь боловсролын удирдлагад зөвхөн төрийн удирдлагыг давамгайлуупж байсныг өөрчлөн төр-олон нийтийн удирдлагатай болгосон юм. Энэ нь ардчилсан нийгмийн хэм хэмжээ болох бөгөөд боловсролын харилцаанд оролцогчдын эрхийг өргөтгөж, хариуцлагыг дээшлүүлэх, боловсролын хэрэгт олон нийтийг татан оролцуулахад бүрнээ нийцсэн юм. Сүүлийн жилүүдэд өмчийн бусад хэлбэрт үндэслэсэн боловсрол, сургалтын байгууллагууд үүсэж байгааг дэмжихийн хамт энд суралцагчдын эрхийг баталгаажуулах үүднээс боловсролын байгууллагыг үүсгэх, бүртгэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз олгох, өөрчлөх, татан буулгахтай холбогдон үүсэх харьцааг хуульчлан зохицуулсан байна.
Зах зээлийн харилцааны онцлог, зүй тогтолд нийцүүлэн боловсролын багц хуульд өнгөрсөн жил зарчмын чанартай дараахь нэмэлт, өөрчлөлт оруулав. Үүнд:
- Ерөнхий боловсролын хувийн дунд сургуульд нэг суралцагчид ногдох нормативт зардлыг төрөөс олгох,
- Нөхцөл боломж бүрдсэн сургуульд хүүхдийг 6 наснаас нь элсүүлэх
- Гүнзгийрүүлсэн буюу төрөлжсөн сургалт явуулснаас үүсэх нэмэлт зардлыг сургуулийн удирдах зөвлөлийн тодорхойлсноор эцэг эх, асран хамгаалагчаас нь гаргаж болох,
- 2000 оноос дотуур байранд амьдардаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зардлыг төрөөс хариуцах,
- Бүх шатны сургууль, цэцэрлэгийг удирдах зөвлөлтэй болгож, удирдах зөвлөл нь захирал, эрхлэгчийг томилж холбогдох төрийн захиргааны байгууллага батламжлах.
- Эцэг эх, асран хамгаалагч сургуульд хүүхдээ хүндэтгэх шалтгаангүйгээр завсардуулсан тохиолдолд хариуцлага хүлээх,
- Багш нар тэтгэвэрт гарахад нэг хичээлийн жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах тухай заалтад бүх шатны сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хамруулах өөрчлөлт орлоо.
Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулж, хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм заалтыг хэрэгжүүлэхэд соёл, урлагийн гүйцэтгэх үүрэг асар их юм. Тийм ч учраас соёл урлагийн талаар Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүрэг, эрхлэх асуудлыг тодорхойлох зорилгоор Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын хуулийг 1996 онд баталлаа. Монгол Улсын соёлын тухай хууль нь үндэсний соёлын өвөрмөц шинж төрхийг хадгалах, уламжлалт болон орчин цагийн соёлын зүй зохистой шүтэлцээг бүрдүүлэх үндсэн дээр монголын соёлыг хөгжүүлэх нөхцөл бололцоог хангахтай холбогдон үүсэх эрх зүйн харьцааг зохицуулж өгсөн байна. Иргэд, байгууллагууд аливаа шахалт хавчилт, тулган хүлээлгэлт, үзэл суртал, нам, улс төрийн хүчний явцуу зорилгоос ангид байж уран бүтээлийн сэдэв, төрөл зүйл, арга барил, урсгал чиглэлийг чөлөөтэй сонгон авах эрх, эрх чөлөөтэй байх явдлыг хуульчилсан ба эдгээр нь соёлын үйл ажиллагаанд оролцогчдын тэгш байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх чухал алхам болсон. Үүний зэрэгцээ соёлын хүрээнд тэдний хүлээх үүргийг ч мөн адил тодорхойлсон юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи 1961 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар (хуучнаар) байгуулагдсанаас хойш төр, олон нийтийн шинжтэй шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байсан юм. Зах зээлийн тогтолцоонд уялдуулан Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1996 онд баталлаа. Ийнхүү шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрх зүйн байдлыг (статус) тодорхой болгон хуульчилснаар тухайн байгууллагуудын эрх зүйн зохицуулалт нь тодорхой болж үйл ажиллагаагаа хариуцах, тайлагнах, санхүүжих үндэслэл бүрдсэн болно. Түүнчлэн, 1998 онд Шинжлэх ухаан, техникийн талаар төрөөс баримтлах бодлого, Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай хуулиуд батлагдсан юм. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль нь зах зээлийн харилцааны шинэ нөхцөл байдалтай уялдуулан манай орны шинжлэх ухааны салбар дахь субъектуудын харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх үүрэг, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, төрөөс энэ салбарын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих явдлыг хуульчлан баталгаажуулсан ба энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчин бүрэлдсэн юм. Технологи дамжуулах тухай хууль нь эх орны байгалийн баялаг, түүхий эдийг боловсруулах, экспортын чиглэлтэй үйлдвэр бий болгож, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хүрдасгах, дэвшилт технологийг ашиглах, аж үйлдвэржсэн орнуудын хуримтлуулсан туршлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэглэх боломжтой боллоо. Эдгээр баримт бичиг батлагдсанаар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зориулах хөрөнгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувиас багагүй байхаар тогтоогдсон юм. Гэтэл өнөөдөр энэ хэмжээ дөнгөж 0.16 – 0.20 хувьтай байна. Шинжлэх ухааны бодит зардлыг түүний нийгэмд гүйцэтгэх үүрэгтэй нь холбож эрх зүйн зохицуулалт хийх нь цаашид шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах үндэс болох ёстой гэж үзэж байна. Мөн энэ хуулиар төсөлт хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний ажилтан хүн захиалагчид оруулсан ашгийн 15 хувийг өөртөө авах бололцоогоор хангагдаж байгаа юм. Энэ нь эрдэм шинжилгээний ажилтны бүтээлч уур амьсгалыг дээшлүүлэх, тэдний оюуны үнэлэмжийг өндөржүүлэх ач холбогдолтой боллоо. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулиар шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих зориулалтаар шинжлэх ухаан, технологийн сан, эрдэм шинжилгээний байгууллагад хандивласан мөнгөн хөрөнгийг татвараас чөлөөлж байна.
Монгол Улсын Иргэний эрүүл мэндийг сахин хамгаалах асуудал бол нийгмийн хамгааллын салбарт хийх өөрчлөлт, шинэчлэлтийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Ийм ч учраас өнгөрсөн онд Эрүүл мэнд, Ариун цэвэр, Эмийн тухай гэсэн багц хуулиуд Улсын Их Хурлаар батлагдсан юм. “Эрүүл мэндийн тухай хууль” үйлчилж эхэлснээр эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, зарчим тодорхойлогдож, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг баталгаажуулж байна. Иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэпхий нийтийн жишгийг үндэслэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн шинэ ойлголтыг оруулан тодорхойлж, энэ ойлголтын хүрээнд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлийг судлан тооцох, хянах халдварт өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл мэндийг дэмжин хамгаалах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Энэ хуульд эмнэлгийн байгууллагад итгэмжлэл, эмчид эмчлэх эрхийн зөвшөөрөл олгох, иргэд эмнэлгийн тусламж авах, эмнэлэг, эмчийг өөрөө сонгох боломжийг чөлөөтэй болгох, өвчтөнд яаралтай тусламжийг хамгийн ойр эмнэлгийн байгууллага үзүүлэх, донорын хөдөлгөөнийг өрнүүлж, иргэд хүсэлтээрээ эд эрхтний дотор байж болох, эд эрхтнийг шилжүүлэн суулгах, рашаан сувиллын эмчилгээ, үйлчилгээг хөгжүүлэх, энэгтэйчүүд хүүхэд төрүүлэх эсэхээ жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглэн зохицуулах, удмын санг ариун байлгахад эрүүл мэндийн байгууллага тусгай эрх эдлэх зэрэг шинэлэг харьцааг зохицуулах болов.
Монгол Улсын Ариун цэврийн тухай хууль 1998 онд батлагдсан юм. Гадаад худалдаа өргөжиж, үйлдвэрлэл үйлчилгээний цэг салбар нэмэгдэж хүн ам, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, харилцаа улам бүр өргөжиж байгаа өнөөгийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд ариун цэврийн нөхцөл хангалтгүйгээс элдэв өвчлөл их байгаа тул тэдгээрийн дунд явуулах эрүүл ахуй, ариун цэврийн арга хэмжээг зах зээлийн харилцаанд тохирсон эрх зүйн дагуу хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарсан юм. 1998 оноос өмнө ариун цэврийн нөхцлийг хангуулах талаар биеэ даасан хууль байгаагүй бөгөөд энэ асуудал нь бусад хууль тогтоомжоор тус тусдаа зохицуулагдаж байсан юм. Ариун цэврийн хуульд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хооронд үүсэх, харьцаа, ариун цэврийн нөхцлийг хангуулахад мэргэжлийн болон төр, олон нийтийн байгууллагын удирдлагын дотоод хяналт тэдгээрийн үүрэг хариуцлагыг хуульчлан тусгасан болно. Ариун цэврийн тухай хууль хэрэгжсэнээр ариун цэврийн нөхцлийг хангуулах талаар хуулийн этгээдүүдийн хариуцлага өндөржин, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайжирснаар иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах таатай нөхцөл бүрдэж, хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадамж, ажлын үр дүн дээшлэх ач холбогдолтой юм.
1998 оноос “Эмийн тухай” хууль батлагдан хэрэгжиж байна. Эмийн тухай бие даасан хууль манай улсад урьд нь байгаагүй бөгөөд зах зээлийн харилцааны нөхцөлд эмийн үйлдвэрлэл, хэрэглээ, хангалт, тэдгээрт тавих хяналттай холбогдон бие даасан хууль зайлшгүй шаардлагатай болох нь амьдралаар дэвшигдэн тавигдсан болно. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах иргэний эрхийг хангах баталгаа нь эмийн үндэсний бодлогын эрх зүйн хүрээг оновчтой тодорхойлж, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас ихээхэн хэмжээгээр хамаарч байгаа юм. Эмийн тухай хууль нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилго тавьсан бөгөөд төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг тодорхойлов. Хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус, мэргэжлийн зөвлөх байгууллага Эмийн үндэсний зөвлөлийг ажиллуулах болов. Эм хангамжийн байгууллагын тогтолцоо, тэдгээрийн үйл ажиллагааны онцлог, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, экспорт, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, ийм ажил эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүлээх үүрэг зэргийг нарийвчлан зааж өглөө. Эмийн чанарт төрийн зүгээс онцгой хяналт тавих, үүнтэй холбогдон эмийн мэдээлэл сурталчилгаа үнэн зөв, бодитой байх нөхцлийг хуульчлан өгсөн юм.
1999 онд УИХ-аар “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын тухай” тогтоол батлагдан хэрэгжиж байна. Энэхүү төрийн бодлого нь манай улсын эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг бөгөөд Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн цэгцтэй бодлоготой болж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг монгол хүний бие махбодийн онцлог, хоол хүнс, эрс тэс уур амьсгал, ахуй нөхцөлд илүү тохирсон эрүүл мэндийн тогтолцоог үүсгэн, тэдэнд уламжлалт эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг улам бүр бий болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэний хөдөлмөрлөх эрхийн баталгааг тов тодорхой заасан юм. Ардчилсан хувьсгалын нэгэн гайхамшигтай ололт, хүрсэн үр дүн нь бүхнийг нам, төр зохицуулж байсан нийгэм, эдийн засгийн харилцааг бүрэн эвдэж өмчийн олон хэлбэрт үндэслэсэн үйлдвэрлэлийн харилцаа үйлчлэх нөхцөл Монгол оронд бүрдсэн явдал юм. Үүний үрээр өмч хувьчлал эрчимжиж хувийн хэвшлийн үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлан хөгжиж байна. Ийм харилцааг 1973 онд баталсан Хөдөлмөрийн хуулиар зохицуулах үнэхээр боломжгүй болсон билээ. Тийм ч учраас Хөдөлмөрийн тухай хуулийг 1991 онд , хамгийн сүүлд 1998 оны 5 дугаар сард дахин шинэчлэн найрууллаа. Энэ хаврын чуулганаар батлагдсан Хөдөлмөрийн тухай шинэ хууль 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.
Энэ хуулийн гол зорилт нь хөдөлмөрийн харилцаанд оролцон, ажил олгогч, ажилтан гэсэн эдийн засгийн хувьд тэнцүү биш талуудын хооронд эрх зүйн тэнцвэрт харьцааг хангах, уг харилцаанд эрх тэгш оролцох бололцоо хууль зүйн талаас бүрдүүлэхэд оршино.
Энэ зорилгоо хэрэгжүүлэх арга зам нь төрөөс зайлшгүй шаардлагатай зарчмын гол асуудлыг хуулиар тогтоох явдал юм. Энэ нь хөдөлмөрийн харилцааны дараахь асуудлаар хамгийн доод стандарт, шаардлагыг тогтоох байдлаар хэрэгжсэн болно. Үүнд:
- Хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдвөл зохих хүрээг тогтоох,
- Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох,
- Ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох,
- Амралтын цагийн доод хязгаарыг тогтоох,
- Цалин хөлсний доод хэмжээг тогтоох,
- Зарим нэнэгдэл хөлсний хэмжээг тодорхой заах,
- Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг хязгаарлан тогтоох,
- Хөдөлмөрийн нөхцлийн ангиллыг тогтоож, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг тогтоох,
- Хамтын маргаан зохицуулах хэлбэр, журмыг тодорхойлох,
- Хууль хэрэгжүүлэх механизм болох хяналт хариуцлагыг тогтоох зэрэг болно.
Хуучин хуулиас шинэ хуулийн ялгагдах онцлог нь:
Нэгдүгээрт, дээр дурдсан зарчмын гол асуудлыг хуулиар тогтоохын зэрэгцээ талууд хооронд тохиролцон шийдэх асуудлын хүрээг өргөтгөн, хуулиар тогтоогүй бүх асуудлыг талууд чөлөөтэй тохиролцох, хуульд заасан нөхцлийг ажилтанд ашигтайгаар тохирч болохоор болсон,
Хоёрдугаарт, талуудын тохиролцоонд ганцаарчилсан шинжтэй хөдөлмөрийн гэрээ голлох хэлбэр болж байсан бол шинэ хуулиар хамтын байдлаар түншлэлийн зарчмаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах хэлбэр зонхилсон,
Гуравдугаарт, хөдөлмөрийн гэрээ нэг маягийн шинжтэй байсан бол түүний нэг төрөл болох контрактын талаар тодорхой зохицуулалт хийж, онцгой үр чадвар, ховор авъяас, өндөр мэргэшил бүхий ажилтанд илүү эрх мэдэл олгох, илүү цалин урамшуулал өгөх, илүү хариуцлага хүлээлгэх боломжийг хуулиар олгосон,
Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн гэрээ байгуулах, иргэнийг ажилд авахад ажил үүргийн онцлогтой холбоогүй аливаа хязгаарлалт, ялгаварлал гаргуулахгүй байх үүднээс түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой асуултыг ажил олгогч тавихыг хориглосон зохицуулалт хийсэн,
Тавдугаарт, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах журам, хамтын маргаан шийдвэрлэх процессыг нэг мөр болгож, зарим тодорхой бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хөдөлмөрийг хамгаалсан зохицуулалтыг өөрчилсөн.
Зургаадугаарт, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах ажил олгогчийн гол үүргийг хэрхэн ханган биелүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хөдөлмөрийн нөхцлийг нь аль болох хэвийн, ажилтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зорилгод чиглүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллага, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг төрөөс тогтоож, түүнийг ажлын байр бүрт хангуулах бодлого баримталсан,
Долоодугаарт, Хөдөлмөрийн хуулийг бодитой хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх үүднээс хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх захиргааны хариуцлагын хэм хэмжээг тодорхой тогтоосон зэрэг болно. Энэ хууль батлагдсантай хопбогдуулан Эрүүгийн хууль, Төрийн албаны хууль, Статистикийн тухай хуулиудад өөрчлөлт орсон юм.
Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо ба түүний эрх зүйн шинэчлэлт
Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэпт
Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа түүхэн энэ үед төр, засгаас ард иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон анхаарах явдал чухлаар шаардагдаж байгаа билээ.
Манай улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал болон нийгмийн халамж гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэж байна. Нийгмийн даатгалын гол агуулга бол хүн өндөр наслах, тахир дутуу болох, тэжээгчээ алдах, үйлдвэрлэлийн осолд орох, ажилгүй болох, өвчлөх зэргээс шалтгаалан орлого олох боломжоо алдах, огт орлогогүй болох үед нь зохих тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгохтой хопбогдсон нийгмийн томоохон харилцааг илэрхийлж байна. Энэ нь ажил олгогч ба даатгуулагчаас тодорхой хэмжээний шимтгэл төлүүлэх замаар нийгмийн даатгалын санг бүрдүүлээд хуульд нэгэнт заасан болзол хангасан иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгох замаар зохицуулагдаж байна. Нийгмийн даатгалын санг бүрдүүлэхдээ ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлээс бүрдүүлэх, шаардлагатай бол төрөөс дэмжлэг үзүүлэх бодлогыг хуулиар хэрэгжүүлж байна.
Хүн амын нийгмийн хамгааллын бүрэлдэхүүн хэсэг болсон нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаапах өвчний, ажилгүйлдлийн гэсэн 5 төрөлтэй байна. Энэхүү төрөл тус бүр нь бие даасан сантай, эдгээр сангийн хөрөнгийг хооронд нь шилжүүлэх буюу өөр зориулалтаар зарцуулахыг хуулиар хориглосон тогтолцоо үйлчилж байна.
Одоо манай улсад 1995 онд Улсын Их Хурлаас баталсан нийтмийн даатгалын харилцааны үндсэн 5 хууль хэрэгжиж байна. Бидний хэтийн зорилт бол даатгуулагчдын хүрээг тэлж, даатгалын санг арвижуулж, түүнийг төсвийн хараат байдлаас гаргаж, хагас хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжүүлэх, тэтгэвэрт гарагчдад тохиолдох эрсдлээс найдвартай хамгаалах тогтолцоог бий болгон хөгжүүлэх явдал юм.
1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулиудаар дараахь асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүнд:
- 1995 оны өмнө манай улсад шинээр бий болсон нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн нөхцөл дэх сонгодог хэлбэрт нь шилжүүлэх үйл явцыг түргэтгэж шинэчлэл хийх,
- Нийгмийн даатгалын сан доторхи тэтгэврийн шинэ хуучин тогтолцоог зааглан зах зээлийн нөхцөл болон аль ч улс оронд байдаггүй тэтгэврийн наснаас наана эрт тэтгэвэрт гардаг нөхцөл болзлоос татгалзах,
- Шинэ, хуучин тэтгэврийн зөрүүг ойртуулж нэмэгдүүлэх,
- Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, халамжийн үйлчилгээний хамрах хүрээг зохистой тогтоох,
- Нийгмийн даатгалын хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах,
- Нийгмийн даатгалыг бэхжүүлэх, сангуудын бие даасан үйл ажиллагааг хангах, нийгмийн халамжийн үйл ажиллагааг эрхлэх тогтолцоог өөрчлөх зэрэг асуудлууд байлаа. Эдгээр шийдсэн зорилтын хүрээнд зохих хуулиуд амьдралд хэрэгжиж байна.
Нийгмийн эмзэг хэсгийн асуудалд төрөөс онцлон анхаарч зохих хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсаар байна. Тухайлбал, хөдөлмөр эрхэлдэг болон төрийн албан хаагч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж байхаар боллоо. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн эх жирэмсний, амаржсаны тэтгэвэр авах эрхээр хангагдана. Хөдөлмөр эрхэлдэг болон төрийн албан хаагч эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар 4 сарын хугацаанд, сайн дурын даатгуулагч эхэд мөн 70 хувиар 3 сарын хугацаанд нийгмийн даатгалын байгууллага олгохоор болов.
1997 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулиар хөдөлмөрийн хортой халуун, хүнд болон газрын доорхи нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн асуудлыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдаж хүчин төгөлдөр болох хүртэл хуучин мөрдөж байсан хуулиар зохицуулж байхаар шийдвэрлэв.
Хүн амын орлогын албан татварын хуулиар мал бүхий өрхийн богд шилжүүлснээр 150 толгой богд ногдох орлогыг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөхөөр болов Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өрхийн 5-аас дээш гишүүн бүрт 10 богоор бодож татвараас чөлөөлж болох эрхийг энэ хуулиар өглөө. Гэхдээ өрх бүрт татвараас чөлөөлөгдөх малын тоо 200 богоос хэтрэхгүй байна. Тухайн жилд албан татвар ногдуулсан мал нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт өвчний улмаас хорогдсон бол зохих баримтыг үндэслэн уг малын татвар ногдох орлогыг нийт татвар ногдох орлогоос хасч тооцож байхаар боллоо. Мөн үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа Монгол Улсад байнга оршин суугчийн зөвхөн эдгээр үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр болов.
Энэ нь хүн бүрийг амьжиргааны эх үүсвэртэй болгох зорилтоос урган гарсан юм.
Тэтгэвэрт гарсан иргэд хөдөлмөр эрхэлбэл тэтгэврээ авах эсэх тухай асуудал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тодорхой бус тул Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 2 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч тэтгэврийн иргэд ажил хөдөлмөр эрхэлбэл цалингаа ч тэтгэврээ ч нэгэн зэрэг авах болов.
Манай ардчилсан төр, засаг ахмадуудынхаа байгуулсан гавьяа, хөдөлмөр бүтээл, сэтгэл, зүтгэл, тэдний оюун ухааны их нөөц, амьдралын баялаг туршлагыг эрхэмлэн хүндэтгэж, өндрөөр үнэлдгийн сацуу шинэ нийгмийн байгуулалтын шилжилтийн энэ үед тэдний амьдрал, аж байдлыг хэвийн хэмжээнд байлгахын тулд хууль эрх зүйн болоод санхүү, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын зохих арга хэмжээг авсаар байгаа бөгөөд энэ талаар цаашид ч хийх ажил их байгааг мэдэрч байдаг юм. Одоо мөрдөж буй Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль нь манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралын өнөөгийн нөхцөлд олон мянган ахмад настанд төр, засгаас үзүүлэх халамж үйлчилгээний эрх зүйн үндэс болж, тэдний амьдралын баталгааг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Төр, засгийн бүх шатны байгууллагууд энэ хуулиин зүйл, заалт нэг бүрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах явдал чухал байна. Манай ахмадууд ч хуулиа хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ажиллах хэрэгтэй байна. Тус хороо Ахмадын хуулийн биелэлтийг төр, захиргааны байгууллагууд дээр шалгаж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын сонсголыг байнгын хорооны хурлаар хэлэлцэн тодорхой шийдвэр чиглэлийг Засгийн газарт өгсөн бөгөөд энэ бодлого, чиглэлийг хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн онд Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нэлээд хөрөнгө зардал шаарддаг хөнгөлөлтийн хүрээг нэнэгдүүлсэн билээ. Хуулийн энэ үйлчилгээнд гавьяат болон ардын цолтой ахмадуудыг хамруулав.
Улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдэгсэд, тэдний ар гэрийхэн олгох нөхөн олговрын асуудлыг хуулиар зохицуулж өглөө. Энэ хууль одоо хэрэгжиж байна.
1999 онд тэтгэврийн болзол хангаагүй иргэдийн нөхөн олговрын хэмжээг энэ оны 5 дугаар сарын 1-ээс 11000 төгрөг болгож, түүнийг амьжиргааны доод түвшингийн хэмжээ, тэдний бодит орлого, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр тэтгэмжийн өөрчлөлттэй уялдуулж өөрчилж байхаар шийдвэрлэв.
Ийнхүү Монгол Улсад иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн зохицуулах төрийн бодлого, эрх зүйн үндэс бүрдлээ. Гэхдээ өнөөдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтыг улам бүр төгөлдөржүүлж боловсронгуй болгож, шинэ зорилт хэрэгцээнд нийцүүлэх шаардлага цаашдаа ч гарах болно.
Тэтгэвэрийн шинэчлэлт
1999 онд Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай болон холбогдох хуулиуд батлагдаж бэлтгэл ажлыг хангаж эхэллээ.
Нийгмийн хамгааллын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох асуудал тулгамдсан зорилтын нэг болж байна. Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн зорилт нь одоогийн үйлчилж буй орлогоороо зарлагаа нөхдөг дахин хуваарилалтын зарчмыг хагас хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжүүлж, алс хэтдээ бүрэн хуримтлалын тогтолцоог бүрдүүлэх явдал мөн.
Дахин хуваарилалтын зарчим буюу одоогийн тогтолцоо нь өнөөдрийн даатгуулагчдын төлсөн шимтгэлээр тэтгэврийн сангийн хөрөнгийг бүрдүүлж түүгээр одоо амьд сэрүүн байгаа ахмадуудын тэтгэврийг олгож буй систем юм.
Бүрэн хуримтлалын тогтолцоо гэдэг нь даатгуулагч өөрийн төлсөн шимтгэлийг хүримтлалд оруулах замаар арвижуулж, нийт хуримтлагдсан хөрөнгөө зөвхөн өөрийн тэтгэвэрт зориулан насан туршдаа авах эрх эдлүүлэх сонгодог зарчим болно. Хагас хуримтлалын тогтолцоо гэдэг нь дээрх 2 тогтолцооны аль алиных нь шинж чанарыг өөртөө агуулсан холимог тогтолцоо юм. Энэ тогтолцоо 2000 оноос 2020-иод он хүртэл үргэлжилж цаашдаа бүрэн хуримтлалын тогтолцоо болж хувиргах зорилт тавьж байна.
Энэхүү шинэ зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд тэтгэврийн Даатгалын шимтгэлийн нэрийн дансанд шилжүүлэх асуудал аяндаа гарч ирэх юм. Одоо монголын хүн амын 70-аад хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Тэгвэл тэд 20-иод жилийн дараа тэтгэврийн насны болзол хангах юм. Иймд 1960 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн бүх иргэд нэрийн дансанд хамрагдах болно. Үүнээс өмнө төрсөн иргэд одоогийн тогтолцоогоор тэтгэврээ тогтоолгох юм. Нэрийн данс гэдэг нь шимтгэл төлж байгаа иргэн бүр дээр нийгмийн даатгалын байгууллага данс нээж түүнд ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн шимтгэл, түүний хүү зэргийг бүртгэн даатгуулагчийн ирээдүйд авах тэтгэвэртэй нь холбогдсон мэдээллийг ил тод хангах арга, хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсан үедээ нэрийн дансанд хуримтлуулсан орлогынхоо хэмжээгээр буюу төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралтайгаар тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг.
Тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ тэтгэврийн даатгалын санг төрөөс хараат бус болгож бие даалгах, аливаа эрсдэлээс хамгаалах, сангийн хөрөнгийг хөдөлгөөнд оруулах, арвижуулах, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн хүрээг өргөтгөж, улмаар сангийн хөрөнгийг арвижуулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөтгөх, тухайлбал 55 нас хүрч тэтгэврийн болзлыг хангасан энэгтэйчүүд өөрсдөө хүсвэл цаашид ажиллаж тэтгэврээ дуртай цагтаа тогтоолгох бололцоогоор хангагдах хөдөлмөрийн нөхцөл (газрын дор, халуун, хүйтэн, хортой)-өөс шалтгаалан эрт тэтгэвэрт гардаг одоогийн практикаас алхам, алхмаар татгалзах, уг асуудлыг хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулах замаар шийдвэрлэх, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хэмжээг бууруулах, даатгуулагчаас төлөх шимтгэлийг бага хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг судлах, нийгмийн даатгалын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн сүлжээнд оруулах, тэнд ажиллагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг иж бүрнээр авч үзэж шийдвэрлэх шаардлага тавигдаж байна.
Нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэлт
Нийгмийн хамгааллын бүрэлдэхүүн хэсэг болсон нийгмийн халамжийн тухай ойлголт нь бие даан амьдарч өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, төрийн зүгээс зайлшгүй туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай бөгөөд дагаж мөрдөж буй даатгалын хуулиар тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй нийгмийн эмзэг бүлгийг төр ивээлдээ авч амьдрал ахуйд нь туслах шаардлагаас урган гардаг. Нийгмийн халамжийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төр хариуцаж байна. Төрийн нийгмийн халамж нь эмзэг бүлгийнхэнд зориулсан нийгмийн халамж, асрамж, үйлчилгээ гэсэн үндсэн 2 чиглэлээр үйлчилж эдгээр нь тус тусдаа бие даасан сантай байгаа бөгөөд хуулиар нийгмийн халамж, асрамж, үйлчилгээнд хамрах иргэдийн хүрээ, үйлчилгээний арга хэлбэрийг тодорхойлсон юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, асрамж үйлчилгээний талаар 5 хууль үйлчилж байсан бөгөөд эдгээрийн агуулга, бүтцийг нь эргэн хянаж төрөлжүүлэн зохих нэмэлт, өөрчлөлт оруулан Улсын Их Хурлаас Нийгмийн халамжийн төрөлжсөн хуулийг 1998 оны 11 дүгээр сард батлан мөрдүүлсэн билээ.
Энэ нь Нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх үүсэх нөхцөлүүдийг улам тодорхой болгож, нийгмийн халамжийн тэтгэмж тогтоолгох хугацаа, тэтгэмжтэй байх хугацаа, олгох тэтгэмжийн хэмжээ зэргийг нэмэгдүүлэх, ахмад настан болон тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд хамрагдах хүрээг өргөтгөх, нийгмийн халамжийн үйл ажиллагааг эрхлэх байгууллагуудын бүтэц, эрх үүргийг тодорхойлж, нийгмийн халамжийн хяналтын байгууллага, нийгмийн халамжийн улсын байцаагчдын эрх, үүргийг тодорхойлж өгсөн зэрэг давуу талтай юм.
Нийгмийн халамжийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд нийгмийн халамжийн арга хэмжээ нь засгийн газрын тогтоол, яамдын сайдын тушаалуудаар батлагдсан дүрэм, журмын дагуу явагдаж ирсэн байна. Ингэснээр Нийгмийн халамжийн хууль нь эдүгээ мөрдөж ирсэн. Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн сангаас хүн амын эмзэг хэсэгт төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хууль болон Тахир дутуу хүний нийгмийн хамгаалапт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай сүүлийн хөнгөлөлт, үйлчилгээний талаархи зүйл, заалтын үзэл баримтлал, агуулгыг өөртөө шингээсэн кодекс хууль боллоо. Харин сүүлчийн нэр бүхий хуулийн хувьд асрамж, үйлчилгээний тухай заалтууд нь нийгмийн халамжийн эх хуульдаа шингэж 2 хэсэгт хуваагдаж Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай бие даасан хууль хэвээрээ үйлчилж байна.
Нийгмийн халамжийн багц хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн агуулгыг авч үзвэл нийгмийн халамжид хамрах иргэдийн хүрээг өргөтгөх, зарим талаар тодотгох, халамж үйлчилгээг эзэнд нь ойртуулах, тэтгэмжийн хэмжээг бололцооны хэрээр нэмэгдүүлэх, иргэдэд чирэгдэл багатай үйлчлэх, нийгмийн халамжийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэгдсэн гэж үзэж болно.
Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлт
Эрүүл мэндийн даатгал хэрэгжиж эхлээд даруй 4 жил болж буй хэдий ч энэ хугацаанд Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд 3 дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа болно. Сүүлчийн нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг 1998 оны 10 дугаар сард Улсын Их Хурал батлав.
Энэхүү хууль нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, даатгагч ба даатгуулагч, үйлчлэгч байгууллагын зохистой харьцааг шийдвэрлэж байх, нийгмийн шударга ёсонд нийцүүлэн даатгуулагчдын хүрээг оновчтой тогтоох, өмчийн хэлбэрийг үл ялгаварлан даатгалын байгууллагуудыг цаашид хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хамарснаараа ач холбогдолтой болсон юм.
Эрүүл мэндийн даатгалтай иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг шатлалаар ялгаатай тогтоосон жагсаалтын дагуу тусгай зөвшөөрөл авсан төрийн болон холимог өмчийн, хувийн хэвшлийн байгууллага үзүүлж байхаар боллоо. Харин дээрх жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар болсон. Энэ нь эмчилгээ, үйлчилгээний чанарыг хянах, эрүүл мэндийн тусламжийн үр ашгийг дээшлүүлэх гол хөшүүрэг болох юм.
Түүнчлэн даатгалтай иргэн эрүүл мэндийн тусламжийн анхан болон хоёр дахь шатны шатлал дотроо эмч, эмнэлгийн байгууллагыг чөлөөтэй сонгон үйлчлүүлэх, харин амь насанд аюултай яаралтай тохиолдлоос бусад үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалыг алгасан улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгийг иргэн өөрөө сонгон хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээ, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх буюу даатгуулагч өөрөө хариуцаж байхаар хуульд тусгалаа.
Улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгээс доошхи түвшингийн эрүүл мэндийн байгууллагад одоогийн мөрдөж байгаа амбулатори, поликлиникийн төлбөртэй зарим үйлчилгээг зогсоож иргэн өрх, сум, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн өөрөөр хэлбэл, өөрт хамгийн ойр эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатны тусламжийг чирэгдэлгүй, үнэ төлбөргүй авах бололцоогоор хангагдаж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн өнөөгийн шатанд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүү, төлбөрийн чадвартай уялдан даатгалтай иргэнд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөлд эмчилгээний зардлыг даатгалын сангаас төлж байхаар боллоо.
Сайн дурын, нэмэлт, давхар даатгалыг өмчийн бүх хэлбэрийн даатгалын байгууллага эрхэлж болохыг хуульчилсан нь эдгээр байгууллагуудын ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэхэд чухал алхам болсон юм. Мөн даатгалыг эрхлэх байгууллага нь эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын байцаагчтай байхаас гадна дэргэдээ магадлагаа шинжилгээний алба, даатгалын эмнэлэгтэй байж болохоор хуульд заалаа. Түүнчлэн даатгалын байгууллага даатгалтай иргэнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний чанарт тавих хяналтыг сайжруулах зорилгоор даатгалын хяналтын дүрмийг Засгийн газраас батлах болов.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн болон аж ахуйн нэгжийн эзний даатгалын хураамжийг татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн тогтоож байхаар боллоо.
Төрөөс эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь хариуцаж байсан мэргэжлийн сургуульд суралцагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчдын даатгалын хураамжийг төрөөс хариуцаж байхыг больж харин жинхэнэ нийгмийн халамж шаардлагатай эмзэг хэсгийн хураамжийг төрөөс хариуцах болсон. Харин аж ахүнн нэгж, байгууллагын ажилтан, аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуйн нэгжийн эзэн, мэргэжлийн сургуульд суралцагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, сайн дурын даатгуулагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нэг ор хоногийн эмчилгээний хувьсах зардал (дулаан, цахилгаан, усны зардлаас бусад)-ын 10 хувийг өөрсдөө хариуцан төлөх хууль үйлчилж байна.
Эмчийн жороор олгосон зайлшгүй шаардлагатай эмийн даатгалын сангаас нөхөн төлөх үнийг хуулиар 50 хувь гэж хатуу тогтоож байсныг өөрчлөх тодорхой хэсгийг даатгагч нөхөн төлөхөөр болж хуульд тусгагдлаа. Ингэснээр зайлшгүй шаардлагатай эмийг 100 хувь, харин зарим эмийг тодорхой хувиар хөнгөлөх зэргээр эмийн бодлого, эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан уян хатан зохицуулах боломжтой болсон гэж үзэж болно.
Хүүхдээ 2 нас, ихэр бол 3 нас хүртэл асрахаар чөлөө авсан эх гэсэн заалтаар ажил олгогчоос чөлөө аваагүй эх, эсхүл хүүхдээ асарч буй эцэг энэ заалтад хамрагддаггүй байсныг энэ хуулиар өөрчилж хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)-ийн эрүүл мэндийн даатгалын хураамжийг төрөөс хариуцахаар боллоо.
Сайн дурын даатгуулагч дараалсан 12 сараас доошгүй хугацааны даатгалын хураамж төлсөн нөхцөлд даатгалын сангаас эмчилгээний зардлын төлбөр хийлгэх эрх үүсэхээр болов.
Эдгээр эрх зүйн зохицуулалт өнөөдөр үйлчилж байгаа хэдий зарим талаар зөрчил, маргаан үүсэх тохиолдол гарч байна. Энэ нь хуулийг хэрэгжүүлэх явцад алдаа гаргах, иргэдэд хуулийг сурталчилж ойлгуулах ажил хангалтгүй хийгдэж байгаатай холбоотой гэж үзэж байна.
Эрхэм нөхөд өө!
1990 оноос хойш нийгмийн салбарт хийгдсэн эрх зүйн шинэчлэлтийн төлөв байдлын талаар Та бүхэнд товч илтгэлээ. Эдгээр эрх зүйн шинэчлэлтийг хийснээр нийгмийн салбарын бүхий л асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй байна.
Ардчилсан хувьсгалын ололтыг эрх зүйн хувьд бататгах, олон жилийн турш бэлэнчлэх сэтгэлгээнд дассан ард иргэдийн оюун санаанд орж буй өөрчлөлтийг нийгмийн сэтгэлгээ болгон төлөвшүүлэх явдал бидний эрхэм зорилт болж байна.
Нийгмийн салбарт болон нийгмийн хамгааллын тогтолцоонд хийж буй эрх зүйн шинэчлэлт нь иргэдийн эрх ашиг шууд нөлөөлдөг нэлээд эмзэг, төвөгтэй асуудал байдаг хэдий ч зах зээлийн эдийн засгийн харилцааны шинэ зарчимд нийцүүлэхээс өөр аргагүй юм. Тийм ч учраас УИХ-аас ойрын хугацаанд Монгол Улсын төрөөс баримтлах нийгмийн бодлогын үндсэн зарчмыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаар нийгмийн салбарт хувьчлал явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагатай байна. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрээр боловсрол, соёл эрүүл мэндийн салбарт менежментийн хувьчлалыг туршилтын журмаар хийж байгаа боловч энэ нь нийт салбарын хэмжээнд хэрэгжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байна.
Өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Боловсролын Даатгалын тухай, Багш, эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдлын тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Дархлаажуулалтын тухай, Донорын тухай, Бодит бус соёлын өвийг хамгаалах тухай зэрэг хэд хэдэн хууль, УИХ-ын тогтоолыг гаргах шаардлагатай болж байна.
Түүнчлэн тэтгэвэрийн шинэчлэлтийн багц хууль, Хөдөлмөрийн болон Гэр бүлийн тухай хууль, Эрүүл мэндийн болон боловсролын багц хуулиудад нийцүүлэн дагаж мөрдөх дүрэм журам эрхийн актуудыг шинэчлэн батлах, өөрчлөх ажлыг ардчилал, шинэчлэлийн үзэл санаан дор даруй хийж гүйцэтгэх, улмаар хууль тогтоомжийг ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.