Т.Сэнгэдорж
/МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор/
Шинэ толь №28, 1999
Түлхүүр үг: Их Засаг хууль , эрх зүйн ухаан, үндсэн хуулийн өөрчлөлт,үндсэн хууль Үндсэн хуулийн үүсэл, онолын үндэслэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Үндсэн хууль нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд хүн төрөлхтөн, төрт ёс, эрх зүйн амьдралд үлэмжийн үүрэг гүйцэтгэж иржээ. Тэр нь constitution – латины байгууламж тогтоох[1] гэсэн үгнээс гаралтай бөгөөд “Үндсэн хууль” гэдэг нэрээр дэлхийн улсуудад түгээмэл шинжтэй болжээ. Үндсэн хуулийг гагцхүү хөрөнгөтний нийгмийн үед бий болсон гэж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд тэр нь феодалын нийгмийн үед ч хэрэглэгдэж байсан, харин хөрөнгөтний хувьсгалын үед бүрэлдэн тогтсон гэж үзэх нь зохистой. Төрийн хамгийн гол хуулийн тухайд гэвэл эртний болон феодалын аль ч улсуудад байсан бөгөөд жишээ нь, Эртний Энэтхэгийн Манугийн хууль, Вавилоны Арван хоёр салбарын хууль зэргийг дурьдаж болно.
Эзэн Чингисийн Их Засаг хууль бол тухайн үедээ Монгол гүрний Үндсэн хуулийн дайтай тийм чухал хууль байлаа. Гэвч эдгээрийг яг Үндсэн хууль гэдэг өөрийнх нь утгаар ойлгож болохгүй юм. Тэгвэл Үндсэн хууль хэдийд ямар үндэслэлээр бий болсон бэ? гэсэн асуулт гарна. Үндсэн хууль бол шууд бий болчихоогүй, нийгэм, улс төрийн амьдралаар нөхцөлдөн, түүхийн бүтээгдэхүүн болж, тодорхой нөхцөл байдлын дунд үүсчээ. Феодалын хэмжээгүй эрхт ёсыг хөрөнгөтний хувьсгалаар халж, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан улс төрийн чухал баримт бичиг хэрэгтэй болж, түүгээр хууль цаазын хэрэгсэл болгон ашиглах бодит хэрэгцээ, сонирхол бий болсон тэр үед үүсчээ. Үндсэн хуулийг одоогийн утгаар нь боловсруулж, батлах нэр хүндтэй, түүхэн үүрэг АНУ-д оногдсон юм. Энэ нь дэлхийн Үндсэн хуульт ёсны түүхэнд анхны зам мөр гаргаж, ардчилал, хүний эрх, төрт ёсны баталгаа болж хууль бүтээх үйл ажиллагааны нэгэн сонгодог жишээ болсон гэж үзэж болно.
АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жилийн дэлхийн хамгийн урт настай Үндсэн хууль болсны гол учир нь нийгмийн харилцааны тогтвортой хэсгүүдийг зарчмын шинжтэй гол заалтуудаар бататган бэхжүүлж, харин аар саархан зүйлүүдийг нарийвчлан заагаагүйд оршино. Үүгээрээ уг Үндсэн хууль багтаамж сайтай, ямар ч өөрчлөлтүүдийг өөртөө шингээн авах чадвартай болсон юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах аргыг АНУ-ын Үндсэн хуулиас харж болно. Өнгөрсөн хугацаанд энэ Үндсэн хуульд 27 удаа нэмэлт оруулах замаар нийгмийн харилцааг зохицуулсан бөгөөд ингэхэд уг Үндсэн хуулийн үндсэн буюу гол хэсгүүд нь өөрчлөгдөөгүй юм.
1780-1790-ээд оны үед ганцхан АНУ-ын Үндсэн хууль байсан бус, бусад зарим орны Үндсэн хууль энэ үед ойролцоо гарсныг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, АНУ-ын Үндсэн хуулийн дараахан, түүнээс 4-6 жилийн хойно гарсан Польшийн Үндсэн хууль (1791 он), Францын Үндсэн хууль (1793 он) зэргийг цаашид судлан үзэхэд сонирхолтой байж болох юм. Энэ үед Үндсэн хуульт ёсны үзэл баримтлал институтчлэгдэж, Үндсэн хуулиар хязгаарласан төрийн захиргааны байгууллага, түүний эрх мэдлийн тухай сургаал гэдэг утгаар ойлгогдож байв.
Төрөлх эрхийн үзлээс үүсэлтэй Үндсэн хуульт ёсны концепци нь төрийн эрх мэдлийн хүрээ хязгаарыг төдийгүй, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх процедурыг тогтоодог гэж тэр үеийн онолчид үздэг байв[2]. Үндсэн хуульт ёсны онолын үндэслэлийг зөвхөн Үндсэн хууль гарах буюу түүний дараахь үеийн сэтгэгчдийн үзлээс хайх нь учир дутагдалтай. Ер нь Үндсэн хууль бол төрт ёсны асуудалтай нягт холбоотой болохоор төрийн тухай онолчдын үзлээс эх үндсийг нь гаргах явдал чухал. Тэгвэл төрийн тухай шинжлэх ухаан эртний Герегт үүсч, дараахь бүхий л үеийн туршид хөгжжээ. Төрийн зориулалт, мөн чанар, үүслийн тухай асуудлыг Аристотель, Плато, Гуго Гроции, Б.Спиноза, Т.Гобсс, Н.Макиавелли, Ж.Боден, Г.Блэкстон, Ф. Фортескью, Ш.Монтескье, Ж.Локк, Ж.Руссо. Т.Жефферсон, И.Кант, В.Гегель зэрэг философичид, өнгөрсөн үеийн нэрт сэтгэгчид тайлбарлаж, үндэслэлүүдийг гаргаж байв. Төрийн үүсэл, мөн чанар, хэлбэр, агуулга, үйл ажиллагааны тухай асуудлыг К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин нар тодорхой улсуудын төрт ёсны хөгжилд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өөрсдийн үзэл бодлыг дэвшүүлсэн юм. Эдгээр философи сэтгэлгээний тайлбар, төрийн онолын дүгнэлтүүд нь ард түмний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэл, түүнийг Үндсэн хуульд бататган бэхжүүлэх, төрийн эрх мэдлийг хуулиар хязгаарлан тогтооход онолын чухал үндэслэл болж өгсөн гэж үзэх ёстой. Ямар онол байна вэ, түүнийг дагалдан тус бүрийн онцлогтой тийм Үндсэн хууль гарсан гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, эхний үедээ Үндсэн хуулийн ерөнхий онолоор хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн талаас нь авч үзэж байсан бол XIX зууны эцэс, ХХ зууны эхэн үед Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан жинхэнэ ёсоор тогтнон хөгжиж түүний зонхилох чиглэл нь “Хууль зүйн сургууль” болж сонгодог утга руугаа орж ирсэн юм. Түүний гол төлөөлөгчид нь Геллинек А. Эсмен, А Дайси, В.Орландо, Плобанд нар юм. Эдгээр нь Үндсэн хуулийн эрх зүйн үндсэн ойлголт, категорийг боловсруулж, Үндсэн хуулийн эрх зүйн сонгодог онол бүтээж эрх зүйт ба ардчилсан төр, парламентат ёсны номлолыг боловсруулсан юм[3].
Үүний дараа ХХ зууны эхний хагаст Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанд социологийн чиглэл бий болов. Тэргүүлэх төлөөлөгчид нь Л.Дюги, М.Ориу, Д.Гумплович гэх мэт онолчид байв. Эдгээр нь нийгмийн социал эрх зүй, социал эв нэгдэл болон эрх зүй, хууль тогтоогчийн өөрийн нь ноёрхлын тухай үзлийг номлож байв.
ХХ зууны Үндсэн хуулийн эрх зүйн ухааныг хөгжүүлэхэд нэрт төр судлаач М.Прело, Ж.Ведель, Х.Филлипс, Д.Макинтош, Д.Маршалл, Г.Кельден, К.Хессе зэрэг сэтгэгчид чухал хувь нэмэр оруулжээ. Эдгээр нь нийгэм, төрийн хөгжлийн орчин үеийн байдлаар нөхцөлдсөн Үндсэн хуулийн эрх зүйн онол боловсруулжээ. Дээрх онол, сургаалуудыг авч үзэхийн зэрэгцээ сүүлийн үеийн буюу ХХ зууны төгсгөл дэх Үндсэн хуулийн эрх зүйн онолын асуудал харьцангуй бага судлагдсаныг анхаарч цаашид эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь чухал байна.
Үндсэн хуулийн хөгжил, мөн чанар
Дэлхийн улсууд 200 орчим гэхэд бараг цөм Үндсэн хуультай. Гэсэн хэдий ч яг үйлчилж буй Үндсэн хууль гэвэл 100 гаруй байна. Эдгээрийн дотроос өмнө үзсэнээр 200 гаруй жилийн, мөн 100 гаруй жилийн өмнө батлагдсан “ахмад” Үндсэн хуулиуд тэргүүлж байна. Тэгвэл 1990-ээд оноос хойш батлагдсан “балчир” Үндсэн хуулиуд ч бий. Эдгээр нь өмнөх Үндсэн хуулиудын халаа болж, тэдгээрийг залган авч, үргэлжлүүлж байгаа билээ. Энэ хооронд янз бүрийн цаг хугацаа, нөхцөл байдлын “завсрын” Үндсэн хуулиуд бий бөгөөд аль нь ч гэсэн түүхийн том сорилтыг даван туулж чадвал “хэврэг” биш ч, “бөх” гэдгээ харуулах юм. Үндсэн хуулийг Парламент батлах нь хүүхдийг “эх барьж авч байгаатай адил бөгөөд өлгийтэй хүүхэд хөл, хэлд орж, хүний зэрэгт хүрч өсөн бойждогийн адил, уг Үндсэн хуулиар хүмүүс ярьж, ажил амьдралдаа хэрэгжүүлэх болсноор тэр нь “амь орж” нийгмийн амьдралд үйлчилж эхэлнэ гэсэн хэрэг юм. Энэ болтол зохих хугацаа шаардах бөгөөд Үндсэн хуулийн үйлчлэх хугацаа нь түүний “насыг” илтгэнэ. Урт настай Үндсэн хууль “яс” сайтай, богино настай Үндсэн хууль “яс” муутай гэсэн үг. Хэдий урт настай Үндсэн хууль болох нь хууль бүтээгчдийн чадвараас шууд шалтгаална. Иймд Үндсэн хууль бүтээх нь томоохон урлаг бөгөөд урлахуйн эрдмээр хийгддэг ажил юм. Тэгэхдээ нэгэн их сэтгэгчийн (К.Марксын) хэлснээр хуулийг хүн зохиодоггүй, харин нийгмийн харилцаанд тохируулан томъёолдог ажээ. Ийнхүү томъёоллоо сайтар олсон Үндсэн хууль тогтвортой сайн үйлчилдэг байна. Дэлхийн улсуудын Үндсэн хуулийг гарсан цаг хугацаагаар нь дараах байдлаар ангилж болох юм. Үүнд:
- Юуны өмнө ахмад болон залуу үеийн Үндсэн хууль гэсэн хоёр том бүлэгт хувааж болох бөгөөд энэ нь тус бүрдээ түүхийн нэлээд урт хугацааг хамарна. Ахмад үеийн Үндсэн хуульд 1787-1945 оны хооронд 158 жилийн хугацаанд гарсан Үндсэн хуулиуд орно. Залуу үеийн Үндсэн хуульд дэлхийн II дайны дараахь үе буюу 1946 оноос 2000 он хүртэл 54 жилийн хугацаанд гарсан Үндсэн хуулиуд багтана. Энд дэлхийн II дайнаар зааглаж байгаа нь хүн төрөлхтний нэн эгзэгтэй үе юм. Энэ хоёр том бүлэг Үндсэн хуулиуд тус бүрийнхээ түүхэн онцлогийг өөрийнхөө агуулгаар хадгалж байгаа болно.
- Мөн Үндсэн хуулиудыг түрүү үеийн, дунд үеийн, шинэ үеийн, нэн шинэ үеийн, ирээдүйн Үндсэн хуулиуд гэж таван үндсэн хэсэгт ангилж болох юм.
Түрүү үеийн Үндсэн хуулиудад 1700-1800-аад оны үед гарсан АНУ (1787 он), Польш (1791 он), Франц (1793 он), Норвеги (1819 он), Бельги (1831 он), Люксембург (1868 он), Швейцари (1874 он) зэрэг орны Үндсэн хууль багтана.
Дунд үеийн Үндсэн хуулиудад 1800-1900-аад он буюу дэлхийн II дайны өмнө батлагдаж одоо үйлчилж буй Үндсэн хуулиуд орно. Тухайлбал, Австрали, Мексик, Ирланд зэрэг орны Үндсэн хуулийг нэрлэж болно.
Шинэ үеийн Үндсэн хуулиудад 1946-1990-ээд оны үед гарсан Үндсэн хуулиуд багтана. Одоо үйлчилж буй дэлхийн ихэнх улсын Үндсэн хууль чухамхүү энэ үед батлагджээ. Тухайлбал, энэ үед Ази (Япон, Турк, Өмнөд Солонгос, Филиппин), Африк (энэ тивийн бараг ихэнх улсын), Америкийн орнуудын (Бразил, Боливи, Гондурас, Домникан, Сальвадор Канад). Европын (Итали, Франци, ХБНГУ, Дани, Герег, Испани, Португали) орнуудын Үндсэн хууль батлагджээ.
Нэн шинэ үеийн Үндсэн хуулиудад 1990-ээд оноос 2000 оны үед гарсан зарим орны (ихэвчлэн социалист орон байгаад зах зээлд шилжсэн орнуудын) Үндсэн хууль хамаарна.
Ер нь дээр дурьдсан бүх Үндсэн хуулиудад тухайн улсын нийгэм, үндэсний, улс төрийн түүхэн, шашны болон бусад онцлогууд хадгалагджээ. Гэвч нийтлэг шинжүүд нь :
1 ард түмний бүрэн эрхийг тунхагласан,
2 хувийн өмчийг ямар нэг байдлаар бататгасан,
3 эрх мэдэл хуваарилах онолын үндсэн зарчмууд тусгалаа олсон,
4 төрийн захиргааны хэлбэр (Бүгд Найрамдах улс буюу хаант төрийн)-ийг зааж өгсөн,
5 төрийн байгууламжийн хэлбэр (холбооны ба холбооны биш улсын)-ийг бэхжүүлсэн,
6 иргэдийн ардчилсан эрх, эрх чөлөө (үндсэн хэсгүүдээрээ)-нүүдийг тодорхойлсон,
7 төрийн эрх барих дээд байгууллагын зохион байгуулалтын зарчмууд, түүнийг бүрдүүлж буй дэд системүүдийг зааж өгсөн,
8 сонгууль, референдум зэрэг улс төрийн чухал процессыг тусган бэхжүүлсэн зэрэг болно.
Эдгээр шинжүүд болон ерөнхий агуулгаас нь харахад дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд ихэнхдээ ардчилсан чиглэл, хандлагатай болж байна гэж үзэж болохоор байна.
Ирээдүйн (XXI зууны) Үндсэн хуулиуд нь нэг талаас, дэлхийн улсуудын төрт ёс, эрх зүйн тогтолцоо, ардчилал, хүний эрхийн хөгжил цэцэглэлтийн эрхэм дээд баталгаа болж, нөгөө талаас, улс бүрийн түүхэн уламжлал, үндэсний онцлог, цаашдын төлөв, хандлагын дүр зураг болж, улс төр, эрх зүйн төдийгүй, ёс суртахууны зарим гол гол хэм хэмжээний Үндсэн хуульчилсан цогцлол болно гэсэн прогнозыг урьдчилан хийж байна.
Үндсэн хуулийн мөн чанар нь чухам хэний эрх ашиг, сонирхлыг илэрхийлж байна вэ гэдгээр тодорхойлогдоно. Орчин үед засаглалыг тогтоогч нь ард түмэн мөн. Ийм ч учраас Үндсэн хуулийг ард түмэн буюу ард түмний нэрийн өмнөөс гаргадаг. Үндсэн хууль нь батламжлагдах бөгөөд энэ шинжийг ард түмнийг төлөөлж, төрийн эрх барих дээд байгууллага эдэлнэ. Үндсэн хууль бол янз бүрийн эрх ашиг, сонирхол бүхий улс төрийн хүчнүүдийн харьцааг тусган илэрхийлэгч нь мөн тэдгээр хүчний улс төрийн зөвшилцөлийн үр дүн болдог. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь нийгмийн тодорхой эвлэрэлд хүрсний үр дүн болно. Аль илүү нөлөөтэй, хүчтэй улс төрийн хүчний байр суурь Үндсэн хуульд илүү тусгалаа олдог. Үүгээр ард түмний ашиг сонирхлыг илэрхийлэгч гэдэг мөн чанартай заримдаа тэр бүр тохирохгүй тал гарч болзошгүй байдаг. Гэвч ард түмний ашиг сонирхлыг илэрхийлж чадахгүйд хүрвэл тухайн улс төрийн хүчинд шахалт үзүүлж уг Үндсэн хуульд түүнийг захируулах буюу өөрчлөлт оруулах үр дагаварт хүрч болно. Орчин үед улс төрийн зарим элитүүд Үндсэн хуулиас гадуур ажиллах байдал ажиглагдаж буй бөгөөд энэ нь даамжирвал Үндсэн хуулийн бус захиргаа бий болгоход хүргэх талтай. Үндсэн хуулийг төрийн механизм дагаж ажиллах ёстой юу, эсхүл төрийн механизмын өөрчлөлтөд Үндсэн хууль зохицон дагах ёстой юу гэсэн сонирхолтой асуулт гарна.
Бидний бодлоор аль аль нь байж болох бөгөөд хоёр дахь тохиолдолд Үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. АНУ-ын профессор Д. Кори, Г.Эбрэгем нарын үзэж байгаагаар Үндсэн хууль бол Засгийн газрын машины хөдөлгүүр ажилладаг тийм хүрээ хязгаар мөн ажээ[4].
Үндсэн хуулийн ангилал, бүтэц, агуулгын шинэчлэл
Үндсэн хуулийг ангилан үзэх нь шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой. Түүнийг гол төлөв бичмэл ба бичмэл бус үндсэн хууль гэж ангилдаг. Энэ нь өнгөрсөн зууны үндсэн хуулиудад хамаарах нэлээд хуучны бөгөөд тогтсон ангилал юм. Уг ангилал бол Үндсэн хуулийг объективчлах явдлыг гол шалгуур болгож буй хэрэг мөн. Ийнхүү ангилах нь хангалттай биш бөгөөд хэд хэдэн шалгуурыг үндэс болгож нэлээд хэдэн ангилалд авч үзэх нь зүйтэй. Үүнд, улс төрийн байгууламжийн хэлбэрээр нь нэгдмэл ба холбооны улсын үндсэн хууль, улс төрийн дэглэмийн шинж чанараар нь ардчилсан ба ардчилсан бус үндсэн хууль, үйлчлэх хугацаагаар нь байнгын ба түр зуурын, нэмэлт өөрчлөлт оруулах журмаар нь хатуу ба уян хатан үндсэн хууль, төрийн захиргааны хэлбэрээр нь бүгд найрамдах улсын үндсэн хууль, Хаант улсын үндсэн хууль, хэлбэрийн талаас нь хууль зүйн үндсэн хууль, бодит үндсэн хууль, актын бүрдлээр нь нэгдмэл актаас бүрддэг үндсэн хууль, хэд хэдэн актаас бүрддэг үндсэн хууль гэж тус тус ангилж болно.
Бичмэл үндсэн хуулийг тодорхой схемээр боловсруулж, нэгдмэл баримт бичгийн хэлбэрээр гаргадаг. Дэлхийн улсуудын ихэнх нь бичмэл үндсэн хуультай.
Бичмэл бус үндсэн хууль бол парламентын хуулиуд, шүүхийн прецедент, зан заншил зэрэг олон тооны актаас бүрддэг. Ийм үндсэн хуультай орон цөөхөн бөгөөд ердөө Их Британи, Шинэ Зеланд улс тийм бичмэл бус үндсэн хуультай.
Нэгдмэл улсуудад нэг л ерөнхий үндсэн хууль байх бөгөөд харин холбооны улсуудад Холбооны ерөнхий үндсэн хуулиас гадна холбооны бүрэлдэхүүнд багтаж буй улсууд тус бүрдээ үндсэн хуультай. Ардчилсан үндсэн хууль нь агуулга, мөн чанараараа ардчилсан зарчим, хэм хэмжээ, институтийг агуулдаг. Ардчилсан бус үндсэн хууль агуулга, мөн чанараараа ардчиллын эсрэг зарчим, хэм хэмжээг агуулдгаараа харгис шинжтэй. Байнгын үндсэн хууль тодорхой хугацаагүй, тогтвортой шинжтэй байхад түр зуурын үндсэн хууль тодорхой хугацаанд үйлчлэх, тогтвортой бус байдаг. Хатуу үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журам нь нарийн түвэгтэй учир тэр болгон өөрчлөгддөггүй байхад уян хатан үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журам нь хялбархан учир амархан өөрчлөгддөг. Бүгд найрамдах улсын үндсэн хууль гoл төлөв олонхийн хүсэл зоригийг илэрхийлдэг байхад хаант улсын үндсэн хууль хааны хүсэл зоригийг нэлээд илэрхийлдэг. Хууль зүйн үндсэн хууль нь ямар байх ёстойг зааснаар ойлгогддог бол бодит үндсэн хууль нь амьдралд хэрэгжих байдлаараа ойлгогддог. Нэгдмэл актаас бүрддэг үндсэн хууль нэг ерөнхий бүтэцтэй байхад хэд хэдэн актаас бүрддэг үндсэн хууль нэгдмэл ерөнхий бүтцийг бий болгодоггүй. Дэлхийн ихэнх орны үндсэн хууль эрх зүйн нэгдмэл актаас бүрддэг бөгөөд цөөн орны үндсэн хууль хэд хэдэн актаас бүрддэг. Жишээ нь Финляндын Үндсэн хууль 1919, 1922, 1928 онуудын дөрвөн органик хуулиас, Шведийн Үндсэн хууль 1820, 1974 онуудын гурван гол актаас, Канадын Үндсэн хууль 1774, 1791, 1840, 1867, 1982 онуудын нэлээд хэдэн актаас бүрдэнэ. Үүнээс үзэхэд Канадад бүр 1700-аад он, тухайлбал, АНУ-ын Үндсэн хууль гарахаас өмнө буюу дараахан нь батлагдсан актууд Үндсэн хуулийг бүрдүүлж байгаа нь ганцхан АНУ-ын Үндсэн хууль л анхны Үндсэн хууль гэж үзэж буйг зарим талаар эргэж харахад хүргэж байна.
Бүтцийн хувьд дэлхийн улсуудын үндсэн хууль ихэвчлэн Оршил, Үндсэн хэсэг, Төгсгөлийн хэсэг гэсэн гурван хэсгээс бүрдэнэ зарим үндсэн хууль хавсралтай байдаг. “Оршил” хэсэг үндсэн хуулийн зорилго, батлагдан гарч буй түүхэн нөхцөл тусгагдана. Энэ хэсэг нь улс төр, үзэл суртлын агуулга, ач холбогдолтой. “Үндсэн” хэсэг нь сонгож авсан улс төрийн дэглэм, төрийн захиргааны дэглэм, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт зэргээс болж янз бүр. Тэгэхдээ Ерөнхий зарчмууд үндсэн хуульт байгууллын үндсүүд хүний ба иргэний эрх үүрэг, төрийн байгууллагуудын статус, орон нутгийн систем нутаг дэвсгэрийн байгууламж, төрийн бэлгэдэл. Холбооны улсуудад түүний субъектын тухай заасан байдаг. Байрлалын хувьд харилцан адилгүй боловч хүний эрх, хаант төр, парламентат ёс, Ерөнхийлөгч гэх зэргээр төрийн байгууллын онцлогоос шалтгаалан дараалал нь янз бүр.
“Төгсгөлийн хэсэгт“ Үндсэн хуулийн хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлт оруулах журам тусгагдана. Үндсэн хууль нь Үндсэн хуульт байгуулал буюу Үндсэн хуульт ёсны оршин тогтнох эрх зүйн үндэс бөгөөд иргэний эрх, эрх чөлөө, төлөөлөх байгууллага, эрх мэдэл хуваарилах зарчим зэрэг зүйлүүд бүрэлдэхүүн хэсэг нь ордог[5].
Агуулгын хувьд сүүлийн үед батлагдсан шинэ Үндсэн хуулиудаас үзэхэд зохицуулах объектийн хүрээ нэлээд өргөжсөн, ингэснээр зарим талаар ердийн хуулиудаар зохицуулах зүйл орж ирсэн, нөгөөтэйгүүр шинэ шинэ харилцаа зохицуулагдах болсон тал харагдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулиудад төр, нийгмийн тухай сургаалын ололтууд тусгалаа олсон юм. Тэгэхдээ энэ нь ямар улс төрийн хүч, хөдөлгөөн нөлөөтэй байгаагаас хамаарна. Эдийн засаг, нийгмийн хүрээн дэх төрийн роль дээшилж, хүний эрхийг олон улсын эрх зүйн зохицуулалт хүчтэй болсон, улсуудын интеграцчлал, харилцан хамааралт байдал мэдэгдэхүйц ажиглагдах болсон нь Үндсэн хуулийн агуулгыг өргөтгөж, зохицуулах зүйлийн хүрээг тэлсэн гэж хэлж болно. Ингэснээр хуучин Үндсэн хуулиуд товч, тодорхойдуу байсан бол шинэ, шинэвтэр Үндсэн хуулиуд нэлээд дэлгэрэнгүй талдаа гарах болов. Эрх мэдэл хуваарилалт, засаглалын хэлбэрүүдийн тэнцвэржилтэд нэлээд анхаарах болж, гүйцэтгэх засаглал хүчтэй болж байгаатай холбоотойгоор Парламентын эрхийг зарим талаар хязгаарлах байдал ажиглагдаж, хууль тогтоох байгууллагын хөгжилд эволюци гарч байна гэж үзэж болохоор. Дани, Швед, Португали зэрэг оронд Парламентын дээд танхимаа буулгав. АНУ-д Үндсэн хуулийн хяналтыг Дээд Шүүх хэрэгжүүлж байхад Европын орнуудад Үндсэн хуулийн хяналтын өөрийн загварыг бий болгов. Шинэ Үндсэн хуулиудын гадаад бодлого, олон улсын харилцааны салбарт нэлээд шинэ зүйл оров. Энэ нь дэлхийн улсуудын түүхэн хөгжлөөр нөхцөлдсөн гэж үзэж болно. Олон улсын эрх зүй, үндэсний эрх зүйн ойртон нягтрал сайжирч, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг үндэсний эрх зүйн салшгүй хэсэг гэж, түүний бүтцэд оруулах болов. Иргэний нийгмийн тухай асуудалтай холбоотойгоор төр, нийгмийн харилцан холбоо, төрөөс нийгмийн амьдралд оролцох, ялангуяа эдийн засгийг зохицуулах асуудал үндсэн хуулиудын анхаарлын төвд байна. Ер нь сүүлийн үед үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанд маргаантай асуудал нэлээд гарч байгаа бөгөөд эрдэмтдийн зарим нь цаг үеэ дагаж зохицуулах зүйлийн хүрээг өргөтгөх тал дээр нь байхад, зарим нь үндсэн хууль нь хамгийн гол харилцаануудыг зохицуулдаг үндсэн зориулалтаа хадгалах нь зүйтэй гэдэг үндэслэлээр зохицуулах зүйлийн хүрээг өргөтгөхгүй байх тал дээр нь зогсож байна. Улс төр, үндсэн хууль хоёрын хамааралт байдал улам бүр хүчтэй мэдрэгдэх болсон нь улс төрийн харилцааг үндсэн хуульчлах хандлагыг бий болгож байна. Улс төрийн элитүүд ба Үндсэн хуулийн хооронд, үндсэн хууль ба зохист байдлын хооронд зарим талын зөрчилдөөн үүсч буйг үгүйсгэх аргагүй. Энэ нь эцсийн дүнд улс төрийн хүчнүүдийн байрлалаар тодорхойлогдох юм. Ийнхүү үндсэн хуулиуд нь бүхэлдээ шинэчлэгдсэн ертөнцийн тусгал болж, зорилго, бүтэц, агуулгаараа түүнийг илэрхийлэн, хөгжлийн нэн шинэ сонирхолтой үедээ орж байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
Үндсэн хуулийг батлах, өөрчлөх, хяналт тавих асуудал
Үндсэн хуулийг батлах нь түүнд “амь оруулж буй” чухал асуудал. Хэдий чинээ “амь бөхтэй” Үндсэн хууль гарна вэ, төдий чинээ “урт насална“. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь түүнд “засал хийж буй” явдал. Хэдий чинээ “сайн засал” авна вэ, төдий чинээ “нас нь уртасна”. Дэлхийн улс төрийн практикаас үзэхэд Үндсэн хуулийг боловсруулж, батлах хэд хэдэн арга байна. Үүнд:
- Зохион байгуулах хурлаар боловсруулж, дараа нь Муж улсуудын Үндсэн хуулийн Конвентуудаар батлах (АНУ).
- Үндсэн хуулийн хороогоор боловсруулж, дараа нь бүх нийтийн санал хураалтаар сайшаах (Франц),
- Зохион байгуулах хурлаар боловсруулж эцэслэн сайшаах (Итали, Энэтхэг),
- Парламентаар боловсруулж бүх нийтийн санал хураалт явуулах (Герег, Испани),
- Үндсэн хуулийг батлах бүхий л процедур ажиллагааг гүйцэтгэх засаглалын байгууллага болох Эзэн хаан буюу Ерөнхийлөгчийн дангаар гаргах актаар хэрэгжүүлэх. Үүнийг октpорирование хийх гэнэ (Япон, Их Британи, Африкийн орнууд). Энэ нь нэлээд харгис маягийн арга.
Тэгвэл эхний аргууд нэлээд ардчилсан шинжтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах янз бүрийн журам бий. Энэ журам нь хатуу, зөөлнөөс болж олон, цөөн удаа өөрчлөлт орох явдал байна. Жишээ нь, 200 гаруй жилийн туршид АНУ-ын Үндсэн хуулийг хянан үзэх тухай саналыг Конгресст 10 мянга гаруй удаа хэлэлцэж, 27 удаа нэмэлт орсон, ОХУ-д 1980-1990 оны хоорондох 10 жилийн хугацаанд Үндсэн хуульд 300 нэмэлт оржээ. Тэгвэл “хатуу” Үндсэн хуультай учир Японы 1947 оны Үндсэн хууль, Данийн 1953 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байна. Уян хатан Үндсэн хуультай орнуудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэн хялбар (Израил, Шинэ Зеланд, Саудын Араб). Хуучин ЗХУ, социалист бусад орнуудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд Хууль тогтоох дээд байгууллагыг бүрдүүлж буй депутатуудын гуравны хоёр хувийн санал авах тухай Үндсэн хуульдаа зааж байсан боловч, “ногоон гэрлээр” ямар ч саадгүй шийдэгдэж байсан. Энэ нь намын бодлогыг үг дуугүй хэрэгжүүлэхтэй холбоотой байв.
Үндсэн хуулийн янз бүрийн асуудлын талаар нэмэлт өөрчлөлт оруулах олон янзын журам бий. Энэтхэгт Ерөнхийлөгчийн сонгууль, гүйцэтгэх, шүүх засаглалын асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулахын тулд Парламентын гишүүдийн гуравны хоёр хувийн санал авах, бусад асуудлаар ердийн олонхийн санал авах шаардлагатай. Зарим орны Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй зүйл бий. Тухайлбал, Франц, Италид Бүгд Найрамдах төрийн хэлбэр, ХБНГУ-д Холбооны улс нь муж улсад хуваагдах, муж улс нь хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох тухай асуудлыг өөрчилж болохгүй ажээ.
Зарим орны Үндсэн хуульд тодорхой хугацаанд хянан үзэж болохгүй тухай заалт бий. Жишээ нь, хянан үзэх тухай процедур (ажиллагаа) дууссанаас хойш 5 жил өнгөрсний дараа нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрдөг (Герег). Зарим орны Үндсэн хуульд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдах үеэр нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрдөггүй (Франц). Үндсэн хуулиудын нэмэлт өөрчлөлт оруулах процедур нь янз бүр. Санаачлах эрх бүхий субъект нь ихэвчлэн хууль тогтоох процесстойгоо адил төрийн тэргүүн болдог (Бельги, Франц, ОХУ). Зарим оронд ард түмний санаачлага чухал байдаг. Жишээ нь, Италид 50 мянган сонгогчийн санал, Австрид 100 мянган сонгогчийн санал авдаг. Үндсэн хуулийн төсөл бэлтгэх зөвлөлдөх байгууллага, Хороо, Комисс байгуулагдан ажилладаr (Австрали, Швед, ОХУ). 1993 онд ОХУ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар Үндсэн хуулийн Зөвлөлгөөн хийжээ. Ийнхүү Үндсэн хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулахыг машид анхаарч, тодорхой журам боловсруулж мөрдөж байгаа нь уг асуудал хичнээн их улс төрийн ач холбогдолтойг харуулна.
Үндсэн хуулийг “амьдруулахад түүний хэрэгжилтэд хяналт тавих нь нэн чухал. Үндсэн хууль гагцхүү хэрэгжиж байж л үндсэн хуульт ёс тогтдог. Үндсэн хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь нэг хэрэг, хамгийн гол нь түүний амьдруулах явдал. Үндсэн хууль батлагдсанаараа бус хэрэгжсэнээрээ жинхэнэ үндсэн хууль болно. Үндсэн хууль эрх зүйн бусад акт хэрхэн нийцэх нь үндсэн хуулийн амьдрах чадварыг харуулах чухал зүйл мөн. Бусад акт үндсэн хуульд нийцэхгүй бол хүчин төгөлдөр бус. Ийнхүү нийцүүлэхийн тулд хяналтын чиг үүрэг байх бөгөөд энэ нь үндсэн хуулийн хяналтын институтэд оногдоно. Үндсэн хуулийн хяналтын номлолыг анх АНУ-ын Дээд шүүх 1803 онд хэрэглэжээ. Түүнээс хойш Швейцарид 1848 онд, Аргентинд 1853 онд хэрэглэсэн байна. Одоо ихэнх улсын үндсэн хуульд энэ институт хэрэглэгдэж буй. Харин бичмэл бус үндсэн хуультай цөөн оронд хэрэглэхгүй байна. Үндсэн хуулийн хяналтын институт үндсэн хоёр төрөлтэй.
- Хууль зүйн бүх ерөнхий шүүхүүд энэ институтийг хэрэглэнэ. (АНУ, Аргентин, Мексик, Япон, Энэтхэг, Канад)
- Ерөнхий шүүхийн системд ордоггүй хяналтын тусгай байгууллага уг институтийг хэрэгжүүлнэ (ХБНГУ, Австри, Итали, Франц).
Үндсэн хуулийн хяналтын объект нь үндсэн хууль органик ердийн хуулиуд, субъект нь бие хүн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага. Агуулгаараа хэлбэрийн ба материаллаг шинжтэй. Төрлийн хувьд урьдчилсан, явцын хяналт гэсэн ялгаатай. Үндсэн хуулийн хяналт хэрхэн хэрэгжиж байгаа нь ардчиллын чухал баталгаа болно.
Зарим ойлголт, тодорхойлолтыг дүгнэж үзвэл:
- Үндсэн хууль гэдэг нь төрийн эрх барих дээд байгууллагаас баталсан хууль зүйн дээд хүч чадал бүхий акт. Үндсэн хуульчлах гэдэг нь хуулийн заалтуудыг үндсэн хуулийн текстэд бататгаж, үндсэн хуулийн хүч чадалтай болгох.
Үндсэн хуульт ёс гэдэг нь товчоор үндсэн хуулийг ёс болгож хэрэгжүүлэх. Өөрөөр хэлбэл, үндсэн хуультай байж, түүнийгээ дагаж мөрдөх. Тэр нь шинжлэх ухааны талаасаа:
а.Үндсэн хуулиар хязгаарласан төрийн захиргааны дэглэм, үндсэн хуульд тулгуурласан улс төрийн тогтолцоо, удирдлагын үндсэн хуулийн аргууд,
б. Үндсэн хуульт байгууллыг тогтоохын зайлшгүй болохыг үндэслэсэн улс төр-эрх зүйн онол[6] юм.
- Үндсэн хуулийн хөгжил нь улсуудын төрт ёсны түүхэн замнал, улс төрийн хүчний харьцааны илэрхийлэл, эрх зүй бүтээх үйл ажиллагааны дээд хэлбэр, ардчиллын төлөө тэмцлийн үр дүн юм.
- Үндсэн хуулийн мөн чанар нь нэг талаас, түүнийг бүтээгч хууль тогтоогчдын хүсэл зориг, түүнд нөлөө үзүүлэгч улс төрийн хүчний эзлэх байр сууриар тодорхойлогдоно.
- Үндсэн хуулийн онцлог нь тухайн улсын хөгжил, үндэсний дадал заншил, төрт ёсны уламжлал, эрх зүйн тогтолцооны өвөрмөц байдлаар илрэн гарна.
- Үндсэн хуульт ёс нь тухайн улсын улс төрийн соёл, ард түмний эрх зүйн ухамсар, тэр орны төлөв байдлыг харуулах хэмжүүр болно.
Үндсэн хуульт ёс нь дэлхийн улсуудын туулсан замнал, өнөө цагийн улс төрийн амьдрал, шинэ зууны дүр төрхийг харж болох “улс төрийн толь”, “хууль зүйн лавлах” бөгөөд орон орны улс төр, эрх зүйн талаар ойртох үндсэн цэг, хязгаар мөн.
[1] Юридическая энциклопедия, Юринформцентр, Москва, 1995, с.132
[2] А.А.Мишин. Конституционное (государственное) право зарубежных стран. Белые альвы, М. 1998, с.16
[3] Конституционное право. Отв. Ред. А.Е.Козлов. Москва, Изд-во БЕК, 1997,с.22
[4] А.А.Мишин. Конституционное (государственное) право Зарубежных стран. Белые альвы, М. 1998
[5] Конституции зарубежных государств. Составитель В.В.Маклаков, Бек, М. 1997, V.
[6] Большой юридический словарь, Под ред. А.Я.Сухарова, В.З.Зорькина, В.Е.Крутских. Инфра-1999, Москва.