Даваадоржийн Ганболд
/УИХ-ын гишүүн, Доктор (Ph.D)/
Шинэ толь №30, 2000
Түлхүүр үг: Иргэний нийгэм, гуравдагч ертөнц, Монгол түүхийн үечлэл, төр, ард түмэн
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Гуравхан хоногийн дараа бид Монголын ардчилсан хувьсгалын 10 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Түүх, цаг хугацаа урссаар харин бидэнд эргэж бодох, эргэцүүлэх, ирээдүй маргаашийг тооцож дүгнэх шаардлагыг тавьж байна. Туулсан түүхээ эргэж харахад суралцаж дүгнэх зүйл бас бишгүй л байна. 1989, 1991 онуудын халуун маргааны өдрүүд нэгэнт өнгөрчээ. Арван жилийн дараах өндөрлөгөөс харахад социализм, коммунизм гэсэн асуудал нэгэнт тодорхой болсон ч өнөөгийн Монгол улсын хөгжлийн нөхцөл байдлыг зөвхөн социализмаас зах зээл, ардчилал рүү шилжих шилжилтээр томьёолж ойлгох нь бас төдийлөн хангалттай зүйл бишээ. Социализмаас татгалзангуут аяндаа эдийн засаг өсч, хүмүүсийн амьжиргаа шууд дээшилнэ хэмээн олон хүмүүсийн хүсч байсан гэнэн горьдлогыг энэ цаг үе бас үгүйсгэсэн. Дэлхийн ихэнх улс орнуудын эдийн засаг нь зах зээл, капитализмын зарчмаар хөгжиж байгаа боловч тэдний дийлэнх олонх нь өнөөдөр ч гэсэн маш ядуу, туйлын өрөвдөлтэй байдалд байгаа нь нууц биш юм.
Хүйтэн дайны үед социализмын орнуудыг “хоёр дахь” ертөнц, хөгжиж байгаа ядуу буурай орнуудыг “гуравдагч ертөнц” гэж бид нэрлэж ирсэн билээ. Өнөөдрөөс эхлээд цаашид ирээдүйн замаа харахад бид нэг дэх ертөнц рүү тэмүүлэх үү эсвэл гуравдагч ертөнц рүү орох уу гэдэг асуудал одоо болтол нээлттэй байгааг бид бас сайн ойлгох шаардлагатай. Учир нь Социализмаас салсан орны хувьд аль аль руу нь холбирон орох зам нээлттэй байгааг хэлэх хэрэгтэй. Яагаад зарим орон тогтвортой түргэн хөгжиж байхад зарим нь хоцрогдлоосоо салж чадахгүй байна вэ? Олон эрдэмтэн судлаачид янз бүрийн тайлбар хэлэх биз ээ.
Олон жил бидний туршиж, сурч дагаж судалж байсан Карл Марксын сургаал нийгмийн хөгжлийн формацийн тухай онолын зэрэгцээ үйлдвэрлэх хүчний, эсвэл нийгмийн хэв маягийн дорнын хэв маяг, эсхүл Азийн үйлдвэрлэлийн арга, Азийн зам гэсэн томьёолол байдгийг та бид мэднэ.
Английн түүхч Арнольд Тойнби хүн төрөлхтний түүхэн дэх туулж ирсэн иргэншлийн түүхийг 21 төрлийн хэв маягт ялгаж тодорхойлсон байдаг. Үүний зөвхөн хоёрхон нь өрнийн маягийн хэв маяг юм уу үе шат гэж байсан. 19 нь үндсэндээ дорнын буюу Азийн хөгжлийн замтай холбоотой хэв маяг байсан гэсэн гарцаагүй дүгнэлтэд хүрнэ. Хэрэв тухайн улс оронд хувийн өмч байхгүй буюу туйлын хязгаарлагдмал, өмч, захиргааны эрх мэдэл нь үндсэндээ нэгдмэл, нэг бүлэг хүмүүсийн гарт төвлөрсөн, хүнд суртлын ноёрхол илэрхий зонхилсон нийгмийн харилцаанд эрх мэдэлтэн, албан тушаалтан амьжиргааны соёл иргэншлийн нийгмийн байдал, статусын гол хэмжүүр нь болсон байвал энэ нь дорнын зам, эсхүл дорнын нийгэм мөн гэж судлаачид дүгнэдэг юм байна.
Өнөөдрийн гурав дахь ертөнц гэж нэрлээд байгаа орнуудын дийлэнх олонход нь яг дээр нэрлэсэн шинж чанарууд нийгэмд нь зонхилж байна. Эртний түүхийн дундад эртний үеийн хувийн өмч, иргэдийн эрх мэдлийн хооронд тодорхой тод зааг хүрээ байсангүй. Төр нь үндсэндээ нийгмээ атгаж ноёлдог байв. Ийм нийгэмд баян хүн ч байсан гэсэн засаг төртэй холбоогүй л байх юм бол амьдралын баталгаа байдаггүй, амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд, бусдад өмч хөрөнгөө хураалгахгүй байхын тулд зөвхөн эрх мэдэлтэй, эрх ямбатай байх, цол хэргэмтэй байх шаардлагатай байсан. Албан тушаалаа алдах юм бол өмч хөрөнгө ч байхгүй, амьжиргаа ч байхгүй, цаашид амьдрах арга замгүй болдог байсныг бид мэднэ.
Дорнын буюу Азийн төрийн тухай эртний Хятадын хуульч, реформатор Шан Янь “Хүчтэй төр бол сул ард түмэн мөн” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ ийм сул ард түмэнтэй байх нь түүхэн ирээдүйдээ, алсдаа улс орондоо маш их хохиролтой байдаг гэдгийг олон улсын түүх гэрчилж харуулсан. Энэ нь юуны түрүүнд үйлдвэрлэлээ сайжруулах, түүний үр ашгийг нэмэгдүүлэх урам сонирхол иргэд, ажилчид, боолууд хэнд ч байдаггүй.
Баталгаагүй, төрөөс хараат үйлдвэрлэгчид, үйлдвэрийн эзэд өмчтөнгүүд нь дээр байгаа албан тушаалтнууддаа хэрхэн, яаж, хэзээ, хэр хэмжээний хээл хахууль өгөх тухай бодохоос биш удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай боддоггүй, зөвхөн худалдаа, наймаа, панз, санхүүгийн луйвар, Мөнгө хүүлэх чиглэлд ажилладаг гэдгийг түүхээс бас харж болно. Өнөөгийн Монголын шинэчлэлтийн эдийн засгийг харахад ч гэсэн саяын миний нэрлэсэн шинж чанарууд маш их газар авсан байгаа гэдгийг энд тэмдэглэж хэлэх байна. Ийм нийгэмд албан тушаалтан нь бидний нэгэнт нэрлэж заншсанаар сорон мөлжигч зөвхөн хэрэглэгч шинж чанарыг өөртөө илүүтэй хадгалж үлддэг. Энэхүү нийгмийн зүй ёсных нь үр дагавар нь юу вэ гэвэл байнгын ядуурал, эдийн засаг нь үнэн чанартаа дээрээс зохион байгуулалттай дайчилгаат шинж чанартай байдаг. Энэ үед ямар нэгэн шалтгаанаар /гадаадын болоод дотоодын/ улс төрийн хямрал бий болох, засаг төр солигдох, төрийн эргэлт болох үед шинээр засгийн эрхэнд гарч ирсэн хэсэг бүлэг хүмүүс нь төрийн өмчийг, улмаар эрх мэдлийг байнга хоорондоо булаацалдах, дахин дахин хуваарилах, бие биенийгээ устгах, дайтах явдал байнгын үзэгдэл болдог ажээ.
Харин Азийн замын сөрөг хэлбэр нь өрнийн зам буюу бидний нэрлэж дассанаар Европын зам байдаг. Энэ нийгмийн гол зарчим нь төрөөс тусдаа, төрөөс хараат бус хувийн өмч, юуны өмнө Газрыг хувьчлах хувийн өмчин дээр түшиглэсэн иргэний нийгэм байдаг. Эртний Герегийн чөлөөт хотуудын түүх, чөлөөт иргэдийн тухай ойлголт, Ром, Италийн түүх үүнийг нотолж харуулна. Төрөөс тусдаа, хараат бус хууль зүйн ба нийгэм сэтгэл зүйн хувьд легитимт хувийн өмч бол иргэний нийгмийн гол шинж юм. Барууны төрийн онцлог нь төр нь захирагч биш харин тухайн Герег, Ромын чөлөөт хотуудын бодлогыг хэрэгжүүлэгч зөвхөн зэвсэг нь болж байсан гол үүрэгтэй байсан юм. Иргэний эрх бол эргэлзээгүй аксиом байдаг. Хэдийгээр Герег, Итали болон бусад улсуудад олон дарангуйлагч байсан ч түүхэн хөгжлийн явцад иргэний нийгэм төлөвших хандлага нь илүү түлхүү хэрэгжсэн учраас өнөөгийн өндөр хөгжилд хүрч чадсан гэж дүгнэж болно.
Дээр дурдсан хувийн өмч, иргэний эрх, эрх чөлөө нь Ж.С.Милийн хэлсэнчлэн зөвхөн хуулиар тогтоосон эрх хэмжээ төдийгүй нийт хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүрхэнд нь нэвт шингэсэн зан заншил, амьжиргааны хэвийн эрх зүйн ойлголт болтлоо хөгжсөн байна. Энэ утгаараа Ж.С.Милийн хэлсэнчлэн хүчтэнээс доройчуудыг хамгаалах хамгийн найдвартай өмгөөлөгч бол зан заншил юм. Хувийн өмчийг өрнөдийн улс орнууд зан заншил ердийн ойлголт, аксиомын хэмжээнд олон зуун жил ойлгож иржээ.
Түүхийн хувьд эргэж хөгжихийн хэрээр уламжлал, дэвшил хосолж, шинэчлэгдэж байдаг нь ойлгомжтой. Ийм учраас эхнийхээ үед дорнын шинж чанартай байсан ноёнтон зарц гэсэн харьцаа нь аажимдаа газрын өмч, өмчлөгч, түрээслэгч гэсэн зах зээлийн гэдэг юм уу, илүү ардчилсан тэгш эрхтэй иргэдийн хоорондын шинжтэй харилцаанд шилжин орж, улмаар зах зээл, ардчилал, өрсөлдөөн, хүлээцтэй байдал газар авч өнөөгийн нийгмийн дүр төрхийг бий болгожээ.
Өнөөгийн Европын орнуудын хөгжлийг харахад хүчтэй төр биш, харин хоорондоо байлдаж байсан, харьцангуй сул чадал муутай Европын вант улсууд төрийн зэрэгцээ хараат бус иргэний нийгмийг хөгжүүлэх нөхцөлийг хангаж өгч байсан нь өнөөгийн Европын, өрнийн замын гол шинж чанар гэж хэлж болно.
Европын голомт буюу өрнийн орнуудын ийнхүү хөгжсөн үр дүнгийн гол нөхцөл нь эрх зүйт төр, улс төрийн соёл, улс төрийн амьдралд дараах үндсэн гурван шинж чанараар илэрхийлэл, хэлбэрээ олжээ.
Энэ нь юуны түрүүнд:
- Ромын эрх, эрх зүйг (хувийн болон нийтийн) хүлээж авсан.
- Иргэний эрх, эрх чөлөө
- Энэ хоёрын гол үндэс, нөхцөл нь болсон хувийн өмч эдгээр болно.
Ийм учраас дахин хэлэхэд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, аливаа шинэчлэлийг хэрэгжүүлэх, эрэл хайгуул хийх сонирхлыг хэрэгжүүлэх хамгийн гол баталгаа бол хувийн өмч юм. XV зуунаас хойш Европт ийм баталгаа нь хүн бүрийн сэтгэлд, ухамсарт нэвт шингэсэн уламжлал болсон тул маш эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. Энэ үеийг бид гар урчууд, дархчууд, барилгачин, мужаан, оёдолчин гэх мэтчилэн маш олон төрлийн хувийн өмчтөнгүүд дээр суурилсан тухайн үеийн үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан чөлөөт иргэдийн хөгжлийн оргил цаг болсон сэргэн мандалтын үе гэж нэрлэдэг билээ. Энэ үе бол түүхийн гайхамшигт үе байлаа. 1450 онд дараа нь 1455 онд хоорондоо тавхан жилийн зөрөөтэйгээр Х.Колумб, Л.Да Винчи төрсөн юм байна.
Зөвхөн энэхүү тавхан жилийн хугацаанд эдгээр суут хүмүүсийг төрж байх үед Гутенбергийн анхны хэвлэлийн машин үйлдвэрлэгдсэн. Византийн нийслэл Константинополь нуран унаж, Герегийн олон эрдэмтэн судлаачид Италийн зүг нүүн шилжсэн байна.
Англи, Францын хооронд зуу гаруй жил үргэлжилсэн дайн дуусч, Англи, Франц хоёр улс өнөөгийн хөгжлийн хэв маяг, шинж төрхөө тэр үеэс олж эхэлсэн гэж үздэг. 1455 оны дараа Колумб, Леонардо хоёрыг дөнгөж арван хэдхэн настай байх үед дараачийн хорь хүрэхгүй жилийн хугацаанд Л.Да. Винчи, Микеланжело, Рафаэл нарын суут бүтээлүүд нь хүн төрөлхтний хүртээл болж эхэлсэн. Яг дараахан нь Колумб шинэ ертөнцөө нээсэн. Мартин Лютер католик шашны эсрэг босч, реформацийг эхэлсэн. Коперник нар төвтэй ертөнцийн сургаал, шинжлэх ухааны хөгжлийн үндэс суурийг тавьсан. Өнгөрсөн дундад эртний түүхийн хөгжил, өмнө нь олон мянган жил үргэлжилсэн түүхтэй харьцуулан үзэхэд энэ хорь гаруй жилийн хугацаа нь тэсрэлтийн шинж чанартай өөрчлөлтүүдийг авчирсан байна.
Та бидний сайн мэддэг Питрарка, Бакочо, Бруно, Альберти, Томас Мор, Макиавелли, Монтел, яруу найрагчид, зохиолч Сервантес, Шекспир, Бекон, Галилей нар яг л энүүхэн хорь, гучхан жилийн хугацаанд төрж, өсөж бойжиж, өөрийнхөө бүтээл туурвил, нээлтүүдээ хийсэн. Энэ бүхнийг дурсахдаа тэр үед байсан нийгмийн хүнд хурц зөрчил, сөрөг урсгал, үзэгдлүүдийг бас давхар санах хэрэгтэй. ХIV зууны үед Европын хүн амын 3/1-ийг хөнөөсөн хар тахал бас л болж өнгөрсөн. Мухар сүсэг, таавар зурхай зонхилсон, нэрд гарсан том том эрдэмтдийг галдан шатааж, устгаж байсан, улс орнууд олон арван мянгаар нь хүмүүсээ устгаж дайтаж байсан нь бас л тэр үед болж байсан үйл явдал. Гэхдээ эцсийн үр дүнд иргэний нийгмийг төлөвшүүлдэг гол шинж болсон хувийн өмч улам бэхжиж, улмаар өнөөгийн бидний ярьдгаар дунд иргэнийг бий болгосон явдал нь иргэний нийгмийн төлөвшлийн хамгийн гол үндэс, тулгуур нь болсон гэж үздэг.
Иргэний нийгмийн гол шинж чанар нь юу гэвэл юуны түрүүнд хүнийг, иргэнийг татвар төлөгч гэж үздэг. Ийм учраас татварын орлогыг зарцуулж хэрэглэж байгаа төр нь мөнгө төлдөг татвар төлөгчийнхөө өмнө тайлангаа тавьдаг, хааш нь яаж үрэв, юунд зарцуулж байна вэ гэдгийгээ мэдээлж байдаг явдал нь энэ иргэний нийгмийн нэг шинж чанар. Олон нийтийн байгууллагууд бол бас иргэний нийгмийн нэгэн үндсэн шинж. Сонгох ба сонгогдох эрх мэдэл. Энэ тухай илтгэгчид бас түрүүн нэлээд ярьж байсан. Сүүлийн далаад жилийн түүхэнд Монгол улс ч гэсэн миний үзэж байгаагаар де-факто гэдгээсээ илүү де-юре, эмэгтэй эрэгтэй болон нийгмийн бүх давхаргын сонгох ба сонгогдох эрхийг баталгаажуулсан. 1990 оноос хойш де-юре сонгогдох эрх нь де факто болж хувирсан гэж үзэхээс өөр арга байхгүй. Жагсаал цуглаан, бүлэглэлүүдийн сонирхол, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ бүх зарчмууд нь иргэний нийгмийн өнөөдрийн гол шинжүүд. Европын түүхийг ярихын хажуугаар Монголынхоо түүхийг огт дурсалгүй өнгөрөх аргагүй юм.
Евроази тивд, улмаар дэлхийд хамгийн том, хүчирхэг төвлөрсөн хяналт, удирдлага бүхий гүрнийг бидний өвөг дээдэс энэ нутагт байгуулсан. 300 шахам жил үргэлжилсэн их гүрний өрнөлт, уналтын түүх бол нэгэн тогтолцооны бүх нийгмийг хамарсан том шилжилт өөрчлөлтийн өвөрмөц хэлбэр гарцаагүй мөн байсан. Их Монголын түүхийг манай эрдэмтэд болон гадны эрдэмтэд олон талаас нь судалж, олон янзаар дүгнэдгийг та бүхэн мэднэ. Бидний сайн танил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх асан дэлхийн томоохон улс төрчдийн нэг Збигнев Бжезински энэ түүхтэй холбогдсон дараахь зарим нэг санаа дүгнэлтийг хэлсэн байна.
Монголын түүхийн энэ үеийг тэр хүн хэрхэн яаж дүгнэсэн бэ гэвэл Монголын их гүрний засаглал нь үндсэндээ цэргийн ноёрхол дээр түшиглэсэн байсан бөгөөд энэ нь гарамгай сайн хатуу чанд, бусдаас илүү давуутай цэргийн тактик ба цэргийн хүчийг түргэн шуурхай шилжүүлэн тодорхой газар төвлөрүүлэн байрлуулах чадвартай байсны үр дүн юм. Гэхдээ Монголчуудын ноёрхол нь цэргийнх шиг сайн зохион байгуулалттай, эдийн засаг, санхүүгийн тогтолцоогүй, байлдан дагуулсан хөрш болон бусад орнуудаас соёлын, иргэншлийн давуу талгүй байсан байна.
Монголын эрх баригчид тооны хувьд цөөн байсан тул өөрийгөө байнга нөхөн сэргээхүйц дээд анги болж чадаагүй харин ч өөрсдийнхөө эзэлсэн бусад орны илүү өндөр соёлд аажмаар уусч, шингэж байсан. Энэ бүгдийн үр дүнд Монголчууд байлдан дагуулсан ихэнх улс орнуудтайгаа аксимилляцийн зарчмаар уусан алга болж, хэдийгээр тархай бутархай орнуудыг маш их нарийн зохион байгуулалттайгаар Чингис хааны хүчин чармайлтаар том гүрэн байгуулсан боловч түүний үр сад нь тухайлбал Хубилай, Доголон Төмөр, Бабуу нар өөр газрын шашин хүлээн авч нийслэлээ нэг нь Бээжин рүү, нэг нь Дундад Ази, нэг нь Энэтхэг рүү зөөснөөрөө хоёр зуугаад жил оршин тогтносон Монголын нийгэм эцэстээ ул мөргүй алга боллоо гэж дүгнэсэн байна. Ул мөргүй алга болов гэж бичихдээ өнөөгийн 2.4 сая гаруй хүн амтай Монгол улсыг тэр хүн үгүйсгээгүй гэж бодож байна. Харин их гүрний түүх үнэхээр ул мөргүй, цэглэсэн гэдгийг бид мэдэж байгаа. Хорьдугаар зуун дуусч, дараагийн зуун эхэлж байгаатай холбогдуулаад хэлэхэд өнгөрсөн зуун бол бас л Монголын нийгмийг бүхэлд нь хамарсан хоёр том тогтолцоог авчирсан зуун билээ.
1929-1933 онуудад сонгодог капитализмыг бүхэлд нь донсолгосон том хямрал дэлхийг хамарч байсан. Тэр үед мөн ядуу буурай Монгол оронд ч гэсэн ЗХУ-ын санхүү, эдийн засаг, улс төр, оюуны ба үзэл суртлын оролцоотойгоор социализм байгуулах ажиллагаа эхэлж, улмаар 1960-аад он хүртэл нэлээд радикал шинж чанартай реформууд үргэлжлэн хэрэгжсэн. Энэ реформуудын эерэг болон сөрөг үр дагаврыг бид сайн мэддэг учир энэ тухай ярилгүй орхиё.
Социализмыг үндсэндээ байгуулсан хэмээн бид зарласан. Ингэж явсаар 1980-аад оны хоёрдугаар хагас гэхэд 100 хувийн төрийн өмчид тулгуурласан эдийн засаг, нэг намын туйлын ноёрхолтой социалист нийгмийн систем нь нуран унаж, улмаар энэ уналтын гаднах илрэх шинж тэмдгүүд нь мах сүү, архины оочер, япон телевизор, австри гутал болон бусад ховор барааны хойноос өрсөлдөх өрсөлдөөн, байгууллага бүр дээр сугалаа зохион байгуулах, орос дэлгүүрүүдийн үүд сахих, тусгай дэлгүүрүүдийн пропуск, хатуу үнэ, хатуу төлөвлөлт, оюун санаа, улс төрийн амьдралд гэвэл 4-5 төрлийн сонин, байнгын хурал зөвлөлгөөн, улс ардын аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх, аж ахуйн механизмыг боловсронгуй болгох, архидалттай тэмцэх зэрэг цөөхөн жижүүрийн гарчигтай ийм сонингуудтай улс орон болсон.
Энэ бүхэн удаан жил үргэлжилсээр байгаад өнөөдрийн гүн гүнзгий бүтцийн хямралын үндэс суурийг тавьсан. Энэ нь өнөөгийн том өөрчлөлт шинэчлэлтийн шалтгааныг үндсэндээ бий болгосон.
Их хаадын үеийн Монголын нийгэмд гарч байсан өөрчлөлтийн үр дүнг бид одоо мэдэж байна. Дэлхийд хамгийн том гүрэн болтлоо өргөжин бэхжиж, сүүлдээ 300 гаруй жилийн дараа хуваагдаж бутраад алга болсон, ХХ зууны эхэнд Манж Чин улсын алс бөглүү хязгаар, туйлын дорой байдалд хүртлээ унасныг бид мэднэ.
1911-21, улмаар 1960 он хүртэлх түүхэн туршилтыг би сая дурьдлаа. 1990-1999 оны хоорондох сүүлийн 10 жилийн түүхэн шилжилтийг дүгнэхэд хариултууд үндсэндээ нээлттэй байна.
Цаг хугацаа, түүхэн нөхцөл байдлын хувьд бол энэ гурван түүхэн эргэцүүллийг харьцуулах аргагүй ялгаа зөрөөтэй боловч зарим хүчин зүйл, шинж тэмдгүүдээрээ, ялангуяа геостратегийн шалгуур үзүүлэлтүүдээрээ нийтлэг зүйл байгаа мэт санагдаж байна.
Юуны өмнө нийгмийн бүх хүрээг хамарсан шилжилтийн үйл явцын гадаад ба дотоод хүчин зүйлс дэх харьцааны асуудлыг хөндөн ярья. Дотоод хүчин зүйлс нь гэвэл тархай байдал, нүүдэл, дотоод хуримтлал бага, Европын 3/1-тэй тэнцэх нутаг дээр 2.4 сая хүн 360 сум болон хуваагдаж байрласан ийм улс. Өнөөдөр цөөхөн хүн амтай Монгол улсыг харьцуулаад үзэхэд зарим нэгэн зүйлийг дүгнэхэд гарцаагүй хүргэж байна.
Сингапур 3 сая, Хонконг 6 сая, Швейцар 6 сая хүнтэй, Монгол өнөөдөр 2.4 сая хүн амтай, 1.5 сая км/кв нутаг дээр хорь гаруй хот, 360 суманд амьдарч байгаа, хөдөлмөрийн бүтээмжээрээ дээр нэрлэсэн улсуудаас 30-70 дахин доогуур үзүүлэлттэй улс үйлдвэрлэсэн баялгаа эргээд энэ 360 суманд хүргэж хэвийн хэмжээнд хэрэглэх юм бол дахиад 30-70 дахин илүү зардал гаргахад хүргэж байгаа нь манай улсын үйлдвэрлэлийн үр ашгийг, иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх, одоохондоо биднээс урд гарчихсан байгаа бусад улс орнуудтай өрсөлдөх чадварыг найдваргүй ухрааж, хойш нь татаж байгаа хүчин зүйл мөн.
Ийм учраас иргэний нийгмийг бүрдүүлэх гол шалгуур болсон хувийн өмч, дунд ангийг бүрдүүлэх асуудал өнөөдрийн Монголын нийгэм, ардчилсан төрийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том зорилтуудын нэг гэж үзэж байна. Би энд нэг жишээ хэлье. АНУ-д анх радио нэвтрүүлэг явуулж эхэлснээс хойш 50 сая радио хүлээн авагчтай болохын тулд 30 жил шаардагджээ. Телевизийн аппарат гарснаас хойш мөн 50 сая үзэгч хэрэглэгчтэй болохын тулд 13 жил зарцуулжээ. Интернетийн 50 сая хэрэглэгчтэй болохын тулд дөнгөж 4-хөн жил шаардагджээ. Монголд энэ дөрвөн жилд хэдэн интернетийн хэрэглэгчтэй болсон юм бэ гэдгийг санахад илүүдэхгүй. Ийм учраас иргэний нийгмийн гол баталгаа бол эрх зүйт төр, иргэний эрх, эрх чөлөө, үүний гол тулгуур баталгаа нь болсон хувийн өмч байдаг. Иймээс Монгол улсын цаашдын хөгжил, иргэний нийгмийн төлөвшилтийг тогтвортой хөгжлийн замаар хөгжүүлэхийн тулд үлдэж байгаа үйлдвэрийн газрын хувьчлалыг аль болох цэгцтэй, зохион байгуулалттай, улс төрийн консенсусийн зарчмаар шийдэх нь маш чухал асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирэх, иргэний Нийгмийн баталгааг бий болгож, бусад улс орнуудтай Нээлттэйгээр харьцаж амьдрахаас өөр арга байхгүй гэсэн дүгнэлтийг хэлэх гэсэн юм.
Анхаарал хандуулсанд баярлалаа.