Ч.Ганбат
/Дээд шүүхийн ерөнхий шүүгч/
Шинэ толь №28, 1999
Түлхүүр үг: эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, шүүхийн хараат бус байдлыг , шүүгчийн хараат бус ,шүүхийн бие даасан байдал
Монгол Улсад шүүх байгуулагдаж хөгжиж ирсэн 73 жилийн түүхийг шүүгчийн хараат бус, шүүхийн бие даан ажиллах чадамжийнх нь үүднээс судлаж ангилж үзэхэд:
- Шүүх эрх мэдлийг гүйцэтгэх засаглал, түүний байгууллагууд хэрэгжүүлж байсан үе (1926 он хүртэл).
- Шүүх эрх мэдлийг шүүхтэй зэрэгцсэн “шүүх” гэсэн хаягтай тусгай байгууллага гүйцэтгэх засаглалын хүрээнд багтан хэрэгжүүлж байсан үе (1926-1930 он),
- Шүүх эрх мэдлийг иргэний болон цэргийн шүүхийн нэгдмэл тогтолцоогоор нэг намын ангич үзэл баримтлалаас шууд хараат байдлаар хэрэгжүүлж байсан үе (1930-1992 он). Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгыг Үндсэн хууль болон бусад хуулиар хуульчлан тогтоож, энэ чиглэлд өөрчлөлт шинэчлэл хийж буй (1992 оноос хойших) гэсэн үе шатанд ангилж болохоор харагддаг юм.
Шүүгчийн хараат бус байдал хамгийн ихээр алдагдаж Дээд шүүхийн дарга асан 4, Цэргийн коллегийн дарга асан 3 хүн өөрсдөө хэлмэгдэж цаазлуулан шийтгүүлж байсан, шүүхийн бие даасан ажиллагааг хамгийн ихээр алдагдуулж, “Онцгой бүрэн эрхт комисс” болон “тусгай комисс” зэрэг шүүхийн бус байгууллагыг буй болгож шүүн таслах ажиллагааг эрхлүүлж байсан тэр жилүүдэд манай улс 25 мянга гаруй иргэнээ хилсээр шийтгэж хэлмэгдүүлж, түүнийг засан залруулах ажиллагааг үе үе хийж, 1989 оноос хойших 10 жилийн хугацаанд онцгой эрчимтэй хийсэн ч өдгөө болтол цагаатгах ажиллагааг гүйцэт хийж дуусаагүй, хэлмэгдэгсдэд учирсан хохиролтой нь харьцуулахад өчүүхэн хэмжээний нөхөх олговрыг нь ч бүрэн олгочихож чадахгүй байгаа билээ.
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал гэдэг хичнээн чухал эд болох, түүнийг эс хайхарвал ямар их гарз хохирол амсч болохыг үүнээс харж болно.
Ер нь Монголын шүүхийн 70 гаран жилийн түүх нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын төлөө тэмцлийн ялалт, ялагдал, ухралт урагшлахын туух байсан бөгөөд шүүх, туунчлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагын олон дарга, ахмадууд нам, төрд алба хашиж байсан дэвшилтэд үзэлтэй олон үзэлтэн, түүнчлэн шударга иргэд “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал” гэсэн орчин цагийн нэр томъёогоор нь биш боловч түүнийг бүрдүүлэгч чухал элемент болох “шүүгч албан тушаал, ёс суртахуун, эд херөнгийн гэх зэрэг бусдын нөлөөнд үл автах, гагцхүү хуульд захирагдах, бие даан шийдвэр гаргах эрхтэй байх зэрэг гол ойлголтуудыг хөндөн тавьж, түүнийхээ төлөө ажиллаж зарим амжилтад хүрч, бас үүнийхээ төлөө шийтгэл хүлээж, халагдаж солигдож, нутаг заагдаж байсныг архивын болон шүүхийн баримтууд гэрчилдэг билээ.
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин долоо, дөчин ес, жаран дөрөвдүгээр зүйлүүдэд хуульчлан тодорхойлсон юм.
Үүнд Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэхийг тов тодорхой заасан, ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хатуу хориглосон, шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулж, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдаж, ерөнхийлөгч, Ерөнхий сайд.
Улсын Их Хурал ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй тухай заалтууд орсон байдаг.
Түүнчлэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах байгууллага нь Шүүхийн Ерөнхий зөвлөл мөн болохыг заагаад, түүнийг шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг гүйцэтгэх ёстойг дурджээ.
Харин шүүхээс гадна Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч хоёр дахь чухал субъект болох Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангахаар заасан байна.
Үндсэн хуульд заасанчлан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг буй болгох, бэхжүүлэх, хамгаалахад шүүхийн ухай болон Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ийнхүү шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын тухай ойлголт нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиудад тусгалаа олсон хууль цаазын ойлголт нэгэнт болжээ.
Хууль зүйн ухааны доктор Г.Совд Шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг “шүүх, шүүгчийн Үндсэн хуулийн статусыг хангах явдал мөн”[1] гэж хамгийн товчоор тодорхойлсон байдаг.
“Шүүгчийн хараат бус байдал” гэдэг бол шүүгч хэний ч нөлөөнд автахгүй, юугаар ч дутахгүй, хууль бус юунаас ч хамаарахгүйгээр, гагцхүү хуульд захирагдан, аливаа хэрэг маргааныг бие дааж шийдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ, тэгж ажиллаж чадахыг хэлнэ.
Харин шүүхийн бие даасан байдал нь юуны өмнө хараат бус ажиллаж байгаа шүүгчийнхээ үйл ажиллагаагаар хангагдана.
“Шүүхийн бие даасан байдал” гэдэг бол энэ байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, төрийн засаглах эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын нөлөөнөөс ангид оршин тогтнож, шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ, ингэж ч ажиллахыг хэлнэ.
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал нь Үндсэн хууль болон бусад хуульд хуульчлан зарласан, энэ тухай их ярьж бичсэнээр өөрөө аяндаа хэрэгжчихгүй бөгөөд үүний төлөө төр, засаг, шүүх, түүнтэй харьцагч бүх талууд, аливаа албан тушаалтан, иргэн, түүнчлэн шүүгч, шүүх өөрөө их зүйлийг хийх ёстой.
Энэ чиглэлээр нийгмийн сэтгэл зүйд ч гүнзгий шинэчлэл, өөрчлөлт гаргах шаардлагатай. Нэрэн дээрээ шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдал, шударга ёс гэж их ярьдаг ч нэдэр дээрээ шүүхийн шийдвэрийг өөрийн нэр төр, амин хувийн ашиг сонирхол, өөрийн нам, байгууллага, пүүс компани, найз нөхдийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргуулахыг оролдох, энэ зорилгоор хэвлэл, мэдээллийг ашиглан олон түмний сэтгэл санаанд нөлөөлж, түүгээрээ дамжуулан шүүх болон шүүгчид дарамт үзүүлэх, шүүх, шүүгчийн нэр хүндийг унагахыг оролдох явдал цөөнгүй үзэгдсээр байна.
Шүүгчийн хараат бус байдлын тухай ярихаар цөөн хэдэн шүүгчид хувийн эрх ямба хөөцөлдөж, цалин хангамж нэхэж байгаа мэт ойлгож үл хайхрах, улмаар тэдэнтэй барьцах явдал ч харагддаг.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зургадугаар бүлэгт шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг:
- шүүхийн төсөв, ажиллах нөхцөл,
- шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс үл нөлөөлөх,
- шүүгчийн улс төрийн эрх,
- шүүгчийн халдашгүй эрх,
- шүүгчийн цалин хөлс, дархан эрх, хараат бус байдлын бусад баталгаа,
- шүүхийг үл хүндэтгэгчид хүлээлгэх хариуцлага гэсэн ангилалтайгаар хуульчилсан нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхэд төр онцгой үүрэгтэй бөгөөд ялангуяа “Шүүхийг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн шүүхийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг биелүүлэхэд эдүгээ төрөөс онцгой анхаарах хэрэгтэй байна.
НҮБ-ын 1985 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 6-ны өдөр Миланд болсон VII их хурлаар баталж, Ерөнхий ассамблейн 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 40/32, 1985 оны 12 дугаар сарын 13-ны 40/46-р тогтоолоор сайшаасан “Шүүхийн байгууллагын хараат бус байдлын тухай үндсэн зарчмууд” гэсэн баримт бичигт шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын тухай гол ойлголтуудыг маш тодорхой дурьдсан байдаг.
Түүний “Шүүхийн байгууллагын хараат бус байдал” гэсэн бүлэгт: Шүүхийн байгууллагын хараат бус байдлыг төр баталгаажуулж, өөрийн орны Үндсэн хууль, бусад хуульд бататган тунхаглах, төрийн болон бусад бүх байгууллага шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хүндэтгэж сахин биелүүлэх, шүүх хэргийг алагчлалгүйгээр, хэний ч нөлөөнд авталгүйгээр, баримтад үндэслэн, хуульд нийцүүлэн, хууль бус нөлөөлөл, сэтгэлийн хөдлөл, дарамт шахалт, сүрдүүлэггүйгээр, шууд болон шууд бус хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэх, шүүхээс гаргасан шийдвэрийг хэн ч өөрчилж болохгүй, хүн бүр хэргээ хуулиар тогтоосон байцаан шийтгэх, хэрэг хянан шийдвэрлэх журам хэрэглэдэг ердийн буюу цэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй тухай, энэ журмыг үл хэрэглэдэг шүүх байгуулж болохгүй тухай, шүүхийн байгууллагын хараат бус байдлын зарчим нь шүүн таслах ажиллагааг шударга явуулах явдлыг хангах, талуудын эрхийг сахин хангах эрх олгохын зэрэгцээ, шүүхэд өөрт нь ийм шаардлага тавьдаг тухай, улс бүр шүүхээс үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулахад шаардагдах хөрөнгийг шүүхийн байгууллагад гаргаж өгөх үүргийн тухай заалтууд орсон байдаг.
Үүнээс манай улсад шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд нэгэнт хуульчлан заасан бөгөөд харин түүнийгээ бодит ажил болгох ялангуяа шүүхэд шаардагдах хөрөнгийг төрөөс гарган өгч байх тухай заалтууд дутуу хэрэгжиж ирсэн юм.
Харин дээрх баримт бичгийн “Үг хэлэх ба эвлэлдэн нэгдэх эрх чөлөө” гэсэн бүлэгт шүүгч хүний эрхийг ямар хэмжээнд, яаж эдлэх тухай заасан юм. Шүүгч үг хэлэх, шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, цуглаанд оролцох эрх чөлөөг эдлэхдээ хэзээ ч өөрийн албан тушаалыг хүндэтгэж, шүүхийн байгууллагын хараат бус байдлын зарчмыг хадгалахуйцаар өөрийгөө авч явах ёстой тухай, шүүгч өөрийн эрхийг хамгаалах, мэргэжлийн бэлтгэлээ боловсронгуй болгох, шүүхийн хараат бус байдлыг хадгалахын тулд шүүгчдийн холбоо буюу бусад байгууллага байгуулах, тэдгээрт элсэх эрх чөлөөтэй байх тухай заасан байдаг билээ.
Эдүгээ манай улсад “Монголын шүүгчдийн холбоо”, “Шүүгч хуульчдын хараат бус байдлыг хамгаалах бүлэг” гэсэн хоёр байгууллага ажиллаж, түүнд Монголын шүүгчид элсэх, үг хэлэх асуудал чөлөөтэй, нээлттэй байгаа болно.
Уг баримт бичгийн мэргэжил, шилэн шалгаруулалт ба бэлтгэл” гэсэн бүлэгт шүүгч ёс зүйн өндөр чанар, чадвар, түүнчлэн эрх зүйн салбарт зохих бэлтгэл, мэргэжил эзэмшсэн байх ёстой тухай, шүүгчийг хууль бус сэдэлтээр томилуулах явдал гаргуулахгүй байх тухай, шүүгчийг шилж шалгаруулахдаа үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн ба бусад итгэл үнэмшил, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсааны болон бусад байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй тухай заасан байдаг.
Манай улсад энэ ажлыг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл эрхэлдэг бөгөөд шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангах үүргийг хэрэгжүүлнэ”.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүгчид тавих мэргэжил, мэргэжлийн шалгуурыг тодорхойлохдоо: “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан. Монгол улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэсэн юм.”
Мөн баримт бичгийн “албаны нөхцөл ба бүрэн эрхийн хугацаа” гэсэн бүлэг: Шүүгчдийн бүрэн эрхийн хугацаа, тэдний хараат бус байдал, аюулгүй байдал, зохих урамшил, ажиллах нөхцөл, тэтгэвэр болон тэтгэвэрт гарах нас нь зохих ёсоор хуулинд баталгаажсан байх тухай, томилогдсон буюу бүрэн эрхийн тогтоосон хугацаа дуусах хүртэл бүрэн эрхийн баталгаат хугацаатай байх тухай, шүүгчдийг дэвшүүлэн ажиллуулахдаа ур чадвар, ёс суртахууны чанар, туршлагыг үндэслэж байх тухай, тухайн шүүхэд хэргийг ажиллаж байгаа шүүгчдэд хуваарилах нь шүүхийн захиргааны дотоод ажил мөн болох тухай тодорхой заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд эдгээр зарчмууд тусгалаа олсон бөгөөд одоо түүнийг хэлбэрэлтгүй мөрдөх, жинхэнэ ажил хэрэг болгох зорилт бидний өмнө оршиж байна.
Дээрх баримт бичгийн “мэргэжлийн нууц ба халдашгүй эрх бүлэгт”: Шүүгчид нь өөрийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа олж авсан нууц мэдээллийн талаархи мэргэжлийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд тэднийг эдгээр асуудлаар мэдүүлэг өгөхийг албадах ёсгүй тухай, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах журам буюу түүний давж заалдах эрх, шүүгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа гаргасан буруу үйлдэл буюу алдааны үр дүнд учирсан эд хөрөнгийн хохирлын төлөө шүүхээр мөрдөгдөхгүй байх хувийн халдашгүй эрх эдлэх тухай заалт буй.
Манай улсад энэ зарчмын нэлээд хэсгийг “шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” зэрэг хууль тогтоомжоор журамлаж өгсөн ч цаашид хийх ажил, авах арга хэмжээ чамгүй байна гэж үздэг.
“Шүүгчийн хараат бус байдлын үндсэн зарчмын” сүүлчийн бүлэг буюу “шийтгэл, ажлаас түр зайлуулах ба халах тухай хэсэгт: Шүүгчийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гаргасан гомдлыг шуурхай, алагчлалгүйгээр зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэх, шүүгч өөрийн асуудлыг шударгаар хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх, хариу авах, түүний гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх ажил эхний үе шатандаа нууц байх, шүүгчдийг зөвхөн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон буюу эсхүл эрхэлж буй албан тушаалдаа нийцэхгүйгээр биеэ авч явсан шалтгаанаар албан тушаалаас нь түр зайлуулах буюу халж болох тухай, албан тушаалаас нь түр зайлуулах буюу халах, шийтгэх бүх журам нь шүүгчээс биеэ авч явах дүрмээр тодорхойлогдсон байх тухай, сахилгын шийтгэл оногдуулах албан тушаалаас нь түр зайлуулах буюу халах тухай шийдвэрийг хараат бус байдлаар хянан шалгах тухай заалтууд орсон болно.
Эдгээрийн нэлээд нь манай улсын Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд тусгалаа олсон бөгөөд энэ чиглэлээр Шүүгчийн мэргэшлийн хороо, Сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх үүрэг цаашид улам чөсөн нэмэгдэх болно.
Ази Номхон далайн орнуудын Ерөнхий шүүгч нарын 6 дугаар Бага хурлаас “Шүүхийн хараат бус байдлын зарчмуудын тухай” мэдэгдлийг 1995 оны 8 дугаар сарын 19-нд Бээжин хотод батлан гаргасан юм. Энэхүү мэдэгдэл нь “Бээжингийн” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд Ази Номхон далайн орнуудын Ерөнхий шүүгч нарын 1999 оны 9 дүгээр сарын 7-10-нд БНСУ-ын Сөүл хотод явагдсан 8-р бага хурлын үед ч ач холбогдлоо алдаагүй дахин давтан яригдаж, олон орны ерөнхий шүүгч нар, дэлхийд нэртэй хуульчид түүний ач холбогдлыг цохон тэмдэглэж байсан билээ.
Уг мэдэгдэлд: “Шүүх бол аливаа нийгмийн хамгийн үнэт, нэр хүндтэй байгууллага мөн” гэж дурдаад Хүний эрхийн түгээмэл тунхаглал (10-р зүйл) болон Улс төрийн эрхийн олон улсын Пакт (14-р зүйлийн 1)-д “хүн бүр, хуулийн дагуу байгуулагдсан, хөндлөнгийн, сонирхолгүй, бие даасан эрх мэдэл бүхий шүүхээр, шударга нээлттэй хуралдаанаар шүүлгэх эрхтэй байна” гэж тунхагласан.
Ингээд шүүхийн хараат бус байдлыг хангахад дараах зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн билээ. Үүнд:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ аливаа үйл явдалд шударгаар дүгнэлт хийж, хуульд нийцүүлэн, шууд буюу шууд бус гаднын ямар нэг зохисгүй нөлөөлөлгүйгээр хянан шийдвэрлэх, эрх зүйн холбогдолтой бүх асуудлыг зөвхөн шүүх харъяалан шийдвэрлэх шүүхийн хараат бус байдлыг төр засаг баталгаажуулж, Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалсан байх тухай заасан юм.
Ингээд цааш нь “шүүх үйл ажиллагаагаа Үндсэн хууль, бусад хуулийн дагуу явуулна.
Шүүгчид нь өөрсдийн бүх үйл ажиллагаандаа зохимжгүй байдал гаргахгүй байж, түүнээс зайлсхийж, шүүгчийн ос зүй, хараат бус байдлыг ханган дэмжинэ, шүүгчид бусад иргэдийн адил үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, цуглаан хийх эрхтэй, шүүгчид өөрсдийн сонирхлоо илэрхийлэх, мэргэжлийн дадлагаа сайжруулах зэрэг тэдгээрийн хараат бус байдлыг хамгаалахад шаардлагатай байж болох өөр бусад үйл ажиллагааг гүйцэтгэх шүүгчдийн холбоог зохион байгуулах, түүнд нэгдэх эрхтэй”-г мэдэгдсэн билээ.
Түүнчлэн шүүхийн үйл ажиллагааны гол асуудал бол “Хуульд заасан журмын дагуу хүн бүрийн аюулгүй амьдрах эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах ажиллагааг дэмжих, иргэд болон төр, хүмүүсийн харилцаанд хуулийг шударга хэрэглэх явдал мөн” гэжээ.
Уг мэдэгдэлд шүүгчдийг томилох, огцруулах журам, шүүгчийн албыг хаших хугацаа нь хуулиар баталгаажсан байх ёстойг онцлон дурджээ.
Ингээд шүүхийн харъяаллын асуудлыг шүүх өөрөө шийдэж байх, “шүүхийн захиргаа”, “хангамж”, “онц байдалд оруулах үед шүүх хэрхэн ажиллах зэрэг асуудлыг хөнджээ.
Энэхүү мэдэгдэлд шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг онцгойлон анхаарсан байдаг.
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын зарчмыг хэрэгжүүлэхэд улс төр, эдийн засаг, зохион байгуулалтын болон хууль зүйн баталгаануудыг хуульчлан тогтоож, түүнийгээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.
“Шүүгч хараат бус байх зарчмын тухай судлаачийн үгийг уншъя гэвэл Д.Зундуйн бичсэн “Шүүгч хараат бус байх зарчим”[2] өгүүллэгийг үзээрэй.
Шүүх таслах үйл ажиллагаа нь өөрийн зарчмуудтай байна.
“Шүүн таслах үйл ажиллагааны зарчмууд” гэдэг нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан, шүүн таслах ажиллагааг явуулах ерөнхий журам, зохион байгуулалтыг тодорхойлж, шүүн таслах үйл ажиллагааны мөн чанарыг илэрхийлсэн нийтлэг заалт мөн.
Шүүн таслах үйл ажиллагааны зарчмууд нь дараахь үндсэн шинжүүдтэй. Үүнд:
- Түүнийг хуульд тухайлж заасан байдаг,
- Шүүхийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, баримтлал болдог,
- Шүүхийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийн үндсэн шалгуур болдог,
- Төрийн мөн чанар, тухайн орны хууль цаазын бодлогыг илэрхийлдэг билээ.
Шүүн таслах ажиллагааны тулгуур зарчмуудад:
- Хуулийг дээдлэх,
- Шүүн таслах ажлыг зөвхөн шүүх хэрэгжүүлэх,
- Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах,
4.Шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хэлэлцэж шийдвэрлэх,
- Шүүн таслах ажилд иргэдийн төлөөлөгч оруулах,
- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах,
- Оролцогч талууд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх,
- Шүүх хуралдаан нээлттэй байх,
- Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулах,
- Гэм буруутайд үл тооцох зарчим,
- Мэтгэлзэх зарчим тус тус хамаарна.
Шүүх хэр зэрэг шударга, зөв ажиллаж байгааг шүүгчид дээр нэрлэсэн тулгуур зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаар нь үнэлж дүгнэж болдог.
Аливаа оронд ардчилал хэр зэрэг хөгжсөнийг тухайн улс шуугчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хэрхэн хангасан түвшингээр нь хэмжиж бас болно.
Энэ үзэл санааны үүднээс дүгнэлт хийж үзэхэд манай оронд Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, нэгэнт хуульчлагдаж баталгаажсан боловч, уг зарчмыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх ажил эхлэлийн түвшиндээ байгаа, энэ чиглэлээр ихээхэн ажиллах шаардлагатай байгаа билээ.
[1] Г.Совд “Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах асуудалд” өгүүлэл, “Монголын төр, эрх зүй” сэтгүүл УБ.1997 он, №2, 1 дэх тал
[2] Д.Зундуй “Шүүгч хараат бус байх зарчим” өгүүлэл, “Шүүхийн бичиг” сонин, 1993 он. №1, 15 дахь тал