Д.Лүндээжанцан
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: Үндсэн хууль, Олон улсын жишээ, Нэмэлт өөрчлөлт, хууль батлах
Үндсэн хуулийн үзэл санаа эрх зүйн тогтолцооны хөдөлбөргүй чиг шугам болж, хуулиас дээгүүр буюу гадуур хэн нэгний ямар Нэг хүсэл зориг үл ноёрхоно. Төрөөс баталсан тэрхүү Үндсэн хууль дээд хүчин чадалтай бөгөөд түүнийг эрх олгогдсоноос бусад ямар ч субъект өөрчлөх болон хүчингүй болгох эрхгүй. Тодотговол, улс үндэстэн Үндсэн хуулиа өргөн төлөөлөлтэй, улс төрийн бүх хүчнүүд харилцан зөвшилцөж оролцох бололцоог хангасан, нэр хүндтэй, зөвшөөрөгдөхүйц субъектуудын оролцоо бүхий түр (зохион байгуулах) хурлаар хэлэлцэж баталдагт оршино.
Өдгөө, Үндсэн хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх, бүх ард түмний санал асуулгаар шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах явдал өргөжиж буй нь төрийн засаглалын зөвшөөрөгдөх байдлыг гүнзгийрүүлэхэд чухал алхам болж байна.
Дэлхийн улс төрийн практикт Үндсэн хуулийг тогтоох хийгээд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, арга шалгуур янз бүр байна. Үүнд:
- Зохион байгуулах байгууллага. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулагдсан хууль тогтоох байгууллага буюу Үндсэн хуулийн Конвент, Түр буюу Зохион байгуулах Конгресс, “Конгресс хэлбэртэй парламент” (Франц), ард түмний тусгай мэжис (Мальдив) нутгийн захиргааны хурал (Дундад зууны үеийн Орос) гэх мэт. Тодруулбал, Зохион байгуулах хурлыг ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн хурал гэж ойлгох буюу түүний үндсэн үүрэг нь төрийн байгууллын үндсийг өөрчлөн тогтоосноор тодорхойлогдоно.
- Бүх ард түмний санал асуулга. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Германд явуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх ард түмний санал асуулгаар Холбооны Канцлер Ерөнхийлөгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж болохыг тогтоосон ба энэ нь төрийн байгууллын үндсэн институтыг өөрчлөхөд хүргэсэн байна.
- Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн төлөөлөгчдийн дээд байгууллага буюу парламенттай хамт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.
- Октpорование-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад төрийн байгууллыг өөрчлөх буюу тогтоох, төрийн засаглалын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох Эзэн хаан буюу Ерөнхийлөгчийн дангаар гаргах актаар хэрэгжүүлэх (Африкийн орнууд, Балба г.м.).
Үндсэн хууль судлалын өнөөгийн түвшинд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмаар нь Үндсэн хуулийг хатуу хийгээд зөөлөн (уян хатан) гэж ангилах нь түгээмэл байна.
Хатуу Үндсэн хууль – нэмэлт, өөрчлөлт оруулах журам нь нарийн түвэгтэй. Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн төлөөлөгчдийн дээд байгууллага буюу Парламентын хуулиуд жирийн олонхийн саналаар (50% 1) батлагдаж байхад үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах нь гол хуулийн хувьд онцгой (тусгай) журмыг шаардана.
Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн арга байх ба нэгд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль тогтоох эрх бүхий байгууллага, төрийн тэргүүн гаргасан, хоёрт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль тогтоох эрх бүхий байгууллага буюу парламент авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний олонхийн санал хийгээд дэмжлэг авсан байх, гуравт, Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн дэмжиж, сайшаан батлах гэсэн үндсэн гурван үед хуваан авч үзэж болно.
АНУ, Итали, Франц, Энэтхэг зэрэг орнуудад Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлт нь янз бүр байна. Тодотговол, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах журмын хэд хэдэн хувилбартай байна гэсэн үг.
АНУ-ын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Конгресс хоёр танхимын гишүүдийн гуравны хоёр нь зайлшгүй шаардлагатай” гэж үзсэн тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болгосноор, эсхүл муж улсуудын хууль тогтоох хурлын гуравны хоёрын санаачилгаар Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Чуулган хуралдуулж болно.
Конгресс батламжийн хоёр аргын аль хэлбэрийг санал болгосноос шалтгаалан, эсхүл Муж улсуудын хууль тогтоох хурлын дөрөвний гурав, эсхүл, Үндсэн хуулийн чуулганы деревний гурав батламжилсний дараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр болно” гэж заажээ.
Нягталбал, АНУ-ын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд гол хууль (Основной закон) түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад 4 журам хэрэглэж болохыг заасан байна. Үүнд:
Нэгд, Конгресс – Легислатур. Хоёрт, Конгресс – Конвент. Гуравт, Конвенц – Конвенц. Дөрөвт, Конвент – Легислатур.
Үндсэн хууль хийгээд гол хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах практикт эхний журмыг хэрэглэх нь олонтаа.
Өнөөдрийн байдлаар, АНУ-ын Үндсэн хуульд 27 нэмэлт, өөрчлөлтийг оруулсан ба АНУ-ын Үндсэн хуулийг хянан үзэх тухай саналыг 200 гаруй жилийн туршид Конгресст арван мянга гаруй удаа хэлэлцсэнээр дээрхи нэмэлт, өөрчлөлт орсон байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхны төслийг 1789 онд боловсруулж, хоёр жил гаруй конгрессоор хэлэлцэн 1791 онд баталсан түүхтэй. Харин 27 дахь буюу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг 1789 онд санаачлан бүтэн 203 жилийн турш хэлэлцэгдэж 1992 оны 5 дугаар сарын 7-нд батлагдсанаар Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр болсон байна.
Франц улсын Үндсэн хуульд зааснаар Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр журам байна.
Нэгд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч, парламент гаргах бөгөөд Ерөнхийлөгч Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Парламент Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргасан байна. Энэ журмын дагуу Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, санал нь Парламентын хоер танхимаар дэмжигдсэн байх ёстой.
Хоёрт, Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Ерөнхийлөгч Парламентад өргөн мэдүүлж барина.
Нягталбал, Франц улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санал болгосон Үндсэн хууль түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлахын тулд л хоёр танхим (Үндэсний Ассамблей, Сенат) хамтарсан хуралдаан хийж болно (1958 оны Франц улсын Үндсэн хууль. 89 дүгээр зүйл).
Парламентын хоёр танхимд гишүүдийн туйлын олонхи хүрэлцэн ирснээр ирц хүчинтэй болох бөгөөд хууль батлахад ердийн олонхийн санал шаардлагатай.
Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Парламентын гишүүний ердийн олонхийн саналаар батална. Харин Конгресс (хоёр танхимын хамтарсан хуралдаан)-д Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцээд батлахаар шийдсэн бол Конгрессын нийт гишүүний тавны гурваас доошгүйн санал шаардагдана.
Герег, Итали, Испани зэрэг орнуудад Парламентаар боловсруулж бүх нийтийн санал хураалт явуулах замаар Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулдаг.
Испани улсын Үндсэн хуулийн 167 дүгээр зүйлийн нэгд: 1 “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь танхим бүрийн нийт гишүүдийн тавны гурвын саналыг авсан байна. Хэрэв танхимууд нэгдсэн саналд хүрч чадахгүй бол депутат ба сенаторын тоо тэнцүү хамтарсан комисс байгуулах саналыг Конгресс ба Сенатад оруулна” гэж хуульчлан заажээ.
Нягталбал, танхимууд нэгдсэн саналд хүрч чадахгүй бол хамтарсан комисс байгуулж, Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэнэ гэсэн үг. Энэ нэмэлт, өөрчлөлтийг Сенат нийт гишүүний тэн хагасаас илүүгийн саналаар, Конгресс гуравны хоёрын саналаар батална.
Ерөнхий Кортесоор хүлээн зөвшөөрөгдсөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлуулахаар санал тавина (Испани улсын Үндсэн хуулийн 167 дугаар зүйлийн 3).
Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлт ийнхүү батлагдсанаас хойш 15 хоногийн дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар аль нэг танхимын гишүүдийн аравны нэгээс доошгүй нь шаардсан бол ард нийтийн санал асуулга явуулна.
Үндсэн хуулийн ерөнхий зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахад дээрх хатуу журмыг хэрэглэнэ.
Итали улсын Үндсэн хуулийн 138 дугаар зүйлд: Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлт нь танхим тус бүрээр хоёр удаа хэлэлцэгдэж (3 сарын хугацаатай), хоёр дахь санал хураалтаар нийт гишүүний дийлэнх олонхиор дэмжигдсэн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Парламентын танхим бүрийн нийт гишүүний тавны нэгээс доошгүйн саналаар, 500 000 сонгогч буюу 5 мужийн зөвлөл шаардсанаар ард нийтийн санал асуулга явуулна. Тийн хэмээвч, бүх ард түмний санал асуулга нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан хэрэг биш.
Бүх ард түмний санал асуулгыг танхимын хоёр дахь санал хураалтын үеэр явуулахгүй ба танхим бүрийн нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батална.
Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульдаа хатуу зааж өгсөн улс орон байна. Эл төрлийн Үндсэн хуультай улс оронд Япон, Дани улс орно.
Японы Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг парламент гаргах бөгөөд хоёр танхимын нийт гишүүний гуравны хоёрын дэмжлэгийг авсан байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж батлуулахаар шилжүүлэх, эсхүл парламентын тусгай сонгууль явуулж, сонгогдсон шинэ парламентад хоёр дахиа хэлэлцүүлж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр болно.
1947 онд батлагдсан Япон улсын Үндсэн хууль, 1953 онд батлагдсан Данийн Үндсэн хуульд өнөөгийн байдлаар нэг ч нэмэлт, өөрчлөлт ороогүй байна.
Зөөлөн (уян хатан) Үндсэн хууль – нэмэлт, өөрчлөлт оруулах журам нь хялбар. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн төлөөлөгчдийн дээд байгууллага буюу Парламентаар батлахад ямар нэг тусгай журмыг үл шаардах ба энэ талаар Үндсэн хуульд хуульчлан заагаагүй байдаг. Эл төрлийн Үндсэн хуультай улс оронд Их Британи, Шинэ Зеланд, Израил, Саудын Араб орно.
Дэлхийн бүх улс орны Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг задлан шинжилбэл Үндсэн хуулийн асуудлын талаар нэмэлт, өөрчлелт оруулах журам харилцан адилгүй байна. Тодотговол, Испани улсад Үндсэн хуулийн ерөнхий зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахад нэлээд хатуу журмыг баримтлах ба хүний эрх, эрх чөлөө хийгээд эзэн хааны эрх зүйн байдлын тухай асуудалд нэмэлт, өөрчлөлт оруулахад танхим бүрийн нийт гишүүний гуравны хоёр хувийн санал авах шаардлагатай.
Нидерланд улсад Үндсэн хуулийн ерөнхий зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, олон улсын гэрээ, хэлэлцээр Үндсэн хуульд нийцэхгүй тухай асуудал, парламентын гишүүний эрх зүйн байдал хийгээд эзэн хааны санхүүгийн байдал, хаан ширээ залгамжлах тухай асуудалд нэмэлт, өөрчлөлт оруулахад дийлэнх олонхийн буюу Парламентын нийт гишүүдийн гуравны хоёр хувийн санал мөн адил авах шаардлагатай байдаг бол Португали улсад Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахаас бусад үед шийдвэр гаргахад ердийн олонхийн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад гуравны хоёрын, бүр чухал асуудлыг тавны дөрвөөс доошгүйн саналаар батална.
Энэтхэгт, Ерөнхийлөгчийн сонгууль, гүйцэтгэх хийгээд шүүх засаглалын асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд Парламентын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн санал, бусад асуудлаар ердийн олонхийн санал авах шаардлагатай байдаг байна.
Зарим орны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй зүйл байна. Жишээ нь, Франц, Итали гэх мэт улсуудад Бүгд Найрамдах төрийн хэлбэр (Итали улсын Үндсэн хуулийн 139 дүгээр зүйлийн нэг), ХБНГУ-д Холбооны улс нь муж улсад хуваагдах, муж улс нь хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох тухай асуудлыг өөрчилж болохгүй.
АНУ нь 213 жилийн турш Үндсэн хуулиа дагаж мөрдөхдөө төрийн засаглалын байгууллагуудын харилцан тэнцвэртэй орших хийгээд бие биеийн хэрэгт үл оролцох, харилцан бие биенээ хянах бүтэц, зохион байгуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.
Зарим орны Үндсэн хуульд тодорхой хугацаанд хянан үзэж болохгүй тухай заалт байдаг. Жишээ нь, Герег улсын Үндсэн хуулийн 110 дугаар зүйлийн 6-д “Өмнөх өөрчлөлтөөс хойш 5 жил болоогүй бол Үндсэн хууль, түүнд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно”.
Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3-т зааснаар Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.
Бельги улсын Үндсэн хуулийн 196 дугаар зүйлд зааснаар Дайны эхэн буюу үргэлжилж байгаа үед болон Парламентын танхим нь холбооны нутаг дэвсгэрт чөлөөтэй цугларах боломжгүй үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
Франц улсын Үндсэн хуульд зааснаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдах үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрдөггүй байна.
Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг санаачлах эрх бүхий субъект нь хууль тогтоох үйл ажиллагаатайгаа адил ихэвчлэн Төрийн тэргүүн байна. Жишээ нь, Бельги, ОХУ, Франц…
ОХУ-ын Үндсэн хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар Ерөнхийлөгч, Холбооны зөвлөл, Терийн Дум, ОХУ-ын субъектуудын хууль тогтоох байгууллага, Төрийн Дум болон Холбооны зөвлөлийн тавны нэгээс доошгүй депутатуудын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргана.
Франц улсын Үндсэн хуулийн 89 дүгээр зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын гишүүн гаргана.
Австри, Итали гэх мэт оруудад Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтөд ард түмний санаачилга чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь, Австрид 100 мянган сонгогч гарын үсэг зурсан бол, Итали улсад 500 мянган сонгогчийн гарын үсэг зурснаар нэмэлт, өөрчлөлтийг санаачилна.
Австрали, ОХУ, Швед зэрэг орнуудад Үндсэн хуулийн төсөл бэлтгэх, зөвлөлдөх байгууллага, Хороо, Комисс байгуулагдан ажилладаг онцлогтой.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Парламентын гишүүний ирцийн асуудал чухлаар тавигдана. Жишээ нь, Люксембургийн вант Улсын Үндсэн хуульд зааснаар Парламентын нийт гишүүний олонхи хүрэлцэн ирснээр хуралдааны ирц бүрдэнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Парламентын нийт гишүүний дөрөвний гурав нь хүрэлцэн ирсэн байх шаардлагатай. Аливаа шийдвэрийг туйлын олонхийн саналаар гаргана. Харин Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг гуравны хоёрын саналаар батална.
Герег улсын Парламентад нэрээр санал хураах үед нийт гишүүний деревний гурваас доошгүй нь байх ёстой. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг парламентаар хэлэлцэх үед танхимын нийт гишүүний тавны гурав нь байлцах шаардлагатай. Санал хураахад гишүүдийн дөрөвний нэг нь байх ёстой бөгөөд тэдний туйлын олонхиор шийдвэрлэнэ.
Нидерландын вант улсын парламентад танхимын гишүүдийн ердийн олонхи хүрэлцэн ирснээр хуралдааны ирц бүрддэг. Шийдвэрийг ердийн олонхийн саналаар гаргана. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед дийлэнх олонхи нь байлцах ёстой гэсэн ерөнхий жишиг байдаг.
Хоригийн хувьд дэлхийн дийлэнх оронд нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавьдаггүй байна.
Зарим улс Үндсэн хуульдаа шууд заан бэхжүүлсэн нь ч байдаг. Жишээ нь, Португалийн Үндсэн хуулийн 286 дугаар зүйлийн 3-т “Ерөнхийлөгч Нэгэнт сайшаагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг татгалзаж үл болно” гэж заасан байна.
Дэлхийн жишиг ба олон улсын практикийн тухай асуудал бол аль ч улс үндэстний тэр тусмаа ардчилал, зах зээлийн замаар хөгжиж эхэлсэн, хөгжиж байгаа орны хувьд яах аргагүй баримжаа болгож түшиглэх зүйл мөн. Гэхдээ бид Монгол улс дэлхийн нэг жижиг хэсэг, 200 гаруй улс орны өвөрмөц онцлог бүхий гишүүн, тэгсэн хэрнээ Монгол бол Америк ч биш, Герман ч биш, буурай хөгжилтэй, нүүдлийн иргэншилтэй үндэсний түүх, соёлын асар их уламжлалтай улс гэдгийг ямагт бодолцож байх учиртай1 гэж судлаач Г.Чулуунбаатарын анхааруулсныг тэмдэглэхэд илүүдэх юун.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал Үндсэн хуулийн 6 дугаар бүлэгт тусгалаа олсон юм. Энд юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг ямар субъект гаргах асуудал орно.
Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын 76 гишүүн, Засгийн газар гэсэн нийт 78 субъект юм.
Мөн Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Үүнд логик болон системт тайлбар хийж үзвэл Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн маргаантай асуудлыг шийдвэрлэх явцдаа Үндсэн хуулийн доторх хоорондоо зөрчилдсөн болон нэгдмэл ойлголтод хүрэхгүй тодорхой бус байгаа хэм хэмжээнүүдийг тодотгон, ойлголтын зөрүүг арилгах шаардлагын үүднээс саналаа гаргах эрхийг нээж өгсөн хэрэг юм.
1Монгол улсын төрийн байгууллагуудын чадавхи: Ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж. УБ. 1998. 106 дахь талд үз.
Гэхдээ энэ санал нь санаачилга биш юм. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэхийн тулд хуулийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжилна гэж Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Улсын Их Хурлын тухай, Дэгийн тухай зэрэг хуулинд хэлэлцэх журмыг зааж өгөх шаардлага гарч байна.