Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхмийн багш/
Шинэ толь №43, 2003
Түлхүүр үг: Клиент –Патрон харилцаа, Улс төрийн үйл явц, Улс төрийн намын санхүүжилт , Инстутын чадавхи, Төр ба нам, Бизнесийн орчин, Татварын орчин
Оршил
Улс төрийн социологийн тулгамдсан асуудлын нэг бол улс төрийн ба эдийн засгийн институтийн хоорондын харилцааны асуудал юм. Энэхүү харилцаа нь олон янзын хэлбэрээр олон янзын түвшинд илэрч болдог боловч үүний нэг хэлбэр болсон улс төрийн нам ба бизнес эрхлэгчдийн хоорондын харилцааг тухайлан авч үзэж болох юм. Түүнчлэн, нам нь засгийн эрхийн төлөө тэмүүлж байдаг тул дээрх харилцаанд төр гэсэн нэгэн субъект нэмэгдэнэ. Үүнийг схемчлэвэл, бизнес-нам-төр гэсэн харилцаа юм. Дээрх гурван субъектын хоорондын харилцаа нь сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээхэн татах болжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг цочроож байгаа үзэгдэл бол улс төрийн тодорхой хүчин Сонгуульд оролцохдоо бизнес бүлэглэлүүдээс санхүүгийн дэмжлэг авах болсон явдал юм. Уг үзэгдэл хуучин социалист болон СНГ-ийн орнууд, мөн хөгжингүй Япон, Герман, бүр цаашилбал АНУ-ын Ерөнхийлэгчтэй хүртэл холбогдсоноор түгээмэл шинжтэй боллоо. Ардчиллын нэг ёсны хямрал гэж хэлж болохуйц эл үйл явцыг ажиглавал цаашид ужигран хүндрэх төлөвтэй байна. Дэлхий нийтэд өрнөж байгаа энэхүү үйл явдал нь манай улсыг ч тойрч гарсангүй.
Ядуу буурай хөгжилтэй, гаднаас орж ирэх зээл тусламжид шүтэж амьдардаг, улс төр, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалт төлөвшөөгүй байгаа манай орны хувьд уг асуудал нь ихээхэн хүндрэл бэрхшээлийг бий болгож байгаа бөгөөд нягт судалгаа шаардаж байна.
Асуудлыг олон талаас нь харж Монголын нийгмийн байдал, улс төрийн үйл явцын өрнөлийг ажиглавал бизнес-нам-төр буюу бизнезменүүд, намын лидерүүд, төрийн албан хаагчид гэсэн ерөнхий схем тодорч байна.Эдгээр субъектууд нь өөр хоорондоо шууд болон шууд бус байдлаар холбогдсон байдаг учир тэдний харилцааг танин мэдэхүйн зорилгоор болзмол байдлаар ангилж болох юм. Тийм ч учраас дээрх гурвалсан хэлхээг салган. Тус бүрд нь шинжлэн үзэх нь нийгэмд бодитой оршин буй уг үзэгдлийг танин мэдэхэд туслах болно.
Бизнес ба нам
Манай улсын иргэд чөлөөтэй бизнес эрхлэх болсоор дөнгөж
10 гаруйхан жил өнгөрч байна. Энэ нь бизнес ба нам харилцаа нь саяхнаас үүсэлтэй гэдгийг харуулна. Сүүлийн үед манай бизнес эрхлэгчид улс төрд оролцох сонирхол ихэссэн, мөн улс төрийн намууд үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхийн тулд бизнес эрхлэгчдээс санхүүгийн дэмжлэг авах нь хэвшил болсон хоёр үйл явц зэрэгцэн өрнөж бизнес ба нам хэмээх субъектуудын харилцааг шууд тодорхойлох боллоо. Үүнд шууд болон дам байдлаар нөлөөлж байгаа хүчин зүйлсийг дараахь хоёр бүлэг болгон хуваагаад тус бүрд шинжилгээ хийн үзье.
А. Бизнес эрхлэгчид улс төрийн намууд руу тэмүүлэх нь дараахь үндсэн шалтгаантай билээ. Үүнд,
Нэгдүгээрт, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд манай иргэд бизнес хийх ур чадварт дөнгөж суралцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн туршлагагүй бизнесмэнүүд өөр хоорондоо бизнес төлөвлөгөө, маркетинг, менежментээрээ өрсөлдөж чадахгүй байгаа учраас тэд өөрсдийн ашгаа амар хялбар аргаар өсгөхийг сонирхдог нь нууц биш юм. Тухайлбал, доктор Г.Чулуунбаатарын судалгаагаар бизнес эрхлэгчдийн дөнгөж 30 гаруй хувь нь бизнес төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь тэднийг улс төрийн намаар дамжин төрийн үйлчилгээний салбарт өөрийн нөлөөллийг тогтоохыг эрмэлзэхэд хүргэж байна.
Хоёрдугаарт, өнөөгийн манай нийгэмд бизнес эрхлэх нь ихээхэн хүндрэлтэй байна. Учир нь янз бүрийн зөвшөөрөл, лиценз, шалгалт зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой хүнд суртал, түүний илрэл болсон дарамтууд нь бизнесмэнүүдэд ихээхэн бэрхшээл учруулна. Үүнийг даван туулахын тулд бизнес эрхлэгчид өөрсдөө төрийн томоохон алба руу тэмүүлэх болсон. Үүнд улс төрийн намыг гүүр болгон ашигладаг. Тэдэнд өөрсдийн бизнесээ хамгаалах,өрсөлдөгчдөө цөөрүүлэх, бизнесээ өргөжүүлэх, шинэ салбарыг эзлэх зэрэг зорилготой байдаг.
Гуравдугаарт, манай оронд 1991 оноос эхэлсэн өмч хувьчлал дуусаагүй байна. Өдгөө багагүй хуримтлалтай болж амжсан бизнесмэнүүдийн сонирхлыг өмч хувьчлал зүй ёсоор татаж байна. Үүнээс улбаалан өмч хувьчлалын асуудалд улс төрийн намуудын лидерүүд, төрийн эрх мэдэл бүхий албан хаагчид тэдний эрх ашгийг илэрхийлэгч бүлгийн бизнесмэнүүд холбогдох явдал газар авлаа.
Бизнесмэнүүд намтай холбогдох дээрх хүчин зүйлсээс гадна олон янзын шалтгаан хүчин зүйл бий гэдэг нь тодорхой.
Б. Улс төрийн намууд бизнесмэнүүдтэй холбогдоход нөлөөлдөг үндсэн шалтгаан.
Намууд бизнесмэнүүдтэй холбогдоход нөлөөлж байгаа хүчин зүйлсийг дараахь байдлаар дурдаж болно. Үүнд,
Нэгдүгээрт, манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л намууд хатуу гишүүнчлэлтэй чанга хэв маягт хамаарна. Ийм намууд нь орон нутагт тархсан салбартай байж, байнгын аппаратыг ажиллуулах шаардлагатай болдог ба санхүүгийн (мөнгөний) бэрхшээл тулгардаг. Хэдийгээр намууд нь санхүүжилт олох нэлээд хэдэн боломж байдгийг дурдвал а/гишүүдээсээ татвар авах, б/ төрөөс дэмжлэг авах, в/ бизнесмэнүүдээс хандив авах гэсэн гурван үндсэн хэлбэртэй. Эхний хэлбэрийн хувьд намын гишүүдийн татвар нь намын орлогын үндсэн эх үүсвэр болох ёстой боловч өнөөгийн Монголын улс төрийн намуудын гишүүдээс авах татвар нь үйл ажиллагааныхаа зардлыг санхүүжүүлэхэд хангалтгүй байна. Үүнийг хүн амын орлого бага байгаа тул намын гишүүдээсээ татвар авч чаддаггүй, ихэнхи намуудын хувьд татвар авах механизм нь зүгшрээгүй байгаа, намын гишүүд ч гэсэн татвар өгч Хэвшээгүй зэрэгтэй холбон тайлбарлаж болох талтай. Харин хоёр дахь хэлбэрийн хувьд зөвхөн парламентад суудалтай нам л улсын төсвөөс мөнгө авдаг жишиг Монголд бий. Тийм учраас өнөөгийн улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэр нь бизнесмэнүүд болдог бөгөөд тэр хэрээрээ бизнесмэнүүд намуудад гүнзгий нөлөөтэй байдаг нь үндэслэлгүй зүйл биш юм. Дээрхээс гадна манай орны зарим намууд байрны түрээс санхүүжиж байгаа практик бий.
Хоёрдугаарт сонгуулийн үеэр намын үйл ажиллагаа ардал асар их өсч намын дарга нар мөнгө олох асуудалтай тулгардаг байна Хэрвээ манай орны тойргуудын алслагдмал байдалтай бус, тээврийн зардал бага хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн өртөг бага байсан бол энэ зардал багасах л байсан байх. Гэтэл манай оронд эсрэгээрээ сонгуульд асар их мөнгө шаардагдах болж, үүний улмаас намууд хууль бус үйлдэлтэй холбогдох боллоо. Энэ нь зөвхөн манай оронд ажиглагдаж буй зүйл биш юм. Германы канцлер, АНУ-ын ерөнхийлөгч, ОХУ-ын ерөнхийлөгч асан зэрэг олон орныг жишээ болгон дурдаж болно. Ардчиллын чухал элемент болсон сонгуулийн зардал ийнхүү өсөж байгаа нь ардчиллын нэг ёсны хямрал хэмээн үзэх болохоор тийм агуулгатай болжээ.
Гуравдугаарт, улс төрийн намууд бизнесмэнүүдтэй хутгалдах бас нэг шалтгаан нь улс төрийн лидерүүдийн хувийн ашиг сонирхолтой холбоотой. Мафи гэж хэлж болохуйц улс төр ба бизнесийн бүлэглэлүүд сүүлийн жилүүдэд нэгэнтээ үүсэж бий болсон тухай хаа сайгүй ярьж бичиж байна. Үүнд намын лидерүүд өөрсдийн амьжиргааны баталгаат байдлаа хангах эрх ашиг нь бизнесменүүдтэй орооцолдоход хүргэдэг.
Дээрхээс үндэслэн нам бол бизнесийн ашиг олох байгууллага биш мөртлөө өөрийн мөн чанар засгийн эрхийн төлөө сонгуульд өрсөлдөхөд асар их хэмжээний зардал гаргадаг нь засгийн эрхэнд гарсаны дараа мөнгө төлөгч нарт барьцаалагдах аюул үүсгэдэг байна.
Ялангуяа сонгуулийн мажоритар тогтолцооны үед сонгуульд тодорхой нэр дэвшигч бизнес бүлгүүдээс санхүүжилт авч харьяат болох нь түгээмэл байна. Үүнээс улбаатай бизнесийн олон янзын ашиг сонирхол нэг нам засгийн эрхэнд байхад хадгалагдаж байдаг ба гишүүд нууцаар санал хураахад энэ нь тод илэрдэг. “Социологийн академи” судалгааны төвөөс хийсэн судалгаанаас үзвэл 1996 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хүмүүсийн 20% нь хувийн компанид ажилладаг байжээ. Энэ тоо цаашид ч төдийлөн багассангүй. 2000 оны сонгуулиар дээрх дүн тогтвортой байсан буюу сонгуульд нэр дэвшигчдийн 20 орчим хувийг бизнесмэнүүд тогтмол эзэлж байв. Мөн өдгөө манай томоохон намууд болох МАХН-ын бага хурлын гишүүдийн 18%-ийг, МАН-ын ҮЗХ.гишүүдийн 20 орчим хувь нь бизнесмэнүүд байдаг.Үүн дээр МАШСН, Иргэний Зориг ба БНН зэргийг нэмж болох юм.
Цаашдаа парламентад нууц санал хураалт явуулах нь УИХ-ын гишүүн бүр өөрсдийн далд эрх ашгаа илэрхийлэх боломжийг олгодог гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Нам ба төр
Шинэчлэлийн үеийн Монголын улс төрийн системд олон намын систем ба төр гэсэн харилцаа онцгой байр суурь эзэлдэг. Өнгөрсөн практикт манай оронд хоёроос гурван улс терийн хүчин засгийн эрх барьж байсан дээрх 10 гаруй жилд болсон үйл явцыг бүхэлд нь шинжилгээ хийн үзвэл нам ба терийн хооронд дараахь онцлог харилцаа ажиглагдаж байна.
Нэгдүгээрт, улсад бүртгэлтэй улс төрийн 10 гаруй нам байдаг хэдий ч өнөөгийн байдлаар манай улсад 2-3 хүчин засгийн эрх барьж байжээ. Цаашид ч гэсэн улс төрийн цоо шинэ хүчин засгийн эрхэнд гарна гэж хэлэхэд бэрхшээлтэй юм.
Хоёрдугаарт, бизнес бүлгүүд өөрсдөө төлөөний хүмүүсээр дамжуулан төрийн өндөрлөгт байр сууриа эзэлж амжлаа. Үүний тулд төрийн боловсон хүчний халаа сэлгээг өөр намынх хэмээн шалтаглан хийдэг ба үнэн чанартаа энэ нь төрийн бүх шатны албан тушаалыг хуваах гэсэн бизнес бүлэглэлүүдийн сонирхлоор илэрч байгаа юм. Тийм учраас судлаачид манай улс төрийн системийн төв нь төр бус нам болсоор удаж байна хэмээн дүгнэдэг. Ялангуяа татвар, гааль, газрын алба зэрэг байгууллагууд нь бизнесменүүдийн сонирхолыг ихээр татдаг. Мөн үүн дээр цагдаа, шүүх, прокурор зэргийг нэмэх хэрэгтэй. Эдгээр салбарууд дээр тавих боловсон хүчнийг наанаа нам шийдэж буй мэт боловч цаагуураа бизнес бүлгүүд шийддэг болсоор удаж байна.
Үүнээс үүдэлтэй бизнес улс төр холилдсон харилцаанд зөрчил ихээр үүсэх, хуримтлагдах боллоо. Рекотизм бол Үүний нэг жишээ.
Бусад улс орнуудын бизнесмэнүүдийг бодвол манай эрхлэгчид төрөөс дэндүү хамааралтай байдаг суурь шалтгаантай.
- Эдийн засгийн харилцааны суурь болсон газрын харилцааг өнөө хүртэл шийдээгүйг хамгийн дурдах хэрэгтэй. Газар хувьчлагдаагүй байгаа учир томоохон бизнес эрхлэх гэсэн хүмүүс хүссэн хүсээгүй газрын албатай холбогдох болдог.
- Эдийн засагт төрийн компаниудын давамгайлах байдал хадгалагдсаар байгаа нь бзнесменүүд Төрийн албыг сонирхох бас нэгэн шалтгаан болж байна.
- Ихэнх мөнгө гаднаас зээл тусламж байдлаар төрөөр
дамжин орж ирдэг нь бизнесменүүдийн сонирхлыг татдаг байна. Олон улсын байгууллагын судалгаагаар энэ нь нотлогдож байна.
- Ихэнх бизнесмэн худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг учир гааль, лиценз зэрэг төрийн үйлчилгээтэй учрахаас өөр аргагүй болдог.
- Бизнес эрхлэгчдэд авилга, хүнд суртал зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл ихээхэн дарамт болдог юм.
Бизнесмэнүүдийн хувьд төртэй холбоотой ажиллах хүсэл эрмэлзлийг дээрх байдлаар тайлбарлаж болох бол төрийн албан хаагчид бизнесмэнүүдтэй дараахь ашиг сонирхлоор Нэгддэг буй за.
- Юуны өмнө төрийн алба баталгаагүй байна. Цаг хугацааны хувьд ихэвчлэн сонгуулиар хэмжигддэг тул “олдсон дээр” нь гэдэг зарчмаар эрх мэдлээ ашиглаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тогтворгүй байдал тэдний зан үйлийг тодорхойлох үүргийг гүйцэтгэдэг гэдэг нь хүний эрхийн судалгаанд төрийн албан хаагчдын 70% нь сонгуулиар солигдоно гэдэг айдастай байдаг хэмээн хариулснаас харагдана.
- Өнөөдөр хамгийн бага цалинтай хүмүүс бол төрийн албан хаагчид юм. Судалгаанаас үзвэл тэд хувийн салбарт ажиллагсдаас 2-3 дахин бага цалинтай ажиллаж байгаа нь бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад түлхэц болж байна.
Гэхдээ миний бие бизнесийн салбарт амжилт олж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бизнесмэнүүд бий гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдгээ онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Төгсгөл
Нийгэмд оршин байгаа дээрх үзэгдэлтэй тэмцэхийн тулд дараахь гурван багц үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалт хийж бодлого, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх шаардлагатай юм.
А. Бизнес ба намуудын хоорондын харилцаанд:
- Намуудад бизнес бүлгүүдээс өгч буй хандивыг зохицуулах ба хандивын дээд хэмжээг хуулиар зааж өгдөг болох. Үүнийг сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хийж болох юм.
- Сонгуулийн зардалд хэт их мөнгө зарцуулдагийг нийтэд нь багасгах. Үүнийг мөн сонгуулийн хуулиар зохицуулж болно.
- Улс төрийн нам болон бизнес бүлгүүдийн харилцааг хуулиар зохицуулалт хийх. Энд намуудын тухай болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хийж болох юм.
- Улс төрийн намуудыг аажмаар зохион байгуулалтын сулхэв маяг руу шилжих, үйл ажиллагааны зардлыг багасгахыг дэмжих бодлого, хуулийн өөрчлөлтийг хийх.
- Монголд намын ажлын менежментийг онол практикийн түвшинд хослуулан хөгжүүлж нам нь ТББ адил өөрийн үйл ажиллагаанаас санхүүжих, намын ерөнхий нарийн бичгийн даргыг намын менежер гэдэг талаас нь чадварлаг хүнийг тавих зэрэг арга хэмжээг дурдаж болох ЮМ.
Б. Улс төрийн нам төр хоёрын хоорондын харилцаанд:
- Сонгуульд ялсан улс төрийн хүчин төрийн албан хаагчдыг хоморголон сольдгийг болиулах, тодорхой хувь хэмжээ тогтоож хуульд оруулах, улс төрийн хүчнүүд зөвшилцөл хийх зэрэг механизмыг бий болгох.
- Төрийн албан хаагчдын асуудлыг шийддэг зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж төрийн албаны тогтвортой ирээдүйн баталгааг хангаж өгөхийг эрмэлзэх.
- Хүчний байгуулагууд, гааль, татвар аль татвар зэрэг үйлчилгээний байгууллагын даргыг урт хугацаагаар сонгодог журамд шилжих.
- Төрийн зарим албан хаагчид улс төрийн нам гишүүнчлэлгүй байх, сонгуульд өрсөлдөх болв тодорхой хугацааны өмнө эрхэлж байгаа ажла татагалзах зарчим бий болгож хэвшүүлэх зэрэг.
В. Төр бизнесмэнүүдийн хоорондын харилцаанд:
- Төрийн албан хаагчдын гэр бүлийн орлогыг нийтэд зарлах ба татварын албаны үйл ажиллагааг хүчтэй болгох.
- Өмч хувьчлалтай холбоотойгоор компаний тухай хуулийн зарим заалтыг эргэн харж нарийн зохицуулалт хийх.
- Төрөөс зарлаж байгаа тендерийг нээлттэй байлгах механизмыг бүрдүүлэх.
- Төр засгийн үйл ажиллагааг нээлттэй болгоход чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай хийх.
- ТХШХ-ны хяналтын мөрөөр хариуцлага тооцох механизм бий болгох.
Дээр дурдсан арга хэмжээ, үйл ажиллагааг цогцолбороор нь болон хэсэгчилэн шийдвэрлэж болох талтай. Бас энэ бүх үзэгдэл нь нийтлэгийн харилцаагаар (гэр бүл, найз нөхөд, нэг анги) дамжин хэрэгждэгийг ч бас анхаарах хэрэгтэй. Эдгээр зөрчлийг шийдвэрлэснээр нэгд, бизнес ба нам, нам ба төр, төр ба бизнес гэсэн гурвалсан харилцааг эерэг талаас нь зохицуулна. Хоёрт, төрийн тогтвортой байдлыг хангана. Гуравт, бизнесийн эрүүл орчин үүсэх зэрэг ач холбогдолтой.
Үүний тулд тухайн асуудлыг нарийвчлан судлахаас гадна дээрх асуудлыг хэрхэн зохицуулж байдгийг бусад орны эрх зүйн практикийг судлах шаардлагатай билээ.