С.Батхуяг
/МУБИС-ийн Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгч, профессор, Ph.D/
Шинэ толь №48, 2004
Удиртгал
Бид энэхүү өгүүлэлдээ ЕБС-д суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчид хэдий хэрийн зардлыг ямар эх үүсвэрээс гаргаж байгаа хийгээд энэ талаар ямар бодол сэтгэгдэлтэй, яаж хандаж байгааг тусгахыг оролдсон юм. Судалгааны явцад гарсан үр дүнд тулгуурлан, дараахь зарим мэдээллийг та бүхэнд толилуулж байна. Үүнд:
- ЕБС-ийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид нэг хичээлийн жилд дунджаар хэдий хэр зардал гаргаж байгаа. Бид энэ чиглэлийн мэдээллийг Улаанбаатар хотын төв, зах, аймгийн (сум) төвийн сургуульд суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдаас асуулга (анкетын) судалгаа авах замаар цуглуулсан болно. Асуулгад хүүхдийн хэрэгцээг аль болох өргөн хүрээтэй хамарч, олон чиглэлээр зардлыг тооцуулж, мэдээлэл авахыг хичээсэн боловч бүх нэр төрлөөр хангалттай тодорхой мэдээлэл цугларч чадаагүй ч нэг хүүхдэд дундажаар хэдий хэрийн зардал гаргаж байгаа талаар баримжаа авах боломж олдсон.
- Суралцагчдийн эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдээ мөнгө шаардахад хэрхэн хандаж төлдөг тухай. Энэ нь иргэдийн хандлагыг илрүүлэхээс гадна тэдний хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа хэр зэрэг ухамсарлаж байгааг мөн давхар тандах боломжийг олгож байгаа юм. Бид үүнтэй холбоотой мэдээллийг асуулгаас гадна ярилцлагаас олж авсан. Асуулгын үр
дүн болон ярилцлагын материалаас хүүхдийн эцэг, асран хамгаалагчид нь хүүхдийнхээ шаардсан мөнг хэрхэн яаж өгдөг болон түүний утга учрыг юу г ойлгодог тухай дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц мэдээллийн авсан юм.
Судалгааны дизайн
Энэхүү өгүүллийг “Ерөнхий боловсролын зардал” чиглэлээр 2004 оны 3, 4-р сард Улаанбаатар хот болон Дорнод, Төв Баянхонгор аймгуудын цуглуулсан мэдээ баримтал тулгуурлан бичлээ. Тус судалгааны ажил нь MHHХ, Соросын сангийн дэмжлэгтэйгээр МУБИС-д хэрэгжиж буй “Багш-2005 төслийн хүрээнд хийгдсэн болно. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт: С.Батхуяг (МУБИС), Н.Энхтуяа (МННУ (Соросын сан)), С.Эрдэнэмаам (МУБИС), Ч.Оюун (“Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль), Н.Лхагваа (“Шавь” цогцолбор сургууль), Г.Лувсандандар (Дорнодын Багшийн коллеж) нар хамтран ажиллаж, судалгааны баримт материалаа цуглуулав[1]. 1-р хүснэгтэд судалгааны түүврийг үзүүлэв.[2]
Ингээд судалгааны түүврийг нэгтгэвэл Улаанбаатар хотоос 79, Дорнодоос 156, Баянхонгороос 54, Төв аймгаас 18 буюу нийт 277 хүнээс судалгаа авсан
Бид судалгаандаа дээрх түүвэрт орсон аймаг, хотын иргэдээс асуулга авахын хамтад, тусгай боловсруулсан аргачлалаар ганцаарчилсан ярилцлага хийсэн. Ганцаар- чилсан ярилцлага нь нэг хүнтэй 30 минут орчим хугацаатай үргэлжилсэн юм.
Судалгааг авахдаа орон нутгийн төрийн захиргааны ажилтнуудын туслалцаанд тулгуурлахыг чухалчилсан нь хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын өөрсдийн сэтгэгдэл, үнэлгээг бодитой илэрхийлэх субъектив нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой шийдэл байсан.
Судалгааны үр дүн
Судалгааны явцад цуглуулсан мэдээллийг давтамж тооцоолон хувийн жинг үнэлэх аргачлалаар боловсруулсан бөгөөд эндээс гарсан үр дүнг дээр дурдсан чиглэлүүдэд шууд хамаарах мэдээллүүдэд тулгуурлав.
- Нийтийн жишгийг дагагчид ба үүрэг хариуцлагын ухаарал
Өрхөөс ЕБС-ийн хүүхдэдээ нэг жилд хэдий хэрийн зардал гаргаж байна вэ? гэдэг бол их чухал асуулт юм.
ЕБС-д суралцаж байгаа хүүхдийн ар гэрээс түүний сурах үйл ажиллагаатай шууд болоод дам холбогдох зардлыг гаргах нь социализмын үед ч байсан үзэгдэл. Энэ нь нь зах зээлийн эдийн засгийн харилцаат тогтолцооны үед улам бүр тодорхой болж, хүүхдийн сурах үйл ажиллагаатай шууд холбогдох үйлчилгээнд зориулагдсан зардлын үлэмжхэн хэсэг үйлчлүүлэгчдээс гарах болсон нь урьд өмнө ийм зардал гаргаж байгаагүйгээс гадна эдүгээ амьжиргааны түвшин нь төдийлөн сайнгүй байгаа тэдэнд багагүй нэмэлт ачааллыг үүсгэжээ. Үүнээс үүдэн энэхүү сэдэв сонирхол татсан болно.
Бид өрхийн нэг хүүхдэд нэг хичээлийн жилд дундажаар хичнээн төгрөг зарцуулж байгааг тодруулж, тэр нь өрхийн жилийн орлогын хэдэн хувийг эзэлж байгааг тодорхойлох, зорилт тавьсан.
а. Боломжийн хэрээр зардал гаргадаг
Асуулгын дүнгээс үзэхэд нэг хүүхдэд нэг хичээлийн дундажаар 30000-50000 төгрөг зардаг гэсэн хар харьцангуй олон байв. Хамгийн дээд хэмжээ 1150 $, хам бага нь 2,1 мян. төг, дундаж нь 107,7 мян.төг байл Судалгаанд хамрагдсан өрхийн 81.5 хувь нь 20-100 мя төгрөгийн орлоготой байснаас үзэхэд, энэ нь өрхийн жилий орлогын 18.0 хувийг эзэлж байгаа юм. Энэ бол 2001-200 оны улсын статистикт гарсан улсын дундаж үзүүлэлт (7.6%). ээс бараг 2.4 дахин өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 64 хувь нь хүүхдийнхаа боловсролд зохих хэмжээний зардлыг гаргах ёстой гэж үзэн байсан. Үүнд:
бүхэн нь нэг талаас, зах зээлийн эдийн засгийн жам зүй тогтлыг ойлгож буй, нөгөө талаас, иргэдийн үр хүүхдийнхээ боловсролд хандах хандлагад зохих хэмжээний өөрчлөлт гарч байгаагийн илрэл юм.
Гэхдээ судалгаанд хамрагдагсдын 36 хувь нь “Төрөөс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэсэн Үндсэн хуулийн заалттай байхад, эцэг эхээс мөнгө төгрөг татдаг нь буруу гэж үзсэн бөгөөд тэдний 57.7 хувь нь нийтийн жишгийг дагаж, 29.6 хувь нь хүүхдийн маань дүн, үнэлгээнд муугаар нөлөөлж магадгүй гэж үздэгийн улмаас, сургууль, багш нарын зүгээс шаардсан мөнгө, төгрөгийг нь өгдөг байна. эдгээрийн ихэнх нь орлого багатай өрхүүд байгаа нь ганцаарчилсан ярилцлагын үед ажиглагдсан билээ.
б. Хот хөдөөний ялгаа
Хүүхдүүдийн ар гэрээс гаргуулж байгаа зардлын нэр төрөл хот, хөдөөний сургуулиудын хувьд ерөнхийдөө адил, харин тоо хэмжээний хувьд мэдэгдэхүйц ялгаатай байлаа.
Судалгааны явцад хот хөдөөнөөс судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдээс нэг хичээлийн жилд дунджаар нэг хүүхдэд хэдэн төгрөгний зардал гаргадаг вэ? гэсэн асуултад хамгийн өндөр давтамжтай хариултуудыг үзүүлбэл:
Эндээс хот төв газрын өрхөөс гардаг зардал нь, хөдөөний- хөөс олон дахин их байгаа нь харагдаж байна.
Сургалтын задлаас бусад зардлуудыг харьцуулж үзэхэд л 3- 4 дахин өндөр байна. Энэ нь бодит нөхцөл байдал, төлбөрийн чадвар зэрэгтэй уялдаатай болох нь ойлгомжтой.
в. Гаргах ёстой ба гаргах ёсгүй зардал
Бид судалгаандаа эцэг эхчүүд чухам ямар зардлыг нь гаргахыг хүлээн зөвшөөрч, ямрыг нь гаргах ёсгүй гэж үздэг талаар тэдний үзэмжийг тандах зорилтыг бас давхар тавьсан бөгөөд үүнтэй холбоотой мэдээлэлд боловсруулалт хийхэд дараахь байдал ажиглагдсан юм. Тухайлбал, “Та эдгээр зардлуудаас чухам алийг нь эцэг эх гаргаж болох юм гэж үзэж байна вэ?” гэсэн асуултад харьцангуй олон хувийн санал авсан зардлуудыг жагсаавал:
- ном дэвтэр, үзэг харандаанд
- дүрэмт хувцсанд,
- хүүхдийнхээ авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор курс. дамжаанд сургахад зардал гаргаж болно гэж үзжээ.
Мөн түүнчлэн “Та дээрх зардлуудаас алийг нь эцэг эхээс нь гаргуулах ёсгүй гэж үзэж байна вэ?” гэсэн асуултад харьцангуй өндөр давтамжтай хариултыг жагсаавал:
- хичээлээс хоцорсны төлөө торгох
- нэмэлт давтлага авах
- анги сургуулийн засварт мөнгө татдаг нь буруу гэж үзсэн байна.
Дээрх баримтуудас харахад иргэд асуудалд бодитой хандаж байгаа байдал харагдаж байв.
Гэтэл цөөн хэдий ч зарим хүн “Хүүхдийнхээ ном дэвтэр, үзэг харандаа, дүрэмт хувцас, гүнзгийрүүлсэн сургалт, сонин хэвлэл захиалах, багш нарт баяраар бэлэг өгөх, сургууль төгсөлтийн баярт зардал гаргах ёсгүй” гэж үзсэн нь энэ талаар хүмүүсийн үзэл бодол зөрчилтэй байгааг харуулахын зэрэгцээ хэт бэлэнчлэх үзэл, асуудалд бодитой хандах талаар тодорхой хэмжээний дутагдал байгаагийн илрэл юм. Энэ нь нөгөө талаас, төрийн болоод боловсролын салбарын ажилтнуудын зүгээс иргэдийн үр хүүхдийнхээ ирээдүй, боловсрол эзэмшихэд нь хүлээх үүрэг хариуцлагыг ухааруулан, төрийн бодлого, сургууль багш нарын үйл ажиллагааны талаар бага мэдээлэл өгч ажилладагтай холбоотой байж болох талтай.
- Мөнгө өгөх, авахад учир бий
Мөнгө гэдэг юу юм бэ? Энэ бол энгийн нэг асуулт биш. Бид судалгааны явцдаа эцэг эхчүүд хүүхдийн шаардсан мөнгийг өгдөг, эсэхийг сонирхоод зогсоогүй, түүнийг хэнд өгч, үр дүнг хэр сонирхдог болохыг бас тодруулах зорилт тавьсан бөгөөд энэ талаар ч бас зохих мэдээлэл цугларсан.
а. Хэнд мөнгөө өгөх нь ..
Асуулга болон ярилцлагын үр дүнгээс, эцэг эхчүүдийн олонхи нь “Сургууль, багш нар шаардаж, бид өгч байх ёстой” гэсэн хандлагаар хандаж, шаардсан “хэд”-ийг нь хүүхдээрээ өгүүлээд, “санаа амардаг” байдал ажиглагдсан. Тухайлбал судалгаанд хамрагдагсдын 82.0 хувь нь хүүхдэдээ мөнгө өгч улдаг ба дөнгөж 15.5 хувь нь багшид, 1.5 хувь нь агуулийн захиргаанд, 1.0 хувь нь эцэг эхийн зөвлөлд өгдөг гэсэн байлаа.
Энэ нь нэг талаас, мөнгөний асуудалд тийм ч их ариуцлагатай хандаж чадахгүй байгааг харуулахын сацуу сургууль, багш нараас ч төдий чинээ хөндийхөн хандаж байгааг харуулж байна.
Мөн тэдний дөнгөж 17.6 хувь нь хүүхдийнхээ шаардсан мөнгийг дуртайяа өгдөг байхад. 55.8 хувьд бусдын өмнө нүүрээ улайлгахгүйн тулд, уцаарладаг боловч өгдөг гэсэн нь бас л нэгийг өгүүлж байгаа хэрэг
Ярилцлагын үед ч эцэг эх, хүүхдийнхээ шаардсан мөнгийг боломж муутай болон өгөх шаардлагагүй гэж үзэж байлаа ч яагаад өгдөг тухай асуухад сонирхолтой хариулт өгч байв.
Нэгэн ээж өгүүлсэн нь: Өгөхгүй байх ямар ч аргагүй байдаг. Учир нь ямар нэг байдлаар хүүхдийг маань элдвээр хэлэх, зэмлэх байдал байнга гардаг.
Бас нэг аав: Хүүхдэдээ сургуулиас нэхсэн мөнгийг нь өгөхгүй байхаар багш нар нь хүүхэдтэй минь өөрөөр харьцах болж, гар хараад байгаа шиг байдаг болохлоор өгөхөөс өөр аргагүй байдаг.
Хөдөөний нэг сургуулийн хүүхдийн ээж : Бүх хүмүүс албан шахалтаар л өгдөг шүү дээ. Өгөхгүй бол хүүхдийг дарамтлах, багшийг нь сургуулийн удирдлагууд шахаж шаарддаг юм байна лээ.
Нэгэн багш аав өгүүлсэн нь: Сургуулийн захиргаа бидэнд “Хүүхдийнхээ төлөө мөнгө гаргаж чадахгүй хүн гэж хаа байсан юм бэ?” гэж тулгадаг тул эцэг эхээс мөнгө шаардахаас өөр аргагүй болдог. Сургуулийн төсөвт нь засварын зардал бараг суудаггүй юм биш үү?
б. Мөнгө өгсөний дараа…
Бид судалгааны асуулгадаа “Та сургууль, багш нарт өгсөн мөнгөнийхөө зарцуулалтын тухай мэдээллийг хэнээс авдаг вэ?” гэсэн асуулт оруулсан юм. Үүний хариултаас үзэхэд, судалгаанд хамрагдагсдын 42.7 хувь нь ангийн багшаас нь, 42.2 хувь нь хүүхдээсээ, дөнгөж 2.0 хувь нь сургуулийн захиргаанаас авдаг байсан ба 13.1 хувь нь хэнээс ч мэдээлэл авдаггүй гэжээ.
Эндээс харахад, нөгөө л мөнгөний үнэ цэнд хайнгадуухан хандаж байгаагаас гадна өөрсдийнхөө нэмэр хандивын хувь заяаны төлөө бага анхаарч буй байдал илэрч байна.
Эцэг эхчүүд нь сургуульд мөнгө өгсөн нь үүргээ биелүүлж байгаа төдий хэрэг биш, харин сургууль, багш нараас хүүхдийнхээ боловсролын төлөө илүү ихийг шаардах эрхтэй болж буй хэрэг. Гэтэл бидний ажиглалтаас энэ тухай ойлголт эцэг эхэд бараг байдаггүй бололтой. “Ядаж байхад хэдэн төгрөг авах нь л хэцүү юм” гэх төдийхөн л бэрхшээл тоочихоос бус, бидний өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байгаа, тэр нь хүүхдийн маань боловсролын чанарт ямар ашиг нөлөө үзүүлж байгааг бараг тооцоолж үздэггүй нь тэдний хүүхдийнхээ ирээдүй, боловсролын төлөө тун сул анхаардгийн шинж.
Энэ нь Монголын нийгэмд үйлчлэгч, үйлчлүүлэгчийн хэн хэнийхээ өмнө хариуцлагаа хүлээдэг тогтолцоо, шинэ сэтгэлгээ, хэм хэмжээ төдийлөн бүрэлдэн төлөвшиж чадаагүй байгаагийн илрэл юм.
Нэгэн эцэг: Би мэдээгүй, тэр талын мэдээллийг ээж нь л багштай нь уулздаг болохоор мэдэх байх гэж байгаа нь нэг гэр бүл дотор ч эцэг эх нь хоорондоо хүүхдийнхээ талаар бараг ярилцдаггүйг харуулж байгаа хэрэг.
Судалгаанд хамрагдагсдын 37.5 хувь нь хүүхдийн сургалтын зардлын тодорхой хувийг бид гаргах ёстой гэж үзсэний дотор 30 хувь нь зардлын 25 хүртэл, 17.1 хувь нь 50 хүртэл хувийг гаргавал зохино гэжээ. Түүнчлэн 50 хувь нь тодорхой хэлэхэд хэцүү байна гэсэн.
Гэхдээ энэ бол эцэг эхийн тодорхой хувь нь хүүхдийнхээ боловсролд тодорхой хэмжээний зардал гаргах нь бидний үүрэг, тэдний ирээдүйн өмнө бидний хүлээх ёстой хариуцлагын нэг хэсэг гэдгийг ойлгож эхэлж буй байдал юм.
Үнэхээр ч өрх гэрийн амьдрал байдал тэгширч, амьжиргааны түвшин өсөөд ирвэл үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө эцэг эхчүүдийн тавих анхаарал дээшилж чанартай боловсролын төлөө нэмэлт зардал гаргахад татгалзахгүй болох нь судалгааны явцад харагдав. Гэсэн ч зарим талаар сургууль багш нар нэхэх шаардлагагүй мөнгө шаардаж буйг ярилцлагын үед дурдаж байна.
Аймгийн төвийн нэгэн сургуулийн хүүхдийн ээж: Биеийн тамирын зааланд тоглоход мөнгө авдаг гэсэн. Биеийн тамирын багш нь энэ мөнгийг хувьдаа авдаг байхыг хэн мэдэхэв?!
Өөр нэг аав: Ангийн хуримтлалын мөнгө гэж авдаг хэрнээ цэвэрлэгээний мөнгөө нэхдэг юм. Алчуур, угаалгын нунтаг г.м.
Бас нэг эгч: Хувилж олшруулах, эсвэл ийм ч ном ав тэгэхгүй бол хүүхэд чинь сурлагаар хоцорно г.м. байдал хүндрэлтэй байдаг г.м-ээр ярьсан юм. Энэ бүгд бас л хаа хаанаа анхаарах л шаардлагатай санаа бололтой
Дүгнэлт
Энд бид боловсрол олгох сургалтын хүрээнд суралцагчдын ар гэрээс гаргаж буй зардлын талаар авсан судалгааныхаа баримтад тулгуурлан, энэ талаар нэлээд сонирхолтой бөгөөд анхаарал татсан халуун сэдвийг товч боловч хөндөв.
Дээр өгүүлснээс үндэслэн, дараахь чиглэлээр дүгнэлт хийж, сургууль, багш нар болон хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын эргэцүүлэн бодох, сургамж авахад зарим санааг хэлэхийг оролдлоо.
- Хоёр талаас зардал гарахын учир
Иргэнээ боловсролтой болгох асуудал нь нэг талаас, төрийн анхаарах ёстой асуудлуудын нэг хэдий ч, тухайн хүний хувийн зайлшгүй хэрэгцээ юм.
Ийм учраас боловсролтой болохын тулд иргэд өөрсдөө ч зохих хэмжээний зардал гаргах ёстой. Гэхдээ төр тэдний чанартай боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлж өгөх үүргийг хүлээх учиртай. Иймээс төрөөс гаргах зардал нь суралцагчийг сургахад бус сурах хүсэлтэй хэрэгцээтэй хүмүүсийн сурч боловсрох боломжийг нь хангахад зориулагдана.
Харин суралцагч нь өөрөө тэр боломжийг ашиглахад шаардагдах хөрөнгө, хүчийг гаргах нь зүйн хэрэг.
Бидний судалгаанд оролцогсдын нэлээд хувь нь хүүхдийнхээ боловсролд зориулж тодорхой хэмжээний зардал гаргах нь зайлшгүй гэж үзэж буй хэдий ч чухам ямар зардлыг юуны тулд гаргахаа төдийлөн сайн ойлгодоггүй нь ажиглагдав. Энэ нь чухамдаа манай орны нийгэм-эдийн засгийн өмнөх тогтолцоотой уялдан хүмүүсийн ухамсар сэтгэлгээнд бий болсон хандлага, итгэл үнэмшилтэй холбоотой гэж үзэх үндэстэй.
Социализмын үед хүүхдийг зөвхөн нийгмийн хэрэгцээг хангах зорилготойгоор сурган хүмүүжүүлдэг байдлаар хаа хаанаасаа хандаж байснаас суралцагчид өөрийн сонголт хийх боломж бага олдож эцэг эх нь ч “Цаад сургууль чинь юу сургадаг юм бэ? Түүнийг нь л олигтой сур!”, сурагч ч “Ийм л байх ёстой юм байх. Ингэчихвэл буруудах байх” гэж хандаж ирснээс бид зардал гаргах учиргүй гэсэн сэтгэлгээ хэвшчихсэн тал бий.
Гэтэл өнөөдөр юун түрүү суралцагчийн хэрэгцээг хангах зорилт тавигддаг тул сурагч нь сургууль багш нартаа зохицох бус, сургууль багш нар нь суралцагчийнхаа хэрэгцээнд зохицож ажиллах цаг болжээ. Ийм учраас суралцагчид нь өөрсдийнхөө тэр хэрэгцээг хангах хэмжээнд ажиллуулахын тулд сургууль, багш нарт зохих хэмжээний дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.
Энэхүү дэмжлэг нь зөвхөн мөнгө төгрөг, эд материал биш сэтгэл санаа, хамтын оролцоо ч байж болно.
Манай иргэд одоохондоо авч өгөхийн төдийд л зардал мөнгийг голлон анхаарч байна.
Ямар ч гэсэн аль аль талаасаа зардал гаргах ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй.
2.Зардал гаргах ба гаргуулахын учир:
Бидний өмнөх дүгнэлтдээ суралцагчийн талаас зардал гаргах учиртайг тайлбарласан. Тэр зардлыг гаргуулсны эцэст нөгөө тал ямар үүрэг хариуцлага хүлээх учиртайг хөндөлгүй орхиж болохгүй. Үүнийг одоохондоо зардал гаргаж байгаа болон гаргуулж байгаа талын аль аль нь нэг их анхааралдаа авахгүй байгаа байдал судалгаан ажиглагдсан юм.
Хэрвээ үүнийг ухаарахгүй бол зардал гаргасан, гаргуулсан аль аль талдаа ашиг багатай болох нь өнөөдөр ч харагдсаар байна.
Бидний судалгаанд:
- Нэгэнт л мөнгө татаж байгаа учраас өгөх л ёстой гэж боддог
- Хүн болгон яаж ийгээд л өгч байгаа учир нэрээ бодоод мөн хүүхдээ өрөвдөөд өгдөг гэсэн утгатай хариулт нэлээд давтагдаж байсан нь их л өнгөц, наагуур бодлын илрэл юм л даа.
Уг нь “Бид хүүхдэдээ ийм юм заалгая! Танд … төгрөгийн нэмэлт цалин өгвөл ямар вэ?” гэсэн утгатай хүсэлт тавиад эсхүл “Бид хүүхдэд тань ийм юм зааж сургана. Та бүхэн бидэнд … дэмжлэг үзүүлбэл зүгээр байна” гэж амлаад, гэрээ байгуулж ажиллан, тэр нь хэрхэн биелснийг хамтдаа үнэлж дүгнэх журмаар л ажиллавал зардал гаргаж байгаа нь яах гэж өгч байгаагаа мэдэж, гаргуулж байгаа нь юуны тулд авч байгаагаа ухаарч, хэн хэн нь “бие биеэ зовоохгүй” байхсан.
“Бие биеэ зовоох” гэдгийн цаана “өгч” байгаа нь өгснийхөө үр шимийг бага үзэж, “авч” байгаа нь авсныхаа ид шидийг төдий л амсдаггүйгээс сэтгэл ханамж байдаггүйг хэлж байгаа юм.
Дандаа “нийтийн жишиг”-ээр “дууриаж” амьдарч болохгүй билээ. Өөрийн ухаанаар ажиллаж амьдрах учиртай.
Судалгаанд хамрагдсан тун цөөхөн хүний амнаас:
– Чанартай сургалт явуулмаар байна. Сургуулиас нэхдэг мөнгийг багасгамаар юм.
– Багш нар сургалтын аргазүй болон сурагчдад ханддаг хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэсэн үгсүүд гарч байсан нь биднийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн юм.
- Судалгааны хязгаарлагдмал байдлын талаар
- Бидний энэ судалгаа богино хугацаанд багахан хүрээнд явагдсан тул тийм ч хангалттай болсон гэх аргагүй. Гэхдээ судалж байгаа асуудлынхаа хувьд ямар нэг хэмжээнд үнэн байдалд ойр бодитой мэдээлэл цуглуулан түүнд тулгуурлаж үнэлгээ дүгнэлт хийх боломжтойг харууллаа.
- Энэ ажлыг хийх явцдаа боловсролын салбарын дидактикийн бус судалгаа явуулах аргазүйтэй танилцаж, багагүй зүйлийг суралцсанаас гадна ямар нэг хэмжээгээр учир дутагдалтай байгааг тэмдэглэсэн байна.
- Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, ертөг зардлын асуудалд тийм ч ажил хэрэгч, хариуцлагатай ухамсартай хандаж чаддаггүй байдал ажиглагдсан. Энэ нь бидний анхаарлыг бас л татах ёстой зүйл юм. Чухам яагаад ингэж байгааг цаашид тусгайлан судалбал бас ч сонин зүйл гарч болох юм.
Мөн сургууль, багш нараас энэ асуудалд яаж ханддагийг судалж үзвэл, ямар дүр зураг гарахыг тааж хэлэхэд хэцүү. Энэ бол бас л нэг сонин сэдэв юм.
Эцэст тэмдэглэхэд, боловсролд бага бөгөөд холбогдолгүй асуудал огт байхгүй бололтой.
[1]Дорнод аймагт судалгаа явуулах үед бидэнтэй хамтран ажиллаж, асар их туслалцаа үзүүлсэн Дорнод аймаг дахь Багшийн коллежийн багш Л.Амаржаргал, нийгмийн ажлын ангийн II дамжааны оюутнууд 8-р сургуулийн багш Бумтуяа, МННХ-ийн салбарын ажилтан Сүрлэгмаа, Төв аймгийн төвөөс судалгаа авсан тус аймгийн БСБ-ийн аргазүйч докторант Батцэнгэл нарт талархал илэрхийлж байна.
[2] Бидний судалгаа авах үйл ажиллагаанд зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн Төв аймгийн Хэрлэн сумын засаг дарга, нийгмийн ажилтан, багийн засаг дарга нарт талархаж байна.