Б.Алтансүх
/УТБА-ийн багш/
Шинэ толь №47, 2004
Түлхүүр үг: Эдийн засаг, Хүний хөгжил, Шилжилтийн үе, Ажилгүйдэл, ДНБ,Ядуурал
Шинэ мянганы босгон дээр олон улсын байгууллага, засгийн газрууд хүний хөгжлийн баталгаатай орчин, түүний зохистой үнэлэмжийн талаар эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байгаа юм. Шударга ёс, тэгш өрсөлдөх боломжийг баталгаажуулсан хүний зохистой хөгжлийн боломжуудыг хангах нь ардчиллыг баталгаажуулах, иргэний нийгмийн зохистой төлөвшилтийг хангах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал тулгуурын нэг боллоо. Энэ нь Ази, Африкийн ядуу болон хөгжиж буй орнууд төдийгүй хөгжингүй гүрнүүдийн хувьд ч чухлаар тавигдах болжээ.
Эдийн засаг, технологи, соёл, эдийн засгийн удирдлагын хүрээний глобальчлал нь ХХ зууны төгсгөлд эргэлт буцалтгүй үйл явц болж, мөн дэлхий дахины, цаашилбал улс орон бүрийн өмнө шийдвэрлэхэд нэн төвөгтэй олон асуудал гарч ирлээ: санхүүгийн тогтворгүй байдал, орлого ба хөдөлмөр эрхлэлтийн тогтворгүй орчин, улс төрийн болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал муудсан болон хамгийн гол нь орлогын хэт ялгарал дэлхийн хэмжээнд ч, улс орнуудын дотоодод ч гүнзгийрч буй нь энд шууд хамаарна. Нийгмийн хөгжлийн гадаад, дотоод орчин доройтож буй нь хүний хөгжилд шууд хамааралтай төдийгүй, энд асар ихээр сөргөөр нөлөөлөх нь зайлшгүй.
Эдийн засгийн өсөлт нийгмийн хөгжлийн чухал шалгуурын нэг боловч хувийн орлогын түвшин, түүний өсөлт нийгмийн бүх давхаргад харьцангуй жигд байхын хамт хөрөнгө оруулалтын зохистой урсгал бий болж, энэ нь цэрэг, юм уу төрийн аппаратын өргөжилтөд бус, хүний хөгжилд нэн чухал институциуд болох боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаанд оновчтой зарцуулагддаг болсон тэр нөхцөлд хүний хөгжил дээшлэх баталгаа болж чадна
Удаан хугацааны турш нийгмийн хөгжлийн загваруудын, хувьд юуны өмнө эдийн засгийн өсөлт, түүнийг түргэсгэх асуудалд гол ач холбогдлыг өгч ирсэн. Эдийн засгийн хурдацтай өсөлт хүний хөгжлийн баталгаа болж, нийгмийн хөгжлийн суурь болно гэсэн үзэл баримтлал удаан ноёрхож байв. Гэтэл өнөөг хүртэл олонхи улс төрчид, эдийн засагчдын хүлээн зөвшөөрч байсан томьёолол хэрэгжээгvй төдийгүй, нийгэм-улс төрийн тогтворгүй байдал, ядуурал орлогын түвшний ялгарал улам гүнзгийрэх хандлага нийтлэг боллоо. Харин үүний оронд хүний зохистой хөгжил нь эдийн засгийнхаа хөгжлийн баталгаа болдог тухай авч үзэх боллоо.
Иймээс XX зууны эцэст хүний хэрэгцээ, бодит эрмэлзлийг зохистой хангахад чиглэсэн хүний хөгжлийн цогц стратегийг чухалд тавьж, хөгжлийн чухал загвар гэж тооцогдох эхэлсэн билээ. ХХ зууны сүүлийн 10 жилд олон улсын шинжээчид хүнийг нийгмийн хөгжлийн гол үндэс болгон тавьдаг хүний хөгжлийн цогц шалгуурыг бий болгосон нь эдийн засгийн өсөлт чухамдаа эцсийн зорилго бус, харин эцсийн зорилго болсон хүний хөгжлийг төгөлдөржүүлэх асуудлыг шийдэх олон арга хэрэгслийн нэг гэж тооцох болов. Энэхүү үзэл баримтлалын дагуу бол хүний хөгжлийн цогц шалгуурын үндсэн үзүүлэлтүүд нь зөвхөн ДНБ болон түүнтэй уялдаатай эдийн засгийн үзүүлэлтүүд бус, эрүүл мэнд, боловсролын түвшин, мэдээлэл олж авах боломж зэрэг шалгуурыг хамруулан үзэх боллоо.
Хүний хөгжлийн цогц үнэлгээ
НҮБ-ын шинжээчид улс бүрээр хүний хөгжлийн түвшинг тодорхойлохын тулд хүний хөгжлийн индекс гэсэн шинэ цогц шалгуурыг гарган тавьсан юм. Хүний хөгжлийн индекс нь нийгмийн гишүүн бүрт хамааралтай з гол хөгжлийн талбарыг авч үздэг. Үүнд:
- Урт наслах боломж
- Мэдлэг олж авах боломж
- Зохистой амьжиргааны түвшинд амьдрах боломж хамаарна.
Чухам яагаад энэ үзүүлэлтүүдийг сонгож авах болов?
Юуны өмнө зөвхөн эдийн засгийн чадавхи, түүний өрсөлдөх чадвараар хэмжих нь хэт өрөөсгөл гэдгийг судлаачид бүрэн хүлээн зөвшөөрөх боллоо. Учир нь эдийн засгийн өсөлт нэн хурдацтай байж, орлого түргэн өсөх, энэхүү өсөлт хүн амын бух давхаргад жигд хуваарилагдахгүй тохиолдолд нийгмийн гишүүдийн цөөнх нь баяжиж, дийлэнхи нь ядуурах хандлага уусдэг. Латин Америк, Азийн цөөн бус оронд 1950-60-аад оноос хойш энэхүү хандлага илт ажиглагдаж байгаа билээ.
Хүний хөгжлийн индексийг дараахь 3 үндсэн үзүүлэлтээр тооцдог.
- Тухайн улсын иргэдийн дундаж наслалт;
- Боловсролын түвшинг насанд хүрсэн хүн амын бичиг үсэгт тайлагдсан байдал (коэффициентийн 2/3) болон I, II, II түвшний[1] сургуулиудад элсэн суралцагчдын нийлмэл үзүүлэлтээр (коэффициен- тийн 1/3) тооцдог;
- Нэг хүнд ногдох бодит ДНБ[2] нь амьжиргааны түвшинг харуулах үзүүлэлт болдог.
Тухайн улсын хүн амын дундаж наслалт эрүүл мэндийн тогтолцооны чанарыг харуулах хамгийн энгийн бөгөөд тооцоонд ашиглахад дөхөмтэй шалгуур юм. Дэлхийн хүн амын дундаж наслалт 1850 оны байдлаар дөнгөж 45 байсан бол 1990 онд 58 болж нэмэгджээ.
Гэвч энэ үзүүлэлт улс орон бүрээр харилцан адилгүй байгаа бөгөөд мэдээж аж үйлдвэржсэн орнуудад хамгийн өндөр байгаа бол нэн буурай орнуудад хамгийн доогуур байгаа нь эрүүл мэндийн тогтолцооны чанарыг шууд илэрхийлдэг. Харамсалтай нь шилжилтийн олонхи оронд дундаж наслалт буурч буй нь амьжиргааны чанар муудаж буйг шууд нотолж байна. Тухайлбал, Тажикистанд 1989 онд дундаж наслар 67 байсан бол 1999 онд 60 болж буурчээ.
Хүн амын бичиг үсэг үл мэдэх явдал эдийн засгийн талбарт идэвхтэй байгаа тухайн орны иргэдийн хувийн жинг эрс бууруулж, бичиг үсэг үл мэдэгчид зөвхөн боловсролын түвшний хоцрогдлыг харуулаад зогсохгүй, хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг НҮБ-ын шинжээчид бур 1950-иад оны үеэс онцолж байв. Иймээс 15 наснаас дээш хүн амын бичиг үсэг мэдэгчдийн хувийн жин аль болох бага байх нь чухал шалгуур болж тавигддаг. Үүний хамт бүх шатны сургуульд суралцагчдын хувийн жинг авч үздэг билээ.
Эдийн засгийн хөгжлийн түвшинг зэрэгцүүлэн үнэлэхэд урьд нэг хүнд ногдох ДНБ-ий түвшинг авч жишдэг байсан бол 2000 оноос ДНБ-ий түвшинг АНУ-ын доллараар илэрхийлсэн худалдан авах чадварын илтгэлцүүрээр тооцдог боллоо. Худалдан авах чадварын илтгэлцүүр (ХАЧИ) нь америк доллараар АНУ-д худалдан авч болох тодорхой ижил төрлийн хэрэглээний сагсанд багтах бүтээгдэхүүнийг тухайн улсын хичнээн нэгж үндэсний валютаар худалдан авч болохыг тооцон харьцуулдаг үзүүлэлт юм. ХАЧИ нь цаг хугацааны динамикийг харгалзсан ДНБ-ийг харьцуулж, валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөг арилгах боломж олгодог.
Хүний хөгжлийн индекс 0-1 хооронд тооцогддог. Хүний хөгжлийн индексийн динамик нь тухайн орны хөгжлийн түвшний хурдац, эдийн засаг, нийгмийн онцлогийг харуулж, түүнийг бусад орны үзүүлэлтүүдтэй жиших боломж олгоно. Хүний хөгжлийн түвшнээр НҮБ-ын гишүүн орнуудыг гурван бүлэгт хуваан авч үзэж байна. Үүнд:
- Хүний хөгжлийн индекс 0.800 буюу түүнээс дээш бол өндөр
- 500-0.799 бол дунд түвшний
- 500 доош бол доогуур хүний хөгжилтэй орон гэж авч үздэг.
Хүний хөгжлийн индексийн гол давуу тал нь түүний цогц шинж чанарт байгааг судлаачид тэмдэглэж байна.
Шилжилтийн орчин ба хүний хөгжлийн асуудал
Коммунист лагерь нуран унасан нь ардчилал болон чөлөөт эдийн засгийн загвар хүчээ аван хөгжих өргөн боломжийг аасан билээ. Гэвч 1990-ээд оноос эхэлсэн шилжилтийн vе нь нийгэм, эдийн засгийн олон сөрөг үзэгдлийг дагуулж, асар өндөр нийгмийн зардал шаардсан, удаан хугацаанд сунжирсан үйл явц болон үргэлжилсээр байна.
Зүүн Европын болон хуучин ЗХУ, Азийн олонхи оронд шилжилт эхэлснээс хойш гарч ирсэн нэгэн үзэгдэл бол эдийн засгийн огцом уналт байв. 1990-1996 онд олонхи шилжилтийн орнуудын эдийн засагт уналт үүссэнээс 1993 онд Гүржид –28%, Армен болон Азербайжанд–16% байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Балтийн 3 улс болон зүүн Европын цөөн орон л мөнгөний ханш уналтын аюулыг хязгаарлаж чадсан ба бусад бүх орнууд гипер инфляцтай тулгарсан. 1994 онд инфляци Гүржид 7380%, Армен болон Азербайжанд 2000%, Беларусьт 1875% байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Монголд 1992 онд инфляц 325% болсон нь хүн амын орлогыг эрс бууруулж, амьжиргааны түвшинг асар бууруулах нөхцөл болж байв.
Өнөөг хүртэл албан ёсны статистикийн мэдээгээр ажилгүйдэл болон ядуурал харьцангуй бага мэт байвч түүний хүрээ нь зогсолтгүй тэлсээр байгаа нь шилжилтийн олонхи орны хувьд эдийн засагт нь хүнд дарамт болж байгаа юм. Тухайлбал, 2003 оны 11-р сарын байдлаар Монголд ажилгүйдэл албан ёсоор 4% гэж бүртгэгдсэн боловч хөдөлмөрийн чадвартай хүн амын дөнгөж 2/3 нь байнгын найдвартай ажлын байраар хангагджээ. Үүнтэй зэрэгцэн ядуурлын түвшин эрс өсөж, албан ёсны статистикийн дагуу нийт хүн амын 1/3 нь амьжиргааны баталгаа- жих доод түвшнээс доогуур орлоготой гэсэн мэдээлэл байгаа бол зарим чөлөөт эх сурвалжууд энэ үзүүлэлт 40- 45% болсон гэж тооцсон нь ч бий.
Орлогын ялгаа эрс өсөж, хүн амын бүлгүүдийн орлогын түвшин улам холдож буй нь нийгмийн гишүүдийн нэлээд хэсэг нь ядууралд автаж буйн нэгэн баталгаа боллоо Тухайлбал, 1994 онд ОХУ-д хүн амын 10% болсон чинээлэг давхаргын орлого хүн амын хэт ядуу давхаргын 10 хувьтай харьцуулахад 5 дахин өндөр байсан бол энэ үзүүлэлт 2000 онд 56 хувь болжээ.
Ажилгүйдэл нэн хурдацтай өсөж, мөнгөний ханш уналтаас хамаарсан орлогын бууралт асар хурдацтай байсан нь ядуурал гүнзгийрэх үндсэн шалтгааны нэг болсон юм. Тухайлбал, Монгол улсад амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн тоо 1990-1996 онуудад хүн амын 5 хувиас 36 хувь болж нэмэгдсэн. Энэ үзүүлэлт сүүлийн 6-7 жилийн турш өсөхгүй байгаа боловч буурах чиг хандлага одоохондоо ажиглагдахгүй байгаа нь цаашид ч олон жилийн турш ядуурал болон ажилгүйдэл хурц хэвээр үлдэх болно гэсэн дүгнэлтэд өөрийн эрхгүй хүргэж буй.
Ядуу болон нэн буурай орнууд, мөн шилжилтийн орнуудын хөгжлийн ерөнхий зүй тогтол нь эдийн засгийн өсөлт гарч байгаа ч энэ нь хүн амын амьжиргааны түвшин мэдэгдэхүйц дээшлэх эерэг нөлөөг авчрахгүй байгааг сүүлийн 10 жилийн бодит байдал харуулж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн Банкны мэдээллээр 1990-1999 онуудад ядуу болон буурай орны эдийн засгийн өсөлт 42.4% байсан бол амьжиргааны дундаж түвшний чанарыг харуулдаг худалдан авах чадварын үзүүлэлтээр тооцсон нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 12% өсөж, мөн энд нийт ядуу болон буурай орнуудын 15- ийн хувьд бүр ч буурсан дүр зураг гарч байна.
Монгол улсын хувьд хүний хөгжлийн индекс нь өсөх чиг хандлага байгаа ч эзэлж буй байр нь байнга ухарсаар байгаа нь шилжилтийн ижил гараанаас эхэлсэн бусад орнуудтай харьцуулахад илт байгаа юм. Энэ нь хүний хөгжлийн дэвшил бусад орнуудтай харьцуулахад удааш- ралтай байгааг харуулж буй. Тухайлбал, 2001-2002 онд Монгол улс хүний хөгжлийн түвшингээрээ 116-р байранд байсан бол 2003 онд 117-р байранд орж доошилсон байна.
Тэгвэл Балтийн улсуудаас хүний хөгжлөөр хамгийн сул Латви 2002 онд 53-р байрнаас 2003 онд 50-р байранд Болгар 62-р байрнаас 57-д дэвшин оржээ.
Хүний хөгжилд анхаарах уу, эсхүл эдийн засгийн хөгжилдөө зориулж үйлдвэрлэл, үйлчилгээ, шинэ технологийн салбарт хөрөнгө оруулалтыг хандуулах уу гэдэг бол буурай орнуудын өмнө тулгарч буй эдийн засгийн гол дилемма боллоо.
Хэдийгээр дийлэнхи ядуу орнууд хүний хөгжлийн асуудалд анхаарахын хамтаар эдийн засгийн бодит өсөлтийг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах замаар хангахыг чармайж буй сүүлийн 4-5 жилд дэлхийн нийт капиталын эргэлтийн ядуу болон буурай орнуудад ногдох хувийн жин эрс буурах байдал ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, 1995 онд дэлхийн нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 16% ядуу болон буурай орнуудад ногдож байсан бол сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт тогтмол буурч, 2001 онд 11.8% болжээ. 1990-ээд оноос хойш ядуу болон хөгжиж буй орнуудад тохиолдсон санхүүгийн болон эдийн засгийн үргэлжилсэн хямрал, буурай орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар аж үйлдвэржсэн гүрнүүдээс хол хоцорч байгаа болон гадны хөрөнгө оруулалтын урсгалын дийлэнхи үндэстэн дамнасан корпорациудын портфель хөрөнгө оруулалтаар дамжин хэрэгжиж, цөөн хэдэн оронд очиж байгаа нь энд нөлөөлж буй нь зайлшгүй.
[1] Доод дунд болон дээд боловсрол сургуулиудыг авч үздэг.
[2] Энэ үзүүлэлтийг АНУ-ын доллараар илэрхийлсэн худалдан авах чадварын индексээр илэрхийлдэг