М.Болормаа
/Улс төр судлалын магистр, Жендэрийн Тэгш Байдлын Үндэсний Хорооны ажлын албаны дарга/
Шинэ толь №55, 2006
Түлхүүр үг: Эмэгтэй гишүүд, идэвхтэй, түмний төлөө, засгийн газрын бодлого
Эмэгтэйчүүд ба эрх мэдэл гэсэн сэдвийг сонгон авч өөрийнхөө нийтлэлийг бичиж байна. Учир нь бид төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаарх асуудлыг хөндөн ярихад зарим эрэгтэйчүүд өө нөгөө эмэгтэйчүүд чинь одоо толгой дээр гарч байна. Юу дутсан гэж ингэдэг байна гэх мэтчилэн өөрсдийн боловсрол, мэдээллийн хүрээнд сэтгэж, эмэгтэйчүүдийг буруутгах талууд өнөөдрийг хүртэл ажиглагдсаар байна. Нэгэн сэтгүүл уншиж суутал эрэгтэй хүн алдаа гаргасандаа уучлалт гуйдаг бол эмэгтэй хүн хүчирхэг байгаадаа уучлалт гуйдаг гэсэн байлаа. Эмэгтэй хүн хэн нэгэнд таалагдахын тулд хэзээ ч буулт хийж болохгүй бөгөөд шийдвэр гаргахын өмнө сайтар тунгаан бодож богино хугацааны улс төрийн ашиг хонжоо олохын тулд холын зорилгоо хэзээ ч мартаж болохгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй байдаг.
Иймээс энэ ойлголтын эсрэг эмэгтэйчүүд бид юу хийж чадах, өөрсдийгөө яаж өөрчлөх, зөв таниулах, өөрийнхөө хүчирхэг байгааг нийгэмд мэдрүүлэх, хүндлэл хүлээх талаас нь бодож энэхүү нийтлэлээ “Эмэгтэйчүүд ба эрх мэдэл” гэж нэрлэлээ.
Эрх мэдэл гэж юу вэ? Энэ нь төрийн болоод улс төрийн бүтцийн бүхий л түвшинд шийдвэр гаргах, түүнд оролцох боломж юм. Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцийн заалтуудыг нэг өгүүлбэрт багцлан үзвэл эмэгтэй, эрэгтэй хүмүүс адил тэгш эрх эдэлсэн нийгмийг байгуулахад эмэгтэйчүүдэд эрх мэдэл, бие даасан байдлыг олгох явдал нэн чухал юм гэж ойлгогдож байна.
Эмэгтэйчүүд бид монгол улсын засгийн газрын бодлого, чиглэл, үйл ажиллагаанд өдөр бүр нөлөөлөх боломжийг олох ёстой. Хэрхэн энэ боломжийг олох вэ? Хэдийгээр Улсын Их Хуралд маш цөөн тооны эмэгтэйчүүд сонгогдсон ч гэсэн тэд нийгмийн тулгамдсан асуудал бүр дээр сонгогдсон тойргийнхоо сонгогчдын санаа бодлыг илэрхийлэхийн сацуу эмэгтэйчүүдийн асуудлыг үргэлж хөндөх ёстой.
Хэрвээ эмэгтэйчүүд боломж, үр нөлөөг олж авч чадсан л бол түүнийгээ зөв эерэгээр бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байдаг.
Эрх мэдлийг олж авч чадсан эмэгтэйчүүд нь өнөөдөр бусад эмэгтэйчүүдээс ялгарах, тэрхүү эрх мэдэл нь түүнийг улс төрч эмэгтэй болгож энэ нь түүний нийгмийн имиж болно. Улс төрч эмэгтэй нь өнөөдөр олдсон боломжоороо аль нэг чухал асуудал хариуцсан намын болоод бодлого боловсруулах байгууллагуудын хороонд орж ажиллан байр сууриа улам бүр бэхжүүлэх ёстой байдаг.
Хүн өнөөдөр нэгэнт улс төрийн, нийгмийн зүтгэлтэн болох хувь заяагаа сонгосон бол тухайн салбар, хүрээний тоглоомын дүрмэнд захирагдаж, түүнд зохицох хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, та улс төрч эмэгтэй болсон бол ухрах зам ард байхгүй зөвхөн урагшаа гишгэх хэрэгтэй гэдгийг үргэлж санаж өөрийн үйл хэргийг улс орныхоо нийгмийн хөгжлийн төлөө зориулан ажиллах юм.
Харин хэрхэн яаж урагшаа зөв гишгэх талаар үргэлж суралцах ёстой. Эмэгтэй улч төрч байх нь нийгмийн төлөө үйл хэргээ зориулж байгаа учраас эмэгтэй хүний уян хатан бодлоготой байдаг гэсэн шинж чанараар бусад улс төрийн намуудын эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй хамтарч ажиллаж сурах нь зайлшгүй чухал. Бодлогод тусгуулах тавьж байгаа аливаа асуудлаар бусад намын гишүүдийн дэмжлэг шаардлагагүй байхаасаа илүү хэрэгтэй байх тохиолдол нь их байдаг учраас бусадтай сайн харьцаатай байх нь тийм муу зүйл биш гэдэгт итгэлтэй байх нь чухал гэж үзэж байна.
Эмэгтэй улс төрчийн хувьд улс төрийн тогтолцоо дотроо өөрийн эрх мэдлийн байршилаа зөв олох шаардлагатай болдог.
Ялангуяа, энэ байр суурь нь өөрийн нам дотор үр дүнтэй ажиллах нөхцөл боломж бүрддэг. Улс төрд амжилтанд хүрэхийн тулд юуны түрүүнд сонгогдох нь чухал. Та өөрийн намдаа хэрэгтэй хүн гэдгээ үйл ажиллагаа болон хэлсэн ярьсан бүхнээрээ батлан харуулж, намын гишүүд тань таныг дэмжихэд бэлэн байх нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Ингэхийн тулд улс төрийн зөв төлөвшилтэй зөв хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл ухаалаг, хатуу зан төрхтэй, өргөн мэдлэг боловсролтой, нямбай, найдвартай, эрч хүчтэй, ёс зүйтэй байх ёстой.
Улс төрийг сонгосон эмэгтэй хүн өөрийн намын үзэл санаандаа үнэнч, намын үйл ажиллагааг сайн дураараа сурталчилж, хатуу гишүүнчлэлийг бий болгож зарчимч байж чаддаг байх хэрэгтэй. Түүнчлэн улс төр сонирхдог, өөртэй нь адил үзэл санаатай бусад эмэгтэйчүүдтэй харилцаа холбоо тогтоож, тэднийг намдаа татан оролцуулахын зэргэцээ, бусад улс төрийн намын эмэгтэйчүүдтэйгээ түншлэгч байх нь улс төрийн соёлын томоохон үзүүлэлт юм.
Нийгэмд байр сууриа олж, түмний төлөө өөрийгөө зориулахыг хүсэж яваа эмэгтэйчүүд залуу насандаа төрийн болон төрийн бус байгуулагууд, улс төрийн намын анхан шатны байгууллагуудад идэвхтэй ажиллах нь маш чухал. Анхан шатны байгууллагад ажиллаж улс төрд оролцсноороо эмэгтэйчүүд ихэнхдээ өөртөө илүү итгэлтэй болж, их зүйл сурч, олон хүмүүстэй танилцаж, ирээдүйн амжилтынхаа суурийг тавьж эрх мэдлийг олж болдог учраас ийм нөхцөл байдлыг хэрхэвч алдаж болохгүй гэдгийг байнга санаж байх ёстой юм.
Өөртөө болон бусдад намын үзэл санаагаа сурталчилж амжилтанд хүрэх боломжийг олгох хэрэгтэй болодог.
Эмэгтэйчүүд нь эрчтэй хүчтэй, идэвхтэй байна гэдэг нь ардчилал амжилттай хөгжиж байгаа улс гэсэн үг. Нийгмийн хөгжлийг амжилтанд хүрэхэд дан ганц эрэгтэйчүүдийн ч юмуу эсвэл дан ганц эмэгтэйчүүдийн эрх мэдэл, хүчээр биш учраас хамтын түншлэл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл хамгийн чухал байдаг юм.
Эмэгтэйчүүдийн оролцоо нь ардчилалыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэртэй гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна.
Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах үйл явцад эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн оролцоо байхгүй бол жинхэнэ ардчилал гэж байхгүй. Эмэгтэйчүүд бүгд ижил сэтгэж боддоггүй ч нийтлэг амьдралын туршлага, ололт амжилт, саад,бэрхшээлийг дэвшүүлэн тавьж чаддаг хүйс юм.
Хэрвээ эмэгтэйчүүдийн оролцоо байхгүй бол бодлого, шийдвэрт тэдгээрийн бодол, санааг бүрэн тусгахад бэрхшээл учирч төрийн бодлогын ихээхэн хэсэгт цоорхойтой байна гэсэн үг. Энэхүү бодит жишээ нь өнөөдөр монголд өрнөж байгаа улс төрийн үйл явц бэлхэнээ харуулж байна.
Дэлхийн олон улсад иргэншил, үл хөдлөх хөрөнгийн эрх, гэр бүлийн хууль, боловсрол, бичиг үсэгт тайлагдсан байдал, шүүхийн байгууллагад хандах боломж, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлуудад өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн хувьд бэрхшээл тулгарсаар байгаа билээ. Энэ бэрхшээл саадыг арилгах, өөрчлөхөд эмэгтэйчүүд өөрсдийн биеэр оролцож байж энэ бүхнийг даван туулж, өөрчлөх ёстой. Ер нь олон туршлагаас үзэхэд эмэгтэйчүүд аливаа ажил хэргийн хэлэлцээ, тохиролцоонд хүрэхдээ маш чадварлаг бөгөөд ихэнх нь авилгалын эсрэг тууштай тэмцэгчид байж чаддаг.
Нийгэмд өөрийн байр сууриа олж олны бахархал болж сонгогдож чадсан эмэгтэйчүүд өөрийгөө түмний төлөө зориулахаар зорилго тавин ажиллаж байгаа залуу эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохын зэрэгцээ тэднийг сургах шаардлагатай. Үнэнч зөвлөгч нь байх ёстой. Тэгвэл тэдний залгамж халаа алдагдахгүй, бодлого тасрахгүй үргэлжилэх болно. Үүний зэргэцээ ТББ-уудын болон бусад эмэгтэйчүүдийг улс төрийн үйл явцад оролцуулах гүүр нь болж өгдөг зарчимтай.
Эмэгтэйчүүд бид өөрсдөө нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол эмэгтэйчүүд маш сайн ухуулагч, зохион байгуулагч, бусдыг уриалан дуудагч байж чаддаг боловч тэр болгон төрийн албан тушаалд өрсөлдөөд байдаггүй учир дэлхийн ихэнх орнуудын засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байдаг юм байна. Иймээс энэ байдалдаа дүгнэлт хийж өөрсөндөө байгаа давуу талыг зөв, ухаалаг ашиглах хэрэгтэй юм байна. Өнөөдөр 254 хүн Парламентын тэргүүнээр ажиллаж байгаагийн 19 нь эмэгтэй байгаа ба 198 улс орны зөвхөн 11 улс нь эмэгтэй ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай байна.
Америкийн Нэгдсэн Улс 2003 онд хуралдсан НҮБ-ын Үндэсний Ассеамблейн хурлаар эмэгтэйчүүд ба улс төрийн оролцооны тогтоолыг санаачилан оруулж батлуулсан байна.
Уг тогтоолд бусад улс орнуудын эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил түвшинд олон нийтэд өөрийн санал, бодлыг чөлөөтэй илэрхийлэх, улс төрийн бодлогыг нээлттэй хэлэлцэх эрхийг сурталчилж, хамгаалахыг уриалсан байна. Мөн тогтоолд эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдлыг устгах, эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгох, өөрийн эрх ашгийг хамгаалах, удирдах, засаглах аргыг зааж өгдөг олон нийтийн, хувийн түншлэл, солилцооны хөтөлбөрүүдийг дэмжихийг засаг төрийн бүх давхрага болон нийгэмд уриалжээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр олон улс орон өөр өөрийн онцлогт тохирсон бодлого, төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Энд нэг жишээ дурдья. Өмнөд Африкийн Руанда улс гэхэд өөрсдийн Парламентын доод танхимдаа эмэгтэйчүүдийн оролцоог хангах 48,8 хувийн квотыг тогтоон оруулж чадсан байна. Мэдээж Швед улс эмэгтэйчүүдийн оролцоогоор үргэлж тэргүүлсээр байна.
Иймээс монгол улсад эмэгтэйчүүдэд зориулсан сонгуульт болон томилолтын албан тушаалд өрсөлдөх, төрийн бус байгууллагуудыг удирдах талаар сургалтыг тасралтгүй зохион явуулж хүний нөөцийг бэлтгэх, хамтран ажиллах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд өөр хоорондоо өөрийн улс төрийн замнал, тулгарч байсан бэрхшээлүүд болон энэ хугацаанд сурсан зүйлүүдээсээ хуваалцаж туршлагаа солилцох, мөн бусад улс орны бахархал болсон эмэгтэйчүүдийн туршлагаас суралцан үргэлж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд бусад орнуудад зочлохдоо тухайн улсын сайн зүйл, туршлагыг олж суралцан өөрийн орны сэтгэл зовоосон асуудлын төлөө үйл хэргийг эхлэх хэрэгтэй байна. Энэ бол улс төрч эмэгтэй хүний онцлог төрх юм.
Эмэгтэйчүүд асуудлыг хөндөж, түүнийг засаж сайжруулах үйл ажиллагааг санаачлан, үйл хэрэг нь нийгэмд, олон нийтэд тустай байж тэд үр ашгийг нь хүртэгчид байх ёстой. Эмэгтэйчүүд эзэн төр биш харин зарц төртэй байх бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой.
Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн нөөцийг бүрэн гаргаж, өөрийгөө нээж ажиллах ёстой байдаг. Жишээ нь: Монгол улсын төсвийн зарцуулалтад анхаарлаа хандуулан хэтэрхий үрэлгэн байдалд дүгнэлт хийж түүнийг үр ашигтай зарцуулж богино хугацаанд ядуурлын байдлаас гаргах үйл ажиллагаа явуулах зэрэг болно. Үйл явцын хувьд хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж өөрийгөө дайчлан ажиллах, цуцашгүй тэмцэгч болж чаддаг байх хэрэгтэй. Улс төрч эмэгтэй хүн ажил амьдралынхаа хүрээнд олон зүйлийг сурах, сурснаа ашиглах, мөн бусдад түгээгч байх зарчимтай байдаг. Ажил амьдралаас хуримтлуулсан туршлага нь дараахь зарчмуудыг агуулсан байдаг:
- Зөв ярьж сурах
- Улс төрийн намын анхан шатны байгууллагад ажиллах, танилын сүлжээ бий болгох
- Гол санаагаа тусган төлөвлөгөө боловсруулах Өөрийнхөө чадварыг бусдад харуулах
- Цаашид ахин дэвших сууриа бэлтгэх
- Эмэгтэй хүн гал тогооны асуудлаас арай өөр асуудлыг хөндөж түүний төлөө ажиллаж чаддаг байх жишээ нь: газар эзэмших, үл хөдлөх хөрөнгө, гэмт хэрэг, татвар, ядуурлыг бууруулах зэрэг асуудлыг хөндөх
- Их хөдөлмөрлөж, олон хаалга тогшиж үзэх шаардлагатай. Энэ бол амжилтын түлхүүр
- Эмэгтэй хүн шиг авирлаж, эмэгтэй хүн байх зүгээр боловч хэтэрхий энгийн эсвэл хэтэрхий ганган харагдахаас зайлсхийх
- Албаны байдал, хувцаслалт эмэгтэй хүний зоримог байгааг харуулж, түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Амжилттай улс төрчдийн байдал:
- Намын улс төрийн ажилд идэвхтэй оролцдог
- Итгэл үнэмшлээр сонгосон намаа сольдоггүй, тууштай байх
- Анхан шатнаас эхэлдэг, баг болон ажиллаж чаддаг
- Ноцтой алдаа дутагдалгүй байх
- Агуу их мөрөөдөлтэй байх
- Эрсдэл үүрч чаддаг байх
- Найрсаг, нөхөрсөг, хөдөлмөрч байх
- Зөв цагт, зөв газар байж, зөв хүмүүсийг таньдаг байх
Эмэгтэйчүүд амжилтад хүрэхэд саад болж буй хүчин зүйлс:
- Намын дэмжлэг сул байх нь хамгийн гол саад юм. Учир нь намын лидерүүд итгэдэггүй, олдсон суудлаа алдахаас эмээдэг
- Харилцаа холбоо, танил тал бага, танилын сүлжээ дутагддаг
- Сонгуульд их мөнгө зарцуулагддаг
- Өөртөө итгэх итгэл алдардаг, эмэгтэйчүүд тэр болгон өрсөлдөгч байж, эрсдэл үүрэгч байж чаддаггүй,
- Цаг хугацааны хомсдол ихтэй. Эмэгтэйчүүд улс төр гэхээсээ илүү ажил, гэр бүл хүүхдийнхээ төлөө анхаарал хандуулдаг
- Сонгогчид хүлээж авах байдал сөрөг байдаг. Олон нийт ихэнх нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргаж чаддаггүй, хатуу, дайчин бус, сайн удирдагч, гүйцэтгэгчид биш гэж хүлээж авдаг гэвч үнэн хэрэгтээ бол тийм биш байдаг
- Боловсрол, мэдээлэл дутмаг гэж үздэг
Иймээс та улс төрч эмэгтэй бол хэрвээ та улс төрч эмэгтэй болох талаар бодож байсан бол дээрх зарчим, хүчин зүйлсүүдийг тунгаан бодоод цаасан дээр өөрийнхөө тухай зураглаж үзэх хэрэгтэй.
Эмэгтэйчүүд цаашид хамтран ажиллахын тулд засгийн газарт эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй гэж үздэг эмэгтэйчүүдийг нэгтгэн нөлөө бүхий Эмэгтэй Удирдагчдын бүлэг байгуулах хэрэгтэй бөгөөд байгаа зарим нэг иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах нь амжилтын үндэс юм.
Эмэгтэйчүүд бид гэр орноо авч явах, үр хүүхдээ хүмүүжүүлэх сайн ээж байх, эхнэр байх асуудлаас гадна өөрийгөө нийгэмд зайлшгүй чухал гэж үзэн өөрсдийн хэтийн төлөвийг тодорхойлон нийгэмд тустай үйл хэрэгт өөрийгөө зориулах ёстой. Гэрэл гэгээг өөрөөсөө цацруулах ёстой гэж бодож байна. Хэдийгээр бүх эмэгтэйчүүд удирдагч болох албагүй ч эмэгтэй хүн гэдгээрээ улс төрийн болоод нийгмийн идэвхтэн байж өөрийнхөө болоод бусдын боловсролыг дээшүүлэхэд анхаарч өөрийн чухал гэж үзсэн асуудлаа лобби хийж өөр бусад чадварлаг эмэгтэйчүүдийг сонгогдоход нь туслаж, бусдын сонгуульд идэвхтэй оролцох нь ирээдүйг өөрчлөх, хувь заяандаа шинэчлэл хийх алхам ч болж өгнө.
Иймээс эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн адил өөрийн эрхийг хамгаалж чаддаг байх хэрэгтэй, монгол улсын төлөө өөрчлөлт хийх хүсэлтэй байж өөрийн хийж чадах бүхнээ зориулан атгаг санаа, атаа жөтөөрхөх сэтгэлийг өөрөөсөө авч хаян түрэмгийлэлийн эсрэг энх тайвны төлөө тэмцэгч байж хүн бүрт ухаарлыг хайрлагч байх ёстой. Энэ бол энэ хорвоод хүн болж төрсний утга учир юм. Тиймээс эмэгтэйчүүд төрийн эрх мэдлийн төлөө тэмцэгч байж, үр хүүхэд, нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн түншлэгч байх ёстой.