Б. Дэлгэрмаа
/Доктор Рh.D/
Шинэ толь №58, 2007
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Орчин үеийн амьдралд их чухал хүрээ бий. Энэ бол хүний үйл ажиллагааг өргөн олон нийт буюу нийт улс орныг гэхээсээ илүү бичил орчинд нь хамран ойлгох явдал юм. Эрт дээрээс Токвиль, Хегел зэрэг гүн ухааны сэтгэгчид нийгмийн амьдралыг орчин үеийн төрд иргэншлэг шинжийн төвлөрөл хэмээн чухалчилж үзэж иржээ. Ерөнхийдөө орчин үеийн үндэстэн-улсад олон нийтийг хамарсан иргэншлэг чанар нь хэдэн жилд нэг удаа тохиодог төлөөллийн эрх мэдэлтнийг сонгох явдлаар хязгаарлагддаг. Засаг төр нь иргэдээсээ хэт холдчихсон, энэ системд улс төрийн үйл явцад шууд оролцогсдын тоо зөвхөн сонгогдох албан тушаалд нэр дэвшигчидээр хязгаарлагдсан, улс төрөөр өөрсдийн талхаа олж идэх гэсэн сэтгүүлчид, намын идэвхтэн нараар дуусч байна.
Тиймээс одоо цагт иргэншлэг шинж нь “зуучлалын институтууд” буюу улс төрийн намууд, хувийн корпораци, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгэмлэгүүд, ө.х. ТББ, мэргэжлийн холбоод, шашны байгууллагууд, сонирхлын байгууллагууд зэрэг нь хэр хөгжсөнөөр хэмжигдэнэ. Чухам иймэрхүү иргэний байгууллагуудаар хүмүүс өөрсдийн Эго шинжээс (амин хувиа хичээх) ангижрана. Иргэний нийгэм дэх нийгмийн амьдрал нь үр ашигтай байдаг. Учир нь хамгийн дээд түвшин дэх ардчилсан бодлогыг хэрэгжүүлэхэд нэг ёсны сургууль нь болдог хэмээн Токвилийн сургаалийг ерөнхийд нь тоймлон үзвэл харагддаг. Нөгөө талаас, энэ нь өөрөө хүнийг хэт хувиа хичээгч болгодоггүй.
Хичнээн жижигхэн ТББ байсан ч тэр нь өөрийн бүтэцтэй бөгөөд өргөн цараатай үйл ажиллагаа явуулдаг том нэгтгэлүүдийн загвар нь болдог. Орчин үеийн ардчилалд зүгээр нэг нийгмийн гишүүн гэж явах нь хүнд бүрэн ханамж өгч чадахгүй. Төрөөс хувь хүнд хандах явдал мөнхийн нэр усгүй байдаг. Тэгвэл нэгэн үнэт зүйлс, сонирхол, шашин, үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл тэдгээр хүмүүст хувь хүний хувьд тодрох боломж олгож, тодорхой бодгалийн шинж чанарыг товойлгож өгдөг. Чухамхүү хувь хүмүүсийнх нь хувьд “архитай тэмцэх нийгэмлэг”, “ахмадын холбоо”, “эмэгтэйчүүдийн байгууллага” зэргийн гишүүд өдөр тутам өөрсдийн оролцоо, үйл ажиллагаанаас таашаал авч болно.
Иргэний нийгмийн үндсэн ойлголт
Онолын ойлголтууд нийгмийн бодит байдлыг үргэлж эвддэг. Хэт хайрцаглагдсан онолын үндэслэл хэрэглэхээр бодит байдлын үндсэн даац даадаггүй. Тиймээс “иргэний нийгэм” гэсэн нэр томъёог хэрэглэхэд янз бүрийн ойлголтууд дагалддаг гэдгийг харгалзах нь чухал. Тухайлбал, “нийгэм” гэсэн нэр томъёо бол хоцрогдсон ойлголт, энэ бол францын онолчид болон Хегелийн сургаалийн үр дагаварт гарч ирсэн ухагдахуун бөгөөд үнэн чанартаа төр ба өрх гэр гэсэн ойлголт бий, харин “нийгэм” гэдэг ухагдахуун нь орчин үед их л бүрхэг тодорхойлолтыг агуулж байгаа юм.
Зүүний уламжлалд “иргэний нийгэм” нь гүн ухаан-үзэл суртлын агуулгатай байдаг. Хэрэв Хегель хувийн сонирхлуудыг зохицуулах хэмээн номлож байсан бол Антонио Грамши олон нийтийн сонирхлыг зохицуулах гэсэн өөр утга бий болгосон.
Бид өөрсдийн хүчин чармайлтыг бусад хүмүүсийн хүчин чармайлттай яагаад нэгтгэхийг хүсдэг вэ гэхээр зөвхөн практик зорилгыг агуулдаггүй, жишээ нь хүнсний бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэх гэж, бараа таваараа солилцох гэж ч юм уу аль эсхүл шинэ технологи боловсруулах гэж бус, түүнээс гадна нэгдэх, хайрлах, үерхэж нөхөрлөх, үзэл бодол, сонирхол, хэрэгцээнийхээ нэгдмэл шинждээ хөтлөгддөг. Учир иймд иргэний нийгэм гэж бидний бусад хүмүүстэй нэгдэж байгуулсан юмыг хэлнэ. Ийм нэгдлүүд янз бүр байна: гэр бүл, сүм хийд, сургууль, клуб, СӨХ, болон арилжааны олон нийгэмлэгүүд бий: нөхөрлөл, хоршоо, компани, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн нэгтгэлүүд г.м. Эдгээр нэгдлүүд бүгд ямар нэгэн байдлаар хүний хэрэгцээг хангадаг. Иргэний нийгмийг өргөн утгаар нь жам ёсны болон сайн дурын үндсэн дээр байгуулагдаж буй бүхий л нэгдлийн цогц хэмээн тодорхойлж болох юм. Зарим судлаачид ашгийн болон ашгийн бус байгууллагуудыг ялгаж ашгийн байгууллагууд нь зах зээлийн нэг хэсэг болохоос биш иргэний нийгмийн бүрэлдэхүүн хэсэг биш гэж үзэж байхад би бол ганцхан ялгааг л гаргамаар байна. Энэ бол нэгдлүүдийн хоорондох ялгаа нэг нь албадлагын шинжтэй байдаг (төр), нөгөө нь сайн дурын (бусад нь). Энэхүү нэгдэл нь ашиг олохын төлөө байгуулагдаж байна уу эсхүл өөр ямар нэгэн зорилго агуулж байна уу сонин биш, гол нь оролцоо нь сайн дурын шинжтэй байх ёстой.
Иргэний нийгэм дэх эдгээр нэгдэлүүд нь ямар нэгэн зорилгод хүрэхийн тулд байгуулагддаг, гэхдээ иргэний нийгэм өөрөө ямар нэгэн зорилго хэзээ ч агуулдаггүй. Учир нь тэрээр эдгээр бүх зорилго бүхий нэгдлүүдийн үр дүн болж өөрөө бий болж үүсдэг.
Либертарианы үзэл баримтлалын дагуу бид янз бүрийн хүмүүстэй янз бүрийн аргаар эрх чөлөөтэй, сайн дурын зөвшөөрлийн үндсэн дээр холбоо тогтоодог. Эрнст Гелльнерын тодорхойлсноор орчин үеийн иргэний нийгэм “хөдөлгөөнт хүн”-ийг шаардаж байна. Тодорхой нэг соёлын бүтээгдэхүүн нь байж түүндээ бүрэн уусахын оронд хөдөлгөөнт хүн нь үр ашигтай мөртлөө уян хатан, өвөрмөц холбоо харилцаа бусад хүмүүстэй тогтоож болно.
Түүхэн уламжлалаар иргэний нийгмийн тухай хоёр үндсэн ойлголт бий. Нэг нь английн аугаа сэтгэгч Локка-аас гаралтай, нөгөөдөх нь францын нэрт онолч Монтескью- гээс. Эдгээрийг улс төр судлалд Л ба М загвар гэж нэрийддэг.
Англи үзэл баримтлал нь иргэний нийгэм төрөөс бүрэн бие даасан, тусдаа оршдог, засгийн газар нь юу хийж байна хүмүүст огт хамаагүй, парламент нь бүх асуудлыг л шийдэх гэж байгууллагддаг төрийн эрх барих байгууллага боловч энэ нь нийгмийн өөрийн амьдралаар амьдрахад нь саад болох ёсгүй гэж үздэг. Францаас үүдэлтэй нөгөө нэг үзэл баримтлал нь- иргэний нийгэм бол сонирхлоо төрд дамжуулахын тулд зохион байгуулалтанд орж буй хүмүүсийн нэгдэл тогтолцоо юм.
Эхний уламжлал Англид тогтсон нь Эрх чөлөөний Харти 12 дугаар зуунд гарч үүнээс хойш олон зуун жил түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр нь өөрийн гэсэн, харин нийгэм нь өөрийн гэсэн амьдралтай болсон түүхтэй байхад Францид төр хүчтэй хэвээр байгаа нөхцөлд иргэний нийгмийн төлөвшилт явагдсантай холбоотой. Герман улсын хувьд бол иргэний нийгэм маш сайн зохион байгуулалттайгаар улс төр ба нийгмийн хооронд хил хязгаар тогтоогоод үүний үр дүнд “нийтийн гэрээ” байгуулсан түүхтэй. Герман улсад 1848 оны хувьсгалыг нухчин дарснаар хүмүүс өөрсдийн асуудлаа шийдэх гэж яаж ч ажиллаж болно гэхдээ төрийн бодлогод оролцох эрхгүй байх практик бий болсон юм. Ийм хил хязгаар тогтоох нь иргэний нийгэм хөгжихөд таатай байж болох гэсэн үзлийг судлаачид ба дэвшүүлдэг юм.
Манай иргэний нийгэм үүсэл хөгжлийн хувьд чухам ямар загвараар явж байна вэ? Өргөн олон нийтийг хамарсан нийгэмшилтийн бүтэцтэй олон арван жил явж ирсэн Марксын загвар өөрчлөгдсөнөөс хойш өрнөдийн орнуудаас монголын төр засагт тусламж үзүүлэх явцад зарим нэг нийгмийн үүргийг биелүүлэхийн оронд түүнийг өөрсдөө зохион байгуулагдах нийгэмлэгүүдэд өгсөн нь хялбар дөт байсан. Ингэж 90-ээд оны эхээр тодорхой ТББ-ыг олон улсын байгууллагууд санхүүжүүлж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр манайд илүү Герман, америкийн загварыг хэрэглэж ирсэн гэж үзэж болно. Америкийн судлаачид өөрсдийн иргэний нийгэмд шүүмжлэлтэй хандаж байгаа, учир нь иргэний нийгмийн бүх институтууд төсвөөс ямар нэгэн хэлбэрээр санхүүжигдэж байгаа тул иргэний нийгмийнхээ шинжийг алдаж улам бүр төрөл арилжиж байна гэж үздэг.
Миний үзэж байгаагаар Л буюу М загварын аль нэгийг ашиглахад асуудлын гол оршиж буй бус харин хамгийн гол нь төрөөс ангид тусдаа орших нь чухал байна. Учир нь иргэний нийгмийн бүхий л хүчин чармайлт нь улс төрийн хүрээнд дохио өгөхөд зуучлахад орших юм бол нийгмийн хэлэлцээ хийх субъект байхгүй болж, тэдэнд төрийн зарим нэг чиг үүргийг шилжүүлэхээр тохиролцох шаардлагагүй болно.
“Улс төрийн бус” нийгмийн хүч
Улс төрчид нийгмийн бодит байдлыг үргэлж тооцож байхгүй бол болдоггүй. Энд нэгэн жишээ татахад цагдаа хүчний байгууллагууд Сүхбаатарын талбайд буй эрүүл нийгмийн хөдөлгөөний гэрүүдийг хүчээр зөөж нүүлгэж болох боловч байрныхаа гадаа нарлаж суугаад улс төрийн тухай ярьж буй хөгшчүүдийн ярианы сэдвийг хааж өөрчилж чадахгүй. Харин энэ үеэр төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюу толгойн талаар гадаа сууж буй хүмүүст мэдээлэл тарааж эхэллээ гэж бодьё. Энэ бол улс төрийн бодит нөлөө үзүүлж буй иргэний нийгэм юм, учир нь бодит бодлого ийм зүйлгүйгээр хэрэгжихгүй, хий хоосон зорилгогүй яриа болно. Энэ жишээг арай өөр өнцөгөөс тайлбарлая. Хүчний байгууллагууд иргэний хөдөлгөөнүүдийг тараах гэж буй оролдлого нь эргээд эдгээрийг улс төрийн байгууллага болгон хувиргаж байна, харин тойруу замаар нөлөөлөх арга хэрэглэж буй нь (сонин тараах) иргэний нийгмийн элемент болно. Энэ утгаараа иргэний нийгэм нь ихээхэн тусгаар тогтносон шинжтэй ба байнгын төрийн удирдлагын нөөц тэдгээрийг дарахад хэзээ ч хүрэлцэхгүй гэдгийг улс төрийн бодлоготнууд ухварлах ёстой.
Иргэний нийгмийн үндсэн бүтэц
Хувийн хэвшлийхэн (бизнес эрхлэгчид болон хувийн хзвшилд ажиллагсад) буюу төрөөс эдийн засгийн хувьд хараат бус ажилладаг хүмүүс, улс төрийн намууд, ТББ- ууд, бие даасан хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг нь иргэний нийгмийн бүрдэл хэсэг нь болдог. Энэ бүгд манайд байгаа ч гэсэн хэр хөгжсөн гэдэг бол өөр асуудал. Төрийн түшмэлээс өөрсдийгөө хамгаалж, тэдний оролцооноос хэр дархлаажсан байдал тэдгээрийн хөгжлийн түвшинг харуулна.
Жишээ авч үзье. Хувийн бизнес гэхэд хүчин чармайлтаа нэгтгээд өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах явдал сул дорой байна. Манай баян хүмүүс хүч, хөрөнгө мөнгөө өөрийн орны хөгжлийн төлөө бус, харин төрийн зүгээс өөрсдийн хувьд тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө зарцуулж байна. Энэ утгаараа хөгжилтэй орнуудад байдаг шиг бизнесийхэн хоорондоо нэгдэж, төрөөс ангид, бие даасан байж чадахгүй байгаа тул өөрсдийн тусгаар тогтносон, бие даасан байдлаа хамгаалахын тулд эсхүл төрийн эрх мэдэл бүхий түшмэдэд хээл цутгах эсхүл өөрсдөө улс төрд түрэн орж ирж байна. Манайд бизнес төрийн хоорондох харилцаа үүн дээр үндэслэж байна.
ХМХ ч тэр ялгаагүй эдийн засгийн хувьд бүрэн хөл дээрээ зогсож бэхжиж чадаагүй тул хараат бус байх шинжээ ихэнхдээ алдаж байгаа.
ТББ-ын хувьд би үүсэл хөгжлийн тухай дээр цухас дурьдсан тулд энд чиглэл, төрөл хоёрыг л дурьдая. ТББ-уудын ажиллах чиглэлд:
- Шударга сонгууль
- Орон нутгийн төсвийн ил тод байдал
- Төвөөс орон нутагт татаасаар өгч буй мөнгөн хөрөнгөнд олон нийтийн хяналт тавих
- Шүүхийн шинэчлэл.
ТББ-ын төрөлд:
- Эрх хамгаалах
- Соёлын
- Гэгээрлийн
- Буяны зэрэг байдаг.
Түншлэл
Хүссэнээ биелүүлэхэд хүн бүр бие даан шийдэх боломж байдаггүй тул бусадтай түншлэхэд хүрдэг. Хүмүүсийн үйлдлийн эрх чөлөөг төрөөс хамгаалах нь хүн бүр өөрийн зорилгодоо хүрэхэд хувь хүн болон түүний өмч хөрөнгөнд халдахгүй гэдэг итгэл үнэмшилтэй баймааж тийм орчин нөхцөл нь бүрддэг. Ийм учраас янз бүрийн чөлөөт нэгтгэлүүд үүсч хүмүүс тэнд нь орж үүрэг хүлээх, гэрээ байгуулах зэргээр хамтран ажилладаг. Нэгтгэлүүдийн чөлөөт байдал нь нийгэм дэх туйлшралыг багасгаж, нийгэм дэх хурц байдлыг намжаадаг. Нийгмийн гишүүдэд бусадтай холбоо тогтооход боломж олгож хоорондоо нарийн хэлхэлдэж сүлжилдсэн харилцаа бий болгодог. Эдгээр харилцааны ихэнх нь шашин, улс төр, угсаатан зэрэг харилцаанаас ангид оршино.
Түншлэл ба эмэгтэйчүүд
XXI зуунд мэдлэг, баялаг, хүч чадал нь эрх мэдлийн мөн чанар, түүний хувирамтгай шинжид хүчтэй нөлөөлж байна.
Тэгвэл мэдлэг, баялаг, хүч чадал нь нийгмийн гишүүдийн эдийн засгийн тэгш бус байдалтай шууд хамааралтай байж ирсэн. Тиймээс хуучин нийгмээс улбаатай эдийн засгийн бүхий л мэдэл эрчүүдэд төвлөрч, хувьчлал, зах зээлд шилжих үйл явц дунд эрчүүд маань л баялаг хуримтлуулж, түүний үр дүнд асар их эрх мэдэлтэй болсон. Эдүгээ эрэгтэй эмэгтэйчүүдийн дунд бодитойгоор эдийн засгийн тэгш бус байдал оршиж байгаа тул эмэгтэйчүүд тэр бүр улс төрд орж чадахгүй байна.
Өнөөдөр манай нийгэмд хамгийн их дутагдаж буй зүйл бол бодит байдал дээр хүлээн зөвшөөрөх явдлын тэгш бус байдал юм. Мэдээж ямар ч хүн хүмүүн заяанаасаа тэгш бус байдаг. Хүн бүр гайхамшигтай авьяастай дуучин, зураач, хөгжимчин, зохиолч болох тавилантай байх эсхүл хөрөнгө хуримтлуулах адилхан чадвар байхгүй нь мэдээж.
Би энд нийгмийн тэгш бус байдлын өөр шалтгааныг дурьдая:
- хүмүүсийн хоорондох хэлэлцээ, тохиролцоогоор бий болсон,
- нөгөөдөхь нь жам ёсиы шаардлагаар бий болсон.
Эхний ангилалд тэгш байдалд саад тотгор учруулж буй эрх зүйн барьер хамаарна, тухайлбал арьс өнгөөр ялгаварлах, эд хөрөнгийн ценз сонгуулийн үеэр тогтоох г.м. Үүнээс гадна тэгш бус байдлын соёлын хэлбэрүүд бий, тухайлбал, угсаатан ястны болон шашны бүлгүүдээс эдийн засгийн харилцаанд хандах хандлага нь өөр байх жишээтэй. Энэ нь хууль тогтоох практик болон улс төртэй холбоогүй. Тэгсэн мөртөө жам ёсны тэгш бус байдал ч шууд утгаараа биш юм.
Гэсэн хэдий ч бүх либерал нийгмүүд зарчмын хувьд зохиомлоор бий болсон тэгш бус байдлын эх үүсвэрийг үгүй хийхийг эрмэлздэг. Нөгөө талаас, орчин үеийн зах зээлийн эдийн засгийн динамик нь хөдөлмөрийн хэрэгцээг байнга өөрчилдөг тул ихэнх ёс бүхий болон соёлын саад тотгорыг өөрийн эрхгүй арилгахад хүргэдэг. Тэрээр боловсрол, мэргэжил хоёрыг байнга нэхэн шаарддаг бөгөөд нийгмийн дайчилгаагүйгээр хүний чадавхи, авьяас билэгт зам нээж өгөхгүйгээр энэхүү нийгэм хэзээ ч үр ашигтай ажиллаж чадахгүй. Тэр ч утгаар эмэгтэйчүүдийг засаглалын өндөрт аваачих нь нэг ёсны нийгмийн дайчилгаа болох бөгөөд эдүгээ манай нийгмийн хамгийн боловсролтой хэсэг эмэгтэйчүүд болж байгааг эрчүүд эрх биш үгүйсгэхгүй бизээ.
Чухамхүү үүнд л жендэрийн тэгш байдлын асуудлын хачирхал оршиж байгаа юм. Орчин үед эмэгтэйчүүдийн тэгш бус байдал нь, хүмүүсийн хэлэлцээ тохиролцоогоор ч бий болоогүй, учир нь ямар төр засаг өнөөдөр эмэгтэйчүүд улс төрд бүү ор гэж хэлж зүрхлэх вэ? Эмэгтэйчүүд сонгуульд оролцож болохгүй хэмээн хууль гаргах ямар парламент дэлхийд байна вэ?
Нөгөө талаас, жендэрийн тэгш бус байдал нь жам ёсны тэгш байдлын хязгаарлалтын сонгодог хэлбэр ч бас шууд утгаар биш юм, учир нь эмэгтэй л учраас хоёрдугаар зэргийн хүн гэж хэлэх орчин үеийн нийгэм бий гэж үү?
Гэхдээ л хэн ч тэр өдийг хүртэл улс төрийн аргаар “соёлыг бий болгоогүй”, өөрөөр хэлбэл дотоод ёс суртахууны үнэт зүйлсийг. Тийм учраас хэдийгээр Үндсэн хуулиараа тэгш байдлыг тунхагласан ч гэсэн, эмэгтэйчүүдийг квота механизмаар улс төрд дэмжиж оруулж байгаа ч гэсэн хичнээн чадалтай эмэгтэй хүн байсан ч түүнийг улс төрчид өөрсдийн түншлэгч, хамтран зүтгэгч хэмээн үзэх нь их л удаан явагдаж байна даа.
Тэгвэл дараагийн асуудал гарч ирнэ.Түншлэлийн үйл явцыг хурдасгах арга зам бий юу? Үүний хариулт:
- Нийгмийн бүлэг, давхраануудын хооронд ихээхэн ялгаатай ба эртний уламжлалаар дэмжигддэг бол хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв нийгэм нь илүү хөдөлгөөнтэй, бүлгүүд хоорондоо ойртож чаддаг бол хүмүүс байгаа ялгарлыг илүү хурц хүлээж авдаг. Манай нийгэм яг ийм нөхцөлд байгаа. Тиймээс иргэний нийгмийн хөдөлгөөн дотор эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамгийн идэвхтэй, хамгийн үр ашигтай ажиллаж байгаа.
Үүнээс үүдэн мэдлэг, боловсрол, ажлын чадвар, хариуцлагаараа эрчүүдээс юугаар ч дутахгүй мөртөө эмэгтэйчүүдээ ийн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад манай нийгмийн эмгэнэл оршиж байна гэж би дүгнэж байна.
Ардчилсан орнуудад тэгш байдалд дуртай байх нь эрх чөлөөнд дуртай байхаас илүү эрхэм болжээ. Гэвч хүн төрөлхтөн тэгш байдлыг туйлын утгаар тунхагладаг коммунизмын сөрөг үр дагавар болох тэгшитгэлийг арьс махан дээрээ амссан, тэр нь өнөөдөр ч бидний дунд сааралтангуудыг төрүүлэх, хөхиүлэн дэмжих, олонхийн дарангуйлалыг өөгшүүлэх хандлага оршсон хэвээр байгаа явдал гэрчилнэ.
Дэлхийн улс төрийн амьдралын сүүлийн 400 жилийн түүхийг сөхөн харвал эрх чөлөөний талаар тодорхой амжилт олсон боловч эрхэмсэг оршихуйн тэгш эрхийн хариултыг хүн төрөлхтөн эрж хайсан хэвээр. Үүнд америкчууд толгой цохиж байгаа гэлтэй. Эдүгээ АНУ-д нэг ч үсчинд эрэгтэй эмэгтэй үс засалт өөр өөр үнэ тарифтай байх, бойскаутын нэг ч бүлгэм гомосексуал удирдагчтай байхыг хориглох эрхгүй байх, нэг ч хаузд орох зам тахир дутуу хүмүүсийн тэргэнцэрээр явах замгүйгээр баригдахгүй байх стандарттай гээд тэгш байдлын төлөөх хөдөлгөөний тэмцэгчдийн олсон амжилт, тэдний тэмцлийн талбар асар уудам юм.
Монголын эмэгтэйчүүд бид дээр дурьдсан өргөн цараатай тэгш эрхийн асуудлыг ярихаас өмнө бид зөвхөн тэгш боломжийн тухай ярьж, энэ нь улс төр ба засаглалд эн тэгш түншлэхэд эрх мэдэлтнүүдээс хүлээн зөвшөөрүүлэхийг л хүсч байна. Эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил улс төрд орсноор улс төрийн аргаар соёлыг буюу дотоод итгэл үнэмшлийн ёс суртахууны үнэт зүйлсийг бий болгож чадна гэдэгт би гүнээ итгэдэг.
Ингэж манайд тунгалаг төр засаг, тогтвортой төрийн ажиллагаа, хүндээ чиглэсэн төрийн бодлого явагдаж иргэний нийгэм төлөвшин улмаар монголын иргэншил бий болно. Энэхүү үйл явцад эмэгтэйчүүд бидний үүрэг асар их юм.
Харилцан туслалцаа ба буян үйлдэх
Иргэний нийгмийн нэгэн чухал элемент бол буяны байгууллагууд юм. Үнэгүй нэг удаа хоол идүүлэхээс эхлээд үндэсний болон үндэстэн дамнасан олон улсын буяны байгууллагуудыг хүмүүс бий болгож амьдралдаа янз бүрийн эрсдэлд орсон (өвчин эмгэг, өнчрөл, дайн самуун г.м) хүмүүст туслахыг эрмэлздэг. Энд бидний сайн мэдэх Дэлхийн зөн, Хил хязгааргүй эмч нар, Энх тайвны корпус гээд олон байгууллагыг дурьдаж болно. АНУ жилдээ буяны үйлсэд 150 тэрбум доллар зарцуулдаг гэсэн мэдээ бий.