Ц.Мөнхцэцэг
/МУБИС-ийн багш/
Шинэ толь №55, 2006
Түлхүүр үг: манипуляци, эмоци, олон нийтийн , олон нийтийн сэтгэл зүйн , олон нийтийн , мэдээллийн хэрэгслүүд
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Манипуляцийн тухай ойлголт
“Эртний сэтгэгч Фукидид ихэнх хүмүүс аливаа асуудлын үнэн мөнийг олох гэж биеэ зовоодоггүй, байгаагаар нь хүлээн авдаr” хэмээн үзсэн байдаг. Үнэхээр ч реклам сурталчилгааны гол зарчим болох олон дахин давтаж, тасралтгүйгээр нэвтрүүлсний хүчинд худал зүйл ч гэсэн үнэн гэж үнэмшигддэг нь өнөөгийн улс төр, бизнесийн үйл явцаас харагдаж байна. Чухамхүү олон нийтийн үйл байдлыг дээрх зарчмын дагуу өөрт ашигтайгаар өөрчлөх явдлыг улс төр судлалд манипуляци гэсэн нэр томьёогоор авч үздэг юм.
Эрх баригчдын зүгээс олон нийтийн санаа бодлыг өөрт ашигтай байдлаар өөрчлөх буюу манипуляци хийх явдал нь улс төрийн практикт эртнээс хэрэглэгдэж ирсэн юм. Олон түмэнд ардчиллын соёл хараахан төлөвшөөгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд улс төрийн нөлөө өндөр байгаа манай улсын хувьд манипуляцийн илрэл, сөрөг нөлөөний талаар судалгаа хийх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа учраас энэхүү сэдвийг хөндөн авч үзлээ.
Манипуляци нь нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл бөгөөд бусдын санаа бодлыг өөрчлөхийн тулд сэтгэл хөдлөл буюу эмоци дээр тулгуурладаг онцлогтой. Атаархах, бахархах, бишрэн шүтэх,
айх, үзэн ядах, жигшин зэвүүцэх, зэрэг хөдлөлийн мэдрэмжүүдэд тулгуурлан манипуляцийг гардан хийгчид буюу манипуляторууд өөрийн байр суурь, стереотипийг олон нийтийн санаа бодолд бий болгодогт манипуляцийн гол мөн чанар оршино. Манипуляцийг хүргэх гол суваг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд байдаг. Мөн ухуулга сурталчилгааны бусад бүх хэлбэрийг ашиглаж болдог.
Монголын улс төр дэх манипуляцийн хэлбэрүүд
Монголын улс төр, бизнесийн салбарт манипуляци ихээхэн түгээмэл байгаа юм. Тухайлбал, “Өөрийгөө хүндэлдэг хүмүүс энэ дэлгүүрээр үйлчлүүлээрэй”, “9911 нэр төрийн баталгаа” зэрэг байнга давтагдаж байдаг зар сурталчилгаанууд бүгд манипуляци юм. Учир нь эдгээр сурталчилгаа нь бол дээрхээс өөр дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүс бүгд өөрийгөө хүндэлдэггүй, 9911…-с өөр дугаартай утас барьдаг хүмүүс нэр төргүй юу гэсэн асуултад хүргэж байна. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний давуу талыг сурталчилахдаа бодитой бус мэдээлэл ашигласан, дам байдлаар бусдын нэр төрд халдсан шинжтэй байгаагаараа эдгээр нь хүмүүсийг төөрөгдүүлэх ажиллагаа буюу манипуляци юм. Мөн тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан, эсхүл аваагүйгээс бусдаас давуутай болон дор байдалд орно гэж ухуулж байгаа нь төөрөгдүүлэлт юм.
Дэлхийн улсуудын практикаас харахад тогтвортой ардчилсан дэглэмд олон нийтийн өмнө хүлээх засгийн газрын хариуцлага өндөр байдгийн зэрэгцээ мэдээллийн хэрэгслүүд төрийн үйл ажиллагааг хянаж чаддаг, улс төрийн хүчнүүдийн нөлөөнөөс ангид байдаг учраас манипуляцийн боломж маш хязгаарлагдмал байдаг ажээ. Харин Монгол улсын хувьд соёл, улс төр, эрх зүйн гэх мэт олон хүчин зүйлээс хамааран манипуляци түгээмэл байна.
Монголын өнөөгийн улс төрийн практикт дараахь төрлийн манипуляцийн хэлбэрүүд ажиглагдаж байна. Үүнд:
- Далд байдлаар, тойруу замаар өөрт ашигтай мэдээллийг дамжуулах
- Бүрэн бус нэг талыг баримталсан мэдээлэл өгөх замаар үнэнийг гуйвуулах
- Нэг ижил мэдээллийг тэнцвэргүй байдлаар дамжуулах
- Фактыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах
- Мэдээллийн гол чухал хэсгийг орхигдуулах, ач холбогдол багатай мэдээллийг дамжуулах
- Агуулгандаа тохирохгүй гарчиг өгөх
- Эх сурвалж, бичсэн эзэн нь тодорхойгүй мэдээлэл хийх Ач холбогдолгүй болсон хойно нь мэдээллийг дамжуулах
Манипуляцийн эдгээр хэлбэрүүд дээр жишээ татаж үзье. Дам байдлаар манипуляци хийж өөрт ашигтай байдлаар тараах нь ердийн үзэгдэл болж байна. Глоб Интернэшнл-ийн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид хийсэн судалгаанаас үзэхэд TV-9, TV-5, MYTB зэрэг телевизүүд албан ёсны төлбөрт сурталчилгааны цагаас гадна нэр дэвшигч Н.Энхбаярыг УИХ-ын дарга талаас нь дам байдлаар сурталчилж дунджаар нийт телевизүүдийн эфир дэх нэр дэвшигчдийн сурталчилгааны 69%-ийг эзэлж байв. Харин үлдсэн 31% нь бусад гурван нэр дэвшигчид ногдож байлаа.
[Глоб Интернэшнл TBB. х 37]
Дэлхийн 2-р дайны ялалтанд хувь нэмрээ оруулсан улс орнуудын төрийн зүтгэлтнүүдэд ОХУ-ын Засгийн газраас 2005 оны 5 сард одон өгсний дотор Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр нар багтсан байна. Гэтэл TV-9, TV-5, MYTB зэрэг сувгуудаар Н.Энхбаярт өгсөн шагналын тухай давтамжтайгаар хэдэн өдрийн турш мэдээлсэн атлаа Н.Багабандийн талаар мэдээлээгүй, зөвхөн ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын талаархи сурвалжлагын дундуур цухас дурьдаад өнгөрсөн нь нэг ижил мэдээллийг тэнцвэргүй байдлаар дамжуулсан манипуляци юм.
Чухал мэдээллээс олны анхаарлыг холдуулж, ач холбогдол багатай мэдээллийг дамжуулах байдлаар манипуляци хийх нь сонгуулийн кампанийн үеийн ухуулга сурталчилгаанаас харагдаж байна. Тухайлбал, нэр дэвшигчдийн сурталчилгаа, сонин хэвлэлийн материалын дийлэнх зай талбайг тухайн улс төрчийн хувийн шинж чанар, бусдаас ялгарах давуу талын талаарх мэдээлэл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын сонгуульд өрсөлдөх гол үзүүлэлт болох мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллээс илүү ач холбогдол багатай хувь хүний олонд таалагдахуйц дүр төрхийн талаарх мэдээлэл давамгайлж байгаа нь сонгогчдын санал өгөлтийг субъектив шинжтэй болгож байгаа бөгөөд ингэснээр популистуудад давуу боломж олгох, улмаар бодлогод суурилсан тогтвортой дэглэмийн оронд хувь хүний мөн чанар, үнэнч шударгад итгэх итгэлд суурилсан эрсдэл бүхий тогтолцоо руу түлхэж байгаа юм.
Телевиз, сонин хэвлэлүүд улс төрийн намууд ба нэр дэвшигчдийг магтсан, эсхүл дайрч давшилсан, үнэлэлт дүгнэлт өгсөн мэдээ, материалыг зохиогчийн нэр хаяггүй, эсхүл хуурамч нэрээр цацах явдал түгээмэл байгаа бөгөөд энэ нь тэрхүү мэдээлэл маапаантай, баталгаагүй, захиалгаар хийгдсэн болохыг шууд харуулж байгаа юм. Иймэрхүү хуурамч мэдээг “шувуу нисгэх”, “болжмор жиргэх” гэх мэтээр сэтгүүлчид өөрсдөө томъёолдог болсон. [Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь, х.102]
Улс төрийн намуудын ухуулга сурталчилгаан дахь өрсөлдөгчийн нэр хүнд рүү дайрсан эдгээр манипуляци нь олон нийтийн сэтгэл зүйн онцлогт тулгуурласан суртал ухуулгын уламжлалт арга юм. Нийгмийн сэтгэл зүйчдийн судалснаар олон нийт аливаа үйл явдлын талаарх сөрөг мэдээлэлд илүүтэй татагддаг, сөрөг мэдээлэл нь хүмүүсийн сэтгэлийг илүү хөдөлгөдгийн зэрэгцээ санаа бодолд нь илүүтэй хоногшин үлддэг байна.
Монголын олон нийт улс төрийн хүчнүүдийн явуулж буй эдгээр манипуляцид хэр автагддаг вэ?
Судалгааны дүнгүүдээс үзэхэд мэдээллийн хэрэгслүүд дэх манипуляцид хүмүүсийн нэлээд хэсэг нь үнэмшиж хүлээж авдаг болох нь харагдаж байна. Хэвлэлийн хүрээлэнгээс 2004 оны УИХ-ын дараахан явуулсан “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” судалгаанаас үзэхэд хүмүүсийн 36.5% нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө санал өгөлтөө шийдсэн байдаг, харин 63.59% нь сонгуулийн сурталчилгааны үеэр санал өгөлтөө шийддэг байна. [Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид. x 56] Манипуляци, далд ухуулга ид газар авдаг сонгуулийн ухуулга сурталчилгааны үед саналаа хэнд өгөх тухай гаргасан сонгогчийн шийдвэр нь манипуляцийн нөлөөн дор байхаас өөр аргагүй юм. Мөн уг судалгаагаар мэдээллийн хэрэгслүүдээр хамгийн их сурталчилгаа хийсэн 10 улс төрчийн гурваас бусад нь бүгд УИХ-д сонгогдсоноос үзэхэд мэдээлэлд суурилсан манипуляци хэр үр дүнтэй болох нь харагдаж байна. Нөгөө талаас хүмүүсийн ихэнх нь нэг нам, нэг л үзэл бодлыг үнэн гэж үздэг социализмын үеийн сэтгэлгээнээсээ ангижраагүй, олон янзын ялгаатай байр суурь, мэдээлэлд төдийлөн дасаагүй учраас нөлөө бүхий телевиз сонингийн мэдээллүүдийг шууд л үнэн гэж хүлээж авдаг нь судалгаануудаас анзаарагдаж байгаа юм.
Манипуляцийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлс
Монголын өнөөгийн улс төрд манипуляци газар авахад дараахь хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:
- 1. Соёл уламжлалын хүчин зүйл, ардчилсан бус соёлын нөлөө Монгол улс Өрнийн соёлын загвар бүхий суурьшмал амьдралд шилжээд нэгэн зууны нүүрийг үзэж буй хэдий ч амьдралын хэв маяг, олон нийтийн үнэлэмж, хандлагад уламжлалт буюу модерн бус нийгмийн шинж ажиглагдсаар байгаа юм. Зүүн Азийн Барометр төслийн эхний шатны судалгааны дүнгээс үзэхэд Хонконг, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин, Тайвань, Тайланд, Монгол гэсэн найман улсаас манай олон нийтийн дунд төрийг дээдлэх, ах дүү, танил талын холбоог илүүд үзэх зэрэг уламжлалт хандлага хамгийн өндөр үзүүлэлттэй байна. “Ямар нэгэн зүйлийг өөр хүнээр хийлгэх шаардлага гарвал нарийн мэргэшсэн, гэхдээ танихгүй хүнийг хөлсөлснөөс хамаатан, найз нөхдөө хөлсөлсөн нь дээр” гэж судалгаанд оролцогчдын 75% хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улс төрийн боловсролын академи. х. 175) Мен судалгаагаар хүмүүсийн 60 гаруй хувь нь “Баян чинээлэг, эсхүл ядуу байх, амжилтанд хүрэх, ялагдал хүлээх нь хүний заяа төөргөөс хамаарна” [Улс төрийн боловсролын академи.
- 169] гэж хариулснаас үзэхэд харьцангуй идэвхгүй бие хүний дүр зураг өнөөгийн Монголын иргэдийн нийтлэг шинж болж байгаа аж. Хүмүүс нийгэм, улс төрийн болж буй үйл явц, эрх баригчдын үйл ажиллагааг идэвхгүй дагах биш, түүнд оролцож нөлөөлж чаддаг баймааж иргэний нийгэм бүрэлддэг. Харин иргэд нь идэвхгүй, төрдөө нөлөөлж чаддаггүй улс орнуудад эрх баригчид өөрийн дур зоргоор авирлаж, олон нийтийг залж удирдах явдал түгээмэл байдаг билээ. Энэхүү судалгааны хамгийн эмзэглүүштэй үзүүлэлт нь судалгаанд оролцогчдын 65% нь “Төрөөс хүмүүст юу ярихыг нь зааж өгөх ёстой” гэж үзсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд маань хуучны авторитар дэглэмийн адил төр бүхнийг шийдэж зохицуулах ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салаагүй байна.
Монгол улс ардчилсан дэглэм рүү шилжилт эхлүүлээд 16 жил болж байгаа хэдий ч ардчиллын гол үнэт зүйлс, зарчмууд улс төрийн бодит амьдралд бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй, олон нийт эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сураагүй нь улс төрийн хүчнүүдийн явуулж буй манипуляцид өртөхөд хүргэж байгаа юм.
Улс төрийн хүчнүүд олон нийтийн дунд хүчтэй хэвээр байгаа уламжлалт хандлага буюу зарим тохиолдолд ардчилсан бус” гэж нэрлэж болохоор нутгархах, яс угсаа, шашин, итгэл үнэмшлээр баримжаалан санал өгөх явдлыг өөгшүүлж манипуляци хийхдээ ашиглаж байгаа нь улс төрийн үйл явцаас харагдаж байна. Монголын сонгуулиудад “нутгийн хүү”, “нэгэн довныхон”, “унасан газар угаасан ус”, “би эндхийнх” гэх мэт үгс ихэнх нэр дэвшигчдийн гол нэрийн хуудас болсоор ирлээ. Мөн нэр дэвшигчийн гарал угсаанд олны анхаарлыг хандуулах, үндсэрхэх үзэл, эх оронч байдлыг нь өдөөх маягаар манипуляци бүхий мэдээлэл тараах явдал улам бүр нэмэгдэж байна. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн заримыг “хятадын эрлийз” гэж ухуулах мессеж ихээхэн хүчтэй явагдсан билээ. Энэхүү мессеж сонгогчдын тодорхой бүлгийн санал өгөлтөнд хэрхэн нөлөөлснийг тодруулах үүднээс судлаач 2005 оны 05 сард 18-21 насны 64 оюутнаас санал асуулга, 48-67 насны тэтгэврийн 16 хүнтэй ярилцлага хийх замаар бэсрэг судалгаа явуулсан юм. Санал асуулгын дүнгээс үзэхэд Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайханы талаарх “хятадын эрлийз” гэх мэдээлэл оюутнуудын 41%, тэтгэврийнхний 52% нь итгэж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаарх “хятадын эрлийз” гэсэн мессежид оюутнуудын 56%, тэтгэврийнхний 68% нь итгэж байна гэж хариулсан юм. Судалгаанд оролцогчид дээрх мессежид яагаад итгэх болсноо “Сонин дээр уг гарлыг нь маш тодорхой тайлбарлаад биччихсэн байсан”, “Хүмүүс тэгж ярьж байгаа учраас үнэн байх”, “Олны үг ортой” гэх зэргээр тайлбарлаж байв. Энэхүү дүнгээс үзэхэд 50-иас дээш насныхны санал өгөлтөд намуудын дээрх манипуляци хүчтэй нөлөөлсөн байж болох талтай.
Олны анхаарлыг мөрийн хөтөлбөр, байр суурь гэсэн гол асуудлаас хөндийрүүлж үндэс угсаагаа дээдлэх, ижилсэн нэгдэх мэдрэмж дээр тоглон” өөр бусдыг үзэн ядах сэтгэгдэл төрүүлэх зорилготой дээрх ухуулга сурталчилгаа нь нэг талаас манипуляци, нөгөө талаас ардчиллын эсрэг шинж бүхий үйл ажиллагаа юм. Угтаа бол ардчилсан нийгэм олон янзын соёл, үзэл бодол, үндэс угсаанд хүлээцтэй ханддаг бөгөөд хэн нэгэн гарал угсаанаас үл хамааран нийгмийн бүрэн эрхт гишүүн байхын зэрэгцээ өөрийн хүч, авьяас чадвараа нийтийн төлөө зориулах бололцоо нээлттэй байдаг билээ.
- Популизм буюу олны сэтгэл хөдлөлд тулгуурласан улс төр Монголын улс төрд манипуляци газар авахад нөлөөлж буй нэгэн хүчин зүйл нь популизм юм. Улс төрийн бодлого, тогтвортой үйл ажиллагаанд суурилахын оронд олны сэтгэлийг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан этгээд зан үйлээрээ нэр хүндээ олж авдаг популистууд өдгөө манайд газар авч байна.
Популистуудын улс төрийн тэмцлийн гол арга нь олон түмнийг төөрөгдүүлж өөртөө татах буюу манипуляци хийх явдал байдаг. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт бус зан үйлийг хүсэмжлэх хандлагатай болдгоос популистууд ихээхэн газар авдаг нь манай улс төрийн практикаас харагдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Гүндалай, Ц.Нямдорж хоёрын улсын нууц задалсан, задлаагүй талаарх маргаан 2004 оны 4 сард дэгдсэнээс хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн үнэн мөнийг олох гэж хошуурч, наалдан пад цавууны реклам үдэш бүр цэнхэр дэлгэцээр Нямдорж, Гүндалай нарыг эвлэрүүлж сурталчилсан юм. Энэ бүхний үр дүнд дээрх хоёр улс төрч “Сант Марал”, “Альтернатив” зэрэг судалгааны төвүүдийн олон нийтийн санаа бодлын цуврал судалгаануудын шилдэг улс төрчдийн жагсаалтанд ихээхэн дээгүүрт багтах болсон юм.
Нямдорж Топ-10 улс төрчийн жагсаалтанд байнга орох боллоо. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань популистуудыг улам хөөргөдөж, нэвтрүүлэн нийтлэх болсон нь “Улс төрчид сайн муу ямраар ч гэсэн телевиз, сонин хэвлэлээр хэдий чинээ олон гарна, төдий чинээ нэр хүнд нь өссөөр байдаг” [Stan Roy Wilson.р 287] хэмээх зарчим Монголын улс төрд бодитоор хэрэгжихэд хүргэж байна.
- Хэвлэл мэдээллийн болон эрх зүйн орчин
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төр засаг болон улс төрчдийн үйл ажиллагааг хянах биш, тэдний дуу хоолой, ухуулгын хэрэгсэл болж байгаа нь харагдаж байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараахь бэрхшээлүүдээс үүдэн улс төрчдийн манипуляцийн хэрэгсэл болон ашиглагдаж байна.
- Санхүүгийн бэрхшээл. Ихэнх мэдээллийн хэрэгслүүд мөнгө санхүүгийн хүндрэлээ шийдэх нэг арга болгон улс төрийн хүчнүүдийн захиалгаар төлбөртэй мэдээ мэдээллийг дамжуулж байна. Ялангуяа, сонгуулийн кампани тэдний мөнгө олох гол арга болдог.
- Хараат бус байдал. Зонхилох сонин хэвлэл, телевизүүдийн удирдлага аль нэг улс төрийн хүчний хүн байдгаас дамжуулж буй мэдээлэл нь нэг талыг барьсан манипуляцийн шинжтэй болгож байгаа юм.
- Сэтгүүлчдийн ёс зүй, улс төрийн мэдлэг чадварын хангалтгүй байдал. Дамжуулж буй мэдээллээ олон эх сурвалжаар баталгаажуулдаггүй, баталгаатай бус эх сурвалж ашигладаг, бодит баримтыг санаатай болон санамсаргүйгээр буруугаар тайлбарлах явдал сэтгүүлчдийн дунд түгээмэл байна.
Дүгнэж үзвэл, Монголын улс төрд түгээмэл байгаа нийгэм, соёлын хүчин зүйлээр нөхцөлдсен манипуляцийг шилжилтийн үе дуустал бүрэн хязгаарлах боломжгүй, харин тодорхой хүрээнд багасгах боломжтой. Үүний тулд сонгуулийн тухай, олон нийтийн мэдээлийн хэрэгслийн тухай, улс төрийн намуудын тухай, шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг холбогдох Монгол улсын хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулан улс төрийн үйл явц, сонгуулийн ухуулга сурталчилгааны үе дэх мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө, улс төрийн намуудын оролцооны талаар нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Өнөөгийн хувьд хамгийн их мөнгө хөрөнгө зарцуулсан, арга заль хэрэглэсэн нам, хүчин давуу байр суурьтай болох, худал үнэн мэдээлэл, манипуляци хийсэн нэр дэвшигч ялах магадлалтай байгаа нь ардчиллын үйл явцад ихээхэн сөрөг үр дагавар авчирч байгаа юм.
Лавлагаа
- Улс төрийн боловсролын академи. Зүүн Азийн Барометр. Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УБ. 2005
- Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь. Олон улсын бага хурлын эмхтгэл. УБ. 2002 он
- МУИС. Политологи. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. No189. УБ. 2002
- Хэвлэлийн хүрээлэн. Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид. Мониторингийн судалгаа. УБ. 2004
- Глоб интернэншл ТББ. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторинг: Хоёр дахь шатны дүн. УБ. 2005
- Stan Roy Wilson.Mass Media and Mass Culture. McGraw-Hill, Inc. 1997 он