Ч.Тамир
/МУИС-ийн багш/
Шинэ толь №55, 2006
Түлхүүр үг: үзэл баримтлал, итгэл үнэмшил ,норматив итгэл үнэмшил, хямралд
Нийгэмд өрнөж байгаа үйл явцыг анализ хийж үзээд Монголын нийгэм гүнзгий өөрчлөлт хийгдэхэд бэлэн байгаа, гэвч энэ нь улс төрийн хүрээнд хүчтэй явагдах болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж болохоор байна гэсэн дүгнэлтэнд хүрч билээ. (Өдрийн сонин, 2006-3-24) Гэвч эл дүгнэлт нь үүсээд байгаа нөхцөл байдлыг намууд, эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэж байсан бөгөөд эдгээр үйл явцын уялдаа холбоо, тэдгээрийн хоорондын хамаарал, цаашилбал шалтгаан, хүчин зүйлийг үргэлжлүүлэн судлах ёстой юм. Хэрвээ дээрх баримтыг анхааралтай харсан бол хямралын эх сурвалж, гол үндсэн шалтгаан нь намуудтай холбоотой гэдэг нь ямар болов ч илэрхий байна. Гэвч нам гэдэг бол хийсвэр ойлголт үүний цаана хүнээс өөр юу ч байхгүй. Тэгэхлээр бид намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, цаашилбал бодлогын асуудлыг хөндөх болно.
Судалгааны явцад гарсан дүгнэлтээ шуудхан хэлэхэд Монголын өнөөгийн хямрал бол үзэл баримтлалын хямрал юм. Мэдээж энэ нь институтжсан байдлаараа системийн хямрал байдлаар илэрнэ.
Нэг. Улс төрийн нам ба үзэл баримтлал
Монголын нийгэм хүнд өвджээ, машинаар бол мотор нь ажиллахгүй байна. Бид намын тухай олон тодорхойлолтыг мэдэх боловч үзэл бодлоороо нэгдсэн гэсэн үгийг огтхон ч анхаарч байсангүй, зөвхөн зохион байгуулалттай, засгийн эрхийн төлөөх бүлэг л гэж ойлгож иржээ. Чухам тийм учраас анх үзэл баримтлал дагаж үүссэн намууд аажмаар зохион байгуулалттай, засгийн эрхийн төлөө тэмцэж байг хүмүүсийн бөөгнөрөл л болж хувирсан юм. Яагаад? Баруун орны түүхээс харахад түүхэн явцаар бүрэлдсэн иргэдийн итгэл үнэмшил дээр суурилж аливаа нэг улс төрийн үзэл баримтлал бий болдог, намууд үүсдэг аж. Намын үүслийн түүх ч ийм. Үзэл баримтлал нь хүмүүсийн итгэл үнэмшлээс л эхтэй юм.Гэвч Монголд иргэний улс төрийн суурь үнэт зүйл бүрэлдээгүй үзэл баримтлал хөгжиж чадсангүй. Үүнийг дараах шалтгаанаар тайлбарлаж болох болов уу.
Нэгдүгээрт: Социалист нийгмийн үед коммунист үзэл суртлаар нийгмийг хянаж, хавчиж байсан тул уг үгнээс шууд татгалзах нь хамгийн хялбар байв. Улмаар бид үзэл баримтлалын хямралд орсон. Ардчилал гэдэг үг нь дангаараа бидний үзэл баримтлал, ардчилалыг хэдэн хүн авчирсан хүмүүстэй холбоотой гэж төөрөлдсөн юм. Гэтэл аливаа ардчилсан институтийг ажиллуулах мотор нь үзэл баримтлалтай иргэд, тэдний идэвхтэй оролцоо байдаг аж.
Монголчууд өнгөрсөн хугацаанд ардчиллыг зөвхөн институтын түвшинд бий болгожээ. Ф.Фукуяма[1] ардчилал нь хөгжлийн түвшингээс хамааран нийтлэг орших 4 шат байгааг тэмдэглээд тус бүрд нь тайлбарлажээ. Нэгдүгээрт үзэл суртлын түвшинд ардчилсан институтын тухай, ардчиллын зөв буруугийн тухай норматив итгэл үнэмшил бүрэлдэн бий болдог ажээ. Энэ үед ардчилал гэдэг үг моодонд орж хүн бүр үүгээр бамбай хийж нэгнийгээ ардчилсан ба бусад гэж ялгадаг аж, хоёрдугаар үе шатанд ардчилал нь институт байдлаар бүрэлддэг. Үндсэн хууль, 400 орчим хууль, олон намын тогтолцоо, зах зээлийн тогтолцоо, бүх шатны шүүх, 5000 орчим ТББ зэргийг дурдаж болно. Харин гуравдугаар шат бол иргэний нийгмийн үе шат юм. Энэ үед төрөөс тусдаа иргэний нийгмийн бүтэц бүрэлдэж, иргэд бүх шатны бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх чадвартай болдог. Сүүлчийн шатанд ардчилал нь гэр бүлийн бүтэц, шашин, үнэт зүйл, ёс суртахуунд нэвчиж соёлын агуулгатай болж бэхэждэг аж. Арга зүйн шинжтэй эл ангиллаас үзвэл манай орны хувьд дөнгөж 2-р шатандаа явж байгаа. Чухамдаа эл үндэслэлт дээр тулгуурлан иргэний нийгэм рүү шилжих түүхэн үйл явц үргэлжилж байгаа гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.
Хоёрдугаарт: Намууд үзэл баримтлалаа онолын номноос, эс бөгөөс олон улсын холбооны баримт бичгээс хайж олдог, хуулдагт бидний дараагийн алдаа оршино. Олон хүн манай нам үзэл баримтлалтай гэж мэтгэх байх. Гэвч үзэл баримтлалаа зүгээр тунхаглаад орхих, хүмүүсийн итгэл үнэмшил болох нь ялгаатай юм. Нөгөө талаараа иргэдийг төлөөлнө гэсэн үг. Судалгаанд хамрагдсан иргэдийн дөнгөж 33 хувь нь өнөөгийн хоёр улс төрийн хүчин нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлж чадаж байна гэж үзсэн байна. Тийм ч учраас намын гишүүд үзэл баримтлалыг ойлгомжгүй зүйл, хэдхэн хүний ярьдаг зүйл гэж ойлгодог. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш эхнээсээ үзэл баримтлалыг гишүүдийнхээ амьдралаас биш зохиомлоор үүсгэсэнтэй холбоотой. Гэтэл үзэл баримтлал амьдралаас төрдөг, нийгэмд байгаа тодорхой асуудлыг шийдэхэд чиглэдэг. Энгийнээр хэлбэл үзэл баримтлал бол асуудлыг шийдэх арга хэлбэрийн цогцос, өөр хоорондоо хамааралтай мэдлэгийн нэгдэл юм. Ингэж амьдралаас үүссэн үзэл баримтлалыг сүүлд нь судлаачид тухайн асуудлаар ямар байр суурь баримталж байгаагаас нь хамаарч зүүний эсвэл барууны гэж ангилдаг.
Гуравдугаарт: Монголчуудад улс төрийн суурь итгэл үнэмшил, үнэт зүйл бүрэлдтэл тодорхой хугацаа хэрэгтэй ажээ. Нийгмийн ялгарал, социал давхраажилтай холбоотойгоор иргэд өөр хоорондоо боловсрол, орлого, шашин шүтлэг, эрхэлж байгаа хөдөлмөрөөрөө ялгагддаг. Чухам үүн дээр л тодорхой үнэ цэнэ, зарчим, ялгарал үүснэ. Улмаар барууны орны жишгээр түүхийн тодорхой хугацааны дараа нийгэмд дунд анги давамгайлж социал ялгарал багасдаг.
Дөрөвдүгээрт: Намууд үзэл баримтлалаа боловсруулахдаа гишүүдэд эс бөгөөс нийгэмд юу чухал байгааг биш харин аль нь гоё вэ? эс бөгөөс аль нь манайд байхгүй вэ гэсэн байдлаар асуудалд ханддаг нь дараагийн алдаа мөн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид өрнөдийн орнуудын үзэл баримтлалыг шууд хуулбарлаж үзлээ. Ингэхдээ эл онол, загвар нь тухайн орны түүх, соёл, улс төрийн системийн бүтээгдхүүн, хөгжлийн өндөр түвшнөөс дэвшүүлсэн зорилт гэдгийг анзаарч байсангүй. Тиймээс тунхаг төдий үзэл баримтлал өнөөгийн нийгэмд ажиллаж чадахгүй, татгалзахад харамсах хүн гардаггүй гэдэг нь харагдаж байна. Гэхдээ үзэл баримтлалыг амьдралаас боловсруулна гээд уламжлалаа хэтэрхий шүтэх нь бас л төвөгтэй юм. Угтаа нийгэмд тодорхой хэрэгцээ шаардлага байвал тэр асуудлаар хичнээн ч нам байж болно. Сүүлийн 5 жилийн судалгаанаас үзвэл нийгэмд ядуурал, архидалт, үнийн өсөлт, ажилгүйдэл, авилгалыг иргэд тулгамдсан асуудал гэж үзсээр байгаа. Үүнийг л барьж авч үзэл баримтлалаа боловсруулвал илүү амьд байх болов уу. Өнөөдөр хүний эрх, эрх чөлөө асар их зөрчигдсөн, төр данхайсан, улс төрийн бүх хүчнүүд социалист, халамжийн бодлого тунхаглачихсан үед барууны үзэл баримтлал нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байна.
Дээр өгүүлснээс дүгнэвэл Монголд намын гишүүн байх нь тодорхой итгэл үнэмшлийг хуваалцдаг хүмүүс биш хэн нэгнээ дагасан хүмүүсийн бөөгнөрөл болж хувирчээ. Хувь хүнийг дагасан ийм бүлэглэлд үнэт зүйл, үзэл баримтлал үгүй болохоор албан тушаал, эрх мэдэл чухалчлагдана. Хүмүүс намыг эрх мэдэлд хүрэх гүүр, авилгалын хэрэгсэл, хэрвээ намд зүтгэсэн бол заавал албан тушаалд очих ёстой гэж улайрдаг нь тэдний буруу биш юм.
Өнөөдрийн хямралын гол шалтгаан бол намууд үзэл баримтлалгүй болсон явдал юм. Тийм учраас улс төрийн систем дэх намуудын байр нь солигдсон ч ижил сөрөг үр дагаврыг авчирч байна. Яагаад?
Нэгдүгээрт: Тодорхой үнэ цэнэ, итгэл үнэмшил, байр суурьгүй учраас эрх мэдэлд ойрхон хэсэг нь олигарх болж хувирахад амархан ажээ. Иргэдийн 90 гаруй хувь нь намууд авилгалд автагдсан, намын гол дутагдлыг хариуцлагагүй гэж онцолж байна. Тиймээс өнөөдөр намыг албан тушаалын сонирхол, явцуу эрх ашиг нэгтгэж байна. Чухамдаа манай гол намын лидерүүд нэгдэж Ардчилсан хөгжлийн нам байгуулахаар төлөвлөж байсан нь санамсаргүй зүйл байсангүй.
Хоёрдугаарт: Намын удирдлага массаасаа тасрахдаа амархан, жирийн гишүүд чудирдлагатайгаа үзэл баримтлалын амьд холбоо үгүй учир байнга тэдний араас зууралдах сонирхолгүй, тэр хэрээрээ дарга нар хариуцлага хүлээдэггүй. Намын гишүүд дэмжигчид нам нь шудрага, ил тод үйлчилж чаддаг гэж 18-26 хувь нь хариулсан байна. Манай намууд дарга анги болж хувирч байна. Үүнийг аль ч намын ҮЗХ юм уу Бага хуралд орсон хүмүүст мөнгө, эсвэл албан тушаал гэсэн А хоёрхон шалгуур л үйлчилж буйгаас харж болно. Зөвхөн 2000 оны байдлаар АН-ын ҮЗХ-ны 20 хувь, МАХН-ын бага хурлын гишүүдийн 18 хувийг зөвхөн бизнесменүүд эзэлж байжээ. Энэ тооцоо өдгөө улам ихэссэн.
Гуравдугаарт: Үзэл баримтлалгүй учраас бодлого тодорхойгүй байна. Тулгарсан асуудлыг хэрхэн томъёолох, бодлогын хувилбарыг дэвшүүлэх, өөр хооронд нь хэрхэн яаж зангидах нь тодорхойгүй, нутаг нуг, ах дүү, найз нөхөд, авилгал, ашиг сонирхлыг дагасан зэрлэг өрсөлдөөн л нийгмийн хөгжлийн хурдасгагч болж байна. Тийм учраас өнөөдөр бид үзэл баримтлалын хямралд нэрвэгдээд байна гэж томъёолж болно. Өөрөөр хэлбэл, гол намууд боловсруулсан үзэл баримтлалгүй байгаа учраас өнөөгийн ардчилсан системийг ажиллуулж чадахгүй байна. Чухамдаа иргэд ч үүнийг өөрсдийнхөөрөө дүгнэж намуудын алийг нь ч дэмжихгүй гэж хариулах нь элбэг болов. 2003-2005 онд МУИС-ийн Социологийн тэнхмийн судалгаагаар аль ч намыг дэмжихгүй гэсэн хариулт 22 хувиас буухгүй байна.
Дөрөвдүгээрт: Улс төрийн тодорхой үнэт зүйл бүрэлдэж чадахгүй байгаагаас намууд өөр хоорондоо ялгарахгүй, сонгогчид ч үзэл баримтлал дагаж санал өгч хэвшихгүй байна. Уг нь 1990 онд намууд үзэл баримтлал дагаж үүсэж байсан. Удалгүй намын онолчид бид барууны, зүүний гэж бид туйлшрахгүй гэсэн жинхэнэ туйлшрал бүр 90-ээд оны сүүлээс л газар авсан. Энэ тухай судлаач Д.Болд-Эрдэнэ бүр 2000 онд манай намууд одоогоор ямар боловч улс төрийн үзэл баримтлалын тодорхой сонголт хийж энэ хүрээндээ бие биенээсээ заагран ялгарч хөгжин дэвших шаардлагатай хэмээн дүгнэсэн нь зөв байв. Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн барууны орнуудад нийгэм дэх ялгарал багасч үүнийг дагаад аль нэг талыг хэт барих уламжлалаас татгалзаж эхэлснийг барууны зүүний аль нь ч хэрэггүй яг адилхан болчихсон гэж бид хялбарчлан ойлгосон юм. Энэ нь угаасаа шинэ тутам үүссэн намуудын үзэл баримтлал төлөвшихөд ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Нөгөө талаас сонгуулийн мажоритар тогтолцоо улс төрийн хүчнүүдийн хүчний харьцаа ч гэсэн үзэл баримтлал төлөвшихөд саад болсныг дурдах ёстой. Ямар боловч тогтсон үзэл баримтлалгүй байх нь хамгийн муу хувилбар гэдэг нь энгийн үнэн юм. Өөрийн гэсэн сайн, муу, зөв, буруугүй хүн өнөөдөр нэг юм яриад дараа нь өөр юм ярина, ашгийн төлөө, албан тушаалын төлөө хаашаа ч ороход бэлэн. Улс төрийн намуудын фракцууд маш хурдан үүсч маш хурдан тарах болсон нь ч үүний нотолгоо юм. Өнөөдөр 64-ын бүлэг байгуулагдана, маргааш тарна, АН сөрөг хүчин болно гэж зарлангуутаа Засгийн газарт орохын төлөө гарын үсэг цуглуулна, жигүүр байгуулж тэмцэж байснаа өөрөө сайд болмогц тэмцэл нь илт саарна, өөр намтай нийллээ гэж бусдыгаа буруутгаад өөрөө орвол зөв. Тогтвортой байдлын гэрээг эсэргүүцэж байгаад сайд болмогц дэмжинэ. Хүүхдийн мөнгийг өнөөдөр өгнө. Харин маргааш яах бол? Хүүхдийн мөнгө өгдөг халамжийн төр хэрэггүй болох болов уу? Үүний хариултыг улс төрчид өөрсдөө ч ер нь хэн ч мэдэхгүй юм.
Дээр өгүүлсэн шалтгааны улмаас бусдыг дагалддаг, даргын хэлснийг зөв гэж ойлгодог, авилга авдаг, сонгуульд ялахын тулд юу ч хийхээс буцдаггүй ийм л төрх Монголд моод боллоо. Монгол хүний идеал, мөрөөдөл нь амар хялбараар хүрсэн албан тушаал, мөнгө, биежсэн хэлбэр нь том байшин, машин юм. Нийгмийн бий болгосон энэ идеалд хүн бүр хүрэхийг эрмэлзэх нь зүй ёсны хэрэг. Ингэж үзэхүл тодорхой бүлэглэлээр дамжин төрийн албанд очоод бизнес хийж хууль бусаар баяжсан албан хаагч залуу, найз охиныхоо төрсөн өдөрт очихын тулд ШТС-аас 20000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгтэн хоёрт тун бага ялгаа бий юм.
Хоёр. Сонгуулийн мөрийн хөтөлбөр
Монголын нийгмийн систем задарч унахад бэлэн болжээ, машинаар бол эд анги, эрэг, боолт нь салж унахад бэлэн байна. Зүйрлэвэл сонгуульд ялахын тулд юу ч амлахад бэлэн байгаа улс төрчид нь өөрийнхөө сууж байгаа модыг хөрөөдөж байгаа модчинг санагдуулдаг. Худлаа амлах нь хямралыг хурцатгах улс төрчдийн үүсгэсэн зохиомол шалтгаан мөн.
Намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулан судалж үзэхэд наад зах нь дараахь дутагдал байна.
- Тунхагийн шинж чанартай: Намууд мөрийн хөтөлбөр, түүн дээр тулгуурласан бодлогын баримт бичгүүдээ тунхагаар дүүргэчихжээ. Гэтэл тунхаглах ба тодорхой зорилго дэвшүүлэх, уриалах ба санал болгох, хүсэх ба хүрэх зорилтоо тодорхойлох нь газар тэнгэр шиг ялгаатай юм. Дүгнэвэл мөрийн хөтөлбөр нь маш тодорхой байх ёстой.
- Тодорхой бус: Мөрийн хөтөлбөр бодлогын баримт бичгийг боловсруулахдаа тодорхойгүй, хэмжих бололцоогүй заалтыг маш ихээр оруулдаг. 2004 онд байгуулагдсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн олон заалтыг жишээ болгож болно.
- Зөрчилтэй зорилт: Нийгэмд тулгамдсан асуудлууд нь өөр хоорондоо зөрчилтэй учир сонголт хийх шаардлагатай юм. Гэтэл бодлогын баримт бичгүүд нэг зорилгод чиглээгүй, өen хоорондоо зөрчилтэй учраас хүч тарамдаж байна. 2000 онд сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөрийн гурван заалтыг авч үзье. Нэгд, Бүх нам татварыг ихэсгэхгүй ган амалсан, тал нь бууруулна гэж амалжээ. Хоёрт. Харин цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ, зарим бүр хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан байх жишээтэй. Гуравт. Бүх нам төрийн албаны зардлыг багасгана гэж заасан байх жишээтэй Дүгнэвэл манай буурай эдийн засаг 4-хөн жилийн дотор татварыг хоёр дахин багасгаж, цалин тэтгэврийг 2 дахин нэмээд дээр нь төрийн албаны зардлыг багасгах бодитой бололцоо бага болов уу.
- Хэрэгжүүлэх боломжгүй. Шуудхан хэлэхэд намуудын мөрийн хөтөлбөр нь хэрэгжүүлэх ямар ч боломжгүй мөрөөдлийн зорилтыг агуулах нь элбэг. Хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилт бүрийг яаж хэрэгжүүлэх, хэн хэрэгжүүлэх, яаж санхүүжүүлэх, хэзээ хийх зэргийг нарийн тооцсон байх шаардлагатай юм.
- Цаг хугацаа: Намууд мөрийн хөтөлбөрөө 4 жилийн хугацаанд л хийх ажлаа оруулах ёстой. Олон намууд 4 жилд л бүх зүйлийг шийдэхээр амладаг нь өөрөө логикгүй юм.
Жишээлбэл ядуурлыг 4 жилийн хугацаанд байхгүй болгож чадах уу?
Дараагийн шатанд сонгуульд ялвал мөрийн хөтөлбөрөөс Засгийн газрын мөрийн хөтөлбөр урган гарах учиртай. Гэтэл манайд асуудал эсрэгээрээ юм. Сонгуулийн дараа синдром арилсан байх учраас юу амалчихсанаа эргэн санаж бодлого боловсруулах ажил эхлэнэ. ЗГ-н мөрийн хөтөлбөр гэдэг бол хамгийн том бодлогын баримт бичиг, үүгээр тэдний ажлыг үнэлнэ, үүгээр сонгуульд сонгогчид өөрсдийг нь үнэлнэ гэдгийг улс төрчид төдийлөн анхаардаггүй. Тэд сонгогчдыг юм мэдэхгүй, мартамхай гэж итгэдэг, үнэхээр ч иргэн бүр бодлогыг уншдаггүй ч гэсэн үр дүн, нөлөөг нь өөрийнхөө амьдралаараа мэдэрч байдаг учраас хамгийн бодитой үнэлгээг өгч чаддагт эргэлзэх хэрэггүй юм. Чухам тийм ч учраас сонгууль бүрээр улс төрийн хүчнүүдийн байрыг сольж чаддаг байна.
Гурав. Нам бодлого боловсруулах үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
Монголын нийгэм гүнзгий хямралд ороод байна, машинаар бол бид шаварт суучихжээ. Монголд намууд бодлого боловсруулах үүргээ гүйцэтгэж чадахаа нэгэнт больжээ.
Үүнтэй холбоотой бодлогыг боловсруулдаг судлаач, эрдэмтэд хаачив гэсэн асуулт гарна. Бяцхан түүх сөхье. 1990-ээд оны дунд үе хүртэл намуудад эрдэмтэдийн бүлэг харьцангүй хүчтэй байжээ. Гэвч тэд цаг хугацааны эрхээр хуучирсан, харин намууд өөрсдийн дээд болон дунд шатны удирдлагын хүрээг бизнесмен, урлаг спортын оддоор сэлбэсэн. Намууд дэргэдэх судалгааны байгууллагыг бизнес клубээр сольсон. Тиймээс тулгарч байгаа асуудлыг зөв тодорхойлж, хувилбарыг боловсруулалгүйгээр ихэнхидээ өөрсдийн бодлоороо, нэлээд тохиолдолд мөнгө санхүүгийн бүлгийн явцуу сонирхолд нийцүүлэх болсон. Зөвлөх гэдэг албыг өөрийнхөө үгээр явдаг хүмүүс гэж ойлгосон юм.
Өнөөдөр намууд бэрхшээлээ ойлгож эхэлж байна, тэд бүгдээрээ бодлого ярьж эхэллээ. Гол намуудын дэргэд бодлогын зөвлөл, бүлэг байгуулагдаж байна. Хүссэн ч хүсээгүй бид цаашдаа улс төрийн нам, сонгуулийн мөчлөгөөр амьдрана.
Дөрөв. Бодлогод иргэдийн оролцоо ямар үүрэгтэй байх вэ?
Монголын нийгэм бүхэлдээ зогсонги байдалд орчихжээ, машинаар бол бид бензингүй болчихож. Шуудхан хэлэхэд Монголчуудын цаашдын ирээдүй бодлого боловсруулах үйл явц, хөгжлийн стратегидаа иргэдийн оролцоо хэрхэн тусгахаас хамаарах болно. Иргэд төрөөс эрх чөлөөгөө уйгагүй тэмцлийн үр дүнд олж авч байна, албан тушаалтнуу.
дуртай ч дургүй ч эргэж харж байна. Энэ бол дөнгөж эхлан юм. Сүүлийн үед манайд үндэсний хөгжлийн үзэл баримтлар гэж нэг мундаг зүйлийг ярих боллоо. Ийм хөтөлбөр монгол 1996 онд байсан. Хэдэн мундаг хүн зохиогоод л бусад нь түүнийг дагаад л явчихна гэж төсөөлөөд байна, улс төрчил ийм баримт бичигт найдаад байх шиг байна. Гэтэл энэ баримт бичгийг дээрээс нь биш харин салбар бүрээр нь доороос санаачилж, бодлогод оролцогчид өөрсдөө хэрэгцээгээ тодорхойлж, өөрсдөө хэрэгжүүлж явах учиртай. Иргэд өөрсдөө хууль санаачлах практикийг органик хуулиар зохицуулах, ард нийтийн санал асуулгыг явуулж хэвшмээр байна. Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог дээшлүүлэхгүйгээр нийгэмд үүсээд байгаа хямрал улам л даамжрах болно.
Монголын нийгэм гүнзгий хямралд ороод байна, машинаар бол бид хаашаа яваад байгаагаа мэдэхгүй байна. Замаа олох зөн билэг, үзэл санаа бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна, үзэл санаатай хүн эрх чөлөөтэй, үзэл санаатай хүн бусдад худалдагддаггүй юм. Үзэл баримтлалаасаа бид бодлогоо хайх ёстой юм биш байгаа? Хүн төрөлхтний түүхэнд үзэл санаа ямар ч том гүрнийг унагаж чадна гэдгийг харуулдаг. Үзэл санаа түүхэн ёсоор бүрэлддэг, тийм учраас өнөөдөр Монголд өрнөж байгаа төрөөс эрх чөлөөгөө олж авах тэмцэл нь түүхэн үйл явцын үргэлжлэл юм. Иргэдийн тэмцэл амжилт олж байна. Унаж яваа машин маань биднийг очих газарт яагаад хүргэхгүй байна, жолоочоос уу? эсхүл машинаас болоод байна уу?
[1] Primary culture.//Democracy 1995.