эндэнгийн Нямцэвээн
/Либерти дээд сургуулийн сургалтын албаны ажилтан, Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №67, 2009
Түлхүүр үг :
- бага, дунд боловсрол, жендэр, Боловсролын салбар, Жендэрийн тэгш байдлыг хангах
Ерээд оноос хойш нийгэмд өрнөсөн өөрчлөлтийн үрээр Монголын нийгмийн жендерийн байдалд огцом ялгарал гарч эхэлсэн. Боловсролын салбар болон албан бус сектор зэрэг салбар дах эмэгтэйчүүдийн давамгай байр суурь нь олон нийт болон төр Засгийн албан тушаалтнуудын анхаарлыг жендерийн асуудалд өөрийн эрхгүй хандуулсан юм. Монгол улс ардчилсан хегжлийн замыг сонгон авснаар Үндсэн хуулиндаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш эрхийг баталгаажуулж[1], эрүүгийн хуульд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг гэмт хэрэгт тооцох[2], улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт тэгш боломж бүрдүүлэх эрх зүйн батапгааг тодорхой хэмжээнд хангасан. Улмаар монгол улс жендэрийн болон эмэгтэйчүүдийн асуудлаарх олон улсын хэд хэдэн гэрээ конвенцод нэгдэн орж, 1996 онд “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”[3], 2002 оноос “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”[4]-ийг батлан хэрэгжүүлж байна.
Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, түүний ажлын албыг байгуулж, 2006 оноос бүх яамдад жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнг томилон ажиллуулах болсон. Түүнчлэн Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлон баталж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх /3 дугаар зорилт/, бүх шатны боловсролын түвшинд жендэрийн тэгш бус байдлыг 2015 он гэхэд арилгах /6 дугаар зорилт/ зорилтуудыг тус тус дэвшүүлэн тавьжээ.
Монгол улсад жендерийн тэгш байдлыг хангах чармайлтууд олон улсын байгууллагууд, ТББ-уудын идэвх санаачилгаар эхлэн хийгдсээр 10 гаруй жилийн нүүрийг үзэж Засгийн газрын бүтцийн дотор ЖТБҮХ байгуулагдаж, ЖТБҮ хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэлсэн нь нийгэм-эдийн засгийн бүх салбарт жендэрийн үзэл баримтлалыг үйл хэрэг болгох тогтолцоог үүсгэсэн юм. Гэвч жендэрийн тэгш байдлыг хангах зорилгын хэрэгжилт удаашралтай, бодитой үр дүн харагдахгүй байгаа бөгөөд үүний шалтгааныг үндэсний түвшинг хамран ажиллах чадваргүй сул тогтолцоо, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг үйл хэрэг болгох үндэсний буурай чадавх, хөгжлийн бус чиг баримжаатай төсөвтэй холбон тайлбарлаж байна[5].
Энэ бүхний цаана жендэрийн тэгш байдлын тухай, мөн түүнийг бүх салбарт хэрэгжүүлэх бодлого, стратеги боловсруулахад үндэс болгох, хэрэгжүүлэх тогтолцоо, чадавхийг дэмжих, олон нийтийн мэдлэг ойлгоцыг нэмэгдүүлэх мэдээ, мэдээлэл дутмаг, байгаа мэдээллийн хэрэглээ хангалтгүй байгаа нийтлэг бэрхшээл оршиж байгаа юм. “Жендэрийн тэгш байдлын мэдээ, мэдээлэл хамгийн сайн байгаа” хэмээн үздэг боловсролын салбарт энэ нь бүр ч хамаатай байгаа билээ.
Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулинд иргэдийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьс өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, бүх шатны боловсролын агуулгыг иргэдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлог, авьяас сонирхол, хувь хүний хэрэгцээ, үндэсний онцлог, олон улсын боловсролын нийтлэг жишигт нийцүүлэх тухай хуульчлан баталгаажуулж өгсөн.
Монгол улсын иргэний сурч боловсрох эрх, үүргийг тодорхойлон баталгаажуулсан эрх зүйн үндсэн баримт бичиг бол 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн Хууль юм. Үндсэн хуулинд Монгол улсын иргэн бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших талаар хуульчилсан. Энэхүү заалт нь хүйсийн ялгаа харгалзахгүйгээр бүх иргэнд эрх тэгш үйлчилнэ хэмээн заагдсан тул боловсрол дахь жендэрийн тэгш байдлыг хангах хамгийн чухал суурь баримт бичиг юм.[6] УИХ-аас 1995 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”[7] -д бүх нийтийн ерөнхий боловсролыг иргэдэд төлбөргүй олгох, суурь боловсролыг заавал эзэмшүүлэхээр тусгасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын тухай хуульд[8] “Хүүхдэдээ 16 хүртэлх насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх” нь эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг байхаар заасан нь охид хөвгүүдийг сурах, боловсрол эзэмших эрхээ бүрэн хэрэгжүүлэх баталгаа болж байна.
Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж боловсролын шинэчлэлийн хүрээнд зарим нэмэлт өөрчлөлт орон хэрэгжиж байна. Дээр дурьдсан эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд хүргэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор олон тооны журам, дүрэм, заавар зэргийг УИХ, Засгийн газар, эрх бүхий байгууллагуудаас батлан мөрдөж байна. Боловсролын салбарын бодлогын болон хууль эрх зүйн гол баримт бичгүүдэд, жендерийн тэгш байдал хэмээх нэр томъёо ороогүй, хүүхдүүдийг охид, хөвгүүдийн тоон харьцааны тухай зааснаас бусад хэсэгг тус тусад нь заан нэрлээгүй байгаа нь боловсролын үйл явцыг үнэлэх үнэлэлт, стандартууд мөн тусгалаа олж байна. Боловсролын бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд боловсрол эзэмшигчдийг нийтэд нь тэгшээр авч үзэж байгаа нь ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш оролцох нөхцөл бололцоог бүрдүүлснээрээ дэвшилттэй боловч өнөөгийн нөхцөлд тулгарч буй тэгш эрхийг хангахаас хэтэрсэн тусгай арга хэмжээ шаардаж буй жендэрийн асуудлыг ойлгох, шийдвэрлэх орчинг бүрдүүлж чадахгүй байна.
Боловсролын бодлого, стандартуудад сургалтын хөтөлбөр, сурах бичиг сургалтын орчныг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн тоон болон чанарын үзүүлэлтүүд дутагдаж байна. Мөн боловсролын мэдээлэлд тавигдах шаардлага, хяналтын асуудал баримт бичгүүдэд бүрхэг байгаа нь жендэрийн тэгш байдлын тоон мэдээллийг чанаржуулах, чанарын мэдээллийг хөгжүүлэх орчныг бүрдүүлээгүй байна.
Иргэдийн сурч боловсрох үйл явц, түүний баталгаа, боловсролын салбарын үйл ажиллагааг зохицуулсан суурь эрх зүйн баримт бичгүүдийг идэвхтэй мөрдөх, хэрэгжилтийг хангах, үр дүнгийн хяналтыг тодорхойлоход “Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” чухал ач холбогдолтой. Мастер төлөвлөгөөнд эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт болон түүний үр нөлөөг хянах тоон үзүүлэлтийг хүйсээр ялган тодорхой тусгасан байна. Жишээлбэл: Бага, дунд боловсролыг хамран сургалтын бохир жинг эмэгтэй 99,6 хувьд, эрэгтэй 96,1 хувьд хүргэнэ гэж үзэн бага, дунд ангиар ялган заасан байна. Мөн бага, дунд, ахлах ангид хамруулан сургах хүүхдүүдээс хотод хамруулах хувийг хүйсээр ялган заасан байна.
Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлдэг жендерийн тусгайлсан хөтөлбөр одоогоор байхгүй боловч Засгийн газраас баталсан “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүд боловсрол, мэргэжлийн түвшингээ дээшлүүлэн хөгжих, мэдээлэл авах орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлснээр суурь боловсрол олгох ангид суралцагсдын дотор хөвгүүдийн эзлэх хувь нэмэгдэж сургууль завсардалт буурсан байхаар тодорхойлсон. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн ерөнхий зорилго нь хөгжил дэвшилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах, тэднийг нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх замаар Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгэмд гарч буй сөрөг үзэгдлийг арилгахад оршиж байгаа юм.[9]
Хууль эрх зүйн баримт бичгүүдийн агуулгад суралцагчдын ялгаатай хэрэгцээг харгалзан үзсэн байдлыг шинжлэн үзэхэд холбогдох заалтуудыг дараах гурван хэсэгт ангилж болохоор байна. Үүнд:
a/ Иргэдийг сурч боловсроход үндэс, угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх. Бүх шатны боловсролын агуулгыг иргэдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлог, авьяас сонирхол, хувь хүний хэрэгцээ, үндэсний онцлог, олон улсын боловсролын нийтлэгжишигт нийцүүлэх гэх зэргээр хүйсээр ялгаварлах үзэл санааг агуулсан заалтууд,
б/ Боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр нь суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно. Боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр нь суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтөй, нээлттэй байна, хүүхдэдээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх гэх зэрэг нь хүйсээр онцлон заагаагүй ч сурч боловсрох эрхээ хүүхэд бүр тэгш эдлэхийг дэмжсэн үзэл санаа бүхий заалтууд,
в/ Хараагүй, дүлий, оюун ухаан хомстолтой, бие эрхтний согогтой хүүхэд, залуучуудад зохих түвшний боловсрол, мэргэжил эзэмшүүлэх, сургуулиас гадна иргэдэд амьдарч хөдөлмөрлөхөд зайлшгүй шаардлагатай нийгэм, эдийн засаг, эрх зүй, соёл, гоо зүй, гэр бүлийн болон охид эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшүүлэх зэрэг боловсролын ялгаатай үйлчилгээг онцгой шаардсан бүлэг, хүйсийг заасан заалтууд орсон байна.
Энэ бүхнээс үзэхэд бага, дунд боловсролын аль ч баримт бичигт “жендэрийн тэгш байдал” хэмээх нэр томъёолол хараахан ороогүй бөгөөд “бүх нийтээр”, ”бүх иргэдэд”, “бүх суралцагсдад”, эсвэл “хүйс үл хамааран” хэмээх томьёоллууд нь цаанаа охид, хөвгүүдийг эн тэнцүү хамруулсан ба жендэрийн тэгш байдлыг хангах санааг агуулсан байна гэж үзэж болох талтай. Гэвч эдгээр нь ерөнхийдөө хүйсээр үл ялгаварлах үзэл санааг агуулсан хүүхэд бүрийн сурч боловсрох тэгш эрхийн тухай болон тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ шаардагдах бүлэгт хамаарах заалтуудаар хязгаарлагдаж байна. Харин “жендэрийн тэгш байдал” хэмээх томьёоллоороо тусгагдсан ямар нэгэн заалт байхгүй байна. Эдгээр нь охид хөвгүүдийн ялгаатай хэрэгцээг харгалзан үзэж боловсрол эзэмших, түүнийхээ үр шимийг хүртэх тэгш байдлыг хангах арга замыг баталгаажуулж хэдий чадахгүй ч, цаашид жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж боловсруулах, хэрэглэх таатай хөрс суурь болж өгнө.
Боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын үзүүлэлтийг ихэвчлэн суралцагсдын хүйсийн харьцааны тоон мэдээллийн хүрээнд ойлгож байгаа нь жендэрийн тэгш бус байдлыг үүсгэж буй хүчин зүйлсийг бодитойгоор үнэлэх, шийдвэрлэх арга замыг сонгоход сөрөг нөлөө үзүүлсээр байна. Монгол Улсын Засгийн газраас “2015 он гэхэд бага, дунд боловсрол дахь жендэрийн гажуудлыг арилгана” хзмээн томъёолсон Мянганы хөгжлийн зорилт өнөөдөр боловсрол дахь жендэрийн тэгш байдлыг хэмжих албан ёсны гол үзүүлэлт болж байгаа хэдий ч мэдээ, мэдээллийн дутмаг байдал нь бодлого боловсруулагчдыг ч уг зорилгын агуулга, түүнд хүрэх арга замын талаар тодорхой ойлголт төсөөлөлгүй байдалд хүргэж байна.
Боловсролын хүрээлэн, Боловсрол дахь жендэрийн ажиглах нэгжээс Улаанбаатар, Дархан хот, Өвөрхангай аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд Жендэрийн мэдрэмжтэй орчин судалгааг 2003, 2005, 2007 онуудад З удаа хийжээ. Судалгааны дүнгээс үзэхэд сургууль, цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн орчинг бүрдүүлэхдээ хүүхдийн нас, хүйс, сэтгэцийн онцлогийг муу харгалзсан байгаа нь ажиглагдсан байна. Мөн 2003 онд Улаанбаатарын 45-р дунд сургуульд, 2006 онд Эрэл, Орчлон сургуулиудад хийсэн анги танхим дахь жендэрийн ажиглалт судалгаагаар багш нарын хичээл удирдан хөтлөх арга нь нэг талын мэдээлэлтэй, жендэрийн мэдрэмж сул, хичээлийн явцад сурагчид хоорондын харилцаа бага байгаа нь харагджээ.
Сургуульд охид хөвгүүдийн ариун цэврийн өрөөг тусдаа байхыг журмаар заасан боловч 1 өрөөний 2 тасалгааг тусгаарлан эрэгтэй эмэгтэй гэсэн таних тэмдэг тавих явдал түгээмэл байдаг нь шаардлага хангадаггүй гэж орон нутгийн ажилтнууд үзэж байна.
Сургуулийн орчинд хичээлээс гадуур зохиогдох арга хэмжээнүүдэд охид хөвгүүдийн хамрагдах байдлыг харуулах мэдээлэл алга байна.
Боловсролын хүрээлэнгийн бага, дунд боловсролын сургалтын стандарт, сурах бичгийн жендэрийн мэдрэмжийн судалгаанд монгол улсын боловсролын сургалтын агуул га дахь жендэрийн мэдрэмж хангалтгүй байна гэж дүгнэсэн байдаг. Боловсролын хүрээлэн Монголын боловсролын шинжлэх ухааны Академиас 2005 онд Бага, дунд боловсролын шинэ стандарт, мөн энэ онд хэвлэгдсэн ЁБС-ийн хэд хэдэн сурах бичигт жендэрийн мэдрэмжийн судалгаа хийж үзэхэд ЕБС-ийн шинэ стандарт жендэрийн мэдрэмжээр маш сул, сургуулийн зарим сурах бичиг эмэгтэйчүүдийг дорд үзэх уламжлалт үзэлд суурилж бичигдсэн, сурах бичигт байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зургийн 70 шахам хувьд нь дан эрэгтэй хүний зураг тавигдсан, эмэгтэйчүүдийг ахуйн хүрээнд ажил үүрэг гүйцэтгэж байгаагаар, эрчүүдийг нийгэм, төрийн албанд ажиллаж байгаагаар голдуу дүрсэлсэн байжээ.[10]
Манай оронд өнөөдөр хүйсийн тэгш бус эрх байгаагийн нэг илрэл бол дунд боловсрол эзэмшихэд охид хөвгүүдэд тусад нь зориулсан сурах бичиг, гарын авлага үгүйлэгдэж байна.[11] Гэтэл судалгаанд хамрагдсан нийт багш нарын 63,5% нь буруу, 36,4% нь зөв гэж үзсэн байх юм. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын жендэрийн боловсрол дутмаг байгааг харуулж байгаа юм.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургалтад ашиглагдаж буй Иргэншил II, Уран зохиол I, Англи хэл I, Монгол хэл IY гэсэн дөрвөн сурах бичигт жендерийн шинжилгээ хийсэн болно. Шинжилгээг хийхдээ боловсролын хөгжлийн хөтөлбөр-3-ийн ЕБС-ийн сургалтын хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээний хүрээнд боловсруулсан шалгуур үзүүлэлтийг ашигласан болно.
Иргэншил II сурах бичигт: нийт 167 зургаас 140 нь эрэгтэйчүүдийг дүрсэлсэн.
- Уг сурах бичгийг нүүрэнд цэрэг эрсийн зургийг байрлуулсан.
- Хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн зураг 2 байх бөгөөд дан эрэгтэй хүүхдээр дүрслэн үзүүлсэн. (х.43, х.152)
- Хүмүүнлэг, энэрэнгүй ёс, нинжин сэтгэл хэмээх сэдвүүдэд зургийг эмэгтэйчүүдээр дүрслэн үзүүлсэн. (х.31, Х.ЗЗ)
- 2 дугаар бүлэг буюу “Дүрэм, журам, хууль” бүлэгт шийдвэр гаргах түвшний хүмүүсийн зургийг эрэгтэйчүүдээр дүрсэлсэн.
- Бодит хөрөг зураг 10 байсан бөгөөд эдгээрийн 90%-д нь эрэгтэйчүүдийн, үлдсэн 10%-д нь эмэгтэй хүний хөрөг байсан.
- Доорх сэдвүүдээр багаар ажиллах, хамтран ажиллах, хэлэлцүүлэх даалгаварууд өгөгдсөн байна. Үүнд:
- Олон улс үндэстнүүдийн иргэншил болон тэдний хоорондын ялгаатай байдлын тухай,
- Нийгэмд хийж гүйцэтгэж болохгүй муу зуршлуудын талаар,
- Хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн тухай,
- Хэм хэмжээ, захиргааны эрх зүйн тухай,
- Монгол улсын гүйцэтгэх дээд байгууллагуудын тухай
- Дэлхийн болон Монголын өв соёл, түүнийг хамгаалах тухай.
Энэ нь сурах бичигт шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийг дүрсэлж өгсөн нь өрөөсгөл болсон. Учир нь хүн сонсохоосоо илүүтэйгээр нүдэнд өртсөн зүйлээ амархан тогтоодог. Гэтэл шийдвэр гаргах түвшний хүмүүсийг эрэгтэйчүүдээр дүрсэлж өгсөн нь хүүхдүүдийн ой тогтоолтод даргын ажлыг эрэгтэй хүн хийх ёстой гэсэн үзэл бодлыг шингээж өгч байгаа юм.
Уг сурах бичгийн зураг дүрслэлд жендерийн харьцаа алдагдсан. Агуулга эх текстэнд жендерийн тэгш байдал, хүүхдийн эрхийн асуудал харьцангуй тусгагдсан гэж үзэх үндэстэй.
Уран зохиол I сурах бичигт. хүйсийн нэгбүлгийг голлох маягаар дүрсэлсэн 16 зурагнаас 13 нь эрэгтэйчүүдийг голлосон.
- Бүлэг тус бүрийн хуудсыг таних үүднээс хуудсанд бүлгийг ялгах зурагнуудыг байрлуулж өгсөн.
- 1-р бүлэг: морин хуур
- 2-р бүлэг: эх хүн
- 3-р бүлэг: эрэгтэй хүүхэд
- 4-р бүлэг: дэлхий
- Уг сурах бичигт эр зоригтой баатарлаг хүмүүсийг эрэгтэйчүүдээр, харин энэрэнгүй уяхан хүмүүсийг эмэгтэйчүүдээр дүрслэн үзүүлсэн байна.
- Уг сурах бичгийн бичвэрийн дийлэнх хувийн гол баатруудыг эрэгтэйчүүд эзэлж байна.
- Эрэгтэйчүүдийг бяр чадалтай байдлаар харин эмэгтэйчүүдийг эх хүн эсхүл урлагын хүнээр голчлон дүрсэлсэн байна.
Англи хэл I сурах бичигт: хүйсийн нэг бүлгийг голлох маягаар дүрсэлсэн 15 зурагнаас 10 нь эрэгтэйчүүдийг голлосон
- Удирдамж зааврын өмнөх тэмдэглэлийг эрэгтэй хүүхдээр дүрсэлсэн. Энэхүү сурах бичиг нь дан зурагнаас бүтсэн бөгөөд зурагнууд нь хүүхдэд ойлгомжтой, уншихад хялбар байдлаар бичигдсэн байна. Сурах бичгийн эхний нүүрэнд эрэгтэй эмэгтэй 2 хүүхдийг дүрсэлж өгсөн байна.
- Сурах бичгийн зурагнууд хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар дүрслэгдсэн.
- Хүүхдэд гадаад хэл сурахад дөхөм байх үүднээс зурган байдлаар дүрсэлсэн.
- Сурах бичгийн хөтөч хүүхдээр эрэгтэй эмэгтэй 2 хүүхдийг дүрсэлсэн.
Монгол хэл IV сурах бичигт: хүйсийн нэг бүлгийг голлох маягаар дүрсэлсэн 16 зурагнаас 13 нь эрэгтэйчүүдийг голлосон.
- Удирдамж зааврын өмнөх тэмдэглэлийг эрэгтэй хүүхдээр, харин хуудасны тооны хажууд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдээр дүрсэлж өгсөн байна. Сурах бичгийн зурагны 46,8%-ийг амьтны зураг эзэлж байна. Мөн цээжлэх шүлэгний хажууд эрэгтэй эмэгтэй хүүхдийг байрлуулсан байна.
- Сурах бичгийн зурагнууд хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар дүрслэгдсэн.
- Баатарлаг болон спортын амжилт үзүүлж байгаа хүмүүст эрэгтэйчүүдийг дүрсэлж өгсөн байна.
- Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хийх ажлыг ялгаж өгсөн зураг 1 байна. /х. 107/
Судалгааны хүрээнд багш нараас авсан судалгаанд багш нар дараах хариултыг өгсөн байна. Үүнд:
№ | Асуулт | Хариулт | |||
1. | Боловсролын харилцаан дахь жендэрийн тэгш байдлын талаар та ямар ойлголттой байдаг вэ? | Маш сайн 70% | Сайн14,1% | Дунд49,4% | Энэ тухай бараг ярьдаггүй 29,4% |
2. | Боловсролын хөгжлийн үзэл баримтлал болон үндэсний кирриклюмд жендэрийн асуудлыг тусгах нь зөв үү? | Зөв55.2% | Буруу16,4% | Мэдэхгүй28,2% | |
3. | Та ямар байдлаар тусгах нь зөв гэж боддог вэ? | Сургалтын программд тусгах 32,9% | Жендэрийнталаармэргэжлийнбагшаарсуралцагчдадмэдлэг олгуулах47% | Арга зүйн хэсэгттусгах11,7% | Цогцчадамжидтусгах8.2% |
4. | Хүүхдийн эрх, ялгаатай хзрзгцзз чадварыг харгалзан үзсэн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай гэж та үздэгуү? | Шаардлагатай62.3% | Бага зэрэг тусгахньзөв25,8% | Шаардлагагүй8,2% | Мэдэхгүй3,5% |
5. | Чанартай боловсрол эзэмшихэд хүйсээр ялгаварлан үзэх үзэл нөлөөлдөг үү? | Нөлөөлдөг40% | Нөлөөлдөггүй60% | ||
6. | Ангийн менежментэд жендэрийн харьцаа болон тэгш байдал ямар үүрэгтэй вэ? | Маш чухал 49,4% | Чухал биш21,1% | Энэ тухай бодожбайгаагүй17,6% | |
7. | Чанартай боловсрол эзэмшихэд охид хөвгүүдийн эрмэлзэл ялгаатай юу? | Ялгаатай42,3% | Ялгаагүй57,6% | ||
8. | Дунд боловсрол эзэмшихэд охид хөвгүүдэд тусад нь зориулсан сурах бичиг, гарын авлага байх нь зөв үү? | Зөв36,4% | Буруу63,5% | ||
9. | Эрэгтэй, эмэгтэй багш нарын ялгаатай хандлага нөлөөлдөг үү? | Нөлөөлдөг38.8% | Нөлөөлдөггүй41,1% | Мэдэхгүй20% | |
10. | Боловсролд ажиллах эрэгтэйчүүдийн тоо ямар учраас харьцангуй цөөхөн байдаг гэж та боддог вэ? | Нийгмийн байдлаас болоод 56,4% | Эрэгтэйчүүдболовсролынсалбарыгсонирходоггүйучраас38,8% | Эрэгтэй бэгш нарын хийх ажил байхгүй 0% | Мэдэхгүй4,7% |
11. | ЕБС-ууд сургуулийнхаа эрхэм зорилгодоо сурагчдын тэгш байдлын талаар тусгаж өгөх нь зөв үү? | Заавал тусгахёстой61.1% | Чухал биш 27% | Мэдэхгүй11,7% | |
12. | Жендэрийн тэгш байдал гэж таны бодлоор ямар утгыг агуулсан үг вэ? | Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа 44.7% | Нийгэмд эдлэх адил эрх 52,9% | Ямар нэгэнойлголтбайдаггүй2,3% | |
13. | ЕБС-ийн сурагчдаас охид хөвгүүдийн аль нь их завсарддаг вэ? | Охид15,2% | Хөвгүүд71,7% | 2-уулаа10.5% | Аль нь ч биш2,3% |
14. | Суралцагчдын сургууль завсардалт юунаас болдог гэж та боддог вэ? | Нийгэм69.4% | Эцэг эхчүүд 25,8% | Багш нараас 2,3% | Хүүхэд өөрөөс нь 4.7% |
15. | Ангийн сурагчдаас хөвгүүд охидын аль нь илүү манлайлагч байдаг вэ? | Охид51,7% | Хөвгүүд16,4% | Тухайн нөхцөл байдлаасаа хэн ч байж болно 31,7% |
Судалгаанаас үзэхэд бүх шатны сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчныг жендэрийн мэдрэмжтэй болгох, энэ зорилгоор боловсролын бодлого боловсруулагчид, судлаачид, сурган хүмүүжүүлэгчдэд боловсролын жендэрийн сургалт явуулах, жендэрийн боловсролыг сургалтын агуулгад тусгах арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүний тулд:
Үндэсний түвшинд:
- Боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцааг арилгах асуудлыг үндэсний түвшинд авч үзэн, төр засгийн бодлогод тусгаж, боловсролын салбарт жендэрийн тэгш бус байдлыг арилгах механизм бий болгох.
- Боловсрол дахь жендэрийн байдлыг судлан, жендэрийн тэгш байдлыг тогтоох төрийн бодлогын үндсийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж байх боловсролын Жендэрийн ажиглалтын Нэгж/Gender Focal Point/-iwH Үндэсний сүлжээ бий болгон ажиллуулах.
- Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх, боловсролын төсөв зохиох мэргэжилтнүүдэд жендэрийн мэдрэмжтэй сургалт зохион байгуулах.
- Хүүхэд залуучуудын жендэрийн боловсролын агуулгыг боловсруулах, сургалт зохион байгуулах.
Салбар, орон нутгийн түвшинд:
- Боловсролын салбарт эмэгтэйчүүд их ажиллаж буй өнөөгийн байдлыг хадгалахын зэрэгцээ боловсрол дахь хөдөлмөрийн зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулахгүйгээр эрэгтэйчүүдийг боловсролд ажиллах сонирхолыг нь татахуйц санхүү, эдийн засаг, нийгмийн хангамж, урамшууллын таатай нөхцөл бүрдүүлэх.
- Хөдөө орон нутагт охид, хөвгүүд боловсрол эзэмших ижил, таатай нөхцөл бүрдүүлэх, тэдэнд зориулсан боловсролын чанарыг дээшлүүлэхэд орон нутгийн оролцоо, хүчин чармайлтыг нэмэгдүүлж аймаг, сум, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах.
- Орон нутгийн боловсролын удирдах ажилтан, багш нарын жендэрийн боловсролд зориулсан сургалт семинарыг зохион байгуулах, гарын авлага бэлтгэх.
- Багш бэлтгэх сургалтад жендэрийн мэдрэмжтэй заах арга, хүүхэдтэй ажиллах арга зүйг зааж оруулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулгад жендэрийн асуудлыг илүүтэйгээр тусгаж оруулах.
- Жендэрийн мэдрэмжтэй сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүний хангамжийг бий болгох.
Нэгж байгууллагын түвшинд:
- Анги ахих тутам эрэгтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиас илүүтэй завсардаж байгаа нь манай сургуулиудад “эмэгтэй” багш нарын арга барил зонхилж, багш нарын багшлах ур чадвар эрэгтэй хүүхэд сургууль завсардахад нөлөөлж байгаа эсэхийг тогтооход чиглэсэн судалгаа хийх.
- Боловсролын чанарыг дээшлүүлж, сургууль завсардаж байгаа охид хөвгүүдийг цаашид үргэлжлүүлэн суралцуулахад багш, сургуулийн удирдах ажилтан, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагааг төвлөрүүлэн зохион байгуулахад сургуулийн үйл ажиллагааг чиглүүлэх.
- Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийг ээлтэй нөхцөлд сургахад чиглүүлэх.
Эх сурвалж:
- Жендэрийн товч танилцуулга: Монгол улс дахь баримт мэдээлэл, тоон үзүүлэлтүүд, УБ, 2000
- Жендэр судлалыг хөгжүүлэх нь: Хэрэгцээ сонирхол ба боломж нөөц, УБ, 2001
- Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, УБ, 2004 он
- Өөрчлөлтийг түргэсгэх нь: Жендэрийн асуудлыг бодлогод тусгах үзэл баримтлал, УБ, 2005
- Жендэрийн асуудлаарх стратеги төлөвлөлтийн семинар, УБ, 2006
- Жендэрийн тэгш байдлыг хангах төрийн бодлогын асуудлууд, УБ,
2007
- Жендэрийн асуудал: Зохистой хөгжлийн жендэр төвийн мэдээллийн товхимол УБ, 2007
- Жендэрийн нэр томьёо, тодорхойлолт, үндсэн ойлголтууд Т.Амгалан, Н.Оюунчимэг НҮБ-ын дэргэдэх Жендэрийн асуудлаарх ажлын хэсэг
- Хүний хөгжил сурах бичиг, 2006
- Боловсрол дахь хүүхдийн эрх, жендэрийн асуудал /зөвлөмж/ УБ,
2008
- Монгол улсын мянганы хөгжлийн зорилтууд, 2015
- Боловсрол дахь жендэрийн тэгш байдлын мэдээ, мэдээлийн хэрэгцээний үнэлгээ
- Жендэр судлалыг хөгжүүлэх нь: Хэрэгцээ сонирхол ба боломж нөөц /судалгааны тайлан/
- Монголын боловсрол дахь жендэрийн асуудал: Судалгааны дүн
- Статистикийн 2007 оны эмхтгэл
- Монгол улсын 2007 оны төсвийн төсөлд хийх жендэрийн дүн шинжилгээ, Нээлттэй нийгэм форум, 2007
- Сангийн яам, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил 2006 онд, 2007
- Боловсролын хүрээлэн “Бага дунд боловсролын сургалтын стандартад хийсэн жендэрийн мэдрэмжийн судалгаа” 2006, “бага дунд сургуулийн 10 сурах бичгийн жендэрийн мэдрэмжийн судалгаа” 2005
- Жендэр ба хэвлэл мэдээлэл судалгааны явцын тайлангаас. Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, 2008
- www.medeelel.com
- Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх арга замууд УБ, 2002
[1] Үндсэн хуулийн 1992 оны 16,17-р тогтоолоор батлагдсан
[2] Эрүүгийн хууль
[3] Засгийн газрын 1996 оны 6 сарын 18-ны 145 дугаар тогтоолоор батлагдсан
[4] Засгийн газрын 2002 оны 12 сарын 30-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор батлагдсан.
[5] Жендэр судлалыг хөгжүүлэх нь: хэрэгцээ сонирхол ба боломж нөөц /судалгааны тайлан/
[6] Боловсрол дахь жендэрийн тэгш байдлын мэдээ, мэдээллийн хэрэгцээний үнэлгээ
[7] УИХ-ын 1995 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 36-р тогтоол
[8] 846.2 дахь хэсэгг
[9] Жендэрийн асуудлаарх стратеги төлөвлөлтийн семинар УБ 2006, х. 21, Монгол улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Б. Дэлгэрмаагийн ‘Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” илтгэлээс
[10] Боловсролын хүрээлэн “Бага дунд боловсролын сургалтын стандартад хийсэн жендэрийн мэдрэмжийн судалгаа” 2006, “бага дунд сургуулийн 10 сурах бичгийн жендэрийн мэдрэмжийн судалгаа” 2005
[11] Монголын жендэрийн өнөөгийн байдал ба цаашдын хандлага, х.5