Ц.Бүжидмаа
/Либерти Дээд сургуулийн багш, (Рh.D)/
Шинэ толь №60, 2008
Түлхүүр үг: Иргэдийн боловсрол, иргэний эрх, төрийн хөтөлбөрүүд, түвшин, төлөвшил, асуудлууд, иргэн төрийн харилцаа
Засаглалын харилцаанд ардчилал, хүний эрхийн агуулга тулгуур байр суурь эзлэх болсноор иргэд эрх, эрх чөлөөгөө эдлэх, төрийн үйл хэргийг нээлттэй байлгах, шийдвэр гаргахад оролцох, төрөө хянах, мэдээлэл хайх, үзэл бодлоо илэрхийлэх үйл явц нийгмийн амьдралын гол хэм хэмжээ болсоор байна.
Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулах зорилгыг Үндсэн хуулиндаа тунхаглан зарласнаас хойшх арав гаруй жилийн хугацаанд ардчилсан нийгмийн иргэний шинэ үнэлэмжийг төлөвшүүлэх шууд зорилго дэвшүүлсэн үндэсний хэмжээний бодлого байхгүй, үзэл баримтлалаа тодорхойлоогүй өнөөг хүрсэн нь ардчиллын хөгжлийн үр дүнг саармагжуулж, зарим талаар ухралтад хүргэж байна[1].
Зүүн Азийн барометр судалгаанаас[2] Монголд ардчиллын үнэлэмж төлөвшлөө олоогүй хэврэг байгаа дүр зураг, Азийн сангийн судалгаанаас[3] Монгол Улс авлигад автаж, нийгмийн түвшинд олон нийт авлига өгч ажлаа бүтээхийг ердийн зүйл мэт үзэх, өөрсдөө үүнд бэлэн байх зэрэг хандлага тод харагдсаар байна.
Судалгааны дүнгээс үзэхэд ардчиллын талаарх иргэдийн мэдлэг, ардчилсан ёс, ардчилсан дэглэмд итгэх итгэл сул байна. Ардчилал гэж юу вэ гэсэн асуултад ихэнхдээ “эрх чөлөө”, “шударга ёс” гэсэн 1-2 хариулт л өгч чадаж байгааг дараахь судалгааны дүн харуулж байна.
График 1
Ардчилал гэж юу вэ гэсэн асуултанд хариулж чадсан байдал[4]
“Зүүн Азийн Барометр” 2003 оны судалгааны дүнгээс харахад ардчилал гэдэг бол эрх чөлөө, чөлөөт байдал гэж нийт оролцогчдын 86.4 хувь нь, шударга ёс гэж 43.4 хувь нь, нээлттэй байдал гэж 25.2 хувь нь, тэгш байдал гэж 23.3 хувь нь тус тус хариулжээ. Харин ардчиллын гол үнэт зүйл болох хүний эрх, чөлөөт сонгууль, олон ургальч үзэл, олон намын систем, хариуцлага, ил тод байдал, иргэний оролцоо зэрэг тодорхой хариултыг судалгаанд оролцогчдын маш цөөхөн хувь нь хариулжээ.[1]
Иргэдийн дунд сонгууль, парламент, төлөөллийн байгууллагын ач холбогдлыг үгүйсгэсэн, төвлөрөл, хүчтэй гарыг хүсэмжилсэн авторитар үнэлэмж хүчтэй байгаа нь сүүлийн 5-6 жилийн судалгаанаас тод харагдаж байна[2].
Судалгааны дээрх дүн нь олон нийтийн дунд улс төрийн харилцааны талаарх ардчиллын үнэлэмж, үнэт зүйлийн хэм хэмжээ баттай тогтож чадаагүй, тэр нь амьдралынх нь хэм хэмжээ болон төлөвших үйл явц эхлэл төдий байгаагийн илрэл юм.
Иргэд эрх үүргээ ухамсарлах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх, үүргээ ухамсарлаж, гадаад орчиндоо нээлттэй, хүмүүнлэг харилцааг эрхэмлэн бусадтай зөвшилцөж, түншилж, ажиллах хэвшил төлөвшиж чадаагүй байна.
Иргэний эрхээ хэт тунхаглаад үүргээ умартаж, төрөөс зээл тусламж, хандив горилж суудаг дүр зураг ч иргэдийн дунд харагдаж байна.
Төрийн сонгуульд оролцож, саналаа өгөх иргэдийн идэвх буурсаар байгааг судалгааны дүн харуулж байна[3].
Иймээс иргэдэд иргэний нийгмийн үнэлэмж үнэт зүйлсийг түгээх, иргэнлэг чанар, иргэний эрх үүргээ хэрэгжүүлэх чадамж, мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх үйл ажиллагааг хангах зорилго бүхий иргэний боловсролын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бий болгох явдал чухлаар тавигдаж байна.
Иргэний боловсролын асуудлаар хийсэн судалгааны хүрээнд УИХ-аар болон Засгийн газраас баталсан зарим Үндэсний Хөтөлбөрүүдэд шинжилгээ хийж үзэхэд иргэний боловсролын асуудлыг ямар нэгэн байдлаар тусгасан байна. Үүнд:
2001 онд батлагдсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт” “Монгол хүний хөгжил, шинжлэх ухааны боловсрол чиглэлээр монгол хүний геном, түүний онцлог, монголчуудын боловсрол, хүмүүжлийн түүхэн уламжлал, оюун ухаан, авъяас билэг, хүмүүнлэг сэтгэлгээний төлөвшлийн хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилт дэвшүүлжээ[4].
2003 онд батлагдсан “Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөр” баримт бичигт “…иргэдийн ерөнхий боловсролын болон эрх зүйн мэдлэгийн түвшинг цаашид дээшлүүлэн эрхээ эдлэх, хамгаалах чадвар эзэмшүүлэхэд чиглүүлэх шаардлага тавигдаж байна”[5] хэмээн зааж, хүний эрхийг хэрэгжүүлэх болон сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зарим арга хэмжээнүүдийг тусгасан байна[6].
2004-2008 оны “Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд шийдвэр гаргах явцыг нээлттэй болгож, асуудлыг аль болох ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тал болон иргэдийн санаа бодолд тулгуурлаж шийддэг жишиг тогтоох[7] гэсэн зорилтыг дэвшүүлж, 2006 онд “…боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүний хөгжлийн түвшинг ахиулах”[8]-ыг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байна.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр”-т иргэний эрх, эрх чөлөө, иргэдийн бүх талын оролцоо, хариуцлагатай төрийн байгууллагын хууль ёсны шүтэлцээнд түшиглэсэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх агуулгын хүрээнд “Иргэний боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор боловсруулна[9] гэж заажээ.
2005 онд УИХ-аас баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилт” баримт бичигт “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх гэсэн зорилгын үүднээс Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүндэтгэж, чандлан сахих, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж, олон нийтэд мэдээллийг чөлөөтэй олж авах боломж олгох, ардчиллын үндсэн зарчим, хэв маягийг амьдралд хэвшүүлэх, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх”[10] гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн нь иргэний боловсролын хэрэгцээ шаардлага, зорилгыг мянганы зорилтын түвшинд тодорхойлсон гэж үзэж болохоор байна .
Гэвч Монгол улсын хууль тогтоомж, дээр дурьдсан үндэсний хөтөлбөрүүдэд ардчиллын үндсэн зарчим, хэв маягийг амьдралд хэвшүүлэх, иргэний эрхээ эдлэх, хамгаалах чадвар эзэмшүүлэхэд чиглүүлэх, хүний хөгжлийн түвшинг ахиулах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн боловч “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөр”-өөс бусад баримт бичигт “Иргэний боловсрол”-ын асуудлаар ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх талаар тодорхой заалт, төлөвлөсөн арга хэмжээ байхгүй байна.
Монгол улсад Иргэний боловсролыг дэмжих үйл явц ямархуу түвшинд байна вэ?
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, тухайлбал, НҮБХХ, ННФ, АНУ-ын Азийн сан, Конрад Аденауэр сан, АНУ-ын БНОУХ зэрэг байгууллагууд иргэний боловсролын чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд монголын төрийн бус байгууллагуудын иргэний боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх ажлыг хийдэг байна. Түүнчлэн энэ чиглэлээр, сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, бодлогын шинжилгээ хийх, хэвлэн нийтлэх зэрэг олон талын үйл ажиллагаа явуулж байгаа нь монголын хүн амын иргэний боловсролыг дээшлүүлэх, ардчилсан, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна[11].
1990-ээд оноос хойш Монгол Улсад ТББ-ууд иргэний боловсролын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд[12] эдгээр байгууллагуудын олонх нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан нийгэмд мэдлэгтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас Засгийн газрын бодлого хөтөлбөр, шат шатны Засаг даргын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарыг дэмжин хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхдээ иргэдэд хууль сурталчлах, боловсрол нөхөн олгох, эрүүл аж төрөх ёс болон аж ахуй эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлуудыг их бага хэмжээгээр зохион байгуулж байна.
Гэвч иргэний боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд нь нэгдсэн хөтөлбөртэй явагдаж чадахгүй байгаагаас хүн амыгхамрах хүрээг өргөтгөх, үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, төрийн байгууллагууд, ТББ-ууд хамтарч ажиллах, хүчээ нэгтгэх ажил хийгдэхгүй байна. Сүүлийн жилүүдэд сонгогчийн боловсрол, хүний эрх, эрх зүйн боловсролын чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, албан боловсролын хөтөлбөрт суулгаж өгөх зэргээр багагүй ажлыг төрийн ба төрийн бус байгууллагуудаас хийсэн боловч энэ нь агуулгын хувьд болон бүтцийн хувьд институтчлэгдээгүй тул хэсэг бусаг шинжтэй болж байна[13].
Албан боловсролын хүрээнд бүрэн дунд боловсролын стандартад “…өөрийгөө хө.гжүүлж өрсөлдөх, зөрчлийг шийдвэрлэх, бусдын бодол санааг хүндэтгэн хүлээн авч, зөвшилцлөөр шийдвэр гаргах өөрийн жам ёсны эрхээ эдлэхийн зэрэгцээ, бусдын эрхийг хүндэтгэн хамтран ажиллах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэнэ гэж боловсролын зорилгыг тодорхойлсон.
Гэвч боловсролын аль ч шатанд иргэний боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн хомсдолтой, “Иргэншил” хичээлийг заах багшийг бэлтгэж чадаагүй, хүүхдийн итгэл үнэмшил, үнэлэмжийн төлөвшилд зохистой хэлбэрээр нөлөөлдөг сургалтын арга зүй дутагдалтай байна.
Сурах бичиг судлал хөгжөөгүйгээс сургалтын агуулгын шинэчлэлд нийцэхүйц сурах бичгийн эх зохиол гарахгүй, сурах бичгийн агуулга, чанарыг сайжруулахад удирдамж болохуйц мэдээллийг сурах бичиг зохиогчдод хүргэж чадахгүй байгааг судлаачид тэмдэглэж байна[14].
Иргэний боловсрол олгох хичээлийн агуулга нь хэт урвуу, ихэнх тохиолдолд төр, түүний удирдлага, хууль ёсыг сурталдсан агуулгатай байгааг[15] бид хүлээн зөвшөөрөх ёстой. Мэргэжлийн боловсролын салбарт оюутан суралцагчдад суурь болон сонгодог эх зохиолуудаас бүтсэн унших бичиг хангалтгүй байна.
Энэ бүхнээс үндэслэн Монгол улсад Иргэний боловсролыг дэмжин хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх дараахь асуудлуудыг санал болгож байна.
- “Иргэний боловсрол”, түүний агуулгыг ямар түвшинд авч үзэх талаар нэгдмэл ойлголт, хандлага, стратегийг тодорхойлсон, иргэдийнхээ мэдлэг боловсролын төвшин, мэдээлэл авах боломжтой уялдуулсан олон хувилбарт, өвөрмөц бүтэц агуулга бүхий үндэсний хэмжээний хөтөлбөр, бодлогын баримт бичгийг батлах нь хойшлуулашгүй чухал байна.
- Иргэний нийгэм, иргэний боловсролын чиглэлээр эрдэм судлалын ажил, санал санаачлагыг төрийн бодлогоор дэмжих таатай орчин бүрдүүлэх нь Монгол улсад Иргэний боловсролыг хөгжүүлэх нэг нөхцөл болно.
- Иргэний боловсролын чиглэлээр Ерөнхий боловсрол, тусгай дунд боловсрол, дээд боловсрол тэр дундаа багш мэргэжилтнийг бэлтгэх сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийж, түүнийг өөрчлөн боловсруулах далайцтай ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна.
- Иргэний боловсролын үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн институтуудыг чадавхжуулах, бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдний зүгээс нийтийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, түншлэлийн механизмыг бий болгох
- Иргэний боловсролыг дэмжих, Иргэний боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндэсний хэмжээний байгууллага бий болгох, үйл ажиллагааг тогтмолжуулах
- 2009 оныг Иргэний боловсролын жил болгох
Иргэний боловсрол нь ардчилал, шударга ёс, хүний эрх, хөгжил болон нийгэмшил, иргэншлийн үүрэг хариуцлага зэрэг ардчилсан, нээлттэй нийгмийн үнэлэмж, үнэт зүйлсийг иргэдэд төлөвшүүлэхэд чиглэгдсэн насан туршийн гэгээрлийн үйл явц байна.
“Иргэн-төрийн харилцаа”-ны асуудлыг Иргэний боловсролын агуулгын цөм хэмээн үзэхдээ, тогтсон ёсын дагуу “төрөө дээдлэн үздэг, номхон төлөв хүн болгох”[16] гэсэн уламжлалт үзэл баримтлалаас зоригтой салж, сонгож байгуулсан төрөө өөрсдөө хянадаг, хариуцлага, ил тод байдлыг шаарддаг, үүний зэрэгцээ өөрийн эрх, эрх чөлөө болон бусдын өмнө хүлээх үүргээ гүнзгий ухамсарладаг, оролцоот иргэнийг төлөвшүүлэх нь Иргэний боловсролын зорилго байна.
[1] “Иргэний боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр” төслийн тайлан. УТБА. 2007 он.
[2] Зүүн Азийн барометр. Ардчиллын хөгжпийн харьцуулсан судалгаа. УТБА., УБ„ 2005
[3] Азийн сан. Монгол дахь авлигын чиг хандлагууд. Цуврал судалгаа. УБ., 2006.11-р сар.
[4] “Зүүн Азийн Барометр” судалгааны 2003, 2006 оны дүнгээс
[5] Пагма.А., Ардчиллын үнэлэмж түүний өөрчлөлт. УТБА-ийн лекцийн эмхэтгэл, УБ., 2006, №11. х.32
[6] “Бид парламент болон сонгуулиас татгалзаж, асуудлыг шийдвэрлэдэг хүчтэй удирдагчтай болох ёстой” гэсэн байр суурийг та зөвшөөрөх үү гэсэн асуултад 2006 онд Зүүн Азийн Барометр судалгаанд оролцогсдын 60 хувь нь зөвшөөрнө гэсэн хариулт өгч байсан байна.
[7] 2004 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 82,2% нь саналаа өгсөн бол 2004 оны орон нутгийн сонгуульд 61.5% нь оролцож саналаа өгсөн байна. 2004 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг. 2004. ННФ, Сонгогчдын боловсролын төв, Глоб Интернешнл. УБ., 2004
[8] Төрийн мэдээлэл. 2001 он, №8, 204 дэх тал.
[9] Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр. УБ., 2003 он, 4 дэх тал.
[10] “Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөр”-ийг ‘хэрэгжүүлэх арга хэмжээний 2006-2008 оны төлөвлөгөө.
[11] www.open-government.mn
[12] Мөн ТЭНД.
[13] Төрийн мэдээлэл. 2005 он, №40, 710 дахь тал.
[14] Төрийн мэдээлэл. 2005 он, №17, 384 дэх тал.
[15] Иргэний сонгогчийн боловсрол судалгааны тайлан. УТБА. УБ., 2007
[16] 2003 онд Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргасан “Монголын ТББ-ын лавлах” номноос үзэхэд хүний эрх, иргэний нийгэм, ардчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нийт 63 байна. Монголын төрийн бус байгууллагын лавлах. УБ., 2003 он.
[17] Иргэний/сонгогчийн боловсрол судалгааны хүрээнд хийсэн сурвалжлага судалгаа
[18] Боловсролын салбарын нөхцөл байдлын судалгааны нэгдсэн тайлан. УБ., 2005 он.
[19] Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төсөл. Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ. УБ., 2006 он.
[20] Сүхээ.Ш. Монголын ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлал, дэвшлийн зарим асуудал. УБ., 1988., х.47