Д. Болд-Эрдэнэ
/ШУА-ийн ФСЭХ-ийн Улс төр судлалын салбарын эрхлэгч, доктор/
Шинэ толь №59, 2007
Түлхүүр үг: Тоталитаризм, Иргэншлийн хэв маяг, Дэглэм, Иргэний нийгмийн хяналт, Улс төрийн үзэгдэл, Социализм
Тоталитаризм бол енгөрсөн зууны томоохон үр дагавар бүхий улс төрийн онцгой үзэгдэл юм. Улс төрийн үзэгдлийн хувьд энэ нь Ази болон баруун Европын олон улс оронд тодорхой цаг хугацааны турш бодитой оршин үйлчилж байжээ. Ингэхдээ нийтлэг нэгэн шинж, агуулгын хүрээнд хэрэгжиж байсан хэдий ч тухайн улс орны нийгэм-улс төрийн түүхэн тодорхой нөхцөл байдал, үзэл, сэтгэлгээний онцлог, амьдрал, иргэншлийн хэв маяг, гадаад нөлөөллийн тодорхой нөхцөл зэрэг олон бодит хүчин зүйлтэй уялдан энэ нь бас өвөрмөц арга, хэлбэрээр илэрсэн юм. Энэ зүй тогтол монголын хувьд ч тодорхой байдлаар давтагдсан билээ. Тиймээс ч монгол оронд хэрэгжин, гуршигдсан тоталитар дэглэмийн үүсэл бүрдэлт, үе шат, шинж онцлогийн асуудлыг тусгайлан авч үзэж, судлах нь онол, танин мэдэхүйн болон сургамж, ухаарлын талаасаа үлэмжхэн ач холбогдолтой юм. Тэгэхдээ энэ асуудлыг авч үзэхийн өмнө өгүүлэн буй нэр томъёоны гарал зүй, утга учир, онцлогийн талаар товч боловч цөөн зүйлийг тодруулан үзэх нь зүйтэй юм.
Үгийн гарал зүйн хувьд энэ нь эртний латины ‘totalitas” буюу “бүтэн, бүхэл”, “totalis” “бүхнийг хамарсан, нэлэнхүй, бүхэл” гэсэн утга санааг илэрхийлсэн үг аж. (1:690) “Тоталитаризм” хэмээх нэр томъёог анх Италийн фашист дэглэмийн удирдагч Б.Муссолини улс төрийн хэллэгт оруулж, хэрэглэсэн гэдэг. Тэрээр энэ нэр томъёог гаргаж тавихдаа Италийн философич Ж.Жентилегээс санаа авсан байна. Хэдийгээр энэ нь улс төрийн үзэгдлийн хувьд нэлээд хожуу үед хамаарах боловч түүний онол, үзэл санааны эх сурвалж нь хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн эрт үеэс үндэс улбаатай юм. Тухайлбал, эртний Өрнө, Дорны сэтгэгчдийн зохиол бүтээлд нийгмийн амьдралыг бүхэлд нь хянах, хүчтэй төр, нэгдмэл удирдлага, олон түмнийг төвлөрсөн нэгэн удирдлагад захируулах боломж, арга хэлбэрийн тухай үзэл санаа цэгцтэй боловсрогдон томъёологдож байжээ. Тоталитар төрийн тухай эртний Грекийн сэтгэгч Гераклит, ПГлатон болон утопи социализмын томоохон онолчид болох Г.Бабеф, Т.Мор, Т.Кампанелла, Сен Семон, Ж.Ж.Руссо, Л.Троцкий, Н.Бухарин нар анхааран судалж байжээ.
Өнөө үед ч энэ асуудал нь судлаачдын маргаан, сэтгэлгээний төвд байж шинжлэл судлалын ажлынх нь гол судлагдахуун болсон хэвээр байна. Тэгэхдээ судлаачид тоталитаризмыг их төлөв нийгэм, улс төрийн янз бүрийн дэглэм, улс төрийн тогтолцооны мөн чанарыг ялган салгаж танин мэдэх, “нээлттэй”, “хаалттай” нийгмүүдийг харьцуулан шинжлэх явцад тодорхой авч үзэх сонирхолтой байдаг. Тоталитаризмыг онолын хувьд цэгцтэй ойлгон баримжаалахад Ф.Хайекийн “Боолчлолд хүрэх зам” (1944), Х.Арендтын “Тоталитаризмын үндсүүд” (1951), К.Фридрих, З.Бжезинский нарын “Тоталитар дарангуйлал ба автократ тер” (1956), Р.Арон “Ардчилал ба тоталитаризм” (1965) хэмээх суурь бүтээлүүд нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тоталитаризм түүхэнд “баруун”, “зүүн” гэсэн хоёр үндсэн хэлбэрээр хэрэгжсэн бөгөөд “зүүн” чиглэл нь 1917 онд Оросын коммунист хувьсгалын үр дүнд бүрэлдэн бий болсон большевик дэглэм, хожим түүний үргэлжлэл болж цэцэглэсэн Сталины харгис дэглэм, ЗХУ болон Ази, Европын социалист гэгдэж байсан улс орнуудад оршиж байсан дэглэм, өнөөгийн Хятад, Куба, Хойт Солонгсс, Вьетнам, Иракийн дэглэмийг хамаатуулан үздэг бол “баруун” хэлбэрт нь Итали, Германы фашист дэглэмийг тооцон үздэг. Улс төрчид, судлаачид тоталитаризмыг авч үзэхдээ нэгд, улс төрийн дэглэмийн өвөрмөц хэв маяг, , хоёрт, нийгэм-улс төрийн бодит байдал гэсэн агуулгаар хандаж ирсэн байна. Тэгэхдээ дээр дурьдсан хандлага чиглэлийн аль нэгийг нь туйлчлан, онцгойлох байдал түгээмэл байдаг. Гэтэл тоталитаризм нь агуулгын хувьд улс төрийн дэглэм, тогтолцооны хэлбэр байгаад зогсоогүй, улс төрийн үр дагавар, сургамж бүхий түүхэн бодит шинж байдлыг өөртөө агуулсан үзэгдэл болох нь тодорхой байна. Эндээс үзвэл тоталитаризмыг судлаачид хамгийн товчоор төрийг шууд орлосон төржсөн, манлайлагч намын зүгээс нийгмийн амьдралын бүх хүрээ, сабарыг хатуу хяналтандаа авч, сөргөлдүүлэн, тэмцэлдүүлэх агуулга бүхий нэгэн үзэл, үнэлэмж, үзэл сурталд иргэний нийгэм, олон түмэн болон хувь хүмүүсийг нийтээр нь захируулан, хянаж, тэднийг онцгой эрх мэдэл бүхий дарангуйлагч түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлгийн дуулгавартай төлөөлөгчид болгон хувиргах замаар нийгмийг өөрчлөхөд чиглэгдсэн хүнд сурталт, захиран тушаах хэв шинж бүхий улс төрийн дэглэм, тогтолцооны өвөрмөц хэлбэр, онцгой уршиг дагавар бүхий улс төрийн гажуудсан үзэгдэл хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү ерөнхий агуулга бүхий тодорхойлолтонд үндэслэн судлаачид тоталитаризмын үүсэл, бүрдэлтийн урьдчилсан нөхцөл, үндсэн шинж, онцлог, хувьсал өөрчлөлтийн мөн чанарыг тодорхой авч үзсэн байдаг. Энэ бүхнийг монгол оронд илэрсэн онцлог байдалтай уялдуулан ямар нэгэн хэмжээгээр тодруулан үзэж болох юм.
Монгол оронд тоталитар дэглэмийн сонгодог шалгуур шинж тус орны тухайн цаг үеийн онцлог нөхцөл байдалтай уялдан өвөрмөц агуулгаар илэрсэн бөгөөд энэ нь түүний үүсэл, бүрдэлт, хэрэгжих явц, шинж, үр дагаварт тодорхой байдлаар тусгалаа олсон юм. Монгол дахь тоталитаризмын хэрэгжилттэй холбоотой онолын цогц асуудлын хүрээнд түүний үүсэл, бүрдэлтийн угтвар нөхцөл, хүчин зүйлийн асуудал онцгой байр суурь эзэлдэг. 1921 онд ялан мандсан үндэсний ардчилсан хувьсгал нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний шууд үргэлжлэл болж, тус орны хөгжил, дэвшлийн цаашдын хувь заяанд үндсэн эргэлт болсон билээ. Энэ утгаараа энэ хувьсгал нь монголын ард түмний үндэсний сэргэн мандалтын үйл явцын суурь эхлэл болсон юм. Хувьсгалын дараахь үеэс шинээр үүсэн байгуулагдсан төр, засаг улс орны олон үеийн хоцрогдолыг аажмаар даван туулж, нийгэм эдийн засаг, улс төр, оюун санааны шинэчлэлт хийх чиглэлээр тодорхой алхамуудыг дэс дараатай авч хэрзгжүүлж эхэлсэн юм. Гэвч энэ үйл явц эхнээсээ амар хялбар байгаагүй ихээхэн хүнд хэцүү, сорилт шалгалттай тулгарсан билээ.
Тэр үед монгол орон нийгмийн эдийн засаг, оюун санааны хөгжлийн түвшин дорой, олон үеийн хоцрогдол, хүн ардын амьдралын ядуу, зүдүү байдал зэрэг нь нийгмийн гүнзгий өөрчлөпт хийх үйл явцад саад болоод зогсоогүй энэ нь тус оронд тоталитар дэглэм оршин үйлчлэх ерөнхий урьдчилсзн нөхцөлийн таатай боломжийг бүрдүүлэхэд нөлөөлсөн юм. Судлаачдын үзэж байгаагаар тоталитар дэглэм үүсэн бүрэлдэхэд улс орны хоцрогдол, нийгэм эдийн засгийн хямралт байдал чухал нөлөэтэй байдаг байна. Гэхдээ 1921- 1924 он хүртэлх хугацаанд тус орны өвөрмөц онцлог байдлыг ямар нэг хэмжээгээр харгалзан үзсэн үндэсний ардчилсан шинжтэй өөрчлөлтийг хэрэгжүүлж байлаа. Гэвч энэ үед ядуу дорд ардын эрх ашгийг туйлаар бодож хамгаалсан хуучин ноёлогч хэсэг бүлэг, давхаргын эсрэг чиглэсэн анги ялгаварлах бодлогыг тууштай явуулж байсан нь тухайн тодорхой цаг үедээ зөв зүйтэй байсан ч энэ нь цаашдаа хэм хэмжээнээсээ хэтрэх хандлагатай болж ирсэн нь тус оронд тоталитаризм оршин үйлчлэх таатай хөрс суурь болж байлаа. Нөгөө талаар, тэр үед монголын ард түмний нийгмийн ухамсрын түвшин дорой, улс төрийн үзэл, үнэлэмжийн тогтсон үнэт зүйлсийн систем хараахан бүрэлдэж чадаагүй байсан нь тус оронд тоталитар онол, үзэл суртал дзлгэрэн хэрэгжих бодит боломжийг ямар нэг. хэмжээгээр бүрдүүлж өгсөн юм.
Монголчууд 1921 оны хувьсгалаар үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авах үйл хэрэгг Зөвлөлт Орос улсаас цэрэг, улс төрийн дэмжлэг туслалцаа авсан нь тухайн үедээ хувьсгалын гол зорилтыг ханган биелүүлэх, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөхцөл болсон билээ. Гэвч энэ туслалцаа, дэмжлэгийг дагалдуулан Зөвлөлт Орос улсын улс төрийн онол, үзэл суртал, дэглэмийг монголчуудад аажмаар хүлээн зөвшөөрүүлж, тулган хүлээлгэхэд чиглэсэн улс төрийн давхар бодлого, тооцоо явж байсан нь тодорхой юм. Энэ нь яваандаа тус оронд коммунист, большевик үзэл суртал хүчтэй нэвтрэн орж ирэх үндэс суурь болсон юм. Энэ бүхнээс дүгнэж үзвэл 1921-1924 оны үед монгол оронд тоталитаризм оршин үйлчлэхэд нөлөө болохуйц тодорхой бодит ерөнхий угтвар нөхцөлүүд бүрэлдэж эхэлж байсан нь харагдаж байна. Гэвч үүнээс үүдэн монгол оронд 1921 оны хувьсгалын дараахнаас тоталитар дэглэм бодитой оршин үйлчилж байсан гэж үзвэл арай эртэдсэн хэрэг болох юм. Энэ хугацаанд МАН дотоод, гадаад бодлогодоо үндэсний ардчилсан хөгжлийн чиг шугамыг баримталж байлаа. Энэ тухай Намын Төв хорооноос Дорно дахины хувьсгалт байгууллагуудын их хуралд 1922 онд явуулсан бичигт: манай нам болбоос олон улсын дотор буй их улаан буюу нийгэм журамт нам бус, цагаан нам бус харин ардын намын нэгэн бөлгөө гэж онцлон тэмдэглэсэн байдаг. (2.34)
Гэвч 20-иод оны дунд үеэс анги, бүлгийн хоорондын зөрчил, тэмцлийн тухай, өөрчлөлт, шинэчлэлтийн дэврүүн утопи шинж бүхий хэт зүүний улс төрийн үзэл санаа гүнзгийрэн улмаар тухайн үедээ тэргүүлэх үүрэгтэй байсан төр, засаг, МАН-ын улс төрийн бодлогын гол баримжаа чиглэл болж хувирсан нь тус-Оронд тоталитаризм нэвтрэх шууд угтвар нөхцөл болсон юм.
20-иод оны дунд үеэс монгол тоталитаризм оршин үйлчлэхэд чиглэсэн улс төрийн хэд хэдэн ноцтой алхамууд хэрэгжиж эхэлсэн юм. Үүний тодорхой илрэл нь нэгдүгээрт, 1924 онд хуралдсан МАН-ын III их хурлаас улс орны хөгжлийн гол чиглэл бол эв хамт ёс мөн бөгөөд уүнд хүрэх хамгийн дөт, үр ашигтай арга зам нь хөрөнгөт ёсыг алгасан хөгжих капиталист биш хөгжлийн зам мөн болохыг тунхаглан заасан явдал байлаа. Энэ нь буурай монгол орны хувьд биелэгдэх үндэс муутай, хэт яаравчилсан үл гүйцэлдэх бодитой биш зорилт байсан юм. Энэ тус оронд анги ялгаварлах бодлогыг гүнзгийрүүлэн, нийгэм дэх анги, давхаргын хоорондын зохиомол зөрчлийг хурцатган, улс орон дахь удирдлага, хяналт, хүч нөөц бүхнийг чангалан энэ үндсэн дээр нийгэм дэх төвөөс зугтах хүчин зүйлүүдийг сааруулан харин төвд тэмүүлэх хэт төвлөрлийн үйл явцыг хэмээс илүү нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Үүний уршгаар тус оронд тоталитаризмын суурь үндсүүд бүрэлдэх үйл явц түргэтгэсэн билээ.
Хоёрдугаарт, МАН-ын III их хурлаас баталсан улс орны хөгжлийн хэтийн төлөвийн асуудлыг улам гүнзгийрүүлж, намын баримтлах үзэл санааны эх үндэс нь марксизм- ленинизмын үзэл санаа болохыг 1925 онд хуралдсан МАХН- ын IV их хурлаар баталсан намын дүрмэнд албан ёсоор заасан нь тус улс энэ цаг үеэс хойш онол, үзэл баримтлалын цорын ганц үзэл суртлыг туйлчлан баримтлахаа тунхагласан хэрэг байв. Нэг үзэл суртлыг туйлчлан баримтлах нь тоталитар нийгмийн чухал шинж мөн билээ. Энэ нь нийгэм, амьдралаас үүдсэн аливаа тулгамдсан асуудлыг үзэл, үнэлэмжийн нэг л хэв загварын хүрээнд авч үзэж, үнэлэн цэгнэхэд хүргэдэг. Энэ байдал нь нийгэм дэх олон ургальч үзэл санааны ялгарлын эрүүл саруул үйл явцыг зориудаар саатуулж, үзэл, үнэлэмжийн догматик хэв загзарт нийгмийн оюун санааны 6 амьдралыг бүхэлд нь түлхэхэд өөрийн эрхгүй хүргэдэг.
Гуравдугаарт, МАН-ын III их хурлаас улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргийг хэт туйлчлан, МАН-ыг улс орны амьдралыг удирдан чиглүүлэгч цорын ганц хүчин мөнийг албан ёсоор тунхаглан заасан нь тус оронд тоталитаризм цэцэглэн хөгжих чухал нөхцөл болсон юм. Үүнтэй уялдан тус их хурлаас “манай Ардын Намаас өөр нам гаргаж үл зохино” хэмээн (3.77) заасан нь монгол олон намын тогтолцоо, үзэл санааны олон ургальч хандлага байхыг албан ёсоор хориглосон хэрэг байв. Энэ нь төр, намын хоорондын ажил үүрэг, үйл ажиллагааны тодорхой зааг ялгааг зохиомлоор бүдгэрүүлж, төрөөс дээгүүр эрх мэдэл бүхий төржсөн намыг туйлчлан үзэх үндэс болсон юм. Энэ үеэс төрийн аппарат иргэний нийгмийн хяналтаас гарч хүнд сурталжин, явцуурч, нийгмийн дарлагдсан ядуу хэсгийн эрх ашгийг туйлаас илэрхийлэн хамгаалах, хэрэгжүүлэх зорилго тавьж байгуулагдсан ардын нэртэй төр үнэн хэрэгтээ иргэний нийгмийн дээр нь гарч, олон түмний хараа хяналтыг үл ойшоох болж, энэ хэрээр намын дотоод ардчилал хумигдан, шүүмжлэл өөрийн шүүмжлэл боогдон, олон түмнээс илтэд тасран хөндийрөх болсон байна.
Дөрөвдүгээрт, 20-иод оны дунд үеэс нам, төрийн зүгээс өмч хөрөнгөтэй, идэвхтэй, үйлдвэрлэн бүтээгч хэсгийг, түүнчлэн шашны эрдэм боловсролтой, оюуны уламжлалт соёлыг эзэмшин хадгалсан хэсэг болох лам нарыг эхлээд эдийн засгийн талаас нь довтолж, дараа нь үүний улмаас гарсан тэдний зүй ёсны эсэргүүцэл тэмцлийг аян шалтаг болгон тэдний багагүй хэсгийг нь хүчирхийлэн устгасан юм. Үүний зэрэгцээ олон арван лам, хуврага, чинээлэг хэсгийн улс төрийн зүй ёсны эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдан тэдний сонгох, сонгогдох эрхийг зүй бусаар хасч хэлмэгдүүлэн хохироож байсан байна. МАХН-ын зүгээс нийгмийн анги, бүлгүүдийн талаар явуулсан энэ бодлогын уршгаар дотроо хэдийгээр баян, ядуугийн ялгаатай, түүнээс үүсвэрлэн гардаг зөрчил, сөргөлдөөн ямар нэг хэмжээгээр байсаар ирсэн ч нутаг эс, аймаг, хошуугаараа нэг дор хамтран аж төрж ирсэн, язгуур эрх ашгаараа ерөнхийдөө нэгдмэл, цөөхөн монголчуудын хооронд сөргөлдөөн, тэмцэл зохиомолоор хурцдаж, тэд өөр хоорондоо утга учиргүй алан, хядалцахад хүрсэн юм. Өмч хөрөнгөө булаалгасан нийгмийн баян хэсэг, шашин шүтлэгээ доромжлуулж, сүм, хийдээ нураалгасан лам нарын гаргасан зүй ёсны эсэргүүцэл, тэмцлийг төр, засаг тухайн үедзэ хатуу нухчин дарж, цээрлүүлсэнээр барахгүй тэрхүү бослого, тэмцлийг хожим хойно нь гэм зэмгүй олон хүнийг хилсдүүлэн баривчлах, хардаж сэрдэх, алж хороох, зорилгодоо шалтаг болгож ашигласан билээ.
Тавдугаарт, тоталитар дэглэм үүсэн, бүрэлдэх нэгэн чухал үндсэн нөхцөл нь өөр үзэл бодол бүхий эрүүл саруул сэтгэгч жирийн хүмүүсийг утга учиргүй хилсээр хэлмэгдүүлэн хохироох явдал байдаг. 20-иод оны дунд үөэс улс орны аливаа чухал тулгамдсан асуудлаар өөр үзэл, байр суурь баримтлах явдлыг зөвхөн хориглоод зогсохгүй тийм хүмүүсийг ХИЛСЭЭр хомроглон баривчилж, алж устгах явдал цөөнгүй гарах болсон юм. Тухайлбал, дөнгөж бүрэлдэн тоггнож байсан төр, засгаас аллага, хэлмэгдүүлэлтийн анхны туршилтын алхам, эхлэл болгож, 1921 онд Саж лам Жамъянданзан, 1922 онд Бодоог, 1924 онд Данзанг улс төр, үзэл суртлын өөр байр суурь баримтласных нь төлөө хэлмэгдүүлэн цаазлаж, дээрх хэргүүдэд хамаатуулан нам, төрийн гэмгүй олон зүтгэлтнүүдийг хомроглон баривчилж, амьдрал, хувь заяагаар нь хохироосон юм. Дээр дурьдсан шийдвэр алхамыг хэрэгжүүлэхэд Оросын большевикууд, Коминтеркы зүй бус нөлөө оролцоо, шахалт шаардлага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн баримтаар хожим тодорхой батлагдсан билээ. Энэ бүхнээс дүгнэж үзвэл 20-иод оны дунд 30-аад оны эхэн үе хүртэлх хугацаанд монгол тоталитаризмын суурь үндсүүд хэдийнээ бүрэлдэж, улмаар тэр бүхэн нь цаашдаа хэлбэршин зүгшрэх болжээ гэж үзэж болохоор байгаа юм.
Монголд бүрэлдэн тогтсон тоталитаризм 30-аад оны эхэн үеэс улам бүр бэхжин, өөрийн эвөрмөц шинж төрхөө сонгодог хэлбэрээр олж төлөвших болжээ. Энэ нь тухайн үеийн монголын нийгмийн дстоод, гадаад өвөрмөц нөхцөл, хүчин зүйлтэй шууд холбоотой байлаа. 20-иод оны сүүлч 30-аад оны эхэн үеэс монгол орны дотоод улс терийн амьдралын хүрээнд тайван биш нөхцөл байдал зонхилж, нийгмийн сэтгэл зүй ер бусын донсолгоо, айдас түгшүүрт автагдаж, нийгмийн анги бүлэг, давхаргын хоорондын зөрчил тэмцэл гүнзгийрэх болсон байна. Энэ нь тухайн үед баримтлан явуулж байсан МАХН- ын бодлого, үйл ажиллагаатай холбогдож байв. Тухайлбал, МАХН-ын удирдлага, шийдвэрийн дагуу төрийн зүгээс феодал, лам нарын эсрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн шинж агуулга бүхий дэс дараатай, өргөн хүрээтэй арга хэмжээг өрнүүлж, хүчирхийлэл, дарангуйлалын бүх хэлбэрийг тэдний эсрэг ашигласан юм. Үүний хариуд олон тооны сүм хийдийн лам нар, нийгмийн чинээлэг хэсгийнхэн нам, төрийн хүчирхийлэл, хэт зүүний нугалаа, алдаа завхарлын эсрэг босож, тэмцэх болов. Гэвч энэ бүхнийг цаг тухай бүрт нь цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж байлаа. Дотоодын энэхүү ээдрээ, зөрчилтэй нөхцөл байдалд тухайн үеийн гадаад нөхцөл, дайны аюул заналын айдас түгшүүр улам нэрмээс болж байлаа. 1930-аад оны эхэн үед дэлхий нийтийн амьдралд дайны аюул занал бодитойгоор тулгарч, улс хоорондын харилцаа түгшүүртэй, хурцадмал болсон байв. Япон улс монгол орны дорнод хилд байнга түгшүүр төрүүлэх болж, тус улсын дотор хутган үймүүлэх, тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагааг идэвхтэй явуулж байсан юм. Үүнтэй уялдан улс орны дотор хувьсгалт сонор сэрэмжийг өндөр байлгаж, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэн, цэрэг, армийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн зүй ёсны арга хэмжээг нам, төрийн зүгээс зайлшгүй авч хэрэгжүүлж байсан юм. Гэвч харамсалтай нь энэхүү зөв зүйтэй арга хэмжээний явцад төрийн байгууллага, удирдлагын аппарат улам бүр цагдаажин, удирдлага, зохион байгуулалтын харгис хатуу арга хэлбэрт шилжихийн зэрэгцээ хувьсгалт сонор сэрэмжээ дээшлүүлэх нэрийн дор жирийн иргэд, хөдөлмөрчдийг хардаж, сэрдэх, Японы тагнуул туршуул, хорлон сүйтгэгчид олшрон, идэвхжиж байгаа мэтээр дэвэргэж, олон түмний эсрэг үйл ажиллагаа явуулах болжээ. Манайд 30-аад оны дунд үед буюу 1937 онд Улсын бага хурал, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан нууц тогтоолоор Дотоод явдлын яамны дэргэд улс төрийн хэрэгтнийг шүүн таслах Онцгой бүрэн эрхт комисс байгуулагдаж, уг комиссыг Х.Чойбалсан толгойлох болжээ. Тийнхүү их аллага, хядлагын бүх бэлтгэл хангагдаж, мөн оны есдүгээр сараас эхэлж, тэр үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 42-45 дугаар зүйлд заасан эх орноосоо урваж, хувьсгалын эсэргүү ажиллагаа явуулсан гэх хэрэгт ял тулган хүмүүсийг үй олноор нь баривчилж эхэлсэн байна.
Манай оронд тоталитар төрийн үйлдсэн олныг хамарсан зохион байгуулалттай аллага, хядлага 1933 оноос 1947 оны хооронд үргэлжилсэн гэж үзэж болох бөгөөд 1937-1939 онд дээд цэгтээ хүрчээ. Зөвхөн 1937-1939 онд хилс хэргээр баривчлагдсан 25785 хүнээс 20039 хүнд цаазаар авах, 5746 хүнд янз бүрийн хугацаагаар хорих ял тус тус ногдуулж эдлүүлсэн гэсэн мэдээ бий. (4.32) Энэ үйл явц 40-өөд оны эхэн үоэс бүх нийтийг хамарсан байдлаас хэсэгчилэн хэлмэгдүүлэх хэлбэрт шилжих болжээ. Үүнтэй холбогдуулан Х.Чойбалсангийн амь насыг хорлохыг завдсан бүлэг буюу “Порт-Артурын хэрэг” хэмээх зохиомоп хэргийг дурдаж болох бөгөөд энэ хэрэгт нийт 80 хүнийг холбогдуулан түүнээс 42 хүнийг нь буудан алж үлдсэнийг нь шоронд хорьж байжээ. Ийнхүү монгол орны дотоод, гадаадад 1930-аад оны эхний хагаст бүрэлдсэн ээдрээ бэрхшээлтэй, түгшүүртэй нөхцөл байдлын дам нөлөөгөөр тэгэхдээ хамгийн гол нь ЗХУ-д тоггон бэхжиж, эрч хүчээ авсан сталины тоталитар дэглэмийн нөлөө шахалт, тэр шахалтанд орсон моиголын тэр үеийн нам, төрийн удирдлагын хэт хувьсгалч, зүүний нугалаа, алдаа завхарал бүхий үйл ажиллагаа зэрэгтэй холбоотойгоор монголын нийгэмд үндсэндээ 0-аад оны дунд үеэс 40-өөд оны дунд үе хүртэлх хугацаанд бүхэлдээ тоталитаризмбүрэн агуулга, шинжээрээ оршин үйлчлэх болсон байна. Энэ нь бидний үзэж байгаагаар дараахь онцлог шинжийг өөртөө агуулж байсан юм. Үүнийг тодруулбал; нэгдүгээрт бүхнийг нэг үзэл суртал, үнэлэмжийн хүрээнд захируулан тэр хүрээнээс зоригтой гарч сэтгэсэн хэн бүхнийг хэлмэгдүүлэн амьдрал, хувь заяагаар нь хохироох явдал хэвийн үзэгдэл болсон, хоёрдугаарт аллага, хэлмзгдүүлэлт хэтэрхий эрээ цээргүй, ил тод, бүхнийг хамарсан шинжтэй болсон, гуравдугаарт, нэг хүнийг тахин шүтэх явдал тэр үеийн гол шинж болж, үүний улмаас хууль ёс гажуудан, шударга ёс алдагдан, нийгмийн сэтгэл зүйд хардлага, сэрдлэг, айдас түгшүүр давамгайлах болсон, дөрөвдүгээрт, цэрэгжин, цагдаажсан төр, түүний хүнд сурталт нүсэр аппарат ард олон түмний эрх, эрх чөлөөг боймлож, улс төрийн амьдралыг байнгын тогтворгүй байдалд оруулж байсан, тавдугаарт, төржсөн нэг нам нийгэмд хэтэрхий дур зоргоор авирлаж, түүний бодлого, шийдвэр ямар ч тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хууль болж байсан бөгөөд түүнийг эсэргүүцсэн нь гарцаагүй адлагдан, төрийн хатуу цээрлэлийг амсдаг байсан, зургаадугаарт, монголын нийгэмд тулгарсан аливаа асуудлыг гадны оролцоо, нөлөөлөлгүйгээр огтхон ч шийдвэрлэж байгаагүй бөгөөд гадны тулгалт, шахалт, сталины дэглэмийн нөлөөнд монголын тэр үеийн нам, төрийн удирдагчид дэндүү хүчтэй автагдаж байсан зэрэг болно.
Харин 40-өөд оны хоёрдугаар хагасаас монгол орны дотоод, гадаад нөхцөл байдал урьд өмнөх үеийнхээс нэлээд өөрчлөгдөх болсон байна. Үүнтэй уялдан монголд оршин тогтнож байсан тоталитар дэглэмд зарчмын биш ч гэлээ зарим нэг хувьсал өөрчлөлт ажиглагдах болсон юм. Тухайлбал, 1940-өөд оноос дунд үеэс 80-аад оны сүүлч үе хүртэлх хугацаанд монгол оронд оршин тогтнож байсан тоталитар дэглэм өмнөхөөсөө хэд хэдэн онцлог шинжээр ялгарах болсон юм. Энэ нь нэгдүгээрт, нам, төрийн хоорондын ялгаа зааг арилж, нэг намт тогтолцоо улс төрийн системийн гол цөм болж, хүнд сурталт захиран тушаах бүтэц сонгодог агуулгаараа бүрэлдэн, онцгой эрх мэдэл бүхий цөөнх хэсэг ард түмний нэрийн өмнөөс улс орныг дангаараа удирдан залж байсан, хоёрдугаарт, хүмүүсийг олноор нь хилсээр баривчлан хэлмэгдүүлэх явдал арилж, харин үүний оронд нийгмийн оюун санааны хүрээнд тавих хяналт урьдынхаасаа илүү хахир хатуу, хүчтэй болсон. Үүний уршгаар нийгмийн оюун санааны амьдрал, нийгэм улс төрийн сэтгэлгээ, урлаг, уран сайхан, соёл, утга зохиол, шинжлэх ухаан, сургалт боловсролыг тоталитаризмын тэр үеийн онцлог байдалд тохирсон нэгхүрээ хязгаарт оруулан явцууруулж, бүтээлч санаачлага, шинийг олж харах боломж, чадавхийг боогдуулахад хүргэсэн юм, гуравдугаарт, улс төрийн хуурмаглал, хоёр нүүр гаргах, ил тод биш байх, хэлбэрдэн жүжиглэх, хоосон сүржигнэх, “янаглан хорлох” явдал урьдынхаас илүү нарийн, хорон хэлбэртэй болсон, дөрөвдүгээрт, хэвлэл, мэдээлэл, урлаг, утга зохиолд үзэл сурталжсан, хатуу хяналт, цензур хүчтэй нэвтэрч, манлайлагч намын албан ёсны бодлого, шийдвэрийг зөвтгөн хамгаалахад хэвлэл, мэдээлэл, урлаг, утга зохиол бүхэлдээ чиглэгдэх болсон, тавдугаарт, нийгмийн ухамсарт бүхэлдээ догматизм, намчирхал, ангич явцуу үзэл, сэтгэлгээ бүрэн ноёрхож байсан зэрэг юм.
Ийнхүү тоталитаризм монгол орны хувьд өнгөрсөн зууны 20-иод оны дунд үеэс 80-аад оны сүүл үе хүртэлх олон арван жилийн туршид сонгодог агуулгатай, ундэсний онцлог хэлбэртэйгээр оршин тогтнож, тус орны нийгмийн амьдралын бүх хүрээ, салбарт нэвтрэн, уршиг дагавараа үлдээсэн юм.
Сүүлийн үед социализмын гажуудал хэмээн нэрлэж байсан үзэгдлүүд болох захиран тушаах арга, нэг хүнийгтахин шүтэх ёс, бүдүүлэгтэгшитгэл, хуваарилалт, үзэл суртлын хатуу хяналт, хязгаарлалт зэрэг нь монголд олон арван жил ноёрхсон тоталитаризмын хоорондоо холбоо бүхий цогц бүхэл шинжийн тодорхой илрэл, түүний бодит үр дагавар болох нь нэгэнт тодорхой болсон юм.
Иш татсан ном, материал
- Фипософский знциклопедический словарь. М., 1983.
- Монгол Ардын Хувьсгал намын түүхэн замнап, УБ., 1995.
- Монголын түүхэндхолбогдох баримтбичгүүд. (1921-1940). 1дэвтэр, УБ„ 1966.
- А.Жамбал. Монгол оронд тоталитар дэглэм ноёрхсон зарим асуудал. “Дорно дахины асуудал”, 2003. 1.29-31.