Б. Дэлгэрмаа
/УТБА-ийн УЗ-ийн гишүүн/
Шинэ толь №61, 2008
Түлхүүр үг: Үндсэн хууль, Ардчилсан нийгэм, Хүмүүнлэг нийгэм, Иргэний нийгэм
Үндсэн хуулийг шинэчлэх аль эсхүл нэмэлт өөрчлөлт хийх ингэхдээ засаглалын хэлбэрийг хүртэл өөрчлөх санал санаачилгыг хороо хорины иргэнээс эхлээд монголын урьдаа барьдаг хуульчид, улс төрчид гаргах болжээ. Энэ нь тохиолдол гэж үү?
Энэхүү ярвигтай асуултын хариуг хайхдаа би Үндсэн хууль бүтээсэн түүхэн нөхцөл байдал, сүүлийн арван зургаан жил түүний заалт, үзэл санаа хэрэгжиж ирсэн практикийг нягтлан шинжлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Гэхдээ нэг эрдэм шинжилгээний хурлын, Тэр тусмаа нэгэн илтгэлийн хүрээнд дээрх асуултад иж бүрэн хариулт өгөх боломжгүй тул гол санаануудаа товчхон дурьдаад өнгөрье.
Үндсэн хуулийг бүтээн туурвих үеийн улс төрийн нөхцөл байдал нь 90-ээд оны эхэн үеийн дэлхий даяар өрнөсөн ардчиллын гуравдахь давалгаанд өртсөн Монгол орны улс төр, нийгмийн эрэлт, хэрэгцээгээр юуны өмнө тодорхойлогдоно. Энэхүү улс төрийн чухал баримт бичгийг бүтээхэд Үндсэн хуулийг баталсан депутатын корпусын онцлог, үндэсний тусгаар тогтнолын үзэл санаа дахин амилсан нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт, захиргаадалтын, нэг намын улс төрийн тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн хүндрэл, энэхүү шинэ нийгмийн талаарх мэдлэг, туршлагын хомсдол, – энэ бүгд нөлөөлсөн нь мэдээж юм. “Мал төрийн хамгаалалтанд байна”, “парламентын засаглалтай атлаа ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоно” гэх зэрэг этгээд сонин заалтууд Үндсэн хуульд орсон нь чухамдаа саяын өгүүлсэн учир шалтгаануудтай холбоотой. Тиймээс ч өнөөдрийн өндөрлөгөөс харахад Үндсэн хуулийн үзэл баримтлал нь ерөнхий ноён нуруугаараа зөв зүйтэй шийдлийг олж сууриа зөв тавьсан боловч хэрэгжүүлэх механизм, манайх шиг улс төрийн тохиолдолд өртөмтгий, тэр утгаараа улс төрийн эрсдэл өндөр байдаг улс орны хувьд тодорхой гарцыг заагаагүй, инструмент буюу багаж хэрэгсэл багатай ийм хууль болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх буйзаа. Тиймээс ч Үндсэн хуулийг шинэчлэх цаг хугацаа нь болсон хэмээн үзэж болох юм. Гэхдээ Үндсэн хуулийг шинэчлэхдээ бид дараахь зүйлийг бодолцох нь зүйтэй болов уу.
Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи арван зургаан жилийн хугацаанд түүний дутагдалтай талыг нөхөх оролдлогыг хийж байсан боловч, Үндсэн хуулийн Цэц, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүх, Прокурор, Улс төрийн намууд, Сонгуулийн тухай зэрэг органик хуулиудыг үе үе өөрчилж ирсэн нь үе үеийн парламент дахь улс төрийн хүчнүүдийн өөрсдийн хүсэл зориг, сонирхолд нийцүүлж байсан нь олонтаа билээ. Эдгээр өөрчлөлт Үндсэн хуулийн үзэл баримтлалын түвшинд буюу төрийн тогтолцооны мөн чанарт халдаагүй гэдгийг (орон нутгийн сонгуулийн хууль л Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүйг зориуд тэмдэглэе) онцлон хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, бүгд найрамдах улс уу – хаант улс уу, нэгдсэн улс уу – холбооных уу, парламентын засаглалтай юу-ерөнхийлөгчийн засаглалтай байх уу зэрэг үзэл баримтлалын түвшинд үндсэн хуулийн асуудлыг хөндөж байгаагүй юм. Харин дээрх органик хуулиудын хувьд тэр бүр нийтийн жишгийгдаган боловсруулж улам төгөлдөржүүлсэн гэхээсээ илүү тухайн үед сонгогдсон парламентын бүрэлдэхүүнээс хамаарч Үндсэн хуулийн үзэл Паримтлалын өөр өөрийн интерпретац буюу тайлбар маягтай боловсрогдож гарч байсан гэлтэй харагддаг. Олны шүүмжлэлд өртдөг 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, оорчлөлтөөр жишээ татъя. 2000-2004 онд нэг нам дангаар парламентыг бүрдүүлж, цөөнхи үгүй, өөрөөр хэлбэл хяналтгүй үеийн хууль тогтоох ажиллагаа энгийн хялбар явах гэсэн утгаар зарчмын гэмээр ухралтууд хийсэн. Тодруулбал, чуулганы хуралдаант өдрийг 150 хоног байсныг 100 болгон хорогдуулсан, хуралдааны ирцийг санал хураах ирцтэй адилтгаж ердийн олонхи болгосон зэргийг энд дурьдаж болно. Гэхдээ 2000 оны нэмэлт, өөрчлөлт 1996 оноос хойш маргаантай байсан, түүний улмаас улс төрийн мухардмал байдалд удаа дараа орж байсан, нөгөө талаас хувь хүний тоглолтоос урьдчилан сэргийлсэн алхам байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ялангуяа, манай Үндсэн хуулийн гол үзэл баримтлал болох парламентын засаглалыг бэхжүүлэх заалтыг оруулсан нь нэн чухал юм. Парламентын сонгуулийн үр дүнд олонхи болсон улс төрийн хүчин засгаа байгуулж гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаа эмхэлдэг нь парламентын засаглалтай улс орнуудын практикт нэгэнт хэвшиж заншсан зүйл. Гэтэл манай зарим судлаачдын дунд парламентын хяналтыг хэрэгжүүлэгч нь УИХ, тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн нэгэн зэрэг байх нь эрх мэдлийн хуваарилалтад нийцээгүй, манайх шиг цөөн гишүүдтэй парламентад олон хүн Засгийн газарт ороод ирэхээр УИХ- ын үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй болж байна гэсэн ташаа ойлголт их байдаг. Гэтэл парламентын засаглалын мөн чанар нь чухам намын дарга нь нэр дэвшигчдийн жагсаалтыг манлайлж, намаа сонгуулийн ялалтанд хүргэж, сонгуулийн үеэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө танхимаа байгуулахдаа нам болон сонгогчдын дунд хамгийн өндөр рейтинг авсан намынхаа гишүүдийг улс төрийн албан тушаал болох сайдын албанд тохоон томилдог. Ийнхүү томилогдсон сайдууд харин ч яамныхаа мэргэшсэн төрийн албан хаагчдын дунд халаа сэлгээ хийдэггүй бөгөөд гагцхүү бодлогын түвшний асуудалд ханддаг нь ойлгомжтой.
Манай улс төрийн практикт уруугаа ургасан мод шиг сонин хачин үзэгдлүүд гарсаар, улмаар энэ нь хэвшмэл болжээ. Энд юуны өмнө сонгогчдын өмнө ямар нэгэн хариуцлага үүрэхгүй хүмүүс улс төрийн албан тушаалд томилогддог, үүнийгээ намын удирдах зөвлөлийн шийдвэрээр халхавчилдаг. Нөгөө талаас, төрийн алба улс төржиж, намчирхсан тул civil servant
буюу мэргэжлийн карьерын албан тушаал болон улс төрийн албан тушаалын зарчмын ялгаа алдагдсан, төрийн албан тушаал арилжаа наймааны хэрэгсэл болсон байна. Энэхүү утга учиргүй гажуудал төрийн үйлчилгээний байгууллагууд болох эмнэлэг, сургуульд хүртэл ажиглагдах болсон нь даанч эмгэнэлтэй.
Ардчилсан нийгэмд улс төрчдийн хамгийн том сорил бол сонгууль юм. Ард олны сонголтоор гарч ирээгүй хүнийг улс төрийн ямарваа нэгэн албан тушаалд томилж болохгүй. Парламентын засаглалын мөн чанар болсон сонгуулийн үр дүнд олонхи болсон нам гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаа бий болгохдоо хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь хамгийн их тус хүргэх нэр хүндтэй, чадварлаг, нөлөө бүхий хүмүүсээр бүрдүүлэх нь зүй. Үүнийг нам биш, намын удирдлага нь биш, чухамхүү сонгогчид л шийдэж байна гэсэн үг юм. Харин төрийн албыг намчирхах явдлаас үүрд ангижруулах асуудал бол хойшлуулшгүй бөгөөд сайдын томилгооноос тусдаа арга хэмжээ билээ.
Амьдрал баян, тиймээс ч улс төрийн амьдралд тохиолдох бүх зүйлийг хуульчилж болдоггүй. Аливаа иргэншсэн, эрх зүйттөрд бичигдээгүй хууль хэмээх заншлын хэм хэмжээ үйлчлэх нь олонтаа тохиолддог. Энэхүү бичигдээгүй хууль бий болоход тухайн нийгмийн улс төрийн соёл, заншил, гишүүдийнх нь ёс зүй, ёс суртахууны түвшин, улс төрийн боловсрол гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Манайх шиг бүх зүйл төлөвших шатандаа явж буй нийгмийн хувьд ихэнх зүйлийг бид магадгүй эхлээд хуульчлаад, дараа нь түүнийгээ хэвшүүлэхийг оролдох нь орчин цагийн хэмнэлтэй амьдралд илүү нийцэх болов уу. Манай Үндсэн хууль ч тэр, органик хуулиуд ч тэр улс төрийн практикт тохиолдож болзошгүй нөхцөл байдлыг тун маруухан |усгасан байдаг. 2004 оны сонгуулийн дүнд бий болсон нохцөл байдлыг энд иш татан хэлэх гэсэн юм. Сонгуулийн дүнд аль нэгэн нам, эвсэл олонхи болоогүй бол хэрхэх вэ? Хариулт нь тодорхой. Эвслийн засгийн газар байгуулна.
Хэрэв сонгуулиар бий болсон эвсэл задарвал хэрхэх вэ? Ихэнх оронд парламент тарж ээлжит бус сонгууль болдог. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр сонгуулийн үеэр эвсэл байгуулсан учир тэрхүү эвсэлд итгэл үзүүлж сонгогчид саналаа өгсөн байдаг. Гэтэл парламентад орчихоод шинээр нам байгуулах эсхүл эвсэл дахин бий болгох нь сонгогчдын саналыг үл хүндэтгэсэн, улс төрийн ёс зүйд нийцэхгүй үзэгдэл юм. 1996- 2000 оны УИХ-д МҮАН-МСДН эвсэж Ардчилсан Холбоо Эвсэл байгуулж, тэр эвсэл сонгуулиар олонхи болж 50 суудал авсан. 2000 оны сонгуулиас 6 сарын өмнө ИЗН, Ардчилсан нам хэмээх 2 нам байгуулагдаж байсан түүх бий. Энэ үед Ардчилсан Холбоо эвсэл задраагүй бөгөөд Эвсэлийн бүлэг дээрхи хоёр намд элссэн гишүүдийг хасаж хуралдаж байсан ба энэхүү хоёр намыг парламентын нам хэмээн хүлээн зөвшөөрөөгүй билээ. Харин 2004 онд АН-Эх орон нам-ИЗН эвсэж сонгуульд оролцож, Их эвслийн Засгийн газар байгуулсан боловч эвсэл задарсан. Зүй нь улс төрийн хүчний тэнцвэрт харьцаа ийнхүү алдагдахад УИХ тарах ёстой байсан. Гэтэл хуулийн зохицуулалт байхгүй учир одоогийн парламентын болон засгийн газрын бантан болох эхлэл тавигдсан юм. Сонгуулийн үеэр ҮШН гэдэг нам байгаагүй атлаа Засгийн газрыг эмхлэн байгуулахад бүрэлдэхүүнд нь орж, ИЗН гэдэг нам сонгуульд бие даан орж хоёр суудал аваагүй байтлаа мөн л засагт орчихсон явж байдаг. Ер нь үндсэн хуулийн практикт цаашид ийм прецедент үүсч үүнийг нь үл ажрах, үл тоомсорлох явдал ужгирвал манай улс төрийн амьдрал эрүүл бус болохын шинж, засаг төрийн легитим шинж алдагдахад хүрэх аюултай.
Үндсэн хуулийн үзэл баримтлалтай холбоотой бас нэгэн чухал асуудал бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, тэдгээрийн цаашдын хувь заяа юм.
1992 оны Үндсэн хуулинд нутгийн өөрөө удирдах ёсны тухай үзэл баримтлалыг шингээсний гол утга учир нь чухам манайх шиг цөөн хүн амтай, нэг хүнтэй удаахан уулзаад яриад эхлэхэд садан төрөл болчихдог тийм бичил орчин бүхий нийгмийн хувьд элгэн садны буюу хамтаараа хуралдаж амьдрах, хүүхдүүдийн маань сурах нөхцөл, монгол хүний эрүүл мэнд, ая тухтай амьдрах боломж зэргийг хэлцэж шийдэж байх тийм институци хэрэгтэй гэдгээс улбаалан Иргэдийн Нийтийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэмээх байгууллагуудыг бий болгосон юм. Гэтэл МАХН эрх мэдлээ алдахгүйн тулд эдгээр байгууллагын мөн чанарыг алдагдуулсан, тэр атугай хуучин МАХН-ын аймаг, орон нутаг дахь намын хорооны бүтцийг санагдуулсан, түүнийг орлуулахыг эрмэлзсэн тийм санаагаар орон нутгийн бүх сонгуулийг зохион байгуулсан гэж хэлж болно. ИНХ, ИТХ-ын олонхи намынхаа даргыг засаг даргад нэр дэвшүүлж ийнхүү аймаг, сумын засаг захиргаа нэг намын аппаратын ажилтнуудаар дүүрдэг уламжпал тогтжээ. Энэ гаж тогтолцоог эвдэх арга зам бий. Юуны өмнө, орон нутгийн сонгуулийг жинхэнэ мөн чанараар нь явуулах. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл орон нутгийн сонгуульд улс төрийн намууд бус чухам иргэний нийгмийн нэн чухал хэсэг болсон иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд оролцох ёстой. Ингэж байж бид амьдарч буй сумынхаа, аймгийнхаа, хорооныхоо, дүүргийнхээ, нийслэлийнхээ иргэдийн нийтлэг эрх ашиг болсон нийтийн эзэмшлийн газар, байгалийн баялагийн . 1шиглалт зэрэг асуудлаас эхлээд хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн сургалтын чанар, бидний идэж хэрэглэж буй |үйлийн баталгаат чанар гээд иргэдийн өөрсдийн оролцоотой шийдэх маш олон асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх боломж бий болно. Ингэж байж бид олон улсын байгууллагуудаас ядуурлыг бууруулах ариун гэгээн нэрийн дор хэрэгтэй хэрэггүй гөслүүдийг хэрэгжүүлэх нэрээр намчирхсан засаг даргын үзэмжийн бараа түгээлт, ивээл тэтгэлгийг болиулж, зарим талаар ард олноо үргэлж ядуу байх, байлгах сэтгэлгээг прилгаж, нэг үгээр ядуурлын тойргоос гарч чадна. Тэгж байж бид МАХН-ын томилгооны засаг дарга нарын зөвшөөрөлтэй бий болсон хүнээсээ олон архины үйлдвэрүүдийг хааж чадна. Мөн тэдний өгсөн зөвшөөрлийн дагуу байгалиа золигт гарган Монголынхоо бүх хусыг огтолж урьд хөршийнхөө хоолны савх болгохгүй байж чадна. Улмаар жинхэнэ иргэний хяналтыг нийгэмд бий болгож чадах юм. Тэр ч утгаар иргэний хөдөлгөөнүүд ч ард түмний нэрийг барин янз бүрийн сүржин нэртэй намууд байгуулж улс төр хийж тоглох бус чухамхүү төрөөс ангид эрүүл нийгмийг бий болгохыг тэмүүлнэ. Энэ бүгд төрийн хэт оролцоо, энэхүү оролцоог хангах үүрэг бүхий тогтоц руу (энд би ДНБ-нд төсвийн зарлага хэдэн хувийг эзэлж буйг хэлэхэд л хангалттай гэсэн утгаар хэрэглэсэн) улам бүр тэмүүлэх эрх баригчдын тэмүүлэл, эрмэлзэлийг хазаарлах болно.
Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгч, Прокурор, Шүүх зэрэг институциудыг сонгодог утгаар нь төгөлдөржүүлэх мөн сонгуулийн тогтолцоо, үндэсний аюулгүй байдал, хүний эрхийн практик хэрэгжилт, баталгааг жинхэнэ утгаар нь бий болгох гээд бидэнд хийх ажил маш их байна.
Тэртээ 16 жилийн өмнө баталсан Үндсэн хуулийн оршил хэсэгт монголчууд бид эрхэм зорилгоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлоон бүтээнэ хэмээн тунхагласан билээ.
Ардчилсан нийгмийн хувьд бид чамлашгүй их амжилтанд хүрсэн нь үнэн. Монголчууд эвлэлдэн нэгдэж, үг хэлж, жагсаж, өлсөж, төр засгаа шүүмжилж, дуртай улс орон руугаа чөлөөтэй зорчиж, хүссэн газраа амьдарч, мал, орон сууц, газраа өмчилж, хүүхдээ хувийн сургуульд сургаж, түүх соёлоороо бахархаж, эзэн Чингисээ дээдэлж, сүм хийдээ сэргээж, дуртай сониноо уншиж, хүссэн сувгаа үздэг болсон. Энэ мэт олон ололтыг шүлэг шиг дуржигнуулж болох ч товчилвол монгол хүний улс төр, нийгэм, эдийн засгийн эрх, эрх чөлөө бодитой хэрэгжсэн. Чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, байнгын ажиллагаатай парламент, бие даасан шүүх, хараат бус хүний эрхийн байгууллага зэрэг ардчиллын институциуд бий болсон.
Монголчууд бид сүүлийн 18 жилд чамлахааргүй амжилтад хүрсэн нь үнэн.
Иргэний нийгмийн хувьд хувийн хэвшил, улс төрийн нам, засгийн газрын бус байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг түүнийг бүрдүүлдэг институциуд төлөвшлөө олох хэмээн зүтгэж буй.
Харин хүмүүнлэг нийгмийн хувьд үндэсний хөрөнгөтний төрж бий болох дөнгөж эхний үед яваа манай нийгмийн хувьд өглөг буян үйлдэх буюу оюунлаг салбарт хөрөнгө оруулалт хийх, соёл урлагийг ивээн тэтгэх филантропизм үр хөврөлийн шинжтэй, шашны болон буяны бусад байгууллага нигүүлсэнгүй үйл зан хийх нь хомс бөгөөд зуршаагүй, нийгмийн гишүүд нь solidarity principle буюу нийгмийн эв санааны нэгдлийн зарчмаар амьдарч үзээгүй, харин коллективизмаас шууд индивидуалист зан үйлд шилжсэн, бизнесийхэн нийгмийн үүрэгтэй байдаг гэдгээ ухварлаагүй зэргээс шалтгаалан бид энэхүү хүмүүнлэг нийгмийн эд эсийг нэг л сайн бүрдүүлж чадаагүй явна.
Гэсэн хэдий ч аливаад өөдрөг хандахыг эрхэмлэдэг миний бие Үндсэн хуулийн энэ эрхэм зорилго биелэгдэх цаг айсуй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж илтгэлээ өндөрлөе.
Баярлалаа.